Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 201/МА2026/00014

 

*******ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүгч С.Ганчимэг, Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 309/ШШ2026/00104 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******т  холбогдох

“Гэмт хэргийн улмаас эрүүл мэнд, сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 13 433 400 төгрөг гаргуулахтухай иргэний хэргийг хариуцагч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Г.Уртнасангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******э, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: “Миний бие 2024 оны 09 сарын 08-ны өдөр Тэс шатахуун түгээх станц дээр ажлаа хийж байхдаа *******ын жолоодож явсан приус маркийн машинд мөргүүлж хүндэвтэр гэмтэл авсан. Энэ хэрэг эрүүгийн хэргийн шүүхээр 2025 оны 03 сард шийдэгдсэн боловч надад учирсан эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохирол зэргийг барагдуулаагүй иргэний шүүхээр шийдүүлэхээр нээлттэй орхисон юм. Би тухайн үед нийт 21 319 890 төгрөгийн хохирол нэхэмжилснээс *******аас 1 986 490 төгрөгийг гаргуулсан юм. Иймд эмчилгээний зардал 3 860 000 төгрөг, сэтгэл санааны хохирол 15 173 400 төгрөг, өмгөөлөгчид өгсөн 1 000 000 төгрөг, нийт 20 033 400 төгрөгийг гаргуулж өгнө үү.

... Миний сэтгэцэд учирсан хор уршиг хоёрдугаар зэрэглэлээр тогтоогдсон тул хамгийн дээд хэмжээгээр тооцож 8 573 400 төгрөгөөр тооцож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж нийт 13 433 400 төгрөгийг нэхэмжилж байна. ” гэжээ.

 2. Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... Хагалгаанд орсон гэх 4 494 390 төгрөгийн нотлох баримтын хүрээнд нотлогдохгүй тул иргэний хэргийн шүүхэд хандахаар, сэтгэл санааны хохирол гэх 15 173 400 төгрөгийг шинжээч томилуулж гаргуулах үндэслэлээр иргэний хэргийн шүүхэд хандаж болно гэж нээлттэй үлдээсэн. Гэтэл одоо уг нэхэмжлэлд хагалгаанд орсон гэх 4 494 390 төгрөг нь 12 сая төгрөг болж, сэтгэл санааны хохирлоо албан ёсоор тогтоолгоогүй байж 15 173 400 төгрөг хэмээн нэхэмжилж буйг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн өмгөөллийн хөлс гэх 1 сая төгрөгийг зөвшөөрөхгүй байна.гэжээ.

 3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 230 дугаар зүйлийн 230.2-т тус тус зааснаар хариуцагч *******аас эрүүл мэнд, сэтгэцэд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 8 480 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 953 400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч *******э нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 150 630 төгрөгийг гаргуулан Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч ******* давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүхийн шийдвэрт сэтгэл дундуур байгаа тул гомдол гаргаж байна.

... Иргэн *******ийг хагалгаанд орсныг үгүйсгээгүй. Гол нь улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд эрүүл мэндийн даатгал төлдөг байж яагаад хувиасаа багаж хэрэгсэл авах зардал гаргасан бэ. Уг багаж нь 5 төрлийн хүндхэн хагалгаанд шаардагдах багажууд байсан. ... Миний ойлгосноор *******ийн хагалгаанд 1 төрлийн багаж хэрэгсэл зарцуулагдах хагалгаа байсан гэсэн. Үнэхээр уг 5 багаж хэрэгслийг хэрэглэсэн хагалгаа болсон бол багаж тус бүр дахин давтагдахгүй кодтой байдаг. Тэр нь тухайн өвчтөний эрүүл мэндийн дэвтэр дээр наагдаж тэмдэглэгдэх ёстой байдаг. Үүнийг нь анхан шатны шүүхэд хэлсэн, шалгуулья гэсэн боловч дэвтэр дээрх тэмдэглэлийг шалгалгүй авч хэлэлцэхгүй шийдвэр гаргасан байсан.

Миний хувьд 1 настай хүү, 2 болон 8 настай охидуудтай ам бүл тавуулаа амьдардаг. Өөрийн гэх гэр орон байхгүй түрээсийн байруудаар амьдардаг байсан. Энэ асуудалд жолоодох эрхээ хасуулсан. 7 106 490 төгрөг төлөөд байгаа, нэмээд сэтгэл санааны хохиролд 4 620 000 төллөө. Миний амьдралд үнэхээр хүнд тусч байна.  Иймээс хагалгаанд зориулж авсан гэх 5 төрлийн багаж хэрэгсэл үнэхээр *******ийн хагалгаанд бүрэн хэрэглэгдсэн эсэхийг нягтлан шалгаж шийдвэрлэж өгнө үү. Миний бие 3 860 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ. 

5. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн үед Улаанбаатар хотын цэргийн төв эмнэлэгт хагалгаанд орсон. ... ******* нь намайг тусгай багаж хэрэглээгүй байж хэрэглэсэн мэт зүйл ярилаа гэж хэлээд байгаа юм. Ер нь бол би ч биш эмч нар нь өөрсдөө 3 860 000 төгрөгийн үнэ бүхий багаж хэрэгсэл шаардлагатай гээд эмийн хэрэгсэл зардаг газраас авчруулж хэрэглэсэн. Эмч нарын багаж хэрэгсэл авдаг газар байсан. Ийм байхад зөвшөөрөхгүй гэж хэлээд байгааг нь гайхаж байна.” гэв.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “******* нь 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр миний үйлчлүүлэгчийг машинаараа мөргөж хүндэвтэр гэмтэл учруулсан. Одоог хүртэл ******* нь байнга таамаг ярьдаг. Холбогдох материалууд нь эрүүгийн хэргийн хавтаст хэрэгт хавсаргагдсан байгаа. Тиймээс анхан шатны шүүхийн 104 тоот шийдвэр нотлох баримтыг үндэслэж гарсан. Тиймээс гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******т холбогдох иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

 2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

3. Нэхэмжлэгч *******э нь хариуцагч *******аас түүний үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 20 033 400 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, эмчилгээний зардал 3 860 000 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөрт 8 573 400 төгрөг, өмгөөллийн хөлс 1 000 000 төгрөг буюу нийт 13 433 400 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.  

4. Хариуцагч татгалзлын үндэслэлээ “... нэхэмжлэгч гэмтлийн улмаас хагалгаанд орсныг үгүйсгэхгүй боловч хагалгааны багаж хэрэгслийн зардалд 3 860 000 төгрөгийг зарцуулсан болох нь эргэлзээтэй байна. 4-5 багаж хэрэглэх хагалгаа байгаагүй, мөн сэтгэцийн гэм хорыг тогтоолгоогүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. ...” гэж тайлбарлан маргадаг.

 5. Хэрэгт цугларсан бичгийн баримтаас үзэхэд, Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/80 дугаар шийтгэх тогтоолоор *******ыг 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 23 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутагт орших “Тэс” шатахуун түгээх станцын талбай дээр Toyata prius-40 маркийн ******* ДОУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас *******ийг тээврийн хэрэгслээр мөргөж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулж, *******ийн нэхэмжилсэн гэм хорын хохирлоос эрүүл мэнд болон эд хөрөнгийн хохиролд 1 986 490 төгрөгийг гаргуулж, хагалгааны зардал болон сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрийг тус тус иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ. /хх 6-13/

 6. Нэхэмжлэгч *******ийн биед дээрх авто ослын улмаас зүүн дунд чөмөгт болон шаант ясны булууны захын хэмт эдийн няцрал, зүүн өвдөгний урд чагтан холбоосын суналт, дотор хажуугийн холбоосын суналт, хэсэгчилсэн урагдалт, дотор жийргэвч мөгөөрсний захын урагдалт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учирсан, нэхэмжлэгч уг гэмтлийг эмчлүүлэхээр хагалгаанд орсон, хагалгааны зардалд 3 860 000 төгрөг зарцуулсан үйл баримтууд тус тус хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдсон байна. /хх 14-19/

 7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэмт хэргийн улмаас *******ийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлын зэрэглэлийг тогтоолгохоор шинжээч томилсноор Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ЕГ0825/3371 дугаар дүгнэлтээр тухайн зам тээврийн ослын улмаас *******ийн сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байгааг тогтоожээ. /хх 50-52/

 8. Анхан шатны шүүх дээрх тогтоогдсон үйл баримтуудыг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудтай харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж,  *******ийн эрүүл мэндэд учирсан хохирол буюу хагалгааны зардалд 3 860 000 төгрөг, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөрт 4 620 000 төгрөг буюу нийт 8 480 000 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 953 400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т тус тус нийцсэн байна.

Тодруулбал, Иргэний хуулийн дээрх зохицуулалтаар хариуцагчийн зам тээврийн осол гаргасан хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн биед хүндэвтэр гэмтэл учирсан, улмаар нэхэмжлэгч уг гэмтлийг хагалгаанд орж эмчлүүлэн тодорхой зардал гаргаж хохирсон нь хоорондоо шалтгаант холбоотой байх тул хариуцагч гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

 Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөллийн хөлсөнд төлсөн зардлыг гэмт хэргийн улмаас учирсан зайлшгүй зардалд хамаарахгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 9. Хариуцагч ******* нь “...нэхэмжлэгчийг хагалгаа хийлгэснийг үгүйсгэхгүй, гэвч уг хагалгаа нь 3 860 000 төгрөгийн үнэ бүхий 4-5 багаж хэрэгсэл хэрэглэх хагалгаа болох нь эргэлзээтэй тул уг мөнгийг төлөхгүй” гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан боловч тэрээр өөрийн татгалзлыг шүүхэд нотлож чадаагүй байх ба уг гомдлыг хүлээн авч хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

10. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн, хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагч *******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 сарын 08-ны өдрийн 309/ШШ2026/00104 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвээрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76 710 төгрөгийг төсвиийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.4, 167.5 дахь хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ц.ЭРДЭНЭЗУУ

         ШҮҮГЧИД                                                                 С.ГАНЧИМЭГ           

                                                                                 Г.УРТНАСАН