Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 192

 

Б.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/01111/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхжаргал даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

         Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1360 дугаар шийдвэртэй,  

         Нэхэмжлэгч Дархан овогтой Б-ы Б-ын нэхэмжлэлтэй,

         Хариуцагч Тайж овогтой Р-гийн Ч-д холбогдох

         “Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай” иргэний хэргийг

         Хариуцагч Р.Ч-ы гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

         2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд  Б.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

         Нэхэмжлэгч Б Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

         Миний бие 2014 онд Р.Ч-тай танилцаж, гэр бүлийн харилцаатай байсан. Бидний дундаас 2015 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүү Б.Хүслэн төрсөн. Тухайн үед бид хоёр гэрлэлтийн баталгаа байгаагүй учир хүүгээ Р.Ч-ы нэрээр бус өөрийн нэрээр овоглосон юм. Хүүгээ 2 сартай байхад нь би эцэг, эхийн гэр буюу Сэлэнгэ аймгийн Хушаат суманд өвөлжихөөр болсон. Тэр үед Р.Ч- ажил хийх шалтгаанаар гэртээ үлдсэн юм. Удалгүй хүүг 5 сартай байхад утсаар ярьж өөр хүнтэй болсон одоо хоёулаа салъя гэж хэлсэн.  Одоо хүү маань 11 сартай бөгөөд бид хоёр эргэж нийлэх бодолгүй байна. Иймд Р.Ч- Б.Хүслэнгийн төрсөн эцэг мөн болохыг тогтоож Р.Ч-аас хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

         Хариуцагч Р.Ч- шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

         Миний бие Р.Ч- нь 2014 оны 09 дүгээр сард Б.Б-той танилцаад найз нөхдийн харилцаатай байсан. 2015 оны 01 дүгээр  сард  бид  Улаанбаатар хот руу засал    чимэглэлийн    ажлаар 14 хоног    хамт ажилласан. Сууна,   амьдарна  гэж ярьж

байгаагүй. Анх танилцаж байхдаа охинтой гэж хэлээгүй. Би сүүлд мэдсэн. Энэ талаар гэр бүлийнхэндээ хэлэхэд зөвшөөрөхгүй байсан учраас салах шалтгаан болсон. Дарханд ирсний дараа 2 сард жирэмсэн гэж хэлсэн. 2015 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүү Б.Хүслэн минь төрсөн. Эцэг тогтоолгох шинжилгээгээр Б.Хүслэн миний хүүхэд гэж гарсан гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1360 дугаар шийдвэрээр:

           Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн  23.1-д зааснаар 2015 оны 08 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү Б.Хүслэнгийн төрсөн эцэг нь Тайж овогт Р-гийн Ч- мөн болохыг тогтоож,

           Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар  2015 оны 08 дугаар сарын 29-ний өдөр төрсөн  хүү Б.Хүслэнг эх Б.Б-ын асрамжид үлдээж,

           Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.2  дахь хэсэгт заасныг  баримтлан 2015 оны 08 дугаар сарын 29-ний өдөр  төрсөн хүү Б.Хүслэнг 11 нас хүртэл тухайн бүс нутагт  тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа нөхцөлд 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн  хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг  Р.Ч-аар тэжээн тэтгүүлж,  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Р.Ч- нэг жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлгийн үнийн  дүнгээр тооцож улсын тэмдэгтийн хураамж 28.209 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч Р.Ч- давж заалдсан гомдолдоо:

Миний бие хөдөлмөрийн чадвараа алдсанаар группд гараад 3 дахь жилдээ эмчийн хяналтанд эмчлүүлж байна. Ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй тархины хүнд гэмтэлтэй, таталтын эсрэг тогтмол эм уудаг, улирал бүр эмнэлэгт хэвтэж эмчлүүлдэг тул хүү Б.Хүслэнд олгох тэтгэлгийг бүхэлд нь хүчингүй болгож өгөхийг хүсч байна гэжээ.

ХЯНАВАЛ:

 Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

 Нэхэмжлэгч Б.Б- хариуцагч Р.Ч-д холбогдуулан эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч миний хүүхэд биш гэж маргажээ.

 Хэргийн үйл баримтаас дүгнэхэд нэхэмжлэгч Б.Б- хариуцагч Р.Ч- нар нь 2014 онд танилцаж, 2015 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүү Б.Хүслэн төрсөн ба Р.Ч- нь хүү Б.Хүслэнгийн эцэг мөн болох нь түүний хүсэлтээр хийгдсэн Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн “...Р.Ч- нь Б.Хүслэнгийн биологийн эцэг байх магадлал 99.99 хувьтай...” гэсэн 7625 тоот шинжээчийн дүгнэлт, хариуцагчийн өөрийнх тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.11, Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т “Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална”, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д “...тэтгэлгийн хэмжээ тогтоох...” гэж заасны дагуу хүү Б.Хүслэнг эцэг Р.Ч- нь тэжээн тэтгэх үүрэгтэй тул шүүх хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулан шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Хариуцагч Р.Ч-ы “...ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй, тархины хүнд гэмтэлтэй тул хүү Б.Хүслэнд олгох тэтгэлгийг бүхэлд нь хүчингүй болгож өгөхийг хүссэн...” давж заалдсан гомдлыг хүлээн авч хангах үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Хариуцагч Р.Ч-ы давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1360 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

         3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

         4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ЭНХЖАРГАЛ                       

                                  ШҮҮГЧИД                                     Л.АМАРСАНАА

                                                                                        С.ОЮУНЦЭЦЭГ