Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 448

 

Э.Эрдэнэбаярт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Г.Цогтгэрэл,

Ялтан Э.Эрдэнэбаярын өмгөөлөгч Ш.Пүрэвсүрэн,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Бямбаа,

Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж, шүүгч З.Болдбаатар, Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 117 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Э.Эрдэнэбаярын гаргасан давж заалдах гомдлоор Э.Эрдэнэбаярт холбогдох эрүүгийн 201525021665 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овогт Эрдэнэмөнхийн Эрдэнэбаяр, 1980 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, өрөгч, угсрагч мэргэжилтэй, ам бүл 8, эцэг, эх, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 31 дүгээр байрны 51 тоотод оршин суух бүртгэлтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын 46-543 тоотод оршин сууж байсан,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 358 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, /РД:ХЖ80040110/;

Э.Эрдэнэбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2015 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн өглөө 10-12 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хорооллын 1 дүгээр байрны 5 дугаар орцны үүдэнд хамт архи ууж байсан Б.Мөнхнасантай “11 дүгээр хорооллынх мөн, биш” гэж маргалдсаны улмаас нүүрэн тус газар нь цохиж газар унаган, бие махбодид нь гавал тархины гэмтэл учруулан, хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Э.Эрдэнэбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн шүүх: Э.Эрдэнэбаярыг хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Э.Эрдэнэбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 13 /арван гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Э.Эрдэнэбаярт оногдуулсан 13 жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Э.Эрдэнэбаярын цагдан хоригдсон 571 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Э.Эрдэнэбаяраас 5.700.176 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Бямбаад олгохоор шийдвэрлэжээ.

 

Э.Эрдэнэбаяр гаргасан давж заалдах гомдолдоо: “…Би эцэг, эх, 4 дүү, хүүгийн хамтаар амьдардаг. Эцэг, эх минь дүлий, тахир дутуугийн 3 дугаар зэргийн группэд байдаг. Мөн 2 дүү минь хэлгүй, дүлий хөгжлийн бэрхшээлтэй группэд байдаг. 2 дүү маань тархи толгойны өвчтэй, бие султай, хөдөлмөр эрхлэх чадваргүй гэртээ байдаг. Би энэ айлын цорын ганц эрүүл саруул төрсөн хүү нь юм. Цагдан хоригдож байхдаа 2014 оны 9 дүгээр сард TV 8 телевизээр хүнд өвчтэй, ядарсан эмэгтэй ард түмнээсээ эмчилгээний зардлын тусламж хүссэн нэвтрүүлэг гарч байхыг үзээд би маш их өрөвдөж, тэр эмэгтэйд туслах бодол төрж, хорих ангийн удирдлагатай ярьж, 14 хоногийн хугацаатай хандивын хайрцаг нээж 456.000 төгрөг цуглуулж, өөрийн биеэр телевизээр ярилцлага өгч тухайн эмэгтэйд гардуулан өгч байсан. Би үүнээс маш их урам зориг авч, цаашид хөгжлийн бэрхшээлтэй, өвчтэй зовлонтой хүмүүст сайн үйл хийх хүсэлтэй, өөрийн гэсэн зорилготой, улс орныхоо төлөө сайн үйл хийх хүсэл эрмэлзэлтэйгээр 2015 онд хоригдох хугацаа дуусч суллагдсан. Ингээд хувиараа үйлдвэрлэл эрхэлж байгаад 2015 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр энэ хэрэгт холбогдсон. Миний нэг найз телевизэд дохионы хэлээр мэдээ тайлбарлагчийн ажил болон харуул хамгаалалтын ажилд оруулж өгнө гэхээр нь уулзах санаатай урьд амьдарч байсан 11 дүгээр хороололд очсон. Тэгтэл Дугар гэх өндөр настай хүн мөнгөө дээрэмдүүлсэн болохоор нь тэр мөнгийг авсан хүнээс нь мөнгийг нь авч өгөх санаатай очтол хэл амаа ололцохгүй маргалдсаны улмаас алгадаж унаган энэ хэрэгт холбогдсон. Хийж, бүтээх насандаа ийм хэрэгт орсондоо туйлын их харамсаж, гэмшиж байна. Цаашид талийгаачийн эх, эгч нарт ойр дотно байж, тусалж явах болно. Миний улс орондоо тустай байж, хийж бүтээх гэсэн хүсэл эрмэлзэл болон ар гэрийн байдал,  талийгаачийн ар гэрт тусалж дэмжиж явах боломжийг минь харгалзан үзэж, надад оногдуулсан ялыг бага ч болов хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

 

Ялтны өмгөөлөгч Ш.Пүрэвсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Э.Эрдэнэбаярын давж заалдах гомдолдоо “Эцэг, эх минь дүлий, тахир дутуугийн 3 дугаар зэргийн группэд байдаг. Мөн 2 дүү минь хэлгүй, дүлий хөгжлийн бэрхшээлтэй группэд байдаг. 2 дүү маань тархи толгойны өвчтэй, бие султай хөдөлмөр эрхлэх чадваргүй гэртээ байдаг. Би энэ айлын цорын ганц эрүүл саруул төрсөн хүү нь юм” гэж бичсэн нь үнэн юм. Түүний гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна" гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Бямбаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "... Анхан шатны шүүхээс Э.Эрдэнэбаярт оногдуулсан ял, шийтгэл тохирсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дэмжиж байна" гэв.

 

Прокурор Г.Цогтгэрэл шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх Э.Эрдэнэбаярт холбогдох хэргийг хэлэлцээд түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Э.Эрдэнэбаяр нь хохирол төлөөгүй. Магадгүй түүний ар гэрийн байдал хүнд байдаг байх. Гэсэн хэдий ч хохирол барагдуулъя гэсэн хүсэлт гараагүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар Э.Эрдэнэбаярт холбогдох хэргийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Э.Эрдэнэбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2015 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн өглөө 10-12 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хорооллын 1 дүгээр байрны 5 дугаар орцны үүдэнд хамт архи ууж байсан Б.Мөнхнасантай “11 дүгээр хорооллынх мөн, биш” гэж маргалдсаны улмаас нүүрэн тус газар нь цохиж газар унаган, бие махбодид нь гавал тархины гэмтэл учруулан, хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан гэм хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Бямбаагийн "...2015 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр ажилтай байх үед, ач охин Дэнзэнлхамыг гэртээ ганцаараа байхад нь 14 цаг 45 минутад Отгонбаатар нь өөрийн автомашинаараа Мөнхнасанг хүргэж өгөөд явсан байсан. Ингээд орой ажлаасаа 21 цаг 50 минутад тараад гэртээ ирэхэд ах унтаж байна гэхээр нь татаж үзсэн чинь ухаангүй байдалтай, ямар ч хариу үзүүлэхгүй байхаар нь 103 дуудаж үзүүлэхэд авч яваад 1 дүгээр эмнэлгийн хүлээн авах дээр очиж ажиглах өрөөнд 2 цаг болоод гэмтлээс эмч нар ирж тархинд нь хагалгаа хийсэн боловч сэхээ авалгүй нас барсан" /1 дүгээр хавтас, 60-61 дүгээр хуудас/,

 

Гэрч Б.Отгонбаатарын "... Маргааш нь 2015 оны 9 дүгээр сарын 5-ны 13 цагийн үед эхнэр бид хоёр охиноо хашааныхаа урд зам дээр буулгаад эргээд хөдлөх гэтэл манай охин "ааваа хашааны үүдэн дээр Мөөеө ах /Мөнхнасан/ зогсож байна гэж хэлэхээр нь би хартал Мөнхнасан нилээн согтуу, хувцас хунар нь шороо болсон, гар нь шалбарсан байдалтай зогсож байсан. Тэгээд би дуудаад автомашиндаа суулгахад "та 2 хаашаа явах гэж байгаа юм бэ" гэж асуусан. Тэгэхээр нь "Био явна" гэж хариулахад Мөнхнасан "найзыгаа 11 дүгээр хороололд буулгаад өгчих" гэхээр нь би "чи ийм согтуу байж 11 дүгээр хороолол орж яах юм. Ерөөсөө бид 2 Био орох юм чинь замаараа Нисэхэд гэрт чинь буулгаад өгье” гэхэд зөвшөөрөөд явсан. Замдаа Мөнхнасан "бөөлжих гээд байна" гэхээр нь харахад бөөлжисөө амандаа барьсан байсан тул зогсоод бөөлжүүлтэл толгойны ар хэсэгт нь бага зэргийн жижиг шалбарсан байсан. Цаашаа гэр лүү нь хүргэж өгтөл Мөнхнасан унтаад хурхираад байсан. Хашааных нь гадаа очоод би талийгаачийг өргөөд дийлэхгүй болохоор нь гэрт нь ороход талийгаачийн ахынх нь охин 1 найзтайгаа байхаар нь авч гараад манай эхнэртэй гурвуулаа машинаас гаргаж хашаанд нь оруулаад гадаа дулаан байсан тул хашааны гаднах өвсөн дээр хэвтүүлээд явсан. Маргааш нь талийгаачийн эх, дүү нар нь ирээд талийгаачийг ухаангүй сэхээнд байгаа талаар хэлэхэд нь хамт 1 дүгээр эмнэлэгт очоод сэхээний тасагт нь ортол ухаангүй байсан" /1 дүгээр хавтас, 65-66 дугаар хуудас/,

 

Гэрч С.Мягмарын "...2015 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр шиг санаж байна. Хагас сайн өдөр байсан юм. Гэрээсээ эхнэрийн хамт гараад “Монос” эмийн сангийн хажууд хүнтэй уулзах гээд зогсож байсан чинь 1 дүгээр байрны 5 дугаар орцны үүдэнд сандал дээр 4-5 хүн архи уугаад сууж байсан. Нэг өндөрдүү, туранхай хүн зогсож байсан чинь хамт архи уугаад зогсож байсан жижиг туранхай биетэй залуу нь босож ирээд эрүү рүү  нь цохиход нөгөө өндөр залуу нь яг ар дагзаараа их эвгүй унаад босож ирэхгүй байсан. Тэгэхээр нь би уурлаад “та нар наад хүнээ аваач, үхчихэж байгаа юм биш үү” гэхэд жижиг биетэй нэгнийгээ цохиж унагаасан залуу нь “уучлаарай ахаа” гэсэн. Тэгтэл нэг сахалтай нөхөр "гөлөг вэ" гээд над руу хүрээд ирсэн. Тэгэхээр нь эхнэр явъя гээд би эхнэртэйгээ явсан. Тэгээд хүнтэй уулзчихаад буцаад ирэхэд нөгөөдүүл чинь цохиж унагааснаа аваад хажуудаа сандал налуулаад суулгасан байсан. Тэр үед "энэ бараг үхсэн байхаа" гээд эхнэртэйгээ яриад өнгөрсөн" /1 дүгээр хавтас, 71-72 дугаар хуудас/ ,

Гэрч Д.Наранлхамын "...2015 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр 10-11 цагийн орчим нөхрийн хамт гэрээсээ гараад явж байтал 1 дүгээр байрны 5 дугаар орцны үүдэнд манай байрны архи уудаг 4-5 залуу, 1 эмэгтэй хүмүүс сандал дээр сууж байсан. ...Архи ууж байсан жижгэвтэр биетэй, бордуу царайтай залуу хажууд нь зогсож байсан өндөрдүү залууг алгадсан уу, толгой руу нь цохисон уу, нөгөө залуу нь ар дагзаараа арагшаа мод унаж байгаа юм шиг л унасан. Их чанга дуугарсан. Би бүүр өөрийн эрхгүй орилоод "хүүе та нар наад хүнээ аваач ээ" гэж хэлтэл нөгөө цохисон залуу өөр нэг залуутай 2 талаас нь өргөөд сандалд суулгасан. Тэр залуу ухаангүй байгаа бололтой сандал дээр суугаад байсан" /1 дүгээр хавтас, 74 дүгээр хуудас/,

 

Гэрч Б.Сэддоржийн "...2015 оны 9 дүгээр сарын 5-ны өглөө 11 дүгээр хорооллын аркны тийшээ алхаж байтал Дональд /Мөнхнасан/ намайг дуудсан. ...Дугар өвөө, Баяраа нартай тааралдсан. Дугар өвөө бид нарт 0.75 литрийн архи 2 шилийг авч өгсөн. Тэр архийг бид тавуулаа хувааж ууцгаасан. Тэгж байтал Дугар өвөө сандал дээр тасраад унтаад өгсөн. Архи ууж байхад Дональд, Баяраа нар "манайх энд байсан, танайх энд хаана байсан юм бэ" гээд хэрэлдэх маягтай болчихсон байсан. Би тэр хоёрыг "одоо болио, та хоёр" гээд Баярааг хойш нь татсан чинь Баяраа уурлаад намайг түлхээд "та одоо лагер луугаа яваачээ" гэсэн. Тэгээд би газар суухад Баяраа нь Дональдыг гараараа "түс" гээд шанаанд нь хүчтэй цохисон. ... Цохиулсныхаа дараа 5-10 минут газар хэвтсэн. Тэгж байгаад сэрээд сандал дээр суугаад үлдсэн. Дональд нь Баяраад цохиулахаасаа өмнө өөр хүнд цохиулаагүй. ..." /1 дүгээр хавтас, 75-76 дугаар хуудас/,

 

Гэрч Г.Отгонбаатарын "... 2015 оны 9 дүгээр сарын 5-ны өглөө Баяраатай уулзсан. Хамт тамхи татаад сууж байтал Дональд, Сэддорж нар хажуу талаас гараад ирсэн. Тэр 2 халамцуу байсан. Тэгээд байж байхад Дугар өвөө гарч ирээд Баяраатай юм ярьж байгаад Баяраад 10.000 төгрөг өгөөд архинд яваад ир гэсэн. ...Тэгээд байж байтал Баяраа нилээн согтчихсон Дональдыг "энэ хаанахын хулгайч вэ" гэсэн. Тэгтэл Сэддорж нь Дональдын хажууд нь сууж байгаад "11 дүгээр хорооллынх ш дээ. Урьд нь байсан" гэж хэлтэл Баяраа нь "хараагүй, үзээгүй юм байна. Мэдэх ч үгүй юм байна" гэж хэлээд Дональд руу дайраад агсам тавиад байсан. ...Тэгтэл Баяраа нь "өчигдөр Дональд томроод байсан ш дээ. Би нэг алгадсан чинь нам болсон ш дээ. Юу ч биш юм байна лээ. Ганц алгадалтын ая даахгүй юм байна лээ" гэж хэлсэн. ... Дональдыг цохисон эсэхийг би хараагүй" /1 дүгээр хавтас, 83-84 дүгээр хуудас/,

 

Гэрч С.Баярбилэгийн "...Эрдэнэбаяр Мөнхнасанг чи хаана байдаг юм гэж асуухад Мөнхнасан "11 дүгээр хорооллын ууган хүүхэд" гэж хэлтэл Эрдэнэбаяр "би бас 11 дүгээр хорооллын хүүхэд байсан" гэснээ "чамайг 11 дүгээр хороололд хараагүй юм байна гэтэл Мөнхнасан Эрдэнэбаярыг "би чамайг 11 дүгээр хороололд харж байсан. Мэдэх юм байна" гэж хэлж байсан. Ингээд тэр хоёр хоорондоо маргах хандлагатай болоод байхаар нь Сэддорж бид хоёр больцгоо. Та хоёр хоёулаа 11 дүгээр хорооллын хүүхдүүд ш дээ. Битгий маргалдаад бай" гээд болиулсан. ... Эрдэнэбаяр, Мөнхнасан хоёр “11 дүгээр хороололд би байсан, чи байгаагүй” гэх зэргээр маргалдаад нэгнийгээ бас харсан, хараагүй гээд л хэрэлдээд байсан. Учиргүй айхтар хэрэлдэж, маргалдсан зүйл байхгүй. ... ...Би талийгаачийг нас барснаас 3 хоногийн дараа Эрдэнэбаяртай байрныхаа гадаа таарсан. Тэгээд "Мөнхнасан нас барсан гэнээ. Чи арай цохьчихсон юм биш биз дээ" гэж хэлтэл Эрдэнэбаяр "би харин тэр Мөнхнасанг далдаганаад байхаар нь нэг удаа алгадчихсан" гэж хэлэхээр нь би за за нэг удаа алгадуулсан юм чинь гайгүй байлгүй гэж бодоод өнгөрсөн" /1 дүгээр хавтас, 85-86 дугаар хуудас/,

 

Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн "...Мөнхнасангийн цогцост гадна үзлэгээр дагзны зүүн дээд хэсэг хуйханд 0,5х1,5 см улаан хүрэн өнгийн язарсан шархтай байхыг харахад 1 удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх Мөнхнасангийн цогцост тогтоогдсон гавал тархины гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл авсан хүн тодорхой хугацаанд идэвхитэй үйлдэл хийх боломжтой. Цохилт авсны дараа хөдөлгөөн хийж болно. Хатуу хальсан дээрх цусан хураа нь бага багаар нэмэгдсээр байгаад тархийг дарах үед өвчтөн ухаангүй болж, хурхирах, таталт өгөх, мэдээгүй шээж, өтгөн гаргах, бөөлжих шинж тэмдгүүд илэрч хүндэрсээр нас баралтад хүрдэг" /1 дүгээр хавтас, 92 дугаар хуудас/,

"...Талийгаачийн биед учирсан гэмтлүүд нь хойшоо хүчтэй савж унаснаас үүсч болно. Цохиулсны улмаас хойшоо савж унахад энэ гэмтэл үүсэх боломжтой. Хүний гараар нэг удаа нүүрэн хэсэгт цохисноос болж гавал тархины гэмтэл үүсэхгүй. Харин ямар нэг хүчин зүйлээс газар хүчтэй савж унаснаас болж гавал тархины гэмтэл үүсч болно. Эдгээр нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, бүгд гавал тархины хүнд зэргийн гэмтэл" /2 дугаар хавтас, 18 дугаар хуудас/,

 

Э.Эрдэнэбаярын яллагдагчаар өгсөн "...Тухайн өдөр 8 цагийн үед Отгонбаатар, Сэддорж, Наранцацралт гээд бид хэд 1 дүгээр байрны сандал дээр уулзаад юм яриад байж байсан. Тэгээд байж байтал энэ хавьд байдаг Дугар гэх настай хүн гарч ирэхээр нь би өөдөөс нь тосч аваад сандал дээр суулгасан. Дугар өвгөн намайг хараад сүйд болоод “дүүдээ ганц юм авч өгнөө” гээд өврөөсөө 50.000 орчим төгрөг гаргаад Сэддоржид өгөөд дэлгүүр лүү явуулаад 0,5 литрийн 1 шил архи авч ирээд бүгд тойруулаад уусан. ... Тэгээд Мөнхнасангийн хажууд нь суусан, мөнгийг нь авчихсан юм биш үү гэж хэлтэл "би яахаараа авдаг юм, банди минь" гэж хэлэхээр нь би "чи муу яахаараа намайг банди гэдэг юм. Хөгшин хүний мөнгийг авсан байж" гэж хэлээд 1 удаа алгадсан" /1 дүгээр хавтас, 134-135 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, 7-10, 11-14 дүгээр хуудас, 2 дугаар хавтас, 170-176 дугаар хуудас/,

 

Цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, 21-23 дугаар хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн №1597 дугаартай шинжээчийн дүгнэлтэд "...Мөнхнасангийн цогцост зүүн чамархайн яс, зулайн яс болон суурь руу үргэлжилсэн шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, дагз хэсгийг хамарсан хатуу хальсан дээрх цусан хураа, тархины баруун, зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн зөөлөн бүрхүүл доорх голомтлог цус харвалт, тархины эдийн няцрал, тархины эд дэх голомтлог цэгчилсэн цус харвалт, дагзны хуйхны язарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн хүнд зэргийн гэмтлүүд байна. ... Талийгаач гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ" /1 дүгээр хавтас, 94-95 дугаар хуудас/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар тогтоогджээ.

 

            Э.Эрдэнэбаяр нь амь хохирогч М.Мөнхнасантай Дугар гэх өвгөний мөнгө алга болсон асуудлаас болж маргалдсан гэж мэдүүлэг өгсөн байх боловч энэ байдал бусад нотлох баримтаар нотлогдохгүй байх бөгөөд харин гэрчүүдийн мэдүүлгээр тэд 11 дүгээр хорооллынх мөн, биш, 11 дүгээр хороололд байсан, байгаагүй гэх зэрэг асуудлаас хоорондоо маргалдсан, улмаар Э.Эрдэнэбаяр нь амь хохирогч М.Мөнхнасангийн нүүрэн тус газар цохиж, газарт савж унагасан үйл баримт тогтоогдсон байна.

 

            Дээрх Э.Эрдэнэбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Э.Эрдэнэбаярын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон ял шийтгэл оногдуулсан байх тул ялтан Э.Эрдэнэбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

           

            Харин шийтгэх тогтоолын 1 дэх заалтад "...хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай" гэснийг "...хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай" гэж өөрчлөв.