Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 611

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Боорчи хөтөлж, 

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Отгонсүрэн,

шүүгдэгч Р.М- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүхийн шүүх хуралдаанаар,

 

  Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р-ийн М-д холбогдох эрүүгийн 1910010280608 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянавал:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Р.М- нь 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” спорт цогцолборын зааланд тэмцээн үзэж байхдаа иргэн Г.Б-ий гээсэн “Huawei P-20” маркийн гар утсыг олж хувьдаа завшин, 476.700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                 

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

                                                                                           ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Р.М- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугийн талаар маргахгүй гэв.

 

Эрүүгийн 1910010280608 дугаартай хэргээс:

 

Хохирогч Г.Б-э мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би “...” ХХК-нд мужаанаар ажилладаг. 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр манай байгууллагын гар бөмбөгийн тэмцээн Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” спорт цогцолборт өглөөний 0900 цагаас оройн 1800 цагийн хооронд болсон. Орой 17 цаг 20 минутын орчимд тэмцээний сүүлчийн тоглолт эхэлсэн. Би зааланд сууж байхдаа өөрийн “Huawei P20” маркийн гар утсаараа интернет банк орж дансаа шалгаж үзчихээд хувцасныхаа баруун халаасанд хийсэн. 10 орчим минутын дараа дүү О- рүү мөнгө шилжүүлэхээр болоод халааснаасаа гар утсаа авах гэтэл байхгүй болсон байсан. Тэгээд би найз С-ын 99853100 гэсэн дугаараас өөрийнхөө 88655003 дугаар руу залгахад холбогдох боломжгүй болохоор нь гар утсаа алдсанаа мэдсэн. Тухайн үед миний хажууд байгууллагын ажилчид сууж байсан. Яг хэн байсныг нь сайн санахгүй байна. Би гар утсаа 2018 оны 10 дугаар сард зээлээр худалдаж авч байсан. Миний алдсан гар утас хар өнгөтэй, зүүн дээд буланд нь 2 см орчим хагарч цуурсан байгаа. Би гар утсаа 600.000 төгрөгөөр үнэлж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 10-12-р хуудас/,

Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд: “Huawei P20” маркийн гар утсыг Р.М-аас хураан авч, Г.Б-эд хүлээлгэн өгөв. /хх-ийн 7-8-р хуудас/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “Huawei P20” маркийн гар утсыг 476.700 төгрөгөөр үнэлэв. /хх-ийн 18-19-р хуудас/,

 

Яллагдагч Р.М- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо .......... тоотод эхнэр Н-, хүү Э- болон өвөө, эмээ нарынхаа хамт амьдардаг. Одоо “Оюутолгой” ХХК-ийн гүний уурхайн төслийн барилга дээр ажиллаж байгаа. 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр манай байгууллага болон “...” компаний ажилчдын дунд гар бөмбөгийн тэмцээн болсон. Би тэмцээнийг үзэгчдийн суудлаас үзэж байгаад финалын тоглолт болох үед заалны модон сандалны доод талаас хар өнгийн гялгар гэртэй “Huawei” маркийн гар утас олсон. Уг гар утас унтарсан байхаар нь халаасандаа хийгээд гарсан. Гар утсыг ашиглахгүй байж байгаад сарын дараа кодыг нь гаргаад өөрийн 88622225 дугаарыг хийж ашигласан. Би хүний гар утсыг олж хувьдаа ашигласандаа маш их харамсаж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 42-р хуудас/,

         Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: гэрч Л.Н-гийн мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 29-р хуудас/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 30-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 32-р хуудас/, “Зэт Эм И” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 63-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Гэм буруугийн талаар.

 

Шүүгдэгч Р.М- нь 2019 оны 4 дүгээр сарын 20-ны орой Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” спорт цогцолборын зааланд хохирогч Г.Б-ий гээгдүүлсэн “Huawei P20” маркийн гар утсыг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж авч завшиж 476.700 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Г.Б-ий ...10 орчим минутын дараа дүү О- рүү мөнгө шилжүүлэхээр болоод халааснаасаа гар утсаа авах гэтэл байхгүй болсон байсан. Тэгээд би найз С-ын 99853100 гэсэн дугаараас өөрийнхөө 88655003 дугаар руу залгахад холбогдох боломжгүй болохоор нь гар утсаа алдсанаа мэдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 10-12-р хуудас/,

Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд: “Huawei P20” маркийн гар утсыг Р.М-аас хураан авч, Г.Б-эд хүлээлгэн өгөв. /хх-ийн 7-8-р хуудас/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “Huawei P20” маркийн гар утсыг 476.700 төгрөгөөр үнэлэв. /хх-ийн 18-19-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

          Шүүгдэгч Р.М- нь бусдын гээгдүүлсэн эд хөрөнгө буюу “Huawei P20” маркийн гар утсыг бусдын өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж авч завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завших” гэмт хэргийн шинжийг агуулсан байна.

 

          Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж “гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгохоор, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж хуульчилан тогтоож тодорхойлсон.

Хэргийн шүүгдэгч Р.М- нь 2019 оны 4 дүгээр сарын 20-ны орой Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” спорт цогцолборын зааланд хохирогч Г.Б-ий гээгдүүлсэн “Huawei P20” маркийн гар утсыг гэмт хэрэг үйлдэгдсэн тухайн үеийн байдлаар 476.700 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон баримт хэргийн 129 дүгээр талд авагдсан, уг үнэлгээний дүгнэлтээр тогтоосон хэмжээгээр гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг 476.700 төгрөг гэж тогтоосон нь үндэслэлтэй бөгөөд энэ нь Эрүүгийн хуулиар тогтоосон бага хэмжээний хохирлоос дээш хэмжээнд хамаарах юм.

  

          Шүүгдэгч Р.М- нь гээгдэл эд хөрөнгө нь бусдын эзэмшил, өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 476.700 төгрөгийн хохирол учруулсан үйл баримтын талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

        Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийн дээрх гэмт үйлдлийг “гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 476.700 төгрөгний хохирол учруулсан” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотлогдвол зохих байдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн шалгаж тогтоосон байна.

 

          Иймд шүүгдэгч Р.М-ыг гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 476.700 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

           Шүүгдэгч Р.М- нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

           Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

 

            “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Бат-Эдэний эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг 476.700 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайлан хэрэгт авагдсан /хх-ийн 19-р хуудас/ ба шүүгдэгч Р.М- нь “Huawei P20” маркийн гар утсыг хохирогч Г.Б-эд биет байдлаар буцаан өгсөн нь эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр /хх-ийн 7-8-р хуудас/ нотлогдож байх тул шүүгдэгч Р.М-г бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

  Эрүүгийн хариуцлагын талаар.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Р.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан ба, шүүгдэгч Р.М- нь эрүүгийн хариуцлагын талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Р.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг биет байдлаар буцаан өгч учруулсан хохирлыг төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай, тогтмол орлоготой хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Р.М-д мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Р.М- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг дурдав.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон      

                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. Ямаат овогт Р-ийн М-г гээгдэл эд хөрөнгө завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.М-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Р.М-д мэдэгдсүгэй.

            4. Шүүгдэгч Р.М- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Р.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Х.ОДБАЯР