| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пагамын Туяат |
| Хэргийн индекс | 187/2019/0227/Э |
| Дугаар | 239 |
| Огноо | 2019-03-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Мижиддорж |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 239
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтлөн,
улсын яллагч Т.Мижиддорж,
хохирогч Ц.Д,
шүүгдэгч Г.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г.О-д холбогдох 18100282200000 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Г.О нь 2018 оны 11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М” шөнийн клубын үүдэнд иргэн Ц.Д-г хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Г.О-с: “...Бид 2 найзлаад 3 жил болж байна. Над руу уулзъя гэж ярьсан. Би гэртээ очоод байж байтал намайг гараад ир гэсэн. Тухайн үед Д-н найз охин, хэдэн залуучууд байсан. Бид нар караокед орсон. Тэгээд караокеноос гараад М рүү орсон. Бид М рүү орохдоо муудалцаж эхэлсэн. 4 цагийн үед М-с гарах гэтэл нэг залуу Д-г өдөж хоргоосон. Тэгээд Ц.Д-г цохиод байхаар нь би “манай найз жаахан согтуу байна, чи манай найзтай муудалцаад хэрэггүй” гэж хэлээд дундуур нь ортол Д “би хүнтэй муудалцаж байхад чи намайг яагаад өмөөрөхгүй байгаа юм бэ” гэж хэлээд намайг 1 удаа алгадсан. Харин би Д-н нүүр рүү нь түлхсэн. Би гэм буруугаа хүлээж байна. Би хавтаст хэрэгт авагдсан хохирлын баримтын дагуу хохирол төлбөрийг төлж барагдуулсан...” гэв.
Хохирогч Ц.Д-с: “...2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 24-нд шилжих шөнө би тоглолтоо тараад байж байтал манай найз А “Л” хамтлагийн тоглолтыг үзэхээр над руу ирсэн. Тэгээд найз нь машинаа угаалгачихаад орой уулзъя гэсэн. “Л” хамтлагийн тоглолт чокод болж байгаа гэсэн. Би О руу тоглолт үзэх үү гэж ярьсан. Би 21 цаг 40 минутын үед тоглолтоо тараад машинаа угаалгачихаад гарч ирэхэд манай найз “найз руугаа очоод уулзчихъя, удахгүй ээ” гэсэн. Тухайн үед байсан залуучууд манай найз А-н найз. Би таньдаггүй. Тэгээд караокед орсон. Гэтэл хэдэн залуучууд нэмэгдэж ирсэн. Мөн О ирсэн. А, О бид 3 караокед нилээн удсан. Тэгээд А, О бид 3 М рүү орсон. Бид 3 үүрийн 04 цаг өнгөрч байхад М-ээс гараад үүдэнд нь зогсож байтал нэг залуу ирээд намайг танилцъя, хоолонд оруулъя гэхэд нь би тоогоогүй. Тухайн өдөр би эмэгтэйлэг хувцасласан байсан. Тэгээд би найз залуутай гээд уурлахад намайг доромжлоод над руу дайраад байсан. Тухайн үед бид хоёрыг манай О гэдэг найз салгасан. Тэгээд О нөгөө залуу дээр очоод манай найз согтуу байна гэж хэлж байгааг нь сонссон. Тэр залуутай маргалдаж байхад А, О нар хамт байсан. А тухайн үед юу болсон талаар санахгүй байна гэсэн. Ямар нэгэн зүйл тохиолдсон үед О бид 2 нэг нэгийгээ өмөөрдөг байсан. Би хохирол төлбөрт 2.718.210 төгрөг авсан. Би 6 сард имплантны томографикийн зураг авхуулсан. Зодооны улмаас учирсан гэмтлүүдийг эмчлүүлэхэд гарсан зардлуудыг шүүгдэгчээс гаргуулах хүсэлттэй байна. Би хамрын имплантыг их хэмжээний мөнгөөр хийлгэсэн. Иймд цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх хүсэлттэй байна...” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:
Хохирогч Ц.Д-н: “...би түүнээс “чи нээрээ яриад байгаа юм уу” гэж асуугаад О-н зүүн хацар орчимд нь баруун гараараа нэг удаа алгадтал тэрээр миний зүүн хацар, хамарлуу нэг удаа гараа зангидаж байгаад цохисон. Би зогсож байхад О нь үснээс зулгаагаад доошоо дарсан. Би түүний гарыг тавиулах гээд дийлэхгүй байсан учраас түүний гарыг тавиулах гээд О-н үснээс зулгаасан. Бид хоёр бие биенийхээ үснээс зулгаагаад байж байхад О миний хамар руу гараараа нэг удаа цохичихоор нь би “чи үснээс тавиач, эргүү юм бэ” гээд хөлөөрөө жийгээд, орилтол дундуур баарны гадна байсан хүмүүс орж ирж салгасан....Миний хувьд гомдолтой байна. Би 2016 оны 07 дугаар сард “Т-Я” эмнэлэгт хамартаа өндөрлөгөө протез буюу имплант суулгасан юм. Тэгтэл дээрх асуудлаас болоод миний хамарны имплант хажуу тийшээ мурийсан байна. Хугарсан хамраа янзлуулж байж хамрынхаа имплантыг янзлуулна. Эмчилгээний зардлаа О-с нэхэмжилнэ. Хугарсан хамрыг 2.000.000 төгрөгөөр мэс засал хийнэ. Имплантыг 1.500.000 төгрөгөөр засч янзалдаг гэж байна. мөн энэ хугацаанд олох байсан орлого болон эмчилгээний зардлыг нэхэмжилнэ. Эмчилгээний зардал нь 500.000-600.000 төгрөг болсон....” гэх мэдүүлэг /хх-ийн 06-07 дугаар хуудас/,
Гэрч Г.О-н: “...Д над руу ирээд миний цээж рүү хуруугаараа чичилж байснаа “чи энэ залуутай юу яриад байгаа юм бэ, найзыгаа өмөөрсөнгүй” гээд миний хацар руу нэг удаа алгадсан. Аль хацар руу алгадсан гэдгийг нь санахгүй байна. Тэрээр намайг алгадчихаад дахиад л цээж рүү хуруугаараа чичлээд байхаар нь түүнийг өөрөөсөө холдуулах гээд нүүр рүү нь гараараа мангасдаж түлхтэл, Д “пизда, нохой, гичий” гээд хараалын үгээ урсгаж байгаад миний үснээс зулгаасан. Би зөрүүлээд түүний үснээс зулгаатал тэрээр хөлөөрөө миний хоёр гуя, хөл рүү өшиглөөд байсан. Би Д-тай үсдэлцэн байхдаа түүнийг зодож цохиогүй, тухайн үед би баруун гараараа Д-н үснээс зулгаагаад, зүүн гартаа гар цүнхээ барьсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,
Гэрч А.Б-н: “...Тухайн үед Д нь манай найз Н болон өөр нэг танихгүй хүний хамтаар явж байсан....Тухайн үед Д-н хамраас цус гараад тэрээр хамартаа сальфетка хийчихсэн, хамарны уг хэсэг нь хавдсан харагдаж байсан. Тэгэхээр нь би Д-т “наад хамар чинь эвгүй харагдаад байна, чи эмнэлэгт очиж үзүүл” гэж хэлээд бид хамтдаа Гэмтлийн эмнэлэг очиж үзүүлсэн. Гэмтлийн эмнэлэгээс Д-н хамар цуурсан байна гэсэн онош тавигдсан санагдаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр хуудас/,
Гэрч Т.О-н: “...О-г багаас нь л мэднэ. Тэрээр айлын бага хүүхэд болохоор элдэв буруу зангүй, дөлгөөн тайван, бусдын үгэнд автдаггүй, муу хорон санаагүй, шударга зантай, бусдын итгэлийг даасан сайн найз байгаа юм. О нь бусдыг зодож цохиод байхаар хүн биш, түүнийг урьд нь хүнтэй хэрэлдэж маргадлаа, бусдыг зодлоо гэж сонсож байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/
Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн №14354 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 14 дүгээр хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд
Шүүгдэгч Г.О нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр болсон асуудлыг Д нь эхлүүлсэн ба тэрээр хүн болгон руу үсчиж дайраад байсан. Д миний хацар руу хоёр удаа алгадаад, над руу хуруугаараа чичлэж дайрч байхаар нь би түүний нүүр рүү нь алгаараа нэг их хүчтэй биш түлхсэн. Тухайн үед Д над руу тулаад зогссон байсан. Үүний дараа бид хоёр бие биенийхээ үснээс зулгаасан ба биднийг тэнд байсан хүмүүс салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:
-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 29 дүгээр хуудас/,
-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25 дугаар хуудас/,
-Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 27 дугаар хуудас/,
-Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 30 дугаар хуудас/,
-Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 28 дугаар хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж Г.О-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:
Шүүгдэгч Г.О нь 2018 оны 11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М” шөнийн клубын үүдэнд иргэн Ц.Д хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ц.Д-н мэдүүлэг /хх-ийн 06-07 дугаар хуудас/, гэрч А.Б-н мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн №14354 дугаартай шинжээчийн
Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Онь хохирогч Ц.Д-н биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна.
Энэ хэргийн шүүгдэгч Г.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтын болоод гэм буруугийн талаар маргаагүй болно. Иймд шүүгдэгч Г.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.О нь Ц.Дзодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчид торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Гэмт хэргийн хохирол, хор уршиг, бусад байдал:
Шүүгдэгч Г.О-с мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ц.Д нь баримтаар нэхэмжилсэн 2.718.210 /хоёр сая долоон зуун арван найман мянга хоёр зуун арван/ төгрөгийг нөхөн төлсөн байна.
Хохирогч Ц.Д-с шүүх хуралдаанд эмчилгээний зардал 424.016 төгрөг /баримтыг хэрэгт хавсаргав/ нэхэмжилснийг шүүгдэгч Г.О-д гаргуулан олгох нь зүйтэй байна.
Хохирогч Ц.Д нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний баримт бичиггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Г.О нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт Г.О-г бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.О-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.О-н хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын ... нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Г.О-д мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Г.О-с 424.016 /дөрвөн зуун хорин дөрвөн мянга арван зургаа/ төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Д-т олгосугай.
6. Хохирогч Ц.Д нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Г.О нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Г.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ТУЯАТ