| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 193/2026/00082/И |
| Дугаар | 210/МА2026/00671 |
| Огноо | 2026-03-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2026/00671
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 193/ШШ2026/00234 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******т холбогдох
15,275,102 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан 15,266,602 төгрөг, нотариатын зардал 8,500 төгрөг нийт 15,275,102 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
3. Нэхэмжлэгч байгууллага нэхэмжлэлийн үндэслэлээ “...8 удаа нийт 15,300,000 төгрөгийн зээлийг хүүтэй, хугацаатай, хувийн хэрэгцээний зориулалтаар авсан бөгөөд эдгээр зээлийн төлбөрт нийт 6,452,600 төгрөг төлсөн, тухайн үед салбар хариуцсан менежерийн буруугаас цахим зээлийн гэрээг зохих журмаар байгуулаагүй атлаа программд цахим зээлийн гэрээ үүсгэсэн байсан. Иймд дансанд шилжүүлсэн зээлийн дүнгээс төлсөн төлбөрийг хасаж, хүү, нэмэгдүүлсэн хүү тооцохгүйгээр үлдэгдэл 15,266,602 төгрөгийг гаргуулна” гэж, харин хариуцагч нь татгалзлын үндэслэлээ “зээлийн гэрээ байгуулж, зээл авч байгаагүй, тус байгууллагын ажилтан *******ийн хүсэлтээр дансанд нь орж ирсэн мөнгөн хөрөнгийг түүний хэлсэн дансанд нь шилжүүлж байсан” гэх агуулгаар тус тус тайлбарлажээ.
3.1. Дээрх нэхэмжлэгчийн тайлбараас үзвэл хариуцагчийн төлсөн гэх 6,452,600 төгрөгийг зээл, зээлийн хүүгийн төлбөрт тооцсон гэх боловч дээрх мөнгөн хөрөнгийг хэн, хэзээ, ямар байдлаар төлсөн талаарх баримтгүйгээс аль зээлийн гэрээний үүрэгт хэрхэн, хэдэн төгрөгийг тооцож, 8 гэрээний үлдэгдэл төлбөрийг 15,266,602 төгрөг гэж тогтоосон нь тодорхойгүй, мөн ажилтны буруугаас цахим зээлийн гэрээг зохих журмаар байгуулаагүй гэсэн атлаа 6,452,000 төгрөгийг зээл, хүүгийн төлбөрт тооцсон, 8 зээлийн нийт үнийн дүнгээс 6,452,600 төгрөгийг хасаж, үлдсэн төлбөрийг шаардсан гэх боловч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага хоорондоо логик уялдаагүй, нэхэмжлэлийн үнийг хэрхэн тогтоосон нь тодорхойгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн алдаа гаргажээ. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхой байснаар маргааны зүйл тодорхой болж, нотлох баримт гаргаж өгөх, цуглуулах, бүрдүүлэх замаар зохигч мэтгэлцэх, улмаар шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоох, шаардах эрхийн үндэслэлийн талаар холбогдох хуулийг оновчтой, зөв тайлбарлан хэрэглэх боломж бүрдэнэ.
3.2. Түүнчлэн, 2026 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс ажилтан *******т холбогдох асуудлаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, шалгуулж байгаа талаар тайлбар гаргасан байх ба энэ нь хариуцагчид холбогдох асуудалд хамааралтай эсэхийг тодруулах шаардлагатай байжээ. Энэ нь маргааны үйл баримтыг тогтооход хамааралтай байж болохыг анхан шатны шүүх анхаараагүй байна.
4. Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 193/ШШ2026/00234 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234,326 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Ж.ЛХАГВАСҮРЭН
Т.ГАНДИЙМАА