Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 617

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж, шүүгч С.Базарханд, Х.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдсэн Х овогт А-ийн Б, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдсэн  Ш овогт Б-ын Г нарт холбогдох эрүүгийн 19100 0000 0480 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авснаар энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Ц.Отгонсүрэн, иргэдийн төлөөлөгч С.Л, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М, шүүгдэгч /хохирогч/ А.Б, түүний өмгөөлөгч Н.Баатардорж, Д.Батбаяр, шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Х.Сэлэнгэ, шинжээч Ж.Солонго, гэрч /иргэний нэхэмжлэгч/ Т.Б, гэрч Б.Ж, Д.Д нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, 1997 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Говь-Алтай аймгийн Цогт суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, эгч нарын хамт амьдрах, ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Х овогт А-ийн Б- /РД:/,

 

2. Монгол Улсын иргэн, 1996 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Ш овогт Б-ын Г /РД:/.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

1. Шүүгдэгч А.Б нь 2019 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаагийн 25 дугаар гудамжинд архидан согтуурч, улмаар М.Д-ийг хутгалж санаатайгаар алсан гэмт хэргийг,

2. Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаагийн 25 дугаар гудамжинд А.Б-тай “барилгын ажилд тусалсангүй” гэж маргалдан түүний нүүр, гар хөлөн тус газар цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.

                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч, хохирогч А.Б-аас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Энэ хэрэг 2019 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 03-нд шилжих шөнө Буянт-Ухаа 2-т гарсан. Тухайн үед хэргийн газарт Б.Г нь талийгаачтай н.У гэдэг охины талаар яриад маргалдаад байхаар нь би “боль” гэхэд Г намайг цохиж унагаагаад машинд мөргүүлсэн. Би ухаан алдаад цагдаагийн хэлтэс дээр сэрсэн. Мөн Б.Г “намайг байшин барилцсангүй” гээд хашаа, машин мөргүүлж зодсон.

Би тухайн өдөр хутга, заазуурыг хаанаас авчирсанаа мэдэхгүй байна. Би талийгаачийг сайн таньж мэдэхгүй, зүс мэддэг. Би ухаан алдахаас өмнөх зүйлсээ бүгдийг нь санаж байна, харин ухаан алдсанаас хойших асуудлыг санахгүй байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хуулийн төлөөлөгчийн зүгээс надаас хүчээр мэдүүлэг авсан, гэхдээ би энэ талаар гомдол гаргаагүй. Байцаагч намайг гавлаад өрөө болгоноор авч ороод “чи хүн хутгалчихсан байна” гээд байсан, мөн “хэргээ хүлээвэл ар гэрийнхэнтэй чинь уулзуулъя” гэсэн.

Тухайн өдөр архи уух санаачлагыг Б.Г гаргасан ба талийгаач “нэг газар орж дуулъя” гэхэд Г нэг газар руу очоод зогссон. Талийгаач Г хоёр нэг эмэгтэйн талаар яриад маргалдаад байхаар нь би болиулах гэж дундуур нь орсон. Гэтэл Г намайг машинаасаа чирээд буулгасан ба машин мөргүүлээд байсан.

Би талийгаач яагаад нас барсныг мэдэхгүй, талийгаач бид хоёрын дунд ямар нэгэн өс хонзонгийн асуудал байхгүй. Б.Гын мэдүүлж байгаа шиг би энэ бүхнийг үйлдээгүй, машин өшиглөөгүй. Б.Г нь өөрөө намайг машин мөргүүлж, урд хоншоор дээр нь шидсэн юм.” гэсэн мэдүүлэг,

 

2. Шүүгдэгч Б.Г-оос шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Уг хэрэг 2019 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хэрэг гарсан. А.Б худал мэдүүлэг өгч байна. Би талийгаачтай эмэгтэй хүний талаар маргалдаагүй бөгөөд А.Б-тай “байшин барихад тусалсангүй” гэх шалтгааны улмаас маргалдсан.

Тэгэхэд А.Б намайг “архи уусангүй” гэж уурлаж янз бүрээр хэлсэн. Надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож байгаа хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна.

Би тухайн өдөр хамгийн анх А.Бтай уулзаад зогсож байж байтал М.Д- ирсэн юм. Тэгээд бид 3 уулзаад зогсож байгаад би харих гээд М.Д-ийг машиндаа суулгасан. Гэтэл М.Д А.Б-ыг дуудахаар нь “яах гээд байгаа юм бэ” гэхэд “ганц шил юм ууя” гэсэн.

Тухайн үед би дүүгээ гэр рүүгээ оруулчихаад байж байхад “бид хоёрыг 7 дугаар дэлгүүр ороод буулгачих” гэхээр нь 7 дугаар дэлгүүрийн худагны ойролцоо зогсоход М.Д, А.Б нар дэлгүүрт ороод 1 ундаа, 1 “Хараа” нэртэй архи авчирсан. Тэгээд машин дотор орж ирээд архи уусан.

А.Б надад архи өгөхөд нь би “маргааш ажилтай, уухгүй” гэхэд Б өөрөө архиа уугаад, намайг элдэв янзын үгээр хэлсэн. Намайг “эхнэр дээрээ очоод ирэхээрээ онгон зантай болчих юм” гэхээр нь “архи уух мөнгөөрөө бензин хийгээд өгчих” гэтэл “архи уух л мөнгө байна” гээд А.Б, М.Д нар 7 дугаар дэлгүүрийн худагны ойролцоо буугаад чанга, чанга юм яриад байхаар нь би “чимээгүй бай, хүмүүс унтаж байгаа” гэж хэлэхэд надад “чи яв” гэж хэлсэн.

Би А.Б-т “надад ийм хөгийн найз хэрэггүй” гэж хэлээд хөөгөөд явуулсан. Гэтэл А.Б хөөгдөж яваад, удалгүй миний утас руу залгаад “байгаа газраа байж байгаарай, 1 шил архи аваад очъё” гэж ярьсан. Би машинаа асаагаад явах гэтэл А.Б хутга, заазуур бариад зогсчихсон, миний машиныг хутга, заазуураар цохиод байсан, мөн машины урдаас чулуу шидээд байсан. Миний машины копут болон урд шилийг цохиод байхаар нь М.Д “энэ ямар овоо пизда вэ” гээд машинаас буугаад зодоон хийсэн. Миний машины жолооч талын хаалганы цоож нь гацаад хаалга онгойхгүй байсан тул нөгөө талын хаалганы цонхоор буутал найзыг маань хутгалж байсан.

Тэгээд найз маань надад “энэ намайг хутгалчихлаа” гээд өмнөөс минь унасан. А.Б “найзыг чинь хутгалчихсан юм чинь одоо чамайг бас хутгална” гэж хэлсэн. Тэгэхэд би А.Б-ын гарт байсан хутгыг нь булааж аваад хашаа давуулаад шидсэн.

Намайг аав руугаа утсаар ярих хооронд А.Б ухаан алдчихсан. Би Цагдаагийн байгууллага дээр хэдэн цагт очсоноо сайн санахгүй байна. Би найзыгаа хутгалуулсан байгааг хараад шоконд орсон байсан учир хэргийн газраас явчихсан.

Хохирогч А.Б-ын зүгээс надад хохирол төлбөрийн талаар хэлээгүй. Өнөөдөр гаргаж өгч байгаа баримтын хүрээнд хохирол төлбөрийг төлнө.

Гэхдээ би А.Б-ыг зодохдоо хашаа мөргүүлээгүй, А.Б өөрөө хутга, заазуур бариад ирэхдээ миний машины хаалга болон цонх руу заазуураар цохисон, машин маань одоо болтол эвдрэл гэмтэлтэй хэвээрээ байгаа. А.Б “би найзыг чинь алчихсан, одоо чамайг намайг ална” гээд байсан. Тухайн үед би аав руугаа залгаад “Ч Д-ийг хутгалчихлаа” гэж хэлсэн. А.Б хаана ухаан орсныг би мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг, 

 

3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М-гөөс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Намайг амарч байхад манай эхнэр рүү нэг хүн утсаар ярьсан. Тэгээд юу болсон бэ гэтэл “чамд битгий хэл гэж байна. Энд нэг асуудал гарсан, ганцаараа хүрээд ир гээд байна” гэхээр нь “би хамт явъя” гээд хэргийн газарт очиход нэг нь үхчихсэн, нэг нь ухаан алдсан хэвтэж байсан. Цагдаагийн алба хаагчид ирээд А.Б-ыг аваад явсан.

Би гэм буруутай этгээдээс 10 гаруй сая төгрөг нэхэмжилж байгаа. Үүнд оршуулгын зардал орсон байгаа. Шүүгдэгч нарын ар гэрийнхэн оршуулгын ажилд ирээгүй, надтай холбогдоогүй. Б.Г-ын аав “талийгаачийг хэзээ оршуулах гэж байна вэ” гэж асуусан. Бид Б.Г-ын аав, ээжтэй нь сайхан найзууд байсан. Хэрэг гарсан өдрөөс хойш манайхаар ирэхээ больсон.

Миний хүү төлөв даруу, хүний үгээр байдаг хүүхэд байсан. Хэрэг гарах өдөр би орой 22 цаг өнгөрч байхад 11 дүгээр гудамжны ойролцоо хүүтэйгээ таарсан. Тэгээд би Б.Г-од хандаж “гэртээ харь, миний хүү бас гэр рүүгээ харь” гэж хэлсэн. Би гэртээ ороод 1 цаг унтсан байх. Энэ хооронд энэ үйл явдал гарсан байсан.” гэсэн мэдүүлэг,

 

4. Хохирогч А.Б-аас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Хохирогчийн хувьд хэлэхэд 2019 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө намайг Б.Г зодсон. Эхлээд хамар руу цохиход нь би тонгойтол дээрээс цохиод, намайг хашаа мөргүүлсэн. Тэгээд “би чамайг алчихсан байхад гэрийнхэн чинь олохгүй” гээд намайг боож унагаасан. Тэр машинд нь учирсан эвдрэл гэмтэл нь Б.Г намайг зодож байхад учирсан. Тухайн үед талийгаач машинаас бууж ирээд Б.Г-ыг надаас салгасан. Гэтэл Б.Г намайг алж байж санаа амарна гээд байсан. Талийгаач Б.Г хоёр нэг эмэгтэйгийн талаар яриад маргалдсан боловч зодолдоогүй.

Б.Г-од зодуулаад миний хамрын халхавчны яс хугаралттай, тархи толгой өвдөж байгаа, баруун нүдний ухархай цууралттай, эрүүний нум цууралттай, амаа том ангайхад юм идэж болохгүй байгаа. Эмчилгээний зардалд нийт 725.984 төгрөгийг нэхэмжилж байна. Би гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг, 

 

5. Шинжээч Ж.Солонгоос шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...ШШҮХ-д мөр  судлалын лабораторын ахлах шинжээч ажилтай, тухайн хэрэгт  2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 3211 дугаартай дүгнэлтийг гаргасан. Шинжилгээнд ирүүлсэн хар хүрмэнд 35х16х25мм, 21мм, 10мм, улаан хүрэн майканд 18мм хэмжээтэй хурц иртэй зүйлийн үйлчлэлээр шинэ зүсэгдэлт, дээрх хүрмэнд гарсан 21мм, улаан хүрэн майканд гарсан 18мм хэмжээтэй зүсэгдэлтүүд нэг удаагийн үйлчлэлээр гарсан гэж тогтоосон. Мөн бусад зүсэгдэлтүүд нэг удаагийн үйлчлэлээр гарсан байна. Хар хүрмэнд гарсан 30мм хэмжээтэй татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн хуучин урагдалт бөгөөд урагдалтыг хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй.

Шинжилгээнд хутгыг ирүүлсэн тохиолдолд хувцсан дээр гарсан гэмтлүүдийг хутганы ажлын хэсгээр хэмждэг. Мөн тухайн 2 хүний зогсож байгаа байрлал, хувцасны материал, ямар хүчний үйлчлэл зэргээс хамаарч зүсэгдэлт, урагдалтын хэмжээ өөр өөр байх боломжтой байдаг. Учир нь хувцасны материал өөр өөр байдаг. Хутганы ажлын хэсгийн өргөн нь 2.1 см байвал энэ урагдалт үүссэн байж болно. Тухайн урагдалт гэмтэл хурц иртэй зүйлээр зүсэгдэж үүссэн байгаа. Энэ нь хувцасны материалаасаа хамаардаг. Хувцсанд үүссэн урагдалт материалын шинж чанараасаа болоод зөрүүтэй үүсэж болно. Тухайн шинжилгээнд ирүүлсэн хувцсанд үүссэн зүсэлтүүд нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.” гэсэн мэдүүлэг,

 

6. Гэрч Т.Б-аас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Шүүгдэгч Б.Г нь миний хүү байгаа юм. 2019 оны 6 дугаар сарын 03-ны шөнө манай хүү эгч рүүгээ залгасан. Эгч нь надад “Б.Г залгаж байна, Ч Д-ийг хутгалчихлаа гэнэ” гэж хэлсэн. Манай гэр хэрэг гарсан гараас 500 метрийн зайтай байх, машинаар явбал 5-6 минут яваад очих байх. Б.Г утсаар ярьснаас хойш би 6-7 минутын дараа хэргийн газарт очсон.

Намайг хэргийн газарт очиход М.Д дээшээ хараад, Ч /Б/ гэдэг нь баруун талд нь дээш харсан байдалтай байсан. Харин Б.Г “энэ Доогийг хутгалсан” гээд зогсож байсан. Б.Г-ын ээж нь надтай хамт очсон юм. Машин нь урагш харсан байдалтай зогсож байсан, харин машинд ямар гэмтэл учирсан эсэхийг би тухайн үед анхаарч хараагүй, сайн мэдэхгүй байна. Тэгээд би цагдаа, түргэн тусламж руу залгасан.

Тэгээд намайг очсоны дараа Б.Г хэзээ нь явсаныг мэдэхгүй, байхгүй болсон байсан. Би дараа нь цагдаа нартай хамт явж хайгаад, 7 дугаар худагны ойролцоогоос Б.Г-ыг очиж авсан. Тухайн үед ойролцоогоор өглөөний 7-8 цаг болж байсан байх.

 Хэрэг гарахаас өмнө машинд ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй. Хэрэг гарсны дараа машины зүүн хаалга нь дотогш цөмөрчихсөн, баруун хаалга нь хонхойсон байсан. Би тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтлийн хохирол төлбөрийг нэхэмжлэхгүй.” гэсэн мэдүүлэг,

 

7. Гэрч Б.Ж-ас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Шүүгдэгч Б.Г нь миний хүү байгаа юм. Намайг хэргийн газарт очиход Б, У, мөн талийгаач, Б нар байсан, Б.Г бол байгаагүй. Тухайн гудамж гэрэлтэй байсан.

Тэгээд хэргийн газарт үзлэг хийхдээ биднийг хэргийн газраас хол байлгаж байгаад нэг цагдаа нэг хутга авч явсан. Уг хутга нь цагаан өнгөтэй байсан юм. Би хэрэг гарсан талаар мэдээд удалгүй хэргийн газар руу очсон.” гэсэн мэдүүлэг,

 

8. Гэрч Д.Д-гаас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Шүүгдэгч А.Б нь миний хүү байгаа юм. Тухайн өдрийн өглөө 05 цаг өнгөрч байхад манай охин залгаад “А.Б Цагдаагийн байгууллага дээр байна гэнэ, би тийшээ явлаа” гэхээр нь би өглөө 07 цаг болж байхад Цагдаагийн байгууллага дээр ирсэн. Тэгээд би тэндээ орой 19 цаг хүртэл байсан. Намайг ирэхэд Б.Г байхгүй байсан ба 11 цагт болж байхад Цагдаагийн байгууллагад орж ирсэн. Б.Г миний хажууд доош хараад сууж байж байсан ба түүний гутал, хувцас, бугуй, шилбэ дээрээ цустай байсан. Тухайн үед би хэргийн газарт хамт байсан учраас цусаа дутуу арилгасан байна гэж бодоод сууж байсан. Дараа нь Б.Гын талаар яагаад шалгахгүй байгаа вэ гэхэд мөрдөгч надад “Б.Г бол гэрч” гэж хэлсэн. 

Хэрэг гарсан өдрийн маргааш нь би өмгөөлөгч хайгаад явж байхад Б.Гын аав өөр машинтай байсан. Тухайн машины хойд талын суудал цустай байсан. Би энэ талаар байцаагчид хэлсэн. Тэгээд гомдол гаргасан боловч шийдвэрлээгүй.

Нэг жолооч хүүхэд надад “энэ хавийн хүмүүс хэрэг гарсан шөнө унтаагүй, танай хүү маш их орилж байгаад дуугүй болсон, гэтэл Б.Г-ын аав ирээд “манайд ийм алуурчин байдаггүй гээд хүүхдээ хөөгөөд явуулсан” гэж хэлсэн. Тэгээд би “тэр хүүхдийг гэрчээр ороод өг” гэхэд “би чадахгүй” гэсэн юм. Манай гэр хэрэг гарсан газраас нилээн зайтай, ойролцоогоор 300-400 метрийн зайтай байдаг.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 19100 0000 0480 дугаартай хэргээс:

 

Нэг. Хүнийг алсан гэх үйлдэлтэй холбоотой баримтууд:

 

1.1. Хэрэг учрал болсон гэх Хан-Уул дүүргийн 16-р хороо, Буянт-Ухаа 25-р гудамжинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 10-11х, 12-18х/,

 

1.2. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 19-22х/,

 

1.3. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан хар өнгийн саравчтай малгай 1 ширхэг, ахуйн хэрэглээний заазуур 1 ширхэг, 2 литрийн багтаамжтай боргио пивоны хуванцар сав 1 ширхэг, “ЛД” нэршилтэй тамхины хайрцаг 1 ширхэг, хуванцар иштэй, жижиг төмөр хутга 1 ширхэг, 0.5 литрийн “Хараа” нэртэй архины шил 1 ширхэг зэргийг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тухай мөрдөгчийн тогтоол /хэргийн 1-р хавтас 45х/,

 

1.4. Б.Г-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 27-32х/,

 

1.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М-гийн өгсөн:

“...2019 оны 6 сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө хүү маань Хан-Уул дүүрэг, Буянт-Ухаагийн 25 дугаар гудамжинд бусдад хутгалуулж нас барсан. Тухайн үед хүүтэй маань хамт Г, Б гэх хоёр хүүхэд архи ууж байсан гэсэн. Тэгээд юунаас болоод, хэн нь хүүг минь хутгалж амь насыг нь хохироосныг би мэдэхгүй байна.

Хүүг маань нас барсан талаар 2019 оны 6 сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Г-ын ээж У гэх хүн манай эхнэр рүү залгаж хэлсэний дагуу бид хэрэг болсон гэх газарт очиход хүү маань нас барсан байдалтай, газар шороон дээр дээш хараад хэвтэж байсан. Хажууд нь Б мөн дээшээ хараад ухаангүй хэвтэж байсан, Г хэлбэртэй. Хүү маань бол нас барсан, харин Б амьсгалж байсан, гэхдээ ухаангүй байсан юм. Гын аав нь “та нар хүрч болохгүй ээ” гэж хэлээд надад хүүхдийн минь цамцыг сөхөж харуулахад манай хүүхэд зүрхэн тус газартаа хутгалуулсан шархтай байсан.

Эхнэр бид хоёрыг очиход уг газарт манай хүү, Б хоёр хэвтэж байсан, харин Г байгаагүй, түүний аав, ээж нь байсан. Г “яасан бэ” гэхэд “машинаа аваад явчихлаа” гэж хэлсэн.

...Хэргийн газар дээр очиход харанхуй байсан ба талийгаачийн цогцсыг болон Быг зөөсөн чирсэн байж болох ул мөр мэдэгдээгүй, тэр даруйдаа цагдаатай цуг тэр гудамжинд камер байгаа эсэхийг шалгаж үзэхэд ямар нэгэн хяналтын камер байгаагүй.

Хэрэг гарахаас өмнө би 23 цаг өнгөрч байхад эхнэртэйгээ хамт Буянт-Ухаагийн 1 дүгээр гудамжны дэлгүүр орох гээд явж байгаад Г болон өөрийн хүү Д нартай таарсан. Гын машинтай явж байсан юм, эрүүл согтууг нь мэдээгүй. Манай хүү гэрээсээ гараад удаагүй байсан болохоор эрүүл байсан гэдгийг нь мэдэж байна. Машинд нь өөр хүн байсан үгүйг би анзаарч хараагүй. Тэгээд тэр хоёрыг “одоо харь” гэж хэлээд явсан.

...Би шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Би хүүгээ алдсандаа гомдолтой байна. Хохирлын хувьд:

1. Талийгаачийн хойтын буянд уншуулсан номын зардал 1.200.000 төгрөг,

2. Шарилын хайрцаг, хөшөө 1.000.000 төгрөг,

3. Яс барьсан хүнд 250.000 төгрөг,

4. Хойтын буянд даатгаж лам нарт өргөсөн өргөлд 1.000.000 төгрөг,

5. Бурхад бүтээлгэсэн зардал 200.000 төгрөг,

6. 47 лам гэртээ авчирч лүүжин тавиулсан 400.000 төгрөг,

7. Ном уншсан ламд өргөсөн өргөл 500.000 төгрөг,

8. Талийгаачийг өнгөрснөөс хойш 3 дахь өдөр нь гэртээ ном уншуулсан 600.000 төгрөг,

9. Бусад уншуулсан номонд 800.000 төгрөг,

10. Ахуйн хэрэгцээнд баримтаар баталгаажсан 4.205.587 төгрөг,

11. Зарлагын падаангүй 3.0 сая төгрөг,

12. Үйлчилгээний машины зардал 800.000 төгрөг болсон. Нийт 13.955.587 төгрөгийн зардал гарсан. Үүнээс хойш ч зардал гарсан, гэхдээ бидний зүгээс 14.0 сая төгрөг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 44х, 48-49х, 51х, 52-53х/, 

 

1.6. Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 1265 дугаартай:

1. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош:

1/. Цээжний зүүн урд, дээд хэсэгт 3, 4 дүгээр хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтэрч, үнхэлцэг хальс, зүрхний баруун ховдлын урд хана, уушгины артерийг гэмтээсэн хатгагдсан шарх.

2/. Цээжний зүүн хөндий дэх хурц цус алдалт /2200 мл/, цус алдалтын шок.

Дүгнэлт:

1. Талийгаач М.Д-ийн цогцост цээжний зүүн урд дээд хэсэгт 3, 4 дүгээр хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтэрч, үнхэлцэг хальс, зүрхний баруун ховдлын урд хана, уушгины артерийг гэмтээсэн хатгагдсан шарх, цээжний зүүн хөндий дэх хурц цус алдалт /2200 мл/, цус алдалтын шок гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хурц, ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

2. 3. Талийгаач нь цээжний зүүн урд дээд хэсэгт 3, 4 дүгээр хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтэрч, үнхэлцэг хальс, зүрхний баруун ховдлын урд хана, уушгины артерийг гэмтээсэн хатгагдсан шарх, цээжний зүүн хөндий дэх хурц цус алдалт /2200 мл/, цус алдалтын шокын улмаас нас баржээ.

4. Талийгаачид үхэлд хүргэсэн архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

5. Шүүх биологийн шинжилгээгээр А II бүлгийн цустай байна.

6. Шүүх химийн шинжилгээгээр цусанд 1.4%, шээсэнд 6.9%, ходоодны шингэнд 1.8% спитрийн агууламж илэрсэн байна.

7. Талийгаач нь 2019 оны 6 сарын 03-ны өдрийн 15 цаг 45 минутын байдлаар нас бараад 13-15 цаг орчим болсон байна.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 96-97х/,

 

1.7. ШШҮХ-ийн криминалистикийн шинжилгээний газрын мөр судлалын лабораторийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 3211 дугаартай:

1. Шинжилгээнд ирүүлсэн хар хүрмэнд 35х16х25мм, 21мм, 10мм, улаан хүрэн майканд 18мм хэмжээтэй хурц иртэй зүйлийн үйлчлэлээр шинэ зүсэгдэлтүүд гарсан байна. Дээрх хүрмэнд гарсан 21мм, улаан хүрэн майканд гарсан 18мм хэмжээтэй зүсэгдэлтүүд нэг удаагийн үйлчлэлээр гарсан байж болно. Бусад зүсэгдэлтүүд нэг удаагийн үйлчлэлээр гарсан байна.

2. Хар хүрмэнд 30мм хэмжээтэй татаж чангаах хүчний үйлчлэлээр хуучин урагдалт гарсан байна. Дээрх урагдалтыг хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 123-125х/,

 

1.8. ШШҮХ-ийн криминалистикийн шинжилгээний газрын мөр судлалын лабораторийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 3053 дугаартай:

1. Хар өнгийн өмдөнд гогодолт, улаан, цагаан өнгийн цамцанд урагдалт үүссэн. Бусад хувцас гэмтэлгүй байна. 

2. Хар өнгийн өмдөнд гогодолт, улаан, цагаан өнгийн цамцанд урагдалтууд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн байна. Материалын суналтаас шалтгаалан хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй.

3. Хар өнгийн өмдөнд гогодолт, улаан, цагаан өнгийн цамцанд урагдалтууд нь шинээр гарсан байна.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 130-131х/,

 

1.9. ШШҮХ-ийн Тусгай шинжилгээний Газрын биологийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 3343 дугаартай:

1. А.Б-ын хэрэг гарсан үед өмсөж явсан гэх улаан алаг өнгийн цамц, бараан өнгийн жинсэн өмд, цэнхэр өнгийн майк, саарал өнгийн пүүзэн дээр цус илэрсэн.  

2. А.Б-ын гэх улаан алаг цамц, жинсэн өмд, майк, пүүзэн дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо нэг эрэгтэй хүний цус байна.” гэсэн дүгнэлт, хавсралт хүснэгтийн хамт /хэргийн 1-р хавтас 139-140х/,  

 

1.10. ШШҮХ-ийн Тусгай шинжилгээний Газрын биологийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 3345 дугаартай:

1. Шинжилгээнд ирүүлсэн хутган дээр цус илэрсэн, архины шилэн дээр цус илрээгүй.  

2. Шинжилгээнд ирүүлсэн хутган дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо нэг эрэгтэй хүний цус байна.” гэсэн дүгнэлт, хавсралт хүснэгтийн хамт /хэргийн 1-р хавтас 146-147х/, 

1.11. ШШҮХ-ийн Тусгай шинжилгээний Газрын биологийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 3346 дугаартай:

1. Шинжилгээнд ирүүлсэн заазуур, малгай, №1 төмөр хашаан дээрээс бэхжүүлэн авсан гэх дээж, №2 3811 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос бэхжүүлэн авсан гэх дээж дээр цус илэрсэн, хуванцар сав, тамхины хайрцаг дээр цус илрээгүй.  

2. Шинжилгээнд ирүүлсэн заазуур, малгай, №1 төмөр хашаан дээрээс бэхжүүлэн авсан гэх дээж, №2 3811 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос бэхжүүлэн авсан гэх дээж дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо нэг эрэгтэй хүний цус байна.

3. Эдгээрээс илэрсэн эрэгтэй хүний цус нь ДНХ-ийн тогтоцоороо 3345 дугаартай шинжилгээгээр тогтоосон хутган дээр илэрсэн цус, 3343 дугаартай шинжилгээгээр тогтоосон А.Б-ын хувцаснууд дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.” гэсэн дүгнэлт, хавсралт хүснэгтийн хамт /хэргийн 1-р хавтас 153-154х/, 

 

1.12. ШШҮХ-ийн Тусгай шинжилгээний Газрын биологийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 3503 дугаартай:

1. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн савхин куртик, улаан хүрэн өнгийн майк, саарал өнгийн бэлтгэлийн өмд зэрэгт цус илэрч байна. Хар өнгийн бэлтгэлийн өмд дээр цус илрээгүй.

2. Дээрх хувцаснууд дээр илэрсэн цус нь нэг эрэгтэй хүний цус байна. Уг цус нь М.Д-ийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.” гэсэн дүгнэлт, хавсралт хүснэгтийн хамт /хэргийн 1-р хавтас 157-158х/, 

 

1.13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 05/253 дугаартай актын:

1. М.Д, Б.Г, А.Б нарын гарын хээний дардсууд харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн М.Д-, Б.Г, А.Б нарын гарын хээний дардсууд Папилон санд бүртгэлтэй эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн гарын мөрүүдтэй тохирохгүй байна.

3. Шинжилгээнд ирүүлсэн №3, 4, 5 дугаартай гарын мөрүүд шинжилгээнд тэнцэнэ. №1, 2 дугаартай гарын мөр шинжилгээнд тэнцэхгүй.

4. Шинжилгээнд ирүүлсэн №3, 5 дугаартай гарын мөр нь санд MN000120006430 дугаараар бүртгэгдсэн Б-ын Г-ын баруун гарын эрхий, зүүн долоовор хуруунуудын дардастай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байна.

5. Шинжилгээнд ирүүлсэн №4 дугаартай гарын мөр нь санд бүртгэгдсэн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн гарын мөрүүдтэй тохирохгүй байна.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 168-173х/,

 

1.14. ШШҮХ-ийн Тусгай шинжилгээний Газрын биологийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 4189 дугаартай:

1. Биологийн шинжилгээний 3799 дугаартай М.Д-ийн гэх бэхжүүлэн хатаасан цус нь ДНХ-ийн тогтоцоороо 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 3503 дугаартай дүгнэлтээр тогтоосон хар өнгийн савхин куртик, улаан хүрэн өнгийн майк, саарал өнгийн бэлтгэлийн өмд дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.

2. Биологийн шинжилгээний 3870 дугаартай А.Б-ын гэх бэхжүүлэн хатаасан цус нь ДНХ-ийн тогтоцоороо 2019 оны 7 сарын 02-ны өдрийн 3343 дугаартай дүгнэлтээр тогтоосон А.Бын гэх хувцаснууд дээр илэрсэн цус, 3345 дугаартай шинжилгээгээр тогтоосон заазуур, малгай, №1 төмөр хашаан дээрээс бэхжүүлэн авсан гэх дээж, №2 38-11 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос бэхжүүлэн авсан гэх дээж дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.” гэсэн дүгнэлт, хавсралт хүснэгтийн хамт /хэргийн 1-р хавтас 187-188х/, 

 

1.15. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Б-ын гэрч, иргэний нэхэмжлэгчээр өгсөн:

“...Миний хүү Г 2019 оны 5 сарын 30-ны өдөр эхнэр, хүүхэдтэйгээ уулзахаар Сэлэнгэ аймаг руу явсан. Тэгээд өчигдөр орой 21 цагийн үед гэртээ ирсэн, ирэхдээ архи, дарс уугаагүй, эрүүл машинаа бариад ирсэн юм. Тэгээд хоол идчихээд Нисэх рүү паспортын лавлагаа авахаар дүү Етэй хамт явсан. Өнөөдөр нэг газарт ажилд орох гээд хөөцөлдөж байсан юм.

Тэгээд удалгүй Е Г-ын лавлагааг аваад гэртээ ирсэн, харин Г “ойрхон явчихаад ирье” гээд гэртээ орж ирэлгүй явсан байсан. Тэгээд бид унтаж байхад яг хэдэн цагт гэдгийг нь санахгүй байна, хөдөөнөөс ирсэн охин Энхтуяа намайг сэрээгээд “сая Г ярьлаа, Довыг Ч хутгалчихлаа, аавыг хурдан явуулаач гэж байна” гэхээр нь би босоод Буянт-Ухаа 25 дугаар гудамжны зүүн үзүүрт төмөр цэнхэр хашааны хажууд эхнэрийн хамт очиход Д- хашааны хажууд газар дээр дээшээ хараад хэвтэж байсан. Харин Ч нь Д-той толгойгоо нийлүүлчихсэн, дээшээ хараад хэвтэж байсан.

Г болохоор Д-г чангаагаад Д гээд орилоод сууж байсан. Тэгэхээр нь би хүүгээс “цагдаа дуудсан уу” гэж асуухад хариулахгүй байхаар нь би шууд түргэн тусламж болон цагдаад дуудсан. Удалгүй цагдаа нар ирээд, араас нь түргэний машин ирсэн. Цагдаа нарыг ирэхээс өмнө манай эхнэр Д-гийн ээж рүү залгасан байсан ба түүний аав, ээж нь цагдаа нараас өмнө ирсэн юм.

Мөн нэмж хэлэхэд түргэн дуудахад эмч надаас “хаана нь ямар шарх байна вэ” гэж асуухаар нь би Д-гийн дээгүүрх хувцасыг сөхөж үзэхэд Д-гийн цээжний зүүн хэсэгт хутгалуулсан шарх байсан юм.

...Тухайн үед би нилээн сандарсан байсан, тэр хооронд нэг сэхээ аваад харахад Г байхгүй байхаар нь утсаар ярихад “гэртээ ирсэн байна” гэсэн. Тэгээд би цагдаа дагуулаад гэртээ очиход машинаа хашаанд оруулчихаад өөрөө байхгүй байсан.

Тэгээд хэргийн газар дээр буцаж очиход хэргийн газрын үзлэг дуусаад, талийгаачийг шүүх эмнэлэг рүү аваад явсан юм. Тэгээд цагдаа нар буцаж манай гэрт очоод Гын машиныг ачуулж аваад явсан.

Мөн манай эхнэр, охин нарыг цагдаагийн хэлтэс рүү аваад явсан. Би нэг цагдаатай цуг Г-ыг хайгаад гэрийн ойр орчмын гудамжаар явахад олдохгүй байсан ба өглөө гэгээ орж байх үед утас дуугарахаар нь авахад Г байхаар нь цагдаатай цуг 7 дугаар гудамжнаас очиж аваад цагдаагийн хэлтэс рүү авчирсан юм.

...Г-ын машины зөв талын буюу жолоочийн сууж байгаа талын хаалга онгойхгүй байсан, цагдаа нар ч онгойлгож чадахгүй байсан. Тухайн хэрэг болсон газар нь манай гэрээс 300-400 метр орчимын зайтай юм. Г эрүүл байсан, маргааш өглөө нь ажилд орох шалгалт өгөх гээд Сэлэнгэ аймагт байхад нь дуудаж ирүүлсэн байсан юм.

Намайг хэргийн газарт очиход Б, Д нарын хэн хэн нь хөдөлгөөнгүй хэвтэж байсан, ямар нэгэн үйлдэл хөдөлгөөн хийхгүй байсан. Г гэрээсээ хутга, заазуур авч гараагүй. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 43х, 59-60х, 71х/,

 

1.16. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 1215 дугаартай:

“...уг машины зүүн урд хаалга зурагдаж хонхойсон эвдрэлийг ...зах зээлийн жишиг үнийн болон өртгийн хандлагын харьцуулалтын аргаар үнэлэхэд нийт 152.000 /нэг зуун тавин хоёр мянга/ төгрөг” гэж тогтоосон иргэний нэхэмжлэгч Т.Б-ын эзэмшлийн автомашины эвдрэл гэмтлийг үнэлсэн үнэлгээний тайлан дүгнэлт /хэргийн 1-р хавтас 64х/,

 

1.17. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Э-гийн гэрчээр өгсөн:

“...Миний ...төрсөн дүү Г нь 2019 оны 6 сарын 02-ны өдрийн 21 цагийн орчимд Улаанбаатар хотод ажил хийхээр ирсэн юм. Дүүг ирэх үед би дэлгүүр явсан байсан бөгөөд дэлгүүрээс гэрт орж ирэхэд Г ирсэн байсан. Ингээд Г гэрт хоол цай идчихээд “МИАТ орж паспортын зурагтай лавлагаа авна” гээд 22 цагийн орчим манай 7 настай дүү Етэй гараад явсан. Удалгүй Е гаднаас ганцаараа ороод ирэхээр нь “ах нь яасан бэ” гэхэд “хойноос чинь орно” гэж хэлсэн гэсэн боловч орж ирээгүй.

Тухайн үед гэрт эцэг Б, эх У, охин дүү Отгончимэг, бага насны хүүхдүүд болон бид нар байсан. Ингээд орой 23 цаг өнгөрч байхад унтсан бөгөөд шөнө 01 цаг 14 минутад миний 99622761 дугаарын утас руу Г 99789415 дугаарын утаснаас залгаж, нилээн сандарсан байдалтай “аавтай яръя, аавыг дууд” гэхээр нь би уурлаад “яах гээд байгаа юм, аав унтаж байна” гэхэд “Ч Д-г хутгалчихлаа” гэсэн.

Би “юу гэнээ” гэхэд “би сахал Мөнхөө ахын урд байна” гэхэд аав, ээж хоёр шууд хувцасаа өмсөөд гэрээс гарсан. Удалгүй Г дахин залгаад “аав наашаа гарсан уу” гэхээр нь “гараад явчихсан, цагдаа, түргэн тусламж дуудсан юм уу” гэхэд ямар нэгэн хариу хэлэлгүй “Д-, Д-” гээд уйлж байгаад утсаа салгасан.

Ийм байдлаар утсаар ярьсанаас хойш 2-3 минутын дараа машин өндөр хаазтай хашаанд орж ирээд хоёр гэрийн хооронд тавж байгаа бололтой зогссон. Гэхдээ Г гэрт орж ирээгүй явчихсан. Тэгээд аав, цагдаа нартай гэрт орж ирээд Г-ыг хайгаад байсан. Үүнээс хойш Г-ын дугаар руу залгасан боловч утсаа салгасан байсан, одоо ч холбогдохгүй байна.

Г гэрээс гарахад эрүүл байсан, түүнээс хойш нүүр тулж уулзаагүй. Яагаад машиныг гэрийн голд тавьсаныг нь мэдэхгүй байна. Гэхдээ хоёр гэрийн дундуур оруулж тавьдаг л даа. Тухайн өдөр Г нь хар өнгийн шоорт, малгайгүй хар өнгийн цамц, саарал өнгийн пүүзтэй явж байгаа.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 41-42х/,

 

1.18. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Ж-ын гэрчээр өгсөн:

“...2019 оны 6 дугаар сарын 02-ны өдөр манай хүү М.Д- ах нартайгаа том машин янзалж байгаад, ажлаасаа бууж гэртээ орж ирсэн. Цай хоолоо идэж уугаад, дүү нартайгаа тоглож, унтаж амрахаар ор дэрээ засчихаад “дэлгүүр тамхинд яваад ирье” гээд орой 22 цаг 45 минутын үед гарсан.

Нөхөр бид хоёрыг манай найз “шинэ шөл уу” гэхээр нь тэднийх рүү явахаар нөхөрийн хамт гарахад хүү маань дэлгүүрийн үүдэнд Г гэдэг найзтайгаа цуг зогсож байхаар нь “миний хүү гэртээ хариарай” гэхэд “за” гээд үлдсэн. Нөхөр бид 2 тэр найзындаа очиж, шөл халаалгаж уучихаад буцаад ирэхэд гэрт байсан 2 ач болон манай бага хүү нар унтсан, Д- ирээгүй байсан.

...Шөнө унтаж байтал 01 цаг 25 минутын үед манай зүүн талын айлын У миний утас руу залгаад “гараад ир хөгшөөн, сахал Мөнхөөгийн үүдэнд хүрээд ир, Мөнхөөд хэлээд яах юм бэ, даралт нь ихсэнэ, өөрөө хүрээд ир” гэхээр нь гарах гээд босоход нөхөр утасны дуугарах чимээгээр сэрчихсэн байсан болохоор “цуг явъя” гээд машинтай цуг хэрэг болсон газар дээр нь очиход манай хүү газарт дээшээ харчихсан хэвтэж байсан.

У нөхөртэйгээ байсан ба намайг ойртуулаагүй, манай нөхөр, хүү дээр очоод футболкыг нь сөхөж үзээд “зүрхэн тус газарт нь нэг удаа хутгалчихсан байна, хүү нас барсан байна” гэж хэлсэн.

Удалгүй түргэн тусламж, цагдаа нар ирээд шалгалт хийгээд, дараа нь шүүх эмнэлгийн машин ирээд манай хүүгийн цогцсыг аваад явсан.

Хэргийн газарт очиход У нөхөр Б-ын хамт байсан бөгөөд тэр хоёроос “та нар энэ хэргийн талаар яаж мэдсэн юм бэ” гэхэд “Г хэлсэн юм” гэсэн. Г нь тэдний хүүхэд юм. Аав, ээжийг нь очиход Г манай хүүхдийг тэврээд “хутгалуулчихлаа ш дээ, алаад хаячихлаа ш дээ” гээд уйлж байсан гэсэн.

Нөхөр бид хоёрыг очиход Г хэргийн газар дээр байхгүй байсан. ...Би маш их гомдолтой байна. Хайран сайхан хүүг минь хөнөөсөн буруутай этгээдийг олж тогтоож өгнө үү.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 72-73х, 74х, 76х/,   

 

1.19. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Ө-ын гэрчээр өгсөн:

“...Мөнхөөгийн Д- нь манай төрсөн ах Мөнхөөгийн 3 дахь хүү юм. 1996 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн. Нисэхийн 7 дугаар сургуулийн 9 дүгээр ангийг төгссөн, бүрэн бус дунд боловсролтой. Дорноговийн Зүүнбаянгийн цэргийн ангид хугацаат цэргийн алба хаасан. Эхнэр, хүүхэд байхгүй. Мал малладаг байсан, сүүлийн нэг жил ясны үйлдвэрт ажиллаж байсан. Архи уугаад байдаггүй, тамхи татдаг, нууж татдаг. Төлөв даруу зантай, хүний үгнээс гардаггүй. Хүнд уурлаж байхыг нь би харж байгаагүй.

Би түүнд “ахыгаа дагаж явж байгаад ажилтай бол, унаа тэрэгтэй бол” гэж хэлж ажилд дагуулж явдаг байсан. Намайг дагаад Таван толгой руу том тэрэгтэй нүүрсэнд явдаг байсан юм.

2019 оны 6 дугаар сарын 02-ны өдөр бид хоёр хөдөө гарах гэж байсан боловч нэг том машин маань эвдэрсэн учраас янзалж байгаад гарахаас өөр аргагүй болсон. Тэгээд хоёулаа машинаа янзалж байгаад 22 цаг өнгөрч байхад ажлаа дуусгаад салсан.

Тэгтэл шөнө 01 цаг өнгөрч байхад ах над руу залгаад “дүү чинь хүнд хутгалуулсан байна, амьд үгүйг нь мэдэхгүй байна” гэж ярьсан. Би хэрэг гарсан газарт нь шууд яваад очсон. Тэгэхэд урагшаа харсан, нөгөө залуу нь зүүн тийш харсан байдалтай хэвтэж байсан. Эмчээс нь асуухад амьсгаатай байсан. Хэрэг гарсан талаар яаж мэдсэн юм бэ гэж ах, эгч хоёроос асуухад “хамт байсан Г гэх залуу нь гэрийнхэндээ хэлээд, тэд нар нь ах эгч хоёрт хэлсэн” гэсэн. Хэргийн газраас хоёр хутга олдсон гэсэн. Дүүг маань хэн ямар зорилгоор, яагаад амь насыг нь хөнөөсөн бэ, нэг хүн хөнөөсөн үү, олон хүн хөнөөсөн үү гэдэг нь эргэлзээтэй байгаа. Үнэн зөвийг олж тогтоож өгнө үү.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 81х/,  

 

1.20. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.У-ын гэрчээр өгсөн:

“...Би А.Бтай багын найзууд юм. Гыг сайн мэднэ, гэхдээ тийм ойр дотно биш, таарахаараа мэндтэй явдаг. Харин М.Д-ийг зүс мэднэ. 2019 оны 6 дугаар сарын 02-ны орой 22-23 цагийн орчимд Б над руу утсаар залгаад “худган дээр гараад ир” гэхээр нь Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаагийн 14 дүгээр гудамжинд байдаг дээр худаг дээр яваад очиход Б нь Б гэх найзын хамт жаахан архи үнэртүүлсэн байдалтай байсан. Бид тамхи татаж, хэсэг юм ярьж байгаад “гэртээ харьцгаая” гэж байтал Б руу Г залгасан.

Би “хэн залгаад байгаа юм” гэхэд “хэн ч биш” гээд нуугаад байсан. Дахин утас нь дуугарахаар “хэн юм бэ” гээд шалгаахад өөдөөс Г машинтай гарч ирсэн. Би Гтой мэндэлчихээд, гэр лүүгээ орсон ба намайг гэр рүү орж байхад талийгаач Д- гэрээсээ гарч ирж байсан.

Тэгээд Гын машинд Г, Б, Д- нар суугаад яваад өгсөн. Б бид хоёр хэсэг юм ярьж зогсож байгаад гэр гэртээ харьсан юм. Б нь Гтой ийш тийш явна гэж яриагүй. Шууд машинд нь суугаад явчихсан. Б, Г нар хоорондоо хэрэлдэж маргалдаагүй. Би тэр орой нилээн орой болтол фэйсбүүкт байж байгаад шөнө дунд унтсан. Б манайд орж ирээгүй.

Б манайхаас ямар нэгэн хутга, заазуур аваагүй. Б нь архи уусан үедээ агсам согтуу тавиад байдаггүй, ер нь бол тийм аймаар ч архи уугаад байдаггүй юм. Манай найз Б бид 2 тэд нартай тийм сайн найзууд биш учраас цуг яваагүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 87х/,  

 

1.21. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Б-гийн гэрчээр өгсөн:

“...Би 2019 оны 6 сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 9, 10, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт ахлах ахлагч Г.Ган-Эрдэнийн хамтаар Эрхэс-112 дуудлагатай, 20-82 УНҮ улсын дугаартай автомашинаар машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Шөнийн 01 цаг 19 минутад хэлтсийн жижүүрээс “Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 25 дугаар гудамжны үзүүрт хүн хутгалуулсан байна” гэсэн дуудлагыг дамжуулсны мөрөөр хэргийн газар дээр 5-6 минутын дараа очиход Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаагийн 25 дугаар гудамжны зүүн үзүүрт цэнхэр өнгийн төмөр хашааны хажууд буюу гэрлийн бетонон шугамны хажууд 2 хүн хувцас хунар нь цус болсон, дээшээ харсан байдалтай хэвтэж байсан.

Ар гэрийн хүмүүсийг нь холдуулж, хэргийн газрыг хамгаалалтанд авч байх үед түргэн тусламж ирээд хойд талд нь урагшаа харсан байдалтай хэвтэж байсан хүнийг үзээд “биед нь ил харагдах гэмтэл шарх байхгүй байна” гэж байсан. Энэ хооронд жижүүрийн бүрэлдэхүүн ирээд, бид хэргийн газрыг хүлээлгэж өгөөд, дараагийн дуудлага руу явсан юм.

Хэргийн газар дээр анх очиход ойр орчимд нь том пивоны сав, хар өнгийн малгай, ногоон иштэй заазуур зэрэг эд зүйлс газарт байсан. Хэвтэж байсан хүмүүсийн ойролцоо хашааны ёроолд 1х1.5 метр зайд 2 хэсэг газар дээр цус мэт зүйлийн толбо, мөн тэр 2 хүний хувцас нь цус болсон байдалтай, цэнхэр өнгийн хашааны төмөр цус мэт зүйлээр бохирлогдсон байсан.

Дээрх хүмүүсийг зөөж чирсэн байж болох ул мөр байгаагүй. Хэргийн газар дээр хэвтэж байсан хүмүүсийн хойд талд нь хэвтэж байсан хүн нь ямар ч хөдөлгөөнгүй, амьсгалахгүй, сэрэхгүй байсан. Тэгээд эмч ирээд, араас нь удалгүй жижүүрийн бүрэлдэхүүн ирэхээр нь бид дараагийн дуудлага руу явчихсан юм. Хэргийн газар дээр машинтай хүмүүс ирсэн байсан бөгөөд цагаан өнгийн аксент машин байгаагүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 88х/,

 

1.22. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Б-ын гэрчээр өгсөн:

“...Би Нийслэлийн түргэн тусламжийн төвийн Хан-Уул салбарт дуудлагын их эмч ажилтай. 2019 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө ээлжийн ажилтай хонож байтал шөнийн 01 цаг өнгөрч байх үед “ХУД-ийн 16 дугаар хороо, Буянт-Ухаагийн 25 дугаар гудамжны үзүүрт хутгалуулж цус алдсан хүн байна” гэх дуудлагаар хэргийн газар дээр очиход цагдаагийн алба хаагч нар ирээд, хамгаалалт аваад байж байсан.

Уг газарт 2 хүн ухаангүй байдалтай нэг нь дээшээ, нөгөөх нь доошоо харсан байдалтай байсан. Доошоо харсан байсныг нь эргүүлж дээш харуулаад үзэхэд нас барсан бөгөөд цээжний зүүн талын 4-5 дугаар хавирганы завсраар хутгалуулсан нүхтэй байсан.

Дээшээ харж хэвтэж байсан хүний биед үзлэг хийхэд нүүр уруул нь цус болсон, хамар нь хавдсан байдалтай байсан. Сэрээх гэсэн боловч сэрээд буцаад нүдээ аниад хэвтээд байсан. Амнаас нь архи үнэртэж байсан. Тэгээд цагдаа нар сэрээгээд аваад үлдсэн. Ухаангүй байсан гэх залуу нас барсан хүнийхээ хажууд хэвтэж байсан.

Тэднийг чирж зөөвөрлөсөн гэх байдал ажиглагдаагүй. Газарт чирсэн мөр байгаагүй. Ухаан алдан хэвтэж байсан гэх залуугийн биед үзлэг хийхэд ухаан алдсан шинж ажиглагдаагүй. Хүүхэн хараа нь хэвийн өөрчлөлтгүй, өвдөлтийн цэгт дарахад хариу урвал үзүүлнэ, ярвайх өвдөлтийн цэгээс зугтаах зэрэг хариу үйлдэл үзүүлж байсан. Сэргээх эм тариа хийх шаардлагагүй байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 91-93х/,

 

1.23. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М-гөөс хохирол, төлбөр нэхэмжлэхтэй холбоотой гаргасан хүсэлт, талийгаачийг оршуулахтай холбоотой гарсан гэх зардлын талаарх баримтууд /хэргийн 1-р хавтас 231-240х/,

 

1.24.  Шүүх Сэтгэц эмгэг судлалын 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 799 тоот актын:

1. А.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

2. А.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

3. А.Б нь юмыг зөвөөр тусган ойлгож, зөвөөр мэдүүлэх чадвартай байна.

4. А.Б нь өөрийн үйлдлийг удирдан жолоодох, хянах чадвартай байна.

5. А.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 111-112х/,

 

1.25. А.Б-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 2-р хавтас 43-48х/,

 

1.26. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Г-ын гэрчээр өгсөн:  

“...2019 оны 6 сарын 02-ны өдөр би Сэлэнгээс Улаанбаатар хотод 20 цаг өнгөрөөж ирээд гэртээ байж байгаад 22 цаг болж байхад Нисэх буудал орж хурууны хээний лавлагаа авчихаад гэртээ харихаар явах замдаа Б-ын 95681074 дугаар луу залгаж “хаана байна” гэж асуухад 14 дүгээр гудамжны худагнаас урагшаа явж байна гэхэээр нь “би 11 дүгээр гудамжны үзүүр дээр байна” гэж хэлсэн. Тэгээд Д-ийн утас руу залгахад “гэртээ байна “гэхээр нь “хүрээд ирээ, би 11 гудамжны үзүүрт зогсож байна” гэж хэлсэн. Тэгээд би Б, Д хоёртой хэсэг юм ярьж байгаад харьлаа гээд машинд суухад Д машинд суугаад, Б-ыг дуудаад “7 дугаар гудамжны дэлгүүр явчих” гэсэн. Яах гээд байгаа юм гэхэд ганц юм уучихъя гээд, би дэлгүүрийн гадаа ирж зогсоход  тэр хоёр дэлгүүр лүү орж 0.5 литрийн Хараа архи, том ундаа, 2.5 литрийн хэмжээтэй пиво авч гарч ирээд, миний машинд суугаад ууя гэхэд нь би уугаагүй. Б архинаас нь Д пиво уугаад байсан. Тэгээд архи пиво нь дуусахад Д дахин нэг шил архи авья гэхэд нь би “одоо архи уухгүй ээ, архи авах гэж байгаа мөнгөөрөө машинд бензин хийгээд өг” гэхэд архи уух л мөнгө байна гээд Б, Д нар дахин дэлгүүр орж 0.5 литрийн Хараа архи ундаатай авч гарч ирсэн. Тэгээд тэр архийг машинд худгийн хажууд  ууж байгаад, ...дараа нь тэндээсээ уул руу гарч зогссон. Дараагийн шил архийг ууж байхад Б нь надруу сонин сонин юм яриад, тэр хоёр намайг үгээр идээд байсан.

Тэгээд би Б-тай маргалдаад машин дотор түүний хамар луу нь алгадчихсан. Гэтэл нь хамарнаас нь цус гараад машин завааруулчихсан. Тэгээд би машинаас буугаад бие засаад байж байхад Б ирээд “хоёулаа зодолдъё” гээд намайг энгэрээс заамдаж аваад бид хоёр заамдалцсан байхад Д “боль” гээд салгасан. Тэгэхэд Б гүйгээд явчихаар нь би Д-ийн хамт араас нь гүйж очоод “болъё, гэртээ харилаа” гэж гээд машиндаа суутал араас Д, Б хоёр машинд орж ирж суугаад үлдсэн архиа уух гээд, Б надад архи хундаглаж өгөхөд нь би уухгүй гэхэд өөрөө уучихсан. Дахиад надад архи хийж өгөхөөр нь би уухгүй гэхэд өөрөө уучихсан. Б надад архи хийж өгчихөөд хийж өгсөн архиа өөрөө уучихсан. Надтай муудалцах гээд байхаар нь би Б-т “чам шиг найз байхаар байгаагүй нь дээр, яв” гэтэл Б үлдсэн тал шил архиа өөрөө аваад явчихсан. Тэгээд би машинтайгаа хөдлөх гээд зогсож байтал Б утсаар залгаад, “нөгөө газраа байгаа юу, ганц шил архи авчихаад зохицуулаад очъё” гээд гуйгаад байсан. Тэгэхээр нь тэр газраа хүлээж байхад удалгүй Б ирж байгаа харагдсан бөгөөд нэг гартаа хутга, нөгөө гартаа заазуур барьчихсан ирэхээр нь би машиныхаа хаалгыг цоожилчихсон.

Тэгтэл  миний машины хаалга руу хутгаар цохиод, өшиглөөд байхаар нь машинаа асаатал Б холдоод явчихсан. Тэгээд хөдлөөд цааш явж байтал араас чулуу шидээд, шидсэн чулуу нь машины шилэн дээр оносон.

Тэр үед Д “наадах чинь яамар овоо пизда вэ” гээд машины түгжээг тайлаад машинаас буугаад Бтай зодолдоод байхаар нь машин дотроос хартал  заазуур нь газар уначихсан байсан. Хутгыг нь газарт унасан юм боловуу гээд хартал гарт нь байхаар нь би машинаас буух гэхэд түгжээ нь тайлагдахгүй, тэгэхээр нь цонхоор нь буугаад тэр хоёрыг салгатал Д намайг налаад унахаар нь яасан бэ гэтэл “наадах чинь намайг хутгалчихлаа” гээд газарт унасан.

Би Б дээр очоод “чи найзыг минь хутгалчихсан байна” гээд хутгыг нь аваад хашаа давуулж шидээд, түүнийг зугтах гээд байхаар нь боож ухаан алдуулчихаад, эгч рүү залгаад “Д-ийг Б хутгалчихлаа, эмнэлэг рүү аваад яваадахаач” гэж хэлээд удалгүй аав, ээж хоёр ирээд эмнэлэг цагдаа дуудсан. Би машинаа унаад хашаандаа тавьчихаад эргээд алхаад очиход цагдаа нар ирчихсэн байсан, алсаас хараад зогож байсан. Б нилээн согтсон, өөрийгөө удирдах чадваргүй байсан. Хутга заазуур хаанаас авсныг нь би мэдэхгүй байна. Бид 10 жилийн сургуульд байхын бие биенээ мэднэ.

...Талийгаач бид хоёр нийлж бүлэглэн Быг зодож цохисон асуудал байхгүй. Машин дотор сууж байхад Б намайг архи уу гэхэд нь би уухгүй гэхэд “намайг хөдөө эхнэр дээрээ очиж ирчихээд сонин онгон зан гаргаад” гэх зэргээр үг хаяад байхаар нь би тэсэхгүй уурандаа хойшоо хараад алгадчихсан юм. Өөрөөр түүнийг цохиж зодсон зүйл байхгүй. Тэр үед түүний хамарнаас цус гарсан.

Б нь намайг ална гээд над руу дайраад байсан ба машинд сууж байхад хаалгаа цоожлоод хөдлөх гэхэд гартаа хутга заазуур барьчихсан, машины жолооч талын цонх руу цохиод байсан. Энэ үед машины хаалга гацсан. Мөн машины урд копут болон цонх руу чулуу шидээд байсан. Энэ үед талийгаач “ямар овоо пизда вэ” гээд машинаас бууж очоод түүнтэй барьцалдаж аваад зодолдсон.

...Манайх хашаандаа байшин барьж байсан, аав гараа гэмтээгээд ажиллаж чадахгүй байсан учир би Б-т ирээд ажиллаад өгөөч гэж хэлэхэд ирээгүй. Тэгээд тэр өдөр би “чи найз байж аав гараа гэмтээчихсэн байхад ирээд байшин барилцаад өгөхгүй, чам шиг найз байдаг юм уу” гэж хэлсэн. Өөрөө л янз бүрийн юм байвал найздаа хэлж байгаарай гэдэг байсан. Тэгтэл тэр үед туслаагүй. Д- том тэрэг бариад Тавантолгой руу явдаг учраас завгүй байдаг юм. Тэрийг нь мэддэг болохоор би Д-той юм яриагүй.

Өмнө 2018 онд Б, түүний эхнэр М-тэй хамт Орбитад караокед ажилладаг байсан. Би ажил дээр 11 дүгээр сард шөнө ганцаараа очсон. Тэгээд бид хамт сууж пиво ууцгаасан юм. Тэр үед Б “эхнэрийнхээ цээжийг бариулмаар байна” гэхэд  “яасан юм бэ” гэсэн чинь “би дэвсчихсэн юм” гэхэд яагаад гэхэд уур хүрээд гэж байсан. Тэгэхэд нь би түүнтэй муудалцаж байгаад нүүр лүү нэг удаа алгадсан. Тэр өглөө нь Тахилт явж бариачид эхнэрийг нь бариулж байсан. Надад алгадуулснаас болж Бын биед тухайн үед гэмтэл учраагүй, хамар амнаас нь цус гараагүй.

Харин 2018 оны өвөл миний цөлийн шар гутлыг хэд хоног өмсөөд өгье гэж авч яваад, ... хоногийн дараа очиж авахад гуталны хажуу тал цус болчихсон байсан. Тэгээд энэ яасан юм бэ гэж асуухад Хархорин захын хажуу талын бааранд зодоон хийсэн гэж байсан. Тэрнээс өмнө байх 2018 оны намар шиг санагдаж байна, нэг удаа шанаа нь хавсан явж байсан, яасан талаар асуухад Нисэхийн эцэст Зандраа, Ууганаа нартай байгаад зодоон хийсэн гэж өөрөө ярьж байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 68-69х, 77-79х/,

1.27. Шүүгдэгч А.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн:  

“...Би Ганаа хочтой Г, Д /бүтэн нэрийг нь мэдэхгүй байна/ бага байхаасаа найзалж нисэхэд хамт өссөн. Д, Г хоёр хамар хашаанд байдаг, манайх арай зайтай байдаг юм. Өчигдөр буюу 2019 оны 6 сарын 02-ны өдөр нисэхийн автобусны буудал дээр байдаг Монополь нэртэй биллъярд тоглоомын газарт орж зүс таних нэрийг нь мэдэхгүй залуутай тоглож байгаад 21 цагийн үед гэртээ харихаар явж байтал ...замд Уа хочтой У, З хочит Б нартай таарсан. Тэр хочр 14 дүгээр худаг архи уугаад сууж байсан ба надад 100 төгрөгийн үнэтэй аяганд архи хийж өгөхөөр нь 3 рюмка архи уусан. Тэгээд тэр хоёртой байж байтал Г 9978-аар эхэлсэн дугаарын утсаар миний 95681074 дугаарын утас руу залгаж, “хаана байна, би Сэлэнгээс ирчихлээ” гэсэн. Намайг хаана байна гэж асуухад нь би худаг дээр байна гэж хэлсэн. Тэгээд Буянт-Ухаа 11 дүгээр гудамжинд байна гэхэд би “наанаа байж бай, би яваад очъё” гэж хэлээд би очсон. Тэгээд очиход Г нь цагаан өнгийн Хьюндай верна загварын машинтайгаа ирчихсэн зогсож байсан ба машины дугаар одоо миний санахаар 38-11 гэсэн дугаартай байсан байх.

Очоод ойр зуурын юм яриад “хэзээ ирсэн, яагаад ирсэн, юу болов яагаад дуудав” гэх зэргээр дөнгөж яриа эхлээд асуухад “мэдэхгүй ээ, энэ л дуудаад байна” гэж хэлэхэд цаанаас нь Довуу алхаад хүрээд ирсэн. Би тэр хоёртой уулзахад 3 рюмка архи уусан байсан тэр хоёр цоо эрүүл байсан.  

Тэгээд Довуу машинд суучихсан, “хөөе Ч явъя” гээд намайг дуудахад “яах гэж байгаа юм” гэхэд “уунаа” гэсэн. Тэгээд тэндээсээ хөдлөөд Г гэртээ дүүгээ буулгаад, буцаж Буянт-Ухаа 7 дугаар гудамжинд байдаг хүнсний дэлгүүрийн гадаа ирж, Довуу бид хоёр дэлгүүр орж 2,5 литрийн савлагаатай Нийслэл пиво 1 ширхэг, ундаа, 0.5 литрийн Хараа архи аваад, тооцоог Довуу хийсэн. Машиндаа сууж хөдлөөд Буянт-Ухаа 7 дугаар гудамж руу орж зогсоод архи, пивоо задалсан. Ганаа эхлээд ерөөсөө уухгүй байсан ба би архи, Д- пиво ууж байсан, мөн миний ууж байсан архинаас ганц хоёр хундага  уусан. Тэгээд эхний авсан архиа уугаад дуусч байхад Довуу “дэлгүүр хаахаас өмнө дахиад нэг шил архи авья” гэж хэлээд хоёулаа хамт дэлгүүр ороод 0.5 литрийн савлагаатай Хараа нэртэй архи нэг шилийг аваад машиндаа суугаад тал газарт ...Буянт-Ухаа 11 гудамжны харалдаа хойд зүгт очсон байх. Тэнд бид хоёр архиа хувааж уусан, Г  2 хундага л уусан. Үлдсэнийг нь Довуу бид хоёр уусан.

Тэгээд байж байтал Г “манай аав гэмтчихээд байхад ирээд дээвэр янзлахад тусалсангүй, тийм найз байдаггүй юм, пизда, би чамайг одоо энд алчихъя ” гэж хэлээд миний хамар луу баруун гараараа цохиход би хамраа дараад доошоо тонгойсон чинь хамарнаас цус гарсан ба намайг тонгойсон байхад толгой руу хэд хэдэн удаа цохиод авсан. Тэр үед би машины хойд талын суудал дээр ганцаараа, Г жолооч талын суудал дээр, Довуу урд талын суудалд сууж байсан. Тэгснээ Г нь бууж ирээд намайг хэд хэдэн удаа өшиглөөд, буугаад ир гэхэд би машинаас буугаад очтол толгой руу мөргөсөн. 

Чи яаж байгаа юм гэтэл Довуу бууж ирээд Гыг болиулаад, би та хоёрыг ингэх гэж уулгасан биш гэж хэлсэн.  Би Год “за за уучлаарай хөгшөөн” гэхэд Г нь “түй май” гээд салаавч гаргаад, намайг заамдчихаад тавихгүй, чамайг алаад булчихаад явна гээд дайраад байсан. Тэгтэл тэр үед яагаад тэгснийг мэдээгүй Довуу миний зүүн шанаа хэсэгт гараараа нэг удаа цохиход нь би зугатаасан, тэр хоёр араас хоёулаа хөөгөөд байсан.

Би зугатааж байхдаа гарт нэг шил таараад машин руу нь шидсэн, хаана оносныг мэдэхгүй, тэгээд хашааны буланд бариад дахиад л зодуулсан. Тэр хоёр нийлээд намайг өшиглөж, цохиж зодоод байсан. Би дахин зугатаагаад тэнд нэг гүйцэт бариагүй тал хашаатай айл байдаг түүгээр нэвт гүйгээд жалганд орсон. Жалганы цаана манай гэр байдаг юм. Жалганд явж байхад нэг жижигхэн хутга  олсон. Тэр үед гадаа харанхуй байсан тул ямар иштэй, хэлбэртэй хутга байсныг мэдэхгүй, ямар ч гэсэн хутга аваад буцаад нөгөө хоёр луу очсон.

Би хутга бариад нөгөө хоёрыг айлгах гээд, бас учраа олох гээд очсон. Тэгсэн өөдөөс машинтай намайг чиглээд дайрах гэхээр нь би хажуу тийш үсэрсэн. Тэгтэл цаашаа яваад өгсөн бөгөөд би “ашгүй явчихлаа” гэж бодоод алхаад явж байтал буцаж эргэж ирснээ хашаа тулаад зогссон.

Довуу түрүүлж бууж ирээд намайг мөргөөд, өшиглөөд цохиж эхэлсэн ба Г нь араас бууж ирээд намайг гэдэс рүү жийж өшиглөөд унагаасан. Би босоод ирсэн чинь дахин цээж рүү цохисон. Гурвуулаа заамдалцаад, гурвалжин дөрвөлжин юм болсон. Тэр үед л би нэгийг нь хутгаар дүрчихсэн юм шиг байна лээ. Тэр хоёрын хэнийг нь дүрснээ санахгүй байгаа юм. Тэгэж байтал Г намайг багалзуурдаж байгаад ухаан алдуулаад унагаачихсан. Тэгээд би нэг мэдэхэд цагдаа дээр ирчихсэн байсан.

Г л хэрүүл маргаан үүсгэсэн. 2018 оны 10 дугаар сард Г хамт архи ууж байхдаа “чи эмэгтэй хүнд гар хүрсэн байна” гэж хэлээд зодоод бүр дэвсээд байсан. Тухайн үед нь би цагдаагийн байгууллагад огт хандаагүй. Би жалга руу буугаад цаашаа дөрвөн хөллөөд гэртээ очъё гэж бодоод авирч байтал нэг нүх шиг юман дотор хутга байхыг олж хараад авсан юм.

Тухайн үед бид гуравтай хамт өөр хүн байгаагүй, би Довуу, Г хоёрт нэг ч удаа гар хүрээгүй, миний эрүү, хамар өвдөөд байна, бие эвгүйрхээд байна, зүүн баруун шүдний ломбо зодуулж, дэвсүүлж байхад унасан юм шиг байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 37-40х/,

 

1.28. Мөн шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн:

“...2019 оны 6 сарын 02-ны өдөр 22 цаг өнгөрч байхад би гэртээ байсан. Тэр үед Г залгаж “хаана байгаа юм уулзъя, гараад ир” гээд бид уулзахаар болсон. Энэ үед Д- ч мөн ирсэн.

Тэгээд 7 дугаар гудамжны дэлгүүр орж, Б.Г машиндаа үлдсэн. Талийгаач бид хоёр дэлгүүр орж 0.5 литрийн Хараа архи, 2.5 литрийн пиво, нэг том ундаа аваад гарч машинд сууж уусан. Гэтэл Б.Г дэлгүүр хаахаас өмнө дахин нэг архи авчих гэхээр нь талийгаач буугаад ... 0.5 литрийн Хараа архи, нэг ундаа аваад машинд суусан. Хэсэг сууж байгаад талийгаач караоке оръё гэхээр нь Б.Г машинаа асаагаад хэрэг болсон газарт очоод зогсохоор нь “караоке орох юу болсон бэ” гэж асуухад Г “лай лай, эндээ ууя” гэж хэлээд архиа уусан. Юм ярьж сууж байснаа байшин барихад тусалсангүй гээд талийгаач бид хоёрт хэлэхэд талийгаач “юм янзлаад завгүй байсан байна. Завтай байсан бол тусална шүү дээ” гэсэн.

Тэгэхэд Г “сэтгэл байвал тусална ш дээ” гээд салаавч гаргахаар нь би “чи бид хоёрын дотор орж үзсэн биш дээ” гэхэд “чи намайг шүүдэг хэн юм бэ” гээд миний хамар руу цохисон. Миний хамарнаас цус гараад доошоо тонгойход дээрээс цохиод байсан.

Тэгснээ машинаас бууж ирээд “буугаад ир, пизда минь, ална” гэхээр нь машинаас буух гэтэл өөдөөс өшиглөсөн, заамдаж аваад мөргөж чирээд байж байхад талийгаач бууж ирээд бидний дундуур орж салгасан. Тэгээд машинд ороод суухад Г, талийгаач хоёр муудалцсан. Би салгах гэхэд Г надад “чамайг бодоход шоронд ороод үзчихсэн аавын хүү шүү” гээд заамдаад тавихгүй болохоор нь талийгаач салгасан.

Би тэр хоёрыг орхиод чигээрээ гудамжаар яваад жалга руу орсон, жалганаас хутга аваад буцаж жалганаас гараад хоосон хашааны дэргэд зогсож байхад Г, талийгаач нар машинтай над дээр хүрч ирсэн. Г машинаас бууж ирээд “надтай таарах юм бол ална гэж хэлээ биз дээ” гээд намайг барьж боож маргаад байж байхад цаанаас талийгаач шээгээд зогсож байснаа “Г оо чи болиоч, наад хүн чинь ухаан алдлаа ш дээ” гэсэн. Тэгээд би ухаан алдсан, юу болсоныг мэдэхгүй.

Нэг сэрэхэд Гын аав ирчихсэн чимээгүй байж байгаад Гыг машинаа асаагаад яв гээд явуулсаныг би хараагүй, гэхдээ бүдэг бадаг сонссон. Тэгээд цагдаагийн газар дээр очсон юм.

...Би харих гэж яваад хутга жалганаас олсон, заазуур хаанаас авсанаа санахгүй байна. ...Талийгаачийг би хутгалаагүй, Г хутгалсан байх гэж бодож байна. Миний ухаан алдсан газар, сэрсэн газар өөр өөр газар байсан болохоор намайг зөөсөн байж магадгүй. Би гэрчээр мэдүүлэг өгөх үедээ согтуу байсан, тэр үед надаас мэдүүлэг авсан, би юу ярьсанаа санахгүй байна. Гарын үсэг зур гэхээр нь зурчихсан юм. Би тухайн үед нилээн согтсон байсан, зарим үйлдлээ санаад зарим үйлдлээ санахгүй байна. Миний биед учирсан гэмтлийн Г учруулсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 212-214х, 216-218х/ болон шүүгдэгч А.Бын хувийн байдалтай холбоотой урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 1-р хавтас 243х, 2-р хавтас 64х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 1-р хавтас 245х/, гэрч Д.Д /хэргийн 1-р хавтас 83х/, А.Үйтүмэн /хэргийн 84х/, М.Мөнхтуул /хэргийн 85х/, А.Бямбадаш /хэргийн 86х/ нарын мэдүүлэг, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 2-р хавтас 02х/, Цэргийн алба хаагчийн үнэмлэхийн хуулбар баримт /хэргийн 2-р хавтас 03х/, А.Бын гаргасан амжилт, бүтээлийг тодорхойлсон баримтууд /хэргийн 2-1 хавтас 04-09х/, сурагчийн хувийн хэргийн хуулбар баримт /хэргийн 2-р хавтас 10-15х/ зэрэг баримтууд,

 

Хоёр. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх үйлдэлтэй холбоотой баримтууд:

 

2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.Бын хохирогчоор өгсөн:

“...2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 25 дугаар гудамжинд Г намайг “байшин барихад тусалсангүй” гэх шалтгаанаар зодож уг гэмтлүүдийг учруулсан. Талийгаач Д- намайг огт зодож гэмтээгээгүй, миний биед гар хүрээгүй, салгах гэж зууралдсан. Г намайг ганцаараа зодож гэмтээсэн.

...2018 оны 10 билүү 11 сард би найз охин Мөнхтуулын хамт Гтой уулзаж, бид 3 Орбитод Х karaoke гэх газарт 00 цагийн үед орж суугаад пиво ууцгаасан. Тэгээд сууж байх үед би эхнэрийгээ урьд нь нэг удаа алгадаж байсан гэж ярихад Г “чи эмэгтэй хүнд гар хүрээд” гээд уурлаж намайг шат руу өшиглөөд унагаасан. Тэгээд муудалцаад баарны гадаа гарсан. Тэр үед намайг хамар руу мөргөж, мөн нүүрэн тус газарт гараараа цохисон. Энэ үед миний хамар амнаас цус гарч, хацар хавдсан байсан. Би тухайн үед цагдаад хандаж гомдол гаргаагүй. Тэр үед үүссэн хуучин гэмтэл байх. Зодуулчихаад маргааш өглөө нь “чи намайг яагаад зодож байгаа юм бэ” гэхэд “би согтуу байсан учраас юу ч санахгүй байна” гэж хэлж байсан. Тиймээс би цагдаад хандаагүй. ...Өөрөөр би хүнд зодуулж гэмтэж бэртэж байгаагүй. Аваар осолд орж байгаагүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 55-57х/,

 

2.2. Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 33-36х, 2-р хавтас 62х/,

 

2.3. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 6968 дугаартай:

1. А.Бын биед хүзүү, зүүн чих, зүүн чамархай, баруун нүдний дотор булан доод зовхи, хоёр сарвуу, баруун гуя, хоёр өвдөгт зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Цус нь АВО системээр О/I/ бүлгийн харъяалалтай байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 104х/,

 

2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч эмч Ш.Цэцэгмааг байцаасан тэмдэглэлд:

“...А.Бын биед үзлэг хийж, дүгнэлт гаргасан. Хамрын яс хэлбэр алдагдсан хуучин хугаралтай, хамрын таславч мурий, баруун нүдний ухархайн дотор хана хуучин хугаралтай байна. Энэ хуучин гэмтлүүд нь 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс өмнө үүссэн хуучин гэмтлүүд байна. Дээрх хуучин гэмтлүүд нь 9 хоногийн дотор бороолох боломжгүй.

“Лазер мед” эмнэлгийн КТГ-д хоёр талын хацар ясны нум хуучин хугаралтай гэснийг давтан уншуулахад хуучин хугарал гэмтэл тогтоогдоогүй. А.Бын биед учирсан хамрын яс хэлбэр алдагдсан хуучин хугаралт, хамрын таславч мурий, баруун нүдний ухархайн дотор хана хуучин хугаралтай гэсэн гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. А.Бын биед учирсан шинэ, хуучин гэмтлүүд нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 105-106х/,

 

2.5. Хохирогч А.Баас хохирол, төлбөр нэхэмжлэхтэй холбоотой шүүх хуралдаанд гаргасан баримтууд /хэргийн 2-р хавтас 147-148х/,

 

2.6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Гын яллагдагчаар өгсөн:

“...2019 оны 6 дугаар сарын 02-ын өдрөөс 03-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 25 дугаар гудамжинд согтуугаар А.Бтай “барилгын ажилд тусалсангүй” гэж маргалдан түүний нүүр, гар, хөлөн тус газар цохиж, зодон эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллагдагчаар татсан тухай прокурорын тогтоолтой уншиж танилцлаа.

Надад сонгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би тухайн үед архи уугаагүй, пивоноос хоёр аягыг уусан боловч эрүүл байсан. Маргааш нь би цагдаагийн авто баазад ажилд орох материал бүрдүүлж өгөх ажилтай байсан болохоор архи ууж болохгүй гэж бодоод архи уугаагүй юм.

“Архи уухгүй” гээд өгсөн архитай аягыг нь буцаагаад байсан чинь Б намайг “авгай дээрээ очоод ирэхээрээ ийм онгон зантай болчих юм” гээд үгээр идээд, өөрөө надад өгөх архийг уугаад байсан юм. Тэгээд бүүр үгээр идээд байж суулгахгүй болохоор нь хацар руу нь алгадчихсан чинь хамарнаас нь цус гарсан.

Би 2019 оны 6 дугаар сарын 02-ны орой 20 цаг өнгөрч байх үед Сэлэнгэ аймгаас Цагдаагийн автобаазад ажилд орох материалаа бүрдүүлж өгөх гэж аавындаа ирсэн юм. Орой 22 цагийн үед эгчийнхээ хүүхдийн хамт МИАТ-ын ТҮЦ машинаас хурууны хээгээр өөрийнхөө лавлагаануудыг аваад эргээд харьж явах замдаа Д- руу утсаар яриад “Буянт-Ухаагийн 11 дүгээр гудамжны үзүүр дээр байна” гэж хэлэхэд Д- гарч ирсэн.

Дараа нь би Б руу утсаар залгаад хаана байгааг нь асуухад “Буянт-Ухаагийн 14 дүгээр гудамжны худаг дээр байна” гэхээр нь “Буянт-Ухаагийн 11 дүгээр гудамжны үзүүр дээр хүрээд ирэх үү” гэхэд “одоо очлоо” гэж хэлсэн. Удалгүй Б бид хоёр дээр хүрч ирээд, гудамжны үзүүр дээр гурвуулаа юм ярьж зогсож байгаад би “шоорт өмсчихсөн байсан болохоор даараад байна, харьлаа” гээд Д-ийг машиндаа суулгаад явах гэтэл Д- Быг дуудаад машинд суулгачихсан. Би Д-ид хандаж “яах гэж байгаа юм” гэхэд “зүгээр зүгээр, яах ч үгүй” гэж хэлээд гэр рүү явсан.

Гэрийн үүдэнд очоод хашаа руу орох гэтэл Д- “ганц шил архи ууя” гэхээр нь “үгүй, би архи уухгүй, маргааш өглөө ажилтай” гэхэд тэр 2 хоёулаа “хэзээ ийм болчихсон юм” гээд байсан. Би “маргааш өглөө ажил төрөл хөөцөлдөнө, цагдаатай уулзана” гэж тайлбарлахад Д- “тэгвэл бид 2 машинд чинь ганц шил пиво хуваагаад уучихъя” гэхээр нь би зөвшөөрөөд, дүүг буулгаж гэрт оруулаад, хувцасаа солилгүй шууд Буянт-Ухаагийн 7 дугаар гудамжны дэлгүүрийн гадна очиход “намайг пиво уух уу, цагаан юм уух уу” гэхээр нь “би архи уухгүй” гэхэд тэр 2 буугаад дэлгүүр рүү орсон.

Дэлгүүрээс нэг шил 0.5 литрийн Хараа архи, нэг том ундаатай авч гарч ирээд тэр гудамжиндаа машин дотор уусан юм. Тэр хоёрыг архи ууж байх хооронд би эхнэртэйгээ утсаар ярьсан. Тэгтэл манай эхнэр намайг “архи ууж болохгүй, харь” гэхээр нь тэр хоёрын ууж байсан архийг харахад талдаа орж байсан болохоор “архи нь дуусах гэж байна, дуусахаар нь харьлаа” гэж эхнэртээ хэлэхэд Б “эхнэр дээрээ очоод ирэхээрээ онгон зантай болчихоод ирэх юм” гэж намайг үгээр идэж байгаад өөрөө уучихсан.

Тэгээд архи нь дуусаагүй байхад тэр 2 бууж дахин дэлгүүр орох гээд явахаар нь араас нь дуудаад “архи дуусаагүй байхад яах гээд байгаа юм” гэхэд “дахин ганц шил архи авах гэсэн юм” гэж тэр хоёр хэлсэн. Тэгэхээр нь “архи авах гэж байгаа мөнгөөрөө бензин хийгээд өгчих” гэхэд “бензин хийх мөнгө байхгүй, архи уух мөнгө байна” гэж Д- хэлсэн. Тэгээд дэлгүүр орж нэг шил 0.5 литрийн Хараа архи 2.5 литрийн савалгаатай Боргио пиво, нэг том савтай ундаа авч гарч ирсэн. Би “та хоёр наадах архиа барахгүй шүү дээ” гэхэд “зүгээрээ, ууна” гэж хэлсэн.

Тэгээд машин дотор чанга чанга яриад, айлын хүн гарч ирээд хараад байхаар нь “хүн хараад байна, чимээгүй бай” гэхэд “тэгвэл нөгөө очоод зогсдог газартаа очоод зогс л доо” гэхээр нь Буянт-Ухаагийн 25 дугаар гудамжны зүүн талын эзэнгүй уул руу явж зогссон. Тэр газарт очоод Б нь “архи уухгүй, пиво ууна” гээд пиво уугаад байсан Д- пиво, архинаас нь холиод уусан. Б дахин надад архи өгөхөөр нь “уухгүй” гээд буцаагаад өгсөн чинь үгээр идэж байгаад өөрөө уусан. Тэгээд би машинаас бие засахаар буухад Б хойноос бууж ирээд “хоёулаа үзчихье, пизда минь” гэхэд би өөрөөсөө холдуулаад түлхтэл Д- бууж ирээд “зүгээр бай л даа, суу” гээд машинд суулгах гэхэд Б суухгүй байсан.

Тэгснээ хоёулаа доошоо гүйгээд төмөр хашааны онгорхой хэсгээр ороод Буянт-Ухаагийн 25 дугаар гудамжны урдуур гараад явж байсан. Тэгэхээр нь би хойноос нь явган очоод “гэрт чинь хүргээд өгье” гэхэд “зүгээр тавь” гээд цаашаа яваад өгсөн. Тэгэхээр нь би хаячихаад машин дээр хүрээд ирэхэд араас Д- Быг дагуулаад хүрээд ирсэн. Би “чам шиг найз надад хэрэггүй, чи яв” гэхэд яваад өгсөн ба удалгүй миний утас руу залгаад “мань чинь ганц шил юм зохицуулчихаад ирье, чи байж бай” гэхээр нь “би архи уухгүй, явлаа” гэж хэлээд машинаа асаах гээд оролдож байтал машины гэрэлд хутга, заазуур барьчихсан хүрээд ирсэн. Тэгэхээр нь хаалгаа дотроосоо цоожлоод, машинаа асааж хөдөлтөл жолоочийн талын хаалга руу өшиглөөд хутга, заазууртай гараараа машины цонх руу цохиод байсан.

Би машинаа асаагаад Б зүүн талд зогсож байсан болохоор түүнээс холдох санаатай баруун тийш эргэж төмөр хашааны завсраар гараад зам руу орох үед урдаас том чулуу шидээд машины урд талын копуд оносон. Тэр үед Д- “овоо пизда вэ” гээд буугаад төмөр хашааны хажууд зодолдсон. Би буугаад салгах гэтэл жолоочийн талын хаалга онгойхгүй байсан, нөгөө талын хаалгаар буух гэтэл цоож нь гацсан байсан. Тэгэхээр нь цонхоороо буугаад очоод тэр хоёрыг салгатал Д- над руу налаад унасан. Унахдаа “намайг хутгалчихлаа ш дээ” гэхээр нь газар хэвтүүлээд эргээд хартал Б миний хойноос хутга далайчихсан зогсож байхаар нь би түүнийг барьж ноцолдож байгаад хутгыг нь булааж аваад хашаа давуулаад шидсэн.

Тэгтэл намайг “одоо тавьж бай, би чамайг балиусаар шаана” гэхээр нь цамцных нь захаар хоолойг нь боосон. Тэгээд машин руугаа явах гэтэл хөлтэй зууралдаад тавихгүй байхаар нь ноцолдож байгаад өргөж чирээд машин руугаа дөхөж очоод гар утсаа аваад эгч Энхтуяа руу залгаж хэлсэн. Тэгэхэд удалгүй ээж аав 2 ирээд цагдаа дуудсан ба би айсандаа машинаа гэрийн хашаанд аваачиж байрлуулж тавьчихаад, гудамжинд байж байсан. Жаахан тайвшраад аавтай утсаар яриад байгаа гудамжаа хэлэхэд аавтай цуг 2 энгийн хувцастай цагдаа нар ирээд намайг цагдаагийн хэлтэс дээр авчирсан юм.

Д- бид 2 хамар хашаанд өссөн багын найзууд юм. Быг 10 жилд байхад танилцаад найзалж эхэлсэн юм. Бидний хооронд өш хонзонгийн асуудал байхгүй.

Б тухайн үед яваад нэг их удаагүй хутга, заазуур барьчихсан хүрээд ирсэн. Би тэр үед машинаа асааж амжаагүй байсан. Б нь боолгож ухаан алдсан газар гэж хэргийн газраас баруун тийш 200 метр орчим зайд гэж мэдүүлсэн. Би Быг зодох гэж хойноос нь машинтай эрж хайж яваагүй, архи уухаар очсон газраас машинаа хөдөлгөөгүй. Б бид нартай маргалдаад чигээрээ баруун тийш гудамж руу явж байгаа харагдсан. Хаанаас хутга, заазуур авсныг нь мэдэхгүй байна. Бын явж байсан гудамжинд түүний таньдаг айл байсан эсэхийг сайн мэдэхгүй. Би тухайн үед маш их айж сандарсан байсан учраас цагдаа, түргэн тусламж дуудаж чадаагүй. Цагдаа иртэл тайвшраад гайгүй болчихоод өөрөө яваад очно гэж бодож байсан юм. ...Би эгч рүү залгаад “Аавыг явуулчих. Ч, Д-г хутгалчихлаа, цагдаа дуудаж, яаралтай эмнэлэг авч явах шаардлагатай байна” гэхэд Б талийгаачийн хажууд хөдөлгөөнгүй болоод хэвтээд өгсөн.

Д-, Б нар миний машинаас 4-5м орчим зайд маргалдаж байсан. Б нь хамраас нь цус гарчихсан миний машин дээр ирээд өшиглөж цохиж байхдаа цусаар бохирдуулсан, төмөр хашаанд арчигдсан цус тэдний зодолдож маргалдаж байсан үед хашаа налах дуу чимээ гарч байсныг бодвол Бын цус байж магадгүй гэж таамаглаж байна. Тухайн хэрэг гарсан орой тас харанхуй байсан. Гудамжны гэрлүүд асаалттай байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 224-226х/ болон шүүгдэгч Б.Гын хувийн байдалтай холбоотой урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 2-р хавтас 16х/, Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 2-р хавтас 17х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 2-р хавтас 19х, 22х/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.     

                            

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий шинжээч гаргасан байх тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, дүгнэн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч А.Б, Б.Г нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.  

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч А.Б нь 2019 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаагийн 25 дугаар гудамжинд архидан согтуурч, улмаар М.Д-ийг хутгалж санаатайгаар алсан үйл баримт шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн, хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн:

- хэрэг учрал болсон гэх Хан-Уул дүүргийн 16-р хороо, Буянт-Ухаа 25-р гудамжинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 10-11х, 12-18х/,

- цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 19-22х/,

- хэргийн газрын үзлэгээр хураан авсан хар өнгийн саравчтай малгай 1 ширхэг, ахуйн хэрэглээний заазуур 1 ширхэг, 2 литрийн багтаамжтай боргио пивоны хуванцар сав 1 ширхэг, “ЛД” нэршилтэй тамхины хайрцаг 1 ширхэг, хуванцар иштэй, жижиг төмөр хутга 1 ширхэг, 0.5 литрийн “Хараа” нэртэй архины шил 1 ширхэг зэргийг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тухай мөрдөгчийн тогтоол /хэргийн 1-р хавтас 45х/,

- Б.Гын гэрчээр өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 27-32х/,

- мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мгийн өгсөн:

“...2019 оны 6 сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө хүү маань Хан-Уул дүүрэг, Буянт-Ухаагийн 25 дугаар гудамжинд бусдад хутгалуулж нас барсан. Тухайн үед хүүтэй маань хамт Г, Б гэх хоёр хүүхэд архи ууж байсан гэсэн. Тэгээд юунаас болоод, хэн нь хүүг минь хутгалж амь насыг нь хохироосныг би мэдэхгүй байна.

Хүүг маань нас барсан талаар 2019 оны 6 сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Гын ээж У гэх хүн манай эхнэр рүү залгаж хэлсэний дагуу бид хэрэг болсон гэх газарт очиход хүү маань нас барсан байдалтай, газар шороон дээр дээш хараад хэвтэж байсан. Хажууд нь Б мөн дээшээ хараад ухаангүй хэвтэж байсан, Г хэлбэртэй.

Хүү маань бол нас барсан, харин Б амьсгалж байсан, гэхдээ ухаангүй байсан юм. Гын аав нь “та нар хүрч болохгүй ээ” гэж хэлээд надад хүүхдийн минь цамцыг сөхөж харуулахад манай хүүхэд зүрхэн тус газартаа хутгалуулсан шархтай байсан.

Эхнэр бид хоёрыг очиход уг газарт манай хүү, Б хоёр хэвтэж байсан, харин Г байгаагүй, түүний аав, ээж нь байсан. Г “яасан бэ” гэхэд “машинаа аваад явчихлаа” гэж хэлсэн.

...Хэргийн газар дээр очиход харанхуй байсан ба талийгаачийн цогцсыг болон Бясабжанчивыг зөөсөн чирсэн байж болох ул мөр мэдэгдээгүй, тэр даруйдаа цагдаатай цуг тэр гудамжинд камер байгаа эсэхийг шалгаж үзэхэд ямар нэгэн хяналтын камер байгаагүй.

Хэрэг гарахаас өмнө би 23 цаг өнгөрч байхад эхнэртэйгээ хамт Буянт-Ухаагийн 1 дүгээр гудамжны дэлгүүр орох гээд явж байгаад Г болон өөрийн хүү Д- нартай таарсан. Гын машинтай явж байсан юм, эрүүл согтууг нь мэдээгүй. Манай хүү гэрээсээ гараад удаагүй байсан болохоор эрүүл байсан гэдгийг нь мэдэж байна. Машинд нь өөр хүн байсан үгүйг би анзаарч хараагүй. Тэгээд тэр хоёрыг “одоо харь” гэж хэлээд явсан.

...Би шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Би хүүгээ алдсандаа гомдолтой байна. Хохирлын хувьд:

1. Талийгаачийн хойтын буянд уншуулсан номын зардал 1.200.000 төгрөг,

2. Шарилын хайрцаг, хөшөө 1.000.000 төгрөг,

3. Яс барьсан хүнд 250.000 төгрөг,

4. Хойтын буянд даатгаж лам нарт өргөсөн өргөлд 1.000.000 төгрөг,

5. Бурхад бүтээлгэсэн зардал 200.000 төгрөг,

6. 47 лам гэртээ авчирч лүүжин тавиулсан 400.000 төгрөг,

7. Ном уншсан ламд өргөсөн өргөл 500.000 төгрөг,

8. Талийгаачийг өнгөрснөөс хойш 3 дахь өдөр нь гэртээ ном уншуулсан 600.000 төгрөг,

9. Бусад уншуулсан номонд 800.000 төгрөг,

10. Ахуйн хэрэгцээнд баримтаар баталгаажсан 4.205.587 төгрөг,

11. Зарлагын падаангүй 3.0 сая төгрөг,

12. Үйлчилгээний машины зардал 800,000 төгрөг болсон. Нийт 13.955.587 төгрөгийн зардал гарсан. Үүнээс хойш ч зардал гарсан, гэхдээ бидний зүгээс 14.0 сая төгрөг нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 44х, 48-49х, 51х, 52-53х/, 

- цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 1265 дугаартай:

1. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош:

1/. Цээжний зүүн урд, дээд хэсэгт 3, 4 дүгээр хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтэрч, үнхэлцэг хальс, зүрхний баруун ховдлын урд хана, уушгины артерийг гэмтээсэн хатгагдсан шарх.

2/. Цээжний зүүн хөндий дэх хурц цус алдалт /2200 мл/, цус алдалтын шок.

Дүгнэлт:

1. Талийгаач М.Д-ийн цогцост цээжний зүүн урд дээд хэсэгт 3, 4 дүгээр хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтэрч, үнхэлцэг хальс, зүрхний баруун ховдлын урд хана, уушгины артерийг гэмтээсэн хатгагдсан шарх, цээжний зүүн хөндий дэх хурц цус алдалт /2200 мл/, цус алдалтын шок гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хурц, ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

2. 3. Талийгаач нь цээжний зүүн урд дээд хэсэгт 3, 4 дүгээр хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтэрч, үнхэлцэг хальс, зүрхний баруун ховдлын урд хана, уушгины артерийг гэмтээсэн хатгагдсан шарх, цээжний зүүн хөндий дэх хурц цус алдалт /2200 мл/, цус алдалтын шокын улмаас нас баржээ.

4. Талийгаачид үхэлд хүргэсэн архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

5. Шүүх биологийн шинжилгээгээр А II бүлгийн цустай байна.

6. Шүүх химийн шинжилгээгээр цусанд 1.4%, шээсэнд 6.9%, ходоодны шингэнд 1.8% спитрийн агууламж илэрсэн байна.

7. Талийгаач нь 2019 оны 6 сарын 03-ны өдрийн 15 цаг 45 минутын байдлаар нас бараад 13-15 цаг орчим болсон байна.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 96-97х/,

- ШШҮХ-ийн криминалистикийн шинжилгээний газрын мөр судлалын лабораторийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 3211 дугаартай:

1. Шинжилгээнд ирүүлсэн хар хүрмэнд 35х16х25мм, 21мм, 10мм, улаан хүрэн майканд 18мм хэмжээтэй хурц иртэй зүйлийн үйлчлэлээр шинэ зүсэгдэлтүүд гарсан байна. Дээрх хүрмэнд гарсан 21мм, улаан хүрэн майканд гарсан 18мм хэмжээтэй зүсэгдэлтүүд нэг удаагийн үйлчлэлээр гарсан байж болно. Бусад зүсэгдэлтүүд нэг удаагийн үйлчлэлээр гарсан байна.

2. Хар хүрмэнд 30мм хэмжээтэй татаж чангаах хүчний үйлчлэлээр хуучин урагдалт гарсан байна. Дээрх урагдалтыг хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 123-125х/,

- ШШҮХ-ийн криминалистикийн шинжилгээний газрын мөр судлалын лабораторийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 3053 дугаартай:

1. Хар өнгийн өмдөнд гогодолт, улаан, цагаан өнгийн цамцанд урагдалт үүссэн. Бусад хувцас гэмтэлгүй байна. 

2. Хар өнгийн өмдөнд гогодолт, улаан, цагаан өнгийн цамцанд урагдалтууд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн байна. Материалын суналтаас шалтгаалан хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй.

3. Хар өнгийн өмдөнд гогодолт, улаан, цагаан өнгийн цамцанд урагдалтууд нь шинээр гарсан байна.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 130-131х/,

- ШШҮХ-ийн Тусгай шинжилгээний Газрын биологийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 3343 дугаартай:

1. А.Бын хэрэг гарсан үед өмсөж явсан гэх улаан алаг өнгийн цамц, бараан өнгийн жинсэн өмд, цэнхэр өнгийн майк, саарал өнгийн пүүзэн дээр цус илэрсэн. 

2. А.Бын гэх улаан алаг цамц, жинсэн өмд, майк, пүүзэн дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо нэг эрэгтэй хүний цус байна.” гэсэн дүгнэлт, хавсралт хүснэгтийн хамт /хэргийн 1-р хавтас 139-140х/,

- ШШҮХ-ийн Тусгай шинжилгээний Газрын биологийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 3345 дугаартай:

1. Шинжилгээнд ирүүлсэн хутган дээр цус илэрсэн, архины шилэн дээр цус илрээгүй.  

2. Шинжилгээнд ирүүлсэн хутган дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо нэг эрэгтэй хүний цус байна.” гэсэн дүгнэлт, хавсралт хүснэгтийн хамт /хэргийн 1-р хавтас 146-147х/, 

- ШШҮХ-ийн Тусгай шинжилгээний Газрын биологийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 3346 дугаартай:

1. Шинжилгээнд ирүүлсэн заазуур, малгай, №1 төмөр хашаан дээрээс бэхжүүлэн авсан гэх дээж, №2 3811 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос бэхжүүлэн авсан гэх дээж дээр цус илэрсэн, хуванцар сав, тамхины хайрцаг дээр цус илрээгүй.  

2. Шинжилгээнд ирүүлсэн заазуур, малгай, №1 төмөр хашаан дээрээс бэхжүүлэн авсан гэх дээж, №2 3811 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос бэхжүүлэн авсан гэх дээж дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо нэг эрэгтэй хүний цус байна.

3. Эдгээрээс илэрсэн эрэгтэй хүний цус нь ДНХ-ийн тогтоцоороо 3345 дугаартай шинжилгээгээр тогтоосон хутган дээр илэрсэн цус, 3343 дугаартай шинжилгээгээр тогтоосон А.Бын хувцаснууд дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.” гэсэн дүгнэлт, хавсралт хүснэгтийн хамт /хэргийн 1-р хавтас 153-154х/, 

- ШШҮХ-ийн Тусгай шинжилгээний Газрын биологийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 3503 дугаартай:

1. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн савхин куртик, улаан хүрэн өнгийн майк, саарал өнгийн бэлтгэлийн өмд зэрэгт цус илэрч байна. Хар өнгийн бэлтгэлийн өмд дээр цус илрээгүй.

2. Дээрх хувцаснууд дээр илэрсэн цус нь нэг эрэгтэй хүний цус байна. Уг цус нь М.Д-ийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.” гэсэн дүгнэлт, хавсралт хүснэгтийн хамт /хэргийн 1-р хавтас 157-158х/, 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 05/253 дугаартай актын:

1. М.Д-, Б.Г, А.Б нарын гарын хээний дардсууд харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн М.Д-, Б.Г, А.Б нарын гарын хээний дардсууд Папилон санд бүртгэлтэй эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн гарын мөрүүдтэй тохирохгүй байна.

3. Шинжилгээнд ирүүлсэн №3, 4, 5 дугаартай гарын мөрүүд шинжилгээнд тэнцэнэ. №1, 2 дугаартай гарын мөр шинжилгээнд тэнцэхгүй.

4. Шинжилгээнд ирүүлсэн №3, 5 дугаартай гарын мөр нь санд MN000120006430 дугаараар бүртгэгдсэн Б-ын Г-ын баруун гарын эрхий, зүүн долоовор хуруунуудын дардастай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байна.

5. Шинжилгээнд ирүүлсэн №4 дугаартай гарын мөр нь санд бүртгэгдсэн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн гарын мөрүүдтэй тохирохгүй байна.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 168-173х/,

- ШШҮХ-ийн Тусгай шинжилгээний Газрын биологийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 4189 дугаартай:

1. Биологийн шинжилгээний 3799 дугаартай М.Д-ийн гэх бэхжүүлэн хатаасан цус нь ДНХ-ийн тогтоцоороо 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 3503 дугаартай дүгнэлтээр тогтоосон хар өнгийн савхин куртик, улаан хүрэн өнгийн майк, саарал өнгийн бэлтгэлийн өмд дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.

2. Биологийн шинжилгээний 3870 дугаартай А.Бын гэх бэхжүүлэн хатаасан цус нь ДНХ-ийн тогтоцоороо 2019 оны 7 сарын 02-ны өдрийн 3343 дугаартай дүгнэлтээр тогтоосон А.Бын гэх хувцаснууд дээр илэрсэн цус, 3345 дугаартай шинжилгээгээр тогтоосон заазуур, малгай, №1 төмөр хашаан дээрээс бэхжүүлэн авсан гэх дээж, №2 38-11 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос бэхжүүлэн авсан гэх дээж дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.” гэсэн дүгнэлт, хавсралт хүснэгтийн хамт /хэргийн 1-р хавтас 187-188х/,

- гэрч, иргэний нэхэмжлэгч Т.Б-ын: “...бид унтаж байхад яг хэдэн цагт гэдгийг нь санахгүй байна, хөдөөнөөс ирсэн охин Энхтуяа намайг сэрээгээд “сая Г ярьлаа, Довыг Ч хутгалчихлаа, аавыг хурдан явуулаач гэж байна” гэхээр нь би босоод Буянт-Ухаа 25 дугаар гудамжны зүүн үзүүрт төмөр цэнхэр хашааны хажууд эхнэрийн хамт очиход Д- хашааны хажууд газар дээр дээшээ хараад хэвтэж байсан. Харин Ч нь Д-той толгойгоо нийлүүлчихсэн, дээшээ хараад хэвтэж байсан.

Г болохоор Д-г чангаагаад Д- гээд орилоод сууж байсан. Тэгэхээр нь би хүүгээс “цагдаа дуудсан уу” гэж асуухад хариулахгүй байхаар нь би шууд түргэн тусламж болон цагдаад дуудсан. Удалгүй цагдаа нар ирээд, араас нь түргэний машин ирсэн. Цагдаа нарыг ирэхээс өмнө манай эхнэр Д-гийн ээж рүү залгасан байсан ба түүний аав, ээж нь цагдаа нараас өмнө ирсэн юм.

Мөн нэмж хэлэхэд түргэн дуудахад эмч надаас “хаана нь ямар шарх байна вэ” гэж асуухаар нь би Д-гийн дээгүүрх хувцасыг сөхөж үзэхэд Д-гийн цээжний зүүн хэсэгт хутгалуулсан шарх байсан юм.

...Тухайн үед би нилээн сандарсан байсан, тэр хооронд нэг сэхээ аваад харахад Г байхгүй байхаар нь утсаар ярихад “гэртээ ирсэн байна” гэсэн. Тэгээд би цагдаа дагуулаад гэртээ очиход машинаа хашаанд оруулчихаад өөрөө байхгүй байсан.

Тэгээд хэргийн газар дээр буцаж очиход хэргийн газрын үзлэг дуусаад, талийгаачийг шүүх эмнэлэг рүү аваад явсан юм. Тэгээд цагдаа нар буцаж манай гэрт очоод Гын машиныг ачуулж аваад явсан.

Мөн манай эхнэр, охин нарыг цагдаагийн хэлтэс рүү аваад явсан. Би нэг цагдаатай цуг Гыг хайгаад гэрийн ойр орчмын гудамжаар явахад олдохгүй байсан ба өглөө гэгээ орж байх үед утас дуугарахаар нь авахад Г байхаар нь цагдаатай цуг 7 дугаар гудамжнаас очиж аваад цагдаагийн хэлтэс рүү авчирсан юм.

...Гын машины зөв талын буюу жолоочийн сууж байгаа талын хаалга онгойхгүй байсан, цагдаа нар ч онгойлгож чадахгүй байсан. Тухайн хэрэг болсон газар нь манай гэрээс 300-400 метр орчимын зайтай юм. Г эрүүл байсан, маргааш өглөө нь ажилд орох шалгалт өгөх гээд Сэлэнгэ аймагт байхад нь дуудаж ирүүлсэн байсан юм. ...Хэргийн газарт очиход Б, Д нарын хэн хэн нь хөдөлгөөнгүй хэвтэж байсан, ямар нэгэн үйлдэл хөдөлгөөн хийхгүй байсан. Г гэрээсээ хутга, заазуур авч гараагүй. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 43х, 59-60х, 71х/,

- Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 1215 дугаартай:

“...уг машины зүүн урд хаалга зурагдаж хонхойсон эвдрэлийг ...зах зээлийн жишиг үнийн болон өртгийн хандлагын харьцуулалтын аргаар үнэлэхэд нийт 152.000 /нэг зуун тавин хоёр мянга/ төгрөг” гэж тогтоосон иргэний нэхэмжлэгч Т.Б-ын эзэмшлийн автомашины эвдрэл гэмтлийг үнэлсэн үнэлгээний тайлан дүгнэлт /хэргийн 1-р хавтас 64х/,

- гэрч Б.Э-гийн: “...Миний ...төрсөн дүү Г нь 2019 оны 6 сарын 02-ны өдрийн 21 цагийн орчимд Улаанбаатар хотод ажил хийхээр ирсэн юм. Дүүг ирэх үед би дэлгүүр явсан байсан бөгөөд дэлгүүрээс гэрт орж ирэхэд Г ирсэн байсан. Ингээд Г гэрт хоол цай идчихээд “МИАТ орж паспортын зурагтай лавлагаа авна” гээд 22 цагийн орчим манай 7 настай дүү Етэй гараад явсан. Удалгүй Е гаднаас ганцаараа ороод ирэхээр нь “ах нь яасан бэ” гэхэд “хойноос чинь орно” гэж хэлсэн гэсэн боловч орж ирээгүй. ...шөнө 01 цаг 14 минутад миний 99622761 дугаарын утас руу Г 99789415 дугаарын утаснаас залгаж, нилээн сандарсан байдалтай “аавтай яръя, аавыг дууд” гэхээр нь би уурлаад “яах гээд байгаа юм, аав унтаж байна” гэхэд “Ч Д-г хутгалчихлаа” гэсэн. Би “юу гэнээ” гэхэд “би сахал Мөнхөө ахын урд байна” гэхэд аав, ээж хоёр шууд хувцасаа өмсөөд гэрээс гарсан. Удалгүй Г дахин залгаад “аав наашаа гарсан уу” гэхээр нь “гараад явчихсан, цагдаа, түргэн тусламж дуудсан юм уу” гэхэд ямар нэгэн хариу хэлэлгүй “Д-, Д-” гээд уйлж байгаад утсаа салгасан.

Ийм байдлаар утсаар ярьсанаас хойш 2-3 минутын дараа машин өндөр хаазтай хашаанд орж ирээд хоёр гэрийн хооронд тавж байгаа бололтой зогссон. Гэхдээ Г гэрт орж ирээгүй явчихсан. Тэгээд аав, цагдаа нартай гэрт орж ирээд Гыг хайгаад байсан. ...Г гэрээс гарахад эрүүл байсан, түүнээс хойш нүүр тулж уулзаагүй. Яагаад машиныг гэрийн голд тавьсаныг нь мэдэхгүй байна. Гэхдээ хоёр гэрийн дундуур оруулж тавьдаг л даа. Тухайн өдөр Г нь хар өнгийн шоорт, малгайгүй хар өнгийн цамц, саарал өнгийн пүүзтэй явж байгаа.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 41-42х/,

- гэрч Б.Ж-ын: “...2019 оны 6 дугаар сарын 02-ны өдөр манай хүү М.Д- ах нартайгаа том машин янзалж байгаад, ажлаасаа бууж гэртээ орж ирсэн. Цай хоолоо идэж уугаад, дүү нартайгаа тоглож, унтаж амрахаар ор дэрээ засчихаад “дэлгүүр тамхинд яваад ирье” гээд орой 22 цаг 45 минутын үед гарсан. ...Шөнө унтаж байтал 01 цаг 25 минутын үед манай зүүн талын айлын У миний утас руу залгаад “гараад ир хөгшөөн, сахал Мөнхөөгийн үүдэнд хүрээд ир, Мөнхөөд хэлээд яах юм бэ, даралт нь ихсэнэ, өөрөө хүрээд ир” гэхээр нь гарах гээд босоход нөхөр утасны дуугарах чимээгээр сэрчихсэн байсан болохоор “цуг явъя” гээд машинтай цуг хэрэг болсон газар дээр нь очиход манай хүү газарт дээшээ харчихсан хэвтэж байсан.

У нөхөртэйгээ байсан ба намайг ойртуулаагүй, манай нөхөр, хүү дээр очоод футболкыг нь сөхөж үзээд “зүрхэн тус газарт нь нэг удаа хутгалчихсан байна, хүү нас барсан байна” гэж хэлсэн. Удалгүй түргэн тусламж, цагдаа нар ирээд шалгалт хийгээд, дараа нь шүүх эмнэлгийн машин ирээд манай хүүгийн цогцсыг аваад явсан.

Хэргийн газарт очиход У нөхөр Б-ын хамт байсан бөгөөд тэр хоёроос “та нар энэ хэргийн талаар яаж мэдсэн юм бэ” гэхэд “Г хэлсэн юм” гэсэн. Г нь тэдний хүүхэд юм. Аав, ээжийг нь очиход Г манай хүүхдийг тэврээд “хутгалуулчихлаа ш дээ, алаад хаячихлаа ш дээ” гээд уйлж байсан гэсэн. Нөхөр бид хоёрыг очиход Г хэргийн газар дээр байхгүй байсан. ...Би маш их гомдолтой байна. Хайран сайхан хүүг минь хөнөөсөн буруутай этгээдийг олж тогтоож өгнө үү.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 72-73х, 74х, 76х/,  

- гэрч Д.Ө-ын: “...Мөнхөөгийн Д- нь манай төрсөн ах Мөнхөөгийн 3 дахь хүү юм. ...2019 оны 6 дугаар сарын 02-ны өдөр бид хоёр хөдөө гарах гэж байсан боловч нэг том машин маань эвдэрсэн учраас янзалж байгаад гарахаас өөр аргагүй болсон. Тэгээд хоёулаа машинаа янзалж байгаад 22 цаг өнгөрч байхад ажлаа дуусгаад салсан.

Тэгтэл шөнө 01 цаг өнгөрч байхад ах над руу залгаад “дүү чинь хүнд хутгалуулсан байна, амьд үгүйг нь мэдэхгүй байна” гэж ярьсан. Би хэрэг гарсан газарт нь шууд яваад очсон. Тэгэхэд урагшаа харсан, нөгөө залуу нь зүүн тийш харсан байдалтай хэвтэж байсан. Эмчээс нь асуухад амьсгаатай байсан. Хэрэг гарсан талаар яаж мэдсэн юм бэ гэж ах, эгч хоёроос асуухад “хамт байсан Г гэх залуу нь гэрийнхэндээ хэлээд, тэд нар нь ах эгч хоёрт хэлсэн” гэсэн. Хэргийн газраас хоёр хутга олдсон гэсэн. Дүүг маань хэн ямар зорилгоор, яагаад амь насыг нь хөнөөсөн бэ, нэг хүн хөнөөсөн үү, олон хүн хөнөөсөн үү гэдэг нь эргэлзээтэй байгаа. Үнэн зөвийг олж тогтоож өгнө үү.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 81х/,

- гэрч Э.У-ын: “...Би А.Бтай багын найзууд юм. Гыг сайн мэднэ, гэхдээ тийм ойр дотно биш, таарахаараа мэндтэй явдаг. Харин М.Д-ийг зүс мэднэ. 2019 оны 6 дугаар сарын 02-ны орой 22-23 цагийн орчимд Б над руу утсаар залгаад “худган дээр гараад ир” гэхээр нь Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаагийн 14 дүгээр гудамжинд байдаг дээр худаг дээр яваад очиход Б нь Б гэх найзын хамт жаахан архи үнэртүүлсэн байдалтай байсан. Бид тамхи татаж, хэсэг юм ярьж байгаад “гэртээ харьцгаая” гэж байтал Б руу Г залгасан.

Би “хэн залгаад байгаа юм” гэхэд “хэн ч биш” гээд нуугаад байсан. Дахин утас нь дуугарахаар “хэн юм бэ” гээд шалгаахад өөдөөс Г машинтай гарч ирсэн. Би Гтой мэндэлчихээд, гэр лүүгээ орсон ба намайг гэр рүү орж байхад талийгаач Д- гэрээсээ гарч ирж байсан. Тэгээд Гын машинд Г, Б, Д- нар суугаад яваад өгсөн. ...Шууд машинд нь суугаад явчихсан. Б, Г нар хоорондоо хэрэлдэж маргалдаагүй. Би тэр орой нилээн орой болтол фэйсбүүкт байж байгаад шөнө дунд унтсан. Б манайд орж ирээгүй.

Б манайхаас ямар нэгэн хутга, заазуур аваагүй. Б нь архи уусан үедээ агсам согтуу тавиад байдаггүй, ер нь бол тийм аймаар ч архи уугаад байдаггүй юм. Манай найз Б бид 2 тэд нартай тийм сайн найзууд биш учраас цуг яваагүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 87х/, 

- гэрч Н.Б-гийн:  “...Би 2019 оны 6 сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 9, 10, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт ахлах ахлагч Г.Ган-Эрдэнийн хамтаар Эрхэс-112 дуудлагатай, 20-82 УНҮ улсын дугаартай автомашинаар машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Шөнийн 01 цаг 19 минутад хэлтсийн жижүүрээс “Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 25 дугаар гудамжны үзүүрт хүн хутгалуулсан байна” гэсэн дуудлагыг дамжуулсны мөрөөр хэргийн газар дээр 5-6 минутын дараа очиход Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаагийн 25 дугаар гудамжны зүүн үзүүрт цэнхэр өнгийн төмөр хашааны хажууд буюу гэрлийн бетонон шугамны хажууд 2 хүн хувцас хунар нь цус болсон, дээшээ харсан байдалтай хэвтэж байсан.

Ар гэрийн хүмүүсийг нь холдуулж, хэргийн газрыг хамгаалалтанд авч байх үед түргэн тусламж ирээд хойд талд нь урагшаа харсан байдалтай хэвтэж байсан хүнийг үзээд “биед нь ил харагдах гэмтэл шарх байхгүй байна” гэж байсан. Энэ хооронд жижүүрийн бүрэлдэхүүн ирээд, бид хэргийн газрыг хүлээлгэж өгөөд, дараагийн дуудлага руу явсан юм.

Хэргийн газар дээр анх очиход ойр орчимд нь том пивоны сав, хар өнгийн малгай, ногоон иштэй заазуур зэрэг эд зүйлс газарт байсан. Хэвтэж байсан хүмүүсийн ойролцоо хашааны ёроолд 1х1.5 метр зайд 2 хэсэг газар дээр цус мэт зүйлийн толбо, мөн тэр 2 хүний хувцас нь цус болсон байдалтай, цэнхэр өнгийн хашааны төмөр цус мэт зүйлээр бохирлогдсон байсан.

Дээрх хүмүүсийг зөөж чирсэн байж болох ул мөр байгаагүй. Хэргийн газар дээр хэвтэж байсан хүмүүсийн хойд талд нь хэвтэж байсан хүн нь ямар ч хөдөлгөөнгүй, амьсгалахгүй, сэрэхгүй байсан. Тэгээд эмч ирээд, араас нь удалгүй жижүүрийн бүрэлдэхүүн ирэхээр нь бид дараагийн дуудлага руу явчихсан юм. Хэргийн газар дээр машинтай хүмүүс ирсэн байсан бөгөөд цагаан өнгийн аксент машин байгаагүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 88х/,

- гэрч Б.Б-ын: “...Би Нийслэлийн түргэн тусламжийн төвийн Хан-Уул салбарт дуудлагын их эмч ажилтай. 2019 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө ээлжийн ажилтай хонож байтал шөнийн 01 цаг өнгөрч байх үед “ХУД-ийн 16 дугаар хороо, Буянт-Ухаагийн 25 дугаар гудамжны үзүүрт хутгалуулж цус алдсан хүн байна” гэх дуудлагаар хэргийн газар дээр очиход цагдаагийн алба хаагч нар ирээд, хамгаалалт аваад байж байсан.

Уг газарт 2 хүн ухаангүй байдалтай нэг нь дээшээ, нөгөөх нь доошоо харсан байдалтай байсан. Доошоо харсан байсныг нь эргүүлж дээш харуулаад үзэхэд нас барсан бөгөөд цээжний зүүн талын 4-5 дугаар хавирганы завсраар хутгалуулсан нүхтэй байсан.

Дээшээ харж хэвтэж байсан хүний биед үзлэг хийхэд нүүр уруул нь цус болсон, хамар нь хавдсан байдалтай байсан. Сэрээх гэсэн боловч сэрээд буцаад нүдээ аниад хэвтээд байсан. Амнаас нь архи үнэртэж байсан. Тэгээд цагдаа нар сэрээгээд аваад үлдсэн. Ухаангүй байсан гэх залуу нас барсан хүнийхээ хажууд хэвтэж байсан.

Тэднийг чирж зөөвөрлөсөн гэх байдал ажиглагдаагүй. Газарт чирсэн мөр байгаагүй. Ухаан алдан хэвтэж байсан гэх залуугийн биед үзлэг хийхэд ухаан алдсан шинж ажиглагдаагүй, хүүхэн хараа нь хэвийн өөрчлөлтгүй, өвдөлтийн цэгт дарахад хариу урвал үзүүлнэ, ярвайх өвдөлтийн цэгээс зугтаах зэрэг хариу үйлдэл үзүүлж байсан. Сэргээх эм тариа хийх шаардлагагүй байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 91-93х/,

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мгөөс хохирол, төлбөр нэхэмжлэхтэй холбоотой гаргасан хүсэлт, талийгаачийг оршуулахтай холбоотой гарсан гэх зардлын талаарх баримтууд /хэргийн 1-р хавтас 231-240х/,

- Шүүх Сэтгэц эмгэг судлалын 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 799 тоот актын:

1. А.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

2. А.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

3. А.Б нь юмыг зөвөөр тусган ойлгож, зөвөөр мэдүүлэх чадвартай байна.

4. А.Б нь өөрийн үйлдлийг удирдан жолоодох, хянах чадвартай байна.

5. А.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.” Гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 111-112х/,

- А.Бын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 2-р хавтас 43-48х/,

-  Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Гын гэрчээр өгсөн:  “...2019 оны 6 сарын 02-ны өдөр би Сэлэнгээс Улаанбаатар хотод 20 цаг өнгөрөөж ирээд гэртээ байж байгаад 22 цаг болж байхад Нисэх буудал орж хурууны хээний лавлагаа авчихаад гэртээ харихаар явах замдаа Бын 95681074 дугаар луу залгаж “хаана байна” гэж асуухад 14 дүгээр гудамжны худагнаас урагшаа явж байна гэхэээр нь “би 11 дүгээр гудамжны үзүүр дээр байна” гэж хэлсэн. Тэгээд Д-ийн утас руу залгахад “гэртээ байна “гэхээр нь “хүрээд ирээ, би 11 гудамжны үзүүрт зогсож байна” гэж хэлсэн. Тэгээд би Б, Д- хоёртой хэсэг юм ярьж байгаад харьлаа гээд машинд суухад Д- машинд суугаад, Быг дуудаад “7 дугаар гудамжны дэлгүүр явчих” гэсэн. Яах гээд байгаа юм гэхэд ганц юм уучихъя гээд, би дэлгүүрийн гадаа ирж зогсоход  тэр хоёр дэлгүүр лүү орж 0.5 литрийн Хараа архи, том ундаа, 2.5 литрийн хэмжээтэй пиво авч гарч ирээд, миний машинд суугаад ууя гэхэд нь би уугаагүй. Б архинаас нь Д- пиво уугаад байсан. Тэгээд архи пиво нь дуусахад Д- дахин нэг шил архи авья гэхэд нь би “одоо архи уухгүй ээ, архи авах гэж байгаа мөнгөөрөө машинд бензин хийгээд өг” гэхэд архи уух л мөнгө байна гээд Б, Д- нар дахин дэлгүүр орж 0.5 литрийн Хараа архи ундаатай авч гарч ирсэн. Тэгээд тэр архийг машинд худгийн хажууд  ууж байгаад, ...дараа нь тэндээсээ уул руу гарч зогссон.

Дараагийн шил архийг ууж байхад Б нь надруу сонин сонин юм яриад, тэр хоёр намайг үгээр идээд байсан. Тэгээд би Бтай маргалдаад машин дотор түүнийг хамар луу нь алгадчихсан. Гэтэл нь хамарнаас нь цус гараад машин завааруулчихсан. Тэгээд би машинаас буугаад бие засаад байж байхад Б ирээд “хоёулаа зодолдъё” гээд намайг энгэрээс заамдаж аваад бид хоёр заамдалцсан байхад Д- “боль” гээд салгасан. Тэгэхэд Б гүйгээд явчихаар нь би Д-ийн хамт араас нь гүйж очоод “болъё, гэртээ харилаа” гэж гээд машиндаа суутал араас Д-, Б хоёр машинд орж ирж суугаад үлдсэн архиа уух гээд, Б надад архи хундаглаж өгөхөд нь би уухгүй гэхэд өөрөө уучихсан. Дахиад надад архи хийж өгөхөөр нь би уухгүй гэхэд бас өөрөө уучихсан. Б надад архи хийж өгчихөөд хийж өгсөн архиа өөрөө уучихсан.

Надтай муудалцах гээд байхаар нь би Бт “чам шиг найз байхаар байгаагүй нь дээр, яв” гэтэл Б үлдсэн тал шил архиа өөрөө аваад явчихсан. Тэгээд би машинтайгаа хөдлөх гээд зогсож байтал Б утсаар залгаад “нөгөө газраа байгаа юу, ганц шил архи авчихаад зохицуулаад очъё” гээд гуйгаад байсан. Тэгэхээр нь тэр газраа хүлээж байтал удалгүй Б нэг гартаа хутга, нөгөө гартаа заазуур барьчихсан ирэхээр нь би машиныхаа хаалгыг цоожилчихсон.

Тэгтэл миний машины хаалга руу хутгаар цохиод, өшиглөөд байхаар нь машинаа асаатал Б холдоод явчихсан. Тэгээд хөдлөөд цааш явж байтал араас чулуу шидээд, шидсэн чулуу нь машины копут, шилэн дээр оносон. Б нь “намайг ална” гээд над руу дайраад байсан ба машинд сууж байхад халгаа цоожлоод хөдлөх гэхэд гартаа хутга заазуур барьчихсан, машины жолооч талын цонх руу цохиод байсан. Энэ үед машины хаалга гажсан. Мөн машины урд копут болон цонх руу чулуу шидээд байсан. Энэ үед талийгаач “ямар овоо пизда вэ” гээд машинаас бууж очоод түүнтэй барьцалдаж аваад зодолдсон.

...Машин дотороос хартал  заазуур нь газар уначихсан байсан. Хутгыг нь газарт унасан юм болов уу гээд хартал гарт нь байхаар нь би машинаас буух гэхэд түгжээ нь тайлагдахгүй, тэгэхээр нь цонхоор нь буугаад тэр хоёр дээр очиж салгатал Д- намайг налаад унахаар нь “яасан бэ” гэтэл “наадах чинь намайг хутгалчихлаа” гээд газарт унасан.

Би Б дээр очоод “чи найзыг минь хутгалчихсан байна” гээд хутгыг нь аваад хашаа давуулж шидээд, түүнийг зугтаах гээд байхаар нь боож ухаан алдуулчихаад, эгч рүү залгаад “Д-ийг Б хутгалчихлаа, эмнэлэг рүү аваад яваадахаач” гэж хэлээд удалгүй аав, ээж хоёр ирээд эмнэлэг цагдаа дуудсан. Би машинаа унаад хашаандаа тавьчихаад эргээд алхаад очиход цагдаа нар ирчихсэн байсан, алсаас хараад зогож байсан. Б нилээн согтсон, өөрийгөө удирдах чадваргүй байсан. Хутга заазуур хаанаас авсныг нь би мэдэхгүй байна. Бид 10 жилийн сургуульд байхын бие биенээ мэднэ.

...Талийгаач бид хоёр нийлж бүлэглэн Быг зодож цохисон асуудал байхгүй. Машин дотор сууж байхад Б “намайг архи уу” гэхэд нь би “уухгүй” гэхэд “намайг хөдөө эхнэр дээрээ очиж ирчихээд сонин онгон зан гаргаад” гэх зэргээр үг хаяаад байхаар нь би би тэсэхгүй уурандаа хойшоо хараад алгадчихсан юм. Өөрөөр түүнийг цохиж зодсон зүйл байхгүй. Тэр үед түүний хамарнаас цус гарсан.

...Манайх хашаандаа байшин барьж байсан, аав гараа гэмтээгээд ажиллаж чадахгүй байсан учир би Бт ирээд ажиллаад өгөөч гэж хэлэхэд ирээгүй. Тэгээд тэр өдөр би “чи найз байж аав гараа гэмтээчихсэн байхад ирээд байшин барилцаад өгөхгүй, чам шиг найз байдаг юм уу” гэж хэлсэн. Өөрөө л янз бүрийн юм байвал найздаа хэлж байгаарай гэдэг байсан. Тэгтэл тэр үед туслаагүй. Д- том тэрэг бариад Тавантолгой руу явдаг учраас завгүй байдаг юм. Тэрийг нь мэддэг болохоор би Д-той юм яриагүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 68-69х, 77-79х/,

- Шүүгдэгч А.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: 

“...Би Ганаа хочтой Г, Д- /бүтэн нэрийг нь мэдэхгүй байна/ бага байхаасаа найзалж нисэхэд хамт өссөн. Д-, Ганаа хоёр хамар хашаанд байдаг, манайх арай зайтай байдаг юм. Өчигдөр буюу 2019 оны 6 сарын 02-ны өдөр нисэхийн автобусны буудал дээр байдаг Монополь нэртэй биллъярд тоглоомын газарт орж зүс таних нэрийг нь мэдэхгүй залуутай тоглож байгаад 21 цагийн үед гэртээ харихаар явж байтал ...замд Ууганаа хочтой Ууганбаяр, Зандага хочит Б нартай таарсан. Тэр хоёр 14 дүгээр худаг архи уугаад сууж байсан ба надад 100 төгрөгийн үнэтэй аяганд архи хийж өгөхөөр нь 3 рюмка архи уусан. Тэгээд тэр хочртой байж байтал Г 9978-аар эхэлсэн дугаарын утсаар миний 95681074 дугаарын утас руу залгаж, “хаана байна, би Сэлэнгээс ирчихлээ” гэсэн. Намайг хаана байна гэж асуухад нь би худаг дээр байна гэж хэлсэн. Тэгээд Буянт-Ухаа 11 дүгээр гудамжинд байна гэхэд би “наанаа байж бай, би яваад очъё” гэж хэлээд би очсон. Тэгээд очиход Г нь цагаан өнгийн Хьюндай верна загварын машинтайгаа ирчихсэн зогсож байсан ба машины дугаар одоо миний санахаар 38-11 гэсэн дугаартай байсан байх.

Очоод ойр зуурын юм яриад “хэзээ ирсэн, яагаад ирсэн, юу болов яагаад дуудав” гэх зэргээр дөнгөж яриа эхлээд асуухад “мэдэхгүй ээ, энэ л дуудаад байна” гэж хэлэхэд цаанаас нь Довуу алхаад хүрээд ирсэн. Би тэр хоёртой уулзахад 3 рюмка архи уусан байсан тэр хоёр цоо эрүүл байсан. 

Тэгээд Довуу машинд суучихсан, “хөөе Ч явъя” гээд намайг дуудахад “яах гэж байгаа юм” гэхэд “уунаа” гэсэн. Тэгээд тэндээсээ хөдлөөд Г гэртээ дүүгээ буулгаад, буцаж Буянт-Ухаа 7 дугаар гудамжинд байдаг хүнсний дэлгүүрийн гадаа ирж, Довуу бид хоёр дэлгүүр орж 2,5 литрийн савлагаатай Нийслэл пиво 1 ширхэг, ундаа, 0.5 литрийн Хараа архи аваад, тооцоог Довуу хийсэн.

Машинд сууж хөдлөөд Буянт-Ухаа 7 дугаар гудамж руу орж зогсоод архи, пивоо задалсан. Ганаа эхлээд ерөөсөө уухгүй байсан ба би архи, Д- пиво ууж байсан, мөн миний ууж байсан архинаас ганц хоёр хундага  уусан. Тэгээд эхний авсан архиа уугаад дуусч байхад Довуу “дэлгүүр хаахаас өмнө дахиад нэг шил архи авья” гэж хэлээд хоёулаа хамт дэлгүүр ороод 0.5 литрийн савлагаатай Хараа нэртэй архи нэг шилийг аваад машиндаа суугаад тал газарт ...Буянт-Ухаа 11 гудамжны харалдаа хойд зүгт очсон байх. Тэнд бид хоёр архиа хувааж уусан, Г  2 хундага л уусан. Үлдсэнийг нь Довуу, бид хоёр уусан.

Тэгээд байж байтал Г “манай аав гэмтчихээд байхад ирээд дээвэр янзлахад тусалсангүй, тийм найз байдаггүй юм, пизда, би чамайг одоо энд алчихъя ” гэж хэлээд миний хамар луу баруун гараараа цохиход би хамраа дараад доошоо тонгойсон чинь хамарнаас цус гарсан. Намайг тонгойсон байхад толгой руу хэд хэдэн удаа цохиод авсан. Тэр үед би машины хойд талын суудал дээр ганцаараа, Г жолооч талын суудал дээр, Довуу урд талын суудалд сууж байсан. Тэгснээ Г нь бууж ирээд намайг хэд хэдэн удаа өшиглөөд, буугаад ир гэхэд би машинаас буугаад очтол толгой руу мөргөсөн. 

“Чи яаж байгаа юм” гэтэл Довуу бууж ирээд Гыг болиулаад, би та хоёрыг ингэх гэж уулгасан биш гэж хэлсэн. Би Год “за, за уучлаарай хөгшөөн” гэхэд Г нь “түй май” гээд салаавч гаргаад, намайг заамдчихаад тавихгүй, “чамайг алаад булчихаад явна” гээд дайраад байсан. Тэгтэл тэр үед яагаад тэгснийг мэдээгүй Довуу миний зүүн шанаа хэсэгт гараараа нэг удаа цохиход нь би зугтаасан, тэр хоёр араас хоёулаа хөөгөөд байсан.

Би зугтааж байхдаа гарт нэг шил таараад машин руу нь шидсэн, хаана оносныг мэдэхгүй, тэгээд хашааны буланд бариад дахиад л зодуулсан. Тэр хоёр нийлээд намайг өшиглөж, цохиж зодоод байсан. Би дахин зугтаагаад тэнд нэг гүйцэт бариагүй тал хашаатай айл байдаг түүгээр нэвт гүйгээд жалганд орсон. Жалганы цаана манай гэр байдаг юм.

Жалганд явж байхад нэг жижигхэн хутга  олсон. Тэр үед гадаа харанхуй байсан тул ямар иштэй, хэлбэртэй хутга байсныг мэдэхгүй, ямар ч гэсэн хутга аваад буцаад нөгөө хоёр луу очсон. Би хутга бариад нөгөө хоёрыг айлгах гээд, бас учраа олох гээд очсон. Тэгсэн өөдөөс машинтай намайг чиглээд дайрах гэхээр нь би хажуу тийш үсэрсэн. Тэгтэл цаашаа яваад өгсөн бөгөөд би “ашгүй явчихлаа” гэж бодоод алхаад явж байтал буцаж эргэж ирснээ хашаа тулаад зогссон.

Довуу түрүүлж бууж ирээд намайг мөргөөд, өшиглөөд цохиж эхэлсэн ба Г нь араас бууж ирээд намайг гэдэс рүү жийж өшиглөөд унагаасан. Би босоод ирсэн чинь дахин цээж рүү цохисон. Гурвуулаа заамдалцаад, гурвалжин дөрвөлжин юм болсон. Тэр үед л би нэгийг нь хутгаар дүрчихсэн юм шиг байна лээ. Тэр хоёрын хэнийг нь дүрснээ санахгүй байгаа юм. Тэгэж байтал Г намайг багалзуурдаж байгаад ухаан алдуулаад унагаачихсан. Тэгээд би нэг мэдэхэд цагдаа дээр ирчихсэн байсан.

Би жалга руу буугаад цаашаа дөрвөн хөллөөд гэртээ очъё гэж бодоод авирч байтал нэг нүх шиг юман дотор хутга байхыг олж хараад авсан юм. Тухайн үед бид гуравтай хамт өөр хүн байгаагүй, би Довуу, Г хоёрт нэг ч удаа гар хүрээгүй, миний эрүү, хамар өвдөөд байна, бие эвгүйрхээд байна, зүүн баруун шүдний ломбо зодуулж, дэвсүүлж байхад унасан юм шиг байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 37-40х/,

- Мөн шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн: “...2019 оны 6 сарын 02-ны өдөр 22 цаг өнгөрч байхад би гэртээ байсан. Тэр үед Г залгаж “хаана байгаа юм уулзъя, гараад ир” гээд бид уулзахаар болсон. Энэ үед Д- ч мөн ирсэн.

...Би харих гэж яваад хутга жалганаас олсон, заазуур хаанаас авсанаа санахгүй байна. ...Талийгаачийг би хутгалаагүй, Г хутгалсан байх гэж бодож байна. Миний ухаан алдсан газар, сэрсэн газар өөр өөр газар байсан болохоор намайг зөөсөн байж магадгүй. Би гэрчээр мэдүүлэг өгөх үедээ согтуу байсан, тэр үед надаас мэдүүлэг авсан би юу ярьсанаа санахгүй байна. Гарын үсэг зур гэхээр нь зурчихсан юм. Би тухайн үед нилээн согтсон байсан, зарим үйлдлээ санаад, зарим үйлдлээ санахгүй байна. Миний биед учирсан гэмтлийн Г учруулсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 212-214х, 216-218х/ зэрэг нотлох баримтуудаар,

 

- Мөн шүүгдэгч Б.Г нь 2019 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаагийн 25 дугаар гудамжинд өөрийн жолоодон явсан 38-11 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор А.Бт “найз байж барилгын ажилд тусалсангүй, чам шиг найз гэж юу байдаг юм” гэх зэргээр үл ялих зүйлээр шалтаглан маргаж, хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, улмаар түүний нүүр тус газарт алгадах, машины гадна талд барьцалдах, заамдалцах зэргээр зодож эрүүл мэндэд нь “хүзүү, зүүн чих, зүүн чамархай, баруун нүдний дотор булан доод зовхи, хоёр сарвуу, баруун гуя, хоёр өвдөгт зулгаралт, цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн:

- хохирогч А.Бын: “...2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 25 дугаар гудамжинд Г намайг “байшин барихад тусалсангүй” гэх шалтгаанаар зодож уг гэмтлүүдийг учруулсан. Талийгаач Д- намайг огт зодож гэмтээгээгүй, миний биед гар хүрээгүй, салгах гэж зууралдсан. Г намайг ганцаараа зодож гэмтээсэн.

...2018 оны 10 билүү 11 сард би найз охин Мөнхтуулын хамт Гтой уулзаж, бид 3 Орбитод Х karaoke гэх газарт 00 цагийн үед орж суугаад пиво ууцгаасан. Тэгээд сууж байх үед би эхнэрийгээ урьд нь нэг удаа алгадаж байсан гэж ярихад Г “чи эмэгтэй хүнд гар хүрээд” гээд уурлаж намайг шат руу өшиглөөд унагаасан. Тэгээд муудалцаад баарны гадаа гарсан. Тэр үед намайг хамар руу мөргөж, мөн нүүрэн тус газарт гараараа цохисон. Энэ үед миний хамар амнаас цус гарч, хацар хавдсан байсан. Би тухайн үед цагдаад хандаж гомдол гаргаагүй. Тэр үед үүссэн хуучин гэмтэл байх. Зодуулчихаад маргааш өглөө нь “чи намайг яагаад зодож байгаа юм бэ” гэхэд “би согтуу байсан учраас юу ч санахгүй байна” гэж хэлж байсан. Тиймээс би цагдаад хандаагүй. ...Өөрөөр би хүнд зодуулж гэмтэж бэртэж байгаагүй. Аваар осолд орж байгаагүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 55-57х/,

- Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 33-36х, 2-р хавтас 62х/,

- ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 6968 дугаартай:

1. А.Бын биед хүзүү, зүүн чих, зүүн чамархай, баруун нүдний дотор булан доод зовхи, хоёр сарвуу, баруун гуя, хоёр өвдөгт зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Цус нь АВО системээр О/I/ бүлгийн харъяалалтай байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 104х/,

- шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн: “...А.Бын биед үзлэг хийж, дүгнэлт гаргасан. Хамрын яс хэлбэр алдагдсан хуучин хугаралтай, хамрын таславч мурий, баруун нүдний ухархайн дотор хана хуучин хугаралтай байна. Энэ хуучин гэмтлүүд нь 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс өмнө үүссэн хуучин гэмтлүүд байна. Дээрх хуучин гэмтлүүд нь 9 хоногийн дотор бороолох боломжгүй. “Лазер мед” эмнэлгийн КТГ-д хоёр талын хацар ясны нум хуучин хугаралтай гэснийг давтан уншуулахад хуучин хугарал гэмтэл тогтоогдоогүй. А.Бын биед учирсан хамрын яс хэлбэр алдагдсан хуучин хугаралт, хамрын таславч мурий, баруун нүдний ухархайн дотор хана хуучин хугаралтай гэсэн гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. А.Бын биед учирсан шинэ, хуучин гэмтлүүд нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 105-106х/,

- хохирогч А.Баас хохирол, төлбөр нэхэмжлэхтэй холбоотой шүүх хуралдаанд гаргасан баримтууд /хэргийн 2-р хавтас 147-148х/,

- шүүгдэгч Б.Гын яллагдагчаар өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 02-ын өдрөөс 03-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 25 дугаар гудамжинд согтуугаар А.Бтай “барилгын ажилд тусалсангүй” гэж маргалдан түүний нүүр, гар, хөлөн тус газар цохиж, зодон эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллагдагчаар татсан тухай прокурорын тогтоолтой уншиж танилцлаа.

Надад сонгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би тухайн үед архи уугаагүй, пивоноос хоёр аягыг уусан боловч эрүүл байсан. Маргааш нь би цагдаагийн авто баазад ажилд орох материал бүрдүүлж өгөх ажилтай байсан болохоор архи ууж болохгүй гэж бодоод архи уугаагүй юм.

“Архи уухгүй” гээд өгсөн архитай аягыг нь буцаагаад байсан чинь Б намайг “авгай дээрээ очоод ирэхээрээ ийм онгон зантай болчих юм” гээд үгээр идээд, өөрөө надад өгөх архийг уугаад байсан юм. Тэгээд бүүр үгээр идээд байж суулгахгүй болохоор нь хацар руу нь алгадчихсан чинь хамарнаас нь цус гарсан.

...Тэгээд би машинаас бие засахаар буухад Б хойноос бууж ирээд “хоёулаа үзчихье, пизда минь” гээд дайраад байхаар нь би өөрөөсөө холдуулаад түлхсэн. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 224-226х/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.      

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хэргийн шүүгдэгч А.Б нь амь хохирогч М.Д-ийн зүүн урд цээжин тус газарт нь нэг удаа хутгалснаас хохирогч М.Д-ийн биед шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1265 дугаартай дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл учирч, тэрээр нас барсан ба шүүгдэгчийн гэмт үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогч амь хохирсон үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч А.Б нь сэтгэцийн ямар нэг өвчин эмгэггүй, өөрийн үйлдлийн учир холбогдолыг ойлгон удирдан жолоодох чадвартай, эрх зүйн бүрэн чадамжтай болох нь, мөн хэргийн хохирогч М.Д- нь амь хохирох үедээ хүнд зэргийн согтолттой байсан нь хэрэгт авагдсан Шүүх сэтгэц эмгэг судлалын 799 дугаартай шинжээчийн дүгнэлт, цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1265 дугаартай дүгнэлт /хэргийн 1-р хавтас 96-97х, 111-112х/ нотлох баримтаар тус тус нотлогдсон байна.  

 

Хэргийн шүүгдэгч А.Б нь шүүгдэгч Б.Год зодуулж, боолгосны улмаас ухаан алдсан байсан, амь хохирогчийг би хутгалаагүй, тухайн болсон асуудлыг би мэдэхгүй байна, сүүлд цагдаагийн байгууллагад ухаан орсон, намайг хэргийн газраас зөөвөрлөсөн байсан гэх зэргээр мэдүүлж, өөрийн гэм бурууг үгүйсгэсэн мэдүүлэг өгсөн хэдий ч хэрэгт гэрчээр асуугдсан, түргэн тусламжийн дуудлагаар очсон эмч Б.Б-ын: “...Уг газарт 2 хүн ухаангүй байдалтай нэг нь дээшээ, нөгөөх нь доошоо харсан байдалтай байсан. Доошоо харсан байсныг нь эргүүлж дээш харуулаад үзэхэд нас барсан бөгөөд цээжний зүүн талын 4-5 дугаар хавирганы завсраар хутгалуулсан нүхтэй байсан. Дээшээ харж хэвтэж байсан хүний биед үзлэг хийхэд нүүр уруул нь цус болсон, хамар нь хавдсан байдалтай байсан. Сэрээх гэсэн боловч сэрээд буцаад нүдээ аниад хэвтээд байсан. Амнаас нь архи үнэртэж байсан. Ухаангүй байсан гэх залуу нас барсан хүнийхээ хажууд хэвтэж байсан. Тэднийг чирж зөөвөрлөсөн гэх байдал ажиглагдаагүй. Газарт чирсэн мөр байгаагүй. Ухаан алдан хэвтэж байсан гэх залуугийн биед үзлэг хийхэд ухаан алдсан шинж ажиглагдаагүй, хүүхэн хараа нь хэвийн өөрчлөлтгүй, өвдөлтийн цэгт дарахад хариу урвал үзүүлнэ, ярвайх өвдөлтийн цэгээс зугтаах зэрэг хариу үйлдэл үзүүлж байсан. Сэргээх эм тариа хийх шаардлагагүй байсан.”  гэх мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 91-93х/, цагдаагийн ажилтан  гэрч Н.Б-гийн:  “...хэргийн газар дээр 5-6 минутын дараа очиход Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаагийн 25 дугаар гудамжны зүүн үзүүрт цэнхэр өнгийн төмөр хашааны хажууд буюу гэрлийн бетонон шугамны хажууд 2 хүн хувцас хунар нь цус болсон, дээшээ харсан байдалтай хэвтэж байсан.

Ар гэрийн хүмүүсийг нь холдуулж, хэргийн газрыг хамгаалалтанд авч байх үед түргэн тусламж ирээд хойд талд нь урагшаа харсан байдалтай хэвтэж байсан хүнийг үзээд “биед нь ил харагдах гэмтэл шарх байхгүй байна” гэж байсан. ...Дээрх хүмүүсийг зөөж чирсэн байж болох ул мөр байгаагүй. Хэргийн газар дээр хэвтэж байсан хүмүүсийн хойд талд нь хэвтэж байсан хүн нь ямар ч хөдөлгөөнгүй, амьсгалахгүй, сэрэхгүй байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 88х/ зэрэг баримтаар тэрээр тухайн үед ухаангүй байсан, амь хохирогч болон шүүгдэгчийг зөөвөрлөсөн, чирсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, үгүйсгэгдэж байна.   

 

2019 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаагийн 25 дугаар гудамжинд шүүгдэгч А.Б нь архидан согтуурсан үедээ, тодорхой шалтаг шалтгаангүйгээр, агсамнан М.Д-ийн зүүн урд цээжин тус газарт нэг удаа хутгалснаас  амь хохирогч биедээ “...цээжний зүүн урд дээд хэсэгт 3, 4 дүгээр хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтэрч, үнхэлцэг хальс, зүрхний баруун ховдлын урд хана, уушгины артерийг гэмтээсэн хатгагдсан шарх, цээжний зүүн хөндий дэх хурц цус алдалт /2200 мл/, цус алдалтын шок” гэмтэл авч нас барсан үйл баримт тогтоогдсон бөгөөд прокуророос шүүгдэгч А.Бын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргээр зүйлчлэн ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 

Иймд А.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.

 

Дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч А.Бын өмгөөлөгч нараас гаргасан  “...хэргийн бодит байдлыг бүрэн тогтоогоогүй, мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү” гэсэн хүсэлтийг шүүх хүлээн авч хангах хуулийн үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.

 

Мөн шүүгдэгч Б.Г нь 2019 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаагийн 25 дугаар гудамжинд өөрийн жолоодон явсан 38-11 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор А.Бт “найз байж барилгын ажилд тусалсангүй, чам шиг найз гэж юу байдаг юм” гэх зэргээр үл ялих зүйлээр шалтаглан маргаж, хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, улмаар түүний нүүр тус газарт алгадах, машины гадна талд барьцалдах, заамдалцах зэргээр зодож эрүүл мэндэд нь “хүзүү, зүүн чих, зүүн чамархай, баруун нүдний дотор булан доод зовхи, хоёр сарвуу, баруун гуя, хоёр өвдөгт зулгаралт, цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь нотлогдож тогтоогдсон байна.

 

Хан-Уул дүүргийн прокуророос Б.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон хуулийн үндэслэл бүхий байх тул шүүгдэгч Б.Гыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд ... санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн ...хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зохицуулсан.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мгөөс амь хохирогчийг оршуулахтай холбоотой гарсан зардалд 13.995.587 төгрөг нэхэмжилснээс хэрэгт 4.203.786 төгрөгийн хохирлын баримтыг гаргаж өгсөн бөгөөд шүүгдэгч А.Баас хохирол төлбөр төлсөн гэх баримтгүй байна. Иймд шүүгдэгч А.Баас 4.203.786 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мд олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмын дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мгийн гаргасан нэхэмжлэлээс үлдэх хэсгийг шүүх хэлэлцэхгүй орхиж, уг шаардлагад хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг түүнд тайлбарлаж шийдвэрлэв.

 

Хохирогч А.Баас шүүх хуралдаанд эмчилгээ, үйлчилгээний төлбөрт тооцон шүүгдэгч Б.Гоос 737.178 төгрөг нэхэмжлэн, уг нэхэмжлэлийн шаардлагад хамаарах баримтууд хэмээн 18 ширхэг баримтыг шүүхэд гаргаж өгснөөс “Лазер мед” эмнэлэгт толгойн компьютер томографийн зураг авахуулсан 100.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаарлагыг хангаж, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Учир нь: хохирогч А.Баас хэрэгт гаргасан “Эн Ар Би” 2019 оны 08 сарын 09-ны өдрийн 25.000 төгрөгийн дүн бүхий лабортаторийн үйлчилгээний баримт нь Г.Оюунчимэг гэх хүний шинжилгээний баримт байх ба хохирогчоос хамрын хугарал гэмтлийг эмчлүүлсэн гэх бусад эмчилгээ үйлчилгээтэй холбоотой баримтууд нь хохирогч 2019 оны 6 сарын 02-ноос 03-нд шилжих шөнө шүүгдэгч А.Год зодуулсны улмаас биедээ авсан гэх хэргийн 104 дүгээр талд авагдсан ШШҮХ-ийн шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бэртлийг эмчлүүлсэн гэх байдлыг шууд нотлохгүй, хамааралгүй байна. Иймд хохирогч А.Бын нэхэмжлэлээс үлдэх 637.178 төгрөгийн шаардлагыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн болно.   

 

Иргэний нэхэмжлэгч /гэрч/ Т.Б нь өөрийн эд хөрөнгөд учирсан хохирлын 152.100 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулах нэхэмжлэлээс татгалзсан болохыг тэмдэглэв.

 

Шүүгдэгч А.Б, Б.Г нар нь урьд ял шийтгэгдэж байгаагүй тухай хэргийн 2-р хавтас 16, 64 талд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт авагдсан ба энэ нь нэр бүхий шүүгдэгч нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх хуульд заасан үндэслэл болно.

 

Түүнчлэн шүүгдэгч нарын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд тус тус тухайлан заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

 

Шүүх, шүүгдэгч А.Быг “хүнийг алсан” гэмт хэрэгт, шүүгдэгч Б.Гыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт тус тус гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хариуцлагын зорилго, Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нэр бүхий шүүгдэгч нарын хувийн байдал болон улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын санал зэргийг тус тус харгалзан

- шүүгдэгч А.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр,

- мөн шүүгдэгч Б.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.   

 

Шүүгдэгч А.Б нь 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс сэжигтнээр баривчлагдаж, 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд яллагдагчаар /хэргийн 1-р хавтас 191х, 194х, 198х/ тус тус цагдан хоригдсон нийт 60 /жар/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн саравчтай малгай 1 ширхэг, ахуйн хэрэглээний заазуур 1 ширхэг, хуванцар иштэй, жижиг төмөр хутга 1 ширхэг, 2 литрийн багтаамжтай боргио пивоны хуванцар сав 1 ширхэг, “ЛД” нэршилтэй тамхины хайрцаг 1 ширхэг, 0.5 литрийн “Хараа” нэртэй архины шил 1 ширхэг зэрэг эд зүйлсийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгуулахаар “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлж, дуу дүрсний бичлэг бүхий Сиди 1 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээв.

 

Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, нэр бүхий шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус  удирдлага болгон     

                                                           ТОГТООХ нь:

 

1. Х овогт А-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алсан” гэмт хэргийг үйлдсэн,

- Ш овогт Б-ын Г-ыг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Б-т 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ял,  

- мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Г-т 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Б-т оногдуулсан 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Б-ын цагдан хоригдсон нийт 60 /жар/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт:

- А.Б-аас 4.203.786 /дөрвөн сая хоёр зуун гурван мянга долоон зуун наян зургаа/ төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ... оршин суудаг гэх /РД: /, Н овогт Ц-ын М-д, Б.Г-оос 100.000 /нэг зуун мянга/ төгрөг гаргуулж, хохирогч .... оршин суух хаягийн бүртгэлтэй,  /РД:, Х овогт А-ийн Б-т тус тус олгож шийдвэрлэн, хохирогч А.Б-ын  нэхэмжлэлээс үлдэх 637.178 төгрөгийн шаардлагыг хангахгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М нь нэхэмжлэлээс үлдэх шаардлагад хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дуу дүрсний бичлэг бүхий Сиди 1 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, хар өнгийн саравчтай малгай 1 ширхэг, ахуйн хэрэглээний заазуур 1 ширхэг, 2 литрийн багтаамжтай боргио пивоны хуванцар сав 1 ширхэг, “ЛД” нэршилтэй тамхины хайрцаг 1 ширхэг, хуванцар иштэй, жижиг төмөр хутга 1 ширхэг, 0.5 литрийн “Хараа” нэртэй архины шил 1 ширхэг зэргийг зохих журмын дагуу устгуулахаар “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлсүгэй.

 

8. Шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, тэдгээрээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан А.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

10. Ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, иргэний нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь шийтгэх тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт тус тус давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

11. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг нь түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд А.Б-т урьд авсан цагдан хорих, Б.Г-од урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ,

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       И.ГАНБАТ

                                 

                               ШҮҮГЧИД                                      С.БАЗАРХАНД

                                                                                                

                                                                                      Х.ОДБАЯР