Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2024/ХШТ/92

 

 

 

С.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч Н.Батзориг, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор С.Батсүрэн, шүүгдэгч С.Б-, түүний өмгөөлөгч Ө.Батболд /цахим/, хохирогчийн өмгөөлөгч Б.Мөнхбаяр, нарийн бичгийн дарга М.Шолпан нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 363 дугаар шийтгэх тогтоол, Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 15 дугаар магадлалтай, С.Б-т холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболдын гаргасан гомдлыг үндэслэн 2024 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ... онд төрсөн, ... настай, ... боловсролтой, ял шийтгэлгүй, Б.

 

Шүүгдэгч С.Б- нь 2023 оны 09 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө 01 цагийн үед ... аймгийн ... сумын ... дүгээр баг, .... тоот гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Э.Ч-той маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “зүүн хөмсөгт няцарсан шарх, хоёр нүдний дээд, доод зовхи, хацар шанаанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нуруу, хоёр хацар, хоншоор, дээд, доод уруул, эрүү, хүзүүнд цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт, духанд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч С.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-т 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч С.Б-аас гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 44,274,041 /дөчин дөрвөн сая хоёр зуун далан дөрвөн мянга дөчин нэг/ төгрөгийг гаргуулж хохирогч Э.Ч- /РД:.../-т олгохоор шийдвэрлэсэн байна.

 

Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Б-, түүний өмгөөлөгч Ө.Батболд нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболдын гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Гомдлоо бичгээр гаргаж өгсөн байгаа. Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасан гэм хорын асуудлыг шийдвэрлэхдээ 41,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь талуудыг тэгш маргалдах, нотлох баримтуудыг шаардах буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.8 дугаар зүйлд заасан нотлох баримт гаргах цуглуулах, бүрдүүлэх магадгүй шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамаарал бүхий нотлох баримтууд хуулиар зөвшөөрөгдсөн баримтуудыг нотлох баримтаас хасах гэх буюу Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зохигчдын эрхтэй холбоотой асуудлыг эрүүгийн шүүх хуралдаанаар зөвхөн хохирогчийн гаргаж өгсөн нотлох баримтуудыг үндэслэлтэй гэдэг агуулгаар гаргаж байгаа нь буруу байна. Түүнчлэн нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд “шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж хуульчилсан байгаа. Хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа гэм буруу болон ял, хариуцлагын талаар дурдаагүй. Хэргийн 50 дугаар хуудаснаас хойш 56-60 хүртэлх хуудсанд байгаа нотлох баримтуудыг шүүхээс үнэлж шийдвэр гаргасан. Гэтэл эдгээр нотлох баримтууд нь бичмэл баримтууд байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно” гэж заасан. Тухайн төлбөрийг хариуцагч талаас хүсэлт гарах болон бусад эрхийг хязгаарласан нөхцөл байдалтайгаар эрүүгийн шүүх хуралдаанд гэмт хорын хохирлыг шууд гаргаж байгаа нь яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулж байна гэж үзэж байна. Тухайн нотлох баримтуудад гэрээ, мөнгө шилжүүлсэн баримт гэдэг юм уу?, Өөрөөр хэлбэл, үнэлэх түүнийг эсэргүүцэх, мөн эсрэг талын нотлох баримтыг гаргаж өгөх, шаардах зэрэг эрхүүдийг хязгаарлаж дүгнэлт хийсэн нь буруу гэж үзэж байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар “...” ХХК нь “...” ХХК-д 36,000,000 төгрөгийн зөвлөх үйлчилгээ юм уу сургалтыг оруулах байсан гэсэн агуулгыг ярьж байгаа боловч зөвхөн 09 дүгээр сарын 15-ны өдөр 18,000,000 төгрөг нь орж ирсэн. Түүнийг буцаагаад шилжүүлсэн байдаг. Тухайн хэрэг нь 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 16-ны шилжих шөнө буюу 16-ны өдөр Дорнод аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтсэн байдаг. Энэ хугацаанд “...” ХХК-ийн Дорнод салбарын ерөнхийлөгч н.Э-тэй 09 дүгээр сарын 16-ны өдөр эмнэлэгт байхад гэрээнд гарын үсэг зурсан нь мэдүүлгээс харагдаж байна. 41,000,000 төгрөгтэй холбоотой асуудлыг Иргэний журмаар дахин хэлэлцэх боломжийг олгож, тэгш талуудын мэтгэлцээнээр энэ асуудлыг хэлэлцэхгүй орхисон шийдвэрт өөрчлөлт оруулахаар гаргасан гомдлоо дэмжиж байна. Хэрэгт 50-51, 53-66, 59-61 дэх хуудаснуудад дэлгэрэнгүй бичсэн байгаа. Иймээс дээрх нөхцөл байдлуудыг шүүх анхаарч хоёр шатны шүүхийн шийдвэрт 41,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох өөрчлөлтийг оруулах саналтай байна” гэв.

 

Мөн шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Б.Мөнхбаяр хэлсэн саналдаа “... шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй, хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. Хоёр шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасны дагуу олгох ёстой байсан орлогыг гаргаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Хэргийн 64 дэх талд 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр “...” ХХК-ийн Дорнод аймаг дахь салбар байгууллагадаа байгуулсан гэрээнд сургалтын төлбөрт 5,000,000 төгрөг, мөн оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн шөнө тухайн үйл явдал болоод 16-ны өдрийн сургалтад ороогүй учраас гэрээний 1.4-т заасан сургалтын үйлчилгээ явуулж чадаагүй учраас тухайн олгох ёстой байсан орлогыг авч чадаагүй. Түүнийг хуульд заасны дагуу олгох нь зүйтэй гэж үзсэн. “...” ХХК нь уул уурхай үйл ажиллагаа явуулдаг төслийг хэрэгжүүлдэг компани байсан. Түүнтэй холбогдуулаад тухайн компани дээр уул уурхайн төсөл хэрэгжүүлж байсан үед шаардлагатай орох сургалт байсан. Э.Ч- нь мастер көүч буюу дэлхийн эрэмбээр 9-д ордог багш хүн байгаа.  Түүнтэй холбоогдуулаад уул уурхайн үйл ажиллагааны чиглэлээр явуулж байхтай холбоотой сургалт авна гэж гэрээ байгуулан, тус гэрээнийхээ дагуу 09 дүгээр сарын 15-ны өдөр урьдчилга 18,000,000 төгрөг орсон. Тухайн мөнгө орсон өдрийн орой нь тийм нөхцөл байдал болно гэдгийг мэдээгүй. Уг сургалт нь буцаагаад 20-ны өдөр болсон. Тухайн хүний нүүр ам нь ямар байгаа билээ, хэрэгт баримт нь авагдсан. Миний хувьд анхан шатны шүүхэд шүүгдэгчийн ялыг хөнгөрүүлсэн байна гэсэн байр суурьтай оролцсон. Учир нь хохирогчийн нүүрийг нь хавтгай болгоод дэвслээд, зодоод, хутгаар айлган сүрдүүлээд ухаангүй болсны дараа гудамжинд гаргаад хаячихсан байдлыг хүнийг санаатай алах гэмт хэргээр зүйлчлэх байтал хамгийн хөнгөн ялыг мөрдөгчөөс санал болгож оруулсанд гомдолтой гэдгээ илэрхийлж явсан. Мөрдөгчийн хайхрамжгүй байдлаас болж Улсын дээд шүүхээс тогтоосон сэтгэл санааны хохирлын асуудлыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан зүйл ангиар биш Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан зүйл гэж техникийн алдаатай байдлаас болж сэтгэл санааны хохирлын асуудлыг төлөөгүй. Түүнийг шүүхээс нэг мөр шийдвэрлэж байгаатай холбогдуулж сэтгэл санааны хохирлыг гаргуулж өгөхийг хүсэж байна. Хэрэгт авагдсан баримтуудаас харахад төлбөртэй холбоотой асуудлаар төлбөрөө төлөхөө илэрхийлж, уучлалт гуйх өөрсдийнхөө буруутай үйл ажиллагаанаас болж эдийн засгийн хохирол учруулснаа илэрхийлдэг. Гэхдээ тухайн хоёр шатны шүүхээс сэтгэл санааны хохирлын мөнгийг шийдвэрлээгүй. Мөн хохирогчийн хувьд байнгын сургалт ордог учраас нүдний хараа нь асуудалтай, түүнтэй холбоотой гомдол санал хүсэлт гаргаагүй. Мөн энэ нөхцөл байдлууд ч гэсэн байнга эхнэрээ зоддог, байнгын гэр бүлийн дарамтад байлгадаг, гэмт хэргийн зорилго, шударга ёсны байдал, бусад ял завшуулсан байдал зэргээс үндэслээд хохирогчид учруулсан бодиттой хохирлыг барагдуулах нь зүйтэй гэж үзэж байгаа тул гомдлыг хангахгүй орхиж, хоёр шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Прокурор  шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... Өнөөдрийн шүүх хуралдаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.6 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу дүгнэлтээ танилцуулж байна. Шүүгдэгч С.Б- нь 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 16-ны өдрийн шилжих шөнө 01 цагийн орчимд ... аймгийн .... сумын ... дүгээр баг, .... гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Э.Ч-той маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, шүүхээс нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг зөв сэргээн тогтоож дүгнэлт хийсэн байна. Анхан шатны шүүх шүүгдэгчээс хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин буюу түүнтэй адилтгах орлогыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар гэм хорын хохиролд 41,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэх үндэслэл болсон хохирогчийн гаргаж өгсөн нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаагүй, нотолгооны хувьд эргэлзээтэй, дан ганц хохирогчийн гаргаж өгсөн баримтыг үндэслэн шийдвэрлэсэн. Тухайлбал, “...” салбартай байгуулсан 5,000,000 төгрөгийн сургалт зохион байгуулах тухай гэрээний огноо нь гэмт хэрэг үйлдэгдсэн буюу зодуулсны дараа өдөр 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр өдөр байгуулагдсан байна. Мөн “...” ХХК нь “... ХХК-аар сургалт зохион байгуулуулах талаар тохирч компанийг төлөөлж Э.Ч- гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд сургагч багш Э.Ч-оор сургалт хийлгэнэ гэж тодорхой тусгаагүй байна. Хохирогч Э.Ч- нь “... ХХК-ний захирал гэж байгаа боловч хэдэн гишүүнтэй, хэдэн ажилтан сургагч багштай, хэн нь ямар ажил үүргийн хуваарийн дагуу хуулийн этгээдийг төлөөлж үйл ажиллагаа явуулж орлого олдог, энэ сургалтыг хэн зохион байгуулах, Э.Ч- багшийн ажлын хөлс хэдэн төгрөг гэдэг нь тодорхойгүй буюу баримт материал дутуу, эргэлзээ бүхий баримтуудыг үндэслэн анхан шатны шүүхээс 41,000,000 төгрөгийг олох ёстой байсан орлого гэж тооцон гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг Иргэний хуульд заасны дагуу гаргуулах нь хуульд заасан зүй ёсны хэрэг хэдий ч нотлох баримт хангалттай бус, мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй, хууль ёсны эх сурвалжаар нотлогдоогүй учраас, шийтгэх тогтоолд хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас ажил хөдөлмөрийн орлоготой дүйцэх орлогыг шүүгдэгчээс нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, эмчилгээний болон бусад зардлыг шүүгдэгчээс гаргуулахаар өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн гэм буруу, эрүүгийн хариуцлагын талаар хийсэн дүгнэлтийг хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасан эрх хэмжээний хүрээнд С.Б-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх, шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэв.

 

Шүүгдэгч С.Б- нь 2023 оны 09 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө 01 цагийн үед ... аймгийн ... сумын ... дүгээр баг, ... тоот гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэрт нь эхнэрийнх нь урилгаар зочилж байсан иргэн Э.Ч-той маргалдан нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь “зүүн хөмсөгт няцарсан шарх, хоёр нүдний дээд, доод зовхи, хацар шанаанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нуруу, хоёр хацар, хоншоор, дээд, доод уруул, эрүү, хүзүүнд цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт, духанд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.

 

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарлах замаар хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн байж болзошгүй, эсхүл сөргөөр нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэргийг харгалзан хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

 

Мөн гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол, хор уршгийг арилгуулах зорилгын хүрээнд хохирогчийн “Рахмед” эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн эмчилгээ, эмийн төлбөр 3.026.841 төгрөг, Улаанбаатар хотоос Дорнод аймаг руу ирж очсон тээврийн хэрэгслийн төлбөр 247.200 төгрөг, нийт 3.274.041 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Харин мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Ч-ийн ирээдүйд олох ёстой байсан орлогоо нотолж гаргаж өгсөн нэхэмжлэлийн дагуу 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “...” салбартай байгуулсан сургалтын гэрээний төлбөрт 5.000.000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр “...” ХХК-тай байгуулсан “Сургалтын үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний дагуу 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд явуулах сургалтын төлбөрт 36.000.000 төгрөгийг тус тус нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол, хор уршгийг барагдуулахад чиглэсэн гэж дүгнэхэд эргэлзээтэй байх тул шүүхийн шийдвэрийн тухайн хэсгийг хүчингүй болгосон өөрчлөлт оруулж, энэ талаарх нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболдын хяналтын журмаар гаргасан “... 41.000.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хассан, эсхүл хэлэлцэхгүй орхисон өөрчлөлтийг оруулж өгнө үү” гэсэн гомдлыг хангахаар шийдвэрлэлээ. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 363 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч С.Б-аас гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 3.274.041 /гурван сая хоёр зуун далан дөрвөн мянга дөчин нэг/ төгрөгийг гаргуулж хохирогч Э.Ч- /РД:УС82042555/-т олгож, гэм хорын хохирол болох 41.000.000 төгрөгийн хохирлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай” гэсэн өөрчлөлтийг оруулсугай.

 

2. Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч өмгөөлөгч Ө.Батболдын гаргасан гомдлыг хангасугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ                                              Б.БАТЦЭРЭН

 

ШҮҮГЧИД                                                  Н.БАТЗОРИГ

 

                                                                                  М.ПҮРЭВСҮРЭН

 

                                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                                                                                        Б.ЦОГТ