| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбаатарын Уртнасан |
| Хэргийн индекс | 309/2025/00707/И |
| Дугаар | 201/МА2026/00015 |
| Огноо | 2026-03-24 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 201/МА2026/00015
*******ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн *******5 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 309/ШШ*******5/01545 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******д холбогдох
“1 100 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий 8 орон сууцны өмчлөгч мөн болохоо тогтоолгох” тухай иргэний хэргийг хариуцагч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Г.Уртнасангийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч З.Сүхбаатар, хариуцагч *******, түүний өмгөөлөгч Д.Ган-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: “Миний бие “******* ******* *******” ХХК болон иргэн ******* нартай харилцан тохиролцож, *******2 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Бусдын эд хөрөнгийг хязгаартайгаар эзэмших, ашиглах тухай гэрээг байгуулсан. Энэхүү гэрээгээр узуфрукт өмчлөгч “******* ******* *******” ХХК нь өөрийн эзэмшлийн Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, орон сууцны 12 дугаар байрны баруун талд байрлах нэгж талбарын ******* дугаартай 1100 метр квадрат газрыг, газар дээр хийгдсэн барилгын суурь, гэрээний 2.1-д заасан архитектурын болон барилга бүтээцийн ажлын зураг, цахилгааны болон дулааны техникийн нөхцөл, хийгдээд байгаа суурийн ажлын далд ажлын акт зэргийн хамт узуфрукт эзэмшигч *******д шилжүүлэх, узуфрукт эзэмшигч ******* нь энэхүү гэрээнд заасан төлбөрүүдийг узуфрукт өмчлөгч “******* ******* *******” ХХК болон хөрөнгө оруулагч ******* надад төлөхөөр тохирсон.
Тус гэрээний гуравдугаар зүйлд Узуфруктын хариу төлбөр, төлбөрийн нөхцлийг зааж өгсөн. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т “Үлдэгдэл 1.100.000.000 төгрөгийг энэхүү гэрээний 2.1.1-д заасан газарт барилга баригдан дуусч, улсын комисст хүлээлгэн өгснөөс хойш 30 өдрийн дотор, 1 метр квадрат нь 2.200.000 төгрөгийн үнэ бүхий 550 метр квадрат талбайг узуфрукт өмчлөгчийн хөрөнгө оруулагчид хүлээлгэн өгнө. Барилгын ажлын зураг гармагц хүлээлгэн өгөх талбайн байрлалыг харилцан тохиролцоно” гэж заасан.
... Барилгын ажлын зураг батлагдсны дараа уг зурагт байгаа давхаруудын байгуулалтын зурагт үндэслэн 62 айлын үйлчилгээтэй орон сууцны барилгаас би авах талбайнуудаа буюу 7 дугаар давхарын 51.21 м.кв, 85.84 м.кв, 9 дүгээр давхарын 51.21 м.кв, 10 дугаар давхарын 51.21 м.кв, 85.83 м.кв, 97.87 м.кв, 125.37 м.кв талбай бүхий орон сууцнуудыг сонгож баталгаажуулан бид хоёр *******2 оны 12 дугаар сарын 09-ний өдөр акт үйлдсэн. ******* нь *******2 оноос эхлэн уг барилгыг үргэлжлүүлэн барих явцдаа *******3 онд дуусаагүй барилгын өмчлөх эрхийн гэрчилгээг ганц өөрийн нэр дээр, Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, Баянтүмэн-2 гудамж, ******* дугаар байр гэсэн хаягаар гаргуулан авсан байсан. Би энэ талаар сүүлд олж мэдэн гомдол гаргаж, уг дуусаагүй барилгын өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулсан юм. Одоо уг барилга баригдаж, ашиглалтад ороод байна.
******* нь уг гэрээний үүргээ зөрчиж, дээр дурдсан 7 орон сууцыг надад хүлээлгэн өгөхгүй байна. *******2 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээнд заасан 7 орон сууц нь миний өмчлөлд ирэх ёстой бөгөөд ******* нь тэдгээрийг бусдад худалдан борлуулах эрхгүй юм. Гэтэл ******* 10 дугаар давхарын 125.37 м.кв талбайг 2 хувааж, 72.23 м.кв болон 53.14 м.кв талбайтай 2 орон сууц болгон өөрчилсөн байна. ******* нь миний өмчлөлд ирэх ёстой орон сууцнуудыг бусдад худалдан борлуулахаар орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж байна.
Иймд Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, Баянтүмэн-2 гудамж, ******* дугаар байр хаягт байрлах, 62 айлын үйлчилгээтэй орон сууцны барилгын 7 дугаар давхарын 51.21 м.кв, 85.84 м.кв, 9 дүгээр давхарын 51.21 м.кв, 10 дугаар давхарын 51.21 м.кв, 85.83 м.кв, 97.87 м.кв, 72.23 м.кв болон 53.14 м.кв талбай бүхий, нийтдээ 1,100,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий 8 орон сууцны өмчлөгчөөр ******* намайг тогтоож өгнө үү.” гэжээ.
2. Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн *******ийн нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна. Иргэн *******ийн нэхэмжлэлтэй Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн холбогдох захиргааны хэргийн улмаас нэхэмжлэлд дурдсан орон сууцны барилгад улсын бүртгэлийн гэрчилгээнүүд одоог хүртэл гараагүй. Мөн Бусдын эд хөрөнгийг хязгаартайгаар эзэмших, ашиглах тухай гэрээний 3.3-д 550 метр квадрат гэдэг нь алдаатай болно. Би нэхэмжлэгчид мөнгийг нь мөнгөөр нь өгмөөр байна. Энэ барилгыг барих гэж банкнаас маш өндөр хүүтэй, өндөр зээл авч байж би барьсан. Зээлээ төлөх, барилгыг барихын тулд би орон сууцнуудыг бусдад зарах шаардлага үүссэн. Иймд дээрх орон сууцнуудыг худалдан борлуулж барилгыг дуусгаж, ашиглалтанд оруулсан. Иймд энэ орон сууцнуудыг өгөх боломжгүй... гэв.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.4-т зааснаар нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, Баянтүмэн-2 гудамж, ******* дугаар байр хаягт байрлах, үйлчилгээтэй орон сууцны 7 давхар 85.28 мкв 26 тоот, 50.96 мкв 29 тоот, 9 давхарын 50.96 мкв 39 тоот, 10 давхар 97.48 мкв 40 тоот, 85.28 мкв 41 тоот, 72.23 мкв 42 тоот, 50.96 мкв 43 тоот, 50.96 мкв 44 тоотуудад байрлах орон сууцнуудын өмчлөгч нь нэхэмжлэгч Лодойсүрэнгийн мөн болохыг тогтоож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 5 658 000 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч *******гээс 5 658 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц тус шүүхийн *******5 оны 08 сарын 07-ны өдрийн 309/ШЗ*******5/03149 дугаартай захирамж, *******5 оны 09 сарын 23-ны өдрийн 309/ШЗ*******5/03858 дугаартай захирамжуудын үйлчлэл дуусгавар болохыг дурдаж шийдвэрлэжээ.
4. Хариуцагч ******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байгаа болно.
Нэг. Хэрэг хянан шийдвэрлэсэн шүүхийн харьяаллын талаар:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана.” гэж заасан. ******* миний бие нь Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, ******* гудамж байрны 6 тоотод оршин суудаг. Шүүх байгуулах тухай хуульд зааснаар Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх нь Дорнод аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгжид оршин суух иргэнд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхээр, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт оршин суух иргэнд холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх хянан шийдвэрлэхээр заасан байна. Гэтэл Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт оршин суух надад холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хэрэг шүүхэд хянган шийдвэрлэх тухай болон Шүүх байгуулах тухай хуульд нийцэхгүй байна.
Хоёр. Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуульд заасан шаардлагыг хангаагүй талаар:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.” гэж заасан. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх нь хэсэгт (4 дэх тал)-т “нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь *******2 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Узуфрукт өмчлөгчийн хөрөнгө оруулагчид хүлээлгэн өгөх, орон сууцны талбайн байрлалыг тогтоосон акт үйлдсэн байна” гэж дүгнэсэн. Шүүхийн Акт гэж дүгнээд буй энэ баримтад миний гарын үсэг байгаа хэдий ч гар бичмэлүүд нь гарын үсэг зурснаас хойш үйлдэгдсэн. Тодруулбал энэ акт гэж дүгнээд буй баримтыг миний бие хүлээн зөвшөөрөхгүй.
Миний бие нь татгалзалын үндэслэлээ маргаан бүхий орон сууцнуудыг бусдад худалдан борлуулсан тул *******д шилжүүлэн өгөх боломжгүй гэж тайлбарлаад худалдан авсан иргэдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахыг хүссэн хэдий ч анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчиж тухайн хүсэлтийг хангаагүй болно.
Гурав. Шүүхийн шийдвэр хууль ёсны байх хуульд заасан шаардлагыг хангаагүй талаар:
Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д “Хууль буюу гэрээнд өөрөө заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.” гэж заасан. Миний бие нь *******ийн эзэмшилд ямарч эд хөрөнгө шилжүүлэн өгөөгүй бөгөөд харин шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн гэрээнүүдэд заасан иргэдийн эзэмшилд тухайн орон сууцнуудыг шилжүүлэн өгсөн, тэдгээр иргэд орон сууцанд амьдарч байгаа болно. Гэтэл анхан шатны шүүх шийдвэрийнхээ Үндэслэх нь хэсэг (4 дэх тал) Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.4 дэх хэсгийг дурдаад өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална гэж *******ийг өмчлөгч мэтээр дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрийг бүхэлд хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.” гэжээ.
5. Хариуцагчийн өмгөөлөгч Д.Ган-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий бөгөөд хуульд заасан шаардлага хангаагүй байна. Иргэний хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэг буюу шүүхийн харъяаллыг зөрчсөн байна гэж үзсэн. Анхнаасаа хариуцагчийн хаягийн талаар мэтгэлцэж, иргэний хэрэг үүссэний дараа сануулж хэлж ирсэн. Хэргийг шилжүүлэхгүй байгаа нь хууль зөрчсөн байна гэж гомдолд дурдсан. Анхан шатны шүүхээс үндсэндээ гэрээ болон актыг баримталж шүүхийн шийдвэрийг гаргасан. ... Мөн дараа нь талууд талбайн метр квадратын талаар 12 дугаар сарын 09-ний өдөр акт үйлдсэн байдаг. Энэ акт дээр гар бичмэлээр нэмэлт бичвэр хийгдсэн байдаг. ******* акт дээр гарын үсэг зурсны дараа гар бичвэрээр нэмж бичсэн. Энэ талаар нэхэмжлэгч өөрөө анхан шатны шүүх хуралдаан дээр хэлж байсан. Гэвч энэ баримтыг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Шүүхээс гарах шийдвэр дээр тухайн иргэний эрх ашиг хөндөгдөхөөр бол гуравдагч этгээдээр татан оролцуулдаг. Гэвч маргаан бүхий байрны эзэмшигч нарыг гуравдагч этгээдээр татан оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. ... Худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол хамгийн түрүүнд худалдаж авсан этгээд давуу эрхтэй байхаар хуульчилсан байдаг. Тэгвэл үүний дагуу анхны эзэмшигч давуу эрхийг эдлэх ёстой байна. Энэ мэт үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэв.
6. Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “*******2 онд энэ гэрээг байгуулж байхдаа тухайн үеийн ханшаар м.кв-ын үнийг тооцож бодож байсан. Гэхдээ гэрээ байгуулж байх үед мөнгө өгнө гэж огт яригдаж байгаагүй. Ийм их хэмжээний мөнгө төгрөг шилжүүлэхээр бол ядаж дансаа тодорхой тавих ёстой байсан байх гэж бодож байна. ... Барилгын зураг төсөл гарсны дараа авах талбайн хэсэг дээр акт үйлдэнэ гэж заасны дагуу л үйлдэгдсэн акт юм. Тухайн талбайн хэмжээ байршлыг гараар бичихээс өөр аргагүй байсан. ******* өөрөө байсан.” гэв.
7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Сүхбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “ ... Хариуцагчийн гомдолд бичигдсэн хаяг нь түүний хаягийн бүртгэлийг илэрхийлж байгаа боловч тухайн хаягт оршин суудаггүй. Нэхэмжлэл дээр дурдагдсан хаягт буюу Дорнод аймагт амьдардаг байгаа. Тиймээс гэрээг биелүүлвэл зохих газрын харъяаллын шүүхэд гаргах эрхтэй байдаг. Үүний дагуу нэхэмжлэлийг гаргасан гэж ойлгож болно. ... Анхан шатны шүүхэд хэрэг хэлэлцэх үед хэргийг харъяаллын дагуу шилжүүлэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзсан ба гомдол гаргасан. Үүнийг мөн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэж шүүх шийдвэрээ гаргасан. Дараагийн дугаарт *******2 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн акт яригдаж байна. Энэ актыг бичигдэх үед талууд хамт байсан. Нэмж гараар бичилт хийсэн зүйл байхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Дараагийн дугаарт гуравдагч этгээдийн талаар ярьж байна. Гэвч тухайн иргэд нь тухайн байрны хууль ёсны эзэмшигч болоогүй байгаа билээ. Ердөө урьчилгаа өгөөд амьдарч байгаа юм. Тэрнээс биш гэрчилгээ нь тухайн хүмүүсийн нэр дээр биш байдаг. ... Иргэний хууль гэрээг тэргүүн эгнээнд баримтлах ёстой талаар хуульчилсан байдаг. Гэрээнд заасан үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлэх ёстой байдаг. Тухайн гэрээн дээр нэхэмжлэгчийн эзэмшлийн талбайг хэрхэн хүлээлгэж өгөх талаар заасан байсан. Талууд үүргээ хугацаанд нь шудрагаар биелүүлэхээр тусгасан байсан. Гэвч өнөөдөр хүний эрхийг хохироох үйлдлийг хариуцагч гаргаж байгаа юм. Хариуцагчийн хийсэн үйлдэл нь бодит байдлын хувьд ч тэр хууль зүйн хувьд ч тэр хүлээн зөвшөөрөх боломжгүй нөхцөлийг бүрдүүлж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.
2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.
3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 8 орон сууцны өмчлөгч мөн болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шаардлагын үндэслэлээ “ ... миний бие "******* ******* *******" ХХК-тай хамтран ажиллаж, Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, Баянтүмэн-2 гудамжинд орон сууцны 12 дугаар байрны баруун талд байрлах нэгж талбарын ******* дугаартай 1100 метр квадрат газар дээр 16 давхар орон сууц барихад хөрөнгө оруулж, барилгын суурь тавигдсан боловч барилгын ажил цааш үргэлжлээгүй зогссон юм. Ингээд иргэн ******* нь уг барилгын ажлыг үргэлжлүүлэх санал гаргасны дагуу миний бие, "******* ******* *******" ХХК болон иргэн А.Амартүвшин нартай харилцан тохиролцож, *******2 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Бусдын эд хөрөнгийг хязгаартайгаар эзэмших, ашиглах тухай гэрээг байгуулсан. Энэхүү гэрээгээр узуфрукт өмчлөгч "******* ******* *******" ХХК нь өөрийн эзэмшлийн ... дээрх газар болон газар дээр хийгдсэн барилгын суурь, архитектурын болон барилга бүтээцийн ажлын зураг, цахилгааны болон дулааны техникийн нөхцөл, хийгдээд байгаа суурийн ажлын далд ажлын акт зэргийн хамт *******д шилжүүлэх, ******* нь гэрээнд заасан төлбөрүүдийг узуфрукт өмчлөгч "******* ******* *******" ХХК болон хөрөнгө оруулагч ******* надад төлөхөөр тохирсон. Тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар 1 100 000 000 төгрөгт тооцон барилга баригдан дуусч, улсын комисст хүлээлгэн өгснөөс хойш 30 өдрийн дотор, 1 м.кв нь 2 200 000 төгрөгийн үнэ бүхий 550 метр квадрат талбайг надад хүлээлгэн өгөх, барилгын ажлын зураг гармагц хүлээлгэн өгөх талбайн байрлалыг харилцан тохиролцохоор заасан ... Ингээд бид удалгүй 550 м.кв талбайн хэмжээ болон давхар, тоотыг тохирч акт үйлдсэн. Одоо уг барилга баригдаж, ашиглалтад орсон ... боловч ******* нь уг гэрээний үүргээ зөрчиж, гэрээгээр тохирсон орон сууцыг надад хүлээлгэн өгөхгүй байна. ... ******* нь миний өмчлөлд ирэх ёстой орон сууцнуудыг бусдад худалдан борлуулах эрхгүй байтал бусдад худалдан борлуулахаар орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж байна. Иймд Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, Баянтүмэн-2 гудамж, ******* дугаар байр хаягт байрлах, 62 айлын үйлчилгээтэй орон сууцны барилгын 7 дугаар давхарын 51.21 м.кв, 85.84 м.кв, 9 дүгээр давхарын 51.21 м.кв, 10 дугаар давхарын 51.21 м.кв, 85.83 м.кв, 97.87 м.кв, 72.23 м.кв болон 53.14 м.кв талбай бүхий, нийтдээ 1 100 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий 8 орон сууцны өмчлөгч мөн болохоо тогтоолгоно. ...” гэж тодорхойлсон.
4. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзсан ба татгалзлын үндэслэлээ “... Бидний дунд узуфруктийн гэрээ байгуулагдсан нь үнэн, энэ талаар маргахгүй ... нэхэмжлэгч захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар нэхэмжлэлд дурдсан орон сууцны барилгад улсын бүртгэлийн гэрчилгээнүүд одоог хүртэл гараагүй. Мөн Бусдын эд хөрөнгийг хязгаартайгаар эзэмших, ашиглах тухай гэрээний 3.3-д 550 метр квадрат гэдэг нь алдаатай болно. Би нэхэмжлэгчид мөнгийг нь мөнгөөр нь өгмөөр байна гэдэг саналаа хэлсэн боловч байраа авна гэсэн. ... Энэ барилгыг барих гэж банкнаас маш өндөр хүүтэй, өндөр зээл авч байж барьсан. Зээлээ төлөх, барилгыг барихын тулд би дээрх орон сууцнуудыг бусдад зарах шаардлага үүссэн. Иймд дээрх орон сууцнуудыг худалдан борлуулж барилгыг дуусгаж, ашиглалтанд оруулсан тул энэ орон сууцнуудыг өгөх боломжгүй ...” гэж тайлбарлан маргасан.
5. Хэргийн материалаас үзэхэд, нэхэмжлэгч ******* болон “******* ******* *******” ХХК-ийг төлөөлж , хариуцагч ******* нар нь *******2 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Бусдын эд хөрөнгийг хязгаартайгаар эзэмших, ашиглах гэрээ /узуфрукт/ байгуулж, Дорнод аймгийн 9-р баг, Орон сууцны 12 дугаар байрны баруун талд байрлах нэгж талбарын ******* дугаартай 1100 метр квадрат газрыг 1 500 000 000 /нэг тэр бум таван зуун сая/ төгрөгөөр тохирч, уг газрыг *******д шилжүүлэх, ******* нь төлбөрийг төлөх буюу төлбөрөөс 400 000 000 төгрөгийг “******* ******* *******” ХХК-д хуваарийн дагуу төлөх, үлдэгдэл 1 100 000 000 /нэг тэрбум нэг зуун сая/ төгрөгийг гэрээний 2.1.1-д заасан газарт барилга баригдан дуусч, улсын комисст хүлээлгэн өгснөөс хойш 30 өдрийн дотор, 1 метр квадрат нь 2 200 000 төгрөгийн үнэ бүхий 550 метр квадрат талбайг *******д хүлээлгэн өгөхөөр, барилгын ажлын зураг гармагц хүлээлгэн өгөх талбайн байрлалыг харилцан тохиролцон тогтоохоор тус тус тохиролцжээ. /хх 4-6/
Дээрх гэрээний дагуу газрыг шилжүүлэх үүргээ “******* ******* *******” ХХК болон нэхэмжлэгч ******* нар биелүүлсэн байх ба нэхэмжлэгч хариуцагч нар нь *******2 оны 12 дугаар сарын 09-ны өдөр дээрх гэрээний 3.3-т зааснаар *******д олгох 550 м.кв талбай бүхий орон сууцны талбайн хэмжээ болон давхарын байрлалыг тус тус тогтоож, уг барилгын 7 давхарт 51.21, 7 давхарт 85.84, 9 давхарт 51.21, 10 давхарт 51.21, 10 давхарт 97.87, 10 давхарт 85.83, 10 давхарт 128.37 /125.37/ нийт 548.54 м.кв талбай бүхий орон сууцнуудыг *******д өгөхөөр харилцан тохиролцож акт үйлдэн хоёр тал гарын үсэг зурж баталгаажуулсан үйл баримтууд тус тус тогтоогдсон байна. /хх 10/
6. Талууд өөрсдийн дунд Иргэний хуулийн 152 дугаар зүйлийн 152.1-т заасан бусдын эд хөрөнгийг хязгаартайгаар эзэмших, ашиглах эрх бүхий узуфруктын гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар тус тус маргаагүй.
Харин хариуцагч ******* нь гэрээнд заасан үүрэг буюу 550 м.кв талбай бүхий 8 орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлж өгөөгүй, улмаар орон сууцнуудыг бусдад худалдсанаар ******* дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсоор өмчлөх эрхтэй эсэх нь тэдний дунд үүссэн маргааны үндэслэл болжээ.
7. Анхан шатны шүүх дээрх тогтоогдсон үйл баримтуудыг хэрэгт цугларсан нотлох баримтуудтай тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь харьцуулан үзэж, хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй, нэхэмжлэгч ******* маргаан бүхий 8 орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шаадах эрхтэй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байх боловч шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.4-т заасныг тайлбарлан хэрэглэсэн нь хууль хэрэглээний алдаатай болжээ.
Тухайлбал, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасан зохицуулалт нь шаардах эрх бүхий этгээд тухайн хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болох нь тодорхой байх, хууль ёсны өмчлөгчийн хөрөнгө бусдын хууль бус эзэмшилд байхыг тус тус шаардах бөгөөд өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс хамгаалах эрхийг зохицуулсан байна.
Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 90 дүгээр зүйлийн 90.1-т тус тус зааснаар аливаа эд юмсын эзэмшил хүсэл зоригийн дагуу, эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар үүсдэг бөгөөд хөрөнгийг хууль ёсоор эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ.
Шударга эзэмшигчийн хувьд хөрөнгөө эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй болохыг Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 101 дүгээр зүйлийн 101.1-т тус тус заасан байх тул нэхэмжлэгч ******* нь маргаан бүхий 8 орон сууцыг гэрээнд зааснаар хууль ёсоор эзэмших, өмчлөх эрхтэй байна.
Түүнчлэн Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх ... үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.” гэж зааснаар хариуцагч ******* нь талуудын дунд *******2 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан гэрээний 3.3 дахь заалт болон *******2 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн орон сууцны талбайн байрлалыг тогтоосон актад тус тус заасан талбай бүхий 8 орон сууцыг хүлээлгэн өгөх үүргээ гүйцэтгэх үүрэгтэй.
Харин хариуцагч маргаан бүхий 8 орон сууцыг бусдад худалдсан нь нэхэмжлэгч *******ийн гэрээний дагуу хөрөнгөө эзэмших, өмчлөхөөр шаардах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.
8. Хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсанаар анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлийг хүлээж авахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т заасан шүүхийн харъяаллыг зөрчөөгүй байх ба хариуцагч талын бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд оролцуулах хүсэлтийг хангаагүй нь тус тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй гэж үзнэ.
Түүнчлэн хариуцагч нь *******д хүлээлгэн өгөх орон сууцны талбайн байрлалыг тогтоосон *******2 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн актад гарын үсэг зурснаас хойш талбайн хэмжээг ******* өөрчилсөн тул уг актыг нотлох баримтаар хүлээн зөвшөөрөх боломжгүй, талбайн хэмжээг буруу тогтоосон гэх татгалзлаа шүүхэд нотолж чадаагүй байна.
9. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан “... анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэх гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан боловч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисон тул түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 658 000 төгрөгийг төсвийн орлогод үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хариуцагч *******гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн *******5 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 309/ШШ*******5/01545 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “ ... Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.4-т зааснаар ...” гэснийг “... Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 186 дугаар зүйлийн 186.1-т тус тус зааснаар ...” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 658 000 төгрөгийг төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.4, 167.5 дахь хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ
ШҮҮГЧИД С.ОЮУНТУНГАЛАГ
Г.УРТНАСАН