Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 181

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,  

Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням,

Хохирогч Б.Б,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б.Б-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Б. Б

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 10 дугаар сарын 13-ны орой Сайншанд сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Төв спорт зааланд” хохирогч Б.Б-г нүүрэнд нь цохих, өшиглөх зэргээр зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

    

            Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Мэдүүлэг өгөхгүй…” гэв.

 

            Хохирогч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр би байрны хэдэн ах нартай тоглож байсан. Заалны цаг дуусах үед Б орж ирэхээр нь тоглосон. Би хувцсаа солих гээд байж байтал хажууд ирээд юм яриад байсан. Би тухайн үед утсаар ярьж байсан чинь алгадсан. Зодоон хийх гэж байгаа бол хэрэггүй гэж хэлсэн гэтэл намайг унагаагаад зодсон...” гэв.

             Камерын бичлэгт үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаа явуулах прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол /хх-ийн 6-8 дугаар хуудас /,

 

             Хохирогч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б гэж хүүхэд над дээр ирээд хажууд ахын дүү гээд суугаад байсан, тэгж байгаад гэнэт миний нүүрэн тус газар руу намайг сууж байхад хоёр удаа цохьсон, дараа нь намайг газарт унагаж байгаад хоолой боосон...миний нүүрэн тус газар руу хоёр удаа өшиглөсөн...эмчилгээндээ 60 000 төгрөг зарцуулсан 40 000 төгрөгийг эргүүлээд Баярбатад өгсөн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/,

 

             Аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 02/0471 дугаартай шинжээчийн дүгнэлт / хх-ийн 21 дүгээр хуудас /,

 

             Гэрч Т.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нэг харсан чинь Б тэр залууг шалан дээр унагаачихсан байсан, би эхлээд тоглож байгаа юм боловуу гэж бодсон чинь...Б залуугийн хоолойг боогоод хоорондоо маргалдаад байсан...салгах үед...Б нүүрэн тус газар руу нь хоёр удаа өшиглөсөн...залуу уруулаа дараад зогсоод байсан уруулыг нь цохьсон юм шиг байсан...” гэсэн мэдүүлэг./хх-ийн 15 дугаар хуудас /,

 

             Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 13-ны орой 20 цагийн орчимд Дорноговь аймгийн Сайншанд сум 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байх аймгийн спорт зааланд...Б-г...нэг удаа алгадсан...би нүүр рүү нь өшиглөсөн...уучлалт гуйж эмнэлэг хамт явж үзүүлээд эмийн сан орж эм авч өгөөд 100 000 төгрөг өгсөн...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас /,

 

           Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 10 дугаар сарын 13-ны орой Сайншанд сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Төв спорт зааланд” хохирогч Б.Б-ыг нүүрэнд нь цохих, өшиглөх зэргээр зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан төв спорт заалны бичлэгээс харахад хохирогч Б.Б-ын зүгээс хууль бус ямар ч үйлдэл хийгээгүй, шүүгдэгч Б.Б нь ямар ч шалтгаангүйгээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, түүнийг алгадах, толгойн тус газарт цохих, газар унагааж боох, өшиглөх зэргээр зодож байгаа үйл явдал тогтоогдож, энэ талаар хохирогч болон шүүгдэгч нар маргаагүй болно.

           Шүүгдэгч Б.Б нь гэм буруугийн талаар маргаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлоо төлж барагдуулсан, хохирогч нь шүүх хуралдаанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, улсын яллагчийн санал болон түүний эд хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ял шийтгэж 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзэв.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт Б. Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 600  /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянган / төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                         

ДАРГАЛАГЧ                   Н.АДЪЯА