Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2026/00557

 

 

 

 

 

 

 

 

 

2026 03 13 210/МА2026/00557

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 192/ШШ2026/00121 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, ******* нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 402,599,842 төгрөг гаргуулах тухай

иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч О.Одгэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, *******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******гийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.Зээлдэгч *******, ******* нар нь 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр банктай зээлийн гэрээ байгуулан 400,000,000 төгрөгийг, жилийн 19.2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн.

1.2.Зээлдэгч нь эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчин, гэрээний үүргийн зөрчил гаргасан. Зээлийг эргэн төлөх шаардлагатай талаар мэдэгдсэн боловч 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 643 хоногоор хугацаа хэтрүүлж, зээлийн үндсэн төлбөрт 260,000,000 төгрөг, хүү 104,672,418 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,278,788 төгрөгийн өр төлбөртэй байсан тул ******* болон захирал ******* нараас 379,951,206 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан.

1.3.Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар хуримтлагдсан хүүг 22,648,635 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 402,599,842 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.

Иймд зээлийн гэрээний үүрэгт 402,599,842 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:

2.1.Нэхэмжлэлд дурдсан нотлох баримт зэрэг хуульд нийцэхгүй байх тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дүгээр зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт 402,599,842 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,328,899 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 2,328,899 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1.Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч нараас 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 0 тоот Зээлийн гэрээ болон тоот Ирээдүйд бий болох хөрөнгийг барьцаалах тухай гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай шаардлага бүхий сөрөг нэхэмжлэл гаргасан боловч сөрөг нэхэмжлэлийг шүүх хуралдаанаас өмнө гаргах боломжит хугацаанд хэрэгжүүлээгүй, уг сөрөг шаардлага нь үндсэн нэхэмжлэлтэй хамтатган шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэж сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь хуульд нийцэхгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62, 73 дугаар зүйлд заасан зохицуулалтад сөрөг нэхэмжлэлийг шүүх хуралдааны өмнө гаргах болон захирамжид дурдсан боломжит хугацааны дотор гаргах талаар заалт байхгүй. Тус сөрөг нэхэмжлэл үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох талуудын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээтэй холбоотой байсан.

4.2.Хариуцагч талын өмгөөлөгч ******* 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд биечлэн оролцож, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 09:00 цагт шүүх хуралдаан давхацсан тул өөр өдөр товлохыг хүссэн боловч хүлээн аваагүй 09:00 цагийн хурал дуусчих байх, хүлээж байгаад орно гэж шүүх хуралдааныг товлосон. Мөн өдөр өмгөөлөгчөөс тус тойргийн шүүхийн 1 дүгээр танхимд шүүх хуралд оролцож байгаа талаар шүүгчийн туслахад мэдэгдсэн. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцуулах хүсэлт гаргасан ч хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, өмгөөлүүлэх эрхээр хангаагүй, мэтгэлцэх бололцоо олголгүй.

4.3.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан болон өмгөөлөгч оролцуулах хүсэлт хангахаас татгалзсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхтэй эсэх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлд зааснаар захирамжийн агуулгаа эргэж үзэж, өөрчлөх бололцоо байгаа эсэхийг тодруулж асуусан. Мөн сөрөг нэхэмжлэл хүлээн авахаас татгалзсан нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэт нэг талыг барьж байна гэж үзэж шүүгчээс татгалзсан боловч хүлээн авалгүй танхимаас гаргаж, хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5.Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

5.1.2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Активын үлдэгдэл төлбөрт хөрөнгө тооцож авах гэрээ болон 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Зээлээр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ний харилцаа нь нэхэмжилж буй энэ зээлийн гэрээнээс тусдаа маргаан. Үнийн дүн, зээлийн үлдэгдэл, гэрээний зориулалт нь өөр. Хоёр өөр зээлийн гэрээний харилцааг хооронд нь хольж нэхэмжлэлийн шаардлага гаргасан учир анхан шатны шүүхээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамтатган шийдвэрлэх боломжгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

5.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчтэй хамт шүүх хуралдаанд оролцох хүсэлтийн тухайд тэмдэглэлд шүүх хуралдаан 10.15 минутад эхэлсэн, мөн хуралдаан даргалагчаас 1 дүгээр зааланд хуралтай байна гэж хэлсэн боловч тус зааланд явагдаж байсан хурал хойшилсон талаар шүүх хуралдааны нарийн бичгийн дарга хэлсэн тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй талаараа дурдсан байдаг. Мөн шүүх хуралдаан эхлэхийн өмнө болон шүүх хуралдааны явцад өмгөөлөгчөөс хурал давхацсан, хойшлуулахтай холбоотой бичгээр гаргасан хүсэлт хэрэгт байхгүй.

5.3.Шүүх хуралдааны явцад шүүх хуралдаан даргалагчаас хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны дэг сахихыг удаа дараа сануулсан. Хүсэлт шийдвэрлэсэнтэй холбоотойгоор шүүгчийг татгалзан гаргаж болохгүй талаар Улсын дээд шүүхийн тайлбарт байгаа. Хариуцагч талаас шүүгчийг хүсэлтийг хангаагүй үндэслэлээр татгалзсаныг шүүгч хүлээн аваагүй хуралдааныг үргэлжлүүлсэн нь үндэстэй, анхан шатны шүүх хуульд нийцүүлж шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 402,599,842 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

 

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

3.1.Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулсан 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 0 тоот зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардсан байх бөгөөд хариуцагчаас дээрх зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон болох нь тус шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 192/ШЗ2025/00648 дугаар шүүгчийн захирамжид тусгагджээ. Иймд нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаж хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүхээс шүүх хуралдаанд гаргасан явдал хүндэтгэх шалтгаангүй, мөн үндсэн нэхэмжлэлтэй хамтатган шийдвэрлэх үндэслэлгүй гэсэн хоёр үндэслэл зааж хүлээн авахаас татгалзсан нь буруу болжээ.

3.2.Хэргийг хянан хэлэлцсэн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл хариуцагчаас өмнөх шүүгчийн захирамжийн биелэлтийг хангуулж нэхэмжлэгчээс дутуу ирүүлсэн журмын үлдэх хэсгийг гаргуулах, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулах тухай хүсэлтүүд гаргасан байхад хариуцагчийн дээрх хүсэлтийг шүүх шийдвэрлээгүй орхигдуулсан байна. Ийнхүү хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт нийцээгүй гэж үзнэ.

3.3.Мөн хүсэлтийг шийдвэрлэсэнтэй холбогдуулан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 91,92 дугаар зүйлд заасан үндэслэлд хамаарахгүй тул хүсэлт гаргаагүйд тооцож шүүх хуралдааныг үргэлжлүүлж явуулсныг буруутгахгүй. Гэвч хэргийн баримтаар маргааныг шийдвэрлэсний дараа тус шүүхийн ерөнхий шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 192/ЕШ2026/00173 дугаар шүүгчийн захирамжаар шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд хамаарна. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангана.

 

4.Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгчид шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүргэж баталгаажуулсан, тэрээр шүүх хуралдаанд оролцох боломжгүй хүндэтгэх шалтгаантай талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул өмгөөлүүлэх эрхээр хангаагүй гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүйг дурдав.

 

5.Дээрхийг нэгтгээд хариуцагчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 192/ШШ2026/00121 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр урьдчилан төлсөн 2,328,899 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР

 

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

О.ОДГЭРЭЛ