Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 449

 

М.Намширт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Б.Эрдэнэбаатар,  

Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 217 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн өмгөөлөгч А.Нацагдоржийн гаргасан давж заалдах гомдлоор М.Намширт холбогдох эрүүгийн 201725010656 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Мядаг овогт Мятавын Намшир, 1994 оны 1 дүгээр сарын 30-нд Сүхбаатар аймгийн Уулбаян суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Баялаг бууз” цайны газарт тогоочоор ажиллаж байсан, ам бүл 4, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 4 дүгээр хэсгийн 47-681 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ЛК94013012/.

 

М.Намшир нь 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвийн хашаанд, хувийн таарамжгүй харилцааны улмаас С.Хилчинг зодож, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: М.Намширын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Мядаг овогт Мятавын Намширыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар М.Намширыг 2 /хоёр/ сарын баривчлах ялаар шийтгэж, түүнд оногдуулсан баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, М.Намшир нь цагдан хоригдсон хоноггүй, одоогоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж, хохирогч С.Хилчин цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн өмгөөлөгч А.Нацагдорж гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлтээр хөнгөн гэмтэл учирсан нь тогтоогдсон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлтэд Хилчингийн биед хамар ясны хугарал, хамарт сорви гэмтэл тогтоогдлоо, энэ гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, эрүүл мэнд түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэжээ. Тухайн үед Хилчингийн хамрын үзүүр хэсэгт хазуулснаас болж онгойсон шарх үүссэн. Хамрын үзүүрийн мөгөөрсний хугарал нь удаан хугацаанд эдгэрдэг. Хохирогчийн хамар одоог хүртэл битүүрч амьсгалахад хүнд, зовиур ихтэй явдаг. Хохирогч СУИС-ийн дуулаачийн ангид суралцдаг байсан. Энэ гэмтлийн улмаас сургуулиа түр хугацаагаар орхисон. Эзэмшиж байгаа мэргэжлийн хувьд олон нийтийн, дуулах онцлогтой мэргэжилтэй. Нүүр царайнд энэхүү гэмтэл нь засрашгүй гэхээр /гоо сайхны мэс засал/ эмчилгээ шаардлагатай болсон нөхцөл байдал үүссэн байхад хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй, мохоо зүйлээр үүссэн хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хохирогчид учирсан гэмтэл нь хүндэвтэр зэрэг байхаар тул нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, бүрэлдэхүүнтэй шинжээч томилж, шинжээч нараас энэ талаар тодруулан мэдүүлэг авхуулахаар энэхүү гомдлыг гаргаж байна” гэжээ.

 

Прокурор Б.Эрдэнэбаатар шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаж гарсан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурласан тул гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Хохирогч С.Хилчинд учирсан гэмтэлд дүгнэлт гаргуулахаар шинжээч томилохоор тогтоол үйлдсэн бөгөөд уг тогтоолыг танилцуулсан. Хохирогч нь гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн дүгнэлтэд ямар нэг гомдол байхгүй гэсэн. Мөн анхан шатны шүүх хуралдаанд шүүгч “хөнгөн зэргийн гэмтэл учирсан гэсэн шинжээчийн дүгнэлтэд санал хүсэлт байна уу” гэхэд “санал хүсэлт байхгүй” гэж хариулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар М.Намширт холбогдох хэргийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна гэж үзэв.

 

М.Намшир нь 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвийн хашаанд, хувийн таарамжгүй харилцааны улмаас С.Хилчинг зодож, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч С.Хилчингийн "...2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр ажлын шинэ жил тараад Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав худалдааны төвийн хашаанд байрлах, ажлын эгч Түмээгийн гэрт Пүүжээ эгч, Шинээ, Намшир нарын хамт очсон. ...Тэгээд Намшир “Сүхбаатарын онгон залуу” гэж хэд хэдэн удаа хэл амаар доромжлоод байсан. Хажууд байсан хүмүүс боль гэж байсан. Гадаа гарч юм ярьж байгаад М.Намшир миний хамрын үзүүр хэсгийг хазахаар нь тонгойтол миний үснээс зулгааж байгаад нүд рүү цохисон. Тэгээд гэр лүү ороод ажлын Түмээ, Пүүжээ эгч нар намайг аваад Гэмтлийн эмнэлэг явж, хамрын үзүүрийг оёулсан. Буцаж тэдний гэрт очоод байж байхад маргааш өглөө нь М.Намширын эх ирсэн. Нэгдүгээр эмнэлэг орж хамраа үзүүлсэн. Хамрын үзүүрийн мах тасарсан байна гэж хэлсэн. Тэгээд М.Намширыг хамт ажилладаг юм чинь гээд цагдаагийн байгууллагад хандаагүй. Хохиролд 4.000.000 төгрөг авахаар тохиролцсон. 2017 оны 1 дүгээр сарын сүүлээр 1.500.000 төгрөг авсан. Тэгээд сүүлдээ М.Намширын эх “цагдаагийн байгууллагад хандаад шийдүүл” гэж хэлэхээр нь цагдаад хандсан" /хавтас хэргийн 8-9 дүгээр хуудас/,

 

Гэрч Н.Насанжаргалын "...2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэртээ байж байхад над руу манай хүү М.Намширтай хамт ажилладаг тогооч эмэгтэй яриад "танай хүүхэд хүнтэй муудалцаад, хүнтэй зодолдоод байна. Хүрээд ир" гэж хэлсэн. Тэгээд би Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав худалдааны төвд байрлах тогтооч эмэгтэйн гэрт очсон. Гэрт нь очиход М.Намшир, С.Хилчин, тогооч эмэгтэй нар байсан. М.Намширын зүүн нүд битүү хөхөрч хавдсан, толгой хавдсан, духан дээрээ халцарч цус гарсан, зүүн талын эгэм дээрээ хөхөрсөн байдалтай байсан. С.Хилчингийн хамарт оёдол тавиулсан байсан. Тэгээд дагуулж яваад Хилчинг чих, хамар, хоолойн эмчид үзүүлсэн. Эмч нь эм авч уу гээд тос түрхэж өгсөн. Эмийг нь авч өгөөд эмнэлгээс салцгаасан. 2017 оны 1 дүгээр сард С.Хилчин, түүний аав, М.Намшир бид дөрөв уулзаж ярилцахад “эмчилгээний зардалд 1.500.000 төгрөг яаралтай өгчих” гэж хэлсэн. Ингээд 1.500.000 төгрөгийг С.Хилчингийн аавын дансанд шилжүүлсэн. Ингээд холбоогүй байж байгаад 2017 оны 2 дугаар сард ирээд "1.500.000 төгрөг чинь багадаж байна. 2.500.000 төгрөг нэмж өг" гэж хэлсэн. Би "одоо өгөх бэлэн мөнгө байхгүй, хугацаа хэрэгтэй байна" гэхэд "цагдаагийн байгууллагад хандлаа" гэж хэлсэн" /хавтас хэргийн 10-11 дүгээр хуудас/,

 

Гэрч Д.Түмэнжаргалын "...2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр ... манай гэр лүү М.Намшир, С.Хилчин, Пүрэвсүрэн, Б.Шинэбаяр, С.Отгонжаргал нарын хамт очсон. Манай гэрт очоод хоол хийж өгөөд 0,5 литрийн архи задлаад нэг нэг ууцгаасан. С.Хилчин "Уулбаян сумынхан хэзээ баян байсан юм" гэхэд М.Намшир "Онгон сумынхан хэзээ ийм байсан юм" гэх зэргээр хоорондоо маргалдаад байсан. ... Гэрээс гарсан. Араас нь харахад хүзүүгээрээ тэврэлдээд байж байсан. Зүгээр юм байлгүй гэж бодоод гэртээ ороод байж байтал "алнаа" гээд орилохоор нь гараад хартал М.Намшир гүйж ирээд "С.Хилчин намайг цохичихлоо" гэж хэлсэн. Тэгээд С.Хилчин хамраа дараад цус гараад байхаар нь гэр лүү орж хамрыг нь угаалгахад хамар нь сэтэрсэн байсан. "Хамар чинь сэтэрчихсэн байна" гэж хэлэхэд "Намшир намайг цохисон, хамраас цус гарч байна" гэж хэлсэн. "Толинд хар" гээд харуулахад "Намшир хазчихсан юм шиг байна" гэж хэлсэн. Тэгээд гэмтлийн эмнэлэг орж хамрыг нь оёулж, үзүүлсэн. Буцаж манай гэрт ирээд М.Намширын ээжийг дуудсан. М.Намширын ээж ирээд С.Хилчин, М.Намшир нарыг аваад явсан" /хавтас хэргийн 12 дугаар хуудас/,

 

Гэрч С.Отгонжаргалын "...2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр ...Д.Түмэнжаргалын гэрт М.Намшир, С.Хилчин, Пүрэвсүрэн, Б.Шинэбаяр нарын хамт очсон. ... 12 дугаар сарын 30-ны өдрийн өглөө 6-7 цагийн үед Д.Түмэнжаргал эгч намайг сэрээгээд С.Хилчин, М.Намшир нар хоорондоо муудалцсан гэж хэлсэн. Тэгээд харахад С.Хилчингийн хамар сэтэрсэн байсан. М.Намширын дух нь хавдсан, нүднийх нь хажууд хавдсан, уруул нь хавдаад цус гарсан, "цээж хэсгээр өвдөөд байна" гэж хэлж байсан" /хавтас хэргийн 13-14 дүгээр хуудас/,  

 

Гэрч Б.Шинэбаярын "...2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр ... Д.Түмэнжаргалын гэрт М.Намшир, С.Хилчин, Пүрэвсүрэн, С.Отгонжаргал нарын хамт очсон. Цай уучихаад хоол хийж байхад унтсан байсан. 12 дугаар сарын 30-ны өдөр сэрэхэд М.Намширын ээж ирчихсэн М.Намшир, С.Хилчин, Д.Түмэнжаргал, С.Отгонжаргал нар байсан. С.Хилчингийн хамраас нь цус гарсан байсан. М.Намшир ямар гэмтэл авсан байсныг ажиглаагүй" /хавтас хэргийн 15-16 дугаар хуудас/,

 

Шинжээч эмч Ж.Цэцэгмаагийн "...Мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн. Мохоо зүйл гэдэгт ир үзүүр, ирмэггүй бүх зүйл хамаарна. Хазалт, цохилт, уналтаас үүсэх боломжтой. Хамар ясны хугарал, хамарт сорви гэмтэл нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдоогүй. 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн зургийг Ч.Чулуунсүхээр уншуулахад хамрын таславчийн мурийлт тогтоогдоогүй" /хавтас хэргийн 65-67 дугаар хуудас/,

 

М.Намширын сэжигтнээр өгсөн "...2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр ...Д.Түмэнжаргалын гэрт С.Хилчин, Б.Шинэбаяр, С.Отгонжаргал, Пүрэвсүрэн нарын хамт ирсэн. Д.Түмэнжаргал эгч хоол, цай хийгээд байж байхад С.Хилчин "Уулбаян сумынхан хэзээ баян байсан юм" гэхээр нь би "танай Онгон сумынхан баяныг нь мэдэхгүй юм байна" гэж хэлсэн. Тэгээд нилээд байж байгаад С.Хилчин "гаръя" гэхэд Д.Түмэнжаргал эгч "та хоёр яах гээд байгаа юм" гэж загинасан. Хилчин "муудалцахгүй" гээд гэрээс нь хамт гарсан. Хашаанд нь байсан контейнерын хажууд очоод "хоёулаа айлд ирчихээд муудалцахаа болъё" гэхэд С.Хилчин "чи муу одоо юу гээд байгаа юм" гээд хоолой бооход би халтирч унасан. Тэгээд миний дээр гараад толгой, нүүр, дух, уруул, эгэм хэсэг рүү цохиод байсан. Тэгэхээр нь Түмэнжаргал эгчийн гэр лүү орох гээд явсан. Араас "чи муу намайг цохичихлоо, ална" гээд орилоод хамраа бариад, хамраас нь цус гараад орж ирсэн. Д.Түмэнжаргал эгч цусыг нь угаалгахад С.Хилчингийн хамар сэтэрсэн байсан. Эхлээд "М.Намшир цохичихсон" гэж байснаа толинд хараад "чи миний хамрыг хазчихсан юм биш үү" гээд байсан. Д.Түмэнжаргал эгч С.Хилчинг эмнэлэг рүү авч яваад хамрыг нь оёулсан. Эмнэлгээс буцаж ирэхэд өглөө болсон байсан. Манай ээж Насанжаргал ирээд С.Хилчинтэй хамт эмнэлэг явсан. Эмнэлэг дээр С.Хилчингийн аав, дүү нар нь ирсэн. 2017 оны 1 дүгээр сарын эхээр С.Хилчин, түүний аав Сайнцог, манай ээж Насанжаргал бид нар уулзаад С.Хилчингийн аав, манай ээж нар хоорондоо ярилцсан. Эмчилгээний зардал гэж 1.500.000 төгрөг өгсөн. Нийт 4.000.000 төгрөг өгөөрэй гэсэн. Үлдсэн мөнгийг дараа нь яаралгүй өгнө биз дээ гэж хэлсэн. Тэгээд үлдэгдэл мөнгөө нэхэж эхэлсэн. Хурдан өгөхгүй бол цагдаад өгнө гээд цагдаад хандсан. ...Миний дээр гараад цохиод байхаар нь түлхсэн юм. Тэгэхэд юм мөргөсөн байх" /хавтас хэргийн 30-32 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 2572 дугаартай шинжээчийн дүгнэлтэд "...С.Хилчингийн биед хамар ясны хугарал, хамарт сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй" /хавтас хэргийн 19 дүгээр хуудас/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар тогтоогджээ.

 

С.Хилчин, М.Намшир нар нь "Уулбаян сумынхан хэзээ баян байсан юм", "танай Онгон сумынхан баяныг нь мэдэхгүй юм байна" гэх зэргээр маргалдаж, уг таарамжгүй харилцааны улмаас М.Намшир нь С.Хилчинг зодож, хамар ясны хугарал, мөн хамрыг хазаж үзүүр хэсэг нь тасарсны улмаас оёдол тавиулж, хамарт сорви зэрэг хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдлийг хувийн сэдэлттэй гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Хохирогч С.Хилчиний хамрын үзүүр хэсэг тасарсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 9-ийн 3-т “хамрын үзүүр, самсааны аль нэг тасрах нь хөдөлмөрийн чадвар алдалтыг 10 хувиар алдагдуулсан гэмтэлд” хамаарахаар заажээ.

 

Мөн хамрын ясны хугарал нь хамрын таславчийн мурийлт үүсгээгүй, уг гэмтэл нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан шинжээрээ хөнгөн зэргийн гэмтэлд хамаарсан нь шинжээчийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлгээр хөдөлбөргүй тогтоогдож байна.

 

Иймд, хохирогч С.Хилчиний биед учирсан гэмтлийн зэргийг дахин гаргуулахаар хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

 

М.Намширт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүх гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд чухал ач холбогдолтой байж болох бүхий л нөхцөл байдлыг бүрэн шалгасан, хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, М.Намширын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул хохирогчийн өмгөөлөгч А.Нацагдоржийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.