| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагваагийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 151/2016/0648/И |
| Дугаар | 602 |
| Огноо | 2016-06-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 602
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж,
Нэхэмжлэгч Төв аймгийн Дэлгэрхаан сумын 2 дугаар баг Дуут хуримт гэх газар оршин суух НЛ59062867 регистрийн дугаартай “Тавууд” овогт Борын Шархүүхэний Улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Б.Шархүүхэн, нарийн бичгийн дарга Г.Сугармаа нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Шархүүхэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
Миний бие 1959 онд Төв аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн, бага дунд сургуулиа төгсөөд сумынхаа нэгдлийн барилгад ажиллаж эхэлсэн. Би Төв аймгийн Дэлгэрхаан сумын Залуучуудын хөгжил нэгдлийн байнгын барилгын бригадад 1978 оны 06 сарын 12-ноос 1981 оны 01 сарын 26-ныг хүртэл барилгачнаар ажиллаж байсан. Энэ хугацаанд ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэрт бичилт байгаа боловч анх ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаал архиваас шүүлгээд олдохгүй, шүүхэд хандаж байна.
Иймд намайг дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг миний цуглуулсан нотлох баримт, гэрүүдийн мэдүүлэг бусад нотлох баримтанд үндэслэн тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Төв аймгийн Архивын тасгийн тодорхойлолт, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Б.Шархүүхэн нь Төв аймгийн Дэлгэрхаан сумын Залуучуудын хөгжил нэгдлийн барилгын бригадад 1978 оны 06 сарын 12-ноос 1981 оны 01 сарын 26-ныг хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор дараах нотлох баримтуудыг ирүүлжээ. Үүнд:
1.Төв аймгийн Дэлгэрхаан сумын Залуучуудын хөгжил нэгдлээс 1981 оны 08 сарын 28-ны өдөр нээж олгосон Б.Шархүүхэний хөдөлмөрийн дэвтрийн 3-5 талд “1978 оны 06 сарын 12-ноос Дэлгэрхаан сумын Залуучуудын хөгжил нэгдэл барилгын байнгын бригадад барилгачнаар авч ажиллуулав, 1981 оны 01 сарын 26-наас ... барилгачнаар чөлөөлөв” гэсэн бичилт,
2.Төв аймгийн Архивын тасгийн 2016 оны 06 сарын 10-ны өдрийн 463 тоот албан бичигт “Тус аймгийн Дэлгэрхаан сумын Залуучуудын хөгжил нэгдлийн даргын 1978-1981 оны тушаалд холбогдох баримт гараагүй тул иргэн Б.Шархүүхэнд лавлагаа олгох боломжгүй” гэсэн тодорхойлолт,
3.Гэрч Б.Мяндагдоржийн “Төв аймгийн Дэлгэрхаан сумын Залуучуудын хөгжил нэгдэлд 1978 онд байнгын барилгын бригад анх байгуулагдсан. Энэ бригадад Б.Шархүүхэн бид хоёр 1978 оноос 1981 оныг хүртэл хамт ажилласан. Би тус бригадын даргаар, Б.Шархүүхэн туслах ажилчин, өрлөг, шавар зуурагч зэргээр ажиллаж байсан. Би тухайн үед бригадын ахлагчаар 140-160 төгрөгийн цалин авдаг байсан. Би бригадаа ахалж ажилладаг адилхан цалин авдаг байсан” гэх мэдүүлэг,
-гэрч Х.Шүнширээгийн “Намайг Төв аймгийн Дэлгэрхаан сумын Залуучуудын хөгжил нэгдэлд 1978 онд байнгын барилгын бригад анх байгуулагдаж энэ бригадад ажиллаж эхлэх үед Б.Шархүүхэн нь хамт ажилласан. Би барилгын бригадад 1978-1983 оныг хүртэл ажилласан. Барилгын бүх ажлыг хийдэг байсан. Бригадын ажилчид хийснээрээ цалинждаг, сайн хийвэл өндөр цалин авна, өгснийг нь авдаг байсан. 140-160 төгрөгийн цалин авдаг байсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд байна.
Хүсэлт гаргагч Б.Шархүүхэний Төв аймгийн Дэлгэрхаан Залуучуудын хөгжил нэгдлийн байнгын барилгын бригадад барилгачнаар ажиллаж байсан тухай тушаал өөрт нь хадгалагдаагүй буюу архиваас олдохгүй байгаа, түүнчлэн ажиллаж байх үеийн цалингийн цэс, ажиллаж байх үеийн зарим тушаал, санхүүгийн баримтууд аймгийн архивын газар хадгалагдаагүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Төв аймгийн архивын тасгаас ирүүлсэн 2016 оны 06 сарын 10-ны өдрийн 463 тоот лавлагаа зэргээр нотлогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж зааснаар хүсэлт гаргагчаас хэрэгт ирүүлсэн дээрх бичгийн нотлох баримтуудыг үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх нэхэмжлэгч Б.Шархүүхэний хүсэлтээр түүнтэй хамт ажиллаж байсан Д.Мяндагдорж, Х.Шүнширээ нараас хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсан ба эдгээр хүмүүс нь Төв аймгийн Дэлгэрхаан сумын Залуучууды хөгжил нэгдлийн байнгын барилгын бригадад барилгачнаар хамт ажиллаж байсан болох нь тэдний тайлбараар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Б.Шархүүхэнийг Төв аймгийн Дэлгэрхаан Залуучууды хөгжил нэгдлийн байнгын барилгын бригадад барилгачнаар ажиллаж байсан тухай эрх зүйн үйл байдлаар түүнийг 1978 оны 06 сарын 12-ноос 1981 оны 01 сарын 26-ныг хүртэлх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд үлдээх нь зүйтэй байна.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар НЛ64030769 регистрийн дугаартай “Тавууд” овогт Борын Шархүүхэнийг 1978 оны 06 сарын 12-ноос 1981 оны 01 сарын 26-ныг хүртэл Төв аймгийн Дэлгэрхаан сумын Залуучууды хөгжил нэгдлийн байнгын барилгын бригадад барилгачнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч Б.Шархүүхэний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ