Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Баттогоогийн Цогт |
Хэргийн индекс | 2435000000045 |
Дугаар | 2024/ХШТ/95 |
Огноо | 2024-06-26 |
Зүйл хэсэг | 27.10.5., |
Улсын яллагч | А.Золзаяа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2024 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 2024/ХШТ/95
Т.М- холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Батцэрэн, Н.Батзориг, М.Пүрэвсүрэн, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, нарийн бичгийн дарга М.Шолпан нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 45 дугаар цагаатгах тогтоол, Увс аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 11 дүгээр магадлалтай, Т.М- холбогдох хэргийг Увс аймгийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокурор А.Анхбаярын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, ... онд төрсөн, ... настай, ... боловсролтой,
Увс аймаг дахь сум дундын шүүхийн ... оны ... дүгээр сарын ...ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 5 хоног баривчлах ялаар шийтгүүлсэн, М.
Шүүгдэгч Т.М- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрт согтуугаар “...” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т заасныг баримтлан прокуророос шүүгдэгч Т.М- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн 2435000000045 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч М-ыг цагаатгаж шийдвэрлэсэн байна.
Увс аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд Увс аймгийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокурор А.Анхбаярын бичсэн эсэргүүцэлдээ “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт: “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэж заасан ба шүүгдэгч Т.М- нь Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2023 оны 06 дугаар сарын 25-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу цусан дахь спиртийн агууламж 2.2% промилли байхдаа тээврийн хэрэгсэл жолоодож яваад саатуулагдаж, 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан болох нь тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэж дүгнэсэн болно.
Мөн энэ зүйлийн хуульчилсан тайлбарт: Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” гэж заасан ба шүүгдэгч Т.М-ын цусан дахь спиртийн агууламж 2.1 промиль % байсан нь тогтоогдсон тул түүнийг согтуурсан гэж дүгнэсэн болно.
Хууль тогтоогчоос анх удаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох үйлдлийг зөрчил буюу Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан зөрчлийн шинжтэй үйлдэл байхаар, дахин тухайн төрлийн зөрчлийг эрх нь сэргээгүй байх хугацаандаа гаргасан тохиолдолд гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг байхаар зохицуулсан.
Шүүгдэгч Т.М-ын үйлдлийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэрэгт тооцож, уг хууль 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн хуулийн үйлчлэлд ямар нэгэн цаг, хугацаа тавиагүй ба гол нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулсан хүн жолоодох эрх нь сэргээгүй байхдаа зөрчлийг дахин давтан гаргасан байхаар хуульчилсан тул шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэхээр байна.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд хууль ёсны зарчмыг тодорхойлсон ба уг зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй”, 3 дахь хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг шинээр гэмт хэрэгт тооцсон, шинээр эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тогтоосон Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан хууль энэ хуулийн бүрэлдэхүүн хэсэг болно” гэж тус тус заасан байхад
Шүүгдэгч Т.М-ын үйлдлийг анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно гэж заасан хууль ёсны зарчимд харшилна гэж дүгнэн цагаатгаж шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүхээс цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно”, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2-т “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан хууль үйлчлэх цаг хугацаа, хууль буцаан хэрэглэх журмыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
Учир нь сүүлд батлагдсан Эрүүгийн хууль гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ашигтай нөхцөл байдлыг үүсгэж байвал хууль буцаан хэрэглэх зарчим хэрэгжихээс бус ийм үндэслэл бүрдээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасны дагуу эрүүгийн хэргийг шийдвэрлэхээр байна.
Иймд шүүгдэгч Т.М-ын үйлдсэн гэмт хэргийг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зарчимд нийцэхгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/45 дугаартай цагаатгах тогтоол, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 2024/ДШМ/11 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгуулж, хэргийг Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.
Прокурор шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... Өнөөдрийн шүүх хуралдаанд прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Ийм учраас Монгол Улсын их хурлаас 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Эрүүгийн болон Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5-д “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол” гэж нэмж тусгасан бөгөөд мөн хуулийн 6 дугаар зүйлд “Энэ хуулийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж заасан байгаа. Хуулийн үзэл баримтлалын хувьд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох үйлдэл нь сүүлийн жилүүдэд огт буурдаггүй. Зөрчлөөр арга хэмжээ авч байгаа ч боловч хүний эрүүл мэнд амь насанд ноцтойгоор нөлөөлж байгаа учраас энэ зөрчлийг дахин давтан гаргаад байгаа тохиолдолд эрүүгийн хэрэг болгож, түүнд оногдуулах ял шийтгэлийг чангатгах үзэл баримтлалаар хууль батлагдсан. Гэтэл хоёр шатны шүүх тухайн зүйл ангид заасан гэмт хэргийн субъект нь тусгай субъект буюу жолоодох эрхээ хасуулсан этгээд байхад тухайн этгээд буюу хууль хэрэгжиж эхэлснээс хойш хугацаанд эрхээ хасуулсан байхаар Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, хоёр шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш хэрэгжиж байгаа хууль нь хэрвээ өмнөх хуульд, хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн цаг хугацаанаас өмнөх үйлдэл хамааралгүй юм бол энэхүү хуулийн нэмэлт, өөрчлөлт бүтэн жилийн дараагаас хэрэгжихээр ойлгогдож байна.
Хяналтын шатны шүүх нь Монгол Улсын хэмжээнд Эрүүгийн хууль тогтоомжийг нэг мөр хэрэглэх, нэгдмэл бодлогыг тодорхойлдог онцгой эрх бүхий субъект болохын дараах асуудалд хууль зүйн дүгнэлт хийж өгөхийг хүсэж байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 18.1 дүгээр зүйлд “тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, эрх сэргээх үндэслэл”-ийг журамласан. Тус хуулийн 18.1.4-д жолоодох эрхийг хассан хугацаа дуусгавар болсон боловч тухайн этгээд захиргааны байгууллагад хандан эрхээ сэргээлгээгүй тохиолдлыг “жолоодох эрхээ хасуулсан этгээд” гэж үзэн, практикт шүүхээс Эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн тохиолдол цөөнгүй гарсан. Тэгэхээр нэгэнтэй энэ хэргийг шийдвэрлэж байгаа учраас хяналтын шатны шүүхээс жолоочийн эрхийг хасуулсан этгээдэд ямар үндэслэлийг авч үзэх вэ, аль нь зөрчил, аль нь эрүүгийн хэрэг вэ? гэдэгт дүгнэлт хийж өгөхийг хүсэж байна. Иймд Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/45 дугаартай цагаатгах тогтоол, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 2024/ДШМ/11 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Эрх зүйн шинэ ойлголт, хууль хэрэглээг нэг мөр тогтоох зорилгоор Т.М- холбогдох хэргийг прокурорын гаргасан эсэргүүцлийн дагуу хяналтын журмаар хянан хэлэлцэв.
Т.М- холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүд нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулиар тогтоосон шаардлагыг хангаж чадаагүйн зэрэгцээ хуулийг жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй ойлгож хэрэглэсний улмаас хоёр шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүгдэгч Т.М- нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт мөрдөн байцаалтын явцад эргэлзээгүй нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Гэвч хоёр шатны шүүх 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс гэмт хэрэгт тооцогдсон “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх хэргийн үйл баримтад илт хууль зүйн алдаатай дүгнэлт хийж Т.М- холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгасан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хууль хэрэглээний буруу шийдэл болно.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан шийтгэл хүлээсэн Т.М- нь дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа замын цагдаагийн зохицуулагч нарт саатуулагдсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар эргэлзээгүй тогтоогдсон байна.
Гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Улсын Их Хурлаас Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан хуулийн үйлчлэлд бүрэн хамаарах бөгөөд хууль тогтоогч Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг “... тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол ...” хэмээн тодорхойлж “... тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж “согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн”-ийг ойлгоно гэсэн аутентик тайлбарыг хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Нэгдүгээр бүлэгт заасан нийтлэг үндэслэлд “гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно”, “ үйлдэл, эс үйлдэхүйг шинээр гэмт хэрэгт тооцсон ... Эрүүгийн хуулиар нэмэлт өөрчлөлт оруулсан хууль энэ хуулийн бүрэлдэхүүн хэсэг болно”, “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно”, “... гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно” хэмээн тус тус хуульчлан тогтоосон бөгөөд гагцхүү үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэхээр хуульчилсан болно.
Хууль буцаан хэрэглэх тухай хууль зүйн ойлголт нь гэмт хэрэг үйлдэгдэх үед гэмт хэрэгт тооцогддоггүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцож гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг хэрэглэж болохгүй тухай ойлголт юм.
Зөрчлийн тухай хуульд заасан үндэслэлээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан Т.М-ын хувьд 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйлдэл нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан тул түүний үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болно.
Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байсан хуулийг “шинэ Эрүүгийн хууль эргэн үйлчлэхгүй” гэсэн үндэслэл дурьдаж “Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь зөрчлийн давтамжийн шинжээр тодорхойлогдоно, эхний үйлдэл /зөрчил/ нь хууль хүчин төгөлдөр болсон үеэс хойш үйлдэгдсэн байх ёстой” гэсэн дүгнэлт хийж Т.М-ын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн хууль хэрэглээний буруу жишиг гэж үзнэ.
Иймд хуулийг жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй буруу ойлгож хэрэглэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож Т.М- холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийг тайлбарласан хууль тогтоогчийн тайлбарт “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэдэгт согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэж заасан тул тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн субьект болохгүйг анхаарвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 45 дугаар цагаатгах тогтоол, Увс аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 11 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгосугай.
2. Увс аймгийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокурор А.Анхбаярын бичсэн эсэргүүцлийг хангасугай.
ДАРГАЛАГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Н.БАТЗОРИГ
М.ПҮРЭВСҮРЭН
Б.ЦОГТ