Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2026/00549

 

******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 191/ШШ2025/11602 дугаар шийдвэртэй, 

Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй,   

Хариуцагч: *******-д холбогдох

38,780,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. *******-тай 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гэрээ байгуулж, ******* хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй ******* апартмент орон сууцны барилгын төслөөс ******* тоотын 42.2 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг захиалж, 2019 оны 3 дугаар улиралд буюу 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор захиалагч талд хүлээлгэн өгөхөөр тохирсон.

1.2. Гэрээ байгуулснаас хойш 6 жил гаруй хугацаа өнгөрсөн боловч орон сууцаа барьж ашиглалтад оруулаагүй, бид ч хүлээцтэй хандаж баригдахыг хүлээсээр 6 жил болсон байхад 2024 оны 2 дугаар сарын 05-ны өдөр үлдэгдэл төлбөрийг бөөнд нь төл, үгүй бол гэрээ цуцаллаа гэх агуулгатай мэдэгдэл ирүүлсэн. Гэрээг цуцлах боломжгүй, гэрээнд зааснаар үлдэгдэл төлбөрийг орон сууц ашиглалтад орсны дараа төлөх ёстой гэсэн хариу хүргүүлсэн боловч урьдчилгаанд төлсөн төлбөр 21,522,000 төгрөгөөс 19,000,000 төгрөгийг зөвшөөрөлгүй буцаан шилжүүлж, орон сууцыг гуравдагч этгээдэд зарсан байсан.

1.3. Энэ 6 жилийн хугацаанд 2020.02.02-ны өдрөөс 2021.12.04-ний өдрийг дуустал 1 сарын 500,000 төгрөгөөр, 22 сарын хугацаанд 11,000,000 төгрөг, 2021.12.05-ны өдрөөс 2023.09.30-ны өдрийг хүртэл 1 сарын 730,000 төгрөгөөр, 21 сарын хугацаанд 15,330,000 төгрөг, 2023.10.01-ний өдрөөс 2024.04.04-ний өдрийг хүртэл 7 сарын хугацаанд 5,250,000 төгрөг, 2023.07.01-ний өдрөөс 2024.04.09-ний өдрийг хүртэл 1 сарын 800,000 төгрөгөөр, 9 сарын хугацаанд 7,200,000 төгрөгийг тус тус хөлслүүлэгч нарт төлсөн.

Гэрээний дагуу 21,522,000 төгрөгийг төлсөн боловч ******* нь гэрээний үүргээ зөрчсөний улмаас цаг хугацаа, сэтгэл санаа, түрээсийн төлбөр, зах зээлийн ханш өөрчлөгдөж захиалагч надад маш их хохирол учруулсан. Иймд *******-иас хохирол болох түрээсийн төлбөр 38,780,000 төгрөг гаргуулж өгнө үү.

2. Хариуцагч хариу тайлбар гаргаагүй болно.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-аас 13,100,000 /арван гурван сая нэг зуун мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс 25,680,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 356,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 223,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. ******* нэхэмжлэлтэй *******-д холбогдох 38,780,000 төгрөг гаргуулах иргэний хэрэг нь өмнө шүүхээр хянан хэлэлцэгдэж шийдвэрлэгдэж байсан бөгөөд шүүхийн шийдвэр гарч хуулийн хүчин төгөлдөр болсон. Нэхэмжлэгчээс тус шийдвэрт хуульд заасан хугацаандаа давж заалдах гомдол гаргаагүй.

Гэтэл тухайн асуудлаар дахин Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг үүсгэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэгт заасан хуулийн нийцлийг зөрчиж байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн шүүхэд хандсан маргааны асуудлаар урьд өмнө шүүхийн шийдвэр гарсан бөгөөд хуулийн хүчин төгөлдөр байгаа болно. Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр урьдчилгаа төлбөрөөс 19,000,000 төгрөгийг буцаан шилжүүлж, 2,500,000 төгрөг үлдсэн. Үүнтэй холбогдуулан бид гэрээ цуцлах үндэслэлгүй, хохирол төлбөр гаргуулах талаар 2024 оны 3 дугаар сард нийт 86,000,000 төгрөг нэхэмжилж шүүхэд хандсан. Гэтэл нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй гэх шалтгаанаар хүлээн авахаас татгалзсан.

5.2. Мөн үлдэгдэл 2,500,000 төгрөгийн нэхэмжлэлийг шүүх өөрчлөн байгуулагдахаас өмнө Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Иргэний хэрэг үүсэж, хариуцагчид нэхэмжлэл гардуулах ажиллагаа хийгдэж байх үед шүүх өөрчлөн байгуулагдаж, тойргийн шүүх болж нэгтгэгдсэн. Үүний дагуу хялбар ажиллагааны шүүх 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэнтэй холбогдуулан хэрэг харьяаллын дагуу хялбар ажиллагааны шүүхэд шилжсэн. Ингээд 2,500,000 төгрөгтэй холбоотой асуудлыг хялбар ажиллагааны шүүх шийдвэрлэсэн. Энэ маргаанд дээрх шүүхийн шийдвэр хамааралгүй. Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирол болох орон сууц хөлсөлсөн зардалд 38,780,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1. ******* нь *******-тай 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр “Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр ******* нь ******* хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй ******* апартмент орон сууцны барилгын ******* тоотын 42.2 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьж, 2019 оны 3 дугаар улиралд хүлээлгэн өгөх, ******* нь гэрээний нийт үнэ 71,740,000 төгрөгөөс 21,522,000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр, үлдсэн 50,218,000 төгрөгийг улсын комиссын акт гарсны дараа банкны зээлээр төлөхөөр харилцан тохирчээ. /хх-ийн 5-6/

3.2. Дээрх гэрээний дагуу ******* нь урьдчилгаа төлбөр 21,522,000 төгрөгийг хүлээн авсан боловч гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, улмаар урьдчилгаа төлбөрөөс 19,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон. /хх-ийн 7, 62-65/ 

4. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ зарим нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүйн улмаас талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон алдааг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээнэ.

4.1. Талуудын гэрээний агуулгаас үзэхэд гэрээ байгуулах үед орон сууц бий болоогүй, тодорхой хугацаанд барьж, хүлээлгэн өгөхөөр тохирсон нь ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулж байх боловч нэхэмжлэгчийн хүсэл зоригийн хувьд нийтийн зориулалттай орон сууцны байшингаас давхар, талбайн хэмжээ, өрөөний тоо зэргийг сонгож, ирээдүйд бий болох орон сууцны өмчлөгч болох зорилготой байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний шинжийг илүү агуулсан байна.

Иймд талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх ба анхан шатны шүүх ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэж, гэрээний харилцаа дуусгавар болсон үйл баримтыг уг гэрээний үүргийн зөрчилтэй холбогдуулан дүгнэсэн нь хууль зүйн хувьд алдаатай болжээ.

5. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж, мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1 дэх хэсэгт “үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ”  гэж тус тус заасан.

5.1. Хариуцагч байгууллага нь гэрээний 4.1-д заасан хугацаанд буюу 2019 оны 3 дугаар улиралд орон сууцыг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн бөгөөд ковид-19 цар тахлын улмаас үүрэг гүйцэтгэх хугацааг талууд 2022 оны 2 дугаар улирал хүртэл сунгаж, нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан *******ас *******-д хүргүүлсэн хүсэлтүүдээр тогтоогдсон гэж шүүх дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт заасанд нийцжээ. /хх-ийн 37-42/

Өөрөөр хэлбэл, хариуцагч байгууллага нь гэрээгээр тогтоосон хугацаанд гэрээний үүргээ гүйцэтгээгүй үүргийн зөрчил гаргасан үйл баримт тогтоогдсон гэж дүгнэнэ.

6. Улмаар, хариуцагч байгууллагаас 2024 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 24/24 дугаартай албан бичгээр гэрээний үлдэгдэл төлбөрийг 2024 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээ цуцлах талаар мэдэгдсэн байх ба уг мэдэгдлийн хариуд нэхэмжлэгчээс урьдчилгаа төлбөр 21,550,000 төгрөг, орон сууц хөлсөлсөн зардал 27,650,000 төгрөг нийт 49,200,000 төгрөгийг төлсөн тохиолдолд гэрээ цуцалж болохыг мэдэгдсэний дагуу хариуцагч байгууллагаас урьдчилгаа төлбөрийг буцаан төлөхийг зөвшөөрч, 2024 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд 19,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлжээ. /хх-29-30/  

6.1. Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг үндэслэн хариуцагч байгууллагын гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй үүргийн зөрчлийн улмаас нэхэмжлэгч гэрээнээс татгалзах санал гаргасныг хариуцагч тал хүлээн авч, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан журмаар гэрээний харилцаа дуусгавар болсон гэж дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй, мөн энэ дүгнэлтэд нэхэмжлэгч гомдол гаргаагүй байх тул давж заалдах шатны шүүх талуудын зарчмыг үндэслэн нэмж эрх зүйн дүгнэлт хийхгүй.

7. Иймд гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал үүргийн зөрчлийн улмаас учирсан хохирлоо шаардах эрхтэй талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт нийцжээ.

7.1. Хэрэгт авагдсан баримт болон нэхэмжлэгчийн тайлбараар хариуцагч байгууллагын үүрэг гүйцэтгэх хугацааг 2022 оны 2 дугаар улирал хүртэл сунгагдсан болох нь тогтоогдсон тул үүргийн зөрчлийг уг хугацаанаас тооцож, хэргийн 48, 53-61 дүгээр талд авагдсан *******дахь ******* эзэмшлийн дансны хуулгыг үндэслэн 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 2024 оны 2 дугаар сарын 06-ны өдрийг /гэрээнээс татгалзах/ хүртэл хугацаанд байрны түрээс утгаар зарлагын гүйлгээ хийсэн дүнгээр хохирлыг тооцож, хохиролд 13,100,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлээс үлдэх 25,680,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нотлох баримт үнэлэх зарчмыг зөрчөөгүй байхаас гадна Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт нийцсэн. Энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй.  

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх нэхэмжлэлд холбогдох маргааныг өмнө нь шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа гэх агуулгаар гаргасан гомдлыг хангахгүй. Учир нь

8.1. Хэргийн 67-68 дугаар талд авагдсан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШЗ2024/08272 дугаар захирамжаар *******-д холбогдуулан орон сууцны түрээсийн төлбөр  38,780,000 төгрөг, орон сууцны зах зээлийн ханшийн зөрүү 50,640,000 төгрөг, урьдчилгаанд өгсөн төлбөрийн үлдэгдэл 2,522,000 төгрөг нийт 91,942,000 төгрөг гаргуулах ******* нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4, 65 дугаар зүйлийн 65.1.11 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзжээ.

Мөн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШЗ2024/11259 дугаартай захирамжаар *******-д холбогдох урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 2,522,000 төгрөг гаргуулах тухай ******* нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн оршин суугаа газрын хаяг тодорхойгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна.

Дээрх захирамжууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрт хамаарахгүй.

8.2. Мөн талууд ******* нэхэмжлэлтэй *******-д холбогдох урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл гэх 2,522,000 төгрөг гаргуулах хэргийг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх шийдвэрлэсэн талаар давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарласан. Энэ нь дээрх маргаанд хамааралгүй байна.

9. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 191/ШШ2025/11602 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-иас 13,100,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 25,680,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 223,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Ч.МӨНХЦЭЦЭГ

 

                                             ШҮҮГЧИД                                             Ж.ЛХАГВАСҮРЭН

 

                                                                                                           Т.ГАНДИЙМАА