Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 663

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Цэцэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “И ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “ “И ” ХХК-ийн эзэмшиж байсан XV-******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоох, уг тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “И ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ашигт малтмал, газрын тосны газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б******* нар оролцов.

      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “И ” ХХК-ийн захирал Б.С шүүхэд гаргасан болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай компани нь Д******* аймгийн С******* сумын нутагт орших Хөх үзүүр-2 нэртэй газарт XV-******* дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 435 дугаар шийдвэрээр “Б ” ХХК-аас шилжүүлэн авсан.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь манай компанийн эзэмшиж байсан дээрх XV-******* дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөр дуусгавар болсныг бүртгэсэн. Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас нэг сарын өмнө сунгуулах тухай өргөдөлөө гаргах ёстой байсан боловч гүйцэтгэх захирал Б.С миний бие 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 03 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Канад улсад, 2017 оны 03 дугаар сарын 17-28-ны өдрийн хооронд Бүгд Найрамдах Хятад Ард Улсад тус тус ажлын шаардлагаар зорчиж, Монгол  Улсад  байгаагүйн  улмаас  тусгай  зөвшөөрөл  сунгуулах  өргөдлөө  хуульд заасан хугацаанд гаргаж амжаагүй.

“И ” ХХК-ийн дүрмийн дагуу тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлж, өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах цорын ганц эрх бүхий субъект нь гүйцэтгэх захирал Б.С миний бие байдаг тул миний эзгүйд надаас өөр этгээд компанийн өмнөөс үйл ажиллагаа явуулж, шийдвэр гаргах боломжгүй байсан билээ. Миний бие Канад улсад зорчихдоо Канадын Торонто хотод зохион байгуулагдсан “Дэлхийн улс орнуудын эрдэс баялаг, хөрөнгө оруулалтын  салбарынхны чуулга уулзалт-2017”-д оролцож туршлага судалсан бөгөөд энэ нь эргээд манай компани XV-******* дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшиж, хайгуулын ажил хийхэд шинэ техник, технологи, боловсон хүчин, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны туршлага болж байна гэж үзэж байгаа. 

Бидний хувьд XV-******* дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг сунгуулах өргөдлөө хуулийн хугацаанд гаргаж чадаагүй нь хүндэтгэн үзэх дээрх шалтгаантай байснаа тайлбарлаж, XV-******* дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж эрхийг сэргээж өгөхийг хүссэн өргөдлөө холбогдох баримтуудын хамт Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст гаргасан боловч тус хэлтсээс 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 7/3682 дугаар албан бичгээр манай компанийн эзэмшиж байсан XV-******* дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж, эрхийг сэргээх боломжгүй гэдэг хариу өгсөн. Уг албан бичгээр өгсөн хариу нь Захиргааны ерөнхий хуулийн 37.1, 37.2-т заасан “бичгээр гаргасан захирамжилсан үйл ажиллагаа” буюу “үйлдэл” байх бөгөөд уг үйлдлийг хууль бус гэж үзэх үндэслэлтэй байна. 

Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй бол төрийн захиргааны байгууллага хугацаа сунгахаас татгалзаж энэ тухай өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ” гэж заасны дагуу Кадастрын хэлтсээс манай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах, сунгахгүй байх үндэслэл байхгүй юм. Түүнчлэн XV-******* дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байгаа нь Захиргааны шийдвэр, үйл ажиллагаа үр нөлөөтэй, зорилгодоо нийцсэн, хууль ёсны итгэлийг хамгаалсан байх зарчмыг баримтлахгүй байгаа явдал мөн. 

Бид XV-******* дугаар хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд хийх хайгуулын ажлаа алдагдуулахгүй, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хичээж байгаа боловч эрх бүхий этгээд болох Кадастрын хэлтсээс тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж, эрхийг сэргээхгүй байгаагийн улмаас манай компани Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 21.1.3, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасан зөвхөн хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эдлэх онцгой, давуу эрхүүд болон хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бусад эрхүүдээ алдаж, тус хайгуулын талбайд явуулах үйл ажиллагаагаа зогссон. 

Манай компанийн хувьд XV-******* дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахгүйгээр дуусгавар болгох ямар нэгэн хүсэл зориг байгаагүй бөгөөд гагцхүү тухайн үед эрхээ хэрэгжүүлэх боломжгүй хүнд нөхцөл байдалд байсны улмаас тусгай зөвшөөрлийн хугацаа бидний хүсэл зоригоос үл хамааран дуусгавар болсон. Өнгөрсөн таван жилийн хугацаанд XV-******* дугаар тусгай зөвшөөрлийг эзэмшиж байх хугацаанд манай компаниас хайгуулын ажил хийхэд зарцуулсан их хэмжээний хөрөнгө мөнгө, хүч хөдөлмөрийг үнэгүйдүүлэхэд хүрч байна. 

Мөн хайгуулын ажлын тайланг батлахгүй байсан учир өргөдөлдөө хугацаандаа гаргасан ч гэсэн хавсаргах баримт бичиг дутуу гэсэн үндэслэлээр буцаагдах байсан тул 2016 оны тайланг хянаагүй байгаа учир тусгай зөвшөөрлийг цуцлахгүй байх гэж бодсон.

Иймд “И ” ХХК-ийн эзэмшиж байсан XV-******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоох, уг тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж өгнө үү” гэв.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д******* аймгийн С******* сумын Хөх үзүүр нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл 2008 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр “Б*******” ХХК-д олгосон байна. Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 435 дугаар шийдвэрээр уг тусгай зөвшөөрлийг “И ” ХХК-д шилжүүлсэн байна.

Улмаар XV-******* дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацааг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 298 дугаар шийдвэрээр 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана” гэж заасан. Уг хуулийн заалтын дагуу нэхэмжлэгч “И ” ХХК-ийн хувьд 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс өмнө тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө гаргах үүрэгтэй байсан боловч уг үүргээ биелүүлээгүй байна. 

Нэхэмжлэгчийн гадаад улсад зорчсон нь Ашигт малтмалын тухай хуульд заасан тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах үүргээс тусгай зөвшөөрөл эзэмшигчийг чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Түүнчлэн “И ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.С нь 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 17-ны өдрийн хооронд Монгол Улсад байсан байх тул түүний нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч ямар нэгэн өвчний улмаас, эсхүл нийтийг хамарсан дайчилгаа, хорио цээр тогтоосон бүсэд хоригдсон гэх мэт холбогдох хуульд тодорхойлсон өөрөөс нь үл хамаарах хүндэтгэн үзэх шалтгаантай нөхцөл байдалд бус, харин ч өөрийн хүсэл зоригийн дагуу гадаад улсад хурал, чуулганд оролцож явсан нь тусгай зөвшөөрлийн өргөдлөө гаргах боломжтой байсан гэж үзэх хангалттай үндэслэл юм. 

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх заалт бол тусгай зөвшөөрөл эзэмшигч мөн хуулийн 22.1-д заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө гаргасныг төрийн захиргааны байгууллаг хүлээж авсаны дараа хэрэгжүүлэхтэй холбоотой зохицуулалт болно.

Харин нэхэмжлэгч “И ” ХХК-ийн хувьд дээрх хуульд заасан хугацаанд буюу 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс өмнө өргөдлөө гаргаагүй тул төрийн захиргааны байгууллага тухайн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсныг кадастрын бүртгэлийн системд бүртгэсэн нь хууль ёсны үйлдэл болно.

Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан” бол хайгуулын тусгай зөвшөөрөл дуусгавар болохоор заасан. XV-******* дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаа 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийг дуустал байсан бөгөөд Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу уг хугацаа дуусгавар болсныг төрийн захиргааны байгууллага кадастрын системд бүртгэсэн нь ямар ч хууль тогтоомж зөрчөөгүй болно.

Нэгэнт тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон байхад “И ” ХХК-иас 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 1704/02 дугаар албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт тэрхүү дуусгавар болсон тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлт ирүүлсэн нь үндэслэлгүй байсан тул Ашигт малтмал, газрын тосны газрын 2017 оны 7/3682 дугаар албан бичгээр хариу өгсөн нь хууль зүйн үндэслэлтэй болно.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч “И ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан болон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед гаргасан нэмэлт тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч “И ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “И ” ХХК нь “Тус компанийн эзэмшиж байсан XV-******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоох, XV-******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 435 дугаар  шийдвэрээр “Б*******” ХХК-ийн Д******* аймгийн С******* сумын нутагт орших Хөх үзүүр-2 нэртэй 20171.67 гектар талбай бүхий XV-******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “И ” ХХК-д шилжүүлсэн байна.

Мөн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 298 дугаар  шийдвэрээр “И ” ХХК-ийн XV-******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2014 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс тооцож, мөн өдрөөс тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар сунгасан байх ба 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр дуусахаар байжээ. 

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, ...” гэж, уг өргөдөлд хуулийн 22.1.1-22.1.4-д нэрлэн заасан “хайгуулийн тусгай зөвшөөрлийн хуулбар, үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт, хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт” зэрэг баримт бичгүүдийг хавсаргаж өгөхөөр зохицуулсан байна.

Нэхэмжлэгч “И ” ХХК-ийн XV-******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр дуусгавар болох тул хуулийн дээрх заалтын дагуу тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг 1 сарын өмнө буюу 2017 оны 3 дугаар сарын 03-ны дотор Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст гаргах ёстой байжээ.

Нэхэмжлэгч “И ” ХХК-иас “тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө” буюу 2017 оны 3 дугаар сарын 03-ны дотор Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст XV-******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг огт гаргаагүй болох нь нэхэмжлэгчийн болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар  тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй болно.

Хэдийгээр нэхэмжлэгч “И ” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хугацаанд өргөдлөө гаргаагүй ч тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаанд буюу 2017 оны 4 дүгээр сарын 03-наас өмнө Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хугацаа сунгуулахаар өргөдлөө гаргах хууль зүйн боломжтой байсан.

Гэтэл “И ” ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын (2017 оны 3 дугаар сарын 03-наас) өмнө болон тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаанд (2017 оны 4 дүгээр сарын 03-ны дотор) төрийн захиргааны байгууллага болох Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст XV-******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг гаргаагүй байх тул хариуцагчаас хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Харин нэхэмжлэгчээс 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 1704/02 дугаар  албан бичгээр “...тус компанийн Гүйцэтгэх захирал Б.С ...ажлын шаардлагаар зорчиж Монгол Улсад байгаагүй, ...хуулийн хугацаанд өргөдлөө гаргаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байх тул ...тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах” тухай хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газарт гаргасан ба тус Газрын дарга С.Б******* уг хүсэлтийг “судалж хариу өгөх”-ийг Кадастрын хэлтсийн даргад даалгаж, шилжүүлсэн болох нь тус газрын “Ирсэн бичгийн бүртгэл”-ийн хуудсаар  нотлогдож байна. 

Ингээд Кадастрын хэлтсийн дарга нь 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 7/3682 дугаар  албан бичгээр “...танай компаниас 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс өмнө хугацаа сунгуулах өргөдлийг гаргаагүй байх тул хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр дуусгавар болсон байна ...хугацааг сунгах боломжгүйг мэдэгдье” гэсэн хариуг өгчээ.

Иймээс нэхэмжлэгчээс “XV-******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох”-оор нэхэмжлэлийн шаардлага гарган маргаж буй нь үндэслэлгүй байна. 

Шүүх хуралдаан дээр  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлийг хуульд заасан хугацаанд гаргаагүй, мөн хайгуулын ажлын тайланг батлахгүй байсан учир өргөдлөө хугацаандаа гаргасан ч гэсэн хавсаргах баримт бичиг дутуу байсан” гэж өөрчлөн маргаж байна.

Хэдийгээр “И ” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.С нь 2017 оны 02 дугаар сарын 25-наас 3 дугаар сарын 10, мөн 3 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Монгол Улсад байгаагүй болох нь Хил хамгаалах ерөнхий газрын 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 7-2/5505 дугаар  албан бичгээр ирүүлсэн лавлагаагаар тогтоогдож байх боловч тэрээр дээрх хугацаанд гадаад улсад ажлын шаардлагаар зорчсон нь XV-******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хуулийн хугацаанд гаргах боломжгүй, хүндэтгэх үзэх шалтгаантай байсан гэж үзэхгүй юм.  

Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хуулийн этгээдэд олгох ба нэхэмжлэгч компанийн захирал гадаад улсад зорчсон байсан байдал нь хуулийн этгээдийг хуульд заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. 

Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан “хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө ...өргөдлийг ...гаргаж” гэдгийг 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс өмнө хэдийд ч өргөдлөө гаргаж болох ба, улмаар Гүйцэтгэх захирал Б.С нь тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаанд буюу 2017 оны 3 дугаар сарын 10-17, 3 дугаар сарын 28-наас 4 дүгээр сарын 03-ны өдрүүдэд Монгол Улсад байх үедээ хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг гаргах боломжтой байсан гэж шүүх үзлээ.

Түүнчлэн нэхэмжлэгч “И ” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.С нь ажлын шаардлагаар гадаад улсад зорчсон нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт “хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон” зэрэг өөрөөс нь үл хамаарах нөхцөлд байдалд байсныг ойлгох тул хариуцагчийн “...хүндэтгэн үзэх шалтгаантай нөхцөл байдалд бус харин ч өөрийн хүсэлт зоригийн дагуу гадаад улсад зорчсон нь хугацаа сунгуулах үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэх тайлбар үндэслэл бүхий байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах нь нэхэмжлэгчийн хуулиар хүлээсэн үүрэг бөгөөд мөн хуулийн 22.1.1-22.1.4 дэх заалтад заасан баримт бичгийг нэгэн зэрэг бүрдүүлэн өргөдөлдөө хавсарган захиргааны байгууллагад гаргах тул нэхэмжлэгчийн “хайгуулын ажлын тайланг батлахгүй байсан, хугацаа сунгуулах өргөдөлд хавсаргах баримт бичиг дутуу” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй, энэ талаар захиргааны байгууллагад тухайн үед зохих ёсоор гомдлоо гаргаагүй  учир хариуцагчийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Тусгай  зөвшөөрөл  дуусгавар  болсноор  хариуцагч  захиргааны  байгууллага бие даасан захиргааны акт гаргадаггүй, тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан нь түүнийг дуусгавар болгох үндэслэл болохыг Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д тодорхой заасны дагуу захиргааны байгууллагаас “И ” ХХК-ийн тусгай зөвшөөрөл 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр дуусгавар болсныг кадастрын бүртгэлийн системд 4 дүгээр сарын 07-ны өдөр  бүртгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, нэхэмжлэгч “И ” ХХК-иас Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хугацаанд (тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх) хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст гаргаагүй байх тул хариуцагчаас XV-******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг дуусгавар болсныг бүртгэсэн нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 22 дугаар зүйлийн 22.1, 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх заалтад заасныг тус тус баримтлан И ХХК-ийн гаргасан “ “И ” ХХК-ийн эзэмшиж байсан XV-******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоох, уг тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “И ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг  эс  зөвшөөрвөл  гардан  авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ              М.ЦЭЦЭГМАА