| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэг Одгэрэл |
| Хэргийн индекс | 197/2025/21044/И |
| Дугаар | 210/МА2026/00559 |
| Огноо | 2026-03-13 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2026/00559
2026 03 13 210/МА2026/00559
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Б.Ууганбаяр, О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 197/ШШ2026/00636 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* холбогдох,
Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч О.Одгэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ: Төлбөр төлөгч хуулийн этгээдийн 100 хувийн хувьцаа эзэмшигч ******* үнийн санал аваагүй, үнэлгээний тайланг мэдэгдээгүй, 93 хувийн гүйцэтгэлтэй барилгын ажил явагдаж байхад хөрөнгийн үнэлгээг 75 хувийн гүйцэтгэлтэй гэж үнэлсэн, харьцуулсан хөрөнгүүд нь хийцийн хувьд өөр зэргээс зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, шүүхээс нэхэмжлэлийг буцаасан 191/ШЗ2025/20817 дугаар шүүгчийн захирамжийг 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээж аваад дахин нэхэмжлэл гаргасан гэжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан, битүүмжилж хураасан хөрөнгөд үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул шинжээч томилж үнэлгээг хийлгэсэн, талуудад үнэлгээг мэдэгдсэн, гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж тайлбарлан, талууд мэтгэлцжээ.
3.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан үндэслэл, журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:
3.1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2023/03496 дугаар шүүгчийн захирамжаар *******-иас 1,496,224,500 төгрөг гаргуулж ******* олгох, төлбөрөө сайн дураар төлөөгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, *******, , , тоотод байрших, нэгж талбарын 8 дугаартай, эзэмших эрхтэй 1,869 м.кв газар, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, *******, , , , тоотод байрших, үйлчилгээ орон сууцны зориулалттай 50 хувийн гүйцэтгэлтэй 5,731 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгөөс хангуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталжээ. /хх 10-15, 95-100/
3.2.Дээрх шийдвэрийг албадан биелүүлэхээр хариуцагч байгууллага 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж, барьцаа хөрөнгө болох маргаанд хамаарах эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, *******, , , тоотод байрших, нэгж талбарын 8 дугаартай, эзэмших эрхтэй 1,869 м.кв газар, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, ******* , , , тоотод байрших, 5,731 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 23201398-161/01 тоот тогтоолоор битүүмжилж, 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 23261398-161/03 тоот тогтоолоор хураан авах ажиллагааг гүйцэтгэсэн, тухайн ажиллагаанууд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1-д заасантай нийцжээ. /1хх 18, 21-24, 101-104/
3.3.Төлбөрт хураагдсан дээрх үл хөдлөх эд хөрөнгийн дуудлага худалдаа явуулах үеийн үнийг тогтоох зорилгоор талуудаас үнийн санал авсан, үнийн талаар тохиролцоогүй байх тул хариуцагч байгууллагаас 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 9/267 тоот тогтоолоор шинжээчээр -ын үнэлгээчин томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-д нийцнэ. /хх 25, 26, 92, 108-115/
3.4.Томилогдсон шинжээч хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар нийт 17,161,636,405 төгрөгөөр тогтоосон, уг үнэлгээний тайланг 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 4-161/21580, 4-161/21582, 4-161/21581 тоот албан бичгээр төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нарт танилцуулж, энэ тухай тэмдэглэл үйлджээ. Эдгээр ажиллагаанууд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.3-т заасныг зөрчөөгүй байна. /1хх 23-56, 94-156, 157-162/
4.Төлбөр төлөгч 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хийсэн үнэлгээний тайланг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн үйл баримтыг анхан шатны шүүхээс зөв тогтоосон, улмаар нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7 дэх хэсэгт заасан хугацаа тоолох журмыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Тодруулбал:
4.1.Хэргийн баримтаар нэхэмжлэгч анх 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн боловч 2025 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж ирээгүй үндэслэлээр 191/ШЗ2025/20817 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг буцаажээ.
Шүүхээс шуудангийн байгууллагаар дамжуулан дээрх шүүгчийн захирамжийг хүргүүлснийг нэхэмжлэгч 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авсан гэж тайлбарласан боловч тэрээр 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр дахин шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байх тул үнэлгээг эс зөвшөөрвөл 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.
4.2.Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7 дэх хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдах хэдий ч ийнхүү тасалдсан шалтгаан арилснаар энэ маргааны хувьд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацааг дахин шинээр тоолох тул дахин нэхэмжлэл гаргахад хугацааг хэрхэн тоолох зохицуулалт байхгүй гэсэн нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.
5.Хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн дагуу явагдсан, хууль зөрчсөн гэх байдал тогтоогдохгүй байна.
5.1.Маргааны зүйл болсон эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлийн гэрчилгээнд 50 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга гэж тусгасан байх боловч эд хөрөнгө хураах тогтоолд гэрчилгээгээр 50 хувийн гүйцэтгэлтэй, бодит байдал дээр 75 хувийн гүйцэтгэлтэй гэх гэж тусган хураасан байна. Ийнхүү хураах ажиллагаа явуулахад төлбөр төлөгч хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал өөрөө оролцож гарын үсгээр баталгаажуулсан байх тул хариуцагч байгууллагаас шинжээч томилохдоо одоогийн гүйцэтгэл 75 орчим хувь гэх гэж тусган шинжээчид хүргүүлсэн, улмаар шинжээчээс хөрөнгийг үнэлэхдээ 75 хувиар тооцож үнэлснийг буруутгах үндэслэлгүй. Нэхэмжлэгч тухайн дуусаагүй барилга одоо 93 хувийн гүйцэтгэлтэй байгаа гэж тайлбарлах боловч хэрэгт энэ талаар баримт авагдаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна.
5.2.Хэрэгт авагдсан хөрөнгийн үнэлгээний тайланд хөрөнгийг тухайн байршилд байрлах ижил төстэй хөрөнгөтэй харьцуулж болохуйц адил зориулалттай хөрөнгийн зах зээлийн үнэ ханшийг судалж, харьцуулах хөрөнгүүдийн ялгаатай байдалд тохируулгыг тооцон зах зээлийн нийтэд арилжаалагддаг жиших зүйлсийн аргаар, нэгж хүчин чадлын норматив үнэлгээний аргаар шалгаж үнэлгээг хийсэн талаараа тусгаж улмаар үнэлгээг тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт нийцэх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоос хийцийн хувьд ондоо хөрөнгийг харьцуулж зах зээлийн үнээс хэт бага үнэлсэн гэх хэсгийг хангахгүй.
Анхан шатны шүүхээс үнэлгээний тайлан үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгөх шаардлагагүй гэж алдаатай дүгнэснийг дээрх байдлаар давж заалдах шатны шүүхээс залруулж эрх зүйн дүгнэлтийг өгөв.
6.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 197/ШШ2026/00636 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийн шийдвэр болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Б.УУГАНБАЯР
О.ОДГЭРЭЛ