Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2024/ХШТ/100

 

 

 

Г.Ч-ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Батцэрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаяр, хохирогч Н.Ц, Э.Э, тэдгээрийн өмгөөлөгч Ж.Хандсүрэн, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 127 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 412 дугаар магадлалтай, Г.Ч-ад холбогдох хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ... онд төрсөн, боловсролтой, ял шийтгэлгүй, Ч.

 

Шүүгдэгч Г.Ч- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 12 цаг 50 минутын орчим Баянзүрх дүүрэг 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хошой саятан” авто засварын зүүн замд “...” загварын ... дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 9.9, 10.1 дэх хэсгүүдийг зөрчсөний улмаас Н.Цы жолоодож явсан “...” загварын мопедтой мөргөлдөж Н.Ц, Э.Э нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Г.Ч-ыг  “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2-т зааснаар Г.Ч-ад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар буюу Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, зөвхөн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс “Х” ХХК-ний Баянзүрх дүүрэг дэх 2 салбар руу явах чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэх нөхцөлөөр эдлүүлж,

шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Г.Ч-ад мэдэгдэж,

тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж,

хохирогч Н.Ц, Н.Э нар энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм хорын хохиролтой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Г.Ч-аас нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “... Б ХХК-ийн Баянзүрх дүүрэг дэх 2 салбар руу...” гэснийг “... Б ХХК-ийн Баянгол дүүрэг дэх салбар руу...” гэж өөрчилж,

тогтоох хэсэгт:

“Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ч-аас нийт 10.450.000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Цд 5.500.000 төгрөг, хохирогч Э.Эд 4.950.000 төгрөгийг тус тус олгосугай” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж,

хохирогч Н.Ц, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хангаж шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Г.Ч- гаргасан гомдолдоо “... давж заалдах шатны шүүх хохирогч Н.Ц, Н.Э нарт нийт 10.450.000 төгрөг гаргуулахаар шийдсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь хоёр шатны шүүх өөр өөр тайлбарлаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1-д заасныг зөрчсөн гэж үзэж байна.

2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” 25 тоот тогтоол батлагджээ. Энэхүү аргачлалын 3 дахь хэсгийн 3.2-т “Сэтгэцийн эмгэгийн зэргийг шүүхийн шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасны дагуу шинжилгээний байгууллага тогтооно” гэж заажээ. Үүнээс үзэхэд шинжилгээний дүгнэлт гараагүй байхад сэтгэцэд хор уршиг, эмгэг учирсан гэж давж заалдах шатны шүүх үзэж хохирол гаргуулсан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд гомдлыг хүлээн авч Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 412 тоот магадлалын хохирогч нарт нийт 10.450.000 төгрөг гаргаж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Мөн шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаяр хэлсэн саналдаа “... Г.Ч-ын гаргасан гомдлыг дэмжиж байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн. Давж заалдах шатны шүүх хохирогч нарын сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоосон шинжээчийн дүгнэлт гараагүй байхад шүүгдэгчээс 10,450,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 412 дугаар магадлалын Г.Ч-аас нийт 10.450.000 төгрөгийг төгрөгийг гаргуулж хохирогч Н.Цд 5,500,000 төгрөг, хохирогч Э.Эд 4.950.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Мөн шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Ж.Хандсүрэн хэлсэн саналдаа “... Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 412 дугаар магадлалаар хохирогч Н.Цд 5,500,000 төгрөг, хохирогч Э.Эд 4,950,000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан журам, Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын дагуу хохирогч нарын сэтгэцэд учирсан хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Прокурор шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... анхан болон давж заалдах шатны шүүхийн хэргийн үйл баримтад хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр болжээ.

Харин хэргийг шийдвэрлэхдээ хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг зөрүүтэй байдлаар дүгнэж шийдвэрлэсэн байх тул дараах дүгнэлтийг гаргаж байна.

Шүүхийн шинжилгээний тухай хууль батлагдсантай холбоотойгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар прокурор, мөрдөгч нь өөрийн санаачилгаар, эсхүл оролцогчийн хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах асуудлыг тодруулахаар.сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохоор шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, шинжээч томилохоор өөрчлөлт орсон. Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай тушаалын 2-р хавсралт баталсан. Тус журмын 2.1-д “Эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэн шүүх шинжилгээний байгууллагын сэтгэцийн эмч, сэтгэл зүйч нар гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг хийнэ” гэж заасан. Гэхдээ энэ журамд “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-д гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг нийт 6 төрлийн гэмт хэрэгт шинжээч томилохгүйгээр шууд зэрэглэл тогтоохоор зохицуулсан бөгөөд үүнд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг хамаарч байна.

Тодруулбал, тусгай мэдлэг бүхий шинжээчээр сэтгэцэд учирсан хохирлын хэмжээг тогтоолгох нь зүйтэй боловч яагаад эдгээр 6 төрлийн гэмт хэрэгт заавал тогтоох шаардлагагүй, хүснэгтэд заасан аргачлалыг шинжээчийн дүгнэлтийн адил хүчинтэй гэж нарийвчлан журамласан нь учиртай. Эдгээр тухайлсан 6 төрлийн гэмт хэрэг нь судалгаагаар нийгэмд ихэвчлэн үйлдэгддэг гэмт хэргүүд бөгөөд гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэнд, амь насанд ноцтой хохирол, хор уршиг учруулахааргүй, нийгэмд аюултай шинж чанараараа бусад хүнд хэргүүдийг бодвол хөнгөн ангиллын хэргүүдийг хамааруулсан нь хүний зөрчигдсөн эрхийг богино хугацаанд мөнгөн хэлбэрээр сэргээх, мөрдөн шалгах ажиллагааны цаг хугацааг хэмнэх, төрөөс гарах зардлыг буруулах ач холбогдолтой байдлаар зохицуулжээ. Хохирогч тухайн хүснэгтээр тогтоосон хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдол гаргаж, шинжээч томилуулан эрх нь нээлттэй байхаар журамласан байна. Иймд хууль болон журмын агуулгад нийцүүлэн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн байр суурьтай өнөөдрийн хуралдаанд оролцож байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Эрх зүйн шинэ ойлголтын хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой хэмээн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн гомдлыг  үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасан эрх хэмжээний хүрээнд Г.Ч-ад холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх, шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэв.

 

Шүүгдэгч Г.Ч- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 12 цаг 50 минутын орчим ... дүүрэг ... дугаар хорооны нутаг дэвсгэрт “....” загварын ..... дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 9.9, 10.1 дэх хэсгүүдийг зөрчиж Н.Цы жолоодож явсан “....” загварын мопедыг мөргөж Н.Ц, Э.Э нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.

 

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарлах замаар хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн байж болзошгүй, эсхүл сөргөөр нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Ч-ын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан талаар зөв тайлбарлан зүйлчилж, хуульд заасан төрөл, хэмжээний ялыг оногдуулсан байна.

 

Харин анхан шатны шүүх “... гэмт хэргийн хохирогч бүрд сэтгэцийн хор уршиг, эмгэг учрах боломжгүй бөгөөд ... хохирогч нарын мэдүүлэгт сэтгэцэд учирсан хор уршгийн шинжтэй агуулга илэрхийлэгдээгүй, шүүхийн хэлэлцүүлэгт оролцож буй байдал, биеийн хэлэмж зэргээр хохирогч нарын сэтгэцэд хор уршиг учирсан, сэтгэцийн эмгэг өвчин тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй байна” гэсэн дүгнэлт хийж хохирогч нарын сэтгэцэд учирсан гэм хорын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон нь учир дутагдалтай болжээ.

 

Давж заалдах шатны шүүх хохирогч Н.Ц, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарын гаргасан “сэтгэцэд учирсан хор уршиг” нэхэмжилсэн гомдлыг хянан хэлэлцэж 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш бий болсон харилцаанд хамааралтай эдийн бус гэм хорыг арилгах тухай Иргэний хуулийн зохицуулалтыг хэрэглэж Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих /Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл/ гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах аргачлалын хүснэгтэд зааснаар тогтоож шүүгдэгчээс гаргуулахаар зөвтгөж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Г.Ч-ын хяналтын шатны шүүхэд гаргасан “... давж заалдах шатны шүүхийн хохирогч нарт нийт 10.450.000 төгрөг гаргаж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 412 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Ч-ын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ                                              М.ПҮРЭВСҮРЭН

 

       ШҮҮГЧИД                                                  Б.БАТЦЭРЭН

 

                                                                                           С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                                                                                              Ч.ХОСБАЯР

 

                                                                                                              Б.ЦОГТ