Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2026/00676

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 191/ШШ2026/00971 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, *******-д холбогдох,

Зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, ******* дугаарын эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******-ийн өмгөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. *******-тай 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 38,000,000 төгрөгийг сарын 2.5 хувийн хүүтэй зээлж авсан, мөн өдөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор өөрийн өмчлөлийн үүрэн холбооны ******* дугаарыг барьцаалан фидуцийн гэрээ байгуулсан.

1.2. Зээлийн гэрээнд зааснаар сар бүрийн төлөлтийг хийсээр байхад зээлийн гэрээний 2.1.6-д зааснаар гэрээ байгуулснаас хойш 2 жилийн хугацаанд үргэлжлэхээр заасан атлаа гэрээний хугацаа дуусаагүй байхад фидуцийн гэрээний 2.5-д зээлдэгч зээлийн гэрээний үүргийг 40 хоног хүртэл зөрчсөн тохиолдолд ББСБ нь нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү, үндсэн төлбөрийг төлөхийг шаардах эрхтэй ба 41 дэх хоногоос ББСБ нь барьцаа хөрөнгийг худалдан борлуулж, зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүү, хэрэглээний төлбөрийн хамт гаргаж авахаар тохирсон. Гэтэл төлөлт хийгдээгүй 37 дахь хоног дээр барьцааны зүйлийг худалдан борлуулж, гэрээний үүргээ зөрчсөн.

1.3. Фидуцийн гэрээ байгуулахдаа Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг зөрчиж үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр хуульчилсан байхад хөдлөх хөрөнгө биш, *******-ийн өмч үүрэн холбооны ******* дугаарын эзэмших, өмчлөх эрхийг шилжүүлэн авч гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг зөрчсөн гэрээ тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож өгнө үү. Мөн дээрх хүчин төгөлдөр бус гэрээний дагуу ******* дугаарын эзэмших эрхээ алдсан тул уг дугаарын эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг *******-д даалгаж өгнө үү.

2. Хариуцагч *******-ийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. ******* нь 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 38,000,000 төгрөгийг 2,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай авсан бөгөөд 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр гэрээний хугацаа дуусахад үндсэн зээлээ төлөөгүй буюу гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, гэрээний хугацаа дууссан тул төлөлтөө хийж зээлээ хаах талаар мессежээр мэдэгдэл хүргүүлсэн боловч зээлээ эргэн төлөх үүргээ биелүүлээгүй тул ******* үүрэн холбооны дугаарыг худалдах, худалдан авах гэрээ байгуулж 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр бусдад шилжүүлсэн.

2.2. Гэрээ цуцлагдсан өдрөөс эхлэн банк бус санхүүгийн байгууллагад барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрх үүснэ. Зээлдэгч зээлийн гэрээ байгуулах үедээ гэрээтэй уншиж танилцан гарын үсгээ зурж баталгаажуулсан, зээлийн гэрээний хугацаа дуусахад үндсэн зээлээ төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах заалттай танилцаж, хүлээн зөвшөөрсөн атлаа гэрээний хугацаа дуусахад зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй.

2.3. Мөн Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2, 84.3, 84.4 дэх хэсэгт зааснаар ******* үүрэн телефоны дугаар нь хөдлөх эд хөрөнгөд хамаарах тул гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Хариуцагч *******-ийн тайлбар, татгалзлын агуулга:

3.1. Үүрэн холбооны ******* дугаарын эзэмших эрх олгох, шилжүүлэхдээ зохих шаардлага хангасан баримт бичигт үндэслэн, хууль журмын дагуу үйлчилгээ үзүүлсэн үйлдэл нь хэн нэгний эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Манайх зээлийн гэрээ болон бусад зүйлийг шалгах эрхгүй. Иргэний нэр дээрх бүртгэлийг өөрийнх нь зөвшөөрснөөр шилжүүлдэг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******-ийн тайлбарын агуулга:

4.1. ******* нь өөрийн эзэмшлийн ******* дугаарыг 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш эзэмшиж байсан ба уг дугаарыг 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр барьцаалж, 30,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай зээл авсан. Зээлийг журмын дагуу олгож, гэрээг бичгээр байгуулсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэл алга байна.

5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******ийн тайлбарын агуулга:

6.1. *******-тай гэрээ байгуулаагүй, *******тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж ******* дугаарыг авсан. Хууран мэхлэх, хүч хэрэглэх замаар эд хөрөнгийг олж авснаас бусад тохиолдолд шинэ эзэмшигч тухайн эзэмшигчийн хувьд өмнөх эзэмшигчээс илүү эрхтэй байдаг тул шударга эзэмшигч гэж үзэж байна.  

7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235.4, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******, ******* нарт холбогдох зээл болон фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, ******* дугаарын эзэмших эрхийг шилжүүлж өгөхийг *******-д даалгах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.037.900 төгрөгөөс илүү төлсөн 271,800 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч *******ид буцаан олгож, үлдэх 766,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

8. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

8.1. Анхан шатны тойргийн шүүхээс миний ******* дугаарыг хариуцагч ******* зээлийн гэрээний хугацаа дуусах өдөр болох 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр “Худалдах, худалдан авах гэрээ”-г *******тай байгуулан нэхэмжлэгч надад мэдэгдэхгүйгээр 64,500,000 төгрөгөөр зарсан, фидуцийн гэрээний 2.5-д зээлээ төлөөгүй бол 41 дэх хоногоос худалдан борлуулах, энэ талаар урьдчилан мэдэгдэх гэж заасныг зөрчсөн байхад хууль болон гэрээнд нийцсэн гэж үзсэнд маш их гомдолтой байна.

Мөн өмчлөх эрхийг биш хэрэглэгчийн сим карт буюу ******* дугаарыг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ нь хуульд нийцсэн гэрээ гэж үзсэнд гомдолтой байна.

Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /Фидуци/ нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг зөрчсөн гэрээ тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-т заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үздэг. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /Фидуци/ нь хүчин төгөлдөр бус тул зээлийн гэрээ нь мөн адил хүчин төгөлдөр бус гэж үздэг. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /Фидуци/-ний зүйл болох ******* дугаар нь *******-ийн өмч, нэхэмжлэгч би дугаарын эзэмшигч болон хэрэглэгчийн хувьд хүчин төгөлдөр бус гэрээний дагуу эзэмших эрхээ алдсан байгаа тул ******* дугаарыг эзэмших, хэрэглэх эрхийг нэхэмжлэгч ******* миний нэр дээр шилжүүлж өгөх эрх нь хариуцагч *******-д байгаа тул нэхэмжлэгч миний нэр дээр шилжүүлэх бүрэн боломжтой юм. ******* сим карт буюу ******* дугаарын өмчлөгч гэдгийг нь нийтэд илэрхий гэж үздэг. "******* нь анх дугаар буюу сим карт худалдаж байх үед сим картын доод буланд Мобикомын өмч гэсэн бичиг бичсэн байдгийг Монгол улсын ард иргэд дугаар хэрэглэгч болоход бүгд мэддэг болохоор өмчлөгч нь гэж үзэж байна.

Хариуцагч ******* нь ******* дугаарыг 41 дэх хоног болоогүй байхад нэхэмжлэгч надад мэдэгдэхгүйгээр зарсан нь хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй ба 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр зарсан, 37 дахь өдөр ******* дугаарыг шилжүүлсэн нь хууль зөрчөөгүй гэж үзсэнд гомдолтой байна.

8.2. Хариуцагч ******* нь дугаарыг 38,000,000 төгрөгөөр зах зээлийн ханшнаас хэт доогуур бодож зээл хаасан, *******ас ******* дугаар шилжүүлэн авсан. 25,000,000 төгрөг *******д шилжүүлсэн, үндэслэлгүйгээр ******* дугаартай болсон, 64,500,000 төгрөгөөр зараад 38,000,000 төгрөгийн зээл хаагаад 25,000,000 төгрөгийн ашиг олсон зэрэг үйл баримтад анхан шатны шүүхээс хууль зүйн дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. Шүүх миний нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд биш зөрчигдсөн эрхийг минь сэргээх, хохирсон бол хохирлыг минь тогтоох үүрэгтэй гэж нэхэмжлэл гаргасан байхад нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч *******, *******-д холбогдох зээлийн болон фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, ******* дугаарын эзэмших эрхийг шилжүүлж өгөхийг даалгах нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү.

9. Давж заалдах гомдолд хариуцагч *******-ийн гаргасан тайлбарын агуулга:

9.1. Манай компанийн зүгээс 38,000,000 төгрөгийг *******ид шилжүүлж өгсөн. *******ийн хувьд ******* дугаарыг манай компанийн нэр дээр шилжүүлж өгсөн. Фидуцийн гэрээний онцлог нь хөрөнгийг өмчлөлд шилжүүлж авч үүргээ биелүүлээгүй бол хөрөнгийг бодитоор гаргуулан авснаар гэрээний үүрэг дуусгавар болдог. Мөнгөн хөрөнгө зээлээд буцаад төлөх үүргээ биелүүлээгүйгээс үүсэх үр дагавар нь барьцаанд тавьсан эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохицуулагдсан гэрээ юм. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь буюу 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр гэхэд биелүүлээгүй учраас манай компанийн зүгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ******* дугаарыг зарсан. Иймээс үүн дээр 41 хоногийг тоолох шаардлагагүй гэж үзэж байна.

9.2. ******* дугаарыг одоо эзэмшиж байгаа ******* нь шударга эзэмшигч болж байгаа юм. Иймээс энэ дугаарыг буцаагаад ******* гэдэг хүний өмчлөлд шилжүүлэх үндэслэл байхгүй. Нэхэмжлэгчийн гомдлын шаардлагад Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар харилцаа холбооны газраас заавал зөвшөөрөл авах шаардлагатай гэсэн байсан. ******* нь харилцаа холбооны зохицуулах хорооноос зөвшөөрөл авч, тусгай зөвшөөрлийн үндсэн дээр 9911 дугаарын хэрэглэгчдийн үйлчилгээгээр хангаж, дугаар ашиглагчийн зөвшөөрөл болон холбогдох бичиг баримтыг үндэслэн дугаарыг шилжүүлэх үйлчилгээ үзүүлдэг компани юм. Иймд гэрээ хийх болон нэр шилжүүлэх болгондоо ******* зөвшөөрөл аваад байх шаардлага байхгүй.

9.3. Мөн 25,000,000 төгрөгийн ашиг олсон гэж нэхэмжлэгч гомдолдоо дурдсан байсан. Гэтэл манай компани ашиг олоогүй. *******ас ******* дугаарыг авахдаа 25,000,000 төгрөгийг шилжүүлээд 39,500,000 төгрөгт ******* дугаарыг тооцож гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангасан. 25,000,000 төгрөгийг шилжүүлсэн баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. ******* дугаарыг нийт 64,500,000 төгрөгөөр авсан. Иймээс гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү

10. Давж заалдах гомдолд хариуцагч *******-ийн гаргасан тайлбарын агуулга:

10.1. ******* нь энэ дугаарын өмчлөгч учраас хэзээ ч хамаагүй, хэнээс ч хамаагүй дугаарын эрхийг өөр хүнд шилжүүлэх эрхтэй мэтээр ойлгож гомдлыг гаргасан нь үндэслэлгүй. Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 74 дүгээр тогтоолоор батлагдсан Харилцаа холбооны сүлжээний дугаарын ашиглалт, үйлчилгээг бүртгэхтэй холбоотой журмын 4 дүгээр зүйлийн 4.8 дахь хэсэгт “Суурин холбоо, үүрэн холбоо, интернэтэд суурилсан телефон ярианы үйлчилгээний дугаарлалтыг харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий этгээдэд ашиглуулахаар олгож гэрээ байгуулна” гэж заасан. Иймд гэрээ байгуулж, энэхүү гэрээгээр зөвхөн ашиглах эрхийг олж авдаг тул нэхэмжлэл үндэслэлгүй, гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

11. Давж заалдах гомдолд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******-ийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

11.1. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээг ямар хууль зөрчсөн гэж хүчин төгөлдөр бус гэж үзээд байгаа вэ гэхээр тодорхой тайлбар өгдөггүй. Фидуцийн гэрээний хувьд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсгийг зөрчсөн гэдэг. Фидуцийн гэрээний зүйл 9911 дугаарыг барьцаалж болох уу, үгүй юу гэдэг асуудлыг анхан шатны шүүх шийдвэртээ тодорхой тайлбарласан.

11.2. Анхан шатны шүүх нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хүрээнд хууль зүйн дүгнэлт хийдэг. Хэрвээ ашиг олоод хариуцагч тухайн орлогыг авсан байна гэж үзэж байгаа бол нэхэмжлэлийн шаардлага өөр байх байсан гэж үзэж байна. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь тодорхойгүй, ойлгомжгүй, нотолж чадаагүй учраас хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд гомдлыг хангахаас татгалзаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

12. Давж заалдах гомдолд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

12.1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан дүгнэлтийг тодорхой хийсэн учраас шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

13. Давж заалдах гомдолд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, *******-д холбогдуулан зээл болон фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, ******* дугаарын эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ******* нь гэрээ хүчин төгөлдөр гэх агуулгаар, хариуцагч ******* нь үйлчилгээний гэрээний дагуу дугаарын эзэмших, ашиглах эрхийг шилжүүлсэн гэх агуулгаар тус тус эс зөвшөөрч маргасан. /1хх-ийн 145, 215/

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******, *******, ******* нар хариуцагчийн байр суурийг дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон.

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1. ******* нь *******-тай 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан “Зээлийн гэрээ”-гээр 38,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэй зээлдэн авч, мөн өдөр “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ”-г байгуулж, уг гэрээний дагуу ******* дугаарыг *******-ийн эзэмших эрхэд бүртгүүлжээ. /1хх-ийн 4-5, 7, 54/

3.2. ******* нь *******тай 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр “Худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр ******* дугаарын эзэмших эрхийг ******* нэр дээр шилжүүлэх үүрэг хүлээж, 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр шилжүүлсэн. /1хх-100-101, 54/

3.3. Улмаар, *******ас *******ийн эзэмшилд шилжиж, ******* нь *******-тай 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр “Зээлийн гэрээ”-г байгуулж, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор байгуулсан “Барьцааны гэрээ”-ний дагуу ******* дугаарын эзэмших эрх *******-д бүртгэгджээ. /1хх-183, 192-198/

3.4. Нэхэмжлэгч нь дээрх зээлийн гэрээний дагуу зээлийн мөнгөн хөрөнгө болох 38,000,000 төгрөгийг хүлээн авч, зээлийн төлбөрт 11,373,501.04 төгрөгийг буцаан төлсөн, мөн хариуцагч байгууллага нь оноосон нэрээ ******* гэж өөрчилсөн үйл баримт тогтоогдсон, эдгээр үйл баримтад талууд маргаагүй, тэдний маргааны зүйл нь гэрээ хүчин төгөлдөр эсэх асуудал болжээ. /1хх-8-18, 20, 31-32/

4. ******* болон ******* нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж шүүх зөв дүгнэсэн. 

4.1. Дээрх зээлийн гэрээний 2.1.6-д “...зээлийг ашиглах хугацаа 12 сар. ...зээлийг олгосон өдрөөс эхлэн хугацааг тоолно. ...Зээлийн эрхийн хугацаа энэхүү гэрээ байгуулагдсанаас хойш 2 жилийн хугацаанд үргэлжилнэ” гэжээ.

Энэхүү тохиролцоогоор зээлийн гэрээний хугацааг буюу зээлдэгчийн үүрэг гүйцэтгэх хугацааг 12 сараар, харин зээлдүүлэгчээс гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах хугацааг 2 жилээр тогтоосон байх тул гэрээний 2 жилийн хугацаа дуусаагүй байхад барьцааны зүйл болох гар утасны дугаарыг худалдан борлуулж, үүргээ зөрчсөн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүйгээс гадна гэрээний үүргээ зөрчсөн нь уг гэрээг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэх үндэслэл болохгүй. Иймд зээлийн гэрээ хүчин төгөлдөр байна.

Анхан шатны шүүх зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар нэхэмжлэгч маргаагүй гэж дүгнэснийг буруутгахгүй бөгөөд энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй.

5. Харин анхан шатны шүүх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор талуудын байгуулсан ******* дугаарын эзэмших эрхийг шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь зөв боловч эрх зүйн харилцааны хувьд болон зарим үйл баримтад алдаатай дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүхээс дараах байдлаар залруулна.

5.1. Харилцаа холбооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт зааснаар ******* дугаарын өмчлөгч нь *******, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь уг дугаарыг гэрээний үндсэн дээр эзэмшиж, үйлчилгээ авах эрх бүхий хэрэглэгчийн хувьд энэхүү эрхээ бусдад шилжүүлж болох тул гар утасны дугаар нь фидуци болон барьцааны зүйлийн аль нь ч байх боломжтой.  

Харин тухайн дугаарын эзэмшил, ашиглалтыг шилжүүлэх журмыг хэрхэн тохиролцсоноос хамааран гэрээний эрх зүйн шинжийг тодорхойлох учиртай.

Талуудын байгуулсан гэрээний 1.1-д гэрээний зорилгыг “... ******* дугаарыг ББСБ-ын өмчлөлд зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдэж дуусах хүртэл хугацаанд шилжүүлэх, зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, түүний үнэлгээ, чанар байдлыг тодорхойлох” гэж, 2.5-д үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг “Зээлдэгч зээлийн гэрээний үүргийг 40 хоног хүртэл зөрчсөн тохиолдолд зээлдүүлэгч нь нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү, үндсэн төлбөрийг төлөхийг шаардах эрхтэй ба 41 дэх хоногоос зээлдүүлэгч нь барьцаа хөрөнгийг худалдан борлуулж зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүү, хэрэглээний төлбөрийн хамт гаргаж авахыг зээлдэгчид урьдчилан мэдэгдэв” гэж харилцан тохиролцжээ.

Дээрх тохиролцооны агуулгаас үзэхэд талууд үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг хэрэглэхдээ хөрөнгийг худалдан борлуулах замаар үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах хүсэл зориг илэрхийлсэн нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан барьцааны гэрээний шинжийг илүү агуулсан гэж үзэхээр байна.   

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт зааснаар мөнгөн төлбөрийн үүргийг хангах зорилгоор үүрэг гүйцэтгэгч нь үүргээ хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгэсэн тохиолдолд хөрөнгийг буцаан авах, үүргээ биелүүлээгүй нөхцөлд үүрэг гүйцэтгүүлэгч хөрөнгийг бодитойгоор гаргуулан авах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нөхцөлтэйгөөр хөрөнгийг шилжүүлэх агуулгагүй байна. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан барьцааны гэрээ байгуулагдсан гэж дүгнэнэ.

5.2. Улмаар, хариуцагч байгууллага нь *******тай 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан “Худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу барьцааны зүйл болох ******* дугаарыг ******* эзэмших эрхэд 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр шилжүүлсэн нь барьцааны гэрээний 2.5-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг хэрэгжүүлэх хугацааг зөрчсөн байх боловч энэхүү үүргийн зөрчил нь уг гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй.

Тодруулбал, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэлд гэрээний агуулга нь хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн эсвэл хуулийн шаардлагад нийцэхгүй байх нөхцөл хамаарах бөгөөд үүргийн зөрчлийг гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамааруулах үндэслэл болохгүй.

Харин анхан шатны шүүх хариуцагч байгууллага барьцааны гэрээний 2.5-д заасан үүргээ зөрчсөн эсэх талаар дүгнэлт хийгээгүй байх бөгөөд уг үүргээ зөрчсөн гэх нэхэмжлэгчийн тайлбараар нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэсэн нь буруу, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй боловч хэргийн шийдэлд нөлөөлөхгүй. 

5.3. Мөн барьцааны зүйл болох ******* дугаарын өмчлөгчийн эрхийг нэхэмжлэгч хэрэгжүүлэх боломжгүй, зөвхөн харилцаа холбооны үйлчилгээ авах эрхийг тодорхой үнээр бусдад шилжүүлж болох эрхийн хүрээнд барьцааны болон фидуцийн зүйл болдог. Иймд *******-ийн өмчлөлийн хөрөнгийг зөвшөөрөлгүйгээр барьцаалсан гэж дүгнэхгүй тул барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарахгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй.  

6. Нэгэнт зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр тул талуудын хооронд харилцан өгсөн авснаа буцаах үүргийн харилцаа үүсэхгүйгээс гадна хариуцагч *******-ийн хувьд гуравдагч этгээдийн эзэмших, ашиглах эрхэд бүртгэгдсэн гар утасны дугаарыг тухайн дугаарын хэрэглэгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр шилжүүлэх эрхгүй тул нэхэмжлэл бүхэлдээ хангагдахгүй.

7. Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргасан байх тул анхан шатны шүүх шаардах эрхийн үндэслэлд хамааралгүй хуулийн заалт баримталсан нь оновчгүй болсныг залруулж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээнэ. Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцдоггүй тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг залруулсан өөрчлөлтийг мөн оруулна.  

8. Нэхэмжлэгчийн гаргасан дараах гомдлыг мөн хангахгүй орхино. Үүнд

8.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.1.4, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхойлж, бичгээр гаргах ба энэ хүрээнд талууд мэтгэлцэж, тэдний гаргаж өгсөн, цуглуулсан, бүрдүүлсэн нотлох баримтыг үндэслэн шүүх хэргийг хянан шийдвэрлэх нь мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт нийцнэ. Иймд анхан шатны шүүх 2025 оны 2 дугаар сарын 04, 2025 оны 8 дугаар сарын 18-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн байх тул хариуцагч байгууллага нь зах зээлийн ханшнаас хэт доогуур бодож зээл хаасан, 25,000,000 төгрөгийн ашиг олсон үйл баримтад шүүх дүгнэлт хийгээгүй, мөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд биш зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг тогтоох үүрэгтэй гэх гомдлыг хүлээн авахгүй.

Өөрөөр хэлбэл, маргаан бүхий гар утасны дугаарыг худалдан борлуулах журам хэрхэн хэрэгжсэн эсэхэд шүүх дүгнэлт өгөхгүй юм.  

9. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 191/ШШ2026/00971 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан үндэслэлгүй тул хариуцагч *******, *******-д холбогдох зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, ******* дугаарын эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 766,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Д.НЯМБАЗАР

                                          ШҮҮГЧИД                                         Ч.МӨНХЦЭЦЭГ

                                                                                                  Т.ГАНДИЙМАА