| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэг Одгэрэл |
| Хэргийн индекс | 192/2025/03559/И |
| Дугаар | 210/МА2026/00609 |
| Огноо | 2026-03-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 210/МА2026/00609
2026 03 20 210/МА2026/00609
******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Б.Ууганбаяр, О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******-д холбогдох,
Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгуулах, алданги 96,817,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд ******* итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч О.Одгэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.Миний бие 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр *******-тай орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээг байгуулж, *******, *******, *******, , 81.21 м.кв 3 өрөө орон сууц, 57.1 м.кв 2 өрөө орон сууцыг захиалсан.
1.2.Уг орон сууцыг хариуцагчтай гэрээгээр хамтран ажиллаж байсан ажлын төлбөрт авсан талаар танилцуулж, орон сууцны захиалгын гэрээг байгуулахад -ийн 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 22/96 тоот албан бичгийг үндэслэсэн.
Мөн ******* нь 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 24 тоот албан бичгээр дээрх орон сууцуудыг -д бартерын төлбөрт олгосон бөгөөд төлбөр тооцоо бүрэн дууссан болохыг баталгаажуулсан тул албан тоот болон захирлуудын төлбөр тооцоо дууссан гэх тайлбарыг үндэслэн орон сууц захиалгын 2 гэрээг *******-тай байгуулж, бартерын байрны төлбөрийг 1 м.кв тутамд 1,400,000 төгрөг байхаар тохиролцож, 2 ширхэг орон сууцыг худалдан авах нийт дүн нь 193,634,000 төгрөгийг 100 хувь шилжүүлэн өгсөн болно.
1.3.Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.3-д зааснаар орон сууцуудыг 2023 оны 2 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулж хүлээлгэн өгөхөөр тохиролцсон боловч уг үүргээ биелүүлээгүй 650 хоног хугацаа хэтэрсэн.
Орон сууцыг 2025 оны 1 дүгээр улиралд Улсын комисст хүлээлгэн өгч айлууд байрандаа орж эхэлсэн тул орон сууцаа хүлээн авч орох, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулан авах гэсэн боловч *******-иас тухайн 2 ширхэг орон сууцыг өгөхгүй гэх тайлбарыг хэлж, гэрээний үүргээ биелүүлэхгүй байна.
1.4.Гэрээний 4.13-д орон сууцыг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгөөгүй тохиолдолд 0,1 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцож төлөхөөр тохиролцсон. Уг алдангийн хэмжээ нь хуульд заасан 50 хувиас хэтрэхгүй гэсэн зохицуулалтыг үндэслэн тооцоход 2 орон сууцанд ногдох алдангийн хэмжээ нь 96,817,000 төгрөг байна.
Иймд *******, *******, *******, хойд орц 81.21 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, хойд орц 57.1 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж, хугацаандаа үүргээ гүйцэтгээгүйн алдангид 96,817,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1.******* нь -тай 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хар шалны ажил гүйцэтгэх гэрээ, 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр фасадны ажил гүйцэтгэх гэрээ-г тус тус байгуулан дээр ажил хийлгүүлж, ажлын төлбөрт баригдаж буй орон сууцаас 10 ширхэг орон сууц өгөхөөр тохиролцож, орон сууц захиалан бариулах гэрээг нэг бүрчлэн хийсэн. Ажил хийх явцдаа орон сууц захиалан бариулах гэрээг өөр хүмүүсийн нэр дээр шилжүүлж өгөх хүсэлт гаргаж шилжүүлэн авсан.
2.2.Ажил гүйцэтгэгч тал нь гэрээний заалтыг зөрчиж, гэрээнд заасан ажлуудыг бүрэн дуусгалгүй 2023 оны 10 дугаар сараас ажлын байрыг орхиж явсан. *******-ийн зүгээс удаа дараа ажлаа хийж дуусгахыг шаардсан боловч хүлээж аваагүй.
2.3.2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн орон сууц захиалан бариулах гэрээний 3.7-д бартерт авч буй байрыг худалдан авч байгаа тохиолдолд -ийн ажлын гүйцэтгэлийг үндэслэн байрыг олгоно гэж заасан.
2.4.Захиалагч талаас 2023 оны 11 дүгээр сард комисс томилж -ийн ажлын гүйцэтгэлийг шалгаж дутуу ажлуудыг тогтоож комиссын акт үйлдсэн. Улмаар ажлын гүйцэтгэл, ажил дутуу байдлыг үнэлэн ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт урьдчилсан байдлаар тохирсон орон сууцуудыг захиалан бариулах гэрээний зарим хэсгийг цуцалсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. нь *******-д нэг ч төлбөр төлөөгүй, төлбөрөө шилжүүлсэн -тай тооцоо нийлэхийг санал болгож байгаа.
2.5.тай байгуулсан гэрээний 2.6-д захиалагч нь төлбөр гүйцэтгэгчийн Хаан банкны , Худалдаа хөгжлийн банкны тоот данснуудад шилжүүлэх бөгөөд өөр бусад дансанд шилжүүлэхийг хориглоно гэж тодорхой заасан. Гэрээний 1.3-т орон сууцыг 2023 оны 2 дугаар улиралд багтаан барьж шинэ өмчлөгчид хүлээлгэн өгөх болно гэж заасан. Улсын комисс хүлээж авсны дараа хүлээлгэн өгөх асуудал яригдаж байгаа. Дээрх дансанд мөнгө шилжүүлээгүй, *******-д нэхэмжлэгч нь төлбөрт төлөөгүй учраас алданги төлөх боломжгүй.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Гуравдагч этгээдийн гаргасан тайлбарын агуулга:
3.1.Миний бие дээр дурдагдсан ******** хотхоны ******** ******** тоотод 41.8 мкв талбайтай орон сууцыг 2025 оны 02 сард өөрийн гэр бүлийнхний хамт очиж үзэн борлуулалтын албатай уулзан худалдан авахаар болж, 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр орон сууцны барилгыг захиалан бариулах ******** ******** тоот гэрээг байгуулсан.
3.2.Гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.2-т заасны дагуу 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр *******-ийн үүсгэн байгуулагч гэх Хаан банкны тоот дансанд орон сууцны төлбөр 154,170,000 төгрөгийг 100 хувь төлж барагдуулсан. Үүний дараа байр хүлээлцэх акт үйлдэж байраа хүлээн авсан.
3.3.Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгч д хариуцагч компаниас 2023 оны 10 дугаар сард гүйцэтгэгч -ийг ажлаа гүйцэтгээгүй орхиод явсан тул тухайн компанид олгосон байруудыг цуцалж байгаагаа мэдэгдсэн байна. Үүнд нь гомдол гаргаагүй байдаг. Мөн тус албан бичгийн хувийг захиалагч нарт мэдэгдсэн болох нь хариуцагч компаниас гаргаж өгсөн баримтаас харагдаж байна.
3.4.Нэхэмжлэгч болон ******* нарын хооронд байгуулсан гэрээнд заасан *******-ийн дансанд төлбөр төлөөгүй, -ийн гэх дансанд тушаасан байна. Үүнээс үзвэл төлбөр шилжүүлсэн -ийг хариуцагчаар тогтоон шилжүүлсэн төлбөрөө гаргуулан авах нь хуульд нийцнэ гэж миний бие үзэж байна.
Иймд нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.
4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******** ********, ********, ******** ******** ********тоот 81.21 м.кв 3 өрөө орон сууц болон 5 дугаар давхарт ******** тоот, 57.1 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр г тогтоож, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч *******-д даалгаж, хариуцагч *******-иас 96,817,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,610,205 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,610,205 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
5.Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
5.1.Маргаан бүхий дээрх 2 ширхэг орон сууцыг зарж төлбөрийг авсан -тай хариуцагч тал нь ажил гүйцэтгэх гэрээний маргаантай асуудлаар иргэний хэрэг үүссэн явж байгаа бөгөөд дээрх хэргийг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл энэ хэргийг түдгэлзүүлэх хүсэлтийг хангахгүйгээр хэргийг хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн.
5.2.Нэхэмжлэгч нь *******-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан боловч гэрээний 2.6-д заасны дагуу *******-ийн дансанд нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд гэрээний 3.7-д заасныг харгалзахгүй, хариуцагчийг буруу тодорхойлж үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан байхад шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.
5.3.Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж хууль дутуу хэрэглэн гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг хөндөж шийдвэрлэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий орон сууцны 7а тоотын эзэмшигч гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг хангахгүй орхисон.
Маргаан бүхий 5 орон сууцны эзэмшигч, гуравдагч этгээд гаргасан бие даасан шаардлагыг хүлээж аваагүй, мөн гуравдагч этгээд шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр түүний өмгөөлөгч авах, итгэмжлэгдсэн төлөөлөгчөө хуралд оролцуулах хүсэлтийг хангаагүй.
5.4.Нэхэмжлэгч нь хариуцагч *******-ийн дансанд нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд хариуцагчаас үндэслэлгүйгээр алданги нэхэмжилснийг хангаж хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж өгнө үү гэжээ.
6.Гуравдагч этгээдийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
6.1.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн.
******* нь 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр тус шүүхэд орон сууц захиалгын гэрээ хийгдсэн иргэд буюу дээрх орон сууцанд амьдарч байгаа , нарыг гуравдагч этгээдээр оролцуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагатай холбогдохгүй хэмээн хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.
6.2.Мөн гуравдагч этгээд өөрийн эрх ашгаа хамгаалан маргаан бүхий байрны шударга өмчлөгч болохыг тогтоолгохоор бие даасан шаардлага гаргасныг хүлээн аваагүй. Анхан шатны шүүхээс бие даасан шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11, 62 дугаар зүйлийн 62.1.4-д заасан шаардлага хангаагүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж гуравдагч этгээдийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан. ******* эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй гэж илт үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасантай нийцэхгүй. Мөн энэхүү захирамж нь мэтгэлцэх зарчмыг хангах боломжгүй болгон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн.
6.3.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан ******* болон нарын ажил хүлээлцэх албан бичиг мэдэгдэл, -ийн гэрээний үүргээ биелүүлэлгүй гэрээт ажлаа орхин явсантай холбоотой үлдэгдэл 50 хувийн ажлыг хийгээгүй үлдээснийг нотлох албан бичиг, үлдэгдэл ажлыг хийж гүйцэтгэсэн хувь хүн болон аж ахуй нэгжтэй харьцсан санхүүгийн төлбөр төлсөн баримт дэлгэрэнгүй тайлан зэргийг гаргуулах хүсэлтийг гаргасан боловч шүүхээс хэрэгт ач холбогдолгүй гэж үзсэн.
6.4.Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар тал бүрээс нь харьцуулан үзэж хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлээгүй, хуулийг буруу тайлбар хэрэглэсэн гэж үзэж байна.
Нэхэмжлэгч нь 5 орон сууцны үнэд 74,230,000 төгрөгийг орон сууц захиалгын гэрээний дагуу -ийн дансанд шилжүүлсэн атал шүүх гэрээнд заагдсан төлбөрийг 100 хувь бүрэн гүйцэт төлсөн гэж дүгнэсэн.
Хэрэгт авагдсан гүйлгээний баримтуудаас үзвэл нь хариуцагч *******-тай байгуулсан гэрээний 2.6-д заасан ямар ч дансанд төлбөр хийгээгүй байна. Мөн дансны хуулга баримтууд нь нотлох баримтаар үнэлэхэд эргэлзээтэй, нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй баримтууд байсан. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчээс ирүүлсэн баримтуудыг үнэлэн шийдвэр гаргах гол үндэслэлүүдийн нэг болгосон нь хуульд нийцэхгүй байна.
6.5.Гуравдагч этгээд нь хариуцагч *******-тай байгуулсан орон сууц захиалгын гэрээний дагуу 154,170,000 төгрөгийг хариуцагч компанийн үүсгэн байгуулагч дансанд бүрэн төлсөн байхад үүнийг анхаарч үзэлгүй, баримтуудыг орхигдуулан тооцож, илт буруу дүгнэлтийг хийсэн. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд болох нарын хавтаст хэрэгт гаргаж өгсөн төлбөр төлсөн баримтуудыг тал бүрээс нь үнэн зөв бодитой үнэлээгүй байна.
Нэхэмжлэгч талаас хэрэгт хавсарган өгсөн *******-ийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн төлбөр тооцоо дууссан тухай албан бичиг болон дансны хуулга, орлогын ордер зэргийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д заасныг зөрчсөн.
Мөн нэхэмжлэгч нь гэрээгээр бартерын байр хүлээн авна, тухайн гэрээ -ийг үүргээ гүйцэтгэж дууссаны дараа хэрэгжих боломжтой гэдгийг мэдэж байсан атлаа уг орон сууцны асуудлаар 2022 оноос 2025 он хүртэл *******-аас асууж тодруулж байгаагүй. -ийг хамтран хариуцагчаар татан оролцуулах ёстой байсан.
6.6.Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.6-д ...Төлбөрийг гүйцэтгэгчийн аливаа ажилтан, менежер, төлбөрийг хүлээн авах эрхгүй албан тушаалтанд бэлнээр өгөх болон бусад дансанд шилжүүлэхийг хориглоно гэж заасан байхад гэрээнд заагаагүй -ийн дансанд мөнгө шилжүүлсэн үйл баримтад дүгнэлт хийгээгүй. Нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу 159,880,000 төгрөгийг бодитоор төлөөгүй атал орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардаж байгаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцэхгүй. Хариуцагч талаас мөн энэ агуулгаар маргадаг. Үүний дагуу нэхэмжлэгч нь орон сууцны үнийг хэзээ, ямар хэлбэрээр төлсөн болохыг нотлох үүрэгтэй. Энэ үүргээ хэрэгжүүлээгүй, нотолж чадаагүй.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, маргааны үйл баримтыг бүрэн тогтоогоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
7.Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:
7.1.Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтыг хангалттай гаргаж өгсөн. Гуравдагч этгээд болон хариуцагч нар нэг байр суурьтай буюу гуравдагч этгээд нь хариуцагчийг дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээж аваагүй гэж тайлбарлаж байна. Хариуцагч иргэний хэрэг үүссэнээс хойш 5 сарын дараа шүүхэд хариу тайлбар гаргасан. Хариу тайлбартаа гуравдагч этгээдэд байраа зарсан талаар огт дурдаагүй мөртөө , нарыг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргасан. Эдгээр хүмүүстэй хамааралтай нотлох баримт ирүүлээгүй тул гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг шүүх хүлээж аваагүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй. Хэрэгт той холбоотой баримт хавтаст хэрэгт нэг ч авагдаагүй.
7.2.Иргэн нь компанитай байгуулсан гэрээ, төлбөр төлсөн баримтуудыг хавсаргаж гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасан учир шүүх хүлээн авч түүнийг оролцуулсан. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нар *******-тай гэрээ байгуулсан. ******* нь өмнөх иргэнтэй байгуулсан гэрээний үүрэг дуусгавар болоогүй байхад гуравдагч этгээдтэй гэрээ байгуулж, төлбөр авсан.
Нөгөө талаар гуравдагч этгээд нь 2025 оны 02 дугаар сараас хойш орон сууцанд амьдарч байгаа гэж тайлбарласан. Гэтэл барилгын тухай хуульд улсын комисс хүлээж аваагүй тохиолдолд амьдрах, ашиглах хориотой байдаг. Улсын комиссын акт 2025 оны 8 дугаар сард гарсан.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, гуравдагч этгээдээр оролцуулаагүй гэж гомдол гаргаж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна.
7.3.Бие даасан шаардлагын тухайд хариуцагчийг дэмжиж оролцож байгаа гуравдагч этгээд хариуцагчаас намайг өмчлөгч болгож өгөхгүй байна гэдэг агуулгаар бие даасан шаардлага гаргасан нь логикгүй, хууль зүйн хувьд шүүхээс шийдвэрлэх боломжгүй шаардлага. Хоёрдугаарт ******* нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн шаардлага гаргасан. Шүүхээс эдгээр шаардлагыг шийдвэрлэхдээ хариуцагч ******* худалдсан гэх тайлбарыг дэмжиж, нэг байр суурьтайгаар шүүхэд мэтгэлцэж оролцож байна. ******* нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн шаардлага нь бие даасан нэхэмжлэлийн шаардлагад хамаарах уу эсэх талаар тодруулж хүлээн авахаас татгалзсан.
7.4.Гуравдагч этгээдийн төлөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *******, нарын хооронд байгуулагдсан гэрээг гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч хэрэгт баримт авагдсан. Мөн талуудын хооронд тооцоо нийлж, ажлын гүйцэтгэл дүгнэсэн акт гаргуулах хүсэлт гаргасан. Үүнийг хариуцагч гаргаж өгөх боломжгүй талаар тодорхойлсон нэг хуудас баримтыг хэрэгт өгсөн. Зөвхөн хариуцагч талын компанийн захирал, инженер гэсэн хүмүүс нийлээд -ийн хийж гүйцэтгэсэн ажил 50 хувьтай гэж гарын үсэг зурсан байсан. Үүнээс өөр баримт байхгүй гэж хариуцагч тайлбарласан. Энэ хүсэлт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой эсэх, нэхэмжлэгч болон хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбарыг нотлоход яагаад байх ёстой вэ гэдгийг тайлбарлаж, үндэслэл бүхий хүсэлт гаргаагүй.
7.5.Мөн *******, нарын хооронд маргаантай талаар иргэний хэрэг үүсгэсэн захирамж гаргаж өгсөн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлээгүй гэж тайлбарласан. *******-ийн -д холбогдуулж гаргасан нэхэмжлэл нь энэ нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж буй 2 орон сууцтай хамааралгүй, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт мөнгөн төлбөр гаргуулахаар шаардсан байсан.
Мөн болон ******* нарын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ нь хугацаатай байх ёстой. г гэрээ байгуулахаас өмнө буюу 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр эхний гэрээний үүргийг гүйцэтгэж дууссан байх, 2 дахь гэрээ 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дуусаж ажлаа хүлээлцсэн байх ёстой гэсэн 2 гэрээ хавтаст хэрэгт авагдсан. Гэтэл 2023 оны 11 дүгээр сард хариуцагч компанийн эрх бүхий 3 албан тушаалтан ажлын гүйцэтгэл 50 хувьтай гэсэн акт үйлдэж, нотлох баримт болгож гаргаж өгсөн.
Нэхэмжлэгчийн зүгээс *******, -тай бүр төлбөр тооцоо дуусан гэх албан тоотыг үндэслэж, -тай тохиролцсон үнийн дүнгээр төлбөрийг бүхэлд нь шилжүүлсэн. Тэр мөнгийг нь *******-д хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрт авсан уу, үгүй гэдэг нь 2 компанийн хооронд үүссэн мөнгөн төлбөртэй холбоотой маргаанаар шийдэгдэнэ. Хэрэгт хамааралгүй иргэний хэрэг үүсгэсэн захирамж ирүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх ёстой гэсэн хүсэлт нь нотлогдохгүй, тогтоогдохгүй байсан. Мөн мэтгэлцээний явцад хариуцагчийн өмгөөлөгчөөс -иас мөнгөн төлбөр гаргуулахаар шаардаж байгаа гэдгээ хүлээн зөвшөөрсөн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан.
7.6.*******, нарын хооронд асуудал үүссэн талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн зүйлгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа хариуцагчаас бичгээр ирсэн баримтууд л хэрэгт авагдсан. Мөн шүүхээс талуудын хооронд байгуулсан гэрээний үнийн дүн буюу 193,634,000 төгрөгийн хэмжээнд алданги бодож тооцсон. Үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн дүн байсан учир бид хуульд заасны дагуу тооцож 96,817,000 төгрөг гаргуулахаар шаардсан. Анхан шатны шүүх нотлох баримтыг зөв үнэлж өмчлөгчийг тогтоосон. Хариуцагч нь -ийн ажлын гүйцэтгэлийг 50 хувьтай гэж дүгнэхээс өмнө д байрыг хүлээлгэж өгөх ёстой байсан. Мөн хариуцагч нь гуравдагч этгээдтэй гэрээ байгуулахдаа өмнө байгуулсан гэрээ байгаа талаар тайлбарлаж хэлээгүйн улмаас гэх хүн гуравдагч этгээдээр оролцож байна.
Анхан шатны шүүх талуудын мэтгэлцэх эрхийг хангаж, хүсэлтүүдийг тухай бүр шийдвэрлэж байсан. Хэрэгт ач холбогдолтой эсэхийг ялгаж зааглаж шийдвэрлэхгүйгээр бүхий л баримт, хүсэлтийг хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой гэж дүгнэх боломжгүй тул гомдол үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч *******-д холбогдуулан ******** дүүргийн ******** хороо, ********, арцатын аманд байрлах ******** хотхоны ******** блок, ******** давхарт байрлах ******** тоот 81.21 м.кв талбайтай 3 өрөө орон сууц болон мөн байрны ******** давхарт байрлах ******** тоот, 57.1 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах, алданги 96,817,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: хариуцагчтай орон сууц захиалгын гэрээг байгуулж төлбөрийг бүрэн төлсөн, тухайн орон сууцуудыг хариуцагч -тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний төлбөртөө тооцон олгохоор тохирсон, энэ талаар хоёр хуулийн этгээдийн эрх бүхий этгээдүүд төлбөр тооцоо дууссан талаар тодорхойлсон байсныг үндэслэж уг гэрээг байгуулсан гэж тайлбарласан байна.
2.1.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлаа: нэхэмжлэгч манай компанид төлбөр төлөөгүй, манайхтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээг цуцалж энэ талаар мэдэгдсэн, маргаан бүхий орон сууцыг бусдад худалдан борлуулсан гэж тайлбарлан, талууд маргажээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нэхэмжлэлийн шаардлагад тусгагдсан хоёр ширхэг орон сууцны нэг болох 57.1 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг хариуцагч компаниас худалдан авч, төлбөрийг бүрэн төлж барагдуулж, орон сууцыг 2025 оны 02 дугаар сараас хойш бодитоор эзэмшиж ашиглаж байгаа гэж тайлбарлан, хариуцагчийг дэмжиж оролцжээ.
3.Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ зохигчийн маргаж буй маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй байх бөгөөд уг алдааг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх, залруулах боломжгүй байна.
3.1.Талуудын маргааны зүйл нь орон сууц буюу үл хөдлөх эд хөрөнгө байх боловч тухайн үл хөдлөх хөрөнгийн талаар бүртгэх байгууллагын лавлагаа авагдаагүйгээс хөрөнгө хэний өмчлөлийн хөрөнгө болох, улмаар хариуцагч худалдан борлуулах эрхтэй эсэх үйл баримт тодорхойгүй байна.
Хэрэгт баримтаар барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах улсын комиссын 2025 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн БА-218/2025 тоот дүгнэлт авагджээ.
Тухайн улсын комиссын актад: Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд баригдсан барилга нь нийт 5 блок, 485 айлын сууц, 67 автомашины зогсоол бүхий зоорьтой барилга байгууламжийн захиалагч нь гэж, барилгын ерөнхий гүйцэтгэгч нь , , , гэсэн дөрвөн хуулийн этгээд, барилгын туслан гүйцэтгэгчээр , , , , , , , , , гэсэн 10 хуулийн этгээд болохыг дурдсан байна. Үүнээс гадна уг актад барилгын өмчлөгч нь маргаанд хамаарах С3 блокийн хувьд гэж тусгагдсан байна.
Энэ актад хариуцагч *******-ийн нэр дурдагдаагүй тул хариуцагч орон сууцыг бусдад худалдан борлуулах эрхтэй эсэх, хэрхэн энэ эрхийг олж авсан зэргийг тодруулсны эцэст хэргийг хянан шийдвэрлэх нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцнэ.
3.2.Гуравдагч этгээд нэхэмжлэгч , хариуцагч *******-д холбогдуулан маргааны зүйл болсон 57.1 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч *******-д даалгах бие даасан шаардлага гаргасныг анхан шатны шүүхээс 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 192/ШЗ2026/00153 дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасан нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхойгүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзжээ.
Ийнхүү татгалзахдаа шүүх гуравдагч этгээд нь нэхэмжлэлийг нэхэмжлэгч хариуцагчийн хэнд нь холбогдуулж гаргасан нь ойлгомжгүй, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох шаардлага нь түүний субьектив эрхийг хэрхэн зөрчиж байгаа нь тодорхойгүй гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэл муутай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт нийцсэнгүй.
Нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлага нь орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай гэсэн байх тул гуравдагч этгээдийн дээрх бие даасан шаардлагыг үндсэн нэхэмжлэлтэй хамтатган шийдвэрлэвэл зохино.
4.Дээрх үндэслэлээр маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад давж заалдах шатны шүүхээс хууль хэрэглээний дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов. Хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тул шүүхийн нотлох баримтын үнэлгээний талаар гаргасан гомдолд дүгнэлт өгөөгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 192/ШШ2026/00022 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 1,612,035 төгрөг, гуравдагч этгээдээс урьдчилан төлсөн нийт 1,610,205 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Б.УУГАНБАЯР
О.ОДГЭРЭЛ