Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 335

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын тамгын газар, дарга С.Отгонжаргал /утас:96808020/-ын хүсэлттэй Билгүүн орд ХХК, захирал Д.Чулуунбаатар /утас:88116474, 96678799/-ыг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Отгонжаргал, нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Отгонжаргал шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын тамгын газраас зарласан орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 45 000 000 төгрөгийн төсөвт өртөг бүхий “Хүүхэд залуучуудын тоглоомын талбай” байгуулах худалдан авах ажиллагаанд Билгүүн орд ХХК шалгарч, 2014 оны 07 сарын 24-ний өдөр гэрээ байгуулж, 2014 оны 8 сарын 30-ны хооронд уг ажлыг гүйцэтгэхээр болсон. Ажлаа эрчимжүүлэхийг сумын удирдлагаас өгч шаардаж байсан боловч ажил амжихгүй байна гэсэн шалтгаанаар хугацааг хойшлуулсаар одоог хүрэл уг ажлыг хийж гүйцэтгээгүй байна.

Засаг даргын тамгын газрын хяналтын хэсэг гүйцэтгэл болон алдангийг тооцож, 36 675 300 төгрөгийг нэхэмжилж тухайн байгууллагын оршин байрлах газрын шүүхэд хандсан боловч хаягтаа байхгүй гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Билгүүн орд ХХК-ийн байрлах хаяг нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Рашааны гудамж 26-13 тоот, Баянгол дүүргийн 17 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө Лидер лицей сургуулийн 102 тоот байрладаг гэсэн боловч энэ хаягтаа байхгүй байна. Тус компаний захирал Дамдины Чулуунбаатарын гэрийн хаяг нь Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Дөлгөөн нуурын зүүн талд байрлах 12 давхар 3 байр, дундах байрны 68 тоотод оршин суудаг байх боломжтой  гэх тул эрэн сурвалжилж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын тамгын газар, дарга С.Отгонжаргал нь хариуцагч Д.Чулуунбаатарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байна.

Билгүүн орд ХХК захирал Д.Чулуунбаатар нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь нэхэмжлэгчийн тайлбараар болон, хэрэгт ирүүлсэн тус сумын тамгын газартай байгуулсан 2014 оны 07 сарын 24-ний өдрийн “Хүүхэд залуучуудын чөлөөт цагийн тоглоомын талбай хийх гэрээгээр тогтоогдож байна.

 

Талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсэх үед хариуцагчийн ажлын байр буюу Билгүүн орд ХХК нь Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 17 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө Лидер лицей сургуулийн 102 тоотод, гэрийн хаяг нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Рашааны гудамж 26-13 тоот хаягт байсан ба одоо энэ хаягт оршин суудаггүй болох нь хорооны засаг даргын тодорхойлолтоор хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж болон нэхэмжлэгчийн тайлбараар тус тус тогтоогдсон байна.

 

Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд гэрээнд дурдсан хаягтаа байхгүй хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа ба түүний оршин сууж болзошгүй хаяг нь Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Дөлгөөн нуурын зүүн талд байрлах 12 давхар 3 байрны  дундах байрны 68 тоотод оршин суудаг байх боломжтой  гэж гэх тул

 Билгүүн орд ХХК, захирал Д.Чулуунбаатарыг эрэн сурвалжлуулах тухай Батсүмбэр сумын Засаг даргын тамгын газрын дарга С.Отгонжаргалын хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Билгүүн орд ХХК, захирал Д.Чулуунбаатарыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Билгүүн орд ХХК-ны захирал ажилтай Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 17 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө Лидер лицей сургуулийн 102 тоот,

- Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Рашааны гудамж 26-13 тоот,

-Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Дөлгөөн нуурын зүүн талд байрлах 12 давхар 3 байрны дундах байрны 68 тоот хаягт тус тус оршин сууж болзошгүй Дамдин овогтой Чулуунбаатарыг эрэн сурвалжилсугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар иргэний  хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэж нэхэмжлэгчид мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагад даалгасугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ , ШҮҮГЧ                                 Л.ОЮУНЦЭЦЭГ