Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2020/0380

 

 

 

 

2020 оны 03 сарын 31 өдөр                     221/МА2020/0222               Улаанбаатар хот

                                                                                                                               

 “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т, Э.Э нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 43 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 43 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.1, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 18 дугаар зүйлийн 18.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК-иас, Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/202 дугаар бүхий “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай” захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “ ... 1 Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт гаргасан тухайд:

Шийдвэрийн үндэслэх хэсэгт: Нийслэлийн Засаг дарга нь Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 40 дугаар тушаалаар батлагдсан “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журмын 4.8-д “сонгосон талбайд улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга байгууламж, инженерийн бэлтгэл арга хэмжээг тухайн шатны Засаг дарга хариуцан хэрэгжүүлнэ" гэснийг зөрчсөн гэж үзэхээргүй байна” гэж дүгнэсэн.

“Х” ХХК-аас “В1” талбайд инженерийн шугамын ажил эхлүүлэхээр гэрээнд заасан хөрөнгийг шийдвэрлүүлэхээр 2014 оноос хойш хөөцөлдсөн боловч өдий хүртэл шийдвэрлээгүй бөгөөд Гэр хорооллын дэд бүтцийн газрын 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 03/579 тоот албан бичгээр “БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаас санхүүжүүлэхээр Засгийн газрын 2017 оны 179 дүгээр тогтоолд тусгагдан хүлээгдэж байгаа болно" гэсэн албан бичиг өгсөн байдаг.

“Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журмын 4.8, 3.12-д тус тус зааснаар дахин төлөвлөлтийн дэд бүтэц, нийгмийн дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ, авто замын барилга байгууламжийг нийслэлийн төсвөөр барих бөгөөд, уг төсвийн асуудлыг Нийслэлийн засаг дарга хариуцан шийдвэрлэх байтал, үүргээ хэрэгжүүлээгүйгээс В1 хэсэгчилсэн талбайн барилгын ажил эхлэх боломжгүйд хүрч, уг орон сууцны барилгын ажил өдийг хүртэл хийгдээгүй байгаа болно.

“Х" ХХК-аас уг журмын 4.8, 3.12-д заасны дагуу инженерийн шугам сүлжээ хийгдээгүй шалтгаанаар орон сууцны барилгын ажил удааширч, хийгдэхгүй байгаа нөхцөл байдлыг мэдэгдэж, шаардлагатай санхүүжилтийн асуудлыг шийдвэрлүүлэхээр Нийслэлийн Засаг дарга, Гэр хорооллын хөгжлийн газар, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Төслийн удирдах хорооны даргад удаа дараа хүсэлт /2016.01.27-ны 02/19 тоот/ өгч байсан бөгөөд, уг хүсэлтүүд болон холбогдох газраас өгсөн хариу албан бичгүүд хэрэгт авагдсан.

Нийслэлийн Засаг даргаас инженерийн шугам сүлжээний санхүүжилтийн асуудлаа шийдвэрлээгүйн улмаас гурван талт гэрээ биелэгдэхгүй, хүлээгдэх нөхцөл байдал үүссэн байхад айл өрхүүдийг нүүлгэж, хашаа, газрыг чөлөөлсөн тохиолдолд уг газрын өмчлөгч, эзэмшигч иргэд болон манай компанид /нүүлгэсэн айлуудын түрээсийн байрны тодорхойгүй хугацааны зардал/ ихээхэн хэмжээний хохирол үүсэх тул, Нийслэлийн Засаг даргаас шаардлагатай инженерийн шугам сүлжээний санхүүжилтийн зардлыг шийдвэрлээгүй тохиолдолд гэрээний дагуу орон сууцны барилгын ажлыг явуулах ямар ч боломжгүй байсан болно.

Гэвч шүүх хэргийг шийдвэрлэхдээ дан ганц хариуцагчийн байр сууринаас дүгнэлт гаргаж, В1 талбайд хийгдэх орон сууцны барилгын ажил буюу гурван талт гэрээний хэрэгжүүлэх нөхцөл боломжийг хариуцагч талаас бүрдүүлээгүйтэй холбоотойгоор огт дүгнээгүй бөгөөд, инженерийн шугам сүлжээний санхүүжилтийн зардлыг шийдвэрлэх асуудалтай холбоотойгоор нэхэмжлэгч компанид эрх бүхий байгууллагуудаас өгч байсан хариу албан бичиг, нотлох баримтад огт дүгнэлт хийлгүй, нэхэмжлэгчийг илтэд буруутгасан дүгнэлт гаргасан болно.

2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: нийт 73 гэрээ байгуулсан боловч, 33 нь цуцлагдсан, үүнийг хариуцагч захиргааны байгууллага нэхэмжлэгчид олгосон эрхийг цуцлах нэг үндэслэл болгосныг буруутгах үндэслэлгүй” гэж буруу дүгнэлт гаргасан болно.

Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 18.2-т “Төсөл хэрэгжүүлэгч нь гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчдийн 80-аас доошгүй хувьтай гэрээ байгуулснаар төсөл хэрэгжих урьдчилсан нөхцөл бүрдэнэ" гэж заасан бөгөөд, уг заалт нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх эрх авахын өмнөх шалгуур үзүүлэлт болно.

“Х” ХХК нь В1 хэсэгчилсэн талбайд 73 нэгж талбарын газар эзэмшигч, өмчлөгчтэй 3 талт гэрээ байгуулсан нь журмын 4.15-д заасан “газар өмчлөгч, эзэмшигчийн 75-с доошгүй хувийн дэмжлэг авсан", Хот суурин газрыг хөгжүүлэх тухай хуулийн 18.2-т заасан газар, үл хөдлөх хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчийн 80-аас доошгүй хувьтай гэрээ байгуулснаар төсөл хэрэгжих урьдчилсан нөхцөл бүрдэнэ” гэснийг хангасан болно.

Дээрх шаардлагыг хангасан тул төсөл хэрэгжүүлэх эрхийг авч, хэрэгжүүлж буй хугацаанд хариуцагч Нийслэлийн Засаг даргаас “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журмын 3.12, 4.8 дахь хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүйгээс “Х” ХХК 3 талт гэрээнд заасан В1 талбайд хийгдэх дахин төлөвлөлтийн ажил удааширч, үүний улмаас гэрээ байгуулсан зарим иргэд нь өөрсдийн эд хөрөнгийг эргэлтэд оруулахаар “газар, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ буцаан авах шалтгаанаар” гэрээг цуцлах хүсэлт гаргасныг Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга дангаар цуцалсан асуудал байдаг.

Иргэдтэй байгуулсан 3 талт гэрээг Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга цуцлах акт үйлдэж гэрээ цуцлах эрхийг Нийслэлийн Засаг даргаас олгосон эсэх нь эргэлзээтэй байна.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээний 6 дугаар зүйлд талуудын хариуцлагыг заасан бөгөөд, уг гэрээнд “төсөл хэрэгжүүлэгч нь гэрээний үүргийг удаа дараа ноцтой зөрчсөн, гэрээг биелүүлэх боломжгүй болсон нь тогтоогдсоноос бусад тохиолдолд гэрээнээс дангаар татгалзахыг хориглохоор заасан болно.

Гэрээний 6.3-т заасан “Төсөл хэрэгжүүлэгч нь гэрээний үүргийг удаа дараа ноцтой зөрчсөн, гэрээг биелүүлэх боломжгүй болсон нь тогтоогдсон” гэх нөхцөл байдал үүсээгүй байхад Гэр хороолол, хөгжлийн газраас гэрээг цуцалсан нь гэрээний 6.8-д заасныг зөрчсөн бөгөөд нэхэмжлэгч компанийн зүгээс гэрээг албан ёсоор цуцлаагүй байгаа.

Гэтэл шүүгч хэргийг хянан шийдвэрлэхдээ гэрээ хүчин төгөлдөр байгаа эсэхэд гэрээ байгуулсан иргэдээс тайлбар авч, дүгнэлт өгөлгүй, дан ганц хариуцагчийн тайлбарласнаар гэрээг цуцалсан гэж үзэж, буруу дүгнэлт гаргасан болно.

Түүнчлэн төсөл хэрэгжүүлж эхэлснээс хойш гурван талт гэрээ цуцлагдсан тохиолдолд “төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах” зохицуулалт хууль болон журамд заагаагүй, тийм зохицуулалт байхгүй бөгөөд, хариуцагчаас маргаан бүхий акт гаргахдаа “33 иргэний гэрээ цуцлагдсан гэж үзэж шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн болно.

3. Нийслэлийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/202 дугаар захирамжийн үндэслэлдээ “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, үйл ажиллагааны зөрчил удаа дараа гаргасан” гэж үзсэн.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээний үүрэг биелэгдээгүй нь нэхэмжлэгч, хариуцагчийн аль алины буруутай үйл ажиллагаатай холбоотой, гэрээ ямар шалтгаан нөхцлийн улмаас биелэгдээгүй, биелэгдэх нөхцөл байдал байсан эсэхэд дүгнэлт өгөөгүй, түүнчлэн маргаан бүхий актын үндэслэлд дурдсан нэхэмжлэгч “Х" ХХК нь бодитой ямар зөрчил удаа дараа гаргасан талаар огт нотлох баримт цуглуулаагүй, мөн нэхэмжлэгчийг зөрчил гаргасан гэсэн тайлбарын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

4. Шүүх шийдвэр гаргахдаа “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/202 дугаар захирамжийн” үндэслэл хуульд нийцсэн эсэх талаар дүгнэлт хийгээгүй.

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журмын 5.2-т “төслийг хэрэгжүүлэх явцдаа үйл ажиллагааны болоод, техникийн ноцтой зөрчил удаа дараа гаргасан нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр нотлогдсон, гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Хяналтын хорооны саналыг үндэслэн ... цуцална” гэж заасан.

Хариуцагчаас маргаан бүхий акт гаргах үндэслэлдээ “нэхэмжлэгчийг удаа дараа зөрчил гаргасан” гэж тайлбарлах боловч, үүнийг журмын 5.2-т заасан эрх бүхий байгууллагаар тогтоолгоогүй, мөн түүнчлэн маргаан бүхий акт гаргахдаа журмын 5.2-т заасан “Хяналтын хорооны” саналыг огт үндэслээгүй байдаг бөгөөд, Нийслэлийн Засаг дарга нь “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/202 захирамж гаргахдаа журмын 5.2-т заасныг зөрчсөн болно.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ маргаан бүхий акт нь хууль зүйн үндэслэлтэй эсэх, Хяналтын хорооны саналыг үндэслэл болгох байсан эсэх талаар огт дүгнэлт хийгээгүй.

Мөн “Х”ХХК нь 2014 онд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх эрхийг авснаас хойш Г хэсэгчилсэн талбайд дэд бүтэц, инженер шугам сүлжээний бүтээн байгуулалтын ажлуудыг хийж гүйцэтгэж, улсын комисст хүлээлгэж өгсөн.

Гэтэл Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо “В1” хэсэгчилсэн талбайг Нийслэлийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/202 захирамжаар “төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан шийдвэр гаргасан”.

Хариуцагч хэдий шүүхэд болон шүүх хуралдаанд маргаан бүхий актын агуулгыг тайлбарлахдаа “Б1” хэсэгчилсэн талбайд хамааралгүй шүү гэж тайлбарлаж байгаа боловч, уг акт нь тусгайлан В1 талбайд хамааралтай гэх байдлаар тодорхойлогдоогүй байна.

            Маргаан бүхий актыг хэдий В1 талбайд хамааралтай гэж тайлбарлаж, шүүх хуралдаан уг талбайтай холбоотой нотлох баримтуудыг хэлэлцэж байгаа хэдий ч Нийслэлийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/202 захирамж нь 1 дэх заалтаараа “Х” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг бүхэлд нь цуцалсан буюу захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 74.1.1-т заасан утга найруулгын илэрхий алдаатай буюу илт хууль бус шийдвэр гарсан.

Гэвч шүүгч шийдвэртээ маргаан бүхий актын агуулгыг “төсөл хэрэгжүүлэх эрхийг бүхэлд нь цуцалсан эсхүл зөвхөн В1 талбайтай холбоотой хэсгийг цуцалсан” хоёрын аль нь болохыг ялгаж салган ойлгох хууль зүйн үндэслэл байгаа эсэхийг дүгнээгүй болно.

Түүнчлэн хэрэгт Хяналтын хорооны 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 02/8 тоот шийдвэр 2 удаа, өөр өөр янзаар авагдсан байдаг бөгөөд, нэг огноо, дугаартай боловч, хэлэлцсэн асуудлаар “Ханын материал орчмын Б1 хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай”, “Ханын материал орчмын В1 хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай” гэсэн хоёр өөр талбайн аль нь болох нь тодорхойгүй баримт авагдсан. Шүүхээс уг шийдвэрийг тодруулалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т заасан нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүй болно.

5. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа процесс зөрчсөн тухайд:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хэрэг үүсгэснээс хойш 60 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ”, 63.3-т “Энэ хуулийн 63.1, 63.2-т заасан хугацааг шаардлагатай тохиолдолд тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс эхний удаа 30 хүртэл хоногоор, хоёр дахь удаагаа 15 хүртэл хоногоор сунгаж болно” гэж тус тус заасан.

“Х” ХХК-аас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Захиргааны хэрэг үүсгэсэн бөгөөд, шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 30 хоногоор буюу 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл сунгасан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-т “...эсхүл энэ хуулийн 63 дугаар зүйлд заасан хугацаа дууссан, ...долоо, түүнээс доошгүй хоногийн өмнө зарлаж, хэргийн оролцогч, бусад оролцогчид хурлын товыг мэдэгдэнэ” гэж заасны дагуу шүүх хуралдааныг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө шүүх хуралдааныг товлох ёстой байсан.

Гэвч шүүх хуралдааныг товлолгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа дууссанаас хойш 11 хоногийн дараа буюу 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг 15 хоногоор сунгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, 71 дүгээр зүйлийн 71.1-д заасныг зөрчсөн болно.

Иймд хэрэгт цугларсан дутуу нотлох баримтыг цуглуулах, хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны процесс алдааг зөвтгөх болон дээр нөхцөл байдлуудыг засах шаардлагатай байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж маргаанд хамаарах хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай” маргаан бүхий А/202 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 46 дугаар тушаалаар баталсан “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”-ын 5 дугаар зүйлийн 5.2, 5 дугаар зүйлийн 5.3-т заасныг тус тус заасныг баримтлан “гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, үйл ажиллагааны зөрчил удаа дараа гаргасан” гэсэн үндэслэлээр үндэслэн төсөл хэрэгжүүлэгч “Х” ХХК-ийг тус компанийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалжээ.

Нэхэмжлэгч дээрх шийдвэрийг эс зөвшөөрч “ … Манай компани ... төслийн хүрээнд өнөөдрийн байдлаар газар өмчлөгч, эзэмшигч аж ахуй нэгж иргэдтэй 80 гаруй хувьтай гэрээ байгуулсан, … төслийн эрхээ авснаас хойш барилгын ажлыг хугацаандаа эхлүүлсэн ба Б1, В1 талбайн хувьд улсаас гүйцэтгэх ёстой дэд бүтцийн асуудал шийдэгдэхийг хүлээж байсан … ямар нэгэн зөрчил гаргаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэх үндэслэл байхгүй ... ” гэсэн үндэслэлээр “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/202 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гарган маргасан байна.

Хариуцагч “ ... “Х” ХХК нь 2014 онд төсөл хэрэгжүүлэгчээр батламжлагдсанаас хойш 4,5 жилийн хугацаанд сонгосон /В1/ талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигч нартай гурван талт гэрээ байгуулаагүй, газар чөлөөлөлт хийгээгүй, барилгын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээгүй, өнгөрсөн хугацаанд төслийн ажлыг эхлүүлэх, эрчимжүүлэх тухай хугацаатай үүрэг даалгаврыг өгч, удаа дараа албан бичгээр хүргүүлсэн боловч төслийн ажлыг эхлүүлэх талаар аливаа арга хэмжээ аваагүй ... нэхэмжлэлд дурдсан хийсэн гэх ажлууд нь Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Ханын материал орчим /ГХДТ2013/1 багц Г блок/-ын талбайд хийсэн ажил байх бөгөөд уг ажил нь төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан В1 талбайд ямар ч хамааралгүй, тусдаа байршил ... ” гэж маргаан бүхий актын үндэслэлээ тайлбарлажээ.

Анхан шатны шүүх “ … Нийслэлийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/202 дугаар захирамжаар … нэхэмжлэгч компанийн төсөл хэрэгжүүлэх эрхийг бүхэлд нь заасан агуулгатай боловч нэхэмжлэгч тал зөвхөн В1 талбайн хувьд маргаж байгаа бөгөөд энэ маргааны хүрээнд цугларсан нотлох баримтуудын хүрээнд мэтгэлцээн явагдсаныг дурдах нь зүйтэй ... нэхэмжлэгч нь … төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан боловч гэрээнд оролцогч иргэдээс гэрээг цуцлах санал ирүүлснээр 33 гэрээ цуцлагдсан, үүнийг хариуцагч захиргааны байгууллага нэхэмжлэгчид олгосон эрхийг цуцлах үндэслэл болгосныг буруутгах үндэслэлгүй … нэхэмжлэгч нь төсөлд шалгарснаас хойших хугацаанд гэрээнүүдээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, … төслийн сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчдийн 80-аас доошгүй хувьтай гэрээ байгуулсан байх урьдчилсан нөхцөл хангагдахгүй байхаас гадна ийнхүү төслийн ажил удааширсан шалтгааныг “инженерийн дэд бүтэц шугам сүлжээ одоо хүртэл очоогүй, Нийслэлийн санхүүжилтийг олгохоор тохиролцсон байсан” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, уг ажлыг төсөл хэрэгжүүлэгч хариуцахаар анхнаасаа гэрээгээр тохиролцсон, талуудын хооронд байгуулсан гэрээнд заасан Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэх эрх, үүрэгт энэ талаар заагаагүй … нэхэмжлэгч компанийг төсөл хэрэгжүүлэгчээр шалгарснаас хойших 4,5 жилийн хугацаанд В1 талбайд барилга угсралтын ажил эхлүүлээгүй, гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, төслийн үйл явц хангалтгүй гэж үзэж, … төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсныг буруутгах үндэслэлгүй ... ” гэсэн дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т заасны дагуу аймаг, нийслэлийн Засаг дарга хот, суурин газрыг дахин хөгжүүлэх талаар, тухайлбал хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг үндэслэн төсөл санаачлах, боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтийг хангуулах бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр, 11.2-т заасны дагуу газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч иргэн, хуулийн этгээдтэй аймаг, нийслэлийн Засаг дарга гурван талт гэрээ байгуулахаар, 26 дугаар зүйлийн 26.1-т заасны дагуу төслийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий хяналтын хороог тухайн шатны Засаг даргын шийдвэрээр байгуулахаар, 26.4.1-д заасны дагуу тус хороо төслийн хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт тавих, төслийн хэрэгжилттэй холбоотой гомдол, саналыг хэлэлцэх бүрэн эрхтэй байна.

Түүнчлэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 3/31 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Гэр хорооллыг дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ын 3.7-д “Төсөл хэрэгжүүлэгч нь хууль ёсны газар, үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигч, ашиглагчтай нэг бүрчлэн тохиролцоо хийн зохих гэрээ байгуулж, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу барилгажуулах ажлыг хэрэгжүүлнэ”, 3.9-д “Гурван талт гэрээг нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газар, төсөл хэрэгжүүлэгч болон газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигч, ашиглагчтай байгуулна”, 3.11-д “Төсөл хэрэгжүүлэгч гурван талт гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулах бөгөөд гэрээний талууд нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх үүрэгтэй” 3.12-т “Нийслэлийн Засаг дарга дахин төлөвлөлтийн дэд бүтэц, нийгмийн дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ, авто зам, замын байгууламжийг улс, нийслэлийн төсвөөр барих ажлыг хэрэгжүүлнэ”, 3.13 “Төсөл хэрэгжүүлэгч нь төслийн санхүүжилтийг бие даан шийдвэрлэх үүрэгтэй. Санхүүжилт нь гадаад дотоодын хувийн хөрөнгө оруулалт, банкны зээлийн хөрөнгө, хандив бусд эх үүсвэрээс бүрдэж болно. Төсөлд шаардагдах хөрөнгийн тавиас дээш хувийг төсөл хэрэгжүүлэгч бие даан санхүүжүүлсэн тохиолдолд энэ журмын 3.12-т заагдсан ажлыг гүйцэтгэнэ. Шаардлагатай тохиолдолд Нийслэлийн Засаг даргаас төсвийн баталгааг гаргаж өгнө”, 3.15-д “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн сонгосон талбайн газар чөлөөлөх ажлын зардлыг төсөл хэрэгжүүлэгч хариуцна”, 4.15-д “Газар болон үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн 75-аас доошгүй хувийн дэмжлэг авсныг нэг бүрчлэн хийсэн гэрээгээр нотолбол төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсанд тооцож, Нийслэлийн Засаг даргад танилцуулна”, Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 46 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”-ын 5.2-д “Төсөл хэрэгжүүлэгч нь барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авснаас хойш 6 сар хүртэл хугацаанд барилгын ажлыг эхлүүлээгүй, төслийг хэрэгжүүлэх явцдаа үйл ажиллагааны болоод техникийн ноцтой зөрчил удаа дараа гаргасан нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр нотлогдсон, гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Хяналтын хорооны саналыг үндэслэн аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нь төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцална”, 5.3-д “Гурван талт гэрээнд заасан нөхцөлийн дагуу гэрээ цуцлагдаж, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 18.2-т заасан нөхцөл хангагдахгүй болсон тохиолдолд Хяналтын хорооны саналыг үндэслэн аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нь төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцална” гэж тус тус заажээ.

Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Төсөл хэрэгжүүлэгчээр батламжлах тухай” А/340 дүгээр захирамжаар нэхэмжлэгч “Х” ХХК-ийг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хорооны нутаг дэвсгэр “Ханын материал орчим” ГХДТ-201/31 багцын “Б1”, “В1” хэсэгчилсэн талбайд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсныг батламжилсан байна.

Дээрх хууль, журмын зохицуулалтын дагуу нэхэмжлэгч “Х” ХХК нь төсөлд хамрагдах иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон Гэр хорооллын хөгжлийн газартай гурван талт гэрээг байгуулж, батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу барилгажуулах ажлыг хэрэгжүүлэх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч “Х” ХХК нь төсөлд шалгарснаас хойших хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Ханын материал орчмын В1 хэсэгчилсэн талбайд нийт 73 нэгж талбарын иргэдтэй гурван талт гэрээ байгуулсан байх боловч гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, гэрээний хугацаанд орон сууцны барилга баригдаж эхлээгүй, газар чөлөөлөлт  хийгээгүй болох нь хэрэгт авагдсан Орон сууцны дэд бүтцийн газрын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 01/828 дугаар албан бичиг болон түүнд хавсарган ирүүлсэн баримтууд, иргэдийн өргөдөл, хүсэлт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ө-ийн “... бид барилгын ажлаа эхлүүлэх гэхээр бохирын шугам нь хаагуур явах, инженерийн дэд бүтэц, дулааны шугам хаагуур орж ирэхийг мэдэхгүй учраас айлуудын газрыг чөлөөлөх үндэслэлгүй ...” гэх, Б.Н-ийн “... нийслэлээс инженерийн шугам сүлжээний зургийн ажлын төсвийг шийдвэрлэж гүйцэтгэсний дараа төсөл хэрэгжүүлэгч компани барилгаа барих боломжтой ... ” тайлбар[1], хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдсон байна.

Нэхэмжлэгчээс төсөл хэрэгжээгүй шалтгааныг “ ... төслийн эрхээ авснаас хойш барилгын ажлыг хугацаандаа эхлүүлсэн ба Б1, В1 талбайн хувьд улсаас гүйцэтгэх ёстой дэд бүтцийн асуудал шийдэгдэхийг хүлээж байгаа мөн ямарваа байдлаар зөрчил гаргаагүй ...” гэж тайлбарлан маргасан боловч талуудын байгуулсан гурван талт гэрээ зэрэг ямар нэгэн эрх зүйн актаар хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь дээрх санхүүжилтийг хийж, дэд бүтцийн ажил хийгдсэн тохиолдолд “Х” ХХК нь төслийн ажлыг эхлүүлэх талаар ямар нэгэн үүрэг хүлээсэн харилцан тохиролцоо байхгүй байна.

Өөрөөр хэлбэл, “хариуцагч тохиролцсон ажлаа хийгээгүйгээс нэхэмжлэгч төслийн ажлыг хэрэгжүүлж чадаагүй, барилгын ажлыг эхлүүлээгүй, гурван талт гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон” гэх үйл баримт тогтоогдохгүй буюу нэхэмжлэгч нь дээрх төсвийн хөрөнгөөр хийгдэх байсан ажлаас үл хамаарч төсөлд хамаарах газрын иргэдтэй гурван талт гэрээ байгуулах, гэрээний үүргээ хэрэгжүүлэх, газрыг бүрэн чөлөөлөх, барилгын ажлыг эхлүүлэх боломжтой байсан, хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 46 дугаар тушаалаар батлагдсан “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”-ын 4.8-д “Сонгосон талбайд улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга байгууламж, инженерийн бэлтгэл арга хэмжээг тухайн шатны Засаг дарга хариуцан хэрэгжүүлнэ” гэснийг зөрчөөгүй тул нэхэмжлэгчийн “... уг журмын 4.8, 3.12-д заасны дагуу инженерийн шугам сүлжээ хийгдээгүй шалтгаанаар орон сууцны барилгын ажил удааширч, хийгдэхгүй байгаа нөхцөл байдлыг мэдэгдэж, шаардлагатай санхүүжилтийн асуудлыг шийдвэрлүүлэхээр Нийслэлийн Засаг дарга, Гэр хорооллын хөгжлийн газар, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Төслийн удирдах хорооны даргад удаа дараа хүсэлт ... өгч байсан ... Нийслэлийн Засаг даргаас шаардлагатай инженерийн шугам сүлжээний санхүүжилтийн зардлыг шийдвэрлээгүй тохиолдолд гэрээний дагуу орон сууцны барилгын ажлыг явуулах ямар ч боломжгүй байсан ... шүүх хэргийг шийдвэрлэхдээ дан ганц хариуцагчийн байр сууринаас дүгнэлт гаргаж, В1 талбайд хийгдэх орон сууцны барилгын ажил буюу гурван талт гэрээний хэрэгжүүлэх нөхцөл боломжийг хариуцагч талаас бүрдүүлээгүйтэй холбоотойгоор огт дүгнээгүй ... ” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

Түүнчлэн хариуцагчаас, тухайлбал Гэр хорооллын хөгжлийн газар, Гэр хорооллын дэд бүтцийн газраас нэхэмжлэгч “Х” ХХК-д төслийн ажлыг эрчимжүүлэх, хууль, журмаар хүлээсэн үүргээ биелүүлэх, тайлан, төлөвлөгөөгөө ирүүлэх талаар удаа дараа мэдэгдэл хүргүүлж байсан нь Гэр хорооллын хөгжлийн газрын 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 02/244[2], 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 01/158[3], 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн “Өгөгдсөн үүргийг биелүүлэх тухай” 01/274[4], 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 02/311[5], Гэр хорооллын дэд бүтцийн газрын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 03/51[6], 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Тайлан, төлөвлөгөө хүлээн авах тухай” 03/62[7], 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 03/903[8], 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 03/1123[9], 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “ ... 2019 онд хэрэгжүүлэх үйл ажиллгааны төлөвлөгөөг хавсралтын дагуу боловсруулан мөн онд гүйцэтгэх барилга угсралтын ажлын календарьчилсан төлөвлөгөөтэй ... ирүүлнэ үү” гэх агуулга бүхий 03/1151[10] дугаар албан бичгүүдээр тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгчээс Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Ханын материал орчмын “В1” хэсэгчилсэн талбайд хэрэгжүүлэх төсөлтэй холбоотой тайлан ирүүлээгүй, газар чөлөөлөөгүй, барилгын ажил эхлүүлээгүй удаа дараа зөрчил гаргаж, “Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хороо, Орон сууцны 7 дугаар хороолол орчмын “В1” хэсэгчилсэн талбай”-д гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлээгүйг гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэх үзэх үндэслэлгүй байх тул Хяналтын хорооноос шалгаж тогтоосны дагуу хариуцагч Нийслэлийн Засаг даргаас 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай” А/202 дугаар  захирамж гаргасныг хууль ёсны гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, маргаан бүхий акт Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 46 дугаар тушаалаар батлагдсан “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”-ын 5.2-т “Төсөл хэрэгжүүлэгч нь барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авснаас хойш 6 сар хүртэл хугацаанд барилгын ажлыг эхлүүлээгүй, ... гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Хяналтын хорооны саналыг үндэслэн аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нь төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцална” гэж тус тус заасантай нийцсэн, тус захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй байна.

Түүнчлэн гэрээнд оролцогч иргэдээс гэрээг цуцлах санал ирүүлснээр 33 гурван талт гэрээ цуцлагдсан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангасан ч нэхэмжлэгч компанийн төсөл хэрэгжих боломжгүй болсон байгааг дурдах нь зүйтэй байна.

Хэдийгээр Нийслэлийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай” маргаан бүхий А/202 дугаар захирамжийн 1 дэх заалтаар “Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Ханын материал орчмын “В1” хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгч “Х” ХХК нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, үйл ажиллагааны зөрчил удаа дараа гаргасан тул тус компанийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсугай” гэж, харин 3 дахь заалтаар “Энэ захирамж гарсантай холбогдуулан “Төсөл хэрэгжүүлэгчээр батламжлах тухай” Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/340 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай” гэж нэхэмжлэгч компанийн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хорооны нутаг дэвсгэр “Ханын материал орчим” ГХДТ-201/31 багцын “Б1”, “В1” хэсэгчилсэн талбайд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсныг баталсныг бүхэлд нь хүчингүй болгосон зөрчилтэй байх боловч энэ үндэслэлээр төслийн талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлээгүй, барилгын ажлыг эхлүүлээгүй, гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нэхэмжлэгчийг зөвтгөж, маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэлгүй бөгөөд хариуцагчаас давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд А/202 дугаар захирамжийг засах боломжтой гэж тайлбарласныг тэмдэглэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хэрэг үүсгэснээс хойш 60 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ”, 63.2-т “Хэргийг давж заалдах болон хяналтын шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр буцаасан бол хэргийг тухайн шүүх хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ”, 63.3-д “Энэ хуулийн 63.1, 63.2-т заасан хугацааг шаардлагатай тохиолдолд тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс эхний удаа 30 хүртэл хоногоор, хоёр дахь удаагаа 15 хүртэл хоногоор сунгаж болно”, мөн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д “ ... , эсхүл энэ хуулийн 63 дугаар зүйлд заасан хугацаа дууссан, түүнчлэн шаардлагатай бусад тохиолдолд шүүх хуралдааныг хэзээ, хаана болохыг урьдчилсан хэлэлцүүлгийн журмаар товлож, долоо, түүнээс доошгүй хоногийн өмнө зарлаж, хэргийн оролцогч, бусад оролцогчид хурлын товыг мэдэгдэнэ” гэж тус тус хуульчилсан.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 4940 дүгээр захирамжаар нэхэмжлэгч “Х” ХХК-ийн “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/202 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэж, мөн тус шүүхийн шүүгчдийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 1178 дугаар зөвлөгөөний тогтоолоор уг хэргийг хянан шийдвэрлэх хугацааг 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн 30 хоногоор, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1322 дугаар зөвлөгөөний тогтоолоор 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн 15 хоногоор тус тус сунгаж, 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр урьдчилсан хэлэлцүүлгийг товлон, тус өдрийн урьдчилсан хэлэлцүүлгээр шүүх хуралдааныг 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хийхээр товлосон байна.

Дээрхээс үзэхэд шүүх 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр захиргааны хэрэг үүсгэснээс 79 хоногийн дараа буюу 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр шүүх хуралдааныг товлон зарласан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйл, 71 дүгээр зүйлийн 71.1-д заасныг зөрчсөн гэж үзэхээргүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... шүүх хуралдааныг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө шүүх хуралдааныг товлох ёстой байсан ... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа дууссанаас хойш 11 хоногийн дараа 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг 15 хоногоор сунгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, 71.1-д заасныг зөрчсөн ... ” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

Эдгээр болон бусад үндэслэлээр анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, холбогдох хуулийг зөв тайлбарлаж хэрэглэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 43 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ

 


[1]4-р хавтаст хэргийн 165 дахь тал

[2] 1-р хавтаст хэргийн 108 дахь тал

[3] 1-р хавтаст хэргийн 109 дэх тал

[4] 1-р хавтаст хэргийн 110 дах тал

[5] 1-р хавтаст хэргийн 122 дахь тал

[6] 1-р хавтаст хэргийн 132 дахь тал

[7] 2-р хавтаст хэргийн 75 дахь тал

[8] 1-р хавтаст хэргийн 96 дахь тал

[9] 1-р хавтаст хэргийн 101 дэх тал

[10] 1-р хавтаст хэргийн 103 дахь тал