Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 221

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтлөн,

улсын яллагч Х.Эрдэнэтуяа,

шүүгдэгч М.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт М.Э-д холбогдох 181002...820000 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч М.Э нь 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 18 цагийн үед Хан-Уул дүүргийн ... дугаар хорооны Яармагийн ... дугаар гудамжны ... тоот хашаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөрш айлын хүн болох С.Ж-г Н.Н гэгчтэй хардаж, улмаар түүнийг нүүрэн тус газар нь 3 удаа алгадаж, хоолойг нь боож, үснээс нь зулгаах зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч М.Э-с: “...2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Ж, Н бид гурав архи уусан. Тэгээд Н, Ж 2 машины сэлбэг авахаар явсан. Тухайн үед манай гэрийн тогны утас тасарчихсан байсан. Иймд тогны утас тасарсан газрыг нь олчихоод цахилгааны утсаа засаад сууж байтал Н Ж 2 ирээд дахиад нэг юм авчихлаа ууя гэхээр нь за араас чинь оръё гэхэд Н Ж хоёр Н-н гэр рүү орсон. Тогны утсаа янзалчихаад Н-н гэр рүү нь орсон чинь Ж өмдөө өвдөг хүртлээ шувталчихсан орных нь хажууд байж байсан. Би тэр хоёрт хандан “дахиж та хоёртой харьцахгүй” гэж хэлээд гэрээс нь гарсан. Намайг гэртээ байж байтал Ж “та юундаа маяглаад байгаа юм бэ, ганц юм байгаа тэрийгээ уучихъя” гэхээр нь би уухгүй гэсэн. Ж бид хоёр маргалдаж байгаад би “чи айлын нөхөртэй ингэж болохгүй” гэхэд Ж “та ямар сүртэй юм бэ хараагүй юм шиг л өнгөрөөчихөөч” гэсэн. Тэгээд байгаа архиа ууя гээд байхаар нь би яршиг дахиад уухгүй, дараа уух үе зөндөө гарна гэж хэлсэн. Гэтэл Ж миний хүүхдийн хийж өгсөн зүүлтийг тасалчихаар нь миний уур хүрээд Ж-г цохичихсон. Ж яаж байгаа юм гэхээр нь би “тэгэхгүй яадаг юм бэ чи миний хүүхдийн хийж өгсөн гинжийг тасалчихлаа” гэж хэлсэн. Тэгээд бид 2 дээр доороо ороод ноцолдсон. Бид хоёрыг манай хойд талын эмээ салгасан...” гэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Хохирогч С.Ж-н: “...2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 11 цагийн үед хашааны гадаа явж байтал хөрш айлын эгч Э хашаан дотроос намайг дуудаад хашаа давуулаад картаа шидээд нэг сав том пиво аваад ир гэхээр нь би дэлгүүрээс аваад очтол Н гэдэг залуутай сууж байсан. Тэгээд бид гурав пивоо хувааж уугаад Н намайг “ханиндаа Яармагийн эцэс орж хүнтэй уулзчихаад ирэх үү гэхээр нь тэгье гээд хамт явж ирээд Н гэртээ орсон. Тэгээд би Э эгчийг дуудтал шууд ирээд намайг хацарт 3 удаа алгадаад гараараа хоолой боосон. Тэгээд миний үснээс зулгаагаад газарт унагаагаад татаад гудчаад байсан. Манай найз О болон Н салгасан. Э эгч намайг Н-тэй хардаад зодсон. Надад ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Намайг хашаан дотор зодсон. Тухайн үед 18 цаг болж байсан байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-20 дугаар хуудас/,

Гэрч Н.Н: “...Э эгч Ж-д миний картыг өгөөд дэлгүүр явуулсан. Ж-н авч ирсэн пивог бид гурав хувааж уусан. Тэгээд би машины сэлбэгний боолт хүнээс авах байсан болохоор Яармагийн эцсээс Ж-тай хамт очиж авчихаад буцаж ирээд машиндаа юм хийгээд үлдтэл Ж-г Э үсдээд цохиод байгаа харагдахаар нь би тэр хоёрыг салгасан. Э эгч дахиж очоод Ж-г заамдаад сэгсрээд байсан. Бид гурав нэг хашаанд тусдаа амьдардаг. Юунаас болж Ж-г зодсонг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

   

Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн №13064 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26 дугаар хуудас/,

                      

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд

Шүүгдэгч М.Э нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Ж, Н бид гурав 2018 оны 10 дугаар сарын 29-ний өглөө 10 цагийн үед хашаанд сууж байгаад 2.... литрийн савалгаатай Нийслэл пиво 4 билүү ... савыг хувааж уусан. Н, Ж хоёр Яармагийн эцэс орчихоод ирье гэж яваад 17 цагийн үед буцаж ирээд Н-н гэрт орсон. Н-н гэрт ортол Ж-тай бэлгийн харьцаанд орж байхаар нь би буцаж гарсан. Тэгтэл удалгүй Ж гарч ирээд ороод ир пиво ууя гэхээр нь “чам шиг хөрштэйгөө секс хийдэг хүнтэй уухгүй” гэж хэлээд түүний хацарт нь алгадтал манай ... настай хүүхдийн хийж өгсөн хүзүүний зүүлтийг тасалчихсан. Тэгэхээр нь би хоолойноос нь гараараа заамдаад цааш нь түлхээд хамт газарт унасан. Тэгээд Ж-тай дээр доороо ороод ноцолдож өнхрөлдсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 3...-36 дугаар хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 40 дүгээр хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 дугаар хуудас/,

-Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 41 дүгээр хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

       Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч,  хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж М.Эд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч М.Э нь 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 18 цагийн үед Хан-Уул дүүргийн ... дугаар хорооны Яармагийн ... дугаар гудамжны ... тоот хашаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөрш айлын хүн болох С.Ж-г Н.Н гэгчтэй хардаж, улмаар түүнийг нүүрэн тус газар нь 3 удаа алгадаж, хоолойг нь боож, үснээс нь зулгаах зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 3...-36 дугаар хуудас/, хохирогч С.Ж-н мэдүүлэг /хх-ийн 16-20 дугаар хуудас/, гэрч Н.Н-н мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн №13064 дугаартай

  1. С.Ж-н биед хүзүү, зүүн ташаа, ууцанд зулгаралт, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр  үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

    Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч М.Э нь хохирогч С.Ж-н биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна.

   Энэ хэргийн шүүгдэгч М.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтын болоод гэм буруугийн талаар маргаагүй болно. Иймд шүүгдэгч М.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

   Шүүгдэгч М.Э нь С.Ж зодож эрүүл мэндэд нь биед хүзүү, зүүн ташаа, ууцанд зулгаралт, хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчид торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Гэмт хэргийн хохирол, хор уршиг, бусад байдал:

Шүүгдэгч М.Э-с мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч С.Ж нь эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж мэдүүлсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч М.Э нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.... дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний баримт бичиггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, М.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.      

     

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                                                                                                                     ТОГТООХ нь:

  

1. Б овогт М.Э-г бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Эг 4...0 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 4...0.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ....3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Э-н хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ....3 дугаар зүйлийн ... дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 1... нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг М.Э-д мэдэгдсүгэй.

....Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, М.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл М.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 П.ТУЯАТ