Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 250

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтлөн,

улсын яллагч Д.Мөнхцэцэг,

шүүгдэгч С.М,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт С.М, М овогт Б.Б  нарт холбогдох 1910002590000 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн,

2. Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Б, С.М нар бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо Өийн ... тоотод оршин суух хохирогч Ц.Э-ний эзэмшлийн монгол банхар нохойг 4 гөлөгний хамт гудамжинд явж байхад нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 1.190.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Б.Б-с: “...2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр манай найз над дээр ирээд бид хоёр хамтдаа тамхинд явсан. Хоёр хүн аваад Буянт-Ухаа руу таксинд явсан. Буянт-Ухаагийн эргэлт дээрээс нэг эгчийг аваад Ө хороололд буулгачихаад би бие засаж байтал жалганы ирмэгээр 3 гөлөг эхтэйгээ явж байсан. Тухайн нохойг Баянхошуунд хашаандаа аваачсан...” гэв.

Шүүгдэгч С.М-с: “...Би 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ээжийнхээ машиныг унаад найз руугаа очсон. Тэгээд найзтайгаа уулзаад тамхи татах гээд доошоо уруудаж байсан. Тухайн үед 2 хүнтэй таараад Буянт-Ухаа хүргэж өгөөд Буянт-Ухаагийн эргэлт дээр буцаж байтал нэг настай эгч Ө хороолол руу тохироод явъя гэсэн. Тэгээд Ө хорооллын буудал дээр буулгачихаад буцаж байтал жалганы ирмэгээр монгол банхар явж байсан. Тухайн нохойг Баянхошуунд хашаандаа аваачсан...” гэв.

 

    Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Хохирогч Ц.Э: “...2019 оны 01 дүгээр сарын 15-ны өглөө би  11 цагийн үед гэрээсээ гарсан бөгөөд гэрт эхнэр, хүүхэд хоёр үлдсэн. Ингээд би гадуур ажил амжуулаад явж байх үед манай эхнэр М над руу 16 цагийн орчим утасдаад, нохойнууд алга болчихсон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би, яагаад алга болчихдог юм бэ гэсэн чинь мэдэхгүй саяхан гаслаад байж байсан, хоол өгөх гээд гарч ирсэн чинь байхгүй байна. Хашааны хаалга онгорхой байна гэж хэлсэн. Ингэхээр нь би дүү Г руу утасдаад нохой алга болчихсон ахынхаа гэр рүү очоод нэг сайн хайгаадхаач гэж хэлсэн чинь Г очиж хайгаад тэгээд 3-4 дүгээр ангийн хүүхэд Г-тай тааралдахаар нь “Ахын дүү хар нохой гөлөгнүүдээ дагуулаад явж байгаа харагдсан уу” гэсэн чинь манай хашаа руу заагаад тэр хашаанаас гөлөгнүүдийг гаслуулаад саарал өнгийн, сонато-5,6 шиг маркийн машинд суулгаад аваад явсан. Машины дугаарыг нь харж бол чадаагүй гэж хэлсэн. Тэгээд Г бас “Х” гээд дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт саарал өнгийн сонота-5 маркийн марк дугаар тодорхойгүй машин явж байгаа бүхий дүрс бичигдсэн байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллага руу 17 цагийн орчим шууд залгаад болсон асуудлын талаар хэлсэн юм. Манай эх нохой шар халтар өнгийн, цээжиндээ цагаантай, хүзүүндээ чиптэй байсан. 2 гөлөг нь хүзүү хэсэг нь бага байхдаа шарх авч байсан шархтай, харин 2 гөлөг нь ямар нэгэн онцлог содон шинж тэмдэг байхгүй. Манай хашаа бол яг биш байгаа юм. Тухайн эвдэрсэн гээд байгаа хашаа нь манай урд айлын хашаа байгаа юм. Урд нь тэгж эвдрээгүй байсан юм...Миний хувьд алдагдсан нохойгоо гөлөгнүүдийн хамт цагдаагийн байгууллагын тусламжаар олж авсан нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн  46-47 дугаар хуудас/,

Гэрч Ц.М-н: “...Тэгээд 17 цагийн орчим гэрээсээ гараад угаадас асгасан. Тэгээд хашаанд байдаг нохойгоо дуудахад нэг гөлөг нь гарч ирсэн. Харин нөгөө 4 гөлөг нь эхтэйгээ хамт гарч ирэхгүй байхаар нь алга болсон юм байх гэж бодоод хашааны хаалга руугаа очсон. Тэгтэл хашааны хүн ордог хаалга цоожтой байсан боловч цоож нь онгойсон хаалга онгорхой байсан. Тэгээд би нөхөр рүүгээ утсаар ярьж нохой гөлөгнүүдийнхээ хамтаар алга болсон байна гэж хэлсэн. Манай нөхөр сая ирээд цагдаад дуудлага өгсөн юм. Надад ямар нэгэн чимээ сонсогдоогүй. Уг нь манай нохойнууд дуу гарах ёстой. Гэхдээ өнөөдөр ямар нэгэн чимээ сонсогдоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,

Гэрч Ц.Г-н: “...2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 17 цаг 07 минутад манай хуурай ах Э ах надруу залгаад “нохой алга болсон байна, чи гэрт очоодох” гэж хэлсэн. Тэгээд 17 цаг 30 минутын орчим Э ахын гэрт нь ирсэн. Хашааны хаалга хаалттай боловч хашааны банзнууд  нь хугарсан  байсан.  Тэгэхээр нь би урагшаа замруу гараад төв зам дээр явж байсан 17,18 орчим настай хүүхэд , нэг нь 5-6 настай хүүхдүүдтэй тааралдаад “энд байсан гөлөгнүүдийг харсан уу” гэж асуухад тэр 2 хүүхэд “тэр хашааны үүдэн дээрээс соната-5,6 шиг машинтай өндөр нам 2 залуу гөлөгнүүдийг орилуулаад ачаад явсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь “Х” хүнсний дэлгүүрийн хяналтын камерыг шүүж үзсэн. Тухайн камерын бичлэг дээр соната-5 загварын саарал өнгийн сэжигтэй тээврийн хэрэгсэл байсан. Гэхдээ машиных нь номер серийн дугаар харагдахгүй байсан. Эх нь улаан халтар Монгол банхар байсан. 3 настай ногоон өнгийн хүзүүвчтэй байсан. Харин алга болсон 4 гөлөг нь төрөөд 45 хонож байсан 4 нүдтэй саарал халтар гөлөгнүүд байсан. Алга болсон гөлөгнүүд бүгд эм хүйстэй. 2 гөлөг нь хүзүү хэсгээрээ тасрахад эдгэрч байгаа хуучин сорвитой байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/,

Гэрч Л.Ү: “...Би 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Ц-с түүний ... ӨВА улсын дугаартай саарал өнгийн Соната-5 маркийн тээврийн хэрэгслийг 1.300.000 төгрөгөөр худалдан авч байсан. Би тухайн машиныг худалдан аваад ... хоног унаж байгаад зарахаар болсон тухайн машин нь эвдрэлтэй байсан учраас зарахаар болж Фэйсбүүк хуудсанд зарна гэж зар байршуулсан. Зар тавиад 2 хоногийн дараа өндөр нуруутай, махлаг биетэй бор царайтай 30 орчим настай эрэгтэй хүн 700.000 төгрөгөөр зарсан. Тухайн хүний утасны дугаарыг сайн санахгүй байна. Гэр нь зурагтад байдаг гэсэн. Би тухайн хүнд зарахдаа нэрээ шилжүүлээгүй. Анх би Ц-с авахдаа нэрээ шилжүүлээгүй юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/,

Гэрч Б.О: “...Миний хувьд эхээс 2-уулаа бөгөөд манай дүү Б нь айлын бага хүүхэд байгаа юм. Манай дүүгийн хувийн зан байдлын хувьд даруухан зан чанартай, гэрээс гараад байдаггүй, хүнд тусархуу, олон зан ааш байхгүй хүүхэд байгаа юм. Дотно найз нөхөрлөдөг гэвэл М-тай нэг гудамжинд байдаг болохоор нөхөрлөдөг юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 47 дугаар хуудас/,

Гэрч Б.Н: “...Манай найз залуугийн хувьд шударга зан чанартай, хүн чанартай. Хүнийг бодсон сэтгэлтэй, зарим зүйлийг өөрийнхөөрөө хийх гээд байдаг. Хүнээс зөвлөгөө авах үг сонсох дургүй байсан. Сүүлийн үед энэ зан чанараа засаад гайгүй болж байгаа юм. Айлын том хүүхэд бөгөөд доороо эмэгтэй дүүтэй, дуртай зүйл нь сагс тоглох дуртай, машин барих дуртай, дургүй зүйл нь мэдэхгүй байна. Тамхи хааяа татдаг. Архи бол уудаггүй. Машин байнга барьдаг болохоор уудаггүй юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/

Гэрч Т.Т: “...Ц.Э гэх хүнийг танина. Манай дэлгүүрээс ирж ер нь дандаа нохой авдаг байсан. Манайхаас он сарыг нь сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан 4 нохой авч байсан. 2016 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Э гэх залуу манай М дэлгүүрээс улаан халтар зүсмийн 1 сартай охин нохойг 1.500.000 төгрөгөөр авч байсан. Манайх нохойн дэлгүүрээ байгуулаад 2004 оноос одоог хүртэл ажиллаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 48 дугаар хуудас/,

         Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд              

          Яллагдагч С.М: “...2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр найз Б-н гэрт нь очсон, бид хоёр Баянхошууны эцэс рүү халтуур хийх гээд явсан, тэндээс 2 хүн аваад Буянт-Ухаа 1 хороолол руу Нисэхийн цагаан байрнуудын дунд буулгасан. Тэгээд буцах замд Спорт цогцолборын тойрог дээр настайвтар эгч гар өргөөд Ө хороолол руу тохироод явчих уу гээд 10 000 төгрөгөөр явахаар болсон. Тэгээд хороололд тэр эгчийг тухайн нохой байсан хашааны ойролцоо буулгасан. Шороон замаас буугаад гудамж руу ороход яг жалганы ирмэг дээр монгол банхар нохой, 3 гөлөгний хамт явж байсан, Б бид хоёр дуудсан. Б нохойн нэг гөлөгийг барьсан би бас нэг гөлөгийг бариад машинд оруулсан, дахиад нэг гөлөгийг хашааны гаднаас барьж авсан, дахиад нөгөө гөлөгийг нь хашааны хаалгыг онгойлгоод дуудаад машиндаа оруулсан, эх нохой дагаад байхаар нь бас машиндаа оруулсан. Ингээд эм Монгол банхар нохойг 4 гөлөгний хамт машиндаа хийгээд шууд Баянхошуу руу гэр рүүгээ явсан. Тэгээд Б гэртээ сууж үлдээд би гэр рүү тухайн Монгол банхар нохойг 4 тооны гөлөгний хамт гэр рүү аваачиж, гэрийнхээ хашаанд оруулж тавьсан. Тэгээд энэ өдрөө орой нь Б-н фэйсбүүк хаяг буюу Б.У гэсэн хаягнаас Кавказын 45 хоногтой гөлөг яаралтай зарна гээд Б-н тухайн үед барьж байсан 80......... гэсэн дугаарыг тавиад нэг бүрийг нь 50.000 төгрөгөөр зарна утгатай зар оруулсан юм. Тэгээд маргааш өдөр нь цагдаад баригдсан юм. Миний хувьд би нохой сонирхдог юм. Тэгээд нохой нь бандгар хөөрхөн харагдаад байхаар нь гөлөгнүүдийг нь авч байсан юм. Хамгийн сүүлийн гөлөг нь мөнгөлөг саарал өнгийн хашааны жижиг хаалгыг нь онгойлгоод тухайн гөлөгийг нь дуудаад тэгээд аваад явчихсан юм. Хашааны хаалгыг нь онгойлгоод дуудсан. Тухайн Монгол банхар болон гөлөгнүүдийг хэн нэгний эзэмшлийнх гэдгийг мэдэж байсан. Тухайн үед сүүлийн гөлөгийг авах гэж байхдаа хашааны хаалгыг нь нүдсэн чинь хүн гарч ирэхгүй байхаар нь дуудаж байгаад л аваад явчихсан юм. Тухайн үед унаж явсан машин нь манай ээж Ш.С нь худалдах худалдан авах гэрээ байгуулж Б.Б-с 1.200.000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд өөрсдийнхөө нэр дээр шилжүүлж авч амжаагүй юм. Миний хувьд хийсэн үйлдэлдээ харамсаж байна...” гэх мэдүүлэг /67-70 дугаар хуудас/,

          Яллагдагч Б.Б-н: “...2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр найз Б надтай уулзах гээд ирсэн, тэгээд бид хоёр Баянхошууны шинэ эцэс рүү явсан тэндээс тамхи авчихаад татаж байсан чинь ахимаг насны 2 ах гараа өргөсөн, тэр хоёрыг Буянт-Ухаа 1  хорооллын тэр хавьд буулгачихаад  буцаад наашаа явж байсан чинь Спорт цогцолборын ар талын тойрог хавиас нэг эгч гар өргөсөн. Тэгээд бид хоёрыг Ө хороолол руу явах уу гэж хэлсэн, Ө хороололд тэр эгч буугаад явсан. Би буугаад бие засаж байсан чинь тухайн гудамжинд 3 саарал гөлөг явж байсан. Тэгээд ойролцоох хашаанд нь нас адилхан 1 гөлөг явж байхаар нь дуудсан чинь хашаанаас гараад ирсэн, гөлөг явж байхаар нь дуудсан чинь хашаанаас гараад ирсэн, гөлөгнүүдийг эхийн хамт аваад машин хийгээд явсан. Тухайн гөлөгнүүдийн эх нь Монгол банхар нохой байсан. Ингээд М нохойг, гөлөгнүүдийн хамт аваад явсан. Ингээд маргааш нь билүү дараа өдөр нь билүү одоо сайн санахгүй байна. Нохой зарна гэсэн группт “Кавказ гөлөг хямд зарна, яаралтай гэсэн утгатай зар оруулаад тухайн үед өөрийнхөө барьж байсан 80....... дугаарын утсыг байршуулаад тус бүрийг 70.000 төгрөгөөр зарна гэж байгаад 50.000 төгрөгөөр зарна гэсэн юм. Зүгээр сонирхоод л хөөрхөн бандгар гөлөгнүүд байхаар нь авчихсан юм. Тухайн үед бол зарим гөлөг нь гадаа явж байх үед нь бол мэдээгүй юм. Тэгсэн чинь ойролцоох хашаанд нь зарим гөлөг нь байхаар ямар нэгэн хүний гөлөг байна гэдгийг мэдсэн. Тухайн үед хамгийн сүүлийн гөлөг нь хашаан дотроо байсан. Тэгэхээр нь дуудсан чинь хүрээд ирсэн юм. Тэгээд М-н машинд нь хийгээд аваад явчихсан. Миний хувьд хийсэн үйлдэлдээ харамсаж байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 73-76 дугаар хуудас/

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 78, 90 дүгээр хуудас/,

           -Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 89, 77 дугаар хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

-оршин суугаа хаягийн тодорхойлолт / хх-ийн 82,92 дугаар хуудас/

     Дамно ХХКомпани Хөрөнгийн үнэлгээний тайлан / хх-ийн 52-53 дугаар хуудас/  зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг  зөрчсөн байдал тогтоогдохгүй байна.

           Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч Б.Б, С.М нар бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо Ө ...тоотод оршин суух хохирогч Ц.Э эзэмшлийн монгол банхар нохойг 4 гөлөгний хамт гудамжинд явж байхад нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 1.190.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг /хх-ийн 67-70, 73-76 дугаар хуудас/, хохирогч Ц.Э мэдүүлэг /хх-ийн  46-47 дугаар хуудас/,  гэрч Ц.М-н мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/, гэрч Ц.Г-н мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/,  Дамно ХХКомпани Хөрөнгийн үнэлгээний тайлан: “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1.190.000 /нэг сая нэг зуун ерэн мянган төгрөг/-р үнэлэгдэв...” /хх-ийн 52-53 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” шууд санаатай гэмт үйлдлийг “Хулгайлах” гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчилан тогтоосон.

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Б, С.М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна.

Иймд шүүгдэгч Б.Б, С.М нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар,хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Б, С.М нар нь өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрч хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг буцааж өгсөн, хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан ялын төрөл хэмжээний дотор шүүгдэгч нарт нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.          

        Хохирогч Ц.Э нь алдагдсан нохойгоо гөлөгнүүдийн хамт буцаан авсан, нэхэмжлэх зүйл байхгүй байх тул шүүгдэгч Б.Б, С.М нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

         Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.Б, С.М нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  

1.Т овогт С.М, М овогт Б.Б нарыг бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.М-г 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар, Б.Б-г 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б, С.М нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

           4.Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй, Б.Б, С.М нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

           5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш ... хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

          6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Б.Б, С.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             П.ТУЯАТ