Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 614

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж, 

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Энхболд,

хохирогч О.Т-,

шүүгдэгч А.А-, түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг /ҮД:0497/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүхийн шүүх хуралдаанаар,

 

  Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Булгадар овогт А-ийн А-д холбогдох эрүүгийн 1810028380088 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянавал:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч А.А- нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 120 мянгатын автобусны буудал дээр иргэн Ц.М-ын халааснаас “Самсунг Жи-7” маркийн гар утас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 330.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 120 мянгатын автобусны буудал дээр БММЗ-3, 4 дүгээр хороолол чиглэлийн автобусанд суух гэж байсан О.Т-ын халааснаас “Ай фоне Х” маркийн гар утас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 120 мянгатын автобусны буудал дээр иргэн Э.С-ын халааснаас “Самсунг Жи-6” маркийн гар утас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                           ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

Шүүгдэгч А.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугийн талаар маргахгүй гэв.

Хохирогч О.Т- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2018 оны 11 дүгээр сарын сүүлээр санагдаж байна, 120-н мянгатын автобусны буудлаас автобусанд суух гэж байхдаа гар утсаа алдсан тул хохирлоо нэхэмжилнэ гэв.

 

Эрүүгийн 1810028380088 дугаартай хэргээс:

 

Нэг. Хохирогч Ц.М- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2018 оны 11 дүгээр сарын 28-ны орой 17 цаг 30 минутын үед 120-н мянгатын зүүн талын автобусны буудлаас “Шар хад - ТЭЦ-3” чиглэлийн автобус ирэхээр нь суух гээд хүмүүстэй шахалдаад халааснаасаа автобусны картаа авч нөгөө гартаа бариад, гар утсаа авах гэтэл халаасанд байсан гар утас байхгүй болсон байсан. Тэгээд би автобусанд суулгүй тус буудлын ТҮЦ-нд орж өөрийн 99797061 гэсэн дугаар руу залгахад танихгүй эрэгтэй хүн /А-/ аваад “чи автобусанд гар утсаа унагаасан байсан, номын сангийн автобусны буудал дээр ирээд утсаа авчих” гэхээр нь номын сангийн автобусны буудал очоод өөрийн гар утас руу залгахад холбогдох боломжгүй байсан. Тэгээд би гэр рүүгээ харьсан...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,

“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “Самсунг жи-7” маркийн гар утсыг 330.000 төгрөгөөр үнэлэв. /хх-ийн 19-р хуудас/,

 

Хоёр. Хохирогч О.Т- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2018 оны 11 дүгээр сарын 28-ны орой 1800 цаг өнгөрч байхад Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 120-н мянгатын автобусны буудал дээр “БММЗ -  3, 4 дүгээр хороолол” гэсэн автобусанд суусан. Автобусанд суухын өмнө “Ай фоне Х” маркийн гар утас куртикны гадна талын баруун энгэрийн халаасанд байсан. Автобусанд суучихаад гар утсаа үзтэл байхгүй байхаар нь хүний утаснаас өөрийн 99559062 дугаар руу залгахад танихгүй эрэгтэй хүн /А-/ аваад “120-н мянгатын автобусны буудал дээр байна” гээд тасалчихсан. Дахин залгахад “19-н автобусны буудал дээр байна” гээд тасалсан. Мөн дахин залгасан боловч утсаа унтраачихсан байсан тул цагдаад мэдэгдсэн. ...Би “Ай фоне Х” маркийн гар утсаа 2018 оны 8 дугаар сард Солонгос улсаас 2.800.000 төгрөгөөр худалдан авч байсан. Миний утасны и мей код нь 359411087706293 юм. Гар утсаа 2.500.000 төгрөгөөр үнэлж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 37-38-р хуудас/,

“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “Ай фоне Х” маркийн гар утсыг 1.800.000 төгрөгөөр үнэлэв. /хх-ийн 43-р хуудас/,

Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хх-ийн 4-5-р хуудас/,

Гурав. Хохирогч Э.С- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би алдсан гар утсаа 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр шинээр нь “Технозонэ” ХХК-ийн “Самсунг центр” дэлгүүрээс 690.000 төгрөгөөр худалдаж аваад 6 хоног хэрэглэсэн тул 600.000 төгрөгөөр үнэлж байна. Би гар утсаа хувцасныхаа баруун талын халаасанд хийгээд 120-н мянгатын автобусны буудлын ТҮЦ-нээс гарч нусаа нийчихээд халааснаасаа утсаа авах гэтэл байхгүй байсан. Утсаа хайж байхад 1-2 дугаар курсын оюутан бололтой саравчтай малгайтай эрэгтэй хүүхэд эргэж хараад гүйгээд байсан. Тэр хүүхдийг миний гар утсыг авсан байх гэж бодож байна...гэх мэдүүлэг /хх-ийн 72-74-р хуудас/,

Эд зүйлийн үнэлгээнд: “Самсунг жи-6” маркийн гар утсыг 600.000 төгрөгөөр үнэлэв. /хх-ийн 76-р хуудас/,

Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хх-ийн 6-7-р хуудас/,

 

Шүүгдэгч А.А- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: Миний бие Увс аймгаас 2014 онд Улаанбаатар хотод ирсэн. Хотод гэр орон байхгүй тул Хан-Уул дүүргийн үйлчилгээний төв, 120-н мянгат, үйлдвэр, комбинат зэрэг газрын орц, траншейнаар амьдардаг байсан. 2018 оны 11 дүгээр сарын сүүлээр санагдаж байна. Би 120-н мянгатаас Сүхбаатарын талбай чиглэлийн автобусны буудлаас автобусанд суух гэж байсан үл таних эмэгтэйн /М-/ халааснаас “Самсунг галакси жи-7” маркийн гар утсыг хулгайлаад Нарантуул зах дээр танихгүй хүнд 100.000 төгрөгөөр зарсан. Хулгайлсан гар утсыг унтраагаагүй байхад танихгүй дугаараас эзэн /М-/ нь залгаад “утсаа авмаар байна” гэхээр нь “Төв номын сангийн автобусны буудал дээр хүрээд ир” гэж хэлчихээд утсыг нь унтраасан. Тухайн мөнгөөр идэж, уугаад дууссан...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/,

...2018 оны 11 дүгээр сарын сүүлээр санагдаж байна. 120-н мянгатын автобусны буудлаас автобусанд суух гэж байсан залуугийн /Т-/ “Ай фоне Х” маркийн гар утсыг хулгайлаад Гэгээнтэн төвийн ойролцоо танихгүй эмэгтэйд 150.000 төгрөгөөр зарсан. Тухайн мөнгөөр идэж, уугаад дууссан...гэх мэдүүлэг /хх-ийн 50-51-р хуудас/,

...2018 оны 9 дүгээр сар байсан санагдаж байна. 120-н мянгатын автобусны буудал дээр байдаг ТҮЦ рүү орох гэж байсан эмэгтэйн /С-/ халааснаас “Самсунг жи-6” маркийн гар утас хулгайлаад Хан-Уул дүүргийн 19-н үйлчилгээний төвд явж байсан танихгүй залууд 50.000 төгрөгөөр зарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 80-81-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 82-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 100-р хуудас/, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 50 дугаартай шийтгэвэр /хх-ийн 121-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч А.Алтантулгын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Гэм буруугийн талаар.

 

Шүүгдэгч А.А- нь:

 Нэг: 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 120-н мянгатын автобусны буудал дээр хохирогч Э.С-ын халааснаас “Самсунг жи-6” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 600.000 төгрөгний хохирол учруулсан болох нь:

хохирогч Э.С-ын ...Би баруун талын халаасанд утсаа хийгээд 120-н мянгатын автобусны буудлын ТҮЦ-нээс гарч нусаа нийчихээд халааснаасаа утсаа авах гэтэл байхгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 72-74-р хуудас/,

Эд зүйлийн үнэлгээнд: “Самсунг жи-6” маркийн гар утсыг 600.000 төгрөгөөр үнэлэв. /хх-ийн 76-р хуудас/,

Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хх-ийн 6-7-р хуудас/

 

Хоёр: 2018 оны 11 дүгээр сарын 28-ны орой 17 цаг 30 минутын үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 120-н мянгатын автобусны буудал дээр хохирогч Ц.М-ын халааснаас “Самсунг жи-7” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 330.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Ц.М-ын ...Би 120-н мянгатын зүүн талын автобусны буудлаас “Шар хад - ТЭЦ-3” чиглэлийн автобусанд суухдаа хүмүүстэй шахалдаж  халааснаасаа гар утсаа авах гэтэл байхгүй болсон байсан. Би автобусанд суулгүй тус буудлын ТҮЦ-нээс өөрийн 99797061 гэсэн дугаар руу залгахад танихгүй эрэгтэй хүн /А-/ аваад “чи автобусанд гар утсаа унагаасан байсан, номын сангийн автобусны буудал дээр ирээд утсаа авчих” гэхээр нь очоод өөрийн гар утас руу залгахад холбогдох боломжгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,

“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “Самсунг жи-7” маркийн гар утсыг 330.000 төгрөгөөр үнэлэв. /хх-ийн 19-р хуудас/,

 

Гурав: 2018 оны 11 дүгээр сарын 28-ны орой 18 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 120-н мянгатын автобусны буудлаас “БММЗ-3, 4 дүгээр хороолол” чиглэлийн автобусанд суух гэж байсан хохирогч О.Т-ын халааснаас “Ай фоне Х” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.800.000 төгрөгний хохирол учруулсан болох нь:

хохирогч О.Т-ын ...Би 120-н мянгатын автобусны буудлаас “БММЗ -  3, 4 дүгээр хороолол” чиглэлийн автобусанд суучихаад гар утсаа тэмтэрч үзтэл байхгүй байсан. Тэгээд хүний утаснаас өөрийн 99559062 дугаар руу залгахад танихгүй эрэгтэй хүн /А-/ аваад “120-н мянгатын автобусны буудал дээр байна” гээд тасалчихсан. Дахин залгахад “19-н автобусны буудал дээр байна” гээд тасалсан. Мөн дахин залгасан боловч утсаа унтраачихсан байсан тул цагдаад мэдэгдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 37-38-р хуудас/,

“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “Ай фоне Х” маркийн гар утсыг 1.800.000 төгрөгөөр үнэлэв. /хх-ийн 43-р хуудас/,

Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хх-ийн 4-5-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрх болон орон байрны халдашгүй дархан байдал нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөө болохын хувьд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан.

“Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” шууд санаатай гэмт үйлдлийг “Хулгайлах” гэмт хэрэг гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчилжээ.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийн дээрх гэмт үйлдлийг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотлогдвол зохих байдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн шалгаж тогтоосон байна.

 

          Иймд шүүгдэгч А.Алтантулгыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

           Шүүгдэгч А.А-, түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг нар нь бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, нийт 2.730.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримтын талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

           Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан ба шүүгдэгчийн үйлдсэн дээрх хулгайн гэмт хэргийн улмаас:

1. Хохирогч Ц.М-ын эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг 330.000 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний тайлан хэрэгт авагдсан /хх-ийн 19-р хуудас/ ба хохирол төлөгдөөгүй,

2. Хохирогч О.Т-ын эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг 1.800.000 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний ““Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний тайлан хэрэгт авагдсан /хх-ийн 43-р хуудас/ ба хохирол төлөгдөөгүй,

3. Хохирогч Э.С-ын эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг 600.000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ хэрэгт авагдсан /хх-ийн 76-р хуудас/ ба хохирол төлөгдөөгүй байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-ас нийт 2.730.000 төгрөг гаргуулж, хохирогч Ц.М-д 330.000 төгрөг, хохирогч О.Т-т 1.800.000 төгрөг, хохирогч Э.С-д 600.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв.

 

  Эрүүгийн хариуцлагын талаар.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч А.Алтантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Ганчимэгээс миний үйлчлүүлэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа. Шүүгдэгч А.А- нь нийт 61 хоног цагдан хоригдсон ба түүнд 488 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, цагдан хоригдсон хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож өгнө үү гэсэн санал гаргаж мэтгэлцэв.

 

Шүүхээс шүүгдэгч А.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа хэдий ч хохирогч нарт учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй, тэрээр тодорхой оршин суух хаяггүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч А.Алтантулгын 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс шүүх хэргийг хэлэлцсэн энэ өдрийн байдлаар нийт 62 хоног цагдан хоригдсон хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг дурдав.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон      

                                                                                                  ТОГТООХ НЬ:

 

1. Булгадар овогт А-ийн А-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Алтантулгыг 02 /хоёр/ жилийн  хорих ялаар шийтгэсүгэй.

  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-д оногдуулсан 02 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч А.Алтантулгын цагдан хоригдсон нийт 62 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

           5.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-ас 2.730.000 төгрөг гаргуулж, хохирогч Ц.М-д 330.000 төгрөг, хохирогч О.Т-т 1.800.000 төгрөг, хохирогч Э.С-д 600.000 төгрөгийг тус тус олгосугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Х.ОДБАЯР