Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 618

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Нарангэрэл,

шүүгдэгч Л.Ч- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Охиндий овогт Л-гийн Ч-т холбогдох эрүүгийн 1910020960702 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн,

 

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Л.Ч- нь 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр “...” ХХК-ний нягтлан бодогч Х.Г-ын андуурч шилжүүлсэн 725.000 төгрөгийг алдаатай гүйлгээ гэж мэдсээр байж авч завшсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Л.Ч- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугийн талаар маргахгүй гэв.

 

Эрүүгийн 1910020960702 дугаартай хэргээс:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Г- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би “...” ХХК-нд нягтлан бодогчоор ажилладаг юм. 2018 оны 10 дугаар сард Л-гийн Ч- нь манай компанид ковшийн оператороор ажилд орж, 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан. Оронд нь 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Алтангэрэлийн Ч- ковшийн оператороор ажилд орсон. 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр ажилчдын сарын урьдчилгаа цалинг бодоод цалингийн цэсийг Төв Хаан банкинд өгсөнөөр Хаан банк цэсэн дээрхи хүмүүсийн данс руу цалинг нь шилжүүлсэн. Гэтэл би ажлаасаа гарсан Л.Ч-ийн дансны дугаарыг А.Ч-ийн дансны дугаартай андуурч цэсэнд бичсэн байсныг 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр мэдсэн. Тэгээд Л.Ч-ийн утас руу залгаад “чиний данс руу шинээр ажилд орсон А.Ч-ийн 725.000 төгрөгийн цалинг андуурч шилжүүлсэн байна” гэхэд “би ажилд орчихсон хөдөө байна, цалин гэж мөнгө орсон үгүйг мэдэхгүй байна” гээд утсаа салгасан. 2-3 цагийн дараа дахин залгаад “чи дансаа үзсэн үү” гэхэд “би мөнгийг нь үрчихсэн, одоогоор ажилгүй байгаа тул 8 дугаар сард өгье” гэж хэлэхээр нь итгээд хүлээж байтал өгөхгүй утсаа салгаад алга болсон. Л.Ч- нь 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр ажлаасаа гарсан бөгөөд урьдчилгаа цалин болох 755.000 төгрөгийг 6 дугаар сарын 20-ны өдөр, үлдэгдэл цалин 870.805 төгрөгөн дээр амралтын мөнгө 891.000 төгрөг буюу нийт 1.761.508 төгрөгийг 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр данс руу нь шилжүүлсэн. Л.Ч- нь сарын 1.550.000 төгрөгийн цалинтай бөгөөд хээрийн нэмэгдэл, илүү цагийн мөнгө гээд гар дээр 1.755.000 төгрөг авдаг. Ажлаасаа гарахад нь цалин, амралтын мөнгө гээд нийт 2.540.000 төгрөгийг шилжүүлсэн юм. Тэгэхээр Л.Ч-ийн авах ёстой бүх мөнгийг нь өгснийг мэдсэн гэсэн үг. 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр байгууллагын мэйл хаяг руу “миний үлдэгдэл цалин өнөөдөр орох уу” гэж бичсэн байхаар нь “өнөөдөр орно” гэсэн хариу өгөөд, тэр өдрөө үлдэгдэл цалин, амралтын мөнгө орсон. ...Л.Ч-оос 725.000 төгрөгийг хүлээж авсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 4-6, 47-р хуудас/,

“...” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн “Л.Ч-ийн хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” Б/67 дугаартай тушаал /хх-ийн 14-р хуудас/,

 “...” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн “А.Ч-ийг туршилтын хугацаагаар ажилд авах тухай” Б/73 дугаартай тушаал /хх-ийн 15-р хуудас/,

“...” ХХК-ийн Хаан банкны дансны хуулга, ажилчдын цалингийн хүснэгт  /хх-ийн 16-24-р хуудас/,

Х.Г- нь Л.Ч-оос хохирлын 725.000 төгрөг хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 50-р хуудас/,

Шүүгдэгч Л.Ч- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс “...” ХХК-нд ковшийн оператороор ажилд орсон. Тухайн компани цалингаа цаг тухайд нь өгөхгүй болохоор нь 2019 оны 6 дугаар сарын 16-ны өдөр ажлаасаа гарсан. Гэтэл 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 755.000 төгрөг, 7 дугаар сарын 05-ны өдөр нягтлан бодогч Х.Г- руу буюу албаны мэйл хаяг руу “цалин хэзээ орох вэ” гэж мэйл бичихэд “өнөөдөр орно” гэсэн хариу ирсэн. Удалгүй 1.761.507 төгрөгийн цалинг миний данс руу шилжүүлж, нийт 2.540.508 төгрөгийн цалин, амралтын мөнгө авсан. Намайг Бугант суманд ажил хийж байхад 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр нягтлан бодогч Х.Г- залгаад “чиний данс руу шинээр ажилд орсон А.Ч-ийн цалин болох 725.000 төгрөг андуураад хийчихжээ” гэхээр нь “би хөдөө байна, цалин орсон үгүйг мэдэхгүй байна” гэж хэлээд утсаа салгасан. Дахин залгахаар нь “миний үлдэгдэл цалин юм байх гэж бодоод мөнгийг нь үрчихсэн, би одоо л ажил хийж эхэлж байгаа болохоор өгөх боломжгүй байна” гэхэд “чи яасан дураараа юм, 8 сардаа багтааж төл” гэхээр нь “тэгье” гээд утсаа салгасан. Би уг мөнгийг аваад эхнэрийнхээ данс руу шилжүүлсэн бөгөөд хоол, унд гээд хувийн хэрэгцээнд зарцуулаад дуусгасан. Хохирлын мөнгө болох 725.000 төгрөгийг Х.Г-д өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 45-46-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 28-р хуудас/, эд хөрөнгийн лавлагаа /хх-ийн 29-р хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 30-р хуудас/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 31-р хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 32-р хуудас/, Хаан банкны ........ тоот дансны хуулга /хх-ийн 33-37-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 49-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар: Шүүгдэгч Л.Ч- нь 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр “...” ХХК-ний нягтлан бодогч Х.Г-ын андуурч шилжүүлсэн 725.000 төгрөгийг алдаатай гүйлгээ болохыг мэдсээр байж завшсан болох нь:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Г-ын ...Би ажлаасаа гарсан Л.Ч-ийн дансны дугаарыг А.Ч-ийн дансны дугаартай андуурч цэсэнд бичсэн байсныг 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр мэдээд Л.Ч-ийн утас руу залгаад “чиний данс руу шинээр ажилд орсон А.Ч-ийн 725.000 төгрөгийн цалинг андуурч шилжүүлсэн байна” гэхэд “би мөнгийг нь үрчихсэн, одоогоор ажилгүй байгаа тул 8 дугаар сард өгье” гэж хэлэхээр нь итгээд хүлээж байтал өгөхгүй утсаа салгаад алга болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 4-6, 47-р хуудас/,

“...” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн “Л.Ч-ийн хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” Б/67 дугаартай тушаал /хх-ийн 14-р хуудас/,

 “...” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн “А.Ч-ийг туршилтын хугацаагаар ажилд авах тухай” Б/73 дугаартай тушаал /хх-ийн 15-р хуудас/,

“...” ХХК-ийн Хаан банкны дансны хуулга, ажилчдын цалингийн хүснэгт  /хх-ийн 16-24-р хуудас/,

Х.Г- нь Л.Ч-оос хохирлын 725.000 төгрөг хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 50-р хуудас/,

 

мөрдөн байцаалтанд Л.Ч- яллагдагчаар өгсөн: ...2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр нягтлан бодогч Х.Г- над руу залгаад “чиний данс руу шинээр ажилд орсон А.Ч-ийн цалин болох 725.000 төгрөг андуураад хийчихжээ” гэхээр нь “миний үлдэгдэл цалин юм байх гэж бодоод мөнгийг нь үрчихсэн, би одоо л ажил хийж эхэлж байгаа болохоор өгөх боломжгүй байна” гэхэд “чи яасан дураараа юм, 8 сардаа багтааж төл” гэхээр нь “тэгье” гээд утсаа салгасан. Би уг мөнгийг аваад эхнэрийнхээ данс руу шилжүүлсэн бөгөөд хоол, унд гээд хувийн хэрэгцээнд зарцуулаад дуусгасан...гэх мэдүүлэг /хх-ийн 45-46-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан судалж үзвэл: шүүгдэгч Л.Ч- нь 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр “...” ХХК-ний нягтлан бодогч Х.Г-ын андуурч шилжүүлсэн 725.000 төгрөгийг алдаатай гүйлгээ болохыг мэдсээр байж завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг шинжийг бүрэн хангасан байна.

        

Иймд улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Л.Ч- нь төлбөр тооцооны алдаатай гүйлгээний улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

 

           Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

 

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогч “...” ХХК-нд 725.000 төгрөгийн хохирол учирсан байх боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь “Л.Ч-оос 725.000 төгрөгийг хүлээж авсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 6-р хуудас/ гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

            

Эрүүгийн хариуцлагын талаар.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

          Шүүгдэгч Л.Ч- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ прокурорт гаргасан ба улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тухай эрүүгийн хариуцлагын саналыг хохирогч Х.Г-, шүүгдэгч Л.Ч- нарт танилцуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүхээс шүүгдэгч Л.Ч-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, тэрээр эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн гаргасан ялын саналын хүрээнд шүүгдэгч Л.Ч-т 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Л.Ч-т мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Л.Ч- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг дурдав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                      ТОГТООХ нь:

 

1. Охиндий овогт Л-гийн Ч-ийг төлбөр тооцооны алдаатай гүйлгээний улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ч-ийг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Л.Ч-т мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Л.Ч- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Л.Ч-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Х.ОДБАЯР