Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2026/00547

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, Ерөнхий шүүгч Д.Нямбазар, шүүгч Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 192/ШШ2025/10671 дугаар шийдвэртэй, 

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: *******-д холбогдох

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. *******-тай 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр 0052 дугаартай захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, ******* тоотын 138.47 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг захиалж гэрээний үнэ болох 387,713,000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр тус компанийн дансанд шилжүүлж, төлбөр тооцоогоо бүрэн дуусгасан.

1.2. Гэтэл ******* нь үлдэгдэл төлбөрөө хугацаандаа төлөөгүй гэх үндэслэлээр 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гэрээг нэг талын санаачилгаар цуцлах тухай мэдэгдлийг ирүүлсэн. Ажил гүйцэтгэх гэрээг нэг талын санаачилгаар цуцлах эрхгүй болохыг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 900 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 01289 тоот магадлалаар нэхэмжлэлийг хангаж, гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэнээр нэхэмжлэгч нь гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлсөн тул захиалсан орон сууцаа хүлээж авах шаардлага тавихад тухайн байрыг өөр хүнд худалдсан гэх шалтгаанаар хүлээлгэж өгөөгүй.

1.3. Иймд хариуцагчийн хариу тайлбарт хавсаргасан барилга захиалгын гэрээний хаяг, нэхэмжлэгчийн гаргасан хаяг хоёрыг хариуцагчийн зүгээс нэг гэж үзэж байгаа учраас ******* тоот хаягт байршилтай 142.13 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Гэрээний 2.4 дэх хэсэгт тухайн орон сууцны төлбөр төлөх графикийг тогтоосон. Энэхүү графикийг нэхэмжлэгч 1,000 хоногийн хугацаатай хэтрүүлж, гэрээний үүргийн ноцтой зөрчил гаргасан. Гэрээний урьдчилгаа төлбөр болох 200,000,000 төгрөгийг 2021 оны 2 дугаар сарын 04-ний өдөр төлснийг үүрэг зөрчсөн гэж үзээгүй. Харин 187,000,000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төлөх ёстой атал 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төлсөн. Энэ маргаан нэхэмжлэгчийн өөрийнх нь гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой. Хэрвээ нэхэмжлэгч төлбөрөө цаг тухайд нь төлсөн бол маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болох бүрэн боломжтой байсан.

2.2. 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хүргүүлснээс 10 хоногийн дараа 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төлбөрөө төлье, гэрээний үүргээ зөрчсөн гэдгээ ухамсарлаж байна гэдэг бичгийг ирүүлсэн. Гэвч 2023 оны 10 дугаар сард төлбөрөө төлсөн. Гэтэл 2023 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг ******* гэх хүнд худалдаж, энэ хүн тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдэж, орон сууцандаа амьдарч байна.  

2.3. Анхан шатны шүүхийн шийдвэр гарахаас өмнө буюу 2023 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн гэрээг дангаар цуцлах эрхгүй болохыг тогтоолгох шийдвэр гарахаас өмнө энэхүү байр гуравдагч этгээдийн нэр дээр шилжсэн байсан. Нэхэмжлэгч гэрээнийхээ үүргийг зөрчиж, гэрээ цуцлагдсан буюу гуравдагч этгээдийн эзэмшилд нэгэнт шилжсэн байхад үл хөдлөх хөрөнгийг өмчлөлдөө авахаар нэхэмжлэл гаргаж байгаа нь биелэгдэх боломжгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******ыг улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, ******* тоот хаягт байршилтай, 142.13 м.кв талбайтай, таван өрөө, Орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,096,530 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас 2,096,530 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. ******* болон ******* нар нь 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр 21/0052 тоот “Guest House”-ийн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулсан. Тус гэрээгээр ******* тоот 5 өрөө 138.47 м.кв талбай бүхий орон сууцыг захиалсан бөгөөд тус гэрээний 2.2 дугаар зүйлд гэрээний нийт үнийн дүнг 387,716,000 төгрөг байхаар тохиролцож, 2.4 дүгээр зүйлээр орон сууцны үнийг төлөх графикийг тохиролцон байгуулсан. Энэ графикийн дагуу нэхэмжлэгч мөнгийг төлөөгүй, 2 жил 9 сарын дараа буюу дунджаар 1000 орчим хоног хэтрүүлж, үлдэгдэл төлбөрийг төлсөн.

4.2. Шүүхээс нэхэмжлэгчийн гэрээний үүргээ зөрчсөн үйлдлийг хууль болон гэрээг зөрчөөгүй мэтээр тайлбарлаж өмчлөгчөөр тогтоосон нь талуудын байгуулсан гэрээний зорилгод нийцүүлэн нотлох баримтыг үнэлж хууль зүйн дүгнэлт өгөөгүй нь учир дутагдалтай.

Учир нь маргаан бүхий гэрээний талуудын эцсийн зорилго нь захиалагч орон сууцыг барьж бий болгоход урьдчилж хөрөнгө оруулан түүнийхээ үр шимийг тодорхой хугацааны дараа хүртэх, гүйцэтгэгч компанийн урьдчилан захиалга авч хөрөнгө татан төвлөрүүлж, уг хөрөнгөөр нь барилгын ажилд зарцуулж, хэн алинд нь ашигтай байх боломжийг үүсгэх ёстой төлбөр байсныг шүүх анхаарч хэрэгт ач холбогдолтой үйл баримтыг тал бүрээс харьцуулан үзсэний үндсэн дээр бодит нөхцөл байдалд нийцүүлэн эргэлзээгүйгээр үнэлээгүй болох нь тогтоогддог.

Өмчлөгч шударгаар үл хөдлөх эд хөрөнгө олж авч байгаа бол тухайн олж авч буй арга зам нь шударга байх ёстой байтал нэхэмжлэгч нь гэрээгээр тохирсон үүргээ биелүүлээгүй байж шударгаар үл хөдлөх эд хөрөнгө олж авч буй мэтээр нэхэмжлэл гаргаж байгаа нь боломжгүй юм.

Манай компанийн зүгээс нэхэмжлэгчид Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 хэсэгт зааснаар үүргээ гүйцэтгэх талаар удаа дараа сануулж, хугацаа тогтоож өгсөнтэй адилтган үзэх боломжтой.

Цаасаар мэдэгдэл хүргүүлэхээр дуудахад ирж мэдэгдлээ авдаггүй, зугтаж алга болоод утсаа авдаггүй. Мөн Иргэний хуулийн 225.2 дахь хэсэгт зааснаар үүргээ гүйцэтгэхийг удаа дараа сануулж байхад энэ хугацаанд ч мөн үүргээ биелүүлээгүй. Ийнхүү 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 22/1119 дугаар мэдэгдлийг хүргүүлж гэрээг дангаар цуцалж байгаа болохыг мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл 2021.12.03-ний өдөр болон 2022 оны 3 дугаар улиралд багтааж төлбөрийг төлж барагдуулаагүй, урьдчилан мэдэгдэж сануулсаар байхад гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй учир гэрээг дангаар цуцлахаас өөр аргагүй болсон.

4.3. Бид гэрээг дангаар цуцалж, тухайн үл хөдлөх хөрөнгийг иргэн ******* 2023 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 22/1026 дугаар гэрээний дагуу худалдан борлуулж, тухайн иргэн нь төлбөрийг хугацаанд нь 100% төлж гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болсон.

Гэвч нэхэмжлэгчээс 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 22/1119 дугаар мэдэгдэлтэй холбогдуулан хариуцагчийг гэрээг дангаар цуцлах эрхгүй болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 3 шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн.

Дээрх 3 шатны шүүхээр шийдвэрлэгдсэн асуудал нь *******-ийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэл нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд заасан гэрээг цуцлах журмыг зөрчсөн байна гэж дүгнэсэн болохоос *******-ийг дангаар гэрээг цаашид цуцлах эрхгүй болохыг тогтоож шийдвэрлээгүй.

Мөн талуудын хооронд байгуулсан гэрээний 3.3 дахь хэсэг буюу гүйцэтгэгч гэрээг дангаар цуцлах гэрээний заалт нь хүчин төгөлдөр бус гэж, тухайн заалтыг хүчингүй болгож шийдвэрлээгүй. Мөн нэхэмжлэгч нь өөрөө гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй байна гэдгийг шүүх тогтоож өгсөн.

4.4. Анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 00900 дугаар шийдвэр гарахаас өмнө маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг бусдад борлуулсан байсан. Бид энэ тухай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэлж тайлбарлаж байсан боловч шүүхээс авч хэлэлцээгүй.

Бидний хувьд нэхэмжлэгчийн гэрээний үүргийн зөрчлийнх нь үндсэн дээр гэрээг дангаар цуцлах эрхээ хэрэгжүүлж цуцалсан бөгөөд мэдэгдэл явуулсан өдөр болох 2022 оны 11 сарын 18-ны өдрөөс 2023 оны 01 сарын 17-ны өдөр буюу гуравдагч этгээд иргэн ******* гэх хүнтэй гэрээ байгуулах өдөр хүртэл 3 сарын турш гэрээний дагуу төлбөрөө бүрэн барагдуулах болов уу гэсэн итгэл үнэмшилтэй. хүлээж, мэдэгдэл явуулж байсан боловч мөн л төлбөрөө төлөхгүй эс үлдэхүй гаргаж байсан тул гуравдагч этгээдэд худалдан борлуулсан.

Үүний дараа 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ иргэн *******ийн нэр дээр гарч, гэрчилгээ хүчин төгөлдөр болсон. Өнөөдрийн байдлаар Иргэний хуулийн 101 дүгээр зүйлд заасан өмчлөгчийн хүчин төгөлдөр үйлчлэх эрх нь иргэн *******д үйлчилж байгаа төдийгүй тухайн эд хөрөнгийн өмчлөх эрхэд ноцтойгооp зөрчиж, биелэгдэх боломжгүй шийдвэр гаргасан.

4.5. Уг иргэний хэрэг нь 2025 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 00162 дугаар магадлалаар шийдвэрлэгдэж байсан бөгөөд тус магадлалд дурдсанаар эд хөрөнгийн өмчлөгч гуравдагч этгээд *******ийн эрх ашиг хамгаалагдах, мөн маргаан бүхий эд хөрөнгийн хаягжилт талбайн хэмжээ өөр өөр байгааг анхаарч үзэх шаардлагатайг дүгнэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шийдвэр гарахаас өмнө буюу 2023 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр маргаан бүхий эд хөрөнгийн өмчлөх эрх ******* шилжсэн ба тухайн эд хөрөнгийг 3 жилийн туршид өмчилж амьдарч ирсэн байна. Гэтэл 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 10671 дугаар шийдвэрээр энэхүү үйл баримтыг дүгнээгүй, тухайн өмчлөгчийг гуравдагч этгээдээр оролцуулах эсэхэд дүгнэлт хийгээгүй байна. Энэ нь 00162 дугаар магадлалын биелэлт хангагдахгүй байх нөхцөл болсон гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, *******ийг гуравдагч этгээдээр оролцуулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэхээр байна.

4.6. Иргэний хуулийн 228 дугаар зүйлд “Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох эрх зөрчигдсөн гэж үзэж байгаа бол тухайн эрхийг сэргээх боломжгүй буюу нэхэмжлэгч өөрөө гэрээгээр тохиролцсон үүргээ ноцтой зөрчсөнөөс үүдэн гэрээ цуцлагдсан, гэрээ цуцлагдсан явдалд нэхэмжлэгч өөрөө буруутай, тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь өөр хүний өмчлөлд шилжиж албан ёсоор бүртгэгдсэн буюу бусдын өмчлөх эрх хэрэгжиж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор хариуцагч нь нэхэмжлэгчийн хоцроож төлсөн төлбөр болон өмнө төлсөн байсан урьдчилгаа төлбөрийг бүрэн буцаан шилжүүлсэн буюу нэхэмжлэгчийг ямар нэгэн байдлаар хохироосон зүйл байхгүй.

Дээр дурдсанаар нэхэмжлэгч нь маргаан бүхий эд хөрөнгийн өмчлөгч байх хуулиар тавигдсан шаардлагыг хангаж байна уу гэдгийг тогтоох тухай маргаан байсан. Гэтэл нэхэмжлэгч нь хуулиар тавигдсан шаардлагыг хангахгүй, шударга бусаар үл хөдлөх эд хөрөнгө авахаар санаархсан, гэрээгээр тохиролцсон үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байдаг. Мөн тухайн маргаан бүхий эд хөрөнгө дээр гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашиг үүссэн, өмчлөлд шилжсэн байхад нэхэмжлэгчийг өмчлөгч этгээдээр тогтоох боломжгүй байна.

4.7. Анхан шатны шүүх маргаан бүхий эд хөрөнгийн талбайн хэмжээг зөрүүтэй дүгнэсэн бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаар шаардаж буй талбайн хэмжээ 138.47 м.кв бол шүүхийн шийдвэрээр хангаж шийдвэрлэсэн талбайн хэмжээ нь 142.13 м.кв байгаа нь үндэслэлгүй. Мөн Иргэний хуулийн 343 дугаар зүйлд зааснаар маргаан бүхий гэрээний хууль зүйн хэлбэрийг тогтоосон боловч тухайн хуулийн холбогдох заалтуудыг үндэслэж дүгнэлт хийгээгүй гагцхүү тогтоох хэсгийн 1 дэх заалтаараа ямар нэгэн дүгнэлт хийгээгүй хуулийн заалт болох 343 дугаар зүйлийг дурдсан байна. Хэрэв маргаан бүхий гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан гэрээ мөн гэж үзэж байгаа бол хууль зүйн талаас нь тал бүрээс нь дүгнэх шаардлагатай байсан гэж үзэж байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Хариуцагчийн дурдаад байгаа бүхий л үйл баримтыг иргэний шүүх өмнө нь эцэслэн шийдвэрлэсэн. Тухайлбал, Захиалагч буюу нэхэмжлэгч нь *******-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээг нэг талын санаачилгаар цуцлах эрхгүй болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 00900 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 01289 тоот магадлалаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн “guesthouse”-ийн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээг хүчин төгөлдөр хэмээн үзсэнээр хариуцагчийн бүх тайлбарууд няцаагдсан.

5.2. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө гуравдагч этгээдэд шилжсэн тухай нэхэмжлэгч нь зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр 2022 оны 12 дугаар сард анх шүүхэд хандсан. Хариуцагчийн 2023 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд өгсөн хариу тайлбарт маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг гуравдагч этгээдэд шилжүүлсэн талаар огт дурдаагүй, холбогдох нотлох баримтуудыг шүүхэд гаргаагүй атлаа хариу тайлбар шүүхэд өгсөн өдөр буюу 2023 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 22/1026 тоот гэрээгээр бусдад худалдсан /гуравдагч этгээд нь тухайн үл хөдлөх хөрөнгийн үнийг төлсөн баримт байхгүй/ хэмээн маргаж байгаа нь үнэмшилгүй, нотлох баримыг зохиомлоор нөхөж бүрдүүлэх гэсэн болхи арга хэмээн харагдаж байна.

5.3. 2025 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 00162 дугаар магадлалын биелэлт хангагдаагүй тухайд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 29 дүгээр зүйлийн 29.3-т зааснаар хариуцагч нь гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтээ шүүхэд гаргаагүй.

5.4. Хариуцагч нь хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр *******-тай байгуулсан 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн “guesthouse”-ийн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээний дагуу төлсөн захиалгын гэрээний үнэ болох 387,716,000 төгрөгийг нэхэмжлэгчийн гэр бүлийн хүн болох *******ийн ******* банкны ******* тоот дансанд 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр харилцагчийн зөвшөөрөл, хүсэлтгүйгээр буцааж шилжүүлсэн. Тухайн төлбөрийг нэхэмжлэгч нь *******-ийн харилцах дансанд 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төлсөн байсан бөгөөд бүтэн 7 сарын дараа ийнхүү дур мэдэн буцаан шилжүүлсэн байсан.

Иймд нэхэмжлэгч нь харилцагчийн зөвшөөрөл, хүсэлтгүй орж ирсэн 387,716,000 төгрөгийг 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдөр *******-ийн ******* банк дахь ******* тоот дансанд буцаасан боловч хариуцагч нь 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр мөн л буцаан шилжүүлсэн. Хариуцагчийн эдгээр увайгүй үйлдэл нь цаашид байнга давтагдах эрсдэлтэй байсан тул дээрх мөнгийг шүүхийн шийдвэр эцэслэн гарах хүртэл дахин шилжүүлэхгүй байхаар шийдсэн.

5.5. Нэхэмжлэгч болон *******-ийн хооронд байгуулсан 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн “guesthouse”-ийн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээнд тухайн үл хөдлөх хөрөнгийн хаяг, талбайн хэмжээг “...138,47 м.кв...” хэмээн дурдсан байсан ч барилга ашиглалтад орох явцад “...142,13 м.кв...” болж өөрчлөгдсөн талаарх нотлох баримтуудыг хариуцагч нь шүүхэд гаргаж өгсөн бөгөөд талууд энэ асуудлаар маргаагүй тул шүүх энэ асуудлаар дүгнэлт гаргах шаардлагагүй. Нэхэмжлэгч нь талбайн зөрүүг үндсэн маргаан эцэслэн шийдвэрлэгдсэний дараа төлөхөд бэлэн байгаа бөгөөд хариуцагч мөн энэ асуудлаар тусдаа шаардлага гаргах эрх нь нээлттэй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан ******* тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 142.13 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

3. Дээрх хэргийг тус шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 210/МА2025/00162 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2024/04772 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасан. /хх-ийн 144-149/

3.1. Тухайн хэрэг 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдөр шүүгч Ч.Батчимэгт хуваарилагдсан боловч хэрэг хянан шийдвэрлэх шүүгч өөрчлөгдөх нөхцөл байдал бий болсноор шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 192/ЗТ2025/01371 дугаартай шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор хэргийг дахин хуваарилжээ.

Гэвч хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх хуралдаан даргалагчийг томилсон захирамж хэрэгт авагдаагүйгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдөж, хуваарийн дагуу томилогдсон шүүгч хэргийг хянан шийдвэрлэсэн эсэх нь тодорхойгүй болжээ. 

3.2. Мөн талуудын маргааны зүйл болж буй орон сууцны өмчлөх эрх нь ******* болон ******* нарын хооронд байгуулагдсан гэх 2023 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн Guest house-ийн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ”-ний дагуу *******ийн нэр дээр бүртгэгдэж, 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон, нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний үүрэг биелэгдэх боломжгүй гэх агуулгаар хариуцагч татгалзлаа тайлбарласан байх ба нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүх нотлох баримт бүрдүүлж, маргаан бүхий орон сууцны улсын бүртгэлийн хувийн хэрэг хэрэгт авагдсан байна. /хх-161-178/

Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасан нөхцөл байдал байгаа эсэхийг тодруулж, гуравдагч этгээд оролцуулах эсэх асуудлыг шүүх шийдвэрлэх ба ингэснээр талууд маргааны зүйлийн талаар бүрэн мэтгэлцэж, улмаар шаардах эрхийн үндэслэл, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэх боломжтой болно. 

Иймд дээрх ажиллагааны талаар тус шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 210/МА2025/00162 дугаар магадлалд дурдсан боловч холбогдох ажиллагаа хийгдээгүй талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол хангагдана.

4. Давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримтын талаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд материаллаг хууль хэрэглээний талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийхгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 192/ШШ2025/10671 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,092,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Ж.ЛХАГВАСҮРЭН

 

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Д.НЯМБАЗАР

 

                                                     ШҮҮГЧ                                            Т.ГАНДИЙМАА