| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2019/0804/Э |
| Дугаар | 808 |
| Огноо | 2019-10-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Нямсүрэн |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 808
2019 10 23 2019/ШЦТ/808
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
улсын яллагч А.Нямсүрэн,
шүүгдэгч А.Э /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан А.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911016951015 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол улсын иргэн, Баатар ван овогт А.Э, 1991 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Завхан аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа барилгын ажил хийдэг гэх, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 15 дугаар гудамж 489 тоотод оршин суух,
урьд: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1198 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгэж, 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзаж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ...............................................................
Шүүгдэгч А.Э нь 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 41-55 тоот, “Шинэ шагай” ХХК-ний “Таны” дэлгүүрт “хар багаасаа архи уудаг, би эд нар шиг байхдаа ийм байгаагүй” гэж Г.Анхболдтой маргалдан улмаар Г.Анхболдыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч А.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би хохирогчтой үл ойлгоцсоны улмаас муудалцсан. Энэ үйл явдал нь дэлгүүрт болсон. Би өөрөө согтуу байсан. Хохирогч нь надаас дүү болохоор би ганц хоёр үг хэлсэн. Энэ үед урдаас эсэргүүцээд байсан болохоор зодоон болсон. Би хохирогч болох Г.Анхболдыг нэг удаа алгадсан. Тэрээр зөрүүлээд намайг цохисон. Дэлгүүрээс гарч муудалцаад дахин дэлгүүрт орж муудалцсан” гэв.
Хохирогч Г.Анхболд мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...би найз Гал-Очирын хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны “Таны дэлгүүр” гэдэг нэртэй дэлгүүр ороод 0,33 “Монгол стандарт архи аваад байж байсан чинь гаднаас зүс таних Энхжин дэлгүүрт дотор ороод ирсэн. Тэгээд би дэлгүүрийн худалдагчид хандаад нэг удаагийн аяга авъя гэсэн чинь дэлгүүрийн худалдагч байхгүй гэж хэлсэн чинь Энхжин одооны бацаанууд хар багаасаа архи уугаад би эд нар шиг байхдаа ийм байгаагүй гэхээр нь би “Ахаа бид 2 уух гэж архи аваагүй, тэгсэн ч танд ямар хамаатай юм бэ гэсэн чинь Энхжин би чиний насан дээр чам шиг байгаагүй гэж хэлээд зүүн хацар оуу цохисон. Тэгэхээр нь би Энхжинд хандаад “Та одоо яаж байгаа юм бэ гэж хэлээд цохих гээд очсон чинь Энхжин надад цохиулаагүй миний үснээс зулгаагаад доошоо дараад шал мөргүүлээд намайг газар унагааж байгаад миний нуруун дээрээс гутлаараа толгой руу маш олон удаа дэвссэн. Тэгээд дэлгүүрийн ах “Энэ та хоёрын зодолддог газар биш гар” гээд бид хоёр дэлгүүрээс гарсан чинь Энхжин дэлгүүрийн гадаа гараад над руу дайраад байхаар нь би буцаад дэлгүүр лүү ороод лангууны ард нь хэвтээд байж байсан чинь намайг Энхжин орж ирээд намайг олоод харсан тэгээд лангууны ард хүрч ирээд миний толгой руу гутлаараа 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд би дэлгүүрийн ахаас гуйгаад би “танай арын хаалгаар гаръя тэгэх үү” гэсэн чинь дэлгүүрийн ах “тэг тэг” гэхээр нь би зугтаж гүйж гараад гэртээ хариад би цагдаагийн байгууллагад хандсан. Би шүд болон толгойн зураг авахуулсан мөнгө гаргуулж авмаар байна ...” гэх мэдүүлэг /хх-21-22х/,
Гэрч Д.Мөнхбаатар мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...манай дэлгүүрийн байнгын үйлчлүүлэгч болох Анхболд гэж хүүхэд тус өдрийн 22 цагийн орчим нэг үл таних хүнтэй хамт орж ирээд 5 литртэй том пиво авъя гэхээр нь аваад өгсөн чинь мөнгө хүрэхгүй байна түр хүлээж байгаарай гэж хэлээд зогсож байсан чинь Энхжин /сүүлд нэрийг нь мэддэг болсон/ залуу согтуу ороод ирсэн бөгөөд Анхболд пиво аваад үлдсэн мөнгөндөө нэг удаагийн аяга авъя гэсэн чинь Энхжин жоохон юм байж яагаад архи уугаад байгаа юм бэ бацаанууд гэж хэлэх үед Анхболд “танд ямар хамаатай юм бэ, тэглээ ч би уух гээгүй байна” гэж хэлсэн. Энхжин шууд Анхболдыг цохиод авсан бөгөөд тэр хоёр хэрэлдээд байсан ба Энхжин Анхболдыг үсдээд доош дарж байгаад газар мөргүүлээд нүүр толгой руу нь өшиглөөд байсан болохоор нь би “гарч зодоон хий, гар” гэж хэлэх үед тэр хоёр дэлгүүрээс гарсан бөгөөд дэлгүүрээс гараад тэр 2 бас л хэрэлдээд Энхжин нь газар Анхболдыг унагаагаад өшиглөөд байх шиг байсан. Төд удалгүй Анхболд манай дэлгүүрт орж ирээд “ахаа би энд нуугдаад байж байя” гэж хэлээд лангууны доор ороод хэвтэж байсан чинь Энхжин орж ирээд Анхболдыг олж хараад лангуунаас гаргаж байгаад дахиж зодоод байсан ба би болиулах гээд очих үед Анхболд “ахаа, арын хаалгаар чинь зугтаамаар байна” гэж хэлээд манай арын хаалгаар гараад явсан. Энхжин бол архи уусан байх шиг байсан Анхболд бол архи уугаагүй байх гэж бодож байна. Энхжин байнга манай дэлгүүрээр үйлчлүүлдэг гэр нь ойрхон байдаг байх гэж бодож байна. Жаахан танхай маягийн хүн гэж би боддог юм ...” гэх мэдүүлэг /хх-30-31х/,
Гэрч Б.Гал-Очир мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр би өөрийн найз Анхболдтой хамт байж байсан чинь манай ах Галбадрах 23 цагийн үед ажлаасаа ирээд “1 шил архи уучихаад шууд унтлаа ядраад байна” гэж хэлээд 5000 төгрөг өгөөд бид 2 Таны дэлгүүрт очоод 0,33 граммын Монгол стандарт архи аваад үлдсэн мөнгөндөө 1 удаагийн аяга авах гээд байж байх үед гаднаас Энхжин гэх залуу орж ирээд “Бацаанууд жаахан юм байж архи уух гэж байдаг, пизда нар би та нарын насан дээр ийм байгаагүй” гээд байхаар нь Анхболд Энхжин гэх хүн дээр очоод “Бид 2 архи уухгүй, уух байсан ч чамд ямар хамаатай юм бэ” гэж хэлээд гараа далайсан чинь Энхжин бултаад Анхболдын үснээс нь зулгаагаад газарт хэвтүүлж байгаад нүүр лүү нь өшиглөөд нуруу луу нь дэвсээд байхаар нь би айгаад дэлгүүрээс гараад гэр рүүгээ яваад өгсөн юм. Би тухайн үед айгаад шууд дэлгүүрээс гараад зугатаачихсан юм. Анхболд маргааш нь надаас юу болсон талаарх асуухаар нь “би та хоёрыг салгасан шүү дээ” гээд хэлчихсэн юм. Миний харснаар Энхжин гэх залуу Анхболдын үснээс нь зулгаагаад доошоо шалан дээр хэвтүүлээд нүүр лүү нь 1 удаа өшиглөөд нуруу дээрээс нь 2 удаа дэвссэн бөгөөд тухайн үед би шууд дэлгүүрээс гараад яваад өгсөн юм ...” гэх мэдүүлэг /хх-33-34х/,
Яллагдагч А.Э мэдүүлэхдээ: “...Би Анхболдын хацар хэсэгт 1 удаа алгадсан, боож газар унагаагаад цээж хэсэгт нь гараараа цохиод ар нуруу хэсэгт нь 2-3 удаа өшиглөөд Анхбаяр үүд хэсэгт гээд байхаар цамц хэсгээс нь зулгаах үед арагш газарт унасан бөгөөд босоод ирэхээр нь үсдээд нүүр лүү нь өшиглөөд үснээс нь дарж байгаад шал мөргүүлээд эвхэрэлдэх үед нуруу хэсэгт нь өшиглөсөн бөгөөд мөлхөөд байж байхад нь 1-2 удаа нүүр лүү нь өшиглөсөн. Анхболдын биед учирсан гэмтлүүдийг би учруулсан ...” гэх мэдүүлэг /хх-46-47х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн №6790 тоот дүгнэлтэд:
“1.2. Г.Анхболдын биед баруун хацар, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд зулгаралт, хамрын нуруу, цус хуралт, зүүн тохой, зүүн бугалга цус хуралт, баруун дээд 1-р шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо.
3.4.5.6.7. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
8.9. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
10. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-40х/,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч А.Э нь 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 41-55 тоот, “Шинэ шагай” ХХК-ний “Таны” дэлгүүрт “хар багаасаа архи уудаг, би эд нар шиг байхдаа ийм байгаагүй” гэж Г.Анхболдтой маргалдан улмаар Г.Анхболдыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч А.Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гэм буруутай этгээдээс гэм хорын хохирлын 300.000 төгрөгийг хүлээн авсан, гомдол саналгүй гэсэн хүсэлтээ мөрдөн шалгах ажиллагааны үед бичгээр гаргаж өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.