Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 256

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Баярмаа,

   улсын яллагч Б.Гүнсэл,

  хохирогч Т.Э

   шүүгдэгч Н.Ц-, түүний өмгөөлөгч Б.Б-нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Н.Ц-д холбогдох 1810028190000 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

           Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Н.Ц- нь 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт Т.Э-тай маргалдаж, улмаар зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

.    

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Н.Ц-аас: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч Т.Э-аас: “...2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн өглөө 08 цаг 10 минутаас 09 цагийн хооронд хаалга барьдаг. Тэгээд 09 цагаас захиалагч компаниас ажилчдын дунд яриа хийдэг. Би тэнд хорь орчим хүнийг ахалж ажилладаг болохоор өглөөний ярианд заавал оролцдог. Хэрэг болдог өдөр би өглөөний ярианаасаа хоцрох гээд жоохон яаруу явж байсан. Хэрэг болдог газрын хашаанд өдөрт нэг байгууллагаас хоёр машин тавих зөвшөөрөл өгдөг. Машиныхаа дугаарыг бүртгүүлж машинаа тавих эрхтэй болдог юм. Тэр өдөр би дугаараа бүртгүүлж чадаагүй байсан, өглөөний ярианд орох шаардлагатай байсан. Өглөөний ярианаас хоцрох гээд яарч байсан болохоор машинаа үүдэнд байрлуулчихаад өөр нэг хамгаалагч байхаар нь би “ярианд орчихоод гараад ирье түр машинаа энд байрлуулчихъя” гэж хэлэхэд тэр хамгаалагч “за” гэсэн тэгээд машинаа үлдээгээд дотогшоо орсон. Тэгээд яриандаа орчихоод гараад иртэл нөгөө байсан хамгаалагч байхгүй Ц байсан тэгээд маргаан үүссэн. Гомдол, санал байхгүй. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ, одоо нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Хохирогч Т.Э-н “...2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ажил дээрээ очоод өглөө 09 цагт өглөөний яриа хийдэг бөгөөд ярианаасаа хоцрох гээд байхаар нь машинаа барилгын хашааны гадаа тавьчихаад тухайн барилгын харуул гэх настай ахад би орж яриандаа орж гарч ирээд машинаа доошоо тавьчихаад ирье гэж хэлсэн чинь тэг тэг гэж хэлсэн. Ингээд орох гэсэн боловч хар өнгийн урт нэхий өмссөн залуу намайг машинаа доошоо тавьчихаад ор гэж хэлсэн би хоцрох гээд байнаа сая байсан харуулд хэлсэн чинь тэг гэж хэлэхээр нь би тавиад орох гэж байна гэж хэлсэн чинь намайг оруулахгүй байсан. Тэгээд миний цамцнаас зуураад явуулахгүй гээд түлхээд байхаар нь чи ямар сүртэй юм бэ би орчихоод буцаж гарч ирээд машинаа доош нь байршуулчихъя гэж хэлсэн чинь үгүй гээд байсан тэгж байгаад миний нүүр хэсэг рүү нэг удаа цохиод миний хөл рүү өшиглөхөөр нь би “чи яагаад намайг зодоод байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгээд маргалдаж зогсож байгаад нүүр рүү нь нэг удаа тухайн залууг цохисон тэгтэл манай ажлын ах ирээд салгасан. Тэгэхээр нь би машинаа доошоо тавих гээд машин дээр очсон чинь ардаас тухайн намайг зодсон гэх залуу Ц ажлынхаа 2 залуутай ирээд миний толгой руу цохиод авсан тэгэхээр нь бид хоёр зууралдаад байж байсан чинь ажлынхаа нэг залуутай нийлээд намайг газар унагаагаад миний нүүр рүү өшиглөөд цохисон тэгэхээр нь би нүүрээ дараад газар хэвтсэн. Тэгээд нөгөө Ц гэх залууг чи нүд бүлтлээд хаячихлаа гэж хэлсэн чинь намайг цохиж зодохоо больсон.Ингээд би босоод ирсэн чинь баруун хөмсөгнөөс цус гарч байсан. Миний хөмсөгнөөс цус гараад толгой дүүрээд өвдөөд байсан. Би шүүх хуралд оролцоно. Би гомдолтой байна. Тухайн хэрэг гарсан тэр өдрөөс хойш ажилдаа яваагүй бөгөөд одоогийн байдлаар нийт 500.000 төгрөг зарцуулсан байгаа бөгөөд 1 дүгээр эмнэлгийн нүдний тасагт үзүүлж хугарсан ясыг авахуулах мэс засалд орох шаардлагатай байгаа. Цаашид хэдэн төгрөгний зардал гарахыг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/

Гэрч Н.Ө“...2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 09 цагийн орчим ажилдаа очсон чинь манай хамт ажилладаг залуу Э барилгын харуул болох нэрийг нь би мэдэхгүй сүүлд сонссон чинь Ц гэх залуутай маргалдаад зогсож байхаар нь очоод боль гэсэн чинь Э машин дээрээ очих гээд явсан тэгтэл араас нь барилгын харуул Ц явсан машин барилгын хашаа хоёрын хажууд очоод тэр хоёр ахиж ноцолдоод эхэлсэн тэгтэл барилгын харуул залуу Э-ын дээр гараад нүүр хэсэг рүү цохиод байсан ба Ц нь босохдоо Э-ын нүүр рүү өшиглөчих шиг болсон тэгээд Э боссон чинь баруун хөмсөг хэсгээс нь цус гарч байсан. Би сайн танихгүй тухайн барилгын харуулын хувцас өмссөн 2 залуу, Ц, бас энгийн хувцастай 2 хүн байсан тэр хоёр залууг сайн мэдэхгүй байсан. Намайг очиход газар унагаад толгой руу нь 2 удаа цохисон тэгээд босохдоо нүүр рүү нь өшиглөчих шиг харагдсан...." гэх мэдүүлэг/хх-ийн 18-19-р хуудас/

        Гэрч Г.Э-ын “...2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 08 цагийн орчим ажил дээрээ очсон чинь хашааны үүдэн дээр Ц нэг залуутай хоорондоо маргаад зогсож байсан тэгэхээр нь би нээх юм хэлэлгүй барилгын хашааруу яваад орсон. Зодоон болсон талаар би хараагүй сүүлд хүмүүс зодоон болсон гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 21-р хуудас/

Гэрч Д.М-ын “...тухайн барилга дээр ажилладаг залуу машинаа зогсох ёсгүй газар тавьсан тэгэхээр нь манай ээлжийн ахлах Ц энэ газар та машинаа тавьж болохгүй энд дугаар нь байгаа 10 машин зогсох ёстой машинаа өөр газар тавьчихаад орчих гэж хэлсэн. Тэгтэл нөгөө залуу энд тавьчихаад орчихоод ирье гээд дайраад байсан. Тэгээд тэр хоёр хоорондоо маргалдаад байсан. Тэгэхээр нь би чи ажлаа хийж байгаа хүний шаардлага биелүүлэлдээ гэж хэлсэн чинь тухайн залуу Ц ахыг авгай шиг өглөө болгон ингэдэг нохой шиг ажил хийдэг гэж хэлсэн чинь Ц ах нүүр хэсэгт нь нэг алгадаад нэг удаа өшиглөсөн. Ингээд Цтай хоорондоо маргалдаад байсан тэгж байгаад Ц ахын нүүр рүү нэг удаа цохисон тэгээд нөгөө залуу газраас чулуу авсан. Тэгэхээр нь Ц ах чулууг нь тавиулах гээд хоорондоо ноцолдож байгаад хоёулаа унасан тэгэхээр нь очиж салгасан чинь Ц ахын өмд нь урагдаад нөгөө залуугийн хөмсөг хэсгээс нь цус гарсан босоод ирсэн тэгээд хоёр тийшээ салаад явсан. Хоорондоо маргалдаж байгаад нүүр хэсэгт нь нэг удаа алгадаад өшиглөсөн тэгээд газар унахдаа нөгөө залуугийн нүүр хэсгээс нь цус гарсан байсан. Би цохиж зодсон асуудал байхгүй. Намайг цохиж зодсон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 2...-25-р хуудас/

Гэрч Ө.А-ын: “...Би Хан-Уул дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа ... барилгын гадна фасадны ажлыг хийж байгаа туслан гүйцэтгэгч “...” ХХК-д инженерээр ажилладаг  юм. Би 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 08 цагаас 09 цагийн хооронд ажлынхаа хашаагаар орсон. Намайг хашаа руу орохоор алхаж байх үед хашааны үүд хэсэгт барилгын харуул нэг залуутай маргалдаад байх шиг байсан. Тэгээд ойртох үед харуул залуу нөгөө залууд машинаа холдуулахчихаад ор гэж байх шиг байсан. Харин нөгөө залуу нь уурлаад машинаа холдуулахгүй гээд байсан. Тэгээд би яг хашаагаар орж байхад тэр машины эзэн залуу нь харуулыг цохичихсон. Харин харуул залуу “хөөе яаж байнаа” гэтэл тэр залуу нь өрөлтөө аваад ухарч байх шиг байсан. Би түүнээс хойш болсон асуудлыг хараагүй ба түүнээс 2-3 цаг ормын дараа харуултай хэрүүл хийгээд байсан залууг хартал хөмсөг нь сэтэрсэн, цус болсон байсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/

Шинжээчийн дүгнэлт болон хэргийн талаар бусад нотлох баримтууд:

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 11 дугаартай дүгнэлт /хх-ийн 33 дугаар хуудас/

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Яллагдагч Н.Ц-ын: “...Би 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр өөрийн ажил болох Хан-Уул дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа ... барилгын талбайн хашаанд харуулын үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн үед өглөө 09 цаг болж байхад зөвхөн зөвшөөрөлтэй автомашин зогсдог зогсоолд зөвшөөрөлгүй машин зогсчихоор нь очтол тухайн барилгад шинээр орж байгаа бригадын дарга Э гэдэг залуу байсан. Би түүнд “өөр сул зогсоолд зогсчих, наана чинь зогсож болдоггүй юм” гэж хэлтэл “би энд зогсоно” гэж хэлсэн. Тэгээд би тухайн үед ажил цуглаад ажилчид ирж байсан болохоор би тэдгээрийн бичиг баримт болон архи уусан эсэхийг шалгаад зогсож байтал Э машинаас бууж ирээд орох гэхээр нь би “машинаа холдуулахгүй бол дотогш нэвтрүүлэхгүй” гэж хэлтэл Э машинаа холдуулахгүй гээд бид хоёр хоорондоо маргалдсан. Тэгтэл Э эхлээд миний нүүрэнд гараараа нэг удаа цохичихоор нь би зөрүүлээд түүний зүүн шанаа хэсэгт гараараа нэг удаа цохисон юм. Тэгтэл тухайн үед надтай хамт үүрэг гүйцэтгэж байсан М болон Э-тай хамт явж байсан залуу хоёр биднийг салгасан юм. Тэгээд Э-ыг хамт явсан найз нь аваад цааш явахаар нь би дотроо машинаа холдуулах гэж байна гэж бодтол Э эргэж гүйж ирээд намайг “адгийн эр хүний ажил хийдэг” гэх мэтээр хэл амаар доромжилж байгаад “хоёулаа үзье” гээд намайг заамдаад чирэхээр нь би гарыг нь тавиултал миний хамар хэсэгт цохиод миний хамарнаас цус гаргасан. Тэгээд би цусаа арчаад зогсож байтал Э машиныхаа хажууд очоод газраа чулуу аваад шидэх гээд далайгаад байхаар нь би хүний машины цонх хагалчихаж магадгүй гэж бодоод чулууг нь булааж авах гээд чулуу барьсан баруун гарынх нь шуу хэсгээс зүүн гараараа бариад баруун гараараа энгэр хэсгээс нь заамдаж бариад автал намайг тонгорох гээд ташаагаараа түлхэхээр нь би яг унах гээд тонгойхдоо Э-ын машины арын кырло хэсгээс нь нэг гараараа бариад Э-ын дээрээс нь давхралдаж унасан. Тэгээд Э босч иртэл баруун хөмсөг хэсгээс нь цус гарчихсан байсан. Би дахиж Э-тай муудалцаж хэрүүл маргаан хийлгүйгээр өөрийн ажилдаа орсон. Тухайн үед хэн хэний биеэ барьж чадахгүй байдлаас болж маргаан зодоон болсонд харамсаж байна. Би хохирогчийн биед учирсан гэмтлийг учруулаагүй. Гэхдээ бид хоёрын маргааны асуудлаас болж л хохирсон болохоор Т.Э-д эмчилгээний зардал 1.500.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг / хх-ийн 59-60 дугаар хуудас/

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 63 дугаар хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 65 дугаар хуудас/,

-Оршин суугаа хаягийн тодорхойлолт / хх-ийн 6... дүгээр хуудас/,

-Боловсролын талаарх мэдээлэл / хх-ийн 66-69 дүгээр хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3....1... дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.Ц-ын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

 

Шүүгдэгч Н.Ц- нь 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт Т.Э-тай маргалдаж, улмаар зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Т.Э-ын мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/, гэрч Н.Ө-н мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/, гэрч Г.Э-ын мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,гэрч Д.М-ын мэдүүлэг /хх-ийн 2...-25-р хуудас/, гэрч Ө.А-н мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 11 дугаартай

  1. Т.Э-ын биед дух, духны хөндийн урд хана, баруун нүдний ухархайн дээд, дотор хананы цөмөрсөн нийлмэл ил хугарал, баруун нүдний зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр  үүсгэгдэх боломжтой.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
  5. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 33 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн судлагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

    Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.Ц- нь хохирогч Т.Э-ын биед хүнд гэмтэл санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна.

Шүүгдэгч Н.Ц- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтын болоод гэм буруугийн талаар маргаагүй болно. Иймд шүүгдэгч Н.Ц-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 Шүүгдэгч Н.Ц- нь Т.Э-ыг зодож эрүүл мэндэд нь биед дух, духны хөндийн урд хана, баруун нүдний ухархайн дээд, дотор хананы цөмөрсөн нийлмэл ил хугарал, баруун нүдний зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, баруун хацарт зулгаралт бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчид торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг:

  Шүүгдэгч Н.Ц- нь эмчилгээний зардалд хохирогч Т.Э-д 1.500.000 төгрөгийг төлсөн байна. /хх-ийн 89 дүгээр хуудас/

 “Гэм буруутай үйлдэл, эс үйлдэхгүйгээр бусдын… эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй ба…бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн ...97 дугаар зүйлийн ...97.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зохицуулсан байна.

 Хохирогч Т.Э нь цаашид гарах эмчилгээний зардал, бусад зардал зэргийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж байна.

 Шүүх, шүүгдэгч Н.Ц-ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

           Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар  хураагдсан 1 ширхэг СД-ийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Н.Ц- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж байна.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн ..., 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага

ТОГТООХ нь:

  

1. Ш овогт Н.Ц-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Ц-ыг 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн ... дэх хэсэгт зааснаар Н.Ц-ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

         .... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Н.Ц-д мэдэгдсүгэй.

          5.Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-ийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй, Н.Ц- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

           6.Хохирогч Т.Э нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн ..., 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 1... хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Н.Ц-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             П.ТУЯАТ