Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 128/2019/1020/З |
Дугаар | 221/МА2020/0401 |
Огноо | 2020-06-25 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 221/МА2020/0401
"УХБ" ХХК-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Г, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, Т.Б, хариуцагч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 336 дугаар шийдвэртэй, “УХБ” ХХК-ийн гомдолтой, Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдлоор шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 336 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Төв банк (Монгол банк)-ны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 8 дахь заалт, Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 15-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “УХБ” ХХК-иас Монголбанкны хянан шалгагч улсын байцаагч О.Бд холбогдуулсан гаргасан “Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагчийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 19/92/002 дугаартай Улсын байцаагчийн акт, түүнийг үндэслэн гарсан 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0050066 дугаартай шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид гомдол гаргагчаас төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж,
3 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгджээ.
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батжаргал, Б.Анирмаа нар давж заалдах гомдолдоо: “ ... Нэг. Анхан шатны шүүхийн шийдвэр “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107.4-д Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар ... –аа тусгана гэж заасан бөгөөд Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагчийн 19/92/002 дугаартай акт болон 050066 дугаартай шийтгэлийн хуудас /цаашид “Маргаан бүхий акт” гэх/ нь хууль зүйн үндэслэлтэй гарсан эсэхэд шүүх огт дүгнэлт хийгээгүй. Тодруулбал, Захиргааны байгууллага, албан тушаалтан захиргааны акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасныг баримтлах бөгөөд бичгээр гаргах захиргааны актад Захиргааны ерөнхий хуулийн 40.2.3-д “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах”, 40.3-д “Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана” гэж заасан шаардлагуудыг хангах ёстой. Гэтэл хариуцагч Монголбанкны хянан шалгагчийн гаргасан маргаан бүхий актууд нь дээрх хуулийн шаардлагуудыг хангаагүй байхад анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт огт хийгээгүй мөртлөө, маргаан бүхий актуудыг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Хоёр. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Гомдол гаргагчийн “... улсын байцаагчид ийм эрх олгогдоогүй” гэсэн тайлбар нь үндэслэлгүй байна гэсэн тухайд:
Захиргааны актыг гаргахдаа эрх бүхий этгээд гаргах гэдэг бол захиргааны актад тавигдах зөвхөн нэг шинж бөгөөд Монголбанкны хянан шалгагч нь акт, шийтгэлийн хуудас гаргах эрхтэй эсэх талаар УХБ огт маргаагүй. Харин хариуцагчийн гаргасан маргаан бүхий актууд нь хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хууль бус захиргааны акт болсон гэж үзэж, гомдол гаргасан.
Тодруулбал, хариуцагч нь нэхэмжлэгчийг зөрчил гаргасан гэж шийтгэл оногдуулахдаа Монголбанкны улсын байцаагчийн дүрмийн 3 дугаар зүйлийн 7 дахь заалт, Төв банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 7 дахь заалтыг тус тус үндэслэсэн. Гэтэл дээрх үндэслэсэн дүрэм, хуулийн дээрх заалтуудаар Монголбанкны улсын байцаагчид шийтгэл ногдуулах эрх хэмжээ олгогдоогүй, ийм заалт байхгүй байна. Монголбанкны Улсын байцаагчийн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д Улсын байцаагч нь хууль дээдлэх, бодитой байх зарчмыг үйл ажиллагаандаа баримтална гэж заасан бөгөөд Монголбанкны хянан шалгагч О.Бгийн ногдуулсан шийтгэл нь хуульд болон бодит нөхцөл байдалтай нийцээгүй, хууль бус шийдвэр болсон гэж үзэж байна.
Гэтэл анхан шатны шүүх хариуцагч нь хуульд нийцсэн захиргааны акт гаргасан эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр зөвхөн “... улсын байцаагчид ийм эрх олгогдоогүй гэсэн гомдол гаргагчийн тайлбар нь үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 37.1, 40.2-д заасныг зөрчсөн, үндэслэлгүй, хэт нэг талыг барьсан шийдвэр болсон гэж үзэж байна.
Мөн хариуцагч нь маргаан бүхий актыг гаргахдаа Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан шаардлага, нөхцөлийг баримтлах ёстой байтал Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд холбогдуулан гаргасан хяналт шалгалтын удирдамжийн дагуу УХБинд хяналт шалгалт хийсэн нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.2.4 дэх заалтыг зөрчиж байна.
Гурав. Банкны тухай хуулийн 16.1.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 5.8 дахь заалтыг тус тус баримтлан гомдлын шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тухайд:
Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д зааснаар банк нь “төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг Монголбанкнаас тогтоосон журмын дагуу зохих хэмжээ, хэлбэрээр хангах” шаардлагыг биелүүлж ажиллах ёстой. Шийтгэлийн хуудасны үндэслэл болсон Монголбанкны ерөнхийлөгчийн дээрх тушаалаар ҮХОБ/ҮХОБ/-нд үүрэг өгөгдсөн бөгөөд төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг хангаагүй, тушаалаар өгсөн үүргийн зөрчсөний үр дагаврыг ҮХОБ өөрөө хариуцах ёстой.
Гэтэл ҮХОБ нь Монголбанкнаас тавьсан үүргийг биелүүлээгүйн төлөө УХБинд шийтгэл ногдуулж, ҮХОБ-ны биелүүлээгүй үүргийг “өөр этгээд”-ээр гүйцэтгүүлэхээр шаардсанаар зогсохгүй, тухайн этгээд нь өөр арилжааны банк буюу өөрийнх нь зохицуулалтад үйл ажиллагаа явуулдаг байгууллага байгаа нөхцөл байдлыг ашиглаж, эрх хэмжээгээ урвуулж байгаа хэлбэртэй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас гаргасан актыг хууль бус гэж үзэж, тайлбарласаар байхад энэ нөхцөл байдлыг шүүх анзаарч үзээгүй.
Мөн, шүүхийн шийдвэрийн үндэслэлд заасан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 5.8 дахь заалтыг хэрэглэх нөхцөл байдал бүрдээгүй. Учир нь ҮХОБ болон УХБны хооронд байгуулсан мөнгөн хадгаламжийн гэрээний хугацаа 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр дуусахад ҮХОБ-аас хадгаламжийн мөнгөө буцаан авах шаардлагыг гаргаагүй бөгөөд хадгаламжийн хугацааг дахин сунгах хүсэлтийг ирүүлсэн. Гэтэл шүүх нь энэ үйлдэлд гомдол гаргагчийг “хууль зөрчсөн” гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм.
Тав. Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагч О.Б-ийн шаардлагыг биелүүлээгүй болох нь тогтоогдсон тул хариуцагч нь ... 19/92/0002 дугаартай актыг үйлдэж, ... 0050066 дугаартай шийтгэлийн хуудсаар УХБ ХХК-ийг 10.000.000 төгрөгөөр торгосон нь үндэслэлтэй байна гэж үзэв” гэсэн тухайд:
УХБ нь Маргаан бүхий актуудыг хууль бус гэж үзэж, хүчингүй болгуулахаар гомдол гаргасан байхад шүүх маргаан бүхий актууд нь анхнаасаа үндэслэлтэй гарсан гэж үзэж, тэдгээрийг биелүүлээгүй нь банкийг торгох үндэслэл болно гэж үзэж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81.2-т шүүх хуралдаан даргалагч хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох ... арга хэмжээ авна”, мөн хуулийн 34.1-д заасан 34.3-д “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэсэнтэй нийцэхгүй, зөрчсөн шийдвэр болсон гэж үзэж байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2020/0336 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй зөв байх боловч шийдвэрийн тогтоох хэсэгт хэрэглэвэл зохих хуулийн зүйл, заалтыг баримтлаагүй байх тул зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.
Гомдол гаргагч “УХБ” ХХК нь “... Монголбанкны Ерөнхийлөгчийн А-192 тоот тушаал гарсан талаар улсын байцаагчийн мэдэгдэл ирсний дараа мэдсэн бөгөөд тус тушаалыг УХБ биелүүлэх үүрэггүй ... ҮХОБ болон УХБны хооронд байгуулсан Мөнгөн хадгаламжийн гэрээний хугацаа 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр дуусахад ҮХОБ-аас хадгаламжийн мөнгөө буцаан авах шаардлагыг гаргаагүй бөгөөд хадгаламжийн хугацааг дахин сунгах хүсэлтийг ирүүлсэн ... Мөнгөн хадгаламжийн гэрээ нь ҮХОБ болон УХБны хооронд байгуулагдсан бөгөөд гэрээнээс үүдэлтэй, гэрээний үүргийн биелэлтийг талууд нөгөө талаасаа шаардах эрхтэй ... гэрээний нэг тал болох Хадгалуулагч нь гэрээний үүргийн биелэлтийг шаардаагүй байхад хөндлөнгийн этгээд болох Монголбанкны хянан шалгагч гэрээний үүргийн биелэлтийг нэхэмжлэгчээс шаардаж байгаа нь үндэслэлгүй ... Монголбанкны улсын байцаагчид шийтгэл ногдуулах эрх хэмжээ олгогдоогүй, ийм заалт байхгүй ... шийтгэл нь хуульд болон бодит нөхцөл байдалтай нийцээгүй, хууль бус шийдвэр ... ” гэсэн үндэслэлээр “Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагчийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 19/92/002 дугаар Улсын байцаагчийн акт, түүнийг үндэслэн гарсан 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0050066 дугаартай шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий гомдлыг гарган маргасан байна.
Хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбар зэргээс үзэхэд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн “Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд хянагч томилох тухай” А-119 дүгээр тушаал[1]-аар Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 24, 25, 251 дүгээр зүйл, 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, 12 дахь заалт, Банкны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.16 дахь хэсгийг тус тус үндэслэн, 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Банкны хяналт шалгалтын хорооны хурлын тэмдэглэл, зөвлөмжийг харгалзан Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд ажиллах Монголбанкны хянагчаар ОБ, Ц-ийн М нарыг 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн томилж, хянагчийн ажлын удирдамжийг хавсралтаар баталж, Монголбанкны хянагчийг мэргэжлийн зөвлөгөөгөөр хангах, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Хяналт шалгалтын газар (Н.Б), тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Дотоод аудитын газар (Т.А)-т тус тус даалгажээ.
Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн “Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд хийсэн шалгалтын дүнгийн тухай” А-192 дугаар тушаалаар “Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд Монголбанкны Ерөнхийлөгчийн баталсан удирдамжийн дагуу хийгдсэн газар дээрх иж бүрэн шалгалтаар банкны тухай хууль тогтоомжийг бүрэн мөрдөж ажиллаагүй, банкны зохистой засаглал, эрсдэлийн удирдлага туйлын хангалтгүйгээс шалтгаалан банкны пассив нь активаасаа хэтэрч, өөрийн хөрөнгө хязгаарлалтыг хангахгүй эсхүл тооцох боломжгүй, төлбөрийн чадваргүй болох нөхцөл бүрдсэн, “Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-ыг бүрэн мөрдөж ажиллаагүй, санхүүгийн тайлан, мэдээ Монголбанкнаас баталсан журам, стандарттай нийцээгүй, Банкны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.1, 48.1.2, 48.1.4 болон 48.1.5-д заасан арга хэмжээний хэрэгжилт хангалтгүй байгаа, “Газар дээрх иж бүрэн шалгалтаар банкны үйл ажиллагаа, санхүүгийн байдлыг үнэлэх журам”-ын дагуу үнэлэхэд “Муу” үнэлгээ авсныг тэмдэглэн, Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2, 251 дүгээр зүйлийн 251.1, 251.3, 251.4, 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, Банкны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 48 дугаар зүйлийн 48.1.6, 48.1.7, 48.1.9, 48.1.10, 48.1.11, 48.1.13 дахь заалтыг тус тус үндэслэн Банкны хяналт шалгалтын хорооны 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хурлын зөвлөмжийг харгалзан Нэг дэхь заалтаар Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд хийсэн газар дээрх иж бүрэн шалгалтын акт, танилцуулгыг 1 дүгээр хавсралтаар, илэрсэн зөрчлийн жагсаалтыг 2 дугаар хавсралтаар, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны шалгалтын мөрөөр илэрсэн зөрчил дутагдлыг арилгах арга хэмжээний төлөвлөгөөг 3-р хавсралтаар тус тус баталсан байх бөгөөд 3-р хавсралтын 2 дахь хэсэгт “Төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг сайжруулах зорилгоор бусад банк санхүүгийн байгууллагад байршуулсан эх үүсвэрийг сунгахгүйгээр Монголбанкин дахь харилцах дансанд төвлөрүүлэх, төвлөрсөн эх үүсвэрийг ТБҮЦ болон энэ тушаалын 2-д зааснаас бусад хэлбэрээр зарцуулахгүй байх” гэжээ.
ҮХОБнь 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн ХГ-19/07/05/01 дүгээр Мөнгөн хадгаламжийн гэрээний дагуу УХБ-д 40.0 тэрбум төгрөгийг хадгалуулсан байх бөгөөд хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй байна.
Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ”Монголбанкны хянан шалгагч банкны тухай хууль тогтоомж, төрийн мөнгөний бодлого болон Монголбанкны гаргасан дүрэм, журам, Монголбанкны Ерөнхийлөгчийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд банкнаас хэрхэн биелүүлж байгаад хяналт тавьж, шалгалт хийнэ. Хянан шалгагч нь улсын байцаагчийн эрх эдэлнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Монголбанкны хянан шалгагч дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, мөн хэсгийн 5/-д “Монголбанкны хянан шалгагч нь ... банк, түүний үйл ажиллагаатай холбогдсон хууль тогтоомжийг зөрчсөн гэм буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу захиргааны хариуцлага хүлээлгэх” гэж хуульчилжээ.
Түүнчлэн Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Дүрэм шинэчлэн батлах тухай” А-6 дугаар тушаал[2]-ын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Монголбанкны улсын байцаагчийн дүрэм”-ийн 4.2-т улсын байцаагчийн үйл ажиллагааны үндсэн чиг үүргийг “Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлийг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах, тайлбар мэдээлэл авах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар ажилтан, хуулийн этгээд, банкинд тодорхой шаардлага тавьж, хугацаатай үүрэг, даалгавар өгч биелэлтийг хангуулах”, 7.3-д “Улсын байцаагч нь холбогдох хууль тогтоомжид заасан эрх, үүргээс гадна дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ”, 7.3.1-д “Банк, санхүүгийн хууль тогтоомж, Монголбанкнаас батлан гаргасан дүрэм, журам, заавар, Монголбанкны Ерөнхийлөгчийн шийдвэрийн биелэлтэд батлагдсан удирдамж, томилолтын дагуу хяналт, шалгалт хийх, хуульд заасан арга хэмжээ авч хэрэгжүүлэх, захиргааны шийтгэл ногдуулах, хэрэгжилтийг хянах, үр дүнг хангуулах”, 7.3.8-д “Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлийг таслан зогсоох, тэдгээрийн шалтгаан нөхцөлийг арилгах талаар шалгагдаж байгаа байгууллага, эрх бүхий этгээдэд шаардлага тавих, хугацаатай үүрэг даалгавар өгөх, хэрэгжилтийг хянах, үр дүнг хангуулах арга хэмжээ авах”, 12.1-д “Банк, санхүүгийн зах зээлийн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомж, дүрэм, журмыг зөрчсөн банк, хуулийн этгээд, түүний эрхэлж буй ажил үйлчилгээнд хамаарах иргэнд Банкны тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан дараах албадлагын арга хэмжээ авч хэрэгжүүлнэ”, Арван хоёрт “Улсын байцаагчаас авч хэрэгжүүлэх арга хэмжээ, ногдуулах захиргааны шийтгэл”, 12.1.1-д “Илэрсэн зөрчилд Улсын байцаагчийн акт тогтоох”, 12.1.3-д “Шаардлагатай тохиолдолд актаар тогтоогдсон зөрчлийн шинж байдал,үүссэн эрсдэл, учирсан хохирлын хэмжээнээс хамаарч буруутай этгээдэд шийтгэвэр ногдуулах” гэж тус тус заажээ.
Дээрх хууль, журмын зохицуулалтуудаас үзвэл Монголбанкны хянан шалгагч нь улсын байцаагчийн эрхийг эдлэх бөгөөд банк түүний үйл ажиллагаатай холбогдсон хууль тогтоомж, Монголбанкны гаргасан дүрэм, журам, Монголбанкны Ерөнхийлөгчийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд банкнаас хэрхэн биелүүлж байгаад хяналт тавьж, шалгалт хийх эрхтэй, хяналт, шалгалтын явцад зөрчил илэрсэн тохиолдолд тухайн зөрчлийн шинж, үүссэн эрсдэл, учирсан хохирлын хэмжээнээс хамаарч шийтгэвэр ногдуулах эрх бүхий албан тушаалтан байна.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас УХБ-тай 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан ХГ-19/07/05/01 дүгээр Мөнгөн хадгаламжийн гэрээг цуцлахаар 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн “Мөнгөн хадгаламжийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай” 01/01-693[3], 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн “Мөнгөн хадгаламжийн хугацааг дуусгавар болгох тухай” 01/01-766 дугаар албан бичиг[4], 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 399 дүгээр Төлбөрийн даалгавар[5] зэргийг УХБ-д тус тус хүргүүлсэн байна.
Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагч буюу эрх бүхий албан тушаалтан нь Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд хяналт шалгалт хийх явцдаа Монголбанкны Ерөнхийлөгчийн А-192 дугаар тушаалын 3-р хавсралтын 2 дахь хэсэгт “Төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг сайжруулах зорилгоор бусад банк санхүүгийн байгууллагад байршуулсан эх үүсвэрийг сунгахгүйгээр Монголбанкин дахь харилцах дансанд төвлөрүүлэх, төвлөрсөн эх үүсвэрийг ТБҮЦ болон энэ тушаалын 2-д зааснаас бусад хэлбэрээр зарцуулахгүй байх” гэж заасныг хэрэгжүүлэхээр Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас гомдол гаргагч УХБинд хадгалуулсан 40.0 тэрбум төгрөгийн Мөнгөн хадгаламжийн гэрээг цуцалж, Монголбанкин дахь Үндэсний хөрөнгө оруулалтын банкны харилцах дансанд байршуулахыг мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан Улсын байцаагчийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг сайжруулах тухай” 19/92/008[6], 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн “Үндэсний хөрөнгө оруулалтын банкны 40 тэрбум төгрөгийн хадгаламжийг цуцалж, Монголбанкин дахь Үндэсний хөрөнгө оруулалтын банкны харилцах дансанд шилжүүлэх тухай” 19/92/009 дүгээр мэдэгдэл[7]-ээр тогтоогдож байна.
Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн “Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд хийсэн шалгалтын дүнгийн тухай” хүчин төгөлдөр А-192 дугаар тушаалын “Төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг сайжруулах зорилгоор бусад банк санхүүгийн байгууллагад байршуулсан эх үүсвэрийг сунгахгүйгээр Монголбанкин дахь харилцах дансанд төвлөрүүлэх, төвлөрсөн эх үүсвэрийг ТБҮЦ болон энэ тушаалын 3-д зааснаас бусад хэлбэрээр зарцуулахгүй байх” үүргийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас хүргүүлсэн УХБ-тай 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан ХГ-19/07/05/01 дүгээр Мөнгөн хадгаламжийн гэрээг цуцлах тухай 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн “Мөнгөн хадгаламжийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай” 01/01-693[8], 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн “Мөнгөн хадгаламжийн хугацааг дуусгавар болгох тухай” 01/01-766 дугаар албан бичиг[9], 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 399 дүгээр Төлбөрийн даалгавар[10] биелэгдээгүй, мөн энэ талаар эрх бүхий албан тушаалтны мэдэгдэл, шаардлага удаа дараа хүргэгдсэн байхад биелүүлээгүй болох нь тогтоогдож байх тул хариуцагчаас “Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны хууль”-ийн 5 дугаар зүйлийн 4 дэх заалт “Мөнгөн хадгаламжийн гэрээг тодорхой хугацаагаар байгуулсан бол уг хугацаа дууссаны дараа хадгалагч нь хадгалуулагчийн анхны шаардлагаар мөнгийг буцаан өгч, хүү төлөх үүрэгтэй”, 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн ХГ-019/07/05/01 тоот хадгаламжийн гэрээний 2.2 дахь заалт “Хадгалагч нь дараах хуваарийн дагуу мөнгөн хадгаламж болон түүний хүүгийн төлбөрийг хадгалуулагчийн Монголбанк дахь №3501029 тоот харилцах дансанд буцаан төлнө” гэсэн заалтуудыг, мөн Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А-192 тоот тушаалын Хавсралт 3-ын 2-т заасныг зөрчсөн гэж үзэж, Улсын байцаагчийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “Харилцагчийн хугацаа дууссан хадгаламжийн мөнгийг буцаан өгөөгүй байгаа тухай” 19/92/002 дугаар акт[11] тогтоож, 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0050066 дүгээр шийтгэлийн хуудас[12]-аар Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 15 дахь хэсэгт заасны дагуу 10.000.000 /арван сая/ төгрөгийн шийтгэл оногдуулсныг буруутгах үндэслэлгүй.
Өөрөөр хэлбэл, Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагч нь өөрт хууль болон журмаар олгогдсон эрх хэмжээний хүрээнд шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байх тул гомдол гаргагчийн “... Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд холбогдуулан гаргасан Хяналт шалгалтын удирдамжийн дагуу УХБ-д шалгалт хийсэн нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.2.4 дэх заалтыг зөрчиж байна ...” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй, Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэсэн байна.
Банкны тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар банк гэдэг нь хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдсэн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, хувьцаа эзэмшигч нь эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээдэг, бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо хийх зэрэг санхүүгийн зуучлалын үйл ажиллагааг Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхэлдэг, ашгийн төлөө хуулийн этгээдийг ойлгохоор байх бөгөөд Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1-д “Монголбанк хадгаламж эзэмшигч, харилцагчийн эрх ашгийг хамгаалах, банкны тогтолцооны найдвартай байдлыг бэхжүүлэх зорилгоор банк байгуулах зөвшөөрөл болон банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, банкны өөрийн хөрөнгө, төлбөрийн чадварыг хангуулах, үйл ажиллагааг нь зохицуулах, албадлагын арга хэмжээ авахтай холбогдсон дүрэм, журам, заавар, аргачлал болон холбогдох бусад шийдвэр гаргаж, хэрэгжилтэд нь хяналт тавина”, 2-т “Банк байгуулах, үйл ажиллагаа явуулах болон холбогдох бусад зөвшөөрөл олгох, зөвшөөрлийг хүчингүй болгох, банкны удирдлага, зохион байгуулалтын үндсэн зарчмыг тогтоох, хязгаарлалт хийх, шаардлага тавих, хяналт шалгалт хийх, банк, банкны нэгдэлд албадлагын арга хэмжээ авах үйл ажиллагааг холбогдох хуулиар зохицуулна” гэж тус тус хуульчилжээ.
Ийнхүү хадгаламж эзэмшигч, харилцагчийн эрх ашгийг хамгаалах, банкны тогтолцооны найдвартай байдлыг бэхжүүлэх зорилгоор банк байгуулах зөвшөөрөл болон банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, банкны өөрийн хөрөнгө, төлбөрийн чадварыг хангуулах, үйл ажиллагааг нь зохицуулах бүрэн эрх бүхий этгээд болох Монголбанк нь хянан шалгагч, улсын байцаагчаар дамжуулан эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу аж ахуйн нэгж, байгууллагад хяналт, шалгалт хийх эрхтэй, Монголбанкнаас томилогдсон хянан шалгагч нь шалгалтын явцад Монголбанкны харьяа бусад банкны үйл ажиллагаанд илэрсэн зөрчлийг арилгуулахаар шаардлага, мэдэгдэл хүргүүлэх, хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргах эрх бүхий этгээд байна.
Хэдийгээр Улсын байцаагчийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “Харилцагчийн хугацаа дууссан хадгаламжийн мөнгийг буцаан өгөөгүй байгаа тухай” 19/92/002 дугаар актын үндэслэх хэсэгт “Монголбанкны Улсын байцаагчийн дүрмийн 3 дугаар зүйлийн 7 дахь заалт, Төв банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 7 дахь заалтыг тус тус үндэслэн” гэж холбогдох хууль болон дүрэмд байхгүй зүйл, заалтыг үндэслэсэн, анхан шатны шүүхийн шийдвэрт энэ талаар тодорхой дүгнэлтийг хийгээгүй байх боловч эрх бүхий албан тушаалтнаас хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд тавьсан удаа дараагийн шаардлага, мэдэгдлийг биелүүлээгүй нь бодитоор тогтоогдож байх тул гомдол гаргагчийн “... анхан шатны шүүхийн шийдвэр “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагад нийцээгүй ... акт болон ... шийтгэлийн хуудас нь хууль зүйн үндэслэлтэй гарсан эсэхэд шүүх дүгнэлт хийгээгүй ... улсын байцаагчид ийм эрх олгогдоогүй гэсэн гомдол гаргагчийн тайлбар нь үндэслэлгүй гэж дүгнэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 37.1, 40.2-д заасныг зөрчсөн, үндэслэлгүй, хэт нэг талыг барьсан шийдвэр болсон ...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Банк дараахь шаардлагыг хангаж ажиллана”, 16.1.1-д “заавал байлгах нөөц, төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг Монголбанкнаас тогтоосон журмын дагуу зохих хэмжээ, хэлбэрээр хангахын зэрэгцээ хадгаламж эзэмшигч, харилцагчийн мөнгөн хөрөнгийг бүрэн байлгаж, тэдгээрийн анхны шаардлагаар гаргаж өгөх, шилжүүлэх”, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 4-д “Мөнгөн хадгаламжийн гэрээг тодорхой хугацаагаар байгуулсан бол уг хугацаа дууссаны дараа хадгалагч нь хадгалуулагчийн анхны шаардлагаар мөнгийг буцаан өгч, хүү төлөх үүрэгтэй”, мөн зүйлийн 8-д “Хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээг тохиролцсон хугацаанаас өмнө хадгалуулагчийн хүсэлтээр цуцлахад хадгалуулсан хугацаанаас нь хамааруулан мөнгөн хадгаламжийн хүүг гэрээнд заасан хэмжээгээр бууруулж болно” гэж тус тус зааснаас үзвэл мөнгөн хадгаламжийн гэрээг тодорхой хугацаатай байгуулсан тохиолдолд уг хугацаа дууссаны дараа мөнгийг буцаан олгох талаар зөвхөн хуульчлагдаагүй харин хадгалуулагч нь тохиролцсон хугацаанаас өмнө хүсэлт гаргасан бол хадгалагч мөнгөн хадгаламжийн гэрээг цуцлах үүрэгтэй, харин энэ тохиолдолд мөнгөн хадгаламжийн хүүг гэрээнд заасан хэмжээгээр бууруулах боломжтой байна.
ҮХОБ нь УХБ-д 40,000,000,000.00 (дөчин тэрбум) төгрөг хүртэл мөнгөн хадгаламжийг 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд хадгалуулахаар 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр ХГ-19/07/05/01 дүгээр Мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээг цуцлахаар 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн “Мөнгөн хадгаламжийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай” 01/01-693, 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн “Мөнгөн хадгаламжийн хугацааг дуусгавар болгох тухай” 01/01-766 дугаар албан бичиг , 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 399 дүгээр Төлбөрийн даалгавар зэргийг хүргүүлсэн нь тогтоогдож байх тул “... Мөнгөн хадгаламжийн гэрээний хугацаа 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр дуусахад ҮХОБ-аас хадгаламжийн мөнгөө буцаан авах шаардлагыг гаргаагүй ...” гэх гомдол гаргагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
Эдгээр болон бусад үндэслэлээр анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, гомдол гаргагчийн гомдлын шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх боловч хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг буюу Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5/ дахь заалтыг тогтоох хэсэгт нэмж өөрчлөх нь зүйтэй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 336 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Төв банк (Монгол банк)-ны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсэг” гэсний дараа “2 дахь хэсгийн 5” гэсэн заалтыг, Тогтоох хэсгийн 3 дахь заалтын “мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.1” гэсний дараа “113.2” гэсэн заалтуудыг тус тус нэмж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
[1] Хавтаст хэргийн 40, Зөрчлийн хэргийн 79 дэх тал
[2] Хавтаст хэргийн 152 дахь тал
[3] Зөрчлийн хэргийн 6 дахь тал
[4] Зөрчлийн хэргийн 10 дахь тал
[5] Зөрчлийн хэргийн 7 дахь тал
[6] Зөрчлийн хэргийн 4 дэх тал
[7] Зөрчлийн хэргийн 8 дахь тал
[8] Зөрчлийн хэргийн 8 дахь тал
[9] Зөрчлийн хэргийн 10 дахь тал
[10] Зөрчлийн хэргийн 7 дахь тал
[11] Хавтаст хэргийн 6 дахь тал
[12] Зөрчлийн хэргийн 84 дэх тал