| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
| Хэргийн индекс | 149/2025/00866/И |
| Дугаар | 208/МА2026/00016 |
| Огноо | 2026-03-05 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 208/МА2026/00016
Т******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 149/ШШ2025/00821 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч Т******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч М.Г*******, Д.А******* нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 28,290,231.72 төгрөг гаргуулах тухай
Хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.У*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга:
Хариуцагч М.Г*******, Д.А******* нар нь 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ******* тоот зээлийн гэрээг байгуулан Т******* *******ны Сэлэнгэ салбараас 14,000,000 төгрөгийн Цалингийн зээлийг 60 сарын хугацаатай, сарын 1.7%-ийн хүүтэйгээр, зээлийн гэрээний хавсралт 1-д заасан төлб******* хуваарийн дагуу эргэн төлөх нөхцөлтэйгөөр зээл авсан бөгөөд зээлдэгч нар нь Зээлийн гэрээний 2.2, 3.2, 3.3 дахь заалтыг зөрчиж зээлийн гэрээний 1-р хавсралт болох зээл төлөх хуваарийн дагуу төлөхгүй хүндрэл учруулсаар байна. Үндсэн зээлийн төлбөр 11,964,830.82 төгрөг, зээлийн хүү 14,499,400.03 төгрөг, хуримтлагдсан хүү 100,307.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,725,692.97 төгрөг нийт 28,290,231.71 төгрөгийг гаргуулж Т******* ******* ХК-ийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.А******* хариу тайлбартаа:
Миний бие Д.А******* нь шүүхээс ирсэн Т******* *******ны нэхэмжлэлийг хүлээн авлаа. Нэхэмжлэлтэй танилцаад зээлийн үндсэн төлбөр болох 11,964,830.82 төгрөгийг төлнө. Төлөхдөө 2026 оны 06 дугаар сард бүрэн барагдуулж дуусна. Хүү, алдангийг төлөх боломжгүй гэжээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 149/ШШ2025/00821 дугаартай шийдвэрээр:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Г*******, Д.А******* нараас зээлийн төлбөрт 20,003,832 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т******* ******* ХК-ийн Сэлэнгэ салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 8,286,400 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т******* ******* ХК-ийн Сэлэнгэ салбараас Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 299,401 төгрөгийг т******* сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч М.Г*******, Д.А******* нараас Улсын тэмдэгтийн хураамжид 257,969 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т******* ******* ХК-ийн Сэлэнгэ салбарт буцаан олгож, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Т******* ******* ХК-ийн Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч М.Г*******, Д.А******* нарт холбогдох үндсэн зээл 11,964,830.82 төгрөг, зээлийн хүү 14,499,400.03 төгрөг, хуримтлагдсан хүү 100,307.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,725,692.97 төгрөг нийт 28,290,231.72 төгрөгийг гаргуулах шаардлагатай иргэний хэргийг шийдвэрлэсэн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 149/ШШ2025/00821 дугаар шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
Тус шүүх хариуцагч нараас үндсэн зээлийн төлбөрт 11,964,830.82 төгрөг, зээлийн хүү 6,213,000 төгрөг, хуримтлагдсан хүү 100,307.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,725,692.97 төгрөг нийт 20,003,832 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 8,286,400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Нэхэмжлэгчээс зээлийн хүү тооцооллын хүснэгтийг баримтаар шүүхэд гаргаж өгсөн байхад шүүх нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 14,499,400.03 төгрөгийн зээлийн хүүгийн үндэслэл тодорхойгүй гэж дүгнэж, гэрээгээр тохиролцоогүй 6,213,000 төгрөгийн хүүг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль болон гэрээнд нийцээгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Т******* ******* ХК нь хариуцагч М.Г*******, Д.А******* нартай 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ******* дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 14,000,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлсэн. Хариуцагч нар гэрээний үүргээ зөрчиж, зээлийг бүрэн төлж барагдуулаагүй бөгөөд гэрээний хугацаа 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр дууссан.
Хариуцагч нар нь үндсэн зээл 14,000,000 төгрөгөөс 2,035,169.18 төгрөгийг төлж 11,964,830.82 төгрөгийн үлдэгдэлтэй, зээлийн хүү 17,427,800.22 төгрөг төлөхөөс 2,828,092,30 төгрөгийг төлж 14,499,400.03 төгрөгийн үлдэгдэлтэй, 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 16 хоногийн хуримтлагдсан хүү 100,307.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,775,661.49 төгрөг төлөхөөс 49,968.52 төгрөгийг төлж 1,725,692.97 төгрөгийн үлдэгдэлтэй, нийт 28,290,231.72 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй болох нь зээлийн хүү тооцооллын хүснэгтээр нотлогдож байна. Гэрээний 2.2.4-т Гэрээний хугацаа дуусгавар болж, Зээлдэгч зээл, зээлийн хүүгийн төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд цаашид уг хугацаа нь зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлж дуусах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр үргэлжилнэ. Гэрээнд заасан зээлийн хугацаа дууссан нь үүргээ хугацаандаа биелүүлээгүй Зээлдэгчийн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй байх үндэслэл болохгүй гэж заасан.
Иймд хариуцагч нараас үндсэн зээл 11,964,830.82 төгрөг, зээлийн хүү 14,499,400.03 төгрөг, хуримтлагдсан хүү 100,307,89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,725,692.97 төгрөг нийт 28,290,231.72 төгрөгийг гаргуулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сум дундын шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гээд шүүх хуралдаан давж заалдах гомдлоо дэмжиж оролцож байна гэв.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй Т******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдлыг хангаж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч Т******* ******* ХК-ийн Сэлэнгэ салбар нь хариуцагч М.Г*******, Д.А******* нарт холбогдуулан үндсэн зээлийн төлбөр 11,964,830.82 төгрөг, зээлийн хүү 14,499,400.03 төгрөг, хуримтлагдсан хүү 100,307.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,725,692.97 төгрөг нийт 28,290,231.72 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.
Хариуцагч нар нь зээлийн гэрээ байгуулсан эсэх, зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон зээлийн дүнгийн тооцооллын талаар маргаагүй, харин зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх боломжгүй гэсэн тайлбар гаргасан байна.
3.Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч М.Г*******, Д.А******* нар нь 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гэрээ байгуулан Т******* *******ны Сэлэнгэ салбараас 14,000,000 төгрөгийн цалингийн зээлийг 60 сарын хугацаатай, сарын 1.7%-ийн хүү, жилийн 20.40 хувийн хүүтэй, зээлийн гэрээний хавсралт 1-д заасан төлб******* хуваарийн дагуу сар бүр 372.500 төгрөгийг эргэн төлөхөөр үүрэг хүлээсэн байна.
Хариуцагч нар нь Зээлийн гэрээний 2.2, 3.2, 3.3 дахь заалтыг зөрчиж, 2020 оны 01 дүгээр сарын 25-наас эхлэн зээл төлөх үүргээ биелүүлээгүй ба гэрээний хугацаа 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр дуусчээ.
4. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд анхан шатны шүүх гэрээний харилцааг зөв тогтоосон байна.
Нэхэмжлэгч нь гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг шилжүүлэх үүргээ бүрэн биелүүлсэн байх бөгөөд хариуцагч нарт үүрэг гүйцэтгэх талаар удаа дараа мэдэгдэж, шаардсан боловч хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогджээ.
5.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т: Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, 453 дугаар зүйлийн 453.1-т: Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч нь дээрх хуульд зааснаар хариуцагч нараас гэрээний дагуу үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй байна.
6.Хариуцагч нар нь төлбөр төлөх боломжгүй гэх үндэслэлээр зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг төлөхөөс татгалзсан тайлбар гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч *******наас олгох зээлд анзыг хэрэглэхгүй гэсэн дүгнэлт хийж, зээлийн хүүг багасгаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хариуцагч нараас гэрээнд заасан хугацаанд зээлээ төлөөгүй үндэслэлээр нэмэгдүүлсэн хүү шаардсан бөгөөд зохигчдын хооронд байгуулсан гэрээний 2.2.4-д: зээлдэгч нь зээл,зээлийн хүүг бүрэн төлөөгүй тохиолдолд зээл зээлийн төлбөрийг төлж дуусгах хүртэл зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, гэрээний 2.2.7-д: зээлийн төлбөрөөс тэргүүн ээлжинд зээлийн хүүг тооцон хасч, үлдсэнийг үндсэн зээлийн төлбөрт суутгах зарчим баримтална гэж заасан нь Иргэний хууль болон Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасантай нийцсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй.
7.Харин хариуцагч нар нь хууль болон гэрээнд заасан ямар үндэслэлээр зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөхөөс татгалзаж байгаа нь тодорхойгүй байхад энэхүү татгалзалд нь тодорхой дүгнэлт, тооцоолол хийхгүйгээр нэхэмжлэлийн шаардлагаас 8,286,400 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчсөн талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй байна.
8.Иймээс нэхэмжлэгч Т******* ******* ХК нь хариуцагч М.Г*******, Д.А******* нарт холбогдуулан гаргасан үндсэн зээлийн төлбөр 11,964,830.82 төгрөг, зээлийн хүү 14,499,400.03 төгрөг, хуримтлагдсан хүү 100,307.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,725,692.97 төгрөг нийт 28,290,231.72 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 149/ШШ2025/00821 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Г*******, Д.А******* нараас зээлийн гэрээний үүрэгт 28,290,231.71 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т******* ******* ХК-д олгосугай гэж,
2 дахь заалтыг бүхэлд нь хасаж,
3 дахь заалтыг 2 гэж дугаарлан,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 299,401 төгрөгийг т******* сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 299,401 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэж,
4 дэх заалтыг 3, 5 дахь заалтыг 4 болгон дугаарлалтыг тус тус өөрчилж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 147,532 төгрөгийг төсвийн орлогоос шүүгчийн захирамжаар гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ
ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН