| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2019/0583/Э |
| Дугаар | 605 |
| Огноо | 2019-09-26 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | П.Ундрах-Эрдэнэ |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 605
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Боорчи хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Энхболд,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г-, түүний өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ /ҮД:2016/,
шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Г.Должинсүрэн /ҮД:0363/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүхийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я- овогт Б-ын Б-т холбогдох эрүүгийн 1810026340436 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад:
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч Б.Б- нь шунахайн сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо ... зоорийн давхрын 96 тоот гражийн хамт өөртөө худалдан авна гэж иргэн Г.Г-д итгүүлэн гэрээгээр халхавчлан хуурч, тухайн орон сууцны төлбөрийг төлөх боломжгүй бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр тухайн орон сууцны өмчлөх эрхийг өөртөө шилжүүлэн авч иргэн Г.Г-д 330.974.100 төгрөгний буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзаж мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Б-тэй 1979 онд ОХУ-ын “Воронеж” хотын хэлний бэлтгэлд хамт суралцаж байхдаа танилцаад найзалж эхэлсэн. Бид дээд сургууль төгсөөд хэсэг хугацаанд харилцаа холбоогүй байсан. Ростов хотод төгссөн найзуудаараа уулзахад Б- надад хүүхдийнхээ талаар яриад “байр авч өгөх хүсэлттэй” гэдгээ хэлсэн. Би Б-т өөрийн орон сууцыг түүнд төлбөрийг уян хатан нөхцөлөөр худалдаж авахыг санал болгосон. Үүнийг Б- зөвшөөрч надад “2018 оны эхээр 10.000.000 төгрөгийг, 3 дугаар сард 100.000 ам.долларыг, 5 дугаар сард үлдсэн төлбөрийг төлнө” гэсэн тул түүнд итгэж орон сууцыг зарахаар тохиролцсон. Гэтэл Б- надад тохирсон ёсоор 10.000.000 төгрөг өгөөгүй. Би Б- рүү залгаж мөнгөө нэхэхэд “удахгүй өгнө” гэж хэлдэг байсан. Хэсэг хугацааны дараа Б-ийн хүргэн Э- надад 50.000.000 төгрөгийг өгсөн. Үүнээс хойш Б- мөнгөө өгөхгүй байхаар нь цагдаад мэдэгдсэн гэв.
Эрүүгийн 1810026340436 дугаартай хавтаст хэргээс:
Хохирогч Г.Г- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...2017 оны 9 дүгээр сард Ростовын их сургуульд суралцаж байсан төгсөгчид уулзахад Б.Б- өөрийгөө надад “барилгын компанийн захирал, Ардчилсан намын удирдах зөвлөлийн гишүүн, Улсын их хуралд нэрээ дэвшүүлэх гэж байсан, Австрали улсад Ардчилсан эмэгтэйчүүдийн олон улсын хуралд 2018 оны 4 дүгээр сард явна, та нар хамт явахгүй юм уу, хүүхдээ БНХАУ-ын Бээжин хот, Канад улсад суралцуулж байгаа” гэж ярьж байсан. Дараа нь Б.Б- бид хоёр уулзахад тэрээр “манай хүү эхнэр авч байгаа тул орон сууц худалдаж авч өгөх гэж байгаа, танай байр их боломжийн сайхан юм, эсвэл би өөрийнхөө байрыг зараад энд орвол зүгээр юм байна” гэхээр нь “надад Жапан Тауны С1 дүгээр байрны 306 тоот 3 өрөө 91.15 мкв талбайтай орон сууц байгаа, чи хүсвэл би зарна” гэж хэлсэн. Б- 2017 онд нөхөр, хүүхэд, хүргэн, бэр нарын хамт 3 удаа ирж манай байрыг үзчихээд “би худалдаж авъя, гэхдээ мөнгийг нь бэлнээр өгч чадахгүй, 2018 оны 02 дугаар сарын эхээр 10.000.000 төгрөг, 3 дугаар сард 100.000 ам.доллар, харин үлдэгдэл мөнгийг нь 5 дугаар сард өгч дуусгая” гэж хэлэхээр нь зөвшөөрөөд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дөрвөн улирлын цэцэрлэг” хотхоны С1 дүгээр байрны 306 тоот 93.15 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг 96 тоот авто зогсоолын хамт гэрчилгээний нэрийг сольж өгсөн. Би гадаад улсаас 2018 оны 3 дугаар сарын 10-ны өдөр ирснээс хойш Б.Б-ийн гар утас руу залгахад авдаггүй, авсан тохиолдолд “хүлээж бай, одоохон” гэж худал ярьсаар байгаад 2018 оны 4 дүгээр сарын сүүлээр Б.Б-ийн хүргэн Э- надад бэлнээр 50.000.000 төгрөг өгсөн. Б- манай орон сууцны гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авчихаад өөр хүний нэр дээр шилжүүлж, хадгаламж зээлийн хоршооноос зээл авснаа надад хэлсэн. Би Б-ээс “аль банкнаас зээл авсан юм бэ” гэж асуухад “банк бишээ, хадгаламж зээлийн хоршооноос зээл авсан” гэж хэлсэн. Б.Б- бид хоёр эртний найзууд болохоор гэрээ хэлцэл хийлгүй итгээд орон сууцыг 340.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцож үл хөдлөх хөрөнгийнхөө өмчлөх эрхийг Б-т шилжүүлэн өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 30-33-р хуудас/,
2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр мэдүүлэхдээ: Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дөрвөн улирлын цэцэрлэг” хотхоны С-1 дүгээр байрны 306 тоот орон сууцанд анх Япон улсын иргэн амьдарч байгаад нутаг руугаа буцахаар болсон тул би өөрийн охин А.Энхзулд 2011 онд байрыг худалдаж авч байсан. Хэдэн төгрөгөөр худалдаж авч байснаа санахгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 146-р хуудас/,
2019 оны 6 дугаар сарын 22-ны өдөр мэдүүлэхдээ: Байр шилжүүлэн өгөх үед байрны өмчлөгч А.Э-, Б.Б-, Э.Т-, Э.Т-нар өөрсдөө гарын үсгээ зурсан. Харин одоо Япон улсад амьдарч байгаа. Уг орон сууцанд одоо хэн ч амьдраагүй, би түлхүүрийг нь буцаан авсан. Орон сууц анх Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд харьяалагдаж байгаад хороо нь хуваагдаад 15 дугаар хороо руу шилжсэн. Иймд одоо Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд бүртгэлтэй байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 167-169-р хуудас/,
Гэрч Б.Б- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2018 оны 01 дүгээр сарын орчимд төрсөн эгч Б.Б- оюутан цагийн найз Г-тэй уулзахад “орон сууц зарна, чи зараад өгчих” гэж хэлсэн байдаг. Би тухайн үед гэр бүлийнхээ хамт түрээсийн орон сууцанд амьдарч байсан учраас байрыг сонирхоод очиж үзсэн. Г- орон сууцыг “340.000.000 төгрөгнөөс сайн ярина” гэсэн боловч яг хэдэн төгрөгөөр худалдахаа тохиролцохгүйгээр 306 тоот орон сууцанд манай гэр бүл 2018 оны 02 дугаар сарын 26-наас 27-ны өдрүүдэд нүүж орсон. Манай нөхөр Э- Г-тэй уулзахад “би танай эгчийн найз тул та нар байранд нүүгээд орж бай, мөнгийг нь дараа ярилцъя, би гадаад улс руу явах гээд яараад байна” гэж хэлээд 5 ширхэг түлхүүр өгсөн байдаг. Манай гэр бүл тухайн орон сууцнаас 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр гарахдаа манай нөхөр Э- байрны түлхүүрийг Г-д буцааж өгсөн. Манай гэр бүлийг орон сууцанд амьдарч байхад Г- Б.Б- эгчид “яаралтай 50.000.000 төгрөг олоод өгчих, байрны ордерийг нь манай хүүхдээс авчих, би дахиад гадаад улс руу явах гээд байна” гэж хэлэхээр нь эгч Б- тухайн орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлж аваад дараа нь манай нөхөр Э-ийн нэр дээр шилжүүлсэн. Тухайн орон сууцыг барьцаалж 150.000.000 төгрөгийг банк бус санхүүгийн байгууллагаас зээлж аваад 50.000.000 төгрөгийг Г-д бэлнээр өгсөн. Харин үлдсэн 100.000.000 төгрөгийг эгч Б.Б-т өгсөн. Энэ үед миний эзэмшлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Морингийн зам 86а дугаартай 572 м.кв талбайтай газарт эгч Б- “Дэлхий боловсрол” ХХК нь 4 давхар 16 айлын орон сууцыг барьж, 2018 оны 4 дүгээр сард ашиглалтанд оруулсан. Г.Г-гийн байрны мөнгийг энэ байр барьсан ашгаас өгнө гэж бодож байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 171-172-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Б.М- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Анх 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Д.Э- гэх хүн уг орон сууцыг манай ББСБ-д барьцаалан 12 сарын хугацаатай 3.5 хувийн хүүтэйгээр 150.000.000 төгрөгийг зээлж авсан. Үүнээс хойш сарын төлөлт хэвийн хийгдэж байгаа. Одоо үндсэн зээлийн үлдэгдэл 89.219.57 төгрөг, хүү 2.516.769 төгрөгний үлдэгдэлтэй байгаа. Үүнд нэмэгдүүлсэн хүү болох 228.995.58 төгрөгийг нэмж бодно. Энэ нь Монгол Улсын Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2 дахь хэсэгт зааснаар үндсэн хүүний 20 хувиас хэтрүүлэхгүй, гүйцэтгээгүй үүргийн дүнд тооцож боддог юм. Төлбөрийг Д.Э- өөрөө төлж байгаа. Нэг жилийн хугацаанд гэрээ байгуулсан боловч энэ оны 4 дүгээр сарын 26-ны өдөр гэрээний хугацаа дуусч байгаа. Одоогийн байдлаар сунгаагүй. 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн байгуулсан ЗГ0301180070 дугаартай зээлийн гэрээ мөн ЗБ0301180070 барьцааны гэрээнүүдийг хуулийн хүчин төгөлдөр байгуулж зээл олгосон. Байрны гэрчилгээ нь эх хувиараа манай байгууллагад байгаа. Зээлийн үлдэгдэл төлбөрийг Д.Э-ээс гаргуулж авна. Хэрэв төлөхгүй гэвэл гэмт хэрэгт хамтран оролцогчоор татуулж, манай байгууллага хохирогчоор тогтоолгуулна...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 179-181-р хуудас/,
Иргэний хариуцагч /гэрч/ Д.Э- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Анх 2018 оны 1 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд хадам эгч Б.Б- намайг дагуулаад уг орон сууцыг үзүүлж Г.Г-тэй уулзуулсан. Тухайн үед би орон сууц худалдаж авахаар сонирхож, судлаж байсан юм. Орон сууцыг очиж үзэхийн өмнө хадам эгч Б.Б- надад хэлэхдээ “найз Г.Г- орон сууц зарж борлуулах гэж байгаа, намайг зараад өгөөч гэж гуйгаад байгаа юм, та хоёр сонирхож үзэхгүй юм уу” гэсэн учраас хамт очиж байрыг нь үзсэн. Б- эгч бид хоёр анх байрыг очиж үзэхэд ямар нэгэн мөнгө төгрөгтэй холбоотой зүйл яриагүй. Харин сүүлд Б.Б- эгч “Г.Г- бид хоёрт ярих юм байгаа” гэж хэлэхэд Г.Г- “тийм ээ, бид хоёрт ярих яриа байгаа” гэж хэлж байсан. Эгч Б- Г.Г- хоёр өмнө нь байрны төлбөр мөнгөний талаар ярилцсан байсан. Уг орон сууцыг очиж үзэхээр явж байхдаа Б.Б- надад “340.000.000 төгрөгнөөс ярина гэж байна лээ, би Г-тэй сайн ярина” гэж хэлсэн. Тэр өдрөө Г.Г- “та нар худалдаж авч байгаа бол хэзээ ч хамаагүй орж болно” гээд 5 ширхэг байрны түлхүүр өгсөн. Орон сууцыг худалдаж авахаар ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй. 2018 оны 2 дугаар сарын 07-ноос 08-ны өдрүүдийн орчимд манай гэр бүл уг орон сууцанд нүүж орсон. Байрных нь гэрчилгээ хүүхдийнх нь нэр дээр байдаг бөгөөд Г- “байрны гэрчилгээгээ шилжүүлж ав” гэж хэлэхэд нь би ажил ихтэй завгүй байсан учраас эгч Б- өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан. Тэгээд 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн орчимд байрыг миний нэр дээр шилжүүлж гэрчилгээ нь гарсан. 2018 оны 4 дүгээр сард Г.Г- эгч Б-ээс урьдчилгаанд 50.000.000 төгрөг нэхсэн. Б- эгч бид хоёр мөнгийг нь өгөхийн тулд байрыг “...” ББСБ-д 1 жилийн хугацаатай 3.5 хувийн хүүтэйгээр 150.000.000 төгрөгийг барьцаалж, Г-д 50.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Харин үлдсэн 100.000.000 төгрөгийг Б.Б- эгчид өгсөн. Учир нь манай эхнэрийн эзэмшлийн Морингийн гудамжинд байдаг газар дээр эгч Б-ийн компани, 4 давхар 16 айлын орон сууц барьж байсан учраас мөнгийг нь энэ ажилд зарцуулсан. ББСБ-д төлбөрийг нь би төлж байгаа. Одоо ойролцоогоор 89.000.000 орчим төгрөгний үлдэгдэлтэй байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 175-177-р хуудас/,
Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд: Хан-Уул дүүргийн 15-р хороо Стадион “... тоот орон сууц, зоорийн давхрын 96 тоот авто зогсоол нь Б.Б-ийн өмчлөлд 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр бүртгэсэн. / хх-ийн 1-р хавтас 6-р хуудас/,
Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд: 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр А.Э-, Б.Б-, Э.Т-, Э.Т-нар нь Б.Б-тэй Хан-Уул дүүргийн 15-р хороо Стадион “... тоот орон сууц, зоорийн давхрын 96 тоот авто зогсоолыг 50.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. /хх-ийн 1-р хавтас 7-8-р хуудас, 149-150, 193-194-р хуудас/,
Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд: Хан-Уул дүүргийн 15-р хороо Стадион оргил “... тоот орон сууц, зоорийн давхрын 96 тоот авто зогсоолын хамт Д.Э-ийн өмчлөлд 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр бүртгэсэн. / хх-ийн 1-р хавтас 24-р хуудас/,
Зээлийн гэрээнд: 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр “...” ББСБ, Д.Э- нарын хооронд байгуулсан. /хх-ийн 1-р хавтас 55-57-р хуудас/,
Зээлийн барьцааны гэрээнд: 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр “...” ББСБ, Д.Э- нарын хооронд байгуулсан. /хх-ийн 1-р хавтас 58-59, 134-141, 210-211-р хуудас/,
“Итгэлт-Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: Хан-Уул дүүргийн 15-р хороо Стадион оргил “... тоот орон сууц, зоорийн давхрын 96 тоот авто зогсоолыг 330.974.100 төгрөгөөр үнэлэв. /хх-ийн 1-р хавтас 107-119-р хуудас/,
Итгэмжлэлд: 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр А.Э-, Б.Б-, Э.Т-, Э.Т- нар нь Г.Г-д 3-н жилийн хугацаатай итгэмжлэл олгов. /хх-ийн 1-р хавтас 123-126-р хуудас/,
Төлбөр барагдуулах хэлцэлд: Б.Б-, Г.Г- нарын хооронд 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан. /хх-ийн 1-р хавтас 148, 195-р хуудас/,
“Итгэлт-Эстимэйт” ХХК-ийн 2007 оны 3 дугаар сарын 21-ний улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 1-р хавтас 151-152-р хуудас/,
М.Эрхэмбаярын хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх-ийн 1-р хавтас 153-р хуудас/,
Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд: 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо Стадион оргил ... тоот орон сууц, зоорийн давхрын 96 тоот авто зогсоолын хууль ёсны өмчлөгч нь Даваажавын Э-т шилжив. /хх-ийн 1-р хавтас 212-р хуудас/,
Шүүгдэгч Б.Б- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдачаар татах тухай прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Г.Г-тэй анх уулзахад “хоёр орон сууцыг зармаар байна” гэж хэлээд энэ 306 тоот орон сууц болон мөн байрныхаа 2 давхарт байсан 3 өрөө орон сууцыг үзүүлсэн. 306 тоот орон сууцыг “гадаадын иргэнд түрээслэж байсан. Одоо хоосон байгаа” гэж ярьснаа “чи боломжтой бол худалдаад авчих” гэж хэлэхээр нь “бодьё, эргээд яръя” гэж хэлсэн. Үүнээс хойш Г- над руу байнга залгаад “байраа худалдаад авчих, дараа нь хүүхэддээ эсвэл дүүдээ өгчихгүй юу” гэж хэлсэн. 2018 оны 01 дүгээр сарын сүүлээр цагаан сарын өмнө манай дүү Б-, нөхөр Э-ийн хамт байрыг очиж үзсэн. Тэгээд Г-гийн хүү Э- бид хоёр хоорондоо үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулаад орон сууцны ордерийг би өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Уг гэрээнд 306 тоот орон сууцыг зогсоолын хамт 50.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон тухай тусгасан. “Номин” худалдааны төвийн орчимд байсан нотариатын газарт Э- эхнэр, хүүхдүүдтэйгээ болон миний бие хамт очсон. Би Э-гаас “гэрээгээ хэдэн төгрөгөөр хийх вэ” гэж асуухад “50.000.000 гээд хийчих үү” гэхээр нь “чи өөрөө мэд” гэж хэлээд татварынх нь 1.000.000 төгрөгийг би төлсөн. Тухайн үед Г.Г- Азийн орнуудаар явж байсан. Э- надад “би Япон улс руу сургалтанд явах гэж байгаа, та ордероо шилжүүлээд авчих” гэж хэлсэн. Г.Г- гадаад улс руу явахаасаа өмнө буюу гэрээ байгуулахаасаа нэг өдрийн өмнө Э- бид хоёрыг 306 тоотод очиж үзэхэд тэрээр “би гадагшаа явах гэж байгаа тул байрны түлхүүрийг авчих” гээд манай хүргэн Э-т хоёр хувь түлхүүр өгсөн. 2018 оны 4 дүгээр сарын сүүлээр Г.Г- ирээд утсаар залгаад “мөнгө чинь бүтэж байна уу” гэж асуухад нь “арай болоогүй байна” гэж хэлсэн. 2018 оны 5 дугаар сард Г.Г- дахин над руу залгаад “автомашин худалдаж авсан чинь яаралтай мөнгө хэрэгтэй байна” гэхээр нь орон сууцыг “...” ББСБ-д 12 сарын хугацаатай 150.000.000 төгрөгний барьцаанд тавьж, бэлнээр 50.000.000 төгрөгийг Э- Г.Г-д өгсөн. Харин үлдсэн 100.000.000 төгрөгийг олон жилийн өмнөөс цугларсан өрөндөө бодож авсан. Би Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Морингийн зам гудамжны 86а тоотод 16 айлын орон сууцыг барьж, 2018 оны эхээр ашиглалтанд оруулсан тул мөнгийг тухайн барилгад зарцуулсан. Орон сууцыг буцаан өгөхдөө иргэний гэрээ байгуулан нотариатаар батлуулсан...гэх мэдүүлэг/хх-ийн 1-р хавтас 164-166-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 1-р хавтас 48, 187-р хуудас/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 1-р хавтас 52-р хуудас/, Хас банкны дансны хуулга /хх-ийн 1-р хавтас 68-73-р хуудас/, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /хх-ийн 1-р хавтас 77-78-р хуудас/, Төрийн банкны дансны хуулга /хх-ийн 1-р хавтас 83-85-р хуудас/, Б.Булгантай хамтран эзэмшдэг Хаан банкны дансны хуулга /хх-ийн 1-р хавтас 234-250-р хуудас, 2-р хавтас 1-15-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 1-р хавтас 90-р хуудас/, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны дансны хуулга /хх-ийн 1-р хавтас 128-р хуудас/, дипломын хуулбар /хх-ийн 1-р хавтас 184-186-р хуудас/, дунд боловсролын аттестат /хх-ийн 1-р хавтас 186-р хуудас/, Удирдлагын академийн сертификатын хуулбар /хх-ийн 1-р хавтас 188-189-р хуудас/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 1-р хавтас 190-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Б-т холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй байна.
Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Б.Б- нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Стадион Оргил ... тоот авто зогсоолын хамт худалдаж авна гэж хохирогч Г.Г-д итгүүлэн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр тухайн орон сууцны өмчлөх эрхийг өөртөө шилжүүлэн авч, улмаар уг орон сууцыг бусдын өмчлөл эзэмшилд шилжүүлж, банк бус санхүүгийн байгууллагад зээлийн гэрээний үүрэгт барьцаалж мөнгийг захиран зарцуулж, 330.974.100 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан болох нь:
хохирогч Г.Г-гийн ...Б.Б- бид хоёр уулзахад тэрээр “манай хүү эхнэр авч байгаа тул орон сууц худалдаж авч өгөх гэж байгаа, танай байр их боломжийн сайхан юм, эсвэл би өөрийнхөө байрыг зараад энд орвол зүгээр юм байна” гэхээр нь “надад Жапан Тауны С1 дүгээр байрны 306 тоот 3 өрөө 91.15 мкв талбайтай орон сууц байгаа, чи хүсвэл би зарна” гэж хэлсэн. Б- 2017 онд нөхөр, хүүхэд, хүргэн, бэр нарын хамт 3 удаа ирж манай байрыг үзчихээд “би худалдаж авъя, гэхдээ мөнгийг нь бэлнээр өгч чадахгүй, 2018 оны 02 дугаар сарын эхээр 10.000.000 төгрөг, 3 дугаар сард 100.000 ам.доллар, харин үлдэгдэл мөнгийг нь 5 дугаар сард өгч дуусгая” гэж хэлэхээр нь зөвшөөрөөд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дөрвөн улирлын цэцэрлэг” хотхоны С-1 дүгээр байрны 306 тоот 93.15 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг 96 тоот авто зогсоолын хамт гэрчилгээний нэрийг сольж өгсөн. ...2018 оны 4 дүгээр сарын сүүлээр Б.Б-ийн хүргэн Э- надад бэлнээр 50.000.000 төгрөг өгсөн. Б- манай орон сууцны гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авчихаад өөр хүний нэр дээр шилжүүлж, хадгаламж зээлийн хоршооноос зээл авснаа надад хэлсэн. Би Б-ээс “аль банкнаас зээл авсан юм бэ” гэж асуухад “банк бишээ, хадгаламж зээлийн хоршооноос зээл авсан” гэж хэлсэн. Б.Б- бид хоёр эртний найзууд болохоор гэрээ хэлцэл хийлгүй итгээд орон сууцыг 340.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцож үл хөдлөх хөрөнгийнхөө өмчлөх эрхийг Б-т шилжүүлэн өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 30-33-р хуудас/,
гэрч Б.Б-гийн ...Г- орон сууцыг “340.000.000 төгрөгнөөс сайн ярина” гэсэн боловч яг хэдэн төгрөгөөр худалдахаа тохиролцохгүйгээр 306 тоот орон сууцанд манай гэр бүл 2018 оны 02 дугаар сарын 26-наас 27-ны өдрүүдэд нүүж орсон. Манай нөхөр Э- Г-тэй уулзахад “би танай эгчийн найз тул та нар байранд нүүгээд орж бай, мөнгийг нь дараа ярилцъя, би гадаад улс руу явах гээд яараад байна” гэж хэлээд 5 ширхэг түлхүүр өгсөн байдаг. Манай гэр бүл тухайн орон сууцнаас 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр гарахдаа манай нөхөр Э- байрны түлхүүрийг Г-д буцааж өгсөн. Манай гэр бүлийг орон сууцанд амьдарч байхад Г- Б.Б- эгчид “яаралтай 50.000.000 төгрөг олоод өгчих, байрны ордерийг нь манай хүүхдээс авчих, би дахиад гадаад улс руу явах гээд байна” гэж хэлэхээр нь эгч Б- тухайн орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлж аваад дараа нь манай нөхөр Э-ийн нэр дээр шилжүүлсэн. Тухайн орон сууцыг барьцаалж 150.000.000 төгрөгийг банк бус санхүүгийн байгууллагаас зээлж аваад 50.000.000 төгрөгийг Г-д бэлнээр өгсөн. Харин үлдсэн 100.000.000 төгрөгийг эгч Б.Б-т өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 171-172-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Б.М-ын ...2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Д.Э- гэх хүн уг орон сууцыг манай ББСБ-д барьцаалан 12 сарын хугацаатай 3.5 хувийн хүүтэйгээр 150.000.000 төгрөгийг зээлж авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 179-181-р хуудас/,
Иргэний хариуцагч /гэрч/ Д.Э-ийн ...2018 оны 1 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд хадам эгч Б.Б- намайг дагуулаад уг орон сууцыг үзүүлж Г.Г-тэй уулзуулсан. Тухайн үед би орон сууц худалдаж авахаар сонирхож, судлаж байсан юм. Уг орон сууцыг очиж үзэхээр явж байхдаа Б.Б- надад “340.000.000 төгрөгнөөс ярина гэж байна лээ, би Г-тэй сайн ярина” гэж хэлсэн. Тэр өдрөө Г.Г- “та нар худалдаж авч байгаа бол хэзээ ч хамаагүй орж болно” гээд 5 ширхэг байрны түлхүүр өгсөн. Орон сууцыг худалдаж авахаар ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй. 2018 оны 2 дугаар сарын 07-ноос 08-ны өдрүүдийн орчимд манай гэр бүл уг орон сууцанд нүүж орсон. Байрных нь гэрчилгээ хүүхдийнх нь нэр дээр байдаг бөгөөд Г- “байрны гэрчилгээгээ шилжүүлж ав” гэж хэлэхэд нь би ажил ихтэй завгүй байсан учраас эгч Б- өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан. Тэгээд 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн орчимд байрыг миний нэр дээр шилжүүлж гэрчилгээ нь гарсан. 2018 оны 4 дүгээр сард Г.Г- эгч Б-ээс урьдчилгаанд 50.000.000 төгрөг нэхсэн. Б- эгч бид хоёр мөнгийг нь өгөхийн тулд байрыг “...” ББСБ-д 1 жилийн хугацаатай 3.5 хувийн хүүтэйгээр 150.000.000 төгрөгийг барьцаалж, Г-д 50.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Харин үлдсэн 100.000.000 төгрөгийг Б.Б- эгчид өгсөн. ББСБ-д төлбөрийг нь би төлж байгаа. Одоо ойролцоогоор 89.000.000 орчим төгрөгний үлдэгдэлтэй байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 175-177-р хуудас/,
Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд: 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр А.Э-, Б.Б-, Э.Т-, Э.Т-нар нь Б.Б-тэй байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө, худалдах, худалдан авах гэрээнд Хан-Уул дүүргийн 15-р хороо Стадион “... тоот орон сууц, зоорийн давхрын 96 тоот авто зогсоолын хамт 50.000.000 төгрөгөөр худалдсан. /хх-ийн 1-р хавтас 7-8-р хуудас, 149-150, 193-194-р хуудас/,
Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд: Хан-Уул дүүргийн 15-р хороо Стадион “... тоот орон сууц, зоорийн давхарын 96 тоот авто зогсоол нь Б.Б-ийн өмчлөлд 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр бүртгэсэн. / хх-ийн 1-р хавтас 6-р хуудас/,
Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд: Хан-Уул дүүргийн 15-р хороо Стадион оргил “... тоот орон сууц, зоорийн давхрын 96 тоот авто зогсоол Д.Э-ийн өмчлөлд 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр бүртгэсэн. / хх-ийн 1-р хавтас 24-р хуудас/,
Зээлийн гэрээнд: 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр “...” ББСБ, Д.Э- нарын хооронд 150.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. /хх-ийн 1-р хавтас 55-57-р хуудас/,
Зээлийн барьцааны гэрээнд: 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр “...” ББСБ, Д.Э- нарын хооронд байгуулсан барьцааны гэрээнд Хан-Уул дүүргийн 15-р хороо Стадион оргил “... тоот орон сууц, зоорийн давхрын 96 тоот авто зогсоолыг барьцаалсан. /хх-ийн 1-р хавтас 58-59, 134-141, 210-211-р хуудас/,
“Итгэлт-Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: Хан-Уул дүүргийн 15-р хороо Стадион оргил “... тоот орон сууц, зоорийн давхрын 96 тоот авто зогсоолыг 330.974.100 төгрөгөөр үнэлэв. /хх-ийн 1-р хавтас 107-119-р хуудас/,
Итгэмжлэлд: 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр А.Э-, Б.Б-, Э.Т-, Э.Т- нар нь Г.Г-д 3-н жилийн хугацаатай итгэмжлэл олгов. /хх-ийн 1-р хавтас 123-126-р хуудас/,
Төлбөр барагдуулах хэлцэлд: Б.Б-, Г.Г- нарын хооронд 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан. /хх-ийн 1-р хавтас 148, 195-р хуудас/ зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Г.Должинсүрэн нь “... Энэ хэрэг эрүүгийн хэрэг биш иргэний хэрэг юм. Г.Г-д 50.000.000 төгрөг өгсөн. 2018 оны 8 дугаар сард байрыг нь суллаж өгсөн...” гэсэн тайлбар гаргаж мэтгэлцэв.
Залилан мэхлэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэхээс гадна энэ гэмт хэргийн хохирогч нь гэм буруутай этгээдэд итгэж, хуурч мэхлэгдэн өөрийн эд хөрөнгөө сайн дураар шилжүүлэн өгсөн байдгаараа онцлогтой.
Тухайн хэргийн нөхцөлд: Шүүгдэгч Б.Б-, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г- нар нь Оросын Холбооны Улсад хамт суралцаж байсан найз нөхдийн холбоотой байжээ.
Шүүгдэгч Б.Б- нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г-д “орон сууцыг нь худалдаж авна” гэж итгүүлэн өмчлөх эрхийг нь өөрийн нэр дээр шилжүүлэн авч, улмаар орон сууцыг Д.Э-ийн өмчлөлд шилжүүлж, “...” банк бус санхүүгийн байгууллагад барьцаалан зээл авч 100.000.000 төгрөгийг өөрөө захиран зарцуулж бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх санаа зорилго бүхий гэмт үйлдлээ хэрэгжүүлснийг иргэний эрх зүйн харилцаанаас үүдэлтэй маргаан гэж үзэхгүй харин залилах гэмт хэргийг “урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч мэхлэх, итгэл эвдэх” аргаар үйлдэж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г-д 2018 оны 8 дугаар сард орон сууцны түлхүүрийг буцааж өгсөн боловч орон сууцны өмчлөх эрх Д.Э-ийн нэр дээр, “...” банк бус санхүүгийн байгууллагад зээлийн барьцаанд байсан ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр орон сууцыг барьцаанаас чөлөөлжээ.
Иймд шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгчөөс гаргасан өмчлөгчийн эд хөрөнгөө ашиглах, эзэмших эрхийг зөрчөөгүй, Б.Б-т холбогдох хэрэг “иргэний хэрэг” тул хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэсэн саналыг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Хохирогч энэ хуульд заасан эрхээ хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлж болно” гэж заасан ба Хан-Уул дүүргийн 15-р хороо Стадион оргил ... тоот авто зогсоолын өмчлөгч А.Э-, Б.Б-, Э.Т-, Э.Т-нар нь Япон Улсад амьдардаг тул ээж Г.Г-г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлүүлэн оролцуулахаар “Итгэмжлэл” /хэргийн 1-р хавтас 123-124-р хуудас/ олгосон байна. Иймд мөрдөн байцаалтанд Г.Г-г хохирогчоор тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан гэж үзэхгүй юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5-д “...Тухайн хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх уг эд зүйл, хөрөнгө, орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө, орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлнэ” гэж заасан. Иймд шүүгдэгч Б.Б-, түүний хүргэн дүү болох иргэний хариуцагч Д.Э- нарын хооронд 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан 291 дугаартай Хан-Уул дүүргийн 15-р хороо Стадион оргил ... тоот авто зогсоолын хамт худалдах, худалдан авах” гэрээг хүчингүйд тооцож, уг орон сууцыг А.Э-, Б.Б-, Э.Т-, Э.Т-нарын өмчлөлд шилжүүлж хохирлыг төлүүлэх үндэслэлтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 45 дугаартай Прокурорын зөвшөөрлөөр Д.Э-ийн өмчлөлд бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 15-р хороо Стадион оргил ... тоот авто зогсоолын өмчлөх эрхийг шилжүүлэх шилжилт хөдөлгөөнийг хязгаарласныг /хэргийн 1-р хавтас 131-р хуудас/ хүчингүй болгож, уг орон сууцыг А.Э-, Б.Б-, Э.Т-, Э.Т-нарын өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Б- нь “...Хуурч, ...бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, ...урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний буюу 330.974.100 төгрөгийн хохирол учруулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 заалт дахь “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэг заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Б- нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 1-р хавтас 90 хуудас/ баримтаар тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршгийг арилгахаар “...” банк бус санхүүгийн байгууллагад зээлийг төлж, орон сууцыг барьцаанаас чөлөөлсөн, 61 настай, өндөр насны тэтгэвэрт байдаг хувийн байдал, хохирогчоос “түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэх санал, эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн гаргасан санал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Б.Б-т 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг 01 /нэг/ жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Я- овогт Б-ын Б-ийг бодит байдлыг нуух замаар урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Б.Б-ийг 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан 10.000.000 төгрөгөөр торгох ялыг 01 /нэг/ жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Б-т мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар Б.Б-, Д.Э- нарын хооронд 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан 291 дугаартай Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “Дөрвөн улирлын цэцэрлэг” хотхоны 1 дүгээр байр 306 тоот орон сууц, зоорийн давхрын 96 тоот авто зогсоолыг худалдах, худалдан авах хэлцлийг хүчингүйд тооцож, А.Э-, Б.Б-, Э.Т-, Э.Т-нарын өмчлөлд шилжүүлсүгэй.
6. Энэ хэрэгт Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо, Стадион оргил “Дөрвөн улирлын цэцэрлэг” хотхоны 1 дүгээр байрны 306 тоот орон сууц, зоорийн давхрын өмчлөх эрхийг шилжүүлэх шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 45 дугаартай Прокурорын зөвшөөрлийг хүчингүй болгосугай.
7. Шүүгдэгч Б.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР