| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Халзанхүүгийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 144/2022/00188/И |
| Дугаар | 203/МА2026/00009 |
| Огноо | 2026-03-25 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 203/МА2026/00009
******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Х.Гэрэлмаа , шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 144/ШШ2025/00416 дугаартай шийдвэртэй,
******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
******* ******* ХХК-д холбогдох
169,250,550 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******гийн гаргасан давж заалдах гомдлоор 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Цацралтуяа, Б.Азжаргал, хариуцагчийн төлөөлөгч Б.******* /цахим/, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баттогтох /цахим/, Р.Нямцэрэн /цахим/, нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь Зам тээврийн хөгжлийн яам болон******* ******* холбоо ТББ-ын 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Эко, жишиг тээврийн хамтран ажиллах гэрээ-ний 1 дүгээр зүйлийн 1.2-т заасан төслийг хэрэгжүүлэх, зохион байгуулах ажлын хүрээнд мөн гэрээний 1.5, 1.6, 1.7-д тус тус заасны дагуу******* ******* холбоотой 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр менежментийн гэрээ байгуулан ажиллаж байсан.
Энэхүү Эко жишиг тээвэр төслийн хүрээнд *******- чиглэлийн улсын чанартай авто замаар нүүрс тээвэрлэлтийг хяналттай, хариуцлагатай, нэгдсэн зохион байгуулалттайгаар явуулах мөн уг замын засвар, арчлалт, хяналтын үйл ажиллагааны зардлыг төслийн үр шимийг хүртэгчид буюу тээврийн компаниуд нь Эко жишиг тээвэр төслийн үр шимийг хүртэгч худалдан авагч компанитай хамтран ажиллах гэрээг байгуулж, гэрээний дагуу төлөх төлбөр, хандиваас сангийн санхүүжилт бүрдэхээр тогтоосон.
Үүний дагуу тус чиглэлд нүүрс тээвэрлэлт хийж байсан ******* ******* ХХК-тай******* Тээвэрчдийн Холбоо ТББ болон ******* ******* ХХК нарын хооронд байгуулагдсан 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн №4-01/13 дугаартай Эко жишиг тээвэрт худалдан авагчийн төлөөлөл итгэмжлэгдсэн компанитай хамтран ажиллах гэрээг байгуулсан болно.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2, 1.4 дэх хэсэгт тус тус заасны дагуу төслийн хураамжийг менежментийн компанид урьдчилан төлөх байсан боловч уг компани нь тээвэр хийх явцад төслийн хураамжийн төлбөрийг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт гаргасны дагуу бид итгэж тээвэрлэлтийг нь ямар нэгэн саадгүйгээр явуулж ирсэн. Ийнхүү ******* ******* ХХК болон******* Тээвэрчдийн Холбоо ТББ нарын хооронд байгуулагдсан 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн №4-01/13 дугаартай Эко жишиг тээвэрт худалдан авагчийн төлөөлөл итгэмжлэгдсэн компанитай хамтран ажиллах гэрээ-ний дагуу 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн 9.631 тонн нүүрс тээвэрлэж, нийт 169,250,550 төгрөгийн төлбөрийг барагдуулаагүй өнөөдрийг хүрсэн бөгөөд бид төлбөрийг төлж барагдуулах талаар компанийн удирдлага, нягтлан бодогч нартай удаа дараа утсаар ярьж мөн албан бичгээр шаардаж байсан.
Ингээд ******* ******* ХХК нь******* ******* холбоо ТББ-тай 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 12 дугаартай Эрх шилжүүлэх гэрээгээр нэр бүхий хуулийн этгээдүүдээс төлбөр гаргуулах эрхийг******* ******* холбоо ТББ-аас шилжүүлэн авсан. Үүний дагуу ******* ******* ХХК нь хураамжийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйгээс бид бусад хуулийн этгээд аж ахуйн нэгжид төлбөл зохих төлбөрөө төлж чадахгүй нөхцөл байдал үүсч, хохирч байгаа тул зөрчигдсөн эрхийг сэргээлгэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Иймд ******* ******* ХХК-аас******* ******* холбоо ТББ болон Их эрхт марал транс ХХК нарын хооронд байгуулагдсан 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн №401/13 дугаартай Эко жишиг тээвэрт худалдан авагчийн төлөөлөл итгэмжлэгдсэн компанитай хамтран ажиллах гэрээний дагуу төлбөрт 169,250,550 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн төлөөлөгч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Эрдэнэставан толгойтой Эрдэнэс таван толгой 2020, 608 дугаартай гэрээний нүүрсийг тээвэрлэх гэрээг худалдан авч талтай байгуулж Таван толгой Гашуун сухайт, Хилийн боомт чиглэлд тээврийн үйл ажиллагаа явуулж байсан.
Тухайн үед цар тахлын хөл хориотой холбогдож, Гашуун сухайт боомтын үйл ажиллагаа доголдсоноор нүүрс худалдах болон худалдан авагч талууд өөр гарц байхгүй учраас тухайн чиглэлд 2021 оны 5 дугаар сард******* ******* холбоо ТББ-тай Эко жишиг тээвэр гэх төсөл хэрэгжүүлэх замаар Зам тээврийн хөгжлийн яамтай хамтран ажиллах гэрээг байгуулсан.
Энэхүү төсөлд анхнаасаа Зам тээврийн хөгжлийн сайд хууль зөрчсөн тушаалд үндэслэгдсэн, бусдыг төөрөгдүүлсэн, хууран мэхэлж хаан боогдуулах замаар мөнгө угаах зорилго бүхий гэмт хэргийн шинжтэй үйлдэл байсан гэж бид үзсэн. Энэхүү төсөлд анхнаасаа******* ******* холбоо ТББ нь Зам тээврийн хөгжлийн яамтай байгуулсан гэрээний үүргийг биелүүлээгүй, хууль бусаар их хэмжээний мөнгө хөрөнгийг бусдаас үндэслэлгүйгээр татан төвлөрүүлсэн, зарцуулалт нь тодорхой бус гэсэн үндэслэлээр гэрээний нэг тал болох Зам тээврийн хөгжлийн яам гэрээг дангаараа цуцалж, хууль хяналтын байгууллагад гомдол гаргаснаар******* ******* холбоо ТББ түүний мөнгийг угаадаг ******* ******* ХХК-д холбогдох хэргийн бүртгэлийг 210200461 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэгдэн одоогийн байдлаар шалгагдаж байгаа.
Өнөөдрийн байдлаар уг төслийг үндэслэл болсон Зам тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 131 дүгээр тушаал албан тушаалын байдлыг урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон гэх үндэслэлээр тухайн үеийн сайдад нь эрүүгийн хэрэг үүсгэж шалгагдаж байгаа.
Манай компанийн хувьд төрийн захиргааны төв байгууллагын байгуулсан гэрээгээр баталгаажсан байгаа гэж төөрөгдөж, итгэж чиглэлийн нүүрс тээвэрлүүлэх гэсэн худалдан авах чин хүсэлтэй.
Баянзам ******* холбоо ТББ тулгаж байсан гэрээг аргагүй шалтгаанаар байгуулсан. Гэрээг анх байгуулахад Зам тээвэр болон******* ******* холбоо ТББ болон төрийн бус байгууллагын удирдлага Баярхүү олон сайхан амлалтууд өгч байсан.
Манай компанийн хувьд анх гэрээг байгуулахдаа******* ******* холбоо ТББ-тай тохирсноор сард 20-иос 38 мянган тонн нүүрс тээвэрлэх төлөвлөгөөтэй байсан.
Гэхдээ тухайн үед тээвэрлэсэн нүүрс маань анх гэрээг байгуулснаас хойш цуцлагдсан.
Нийтдээ 6 мянга гаруй тонн нүүрс тээвэрлэсэн. Бид нар яагаад нүүрсээ тээвэрлэж чадаагүй гэхээр тухайн******* ******* холбоо ТББ нь гэрээнд заасан нөхцөлийн дагуу замаа засаагүй учраас бид нар нүүрсээ тээвэрлэж чадаагүй учраас гэрээг хэрэгжээгүй гэж бодож байна гэжээ.
3. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх:
Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ******* *******" ХХК-д холбогдох******* Тээвэрчдийн холбоо ТББ болон ******* ******* ХХК нарын хооронд байгуулагдсан 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн №4-01/13 дугаартай гэрээ-ний дагуу төлбөрт 169,250,550 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,004,203 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 144/Ш32023/00097 дугаар шүүгчийн захирамжид заасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.******* давж заалдах гомдолдоо: ...Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Зам, тээврийн хөгжлийн яамнаас Зам, тээврийн хөгжлийн яам болон******* ТББ-ийн хооронд 2021 оны 03 дугаар сарын 31-ны өдөр байгуулагдсан Эко, жишиг тээврийн хамтран ажиллах гэрээ"-г 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс цуцалсан байх тул нэхэмжлэгч ******* ******* ХХК нь 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 21/01 дугаар менежментийн гэрээний дагуу******* Тээвэрчдийн холбоо ТББ болон ******* ******* ХХК нарын хооронд байгуулагдсан 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн №4-01/13 дугаартай гэрээ-ний дагуу төлбөрт 169,250550 төгрөгийг шаардах эрхгүй этгээд байна.
Иймд, дуур дурдсаныг нэгтгэн дүгнэж, Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ******* ******* ХХК-д холбогдох******* Тээвэрчдийн холбоо ТББ болон ******* ******* ХХК нарын хооронд байгуулагдсан 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн №4-01/13 дугаартай гэрээ-ний дагуу төлбөрт 169,250,550 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч нь Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн яам болон******* ******* холбоо ТББ нарын хооронд байгуулагдсан 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Эко, жишиг тээврийн хамтран ажиллах гэрээ-ний 1 дүгээр зүйлийн 1.2-т заасан төслийг хэрэгжүүлэх, зохион байгуулах ажлын хүрээнд мөн гэрээний 1.5, 1.6, 1.7-д тус тус заасны дагуу******* ******* холбоо ТББ-тай 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 21/01 дугаартай Менежментийн гэрээ-г байгуулан ажиллаж байсан.
Энэхүү Эко жишиг тээвэр төслийн хүрээнд Өмнөговь аймгийн ******* сумаас Говьсүмбэр аймгийн чиглэлийн улсын чанартай авто замаар нүүрс тээвэрлэлтийг хяналттай, хариуцлагатай, нэгдсэн зохион байгуулалттайгаар явуулах мөн уг замын засвар, арчлалт, хяналтын үйл ажиллагааны зардлыг төслийн үр шимийг хүртэгчид буюу тээврийн компаниуд нь Эко жишиг тээвэр төслийн үр шимийг хүртэгч худалдан авагч компанитай хамтран ажиллах гэрээ-г байгуулж, гэрээний дагуу төлөх төлбөр, хандиваас сангийн санхүүжилт бүрдэхээр тогтоосон.
Шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан Эрх шилжүүлэх гэрээ-ээр******* ******* холбоо ТББ нь Эко, жишиг тээвэр төслийн хүрээнд хамтарч ажиллах гэрээ байгуулсан нэр бүхий 14 үүрэг гүйцэтгэгч нараас төлбөр төлөх үүргийг шаардах эрхийн хүрээнд төлбөр мөнгө буюу эд хөрөнгө гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах, хууль хяналтын байгууллагад өргөдөл, гомдол гаргаж шийдвэрлүүлэх зэрэг бүх эрхээ бүхэлд нь эрх хүлээн авагч буюу ******* ******* ХХК-д шилжүүлсэн бөгөөд уг гэрээ нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т Хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилүүлж болно гэж зааснаар тухайн гэрээг байгуулж шаардах эрхийг шилжүүлж авсан байдаг.
Дээрх 14 нь хуулийн этгээдийн дунд хариуцагч ******* ******* ХХК орсон тул нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагчаас гэрээний үүрэг шаардах эрхтэй этгээд юм. Тодруулбал нэхэмжлэгч хариуцагчаас 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн №4-01/13 дугаартай Эко, жишиг тээвэрт худалдан авагчийн төлөөлөл итгэмжлэгдсэн компанитай хамтран ажиллах гэрээ-ний 1.2, 1.6.8, 1.6.9-д тус тус заасан үүргээ гүйцэтгээгүй тул гэрээний дагуу төлбөрт 169,250,550 /нэг зуун жаран есөн сая хоёр зуун тавин мянга таван зуун тавь/ төгрөг шаарддаг бөгөөд уг төлбөр нь хариуцагч ******* ******* ХХК нь 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 9,631.05 тонн нүүрс тээвэрлэсний 47,450,550 төгрөгийн төлбөр, постны тооцоо 1,800,000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 21-ны өдөр гэрээний 1.2-д заасны дагуу урьдчилж төлөх байсан 120,000,000 төгрөг тус тус багтсан байдаг.
Хариуцагч компани нүүрс тээвэрлэсэн дээр болон Эко, жишиг тээвэрт худалдан авагчийн төлөөлөл итгэмжлэгдсэн компанитай хамтран ажиллах гэрээ-г байгуулсантай маргадаггүй бөгөөд гэрээ цуцлагдсан байхад хураамж авсан хууль бус гэж маргадаг хэдий ч хариуцагч 2021 оны төлбөрийг 2022 он гэж андуурч тайлбарлаж байна манай компани 2021 оны төлбөр шаардаж байгааг дурдах нь зүйтэй.
Баянзам Тээвэрчдийн холбоо ТББ болон ******* ******* ХХК нарын хооронд байгуулагдсан 2021 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн №4-01/13 дугаартай гэрээ байгуулах үндэслэл болсон Зам, тээврийн хөгжлийн яам болон******* ТББ-ийн хооронд 2021 оны 03 дугаар сарын 31-ны өдөр байгуулагдсан Эко, жишиг тээврийн хамтран ажиллах гэрээ-г Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс цуцалсан гэж үзвэл хариуцагч компани нь 2021 оны 05 дугаар сарын 24-ний /******* ******* холбоо" ТББ тай гэрээ байгуулсан/ өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 20-ны / Эко, жишиг тээврийн хамтран ажиллах гэрээ-г цуцалсан өдөр хүртэл хугацаанд буюу гэрээ хүчин төгөлдөр байх хугацаанд тээвэрлэсэн нүүрсний төлбөр, хураамжийг төлөх ёстой.
Гэрээ цуцалснаар гэрээг цуцлахаас өмнө бий болсон гүйцэтгэлийн үр дүн нь гэрээ цуцалсны дараа ч хэвээр хадгалддаг байтал шүүхээс гэрээ байгуулах үндэслэл болсон үндсэн гэрээ цуцлагдсан бол хэрэгжиж байсан цаг хугацааны төлбөрийг төлөх ёсгүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна.
Шүүхээс гэрээ байгуулсан хугацаа гэрээ хүчин төгөлдөр байсан хугацааны үүргийн гүйцэтгэл зэргийг анхаарч үзэлгүй шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн ******* ******* ХХК-ийн авлага, өглөгийн тооцооны сар, өдөр, Смарт ийзи логистик ХХК-ийн Selnet программын 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны тооцоо бүртгэлийн он сар өдөр зэрэг хэрэгт ач холбогдолтой нотлох баримтад тал бүрээс нь үнэлэлт дүгнэлт өгөлгүй зөвхөн хариуцагчийн тайлбарт үндэслэн үндэслэлгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг үндэслэн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 144/ШШ2025/00416 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь******* ******* холбоо ТББ болон ******* ******* ХХК нарын хооронд байгуулагдсан 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн №Ч-01/13 дугаартай гэрээний дагуу төлбөрт 169250550 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасныг ******* ******* ХХК эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.******* эс зөвшөөрөн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулах агуулга бүхий гомдлыг гаргасан байна.
Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.
Зам тээврийн хөгжлийн яам болон******* ТББ-ын 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Эко, жишиг тээврийн хамтран ажиллах гэрээ-г /1 дүгээр хавтас хэргийн 27-31/ байгуулан уг гэрээгээр *******- чиглэлийн 407 км улсын чанартай авто замаар хариуцлагатай, хяналттай, жишиг тээвэрлэлт хийхтэй холбоотой талуудын эдлэх эрх, хүлээх үүргийн харилцааг зохицуулахаар тохиролцжээ.
Дээрх гэрээг талууд нэг жилийн хугацаатай байгуулсан бөгөөд гэрээний дагуу******* төрийн бус байгууллага нь Эко жишиг тээвэр төслийг хэрэгжүүлэхдээ *******- чиглэлийн 407 км улсын чанартай авто замаар зөвхөн маршрутын замаар олон салаа зам гаргахгүй тээвэрлэлтийг хийх, нутгийн иргэдтэй уулзалт зохион байгуулах, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдтэй хамтран ажиллах, авто зам дагуу хоёр талдаа тав, таван км-ийн дотор байрлах тээвэрлэлтийн нөлөөллийн бүсэд амьдарч буюу айл өрхийг ажилтай, орлоготой байлгах асуудлыг шийдвэрлэх, тээвэрлэлтийг эмх цэгцтэй явуулахын тулд байнгын пост байгуулах, хяналтын ажилтан ажиллуулах, явуулын засвар үйлчилгээ болон хогийн цэг байгуулах, жолооч нарыг сургалтад хамруулж аюулгүй ажиллагааны болон холбогдох дүрэм журам, зааварчилгаа өгч тухайн чиглэлд тээвэрлэлт хийх бүх тээврийн хэрэгсэлд QR код олгох, Таван толгойн орд газраас олборлолт болон тээвэрлэлт хийж буй аж ахуйн нэгж байгууллага, баяжуулах боловсруулах үйлдвэрүүдтэй гэрээ байгуулж хариуцлагатай, хяналттай тээвэрлэлт хийхэд хяналт тавьж ажиллах ажлыг зохион байгуулахаар тохиролцсон байна.
Баянзам ******* холбоо ТББ, сервис ХХК, ХХК, жим ХХК, ХХК /төсөл хэрэгжүүлэгч/ нар нь ******* ******* ХХК-тай /менежментийн компани/ 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр дугаар 21/01 Менежментийн гэрээ-г /1 дүгээр хавтас хэргийн 9-10/ 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Эко жишиг тээврийн хамтран ажиллах гэрээ түүний хавсралтаар батлагдсан Эко, жишиг тээвэр төслийн хүрээнд *******- чиглэлийн улсын чанартай авто замаар эко жишиг тээвэр төслийн үйл ажиллагааны менежментийг менежментийн компаниар хийлгэхтэй холбоотой харилцаанд талуудын эдлэх эрх, үүргийн харилцааг зохицуулах зорилготой гэрээг байгуулжээ.
******* ******* ХХК нь 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 05.20/329 дугаартай албан бичгээр******* төрийн бус байгууллагад хандан Орон нутгийн ******* ******* ХХК нь БНХАУ-ын Wulate middle banner zhong run trade Co, Ltd-н 2020/608 тоот гэрээний нүүрсийг тээвэрлэх болон Монгол талын ажлыг хариуцаж байгаа компани юм.
2020 оны 07 дугаар сараас эхлэн Өмнөговь аймгийн ******* суманд оффис төвлөрүүлэн тухайн суманд одоогоор цөөн тооны орон нутгийн хувь машинтай жолооч нар болон иргэдийг ажлын байраар хангаж Эрдэнэс таван толгойгоос Цагаан хад дахь гаалийн талбайд 65,064 тонн нүүрс буулгасан байна.
Манай компанийг орон нутгийн төрийн бус байгууллага, нутгийн иргэд, хувь машинтай жолооч нар дэмжин ажиллаа мэдэгдсээр байгаа.
Баянзам төрийн бус байгууллага нь Зам тээврийн яамтай 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Эко жишиг тээврийн хамтран ажиллах гэрээ байгуулан *******, чиглэлийн 407 км улсын чанартай авто замаар тээвэрлэлт хийх ажил эхэлсэн болно.
Эрдэнэс таван толгойгоос Говьсүмбэр хүртэл 400,000 тонн нүүрсийг 1 сард 50,000 тонн нүүрс тээвэрлэх төлөвлөгөөтэй байна.
Ийм учраас бид танай******* төрийн бус байгууллагатай хамтран ажиллах хүсэлтэй байна. Хүсэлтийг хүлээн авна уу. гэх хүсэлтийг гаргажээ.
******* ******* ХХК нь******* ******* холбоо ТББ-тай нь 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Эко, жишиг тээвэрт худалдан авагчийн төлөөлөл итгэмжлэгдсэн компанитай хамтран ажиллах Ч-01/13 дугаартай *******- чиглэлийн 407 км улсын чанартай авто замаар хариуцлагатай орон нутаг иргэдийн хяналттай эко жишиг тээвэрлэлт хийх, тээвэрлэлтийг зөвхөн маршрутын замаар олон салаа зам гаргахгүй байх, тээвэрчдийг хариуцлагатай байлгах, Таван толгойн орд газраас , 25 дугаар зөрлөг чиглэлд хийгдэж буй тээвэрлэлтийг зохион байгуулалттай хийхтэй холбоотой харилцаанд талуудын эдлэх эрх, үүргийн харилцааг зохицуулах зорилготой гэрээг байгуулжээ.
Гэрээний 1.2-т *******- чиглэлийн 407 км улсын чанартай авто замаар тээвэрлэлт хийж буй Эко, жишиг тээвэр төсөлд оролцогч ******* ******* ХХК нь Эрдэнэс таван толгой ХК-ийн ЭТТ-2020/608 дугаартай гэрээний нүүрсийг тээвэрлэж байгаа бөгөөд уг тээвэрлэлтэд оролцогчийн хувьд төслийн төлөвлөгөөний дагуу хийгдэх ажлын анхны хөрөнгө оруулалтад 120,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцож төлбөрийг Эко, жишиг тээвэр төслийн менежментийн гэрээт ******* ******* ХХК-ийн Хаан банкин дахь 5212138874 тоот төгрөгийн сан-ийн дансанд шилжүүлнэ. гэж,
Гэрээний 1.3-т Анхны хөрөнгө оруулалт нь төслийн нэг удаагийн төлбөр бөгөөд цаашид өөрийн нэр дээр явуулж байгаа тээврийн хэрэгсэл бүрээс нэг рейс тутамд 200,000 төгрөгийн төслийн хураамжийг Эко, жишиг тээвэр төслийн менежментийн гэрээт ******* ******* ХХК-ийн Хаан банкин дахь 5212138874 тоот төгрөгийн сан-ийн дансанд нэхэмжлэлийн дагуу төвлөрүүлнэ. гэж,
Гэрээний 1.6.8-д Холбоо нь *******- чиглэлийн улсын чанартай авто замаар тээвэрлэлт хийж байхдаа Эко, жишиг тээврийн төслийн оролцогч тээврийн компанийн тээврийн хэрэгсэл бүрээс рейс тутамд 200,000 төгрөг, тээврийн хэрэгслийн жолоочоос дамжин өнгөрүүлэх хяналт, бүртгэлийн *******, Өлзийт, Баянжаргалан, Сүмбэр сумын пост бүрт 5,000 төгрөгийн хураамж авч санд байршуулан Эко, жишиг тээврийн төслийн ажлын болон бусад зардлыг санхүүжүүлнэ. гэж тус тус харилцан тохиролцсон ба дээрх гэрээнүүд хуулийн хүчин төгөлдөр гэрээ болсон байна.
Дээрх гэрээний заалтуудын талаар талууд маргаагүй бөгөөд ******* ******* ХХК нь анхны хөрөнгө оруулалтад төлбөл зохих 120,000,000 төгрөгийг төлөхөөс******* ******* холбоо ТББ нь манайхыг чөлөөлсөн энэ талаар баримт хавтаст хэрэгт авагдсан гэх тайлбарыг гаргасан боловч 1 дүгээр хавтаст хэргийн 59 дүгээр талд Их говийн ******* хөгжил ТББ-ын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 10/05/15 дугаартай ******* ******* ХХК-д хандан гаргасан албан бичиг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангаагүй, мөн******* ******* холбоо ТББ нь тухайн хэргийн оролцогч биш байх тул дээрх баримт нь хэрэгт хамааралтай гэж үзэх үндэслэлгүй байна.
Баянзам ******* холбоо ТББ болон ******* ******* ХХК нь 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 12 дугаартай эрх шилжүүлэх гэрээгээр /1 хавтас хэргийн 32 дахь тал/ талууд Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн болон бусад холбогдох дүрэм, журам, тогтоолыг үндэслэн эрх шилжүүлэх гэрээг харилцан тохиролцож сайн дурын үндсэн дээр байгуулан, эрх шилжүүлэгч нь нэр бүхий хуулийн этгээдүүдтэй байгуулсан Эко, жишиг тээвэр төслийн үр шимийг хүртэгч худалдан авагч компанитай хамтран ажиллах гэрээний дагуу төлбөр төлөх үүргийг шаардах эрх буюу харьяалах шүүхэд нэхэмжлэл гаргах, эд хөрөнгө хүлээн авах зэрэг гэрээний бүх эрхийг шилжүүлэх, эрх хүлээн авагч нь Эко, жишиг тээвэр төслийн үр шимийг хүртэгч худалдан авагч компанитай хамтран ажиллах гэрээний дагуу шаардах эрхийг хүлээн авахтай холбоотойгоор талуудын хооронд үүссэн эрх, үүрэг, хариуцлага болон тэдгээртэй холбоотой бусад харилцааг зохицуулахад энэхүү гэрээний зорилго оршино гэж тодорхойлоод гэрээний 1.2-т Энэхүү гэрээний дагуу эрх шилжүүлэгч нь Эко, жишиг тээвэр төслийн үр шимийг хүртэгч худалдан авагч компанитай хамтран ажиллах гэрээг байгуулсан ... 1.2.11-д ******* ******* ХХК-аас төлбөр төлөх үүргийг шаардах эрхийн хүрээнд төлбөр мөнгө буюу эд хөрөнгө гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах, хууль хяналтын байгууллагад өргөдөл, гомдол гаргаж шийдвэрлүүлэх зэрэг бүх эрхээ бүхэлд нь эрх хүлээн авагчид шилжүүлнэ гэжээ.
Энэхүү гэрээг байгуулснаар Иргэний хуулийн 123 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч******* ******* холбоо төрийн бус байгууллагын бусдаас авах авлага өр төлбөртэй холбоотой асуудлыг менежментийн үйл ажиллагаа эрхэлж байсан ******* ******* ХХК эрх шилжүүлэх гэрээгээр бүх шаардах эрхийг бүрэн шилжүүлсэн учраас холбогдох төлбөр тооцоог нэхэмжлэх бүрэн эрх менежментийн компани болох ******* ******* ХХК-д шилжсэн байна.
******* ******* ХХК нь эрх шилжүүлэх гэрээгээр******* ******* холбоо төрийн бус байгууллагын бусдаас авах авлага өр төлбөртэй холбоотой эрхийг бүрэн шилжүүлэн авсан нь Иргэний хуулийн заалтыг зөрчөөгүй,******* ******* холбоо ТББ болон ******* ******* ХХК нарын хооронд байгуулагдсан 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн №Ч-01/13 дугаартай гэрээний дагуу гэрээ хүчин төгөлдөр дөгдөж байх үед үүссэн гэрээний төлбөрийг хариуцагч ******* ******* ХХК-аас шаардах эрхтэй байна.
Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/158 дугаартай тушаалаар Өмнөговь аймгийн ******* сумын нутагт орших Тавантолгойн нүүрсний уурхайгаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум хүртэлх улсын чанартай замаар ачаа тээвэрлэлт гүйцэтгэхтэй холбоотой асуудлаар Монгол улсын шадар сайдын 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 88 дугаарт тушаалын дагуу Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны А/140 дугаар тушаалаар томилогдсон ажлын хэсгийн дүгнэлт, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2021 оны А/268 дугаар тушаалаар томилогдсон ажлын хэсгийн дүгнэлт, Авто замын хяналтын улсын байцаагчийн 2020 оны 38-07-002-067/66 дугаар дүгнэлт, 2021 оны 38-07-067-004/120 дугаар дүгнэлтэд иргэдийн амь нас, эрүүл мэндэд аюул учрах орчин нөхцөл бүрдэж, олон салаа зам гарч, тоосжилт ихээр үүсэн, замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж, мал дайрах, малчдын хашаа хороог дайрч эвдэх, түүнчлэн Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр аймгийн засаг дарга нар болон орон нутгийн иргэдээс тээвэрлэлтийн үйл ажиллагааны талаар ирүүлсэн удаа дараагийн гомдолд дурдсан асуудал нь ...холбогдох хуулиудын заалтыг зөрчиж байгааг харгалзан Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны Эзэмших эрх шилжүүлэх тухай 227 дугаартай тушаалыг цуцалж, энэхүү тушаалыг 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн дагаж дөхөөр тогтоож, /1 дүгээр хавтас хэргийн 228-229/******* ТББ-ийн хооронд 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан Эко, жишиг тээврийн хамтран ажиллах гэрээ-г 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс цуцалсан үйл баримт тогтоогдож байна.
Анхан шатнышүүхийн Зам, тээврийн хөгжлийн яам болон******* ТББ-ийн хооронд 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан Эко, жишиг тээврийн хамтран ажиллах гэрээ-г 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс цуцалсан байх тул нэхэмжлэгч ******* ******* ХХК нь 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 21/01 дугаар менежментийн гэрээний дагуу буюу******* ******* холбоо ТББ болон ******* ******* ХХК нарын хооронд байгуулагдсан 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн №4-01/13 дугаартай гэрээ-ний дагуу төлбөрт 169,250,550 төгрөгийг шаардах эрхгүй этгээд байна. Иймд дээр дурдсаныг нэгтгэн дүгнэж, Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ******* ******* ХХК-д холбогдох******* ******* холбоо ТББ болон ******* ******* ХХК нарын хооронд байгуулагдсан 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн №4-01/13 дугаартай гэрээ-ний дагуу төлбөрт 169,250,550 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. гэсэн дүгнэлт нь хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг бүрэн хэрэгжүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна, шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй байна.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч Б.Уранбайгал нь манай компани тухайн замаар 6,000 тонн нүүрсийг тээвэрлэсэн, гэрээнд тохирсон төлбөрүүдийг төлөөгүй, 1 кг нүүрс тутамд 5,000 төгрөгөөр тооцож төлбөр төлөхийг сүүлд зөвлөлийн хурлаар харилцан тохиролцсон гэсэн тайлбарыг, нэхэмжлэгч тал гэрээг цуцалснаас хойш нэхэмжилсэн 1,644,300 төгрөгийг гаргуулан авахаас татгалзаж байна гэсэн тайлбарыг тус тус гаргасан тул 2021 оны 06 дугаар сарын 20-ноос 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн хооронд хариуцагчийн тээвэрлэсэн нүүрсний үнийг тонн тутамд 5,000 төгрөгөөр тооцож 45,806,250 төгрөг, төслийн анхны хөрөнгө оруулалтад төлөхөөр тохирсон 120,000,000 төгрөг, постын тооцоо 1,800,000 төгрөг бүгд 167,606,250 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,644,300 төгрөгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хариуцагчаас гаргуулахаас татгалзсан тайлбарыг гаргасан тул энэ тухай дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээнд тохирох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг давж заалдах шатны шүүх хангасан тул түүнээс гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 144/ШШ2025/00416 дугаартай шийдвэрийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ******* *******" ХХК-д холбогдох******* Тээвэрчдийн холбоо ТББ болон ******* ******* ХХК нарын хооронд байгуулагдсан 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн №4-01/13 дугаартай гэрээ-ний дагуу төлбөрт 169,250,550 /Нэг зуун жаран есөн сая хоёр зуун тавин мянга таван зуун тавь/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэснийг Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* *******" ХХК-аас******* Тээвэрчдийн холбоо ТББ болон ******* ******* ХХК нарын хооронд байгуулагдсан 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн №4-01/13 дугаартай гэрээ-ний төлбөрт 167,606,250 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,644,300 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг дурдсугай. гэж, 2 дахь заалтын Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,004,203 /Нэг сая дөрвөн мянга хоёр зуун гурав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. гэснийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,004,203 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХКаас улсын тэмдэгтийн хураамжид 995,981 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай. гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 1,004,203 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА
ШҮҮГЧИД Л.УГТАХБАЯР
Х.ГЭРЭЛМАА