| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 197/2025/11103/И |
| Дугаар | 210/МА2026/00494 |
| Огноо | 2026-03-06 |
| Маргааны төрөл | үл хөдлөх эд хөрөнгийг дуудлга, худалдаагаар худалдах журам зөрчсөн , |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2026/00494
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 197/ШШ2025/18171 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Банкны төлбөр барагдуулах газарт холбогдох,
Анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь Банкны төлбөр барагдуулах газарт холбогдуулан анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 04/01-01 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “...шинжээч томилох тухай тогтоол үйлдэн үнэлгээ хийлгэхгүйгээр өөрсдийн дураар үнэлж, анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоол үйлдсэн нь хууль зөрчсөн” гэж, харин хариуцагч татгалзлын үндэслэлээ иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж тус тус тайлбарлажээ.
3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан үйл баримтыг зөв тогтоосон боловч гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн талаарх дүгнэлт алдаатай болсныг давж заалдах шатны шүүхээс залруулж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээнэ.
3.1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2016/00039 дугаар захирамжаар хариуцагч *******, ******* нар 106,241,142.55 төгрөгийг нэхэмжлэгч *******-д төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нар шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээний барьцааны зүйл болох ******* тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 24 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, ******* тоот хаягт байрлах, газар эзэмших эрхийн 056201 дугаар бүхий, 700 м.кв талбайтай 15 жилийн эзэмших эрхийн гэрчилгээтэй газар зэргийг худалдан борлуулж, үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгаж шийдвэрлэжээ. /хх-ийн 29-32 дугаар тал/
3.2. Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн *******ийн өмчлөлийн ******* тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 24 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хураан авах ажиллагааг гүйцэтгэсэн, тухайн ажиллагаанууд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт тус тус нийцжээ. /хх-ийн 54-55, 65-66, 71-106/
3.3. Ийнхүү төлбөрт хураагдсан дээрх үл хөдлөх эд хөрөнгийн дуудлага худалдаа явуулах үеийн үнийг тогтоох зорилгоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд болон өмчлөгч ******* нараас үнийн санал авсан, *******ээс 380,000,000 төгрөгөөр үнэлж, үнийн талаар тохиролцоогүй байх тул хариуцагч байгууллагаас 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 3/18 дугаартай тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоох шинжээчээр *******-ийн үнэлгээчин *******ийг томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь заалтад нийцжээ. /хх-77-87/
3.4. Шинжээч нь үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 222,218,000 төгрөгөөр тогтоож, 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдөр үнэлгээний тайланг хариуцагч байгууллагад хүргүүлж, мөн өдрөө үнэлгээг талуудад танилцуулж, энэ талаарх мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлснийг хүлээн авсан болохыг 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баримтжуулжээ. Энэ ажиллагааны талаар гомдол гаргаагүй байна. /хх-88-106/
3.5. Улмаар, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 04/01-01 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол гарч, дуудлага худалдааны үнийг зах зээлийн үнийн 70 хувь болох 155,552,600 төгрөгөөр тогтоож, дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 72 дугаар зүйлийн 72.1, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт тус тус нийцжээ. /хх-ийн 107/
4. Иймд дээрх үйл баримтуудаар нэхэмжлэгчийн “шинжээч томилох тухай тогтоол үйлдэн үнэлгээ хийлгэхгүйгээр өөрсдийн дураар үнэлж, анхны албадан дуудлага худалдаа явуулахаар шийдвэрлэсэн” гэх агуулга бүхий тайлбар үгүйсгэгдэж, анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй байх тул энэ талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийг зөрчөөгүй байна.
4.1. Харин нэхэмжлэгчийн хувьд дээрх иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд биш тул эрх хөндөгдсөн асуудлаар гомдол гаргахад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт заасан журам хамаарахгүй. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болгосон нь хууль зүйн алдаатай дүгнэлт болсон, энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй боловч хэргийн шийдэлд нөлөөлөхгүй.
5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дараах гомдлыг мөн хангахгүй орхино.
5.1. 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт явуулж байсантай холбогдох тогтоолыг нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэхдээ ийнхүү шийдвэрлэх болсон үндэслэлийг тодорхой заасан байх ба уг дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй. Иймд шүүхээр нотлох баримт бүрдүүлэх эрхийг зөрчсөн гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол хангагдахгүй. /хх-ийн 147-148/
5.2. Анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэлийг анхан шатны шүүх 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгчийн 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 197/ШЗ2025/23276 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэжээ. /хх-ийн 1-6, 15/
Улмаар, 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгч нь хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасныг шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 197/ШЗ2025/85040 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзахдаа хуульд заасан хугацаа хэтрүүлсэн үндэслэлийг заасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 755 дугаар зүйлийн 755.5 дахь хэсэгт нийцсэн байхаас гадна энэ үндэслэлээр гарсан шүүгчийн захирамжид гомдол гаргаж болох талаар мөн хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт заагаагүй байна. Иймд шүүх нэмэгдүүлсэн шаардлагыг 6 сар 18 хоног дарагдуулсны эцэст гомдол гаргах эрхгүй захирамж гаргаж шийдвэрлэсэн гэх агуулга бүхий нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авахгүй.
6. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 197/ШШ2025/18171 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтын “...44 дүгээр зүйлийн 44.4” гэснийг “122 дугаар зүйлийн 122.3” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Ч.МӨНХЦЭЦЭГ
Т.ГАНДИЙМАА