Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2026/00556

 

 

 

 

 

 

 

 

 

2026 03 13 210/МА2026/00556

 

 

 

*******, ******* нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Б.Ууганбаяр, О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 197/ШШ2026/01883 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******, ******* нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* холбогдох,

Гэм хорын хохиролд 5,772,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч О.Одгэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч *******, ******* нар нь хариуцагч ******* холбогдуулан эрүүл мэнд болон эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 5,772,400 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ: 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн зам тээврийн осол гарсан, осолд хариуцагч буруутайг цагдаагийн байгууллагаас тогтоож түүнд шийтгэвэр ногдуулсан, ослын улмаас эрүүл мэндэд учруулсан хохиролд 392,400 төгрөг, эд хөрөнгөд учруулсан хохиролд мотоциклд 4,744,000 төгрөг, үнэлгээний зардал 316,000 төгрөг, оношилгооны зардал 100,000 төгрөг, үнэлгээ хийлгэхээр хүргүүлсэн ачилтын зардал 120,000 төгрөг, ачилтын газрын төлбөр 100,000 төгрөг нийт 5,380,000 төгрөг, бүгд 5,772,400 төгрөгийг гаргуулна гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ: Миний бие Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, нэхэмжлэгч өөрөө хурд хэтрүүлсэн, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцсон, үүнийгээ тухайн үед хэлж байсан, мөн замын цагдаагийн албан хаагч дүгнэлт гаргахад нөлөөлсөн гэж тайлбарлаж, талууд маргажээ.

 

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан үндэслэл, журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

 

3.1.2025 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 09:48 цагт *******,******* замд нэхэмжлэгч ******* ******* ******* улсын дугаартай ******* маркийн тээврийн хэрэгслээр зорчих үед хариуцагч ******* улсын дугаартай prius маркийн авто машинтай мөргөлдөж зам тээврийн осол гарсан, тухайн осолд Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 1.3, 10.4 дэх заалтыг хариуцагч ******** зөрчсөн буруутай болохыг Сүхбаатар дүүргийн замын цагдаагийн хэлтсээс ирүүлсэн 1213 тоот зөрчлийн хэрэг, 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны магадлагаа, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдсон; /хх 12-13,17, 81, 82, 85-86/

 

3.2.Нэхэмжлэгч *******ын жолоодож явсан ******* ******* улсын дугаартай ******* маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч ******* болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдсон, /хх-9, 88/

 

3.3.Ослын улмаас нэхэмжлэгч *******ын биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь 2025 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн ЕГ0725/10043 тоот Шүүх шинжилгээний ерөнхий газрын хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр, ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 4,744,000 төгрөгийн хохирол учирсан нь 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн ХХК-ийн тээврийн хэрэгслийн техникийн үнэлгээний тайлангаар тус тус тогтоогдсон. /хх 25-29, 90-93/

 

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын ... эрүүл мэнд ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.  

  Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцах урьдчилсан нөхцөл нь хариуцагч этгээдийн хууль бус үйлдэл, уг үйлдлээс нэхэмжлэгчид гэм хор учирсан байх, үйлдэл, хохирол хоорондоо шалтгаант холбоотой буюу тухайн этгээдийн гэм буруутай үйлдэл тогтоогдсон тохиолдолд гэм хорыг арилгах үүрэг үүснэ.

Анхан шатны шүүхээс бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулсан хохирлыг арилгах харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасан шаардах эрхийг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хэргийн баримтаар хариуцагчийн буруугаас зам тээврийн осол гарсан, ослын улмаас нэхэмжлэгч нарын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учирсан, тэдгээрийн хооронд шууд шалтгаант холбоо тогтоогджээ.

 

5.Анхан шатны шүүх хариуцагч *******аас нийт 5,772,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******, ******* нарт олгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчөөгүй, улмаар мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Хэрэгт эмнэлэгт гарын шууны бэхэлгээ хийлгэсэн 62,400 төгрөг, дүрс оношилгоо хийлгэсэн 330,000 төгрөгийн е-баримт, тээврийн хэрэгсэлд учирсан 4,744,000 төгрөгийн хохирлыг үнэлсэн ХХК-ийн тайлан, үнэлгээний ажлын хөлс 316,000 төгрөг төлсөн бэлэн мөнгөний орлогын баримт, оношилгооны зардал 100,000 төгрөгийн Elite moto group-ийн нэхэмжлэх, хоёр удаагийн ачилтын зардалд 120,000 төгрөг, 100,000 төгрөгийн ХХК-ийн кассын орлогын ордер зэрэг хохирлыг нотолсон баримтууд нотлох баримтаар авагдсан, тухайн баримтуудыг хариуцагч үгүйсгэж няцаагаагүй байна.

 

6.Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т зааснаар гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөхөөр зохицуулсан.

Хариуцагч татгалзлын үндэслэлээ зам тээврийн осолд гэм буруугүй хэмээн маргасан боловч дараах байдлаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 зүйлийн 25.2.2, 38 зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

6.1.Хэрэгт авагдсан зөрчлийн материалд тээврийн цагдаагийн албаны 2025 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны магадлагаагаар хариуцагч ******* Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн, харин ******* маркийн тээврийн хэрэгслийн жолооч ******* Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэж дүгнэж, уг зөрчилд 2025 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 0991149 тоот шийтгэлийн хуудсаар хариуцагчид торгох арга хэмжээ ногдуулжээ.

Хариуцагч ослын шалтгаан нөхцөлийг тогтоосон дээрх дүгнэлтэд зөрчлийн хэргийн явцад маргаж дахин шинжээч томилуулаагүй, мөн 0991149 тоот шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлд заасан журмаар шүүхэд гомдол гаргаагүй, дээрх шийтгэл хүчин төгөлдөр болсон байна.

 

6.2.Мөн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ч энэ талаар шүүхэд аливаа хүсэлт гаргаагүй байна.

Иймд хариуцагчийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүх хариуцагч *******аас 4.744,000 төгрөг гаргуулж *******д, 1,028,000 төгрөг гаргуулж *******од олгосон нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д нийцнэ.

 

7.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 197/ШШ2026/01883 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр урьдчилан төлсөн 107,308 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийн шийдвэр болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧИД Б.УУГАНБАЯР

 

 

О.ОДГЭРЭЛ