| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
| Хэргийн индекс | 150/2024/00168/И |
| Дугаар | 208/МА2026/00017 |
| Огноо | 2026-03-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 208/МА2026/00017
Х******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 150/ШШ2026/00020 дугаар шийдвэртэй
Хариуцагч Ц******* ******* ХХК-нд холбогдох
Хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ч*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга:
Хазаар бат ХХК нь Ц******* Шохой ХХК-тай 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан ЦШ/202301208 дугаартай Сагстай машин худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу тусгай зориулалтын автомашиныг гэрээнд заасны дагуу нийлүүлсэн ба тус автомашин нь БНХАУ-ын Hubei Chenglin Special Automobile Co Ltd-д 2023 оны 06 дугаар сард үйлдвэрлэгдсэн цоо шинэ автомашин байсан. Уг автомашиныг бид БНХАУ-ын Хубэй мужаас Эрээн хот Улаанбаатараас Ц******* Шохой ХХК хүртэл 2581 км замыг газраар жолоодож авч ирсэн.
Бид тус автомашиныг 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр талуудын төлөөллийг байлцуулан акт үйлдэн захиалагчид хүлээлгэн өгсөн болно. Мөн дахин 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр акт үйлдэн аккумляторыг нь сольж, хаалганы засварыг хийж хүлээлгэн өгсөн. Энэ хугацаанд захиалагч нь хүлээн авсан барааг ашиглаж байсан ба дээрх актуудыг үйлдэн автомашиныг хүлээлгэн өгөхөд автомашин нь хэвийн ажиллаж байсан бөгөөд хөдөлгүүртэй холбоотой ямар нэг доголдол гараагүй. Тус актуудад автомашин хэвийн байгаа тухай тэмдэглэсэн байдаг.
Гэвч автомашиныг анх хүлээлгэн өгснөөс хойш даруй 2 сарын хугацаа өнгөрсний дараа буюу 2023 оны 10 дугаар сарын 24-нд 01/1369 дугаар албан бичгийг ирүүлж уг автомашины зарим хэсгийг тохируулах, засах шаардлагатай, доголдолтой байгаа талаар тайлбарлаж, евро 3 хөдөлгүүрийн стандарт шаардлагуудыг хангахгүй байгаа тухай дурдаж ажлын хэсгийнхээ хийсэн шалгалт дүгнэлтийг танилцуулсан ба албан бичигтээ заасны дагуу доголдлыг арилгаж засвар үйлчилгээ хийхийг мэдэгдэж, шаардсан. Тиймээс бид талууд хооронд байгуулсан гэрээний тусгай нөхцөл ГЕН 4.10-д заасан баталгаат хугацааны дотор буюу 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор тэдний шаардлагын дагуу автомашиныг засварлаж, зарим эд ангийг нь сольж дахин хүлээлгэж өгөх хүсэлтээ 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан.
Гэтэл дахин 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээлгэн өгөх үед дахин автомашиныг засах тохируулах шаардлагатай гэж Ц******* ******* ХХК-ийн инженер, холбогдох техникийн ажилтнууд нь тайлбарлаж, оношилсон. Ингээд бид та бүхний хүсэлт, оношилгооны дагуу засвар үйлчилгээ хийсэн байхад яагаад дахиад засвар хийх шаардлагатай болж байгаа талаар тодруулахад тодорхой хариулт өгөөгүй.
Харин үүний дараа тус автомашиныг шаардлага хангахгүй байна гэх дүгнэлтийг шууд хийж, гэрээг цуцлах талаар 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 01/1453 дугаар албан бичгээр мэдэгдсэн. (Жич: Тус мэдэгдлийг бидэнд өгөхөөс өмнө хариуцагч компанийн гүйцэтгэх захирал нь нэг сайтын сэтгүүлч нартай шууд дамжуулалтаар уулзаж хийж байхдаа Хазаар бат ХХК-ийн гэрээг цуцална хэмээн мэдэгдэж байсан.) Тус мэдэгдэлд зааснаар талууд хооронд байгуулсан гэрээний 5.1 дүгээр зүйлийн 5.1.1-д ...нийлүүлэгч үүргээ гэрээнд заасан хугацаанд, эсхүл зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас захиалагч үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч нийлүүлэгч нэмэлт хугацаанд үүргээ гүйцэтгээгүй бол захиалагч гэрээг цуцлах эрхтэй... гэсэн заалтыг үндэслэж гэрээг цуцалж байгаагаа мэдэгдсэн ба дараа нь компанийн сайт дээрх тендерийн мэдээлэлдээ манай компанийг хасагдсан төлөвт оруулсан байсан.
Манай компани нь талууд хооронд байгуулсан гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлж, 2023 онд үйлдвэрлэгдсэн цоо шинэ автомашиныг нийлүүлсэн ба захиалагчийн шаардлага хүсэлтийн дагуу гэрээнд заасан хугацаанд багтан нэмэлтээр засвар үйлчилгээ, тохируулга хийж өгсөн. Тиймээс уг заалтын дагуу гэрээг цуцлах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Бид тус мэдэгдлийн дараа хөндлөнгийн шинжээч томилж оношлуулах, эсхүл үйлдвэрлэгч компанийн төлөөллийг оролцуулан хамтарсан оношилгоо хийх талаар удаа дараа хүсэлт гаргаж ирсэн. Хариуцагч компаниас хамгийн сүүлд бидэнд 2024 оны 3 дугаар сарын 28-нд 01/410 тоот албан бичгээр хариу ирүүлж, нэгэнт гэрээ цуцалж, Төрийн худалдан авах цахим санд тухайн мэдээллийг оруулсан тул тухайн машинд үүссэн доголдолтой холбоотой асуудлыг мэргэжлийн байгууллагаар шалгаж тогтоолгох, хамтарсан гурван талын уулзалт хийх шаардлагагүй болохыг үүгээр мэдэгдье гэх хариу өгсөн.
Гэвч уг автомашиныг хүлээн авах ажлын хэсгийн гаргасан оношилгоонууд нь үнэн бодиттой байсан эсэх нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна. Учир нь хөндлөнгийн мэргэжлийн хүмүүсийг оролцуулж уг оношилгоонууд хийгдэж байгаагүй. Зөвхөн хариуцагч Ц******* ******* ХХК-ийн инженер, техникийн ажилтнуудын тавьсан шаардлага, оношилгоонд үндэслэж шинээр үйлдвэрлэгчээс сэлбэг авчран холбогдох засвар, тохируулгыг хийж байсан.
Манай компани нь зөвхөн худалдан борлуулах үйл ажиллагаа явуулдаг тул автомашины үзлэг оношилгоо хийх боломжгүй байдаг. Тиймээс бид уг асуудлаар үйлдвэрлэгчид хандахад эрх бүхий мэргэжлийн байгууллагаар оношилгоо хийлгэхийг зөвлөсөн. Ингээд мэргэжлийн инженерийн үзлэгт оруулж, оношилгоо хийлгэж үзэхэд үйлдвэрийн тохируулга алдагдсан нь тогтоогдсон. Тодруулбал, мэргэжлийн инженерийн үзлэгээр Ц******* ******* ХХК-ийн албан бичгүүдэд дурдсан автомашины талаарх дүгнэлтүүд нь бүхэлдээ үндэслэлгүй, эхнээсээ алдаатай оношилж, буруу тохируулга хийж байсан нь тодорхой болсон. Одоо дээрх автомашин нь ямар ч асуудалгүй хэвийн ажиллаж байна.
Талууд хооронд байгуулсан гэрээний дагуу нийлүүлсэн автомашинд ямар доголдол байсан болох, засах шаардлага байсан эсэх, тохируулга хийсний дараа ямар өөрчлөлт орсон, эсхүл эхнээсээ зөв оношилж байсан эсэхийг мэргэжлийн байгууллагаар тогтоолгох ёстой. Тиймээс дээрх гэрээ цуцлах тухай мэдэгдлийг манай компани хүлээн зөвшөөрөхгүй. Зөвхөн нэг талын санал дүгнэлтийн дагуу машиныг оношилж, засаж байсан.
Бид тус автомашины төлбөрийг 100 хувь урьдчилж төлж, худалдаж авсан ба ихээхэн хэмжээний санхүүгийн эрсдэлд ороод байна. Уг автомашины төлбөрт манай компани 89,212,264.62 төгрөгийг үйлдвэрлэгч Hubei Chenglin Special Automobile Co., Ltd-д төлсөн. Мөн хариуцагч компанийн шаардлагын дагуу нийт 15,205,500 төгрөгийн сэлбэг, засвар үйлчилгээг тус автомашинд нэмэлтээр хийсэн.
Тус автомашиныг нэг стандартаар маш олон тоогоор үйлдвэрлэдэг бөгөөд Эрдэнэт хотын Хот Тохижуулах Газар 2 ширхэг машиныг худалдан авсан ба одоо хэвийн ашиглаж байна.
Гэрээг цуцлахад сошиал нийгмийн сүлжээнд Ц******* Шохой ХК-тай холбоотой нийтэлсэн Цавчаа ногоон гэсэн утгатай нэгэн иргэний постыг манай компанийн нийлүүлсэн машинтай хамаатуулж, бодит байдалд нийцэхгүй, худал мэдээлэл түгээж байсан нь хариуцагч компанийн хүлээн авах комиссын үйл ажиллагаанд нөлөөлсөн байх магадлалтай юм.
Иймд захиалагч Ц******* ******* ХХК-ийн дээрх гэрээ цуцлах тухай мэдэгдэл нь хууль зүйн үндэслэлгүй юм. Тодруулбал, хэвийн байсан автомашиныг алдаатай оношилж, буруу засвар хийлгэж машины тохиргоонд өөрчлөлт оруулчхаад шаардлага хангахгүй бараа нийлүүлсэн гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд биднийг хохироосон үйлдэл болж байна. Ийнхүү хариуцагч нь автомашиныг буруу оношилж байсны улмаас бид нэмэлтээр БНХАУ-аас сэлбэг авчруулж, тус автомашинд засвар үйлчилгээ хийхэд нийт 15,502,500 төгрөгийн зардал гаргасан. Уг зардлыг бид хариуцагч нь буруу оношилгоо хийсний улмаас манай компанид учруулсан хохирол гэж үзэж байгаа болно. Тиймээс манай компани учирсан хохирлоо барагдуулах зорилгоор хариуцагчид холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.
Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:
Х******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ц******* ******* ХХК-д холбогдох иргэний хэргийн хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Нэхэмжлэгч Х******* ХХК нь Ц******* ******* ХХК-д холбогдуулан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа талуудын хооронд 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан ЦШ/202301208 дугаартай Сагстай машин худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу тусгай зориулалтын 8146 ******* улсын дугаартай автомашиныг хүлээн авахыг хариуцагчид даалгаж, гэрээний төлбөрт 135,380,000 төгрөг, буруу оношилсны улмаас нэмэлтээр гаргасан 15,205,500 төгрөг, нийт 150,585,500 төгрөгийг Ц******* ******* ХХК-иас гаргуулна гэжээ.
Ингэхдээ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ манай компани талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу ямар ч эвдрэл, доголдолгүй бараа бүтээгдэхүүнийг нийлүүлсэн, хариуцагч буруу оношилж байсны улмаас БНХАУ-аас сэлбэг авчруулж, тус автомашинд засвар үйлчилгээ хийхэд нийт 15,502,500 төгрөгийн зардал гарсан хэмээн тайлбарласан нь бодит байдалд нийцэхгүй байна. Тухайн компанийн нэхэмжилсэн автомашинд засвар үйлчилгээ хийхэд 15,502,500 төгрөгийн зардал гарсан хэмээн нэхэмжилж байгаа нь манай компанид техникийн тодорхойлтод нийцээгүй, засвар үйлчилгээ шаардлагатай, энгийн ашиглалтын шаардлага хангахгүй машин нийлүүлсэн болох нь нотлогдож байна.
Тодруулбал манай компани өөрийн үйл ажиллагаанд хэрэгцээ, шаардлагатай байсан машин-ийг нийлүүлэх гүйцэтгэгч сонгон шалгаруулах тухай тендерийг холбогдох хууль, дүрэм журамд нийцүүлэн зарласан. Тус тендерт Х******* ХХК оролцон шалгарснаар талуудын хооронд 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ЦШ/202301208 дугаартай машин худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Уг гэрээний дагуу Х******* ХХК нь бидэнд ажлын 45 хоногт буюу 2023 оны 06 дугаар сарын 29-нд багтаан барааг нийлүүлэх үүрэг хүлээсэн боловч дээрх хугацаанд нь нийлүүлээгүй, 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр машиныг хүлээлгэн өгсөн. Энэ нь гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй нэг баримт, үйл процесс юм.
Сагстай машиныг хугацаанд нь нийлүүлээгүйгээс үүдэн манай компанийн 2023 оны зуны төлөвлөгөөт их засвар болон бусад урсгал засвар үйлчилгээ төлөвлөгөөний дагуу хийгдээгүйгээс үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагаанд доголдол үүссэн.
Тус Хазаар бат ХХК нь Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрлэлийн танхимын 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээгээр Сүжоу хотод сүүлийн 10 жилд байгаагүй том үерийн гамшиг тохиож, зарим автозам, үйлдвэрүүд асар их эвдэрч хохирсон. Мөн энгийн ажил, үйлдвэрлэлд ноцтой сөргөөр нөлөөлсөн. Сагстай машин үйлдвэрлэдэг манай үйлдвэрт ч сөргөөр нөлөөлж, үндсэн эд ангийн ирэх хугацаа 20 гаруй өдрөөр хойшилсон. Үүнээс үүдэн манай үйлдвэр дэх энэхүү захиалга / /-ийн илгээх хугацаа мөн хойшилсон болно.. гэх тайлбар бүхий гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдал үүссэн гэж үзэн гэрчилгээ олгосон байдаг.
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрлэлийн Танхимын даргын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр баталсан Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл болон хүнд нөхцөл байдлыг гэрчлэх журмын 1.2.1-д Force majeure буюу гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл гэдэгт талуудын хараа хяналтаас гадуур болсон, урьдчилан таамаглах боломжгүй, гэрээний үүргийг гүйцэтгэх боломжгүй болгох байгалийн гамшиг, Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтны үйлдэл /эс үйлдэхүй/ гоц халдварт, олон улсын хөл хориот өвчин, цар тахлын улмаас бүх нийтийн хорио цээр тогтоосон нөхцөл байдал бий болохыг ойлгоно гэж тус тус заасан байдаг.
Тус компани нь гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл болон хүнд нөхцөл байдлыг гэрчилгээг даруй гэрээнд заасан хугацаа дуусахаас өмнө манай компанид ирүүлэх, тухайн давагдашгүй хүчин зүйл нь гэрээний хугацаанд хамаарсан байх, давагдашгүй хүчин зүйлийн үйлчлэлийн хугацаа нийлүүлэлтийн хугацаа хэтрэлттэй шууд хамааралтай байх ёстой. Гэтэл тус гэрчилгээг гэрээнд заасан хугацаанаас 49 хоногийн дараа зөвхөн эд ангиа нийлүүлэн авч чадахгүй байгаа тухай нөхцөлөөр гэрчилгээг манай компанид ирүүлсэн. Тус давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ машиныг манай компанид нийлүүлэхэд хамааралгүй асуудал гэдэг нь үйл баримтаар харагддаг.
Үүнээс хойш 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр машиныг бидэнд нийлүүлсэн. Дээрх машиныг хүлээн авснаас хойш уг тээврийн хэрэгслийг зориулалтын дагуу ашиглах гэхэд моторын хүчин чадал муу, хаалганы битүүмж алдагдсан, дженам ажиллахгүй, цахилгааны асуудалтай, хүчин чадал муутай зэрэг нөхцөл байдал, хүндрэлүүдтэй тулгарсан.
Үүнтэй холбоотойгоор Ц******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар /тушаалыг олж хавсаргах/ байгуулагдсан ажлын хэсэг шалгалт явуулахад машинд евро 3 хөдөлгүүрийн стандарт шаардлагуудыг хангахгүй, өгсүүр замд хүч алдаж явах боломжгүй болсон, хөдөлмөрийн аюулгүй байдал, галын аюулгүй байдал хангагдаагүй, кабины битүүмж муу, хаалга засвартай, дженам ажиллахгүй, 24-27 вольтын хүчин чадал гаргах ёстой ч 17 вольт л хүрч байгаа, цахилгааны асуудалтай зэрэг гэмтэл, доголдлууд илэрсэн.
Дээрх эвдрэл гэмтэл, доголдлууд нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний техникийн тодорхойлолтод заагдсан шаардлага, нөхцөлийг хангахгүй байсан тул бид 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 01/1364 тоот албан бичгээр 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн дотор дээрх доголдлуудыг засварлаж, хэвийн жигд ажиллагааг хангах тухай албан шаардлага, мэдэгдлийг Х******* ХХК-д хүргүүлсэн. Х******* ХХК нь тухайн үед уг албан бичигт дурдагдсан машиныг шалгаж, эвдрэл гэмтэл, доголдлуудыг хүлээн зөвшөөрч, буцаан авч явсан ба 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 23/824 дугаартай албан бичгээр машиныг бүрэн засварлаж дууссан тухайгаа мэдэгдсэн.
Улмаар тус компани 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр машиныг бидэнд дахин хүлээлгэн өгөхөөр авчирсан ба манай компаниас гарсан ажлын хэсэг шалгаж үзэхэд дээр дурдсан 7 эвдрэл гэмтэл, доголдлууд арилгаагүй, уулын замд тухайн техникийг явуулж шалгаж үзэхэд 1 дүгээр ордын 940 дүгээр түвшин өөд өгсөх замд хүч алдаж явахгүй болж зогссон. Зогссон шалтгааныг шалгахад ферда диск элэгдэж эвдэрсэн, араандаа орохгүй болсон. Мөн машины мотор, кроп, редуктор 3 нь тухайн техникдээ тохирохгүй, хүчин чадал бага, мөн тус мотор, кроп, редуктор нь хүчин чадал бага учраас өргөх төхөөрөмжийг шалгах боломжгүй, дахин нэмж засварласан ч уг доголдлууд байнга гарахаар байсан.
Иймд Х******* ХХК-ийн гэрээний дагуу нийлүүлсэн машиныг зориулалтын дагуу ашиглах боломжгүй, гэрээнд заасан техникийн шаардлагыг хангаагүй болох нь тогтоогдсон тул бид Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-д заасныг үндэслэн гэрээг цуцалж байгаа талаарх мэдэгдлийг 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 01/1453 тоот албан бичгээр хүргүүлсэн болно. Манай компани нь дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 150/ШШ2026/00020 дугаартай шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Ц******* ******* компаниас машин худалдах худалдах авах гэрээний үүрэгт 135,380,000 төгрөг, буруу оношилсны улмаас нэмэлтээр гаргасан зардал 15,205,500 төгрөг, алданги 67,690,000 төгрөг, нийт 218,585,500 төгрөгийг гаргуулж Х******* ХХК-д олгож, Ц******* ******* ХХК-д ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг хүлээж авахыг даалган,
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,407,278 төгрөгийг улсын орлогод үлдээж, Ц******* ******* ХХК-аас 1,407,278 төгрөгийг гаргуулж Хазаар бат ХХК-д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж, 4. давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо:
Х******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Ц******* ******* ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Т.Б*******, Б.Пүрэвдорж нар оролцож байгаа бөгөөд Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 150/ШШ2026/00020 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
Х******* ХХК нь 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Ц******* ******* ХХК-ийн хооронд байгуулсан ЦШ/202301208 дугаартай Сагстай машин худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу тусгай зориулалтын 8146 ******* улсын дугаартай автомашиныг хүлээн авахыг хариуцагч Ц******* ******* ХХК-д даалгаж, гэрээний төлбөрт 135,380,000 төгрөг, буруу оношилсны улмаас нэмэлтээр гаргасан зардал 15,205,500 төгрөг, нийт 150,585,500 төгрөг, гэрээний алданги 67,690,000 төгрөгийг Ц******* ******* ХХК-иас гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Анхан шатны шүүх дээрх хэргийг хянан шийдвэрлэх явцдаа Иргэний хуулийг дараах байдлаар ноцтой зөрчсөн гэж хариуцагчийн зүгээс үзэж байна.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ манай компани талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу ямар ч эвдрэл гэмтэлгүй, доголдолгүй бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн, хариуцагч буруу оношилж байсны улмаас БНХАУ-аас сэлбэг авчруулж, тус автомашинд засвар үйлчилгээ хийхэд нийт 15,205,500 төгрөгийн зардал гарсан хэмээн тайлбарласан нь бодит байдалд нийцэхгүй байна.
Тухайн компанийн нэхэмжилсэн автомашинд засвар үйлчилгээ хийхэд 15,205,500 төгрөгийн зардал гарсан хэмээн нэхэмжилж байгаа нь манай компанид техникийн тодорхойлолтод нийцээгүй, засвар үйлчилгээ шаардлагатай, энгийн ашиглалтын шаардлага хангахгүй машин нийлүүлсэн болох нь нотлогдож байна.
Тус тендерт Х******* ХХК оролцон шалгарснаар талуудын хооронд 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ЦШ/202301208 дугаартай машин худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Уг гэрээний дагуу Х******* ХХК нь бидэнд ажлын 45 хоногт буюу 2023 оны 06 дугаар сарын 29-нд багтаан барааг нийлүүлэх үүрэг хүлээсэн боловч дээрх хугацаанд нь нийлүүлээгүй, 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр машиныг хүлээлгэн өгсөн. Энэ нь гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй нэг баримт процесс юм.
Х******* ХХК-ийн гэрээний дагуу нийлүүлсэн машиныг зориулалтын дагуу ашиглах боломжгүй, гэрээнд заасан техникийн шаардлага хангаагүй болох нь олон удаагийн шалгалт туршилтаар тогтоогдсон тул Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-д Эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй. гэж заасныг үндэслэн ЦШ/202301208 дугаартай гэрээг цуцалж байгаа талаарх мэдэгдлийг 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 01/1453 дугаартай албан бичгээр нэхэмжлэгч талд хүргүүлж, гэрээг цуцалсан.
Гэтэл Х******* ХХК нь цуцлагдсан гэрээнд алданги тооцон нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй буюу цуцлагдсан гэрээнд үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох анзыг хэрэглэх боломжгүй юм. Иймд Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 150/ШШ2026/00020 дугаартай шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Х******* ХХК-ийн гэрээний дагуу автомашиныг зориулалтын дагуу ашиглах боломжгүй, гэрээнд заасан шаардлага хангаагүй болох нь олон удаагийн шалгалт, туршилтаар тогтоогдсон тул Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-т эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагч аль нэг нь гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасныг үндэслэн ЦШ202301208 дугаартай гэрээг цуцалж энэ талаарх мэдээллийг 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 011456 дугаартай албан бичгээр нэхэмжлэгчид хүргүүлж, гэрээг цуцалсан. Гэтэл цуцлагдсан гэрээнд алданги тооцож нэхэмжилж байгаа нь боломжгүй юм. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 156/2026/00020 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгчээс нийлүүлсэн байгаа техник ямар нэг доголдолгүй, хариуцагчийн дурьдагдаад байгаа татгалзал буюу доголдол үндэслэлгүй гээд шинжээч томилох хүсэлт гаргаж байсан. Шүүхээс нэг удаа шинжээч томилсон бүрэн бүрэлдэхүүнтэй ирээгүй учраас өмгөөлөгчийн зүгээс бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах хүсэлт гаргаад шинжээчийн зүгээс хариуцагчийн татгалзалд тохирсон доголдол байна уу гэдэг дээр маш тодорхой тайлбар гаргаж явуулсан. Хариуцагчийн яриад байгаа шиг зориулалтын дагуу ашиглах боломжгүй гэрээнд заасан шаардлага хангаагүй, олон удаагийн шалгалт туршилтаар тогтоогдсон гээд байгаа боловч, үүнийгээ шүүхэд баримтаар гаргаж өгөөгүй. Бид эсрэгээрээ хариуцагчаас гэрч асуулгах хүсэлт гаргасан тухайн гэрч нь техник хүлээж авах ажлын хэсэгт оролцсон техник инженерийн ажилтан байсан. Гэрчийн мэдүүлэгт дурьдахдаа яг шалгах процесс зохих түвшинд хийгээгүй, мэргэжлийн чадвар бүхий этгээд биш гэдгийг нотолсон. Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлсэн, эрх зүйн маргааны үйл баримтыг талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн ямар нэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар зөрчил жижиг болон ноцтой зөрчил гаргаагүй гэж үзэж байна. талууд бүх хүсэлтээ гаргаж, баримтуудаа цуглуулж өгсөн, шүүх үндэслэлтэй дүгнэлт гаргасан гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй Х******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.
2.Нэхэмжлэгч Х******* ХХК нь Ц******* ******* ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу нийлүүлсэн тусгай зориулалтын ******* ******* улсын дугаартай автомашиныг хүлээн авахыг хариуцагч Ц******* ******* ХХК-д даалгаж, гэрээний төлбөр 135,380,000 төгрөг, буруу оношилсны улмаас нэмэлтээр гаргасан зардал 15,205,500 төгрөг, алданги 67,690,000 төгрөг, нийт 218,585,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч хариуцагч Ц******* Шохой ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргасан байх ба гомдлын үндэслэлдээ хэргийн үйл баримтад шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй гэжээ.
3.Хэргийн үйл баримтын талаар:
3.1.Ц******* ******* ХХК нь тусгай зориулалтын автомашин худалдан авах нээлттэй сонгон шалгаруулалт зарласнаар нэхэмжлэгч Х******* ХХК нь Ц******* ******* ХХК-иас зарласан техникийн тодорхойлолтод нийцсэн Сагстай машин нийлүүлэхээр тохирч улмаар зохигчдын хооронд 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр ЦШ/202301208 дугаартай Сагстай машин худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна. Тус гэрээнд автомашиныг гэрээ байгуулснаас хойш ажлын 45 хоногт нийлүүлэхээр тохиролцжээ. /хх-ийн 12-15 хуудас/
3.2.Гэрээнд зааснаар автомашин нийлүүлэх хугацаа нь 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр дуусаж байгаа болон 2023 оны 08 дугаар сарын 07-ны дотор автомашиныг нийлүүлэх, нийлүүлээгүй тохиолдолд алданги тооцох улмаар гэрээ цуцлах талаар Ц******* Шохой ТӨХК-иас 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 1010 дугаартай мэдэгдлийг хүргүүлсэн байна.
3.3. Х******* ХХК нь БНХАУ-ын Hubei Chenglin Special Automobile Co Ltd буюу автомашин үйлдвэрлэгчээс захиалагчийн дагуу автомашиныг нийлүүлэхээр тохирсон боловч үйлдвэрлэгч компанийн үйлдвэрлэлээ явуулдаг БНХАУ-ын Сүжоу хотод их хэмжээний бороо орсноор үйлдвэрийн үйл ажиллагаа зогссон талаарх мэдэгдлийг 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Х******* ХХК-д ирүүлжээ.
Нэхэмжлэгч Х******* ХХК нь гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ гаргуулах тухай хүсэлтийг Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрлэлийн танхимд гаргаснаар 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрлэлийн танхимаас олгосон байна. /хх-ийн 26 хуудас/
3.4.Захиалагчийн гэрээний дагуу Х******* ХХК нь 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр автомашиныг Монгол улсын хилээр оруулан авчирч улмаар 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр автомашиныг захиалагч тал болох Ц******* Шохой ХХК нь хүлээн авч акт үйлдсэн байх ба автомашиныг хүлээн авахдаа хэвийн гэсэн тэмдэглэгээг хийжээ. /хх-ийн 20,48,49 хуудас/
3.5.Нийлүүлсэн автомашинд доголдол үүссэн талаар захиалагчаас гомдол ирснийг Х******* ХХК нь хүлээн авч засварлан 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 2ш акумлятор шинээр сольж, хаалганы засвар хийгдсэн төхөөрөмжийн удирдлагын систем ажилд оруулсан тухай тэмдэглэл үйлдэн автомашиныг хүлээлгэн өгсөн байх ба 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр захиалагчаас автомашин дахин гэмтэл гарсан тухай мэдэгдлийг хүргүүлсэн байна.
Үүнд: 1 Евро 3 хөдөлгүүрийн стандарт шаардлагуудыг хангахгүй,
2.Өгсүүр замд хүч алдаж явах боломжгүй болсон
3.Хөдөлмөрийн аюулгүй байдал, галын аюулгүй байдал хангагдаагүй
4.Кабины битүүмж муу
5.Хаалга засвартай
6.Дженам ажиллахгүй, 24-27 вольтын хүчин чадал гаргах ёстой ч 17 вт л хүрч байсан
7.Цахилгааны асуудалтай зэрэг гэмтэл, доголдолтой гэж доголдлыг 2023 оны 11 сарын 06-ны дотор засварлаж ирүүлэхийг мэдэгджээ. /хх-ийн 17-18,43 хуудас/
3.6. Х******* ХХК-иас автомашинд дахин доголдол аргилгах арга хэмжээ авсан боловч Ц******* Шохой ХХК-иас 2024 оны 03 сарын 28-ны өдрийн 01/410 дугаартай мэдэгдэл хүргүүлж автомашин нь чанарын шаардлага хангахгүй, доголдолтой, хүлээн авах боломжгүй гэсэн ажлын хэсгийн шийдвэр гарсан гэсэн үндэслэлээр гэрээг цуцалсан талаарх мэдэгдлийг хүргүүлснээр талуудын хооронд гэрээний үүрэгтэй холбоотой маргаан үүсжээ.
4.Нэхэмжлэгч Х******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа захиалагчийн шаардлагын дагуу автомашиныг нийлүүлсэн, автомашин доголдолтой гэсэн шалтгаанаар 2 ч удаа автомашинд засвар хийсэн гэтэл автомашиныг хүлээн авахгүй улмаар урьд байгуулсан гэрээг цуцлах мэдэгдэл хүргүүлсэн нь үндэслэлгүй бөгөөд техникийн магадалгааг хөдлөнгийн байгууллагаар хийлгэхэд нийлүүлсэн автомашин нь даацын туршилтад тэнцсэн гэсэн дүгнэлт гарсан тул бүтээгдэхүүний үнэ болон гэрээний үүрэг биелүүлээгүй хугацааны алданги, хохирол зэргийг гаргуулна гэж тайлбарлажээ.
5.Хэрэгт авагдсан баримтаар зохигчдын хооронд гэрээ байгуулагдсан эсэх болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, харин нийлүүлсэн бүтээгдэхүүний доголдолтой холбоотойгоор гэрээг цуцалсан тул төлбөр төлөхгүй гэж маргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нийлүүлсэн автомашин нь хэвийн ажиллах боломжтой эсэх талаар мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан дагуу шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн захирамжаар шинжээчээр Шинжлэх ухаан Технологийн их сургуулийн Механик, тээврийн сургуулийг томилж дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэжээ.
Шүүгчийн захирамжаар томилогдсон б ХХК-ын 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Даацын туршилт хийсэн актаар DONG FENG өргүүр нь даацын туршилтанд тэнцсэн тул өргүүр цаашид 550кг даацтайгаар ашиглах боломжтой гэх акт /хх-ийн 104-109 хуудас/,
Хариуцагч талын хүсэлтээр дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулсан бөгөөд 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 08/230 дугаартай Техникийн шинжээчийн дүгнэлтэд:
- ******* ******* улсын дугаартай автомашины үйлдвэрлэгдсэн ё цувралын ******* загварын хөдөлгүүр нь Евро-3 хөдөлгүүрийн стандартын шаардлагыг хангасан,
-Үзлэг хийх явцад өргөх автомашины цахилгааны схем, залгах, реле зэрэгт гэмтэл ажиглагдаагүй,
-Сагстай автомашиныг турших зорилгоор хөдөлгөөнд оролцуулж, тэгш болон өгсүүр (3-аас 4, 6-аас 7 налуу) замаар явуулж шалгахад авцуулах холбооны хөтлөгдөх диск (ферда диск) хий эргэх, дамжуулга салах зэрэг шинж тэмдэг ажиглагдаагүй, гэмтэлгүй байсан. Харин авцуулах холбоог задалж, оношилгоо хийх боломжгүй (энэ ажлыг тусгай засварын газарт хийх шаардлагатай), эд ангийг сольсон, эсвэл засварласан гэх шинж тэмдэг гадна талаасаа харагдаагүй болно. Мөн уг автомашин нь харьцангуй шинэ учир авцуулах холбоог задалж, оношилгоо хийсэн үед ч хөтлөгдөх дискийг шинээр сольсон эсэхийг тогтоох боломжгүй. Авцуулах холбооны хөтлөгдөх диск нь тодорхой хугацааны дараа элэгдэлд орж заавал солигддог эд анги юм,
-Тээврийн хэрэгсэлд гэмтэл үүсэх нь үйлдвэрлэлийн болон ашиглалтын олон шалтгаанаас хамаардаг, гэмтлийг засварласны дараа дахин давтагдаж гарах эсэх нь засварын болон ашиглалтын олон шалтгаанаас хамаарна. Үүсэн гэмтэл дахин гарч болно. Мөн тээврийн хэрэгсэл нь ашиглалтын явцад элэгдэлд байнга орж байдаг учир гэмтэл, эвдрэл байнга гардаг,
-Сагстай автомашины ерөнхий дамжуулгын хацар болон зүрх араar зөвхөн үйлдвэрлэгчээс зөвшөөрөгдсөн эд ангиар солих шаардлагатай. Хэрэв үйлдвэрлэгч ингэж солихыг зөвшөөрөөгүй тохиолдолд тооцоо, судалгааг хийж автомашины үзүүлэлт яаж өөрчлөгдсөнийг баталгаажуулах шаардлагатай. Удаан явдалтай байсныг засварлаж хурдан явдаг болгосон үед автомашины хөтлөх дугуйнд дамжих мушгих момент багасаж, хурдны хайрцаг хөдөлгүүрт нэмэлт ачаалал ирнэ. Энэ ачаалал өгсүүр замаар явахад хамгийн их нөлөөлнө... гэх дүгнэлт зэргээр автомашин нь Евро-3 хөдөлгүүрийн стандартын шаардлагыг хангасан, хэвийн ашиглагдах боломжтой болох нь тогтоогдож байна.
6.Хэрэгт авагдсан дээрхи баримтаар нэхэмжлэгч нь худалдах худалдан авах гэрээний дагуу автомашиныг хүлээн авсан байх ба талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу худалдан авагч Ц******* Шохой ХХК нь автомашин доголдолтой талаар мэдэгдэж улмаар доголдлыг арилгах, автомашины зарим эд ангийг солих талаар хүсэлт гаргаснаар худалдагч Х******* ХХК нь зохих засвар хийж, худалдан авагчид шилжүүлжээ.
7.Иргэний хуулийн 254 дүгээр зүйлд 254.1-д: Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэж заасан.
Хариуцагч нь эд хөрөнгөд гарсан доголдлын талаар тухай бүрд нь мэдэгдсэний дагуу нэхэмжлэгч тал зохих засварыг хийж байсан үйл баримт тогтоогдож байгаа боловч энэхүү машин нь техникийн тодорхойлолтод нийцэхгүй, цаашид ашиглах боломжгүй гэх байдал хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, бусад баримтаар тогтоогдоогүй байна.
Нөгөө талаас хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч талаас хариуцагчид хандаж тухайн автомашины ажиллагаатай холбоотой үйлдвэрлэгчийн төлөөлөгчтэй хамтарсан уулзалт хийж, эрх бүхий байгууллагаар доголдол байгаа эсэхийг тодруулах хүсэлттэй байгаа талаар мэдэгдэж байсан боловч үүнийг хариуцагч тал хүлээн аваагүй байна.
Иймд дээрх хуульд зааснаар хариуцагч тал гэрээг цуцлах үндэслэлгүй гэж үзэж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч Х******* ХХК нь эд хөрөнгийн үнийг шаардах эрхтэй, хариуцагч Ц******* ******* ХХК нь тухайн эд хөрөнгөө хүлээн авах үүрэгтэй гэх үндэслэлээр гэрээний үнийг гаргуулж, эд хөрөнгийг хүлээн авахыг даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.
8.Нэхэмжлэгч Х*******ХХК нь нэмэлтээр гаргасан зардал 15,205,500 төгрөг, алданги 67,690,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон байх бөгөөд мөн энэхүү гаргасан зардлыг хангаж шийдвэрлэхдээ тогтоох хэсэгт холбогдох хуулийн зүйл заалтыг баримтлаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс дараах дүгнэлтийг хийж, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.
8.1.Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Ц******* ******* ХХК нь нэхэмжлэгч Х******* ХХК-д автомашины доголдолтой байгаа талаар мэдэгдсэний дагуу нэхэмжлэгч нь тухайн автомашиныг буцаан авч, холбогдох засварыг хийсэн үйл баримтын талаар талууд маргаагүй бөгөөд харин нэхэмжлэгч хариуцагчийн буруу оношилсны улмаас шаардлагагүй засвар хийж зардал гаргасан гэж шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.
Талуудын тайлбараас нэхэмжлэгч нь 15,205,500 төгрөгийн зардлыг өөрөө хүлээн зөвшөөрч гаргасан байх бөгөөд энэ нь хариуцагчийн гэрээний үүргээ зөрчсөн буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирол, нэмэлт зардал гэж үзэх үндэслэлгүй юм.
8.2.Талуудын байгуулсан 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Сагстай машин худалдах, худалдан авах гэрээ-ний 4.18-д захиалагч нь төлбөр төлөх үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн ГТН-д заасан хувь хэмжээгээр алдангийг нийлүүлэгчид төлнө гэж заасан бөгөөд энэхүү хэмжээг 0,5 хувь байхаар, төлбөр төлөх хугацааг барааг хүлээн авч, комиссын акт үйлдэж баталгаажсанаас ажлын 7 хоног гэж тус тус тохирсон байна.
8.3.Мөн хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Х******* ХХК-ийн зүгээс хариуцагч Ц******* ******* ХХК-д гэрээний зүйлийг хүлээлгэн өгөх гэрээнд заасан хугацааг хойшлуулах талаар удаа дараа албан бичиг хүргүүлж, 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр эд хөрөнгийг хүлээлгэн өгөх акт үйлдсэн байх бөгөөд үүнээс хойш засвар хийлгэхтэй холбоотой машиныг буцаан шилжүүлж байсан зэргээс үзэхэд талуудын тохирсон эд хөрөнгө хүлээлгэн өгөх, мөнгө төлөх хугацаа мөн адил хойшилж байсан талаар талууд маргаагүй.
Мөн гэрээний зүйлийн доголдолтой холбоотой талууд маргаж, үүний улмаас хариуцагч гэрээ цуцлах мэдэгдэл, улмаар шүүхэд шаардлага гаргаснаас гэрээний үүрэг зохих ёсоор биелэгдээгүй нөхцөл байдал үүссэн зэргээс үзэхэд хариуцагч талыг мөнгө төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй тул алданги 67,690,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.
9.Иймээс Ц******* ******* ХХК-аас автомашины үнэ 135,380,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х******* ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 82,895,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 150/ШШ2026/00020 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг
Иргэний хуулийн 219 дугаар зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Ц******* ******* ХХК-д ******* ******* улсын дугаартай, тусгай зориулалтын машиныг хүлээж авахыг даалгаж, хариуцагч Ц******* ******* ХХК-иас 135,380,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 82,895,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,
2 дахь заалтыг:
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,407,278 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Ц******* ******* ХХК-иас 834,850 төгрөгийг гаргуулж Х******* ХХК-д олгосугай гэж тус тус өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 1,257,914 төгрөгийг шүүгчийн захирамжаар хариуцагчид буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ
ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН
Bottom of Form