Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 208

 

Б.Батсоёмбо, Г.Мөнхжаргал, Н.Баянмөнх нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Шүүгч Б.Батцэрэн даргалж,

Шүүгч Д.Ганзориг, Б.Цогт, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор Ш.Эрдэнэбилэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Бадмаараг, Ц.Тунгалаг,

Нарийн бичгийн дарга Б.Наранжаргал нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 439 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 360 дугаар магадлалтай 201625030078 тоот эрүүгийн хэргийг шүүгдэгч Н.Баянмөнх, Г.Мөнхжаргал, шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Бадмаараг, Ц.Тунгалаг нарын гомдлоор хянан хэлэлцэв.

1. Монгол улсын иргэн, 1980 онд төрсөн, ял шийтгүүлж байгаагүй Жаагийхан овогт Бэгзсүрэнгийн Батсоёмбо нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан “Бүлэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” гэмт хэрэгт,

2. Монгол улсын иргэн, 1973 онд төрсөн, ял шийтгүүлж байгаагүй Харчууд овогт Гомбодоржийн Мөнхжаргал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан “Бүлэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” гэмт хэрэгт,

3. Монгол улсын иргэн, 1976 онд төрсөн, ял шийтгүүлж байгаагүй Боржигон овогт Нямсүрэнгийн Баянмөнх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан “Бүлэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Батсоёмбо, Г.Мөнхжаргал, Н.Баянмөнх нарыг бүлэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Б.Батсоёмбыг эд хөрөнгө хураахгүйгээр 5 /тав/ жил 6 /зургаан/ сар хорих ялаар, Г.Мөнхжаргал, Н.Баянмөнх нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр тус бүр 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар тус бүр оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Б.Батсоёмбо, Г.Мөнхжаргал, Н.Баянмөнх нараас тус бүр 173.766 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Оюунбилэгт олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Г.Мөнхжаргал, Н.Баянмөнх нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр тус бүр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг “...Г.Мөнхжаргал, Н.Баянмөнх нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг баримтлан, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, тус бүрийг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Батсоёмбо Н.Батмөнх, Г.Мөнхжаргал,  шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Тунгалаг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Илтгэгч шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ш.Эрдэнэбилэг, өмгөөлөгч Ш.Бадмаараг, Ц.Тунгалаг нарын саналыг сонсоод

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Баянмөнх хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Б.Батсоёмбо нь удаа дараа мэдүүлэхдээ Н.Баянмөнх, Г.Мөнхжаргал нартай уулзаад явсны дараа хохирогч Л.Батболдын гар утсыг булаан авсан гэдгээ үнэн зөвөөр мэдүүлдэг. Энэ хэрэгт миний бие ямар ч холбоогүй байхад надад ял оногдуулж байгаа нь миний эрх зүйн байдлыг дордуулж байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч Г.Мөнхжаргалын өмгөөлөгч Ш.Бадмаараг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Шүүхүүд Мөнхжаргалыг бусадтай бүлэглэн хохирогчийн амь биед аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж дээрмийн хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн, ингэхдээ хохирогч Л.Батболд болон Б.Батсоёмбо хоёрын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгийг үнэлсэн. Эдгээрээс өөр хэргийн зүйлчлэлийг нотлох баримт хэрэгт байдаггүй юм. Б.Батсоёмбо нь хохирогч Л.Батболдын гар утсыг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон үйлдэл нотлогддоггүй юм. Дээрмийн гэмт хэргийн үндсэн шинж нь “довтолсон идэвхтэй мөн амь биед нь аюултайгаар заналхийлсэн нь сэтгэцийн үйл ажиллагаанд нөлөөлсөн идэвхтэй үйлдэл” гэж ойлгодог. Өөрөөр хэлбэл Г.Мөнхжаргал нь хохирогчийг муухай харснаараа энэ хэрэгт оролцсон гэж шүүх түүнд ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Б.Батсоёмбо хохирогчийн утсыг авсныхаа дараа хохирогч “миний цахим үнэмлэхийг өгөөч ээ” гэхэд “зайлахгүй бол ална шүү” гэж булаалтын үйлдэл дууссаны дараа  хэлсэн байхад хүч хэрэглэхээр заналхийлсэн гэж үзэж шүүх шийдвэрээ гаргасанд гомдолтой байдаг. Ийм учраас Г.Мөнхжаргалд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Үнэхээр хэрэгсэхгүй болгох үндэслэл байхгүй гэж үзвэл зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйл болгон хөнгөрүүлж өгнө үү гэв.

Шүүгдэгч Г.Мөнхжаргал хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Би Б.Батсоёмбо, Н.Баянмөнх нартай хамтарч гар утас, бичиг баримт аваагүй болно. Б.Батсоёмбо 2 удаагийн шүүх хуралдаанд энэ хэрэгт намайг оролцоогүй гэдгийг хэлдэг. Б.Батсоёмбо хохирогчийн гар утсыг зарж Н.Баянмөнх бид хоёрт архи авч өгсөн. Тэгээд ч би төлбөрийг ар гэрээрээ төлүүлсэн” гэжээ.

Шүүгдэгч Б.Батсоёмбын өмгөөлөгч Ц.Тунгалаг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Хохирогч Л.Батболдын мэдүүлэг нь нотлогдоогүй, эргэлзээтэй байдаг. Б.Батсоёмбо нь гар утсыг яаж авснаа, зарж зарцуулснаа үнэн зөвөөр мэдүүлсээр байхад яллах талыг барьж Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулж хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Хохирогчийг хүч хэрэглэхээр заналхийлсэн гэдгийг хохирогчийн мэдүүлгээс өөр бусад ямар ч нотлох баримтаар нотолж чадаагүй. Цахим үнэмлэх, виза карт байсан эсэх нь нотлогдоогүй. Халааснаас нь гар утсыг аваад зарж, архи авч ууснаа хүлээн зөвшөөрдөг. Энэ үйлдэл нь булаалтын гэмт хэргийн шинжийг агуулж байгаа учраас зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэг болгон өөрчилж, цагдан хоригдсон хугацаанд ялыг дүйцүүлж өгнө үү гэв.

Прокурор Ш.Эрдэнэбилэг хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Анхан болон давж заалдах шатны шүүхээс мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих зүйлүүдийг бүрэн шалгагдаж тогтоогдсон гэж дүгнээд шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй. Харин шүүгдэгч Б.Батсоёмбо нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорыг арилгасан, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг хэрэглэх боломжтой гэж үзэж байна. Мөн шүүгдэгч Б.Батсоёмбо, Г.Мөнхжаргал, Н.Баянмөнх нарт оногдуулсан хорих ялыг чанга дэглэмд эдлүүлэхээр шийдвэрлэснийг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр хөнгөрүүлэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэж байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалд энэхүү өөрчлөлтийг оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчид болон тэдний өмгөөлөгч нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн шаардлагыг хангасан байна.

Б.Батсоёмбо, Г.Мөнхжаргал, Н.Баянмөнх нар нь бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 10-ний өдрийн 10 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Л.Батболдыг биеэ хамгаалж чадахгүй, согтуу байдлыг нь далимдуулж, хүч хэрэглэхээр заналхийлж, 500.000 төгрөгийн үнэ бүхий “Эл Жи Фликс” /LG G-fleх/ маркийн гар утас, цахим үнэмлэх, автобусны “Ю-Мони” карт зэрэг эд зүйлийг дээрэмдэн авч, 521.300 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн байдал тогтоогдоогүй байна.

Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг нь хохирогчийн амь нас, эрүүл мэндэд аюултай хүч хэрэглэх, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж довтлох үйлдлээр илэрдэг ба заналхийлэх гэдэгт бусдыг айлган сүрдүүлэх зорилго бүхий “ална, хядна, эрэмдэг болгоно” гэх зэрэг үг хэллэг, үйл хөдлөлөөр илэрч буй сэтгэл зүйн хүчирхийллийг багтаан ойлгодог ба эд хөрөнгийг хууль бусаар авсны дараа заналхийлсэн нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй. Бусдын эд хөрөнгийн булаах гэмт хэрэг нь эд зүйлс, өмч хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр булаан авч ашиглан шамшигдуулах шинжээрээ өөр хоорондоо ялгаатай байдаг. Анхан болон давж заалдах шатны шүүхээс Б.Батсоёбыг дээрмийн гэмт хэргийг гардан гүйцэтгэсэн, Г.Мөнхжаргал, Н.Баянмөнх нарыг айдас төрүүлж Б.Батсоёмбын үйлдлийг сэтгэл санаагаараа дэмжсэн гэж дүгнэсэн нь зөв байна.

Харин шүүгдэгч нар анх удаа хүнд гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Батсоёмбод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийг хэрэглэн анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх, түүнчлэн шүүгдэгч Б.Батсоёмбо, Г.Мөнхжаргал, Н.Баянмөнх нарын хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 439 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 360 дугаар магадлалд “Б.Батсоёмбыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 05 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг “...Б.Батсоёмбыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг баримтлан, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 03 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батсоёмбо, Г.Мөнхжаргал, Н.Баянмөнх нарт тус бүр оногдуулсан 03 жил 06 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Баянмөнх, Г.Мөнхжаргал, шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Бадмаараг, Ц.Тунгалаг нарын гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.БАТЦЭРЭН

                               ШҮҮГЧ                                                         Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН