| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2019/0803/Э |
| Дугаар | 816 |
| Огноо | 2019-10-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Чимгээ |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 816
2019 10 28 2019/ШЦТ/816
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
Улсын яллагч Б.Чимгээ,
Шүүгдэгч Н.Н /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Энх овогт Н.Нт холбогдох эрүүгийн 1911022061009 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Энх овогт Н.Н, Монгол Улсын иргэн, 1997 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Булган аймгийн Дашинчилэн суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ХААИС-ийн 4 дүгээр дамжааны оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хорооллын 40в байрны 85 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ......................................................
Шүүгдэгч Н.Н нь 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг, 24 дүгээр сургуулийн хөл бөмбөгийн талбай дээр А.Билгүүн-Эрдэнэтэй найз охиноо гомдоосон гэх шалтгаанаар маргалдан нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Наас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Өмнө нь Сарантуяа бид хэд уулзахад манай найз гомдоосон гэж хэлсэн. Би хохирогчтой маргалдаж байгаад шанаа тус газарт нь цохисон” гэв.
Яллагдагч Н.Наас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 24 дүгээр сургуулийн хөл бөмбөгийн талбай дээр Билгүүн-Эрдэнэ гэх манай найз охин Нарангэрэлийн найз Сарантуяагийн найз залуу нь байсан ба түүнийг нэг удаа нүүрэн тус газар нь цохисон ба дундуур хүмүүс орж ирж салгаад тэгээд 2 тийшээ салаад явсан ...шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан бөгөөд уг дүгнэлтэнд тусгагдсан Билгүүн-Эрдэнийн биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг /хх-33-34х/,
Хохирогч А.Билгүүн-Эрдэнээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 08 дугаар сарын 13-ны орой компьютер ландын хойд талд байрлах хөл бөмбөгийн талбай дээр тоглож дуусчихаад байж байтал нэг залуу ирээд Билгүүнээ гэж хэн бэ гэхээр нь би байна, яасан гэхэд тэр залуу чи ер нь яах гээд байгаа юм гэсэн. Би хүн андуураад байгаа юм уу гэхэд андуураагүй гэснээ чиний найз охин Сарантуяа гэж мөн үү гэхээр нь тийм гэхдээ одоохондоо салчихсан байгаа гэсэн. Тэгээд ямар учиртай хэн болохоо хэлчих гэхэд эр хүнийхээ хувьд ганц нэг үг хэлье гэж бодсон юм гэсэн. Тэгснээ яагаад өөдөөс пээдийгээд хялайж хараад байна гэхээр нь хэл амаар жоохон маргасан. Тэгээд Нямбаяр гэдэг залуу сууж байхад шууд цохиод авсан, би толгойгоо нуугаад гараараа дартал сандал дээрээс татаж буулгаад нүүрэн тус газар өшиглөсөн ...Тэгтэл Нямбаярын найз охин Нямбаярыг холдуулах гээд татаж чангаагаад хашаанаас гаргасан ...Миний зүүн нүдний хажуу тал шалбарсан, шанаа бас хавдсан байна. Одоо бол бид хоорондоо эвлэрсэн, надаас уучлалт гуйсан, санал хүсэлт, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралд суухгүй ...“ гэх мэдүүлэг /хх-14-17х/,
Гэрч Д.Сарантуяагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр би гэртээ байж байтал манай найз Нарангэрэл залгаад хүрээд ир гэхээр нь очоод Нямбаяр Нарангэрэл бид гурав 5 дугаар сургуулийн тэнд нэг пабад орж пиво уусан. Тэгсэн Нямбаярын нэг найз нь бас ирсэн. Тэгээд би хуучин үерхэж байгаад муудалцчихсан байсан. Билгүүн-Эрдэнэ рүү залгаад хаана байна гэхэд 24 дүгээр сургуулийн хойно хөл бөмбөгийн талбай дээр байна гэсэн. Бид нар сууж байсан пабаасаа гараад 24 дүгээр сургуулийн тэнд байдаг Нарангэрэлийн гэрийн гадаа очоод хөл бөмбөгийн талбайн хажуугаар явж байтал хөл бөмбөгийн талбай дээр Нямбаяр найзтайгаа, Билгүүн-Эрдэнэ тэнд хөл бөмбөг тоглож байсан хүмүүс бужигнаад байхаар нь Нямбаярыг чи яагаад хүн зодож байгаа юм гээд аваад явсан. Намайг очиход Билгүүн-Эрдэнийн зүүн нүдний хэсэг хавдсан байсан” гэх мэдүүлэг /хх-18х/,
Гэрч Х.Бат-Эрдэнээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 19:30 цагийн үед Билгүүн-Эрдэнэ хүнд зодуулчихлаа гээд залгасан ...очиход нүүр нь зулгарсан нүд нь хөхөрсөн байдалтай байсан. Өөрөө хэлэхдээ Нямбаяр гэх залуу хүрч ирээд чи Сарантуяагийн найз залуу мөн үү гэхээр нь мөн гээд хариулсан чинь л үгийн зөрүүгүй зодчихсон гэсэн. Нямбаяр нь ганцаараа зодсон гэж байсан” гэх мэдүүлэг /хх-21-22х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №9884 тоот дүгнэлтэнд:
“1. А.Билгүүн-Эрдэнийн биед зүүн шанаанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний гадна буланд цус хуралт, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой” гэжээ /хх-27х/,
Шүүгдэгч Н.Нын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-38х/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-35х/,
Оршин суух хаягийн тодорхойлолт /хх-36х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Н.Н нь 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг, 24 дүгээр сургуулийн хөл бөмбөгийн талбай дээр А.Билгүүн-Эрдэнэтэй найз охиноо гомдоосон гэх шалтгаанаар маргалдан нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байна.
Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Н.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан торгох оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Н.Ныг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч А.Билгүүн-Эрдэнэ нь өөрт учирсан гэм хорын хохирлын баримтыг гаргаж өгөөгүй, шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй /хх-43х/ гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.