Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 243

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтлөн,

улсын яллагч Д.Мөнхцэцэг,

хохирогч Б.Э,

сэтгэцийн шинжээч эмч С.Байгальмаа,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б.Б холбогдох 18...020030000 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 08 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн ... дугаар хороо Буянт-Ухаа 2 хорооллын ... дүгээр байрны ... тоотод иргэн Б.Э-г төмрөөр цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Б.Б-с: “...Би хэрэг гарахын өмнөх өдөр бүхэн өдрийн турш барилга экспо үзсэн. Маргааш нь Э-н үсчиний газарт үсээ засуулахаар очсон. Э бид хоёр 20 жил найзалсан. Намайг үсээ засуулж байтал Э “та надад туслах уу, би байр авах гэсэн юм, тэгээд байрны урьдчилгаа болох 20 орчим сая төгрөг өгчихвөл байр авмаар байна” гэсэн яриа гарсан. Тэгэхээр нь би “эхлээд чи байраа үзчих, барилга экспогоор өчигдөр явсан, маргааш бас орж үзнэ” гэж хэлсэн. Тэгээд надад барилга экспо орох шаардлага байгаагүй боловч би Э-ыг хүүхэдтэй нь хамт барилга экспогоор дагуулж явсан. Би байраа томруулах санаатай барилга экспогоор явсан. Би Э-ыг хүүхэдтэй нь хамт өдрийн турш дагуулж, хоолонд оруулж явсан. Орой нь Э бид хоёр А-г аваад манай гэр рүү явсан. Ямар учраас манай гэр рүү явсан бэ гэвэл А миний 19-н 2 өрөө байрыг худалдаж аваад 20 гаруй сая төгрөг дутуу өгсөн байсан. Тухайн мөнгийг би А-с цувуулж, хувь лизингээр авна гэсэн. Тэгэхээр нь би байраа шилжүүлээд өгчихье, чи 20 сая төгрөгөө надад өгчих би Э-д зээлчихье гэж ярих гэж очсон. Тэгээд 1 шил архи хувааж уугаад байж байтал А-н нөхөр би өглөө эрт ажилтай, та 3 уу гээд 1 шил архи авч өгөөд явсан. Тэгэхээр нь энэ хүмүүсийн ярьж байгаагаар дахиад нэг шил архи уусан юм шиг байсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтуурсан учраас энэ талаар сайн мэдэхгүй байна. Тухайн үед А бид 2 “балай авгай, шуналтай авгай” гэж маргалдсан юм шиг байсан. Намайг нойлын өрөөнөөс гараад иртэл Э “та 20 гаруй сая төгрөгтэй юм байж мөнгөтэй байж” гэж хэлээд миний уурыг хүргэсэн гэдэг. А “Э таныг мөнгөтэй байж гэж хэлээд байсан учраас та уурласан” гэж хэлсэн. Би уурлах албагүй, энэ миний буруу. Манай гэрт төмөр тулгууртай жижиг ширээ байдаг түүнийг А өшиглөөд хагалчихсан учраас би А-г төмрөөр цохих гэж байгаад Э-г цохисон байсан. Би Э-г болон А нарыг цохисон. Би А-г дахин цохих гэтэл Э А-г өмөөрч урдуур нь орж байтал би түүний толгой руу цохисон...” гэв.

Хохирогч Б.Э-с: “...2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр барилга экспо орж үзсэн. 19 дүгээр хороололоос А-г нөхөртэй нь аваад гэр рүү нь явсан ба гэрт нь 1 том шилтэй архи уусан. Тухайн үед би хоол хийж, сууж босож байсан.. Би 2017 оны 04 дүгээр сард өнчин тархины хавдар авхуулж байсан, дотоод шүүрлийн булчирхайн асуудалтай эмчийн хяналтанд байдаг. Би 1 хундага архи уусан. Тухайн үед 4 хүн байсан. Би А, Б хоёрыг ямар шалтгааны улмаас болж маргалдсан гэдгийг мэдэхгүй байна. Гэхдээ Б эгч А рүү юу гэж дайрсан бэ гэвэл намар хөдөө гэрт нь очиход “би хонины мах иддэг, чи надад ямааны мах өгсөн, би виски уудаг байтал чи надад монгол архи уулгасан” гэж хэлээд орилж дайрсан. Тэгээд уусан архиныхаа шилээр А-н толгой, хамар руу цохиход маш их хэмжээний цус гарсан. Би цус харчихаад айж сандраад Б эгчээ та яаж байгаа юм бэ гэсэн. Б эгч А-г архины шилээр цохисон. Би тухайн архины шилийг ямар гайтай шил вэ гээд хагалах гээд шал руу 3-4 удаа шидсэн боловч паркетан шалан дээр хагардаггүй юм байна лээ. Манай охин над руу залгаад хаана байна гэхэд нь би Б эгчийн гэрт байна гэтэл Б эгч охиныгоо дуудчих гээд манай охиныг дуудсан. А-н өгсөн ногоон сонгиныг хэрчүүлэх гэж дуудсан байсан. Манай охин сонгино хэрчиж байгаад ээж явъя, согтуу хүнтэй зууралдаж байхаар гэхээр нь за явъя гээд хүүгийнхээ куртикийг өмсүүлсэн. Ноцолдож байх үед Б эгч гинж чинь тасарчихсан байна гэж хэлээд миний мөрөн дээр байсан гинжийг авсан. Би хүүхдийнхээ хувцасыг өмсүүлээд цахилгааныг нь татаж байтал миний араас шилэн ширээнийхээ төмрөөр толгой руу цохисон. Би толгойгоо дараад сууж байгаад зугтаж гарсан. Орцны гадаа манай охин М, хүү Б, А нартай байж байхдаа хүн зодуулж байхаар цагдаа дуудъя гээд цагдаа дуудсан. Гэтэл Б араас гарч ирээд намайг үстсэн. Тухайн үед манай охин Б эгчээ тавиач гэж хэлээд Б эгчийг 1-2 удаа цохисон байх....” гэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Хохирогч Б.Э-н “Би 2018 оны 08 дугаар сарын ...-ний өдөр найз Б.Б-н гэрт А, түүний нөхөр бид нар хоол идчихээд 0.75 литрийн архи хувааж уугаад байж байхад А-н нөхөр нь өглөө эрт ажилтай гээд явсан. Тэгээд 20-30 минутын дараа Б агсам тавиад А рүү аяга шидээд, уусан архины шилээр толгой руу нь цохиод байхаар нь А, болиоч ээ гээд хоёр гараараа нүүрээ таглаад доошоо явган суучихсан байхад нь “чи намайг доромжилсон биздээ, хонины мах идэх гэхэд ямаа алж өгсөн, би виски уудаг байхад чи цагаан архи авч өгсөн” гэх зэргээр хэрэлдэж маргалдаад байсан. Тэгээд би Б-н араас “болиоч ээ” гээд тэврэхэд миний өөдөөс нүдээ ирмээд “чиний гинж тасарчихсан байна” гээд миний гинжийг авчихсан.  Би явахаар шийдээд охин, хүү нараа дагуулаад гарсан, тэгээд коридорт хүүхдийнхээ хувцсыг янзлаад байж байхад араас Б гартаа урт нарийхан төмөр барьчихсан гарч ирээд миний нуруу, толгой хэсэг рүү 2 удаа цохичихоод гэр рүүгээ орсон. Тэгээд орцных нь гадаа гарч ирчихээд 2 гараараа толгойгоо бариад явган сууж байхад араас гарч ирээд үснээс зулгаагаад намайг газар унагаагаад нуруу хэсэг рүү өшиглөөд байсан. Тэгэхээр нь би өөрийгөө хамгаалах гээд Б-н үснээс зулгаахад цохихоо больсон. Энэ үед манай охин М цагдаа дуудсан байсан. Тэгээд цагдаа нар ирээд бид нар цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Тухайн үед би Б.Б тай маргалдаж муудалцсан асуудал байхгүй. Би архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Болж байсан асуудлыг бүгдийг нь санаж байгаа. Б.Б миний толгой руу цохиод байсан. Хажууд охин М, А, Б /6 настай/ байсан. Би гомдолтой байна, монетон гинжээ буцааж авмаар байна. Би Б миний үсийг зулгаагаад тавихгүй байхаар нь би гарыг нь тавиулах гэж зөрүүлж үснээс нь барьсан. Өөр цохиж зодсон асуудал байхгүй...Миний толгой дээгүүр болон зүүн хэсгээр хавдсан, тонгойхоор толгой өвдөнө, зүүн гарын шуу хөхөрсөн, нуруу хэсэг хөхөрч улайсан. Миний гинж монетон, кулон нь бас монетон байсан. Би гинжээ 2011 онд авч байсан хэдэн төгрөгөөр авч байснаа санахгүй байна. 2.4 гр байсан санагдаж байна. кулоноо сүүлд хийлгэсэн. Хэдэн төгрөгөөр хийлгэж байснаа санахгүй байна...Би гомдолтой байна, гинжээ төлүүлж авмаар байна. Би шүүх хуралд сууна... ” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13, 15-16, 53-54 дүгээр хуудас/,

 

Гэрч Б.А-н: “...намайг угаалгын өрөөнд орчихоод гараад иртэл Э, Б эгч хоёр дээр доороо орчихсон зодолдоод байсан. Э-г охин нь ирчихсэн аваад явсан байх...Би тухайн үед архи уусан согтсон байсан бөгөөд М тэр хоёрыг салгасан байх. Түүнээс биш М Б-г цохиж байхыг би хараагүй. Тухайн үед Б чи намайг цохиод байна шдээ гэж орилоод байхыг нь сонссон. Б тухайн явдлаас хойш 1-2 хоногийн дараа миний бие хөндүүр орсон байна. Намайг цохисон хүн байна уу гэж асуухаар нь мэдэхгүй та чинь намайг цохиод байна шдээ гэж орилоод байсан юм. Тэгэхээр нь би М цохисон юм байлгүй дээ гэж хэлсэн. Би Б эгчид М таныг өшиглөж байсан, өшиглөж байхыг би харсан гэж огт ийм тийм юм хэлээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21, 55-56 дугаар хуудас/

 

Гэрч Э.М: “...би 23 цагийн үед санаа зовоод ээж рүү залгахад согтуу байсан ба ээжийн утсыг Б эгч аваад, эгчийн дүү хүрээд ир гэхээр нь би 00 цагийн үед гэрт нь очсон. Намайг гэрт нь очих үед тагтан дээр Б эгч, А эгчтэй маргалдаад байх шиг чанга чанга яриад байсан,...ээж Б эгчийг болиоч гээд Б эгч уурлаад байсан...Эргээд хартал Б эгч гартаа урт труба төмөр шиг юм барьчихсан ээжийн толгойд 3-4 удаа цохьсон, тэгээд би ээж, дүүгээ аваад гэрээс гартал Б эгч араас гарч ирээд нөгөө төмрөөрөө ээжийн толгой болон нуруунд нь нэг нэг удаа цохичихоод гэртээ орчихсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/

 

Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын ... ний өдрийн №......5 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын ... ний өдрийн №11201 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29 дүгээр хуудас/,

      Дамно хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 62-63 дугаар хуудас/        

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд

Шүүгдэгч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2018 оны 08 дугаар сарын 23-наас ...-нд шилжих шөнө А, Э, Г бид нар архи уусан ба А-н нөхөр Г бид гурав дахиж 1 шил 0.75 литрийн архи авч өгөөд өөрөө яваад өгсөн юм. Тэгээд А над руу дандаа хорон муу үгээр дайрч аль болох үнээ унагах, илүү юм авах талаар ярьж миний дургүйг хүргэхээр би чи дандаа үнэгүй юм авах гэдэг гээд бид хоёр маргалдсан. Тэгээд А манай жижиг ширээг түлхэж унагаахад нь ширээний төмөр тулгуур салаад унасан, би тэр төмрийг аваад А-г цохих гэтэл Э дундуур ороод цохиулсан.  Би шүүх эмнэлгийн №.....5 дугаартай дүгнэлттэй танилцсан, дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдийг би А-г цохих гэж байхад Э дундуур нь орж цохиулахдаа гараараа хаахад нь учирсан гэмтэл байгаа юм. Ийм зүйл болсонд харамсаж байна. Мөн А, Э бид гурав эвлэрсэн, хоорондоо учраа олсон...“ гэх мэдүүлэг/хх-ийн 35-37 дугаар хуудас/

 

Шүүгдэгчийн хувийн байдалд холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 81 дүгээр хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 дугаар хуудас/,

-Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 82 дүгээр хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

       Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамаарал, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч,  хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

     Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 08 дугаар сарын ...-наас ...-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн ... дугаар хороо Буянт-Ухаа 2 хорооллын ... дүгээр байрны ... тоотод иргэн Б.Э төмрөөр цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 35-37 дугаар хуудас/, хохирогч Б.Э-н мэдүүлэг /хх-ийн 11-13, 53-54 дүгээр хуудас/, гэрч Б.А-н мэдүүлэг /хх-ийн 20-21, 55-56 дугаар хуудас/, гэрч Э.М-н мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/

       Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн №...525 дугаартай:

  1. Б.Э-н биед зулайн хуйх, зүүн шууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нурууны цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25-27 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

    Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Б нь хохирогч Б.Э-н биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна.

   Иймд шүүгдэгч Б.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

   Шүүгдэгч Б.Б нь хохирогч Б.Э-н биед зулайн хуйх, зүүн шууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нурууны цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчид торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Гэмт хэргийн хохирол, хор уршиг, бусад байдал:

Шүүгдэгч Б.Б-с хохирогч Б.Э нь эмчилгээний зардал нэхэмжлээгүй бөгөөд тухайн үед зүүж байсан монетан гинж, кулоны үнэ 301.000 /гурван зуун нэг мянга/ төгрөг нэхэмжилсэнийг гаргуулан олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Б нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний баримт бичиггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.      

     

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36...., 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                                                                                                                     ТОГТООХ нь:

  

1. Б овогт Б.Б-г бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б-н хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Б-д мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 5... дугаар зүйлийн 5....1 дэх хэсэгт тус тус зааснаар Б.Б-с 301.000 / гурван зуун нэг мянга / төгрөгийг гаргуулж хохирогч Б.Э-д олгосугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.... дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             П.ТУЯАТ