| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 192/2025/06106/И |
| Дугаар | 210/МА2026/00788 |
| Огноо | 2026-04-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2026/00788
******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Н.Оюунтуяа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 192/ШШ2025/10618 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******-д холбогдох,
зээлийн гэрээний үүрэгт 95,355,694 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
*******-д 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 2 сарын хугацаатай 20,000 ам.долларыг сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Үүний төлбөрт хариуцагч нь бэлнээр 30,000,000 төгрөг өгснийг хүү болон үндсэн зээлээс суутгаж, нийт зээлийн үлдэгдэл 18,787 ам.долларыг дахин 2 сарын хугацаатай, 10 хувийн хүү тооцохоор 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр шинэ зээлийн гэрээ байгуулсан.
2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдэхэд үндсэн зээл, хүү болон алдангид нийт 29,405 ам.долларын үлдэгдэлтэй байсан. Үүнээс хойш Приус-30 маркийн авто машиныг 14,000,000 төгрөгөөр, Форд /Ford Transit/ маркийн авто машиныг 7,000,000 төгрөгөөр тус тус тооцож төлбөрт авсан.
Иймд анх өгсөн үндсэн зээлийн үлдэгдэл болох 18,787 ам.доллар, гэрээнд заасан 2 сарын үндсэн хүү 3,756 ам.доллар буюу нийт 77,570,463 төгрөг, алданги 38,785,231 төгрөг, нийт 95,355,694 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн гэрээний дагуу 64,240,000 төгрөгийг хүлээн авсан. Монгол банкны Ерөнхийлөгчийн баталсан Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн зээлийн үйл ажиллагааны журамд зааснаар Монгол Улсад хэрэглэгдэж байгаа төлбөр тооцооны нэгж буюу төгрөгөөр тухайн асуудал яригдах ёстой. Уг зээлийн үндсэн хугацааг 2 сараар байгуулсан учир 2 сарын хүүг тооцох агуулгатай гэрээ байгуулсан. Мөн гэрээн дээр талууд алдангийн талаар тохиролцоогүй.
Үндсэн зээл 64,240,000 төгрөг, хүүгээ тооцоход нийт 77,088,000 төгрөг болохоор байх бөгөөд тус төлбөрт 30,000,000 төгрөг бэлнээр өгсөн, мөн 21,000,000 төгрөгийн үнэтэй 2 автомашин шилжүүлж, нягтлан бодогч *******ийн дансаар 21,000,000 төгрөг шилжүүлж бүрэн төлсөн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-aac 53,256,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 42,099,694 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 634,728 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч "*******-аас улсын тэмдэгтийн хураамжид 424,230 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэсэн.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг бүрэн биелүүлсэн. Тодруулбал, 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 29,700,000 төгрөг, 21,000,000 төгрөгийн төлбөрт тооцож 2 автомашин, *******-ийн гүйлгээний нягтлан бодогч ******* нь ******* руу 21,000,000 төгрөг, ******* захиалгын дагуу 8,504,152 төгрөгийн тээвэрлэлтийг хийж төлсөн. Гэтэл шүүхээс эдгээр төлбөрийг бүрэн тооцоогүй.
Анхан шатны шүүх 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан гэж илт үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Гэтэл хэрэгт зээлийн шилжүүлгийн баримт авагдаагүй. Анхан шатны шүүх хэрхэн яаж 42,099,694 төгрөгийн үлдэгдэлтэй болгож дүгнээд байгаа нь ойлгомжгүй байна.
Анз тооцох үндэслэлгүй байхад анз тооцсон, ингэхдээ хүүгээс анз тооцсон нь хууль зөрчсөн. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Зээлийн гэрээний дагуу хүлээн авсан мөнгөн хөрөнгийн хэмжээний талаар хариуцагч маргадаггүй. *******ээс нэхэмжлэгч рүү мөнгө шилжүүлсэн асуудал нь энэ зээлийн гэрээтэй хамааралгүй, тусдаа харилцаа болох нь хэргийн баримтаар тогтоогдсон. Мөн тээвэр зуучлалын үйл ажиллагаа хийгдэж төлбөр төлөгдсөн баримт байхгүй. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 95,355,694 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч зээл бүрэн төлөгдсөн гэх үндэслэлээр эс зөвшөөрч маргасан.
2.1. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан харилцаа, төлөгдсөн төлбөрийн хэмжээний талаар зөв дүгнэлт өгсөн боловч зээлийн тооцоололд хамаарах хуулийг хэрэглээгүй орхигдуулсан байгааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.
3. 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан гэрээгээр ******* нь *******-д 20,000 ам.доллар буюу 64,240,000 төгрөгийг нэг сарын 10 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай олгосон.
Энэ гэрээний дагуу ******* нь үндсэн зээл 64,240,000 төгрөг, хүү 12,848,000 төгрөг, нийт 77,088,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн.
Талуудын хооронд үүссэн уг харилцааг анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаанд хамааруулж, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэсэн.
3.1. 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр талууд дахин зээлийн гэрээ байгуулсан боловч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн мөнгөн хөрөнгийг бодитоор олгоогүй тул анхан шатны шүүх уг гэрээг өмнөх гэрээний нэмэлт өөрчлөлт гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.
Уг нэмэлт өөрчлөлтөөр гэрээний хугацааг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2 сараар сунгаж, сарын 10 хувийн хүү тооцох, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн дүнгээс хоног тутам 0.5 хувиар алданги мөн тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай тус тус нийцжээ.
3.2. Талууд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах үед буюу 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хариуцагчаас нэхэмжлэгчид төлсөн 30,000,000 төгрөгийг анхан шатны шүүх 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн гэрээний нийт үүргээс хасч тооцсон нь үндэслэлгүй.
Энэ төлбөрийг төлөх үед 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн гэрээний хугацаа дуусгавар болсон байсан учир хариуцагчийн төлсөн 30,000,000 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцох нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсгийн Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжид шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ. гэж заасантай нийцнэ.
Иймээс гэрээний нэмэлт өөрчлөлт байгуулах үед 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 34,240,000 төгрөг, хүү 12,848,000 төгрөг, нийт 47,088,000 төгрөг байсан гэж үзнэ.
3.3. Анхан шатны шүүх 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн гэрээний дагуу зээлийн хүү тооцохдоо 47,088,000 төгрөгөөс буюу хүүгээс хүү тооцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт нийцээгүй.
Дээрх хуулийн зохицуулалт, гэрээний нөхцөлөөр тооцвол, 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан гэрээний нэмэлт өөрчлөлтийн дагуу хариуцагч нь 6,848,000 төгрөгийн хүү төлөх үүрэг хүлээнэ.
Нэгтгэн авч үзвэл, хариуцагчид зээлийн гэрээний дагуу 53,936,000 төгрөг /үндсэн зээлийн үлдэгдэл 34,240,000 төгрөг+хүү 12,848,000 төгрөг+хүү 6,848,000 төгрөг/ төлөх үүрэг үүсжээ.
Үүнээс хариуцагчийн 2023 оны 06 дугаар сард 2 тээврийн хэрэгслийг 21,000,000 төгрөгт тооцон шилжүүлэн өгснийг хасахад, 32,936,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
3.4. 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн гэрээнд зээлсэн мөнгөн хөрөнгийн хэмжээг заасан, үүнд үндэслэн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр тооцоо нийлж баталгаажуулсан боловч хүүгээс хүү тооцсон, мөн энэ гэрээний дагуу бодитоор мөнгөн хөрөнгө шилжүүлээгүй.
Иймд талуудын хооронд анх 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг үндэслэн эрх зүйн харилцааг тодорхойлж, бодитоор олгогдсон зээлийн хэмжээ, хийсэн төлбөрүүдийг харгалзан зээлийн үлдэгдэл, хүүгийн тооцооллыг хуульд нийцүүлэн тооцох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцнэ.
3.5. *******-ийн нягтлан бодогч *******ээс ******* руу шилжүүлсэн 21,000,000 төгрөг, мөн ******* захиалгаар гүйцэтгэсэн гэх 8,504,152 төгрөгийн тээвэрлэлтийн зардлыг зээлийн төлбөрөөс хасаж тооцоогүй анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцсэн байна.
3.5.1. Хариуцагч ******* нь нягтлан бодогч *******ээр дамжуулан 21,000,000 төгрөгийг зээлийн гэрээний төлбөрт төлсөн гэж маргасан.
Гэвч хэрэгт авагдсан баримтаар ******* нь 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр *******ийн данс руу 20,000,000 төгрөг шилжүүлсэн, улмаар ******* нь 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 21,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн нь тогтоогдсон. Энэ нь маргаж буй зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл бус, харин ******* болон ******* нарын хооронд үүссэн бие даасан эрх зүйн харилцаа гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.
Түүнчлэн *******ээс ******* руу 21,000,000 төгрөг шилжүүлсэн өдөр түүний дансанд *******-иас 27,780,408 төгрөг шилжүүлсэн байгаа боловч уг мөнгөн гүйлгээ нь шууд *******-ийн зээлийн гэрээний төлбөрт зориулагдсан, эсхүл хариуцагчийн гүйцэтгэх ёстой үүргийг гүйцэтгэсэн болохыг нотолсон баримт байхгүй.
Өөрөөр хэлбэл, тухайн шилжүүлэг нь *******ийн хувийн зээлийн харилцаанаас үүдэлтэй эсэх, эсхүл компанийн өмнөөс хийсэн төлбөр эсэх нь тодорхой бус бөгөөд үүнийг хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
3.5.2. ******* захиалгаар 8,504,152 төгрөгийн тээвэрлэлтийн ажил гүйцэтгэсэн гэх асуудлын тухайд, уг тээвэрлэлтийн талаар талуудын хооронд тодорхой хэмжээнд ярилцаж байсан байж болох боловч нэхэмжлэлд энэ ажлыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд тооцсон гэж тусгаагүй, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн зүгээс гаргасан тайлбараас үзвэл, хариуцагчтай тээвэр зуучлалын чиглэлээр ажил хэргийн харилцаатай байсан гэж дурдсан, харин тээвэрлэлтийн хөлсөнд суутган тооцсон агуулга тусгагдаагүй байна.
Нөгөө талаар хариуцагч нь дээрх хэмжээний зардал бүхий тээвэрлэлтийн ажил бодитоор хэзээ, ямар нөхцөлөөр, ямар ачаанд, ямар маршрутаар гүйцэтгэсэн болохыг баримтаар нотлоогүй.
Иймд хэрэгт авагдсан баримтын хүрээнд дээрх 8,504,152 төгрөгийн дүнг зээлийн төлбөрөөс хасч тооцох үндэслэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тогтоогдсонгүй.
4. 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн гэрээний нэмэлт, өөрчлөлтийн 5.2.3-т заасан алдангийн тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан.
Гэрээний хугацаа дуусгавар болсон үеэс нэхэмжлэл гаргах үе хүртэлх хугацааны алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан хувь хэмжээнд нийцүүлэн тооцоход 16,468,000 төгрөг болов.
Хариуцагчийн зүгээс хүүгээс алданги тооцох ёсгүй гэж гомдол гаргасан боловч хүү нь зээлийн гэрээний дагуу хариуцагчийн гүйцэтгэх үндсэн үүрэгт хамаарна. Уг үүргийг хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд алданги тооцох тул холбогдох гомдлыг хангахгүй.
4.1. Иймд хариуцагчаас үндсэн зээл, хүүгийн үлдэгдэл үүрэгт 32,936,000 төгрөг, алданги 16,468,000 төгрөг, нийт 49,404,000 гаргуулах нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцэж байна.
Нэхэмжлэлийг хангасан хэмжээнд шүүхийн шийдвэрт өөрчлөлт орж буй тул тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад мөн өөрчлөлт орно.
Түүнчлэн, шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн шаардах эрхэд хамааралгүй Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсгийн зохицуулалт баримталсан байгааг хасна.
5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 192/ШШ2025/10618 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-иас 49,404,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 45,951,694 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,
2 дахь заалтад 424,230 гэснийг 404,970 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 424,230 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД Н.ОЮУНТУЯА
Т.БАДРАХ