| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пагамын Туяат |
| Хэргийн индекс | 187/2019/0244/Э |
| Дугаар | 258 |
| Огноо | 2019-04-02 |
| Зүйл хэсэг | 19.14.1., |
| Улсын яллагч | Ж.Энх-Амгалан |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 258
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж,
хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Баярмаа хөтлөн,
улсын яллагч Ж.Энх-Амгалан,
шүүгдэгч Ц.Г, түүний өмгөөлөгч Ц.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Ц.Г-д холбогдох эрүүгийн 1902000000000 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн,
-Сүхбаатарын районы ардын шүүхийн 1988 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн ... дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-д зааснаар 1 жилийн хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ялаар,
- Сүхбаатар районы ардын шүүхээр 1989 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сар 10 хоногийн хорих ялаар,
-Сүхбаатар дүүргийн шүүхийн 1993 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн ... тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар,
-2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Москва хотын Мещанский дүүргийн шүүхээр Оросын холбооны улсын Эрүүгийн хуулийн 158 дугаар зүйл ангийн 2 хэсгийн в зүйлээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн,
Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Ц.Г нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн аялалын ОМ-.... дугаар онгоцоор зорчин ирэхдээ Б.А нэрээр Т003... дугаартай буцах үнэмлэх буюу хуурамч баримт бичиг ашиглан “Чингис хаан” агаарын замын хилийн боомтоор Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг
Шүүгдэгч Ц.Г-с: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж хэлэх зүйлгүй...” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:
Гэрч Ж.Д: “...Ц.Г болон Б.А нарын нэрээр улсын хилээр зорчиж байсан ямар ч бүртгэл мэдээлэл байхгүй байсан. Надад хэлэхдээ би Б.А мөн гэж их зүтгэсэн. Манай заставын шалгах нэвтрүүлэх албаны орлогч а/д Г.Б нь зорчигчдийг угтан авч байгаа иргэдээс зорчигч тосож байгаа хүн байна уу гэж асуухад Г гэдэг зорчигчийг тосож байгаа гэж нэг хүн хэлсэн байсан. Ингэж тэр зорчигчийг Ц.Г гэдгийг таньж мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/
Гэрч Ц.Ю:“...12 сард дахиад холбогдоод түр саатуулах байрнаас цагдаа нар шууд Монгол Улс руу явуулж байгаа ба 12 дугаар сарын 28-ны өдөр Монголд ирнэ гэж хэлсэн юм шиг байна лээ. Тэгээд 2018 оны 12 дугар сарын 28-ны өдөр манай дүү Ц нь Буянт-Ухаа онгоцны буудлаас Г-г тоссон боловч бичиг баримтын асуудалтай удаад байна гээд намайг дуудсан. Би очоод Г-г авсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 81 дүгээр хуудас/
Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд
-Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16-17, 78-79 дүгээр хуудас/
-Б.А-н нас барсаны лавлагаа /хх-ийн 24 дугаар хуудас/
-Хилийн зөрчлийн материал /хх-ийн 4-11 дүгээр хуудас/
-Хил нэвтэрсэн эсэх лавлагаа /хх-ийн 22 дугаар хуудас/
-Б.А-н нэрээр буцах үнэмлэх олгосон бармит бичгийн хуулбар /хх-ийн 41-62 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд
Шүүгдэгч Ц.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2006 онд ОХУ-руу яваад тэндээ хууль бусаар ажиллаж амьдарч байсан юм. Би ОХУ-д ажиллаж амьдарч байх хугацаандаа өөрийн бичиг баримтаа дээрэмдүүлсэн юм. Тэгээд би 2016 онд Б.А гэх нэртэй буцах үнэмлэхийг үл таних хүнээс 500 рубелээр худалдаж авч байсан. Тэгээд 2016 онд ресторанаас дугтуйтай мөнгө хулгайлсан хэргээр цагдаад баригдаж 2 жилийн ял аваад хоригдож байгаад 2018 оны 06 дугаар сард суллагдаад хаягын бүртгэлгүй гэж дамжин хөнгөрүүлэх төвд 6 сар хоригдож байх хугацаанд ОХУ-н хуулийн байгууллагаас Монгол улсын Элчин сайдын яаманд хандаж Б.А нэрээр буцах үнэмлэх гаргуулан авч надад өгсөн юм. Тэгээд 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр намайг цагдаа нар Олон улсын нисэх буудалд хүргэж ирж Монголын онгоцонд суулгаж бичиг баримтыг минь онгоцны бүрэлдэхүүнд өгсөн юм. 2018 оны 12 дугаар сарын 28-ны өглөө үүрээр Буянт-Ухаа агаарын замын боомтод буугаад хилийн ажилтан нарт шалгуулаад надаас Б.А мөн үү гэж асуухад нь би мөн гэж хариулсан юм. Мөн надаас регистрийн дугаар асуухад нь би мэдэхгүй, Монголдоо л хүрээд ирлээ боллоо гэж хэлтэл надад хилийн зөрчлийн материал бүрдүүлж хуулийн байгууллагад шилжүүлсэн...Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 97-98 дугаар хуудас/
Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:
-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 28 дугаар хуудас/,
-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 100 дугаар хуудас/,
-Боловсролын талаарх мэдээлэл /хх-ийн 101-104 дүгээр хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:
Шүүгдэгч Ц.Г нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн аялалын ОМ-... дугаар онгоцоор зорчин ирэхдээ Б.А нэрээр Т00..... дугаартай буцах үнэмлэх буюу хуурамч баримт бичиг ашиглан “Чингис хаан” агаарын замын хилийн боомтоор Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 97-98 дугаар хуудас/, гэрч Ж.Д-н мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/, гэрч Ц.Ю-н мэдүүлэг /хх-ийн 81 дүгээр хуудас/, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16-17, 78-79 дүгээр хуудас/,Б.А-н нас барсаны лавлагаа /хх-ийн 24 дугаар хуудас/, хилийн зөрчлийн материал /хх-ийн 4-11 дүгээр хуудас/,хил нэвтэрсэн эсэх лавлагаа /хх-ийн 22 дугаар хуудас/, Б.Аы нэрээр буцах үнэмлэх олгосон баримт бичгийн хуулбар /хх-ийн 41-62 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Монгол улсын Хилийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрийн зах хязгаарыг газрын гадаргуу, усны мандал дээр хил залгаа улсын нутаг дэвсгэрийн хязгаараас зааглаж, Монгол Улсын олон улсын гэрээгээр тодорхойлж, тогтоосон шугамыг Монгол Улсын хил гэнэ” гэж заасан ба улсын хил нь халдашгүй дархан байх бөгөөд Монгол улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, хуурамч баримт бичгээр, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр Монгол улсын хилийг нэвтэрсэн үйлдлийг Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэрэгт тооцохоор хуульчилж тогтоосон.
Шүүгдэгч Ц.Г нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн аялалын ОМ-... дугаар онгоцоор зорчин ирэхдээ Б.А нэрээр Т003.... дугаартай буцах үнэмлэх буюу хуурамч баримт бичиг ашиглан “Чингис хаан” агаарын замын хилийн боомтоор Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан хэргийн шинжийг хангасан, зүйлчлэл нь тохирсон байх тул түүнийг хуурамч баримт бичиг ашиглан Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Г нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч Ц.Г нь Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “хуурамч баримт бичиг ашиглан Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчид хорих ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Г-д ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч чин санаанаасаа гэмшиж байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болгон харгалзан үзсэн болно.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Т003... гэсэн дугаартай буцах үнэмлэх 1 ширхэгийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын харъяа Иргэний бүртгэлийн газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Ц.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. А овогт Ц.Г-г хуурамч баримт бичиг ашиглан Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Г-г 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар Ц.Г-д оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Т003... дугаартай буцах үнэмлэхийг 1 ширхэгийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын харъяа Иргэний бүртгэлийн газарт хүргүүлсүгэй.
5.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Ц.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурсугай.
6. Ц.Гад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс эхлэн цагдан хорьж ял эдлэх хугацааг 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Ц.Г-д авсан цагдан хорих гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ТУЯАТ