| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 144/2025/00573/И |
| Дугаар | 203/МА2026/00008 |
| Огноо | 2026-03-18 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 203/МА2026/00008
Г.*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, шүүгч Т.Дэлгэрмаа, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 144/ШШ2026/00047 дугаартай шийдвэртэй,
Г.*******ийн нэхэмжлэлтэй
Б.*******т холбогдох
21,688,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хариуцагч Б.*******ийн гаргасан давж заалдах гомдлоор 2026 оны 02 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.******* /цахим/, хариуцагч Б.******* /цахим/, нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: миний бие 2025 оны 05 сарын 30-ны өдөр *******гийн *******той №0569 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ хийсэн тул гэрээнд 60м2 амины орон сууц, 12м2 террастай байшин барих гэрээг нотариатаар баталгаажуулан хийсэн. Б.******* нь 5 сарын 31-ээс 6 сарын 02-ны хооронд урьдчилгаа болох 9,700,000 төгрөг, *******гын ******* /*******/ Хаан банкны дансанд авсан. Б.******* нь барилгын суурь болох хундамаа 5-8-ны өдрийн хооронд хийж дуусгаад төлбөрийг 6 сарын 4-7-ны хооронд тус тусад нь нийт 16,000,000 төгрөг авсан. Хундаамаа хийж дуусгаад 16,000,000 төгрөгийг миний бие цувуулан 6 сарын 08-ны өдрөөс хойш 14 хоногт хундамаа услаарай гээд явсан.
Б.******* нь 7 сарын 21-ний өдөр 1 машин блок буулгаад 7 сарын 24-ний өдөр 100 ширхэг блок буулгуулсан. Тэгээд ирэхгүй байж байгаад 8 сарын 05-ны өдөр ирж 2 хүнээр өрлөгөө хийлгэсэн. Өрлөгийг маш муу нэвт завсартай шавар өрлөг хийлгэн хаалганы хэсэг нь нурсан.
Мөн дахиж бөөн юм болж залгаж залгаж дуудаад 8 сарын 29-ний өдөр 2 хүнтэй ирж бүс бетон болон дээврийн мод зангидах ажил хийсэн боловч бүс бетон нь 1 ширхэг 10 мм-ийн нарийн төмөр утсаар 1 эгнээ хийсэн. Таазыг хар фанераар хадаж хийсэн. Дээврийн бэхэлгээ бүс бетоноос нарийн төмөр утсаар буруу авсан байсан. Барилга барьсан хөөсөн блок нь даацын блок биш дүүргэгчийн блок тул 4 талд босоо даацын баганатай хийх байсан боловч шууд өрсөн. Бид өөрсдийн мөнгөөр дахиж дээврийн мод, төмөр, дан нуруу тавих палк худалдан авч дахин өөр барилгачдаар 9 сарын 15-аас хойш хийлгэж байна. Мөн 9 сарын 01-05-ны хооронд дээвэр хийж байхдаа Цогтцэций сумын Нэргүй модны худалдаанд нийт 5,097,000 төгрөг өгөөгүй байсан.
Мөн барилга барьж байхдаа 88606663 дугаартай хүнээс утас аваад төлбөрийг нь өгөөгүй байна. Б.******* нь гэрээнд заахдаа чанартай материалаар хийж өгнө гэж анх гэрээ хийсэн боловч маш чанар муутай материалаар гадна хананы өрлөг, дээврийн мод буруу угсарсан. Б.******* нь 7 сарын 11-ний өдөр түлхүүр гардуулахаар барилга барьж дуусгах байсан. 9 сарын 05-ны өдөр дээврийн шувуу оройг буруу хийлгээд дахиж мөнгө өгөхөөр нэхсэн. Бид 9 сарын 05-ны гэрээг зогсоохоор ярьж зогсоосон. Гэрээний үнэ 64.200.000 төгрөг, үүнээс урьдчилж өгсөн 9,630,000 төгрөгийг хасаад үлдэх 54,570,000 төгрөгөөс хугацаа хэтрүүлсэн гэж үзэж алдангийг тооцсон.
Хугацаа нь 7 сарын 11-ээс 09 сарын 05-ны өдөр хүртэл нийт 56 хоног хугацаа хэтэрсэн бөгөөд үүнээс ажилласан хоногийг хасаад 40 хоногийн алданги 0,5 хувиар тооцоод 10,785,600 төгрөг байна. Мөн дээвэр болон өрлөгөө бүрэн дуусгаад авах байсан мөнгийг урьдчилан 16,000,000 төгрөг авсан. Энэ 16,000,000 төгрөгөөс мод авсан мөнгийг хасаад үлдсэн төлбөр нь дээврийн төмөр 3,0, 000 төгрөг, цонх 2,700,000 төгрөг, хамар ханын блок 1,600,000 төгрөг, дам нурууны модонд 200,000 төгрөг, шалны өнгөлгөөний ажлын хөлсөнд 1,500,000 төгрөг, дээвэр, хана, шал, хаалга цонх хийлгэсэн ажлын хөлс 1,903,000 төгрөг зэргийг би дахин хийсэн тул 10,903,000 төгрөг буцаан нэхэмжлэх хүсэлтэй байна. Иймд нийт 21,688,600 төгрөг нэхэмжлэх хэрэгтэй байна.
Иймд Б.*******оос 21,688,600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан баримтлан хариуцагч Б.*******оос ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 3,660,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 18,028,600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 266,393 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 73,510 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.*******т олгож, шийдвэрлэжээ.
3. Хариуцагч Б.*******ийн давж заалдах гомдлын агуулга:
би Г.*******тэй 2025 оны 05 сарын 30-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ" байгуулан, 60мкв талбай бүхий амины орон сууц, 12мкв террастай байшин барих гэрээ байгуулсан. Амины орон сууцны ажлын урьдчилгаа 9.700.000 төгрөгийг аваад, ажлаа эхлүүлсэн. Ажлаа байшингийн суурь хундам цутгалт хийсэн энэ ажил нь 10 хоногт хийсэн. Уг нь бид 5 хоногтоо дуусгасан. Гэтэл ******* голоод дахин 5 хоног хийлгэсэн. Үүний дараа 6 сарын 4-7 хооронд 16.000.000 төгрөг дахин аваад, 7 сард наадмын дараагаас 8 сарын 4-ний өдөр хүртэл өрлөгийн материалаа аваачиж тээвэрлэж тавиад, 8 сарын 9-ний өдрөөс 11-ний өдөр хүртэл ханын өрлөг явсан. Үүний дараа арматур зангидаж бүс бетон тавьсан. Дээврээ бүтнээр нь хийж дуусгасан.
Дээврийн төмрөөс бусад бүх ажлыг хийсэн. Ингээд би нийт ажлын буюу барилгын 70% гүйцэтгэсэн. Энэ хугацаанд урьдчилгаатайгаа нийлээд 41.700.000 /дөчин нэгэн сая долоон зуун мянган/төгрөг *******ээс авсан. Энэ мөнгөнд баригдаж барилгын материал эд зүйлс болон ажлын хөлс нийлээд 41,700,000 төгрөг болсон. Үүнээс хойш хамгийн сүүлд 2025 оны 08 сарын 4, 5-аас хойш ******* бид санхүүгийн асуудлаас маргаан үүсэж эхлээд, үлдэх мөнгөө өгөхгүй ажил саатуулаад байхаар нь ажил цааш явахаа болиод байтал ******* өөрөө ажлаа зогсоохыг шаардсан. Өдөр бүр бид нар өөрсдөө хийе, наад хийж буй зүйлээ боль гэж дарамталж шахсаар ажлаа бүр зогсоосон.
Иймд би хийсэн ажлын гүйцэтгэлд 70%-д тохирох хэмжээний ажлаа хийж гүйцэтгэснийг шүүхээс судалж үзээд, үнэн зөв тогтоож өгсөнд баярлаж байна. Гэтэл би түүнээс гэрээний үлдэгдэл ажлыг түүний өөрийн хүсэлтээр хийгээгүйтэй дүйцэх хөлс 18,300,000 төгрөгийг огт аваагүй байхад тэр мөнгөнөөс алданги тооцож, 40 хоног алданги гэж 3,660,000 төгрөгийг надаас гаргуулахаас шийдсэнд гомдолтой байна. Гэрээний алданги гэдэг нь миний буруутай үйл ажиллагаа, үүргээ зөрчсөнөөс учирсан бол төлөх хариуцлага юм. Гэтэл би ажлаа сайн дураар гэрээгээ зөрчиж хаяж яваагүй. Харин ******* өөрөө сайн дураар миний зөвшөөрөлгүйгээр гэнэтхэн гэрээгээ зөрчиж, зүв зүгээр хийж гүйцэтгэлтэй явж байсан ажлыг өдөр бүр болихыг шаардаад, зогсоолгосон. *******ийн энэ гэрээт ажлыг өөрийн хүслээр зогсоолгосон буруутай үйлдэлд би яагаад хариуцлага хүлээж, түүнд аваагүй мөнгөний алдангийг төлөх ёстойгоо ойлгохгүй гомдолтой байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэр 00047 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгч, намайг гэрээний алданги 3,660,000 төгрөгийн төлбөрийн үүргээс чөлөөлж өгнө үү.
Өөрөө хэлбэл Г.******* нь өөрөө сайн дураар хэвийн явагдаж байсан гэрээний ажлыг татгалзаж, зогсоолгосон нь яагаад надад хариуцлага хүлээлгэх болсон нь шударга бус шийдсэн гэж үзэж байна. Шүүхээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан надаас мөнгө гаргуулахаар шийдсэн нь хууль бус байна. Учир нь гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь үүргээ гүйцэтгээгүй хоног тутамд алданги төлөх хуультай байхад *******ийн өөрийн дарамт шахалт хүсэл зоригоос шалтгаалж, хугацаа хэтрүүлсэн нь миний буруу биш, би үүргээ гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл биш юм. Иймд ******* нь сайн дураар зогсоосон ажлын гэрээний хариуцлагад алданги тооцож, надаас 3,660,000 төгрөг гаргуулахаар шийдсэн шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа гомдлыг маань хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үлдэгдэл мөнгөө өгөөгүй, ажил дуусгавар болгосон. 70% хийсэн гээд байгаа ажлынх нь гүйцэтгэл 41,700,000 төгрөг гэж заасандаа хүрээгүй гэж үзэж байна. Өмнөх шүүх хурал дээр өгсөн гэж тооцоолоод больё гээд 07 дугаар сарын 11-ний өдрөөс 09 дүгээр сарын хэдэн хүртэлх алдагдлыг тооцож өгнө үү гээд шүүхээр шийдүүлэхийг хүссэнэ. Харин шүүхээс 3,600,000 төгрөгийг тогтоож өгсөн. Энэ мөнгийг төлж өгнө үү гэсэн болохоос үлдэгдэл 18,000,000 төгрөг дээр алданги тооцоогүй. Хаалга, цонх, дээврийн төмөр, шал, дотор хананы өрлөг, сангийн ажил, дулааны ажил зэрэг 70%-д нь орсон гэж тооцоолох юм бол энэ ажил хийгдээгүй. 3,600,000 төгрөгийг би тогтоогоогүй. Шүүхээс тогтоосон учир шүүхийн шийдвэрийг дагах хүсэлтэй байна. 41,700,000 төгрөг дотроо хаалга, цонх, дээвэр гээд бүх зүйл нь хийгдэж дуусаад, би 18,000,000 төгрөг өгөх ёстой байсан. Гэтэл дотор өрлөг хийгдээгүй. Гадна шавар, хаалга, цонх хийгдээгүй учраас би энэ ажлыг зогсооё гэсэн хүсэлт гаргасан. Чатаар мэдээлэл өгч, хоорондоо холбогдсон, огт мэдээлэл өгөөгүй, гэрээ дуусгавар болгосон зүйл байхгүй гэв.
5. Хариуцагч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 18,000,000 төгрөгийг огт аваагүй учраас мөнгө төлөхийг хүсэхгүй байна. Ажлын явцад нэхэмжлэгч талаас шахалт их байсан. Аливаа юм наанатай, цаанатай байдаг гэдэг утгаараа би маш их тэвчсэн. Тэгсэн боловч нөхөр нь агсан тавьж, эхнэр боль гэдэг болсон. Сүүлдээ нэхэмжлэгч талын шийдвэрээр ажлаа зогсоосон. Би болихгүй гэж маш их хичээсэн боловч хүчээр болиулсан. Тэгж болиулчхаад янз янзын юм хийсэн байдаг. Ингэж болиулчхаад мөнгө өгөхгүй гэж бодсон боловч мөнгө нэхсэн. Би 3,600,000 төгрөгийг төлмөөргүй байна. Яагаад гэхээр гар дээрээ аваагүй, хараа ч үгүй мөнгийг би төлөхийг үнэхээр хүсэхгүй байна. Би 18,000,000 төгрөг аваагүй учраас хүү төлөхийг үнэхээр хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Би баян хүн биш. Өнөө, маргаашаа ажил төрөл хийж л аргацаадаг хүн. Тэр их мөнгийг аваагүй байж, мөнгө төлөхийг би хүлээн зөвшөөрч чадахгүй гэв.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Г.******* хариуцагч Б.******* нар нь 2025 оны 05-р сарын 30-ны өдөр №0569 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ба гэрээгээр 60 м2 амины орон сууц, 12 м2 террастай байшин барихаар, гүйцэтгэх ажлын нийт хөлс 64,200,000 төгрөг байхаар талууд тохиролцсон байна. Нэхэмжлэгч ...Гэрээний үнэд илүү төлсөн 10,903,000 төгрөгийг буцаан нэхэмжлэх, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн 40 хоногт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож 10,785,600 төгрөг, нийт 21,688,600 төгрөгийг хариуцагч Б.*******оос гаргуулахаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч Г.******* нь анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасган зөвхөн алданги 10,785,600 төгрөг /алдангийг гэрээний нийт үнийн дүн болох 64,200,000 төгрөгөөс урьдчилгаа 9,630,000 төгрөгийг хасаад үлдэх 54,570,000 төгрөгөөс өдрийн 0,5 хувийн алданги нь 272,850 /54,570,000/100*0,5=272,850/ төгрөг, байрыг гэрээний дагуу хүлээлгэн өгөх 2025 оны 7 сарын 12-ны өдрөөс гэрээг цуцлах 2025 оны 09 сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанаас ажил хийсэн өдрийг нь хасаад 40 хоногийн алданги ойролцоогоор 10,785,600 төгрөг/-ийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн ба барилгын материал ба ажлын хөлсөд илүү төлсөн гэх 10,903,000 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байна.
Хариуцагч Б.******* нь дээрх нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, харин 5 м2 илүү барилга барьсан тул энэ мөнгөө Г.*******ээс нэхэмжилнэ гэх тайлбар гаргаж маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж хариуцагч Б.*******оос ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт алданги 3,660,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 18,028,600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагч Б.******* эс зөвшөөрч анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.
Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хуулийг зөв тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн нь тус хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимтай нийцсэн байна.
Хэрэгт авагдсан баримтуудаар зохигчид 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 0569 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Өгөөмөр 4 р баг 8-7 тоот хаягт баригдах 60 м2 амины орон сууц, 12 м2 террастай барилгын ажил байх ба түлхүүр гардуулан өгөх нөхцөлтэй, шууд амьдрах зориулалттай барилгын ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч 2025 оны 5 сарын 30-ны өдөр 9,630,000 төгрөг, хундамаа бүрэн цутгасны дараа 16,050,000 төгрөг, дээврээ хийгээд өрлөгөө хийсний дараа 19,260,000 үлдсэн 19,260,000 төгрөгийг түлхүүр гардуулан өгсний дараа тус тус шилжүүлэх, 2025 оны 7 дугаар сарын 12-ны өдөр үр дүнг /байрыг/ хүлээлгэн өгөхөөр тохиролцон байгуулсан байна.
Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.
Зохигчид ажил гүйцэтгэх гэрээ болон шилжүүлсэн төлбөрийн талаар маргаагүй, барилгыг хугацаандаа дуусгаагүй учир нэхэмжлэгч /захиалагч/ 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр гэрээг Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-т Ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй. гэж зааснаар цуцалсан байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. гэж заасан, талууд ажил гүйцэтгэх гэрээний 3.8-д Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө. гэж тохирсон байна.
Иймд гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн хариуцагч /ажил гүйцэтгэгч/ нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх үүрэгтэй байна гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.
Түүнчлэн талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний Долоод: Гэрээ цуцлах журам-н талаар зохицуулсан ба 7.2-т Ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй гэснээс дүгнэхэд *******ийн энэ гэрээт ажлыг өөрийн хүслээр зогсоолгосон буруутай үйлдэлд би яагаад хариуцлага хүлээж, алданги төлөх ёстойг ойлгохгүй гомдолтой байна гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй ба талуудын хооронд байгуулсан гэрээгээр тохирсон эрхээ нэхэмжлэгч хэрэгжүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлд зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хариуцагчийн гомдлыг давж заалдах шатны шүүх хангахгүй орхисон тул гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 73,510 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 144/ШШ2026/00047 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн шийдвэрийг хүчингүй болгох тухай давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73,510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР
ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА
Т.ДЭЛГЭРМАА