Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2026/00493

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 192/ШШ2025/10795 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******-д холбогдох,

Зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг даалгах үндсэн,

2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 135,332,902.21 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах, 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 70,027,506.75 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах, нотариатын зардалд 31,200 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Миний нөхөр ******* нь *******тай 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ЗГ/202146912223 тоот зээлийн гэрээ байгуулахдаа ******* намайг хамтран үүрэг гүйцэтгэгчээр оруулж, 100,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй зээлэхээр тохирч, миний зөвшөөрөлгүйгээр ******* тоот хаягт байрлах орон сууцыг барьцаалсан байсан.

1.2. Нөхөр ******* нь 2022 оны 2 дугаар сарын 26-ны өдөр зам тээврийн ослын улмаас нас барсан ба 2023 оны 3 дугаар сарын сүүлээр *******наас дуудаж зээлээ хэрхэн төлөх талаар бичиж өгөхийг шаардсан. Тухайн үед төлөх ёстой юм байна гэж ойлгон сар бүр 1,000,000 төгрөгийг төлж байсан. Гэтэл дээрх зээлийн болон барьцааны гэрээнд зурагдсан гарын үсэг минийх биш байсан. Иймд гарын үсэг зураагүй, орон сууцаа барьцаалуулах зөвшөөрлийг өгөөгүй зээлийн төлбөрийг төлөх үндэслэлгүй.

1.3. Иймд 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 3Г/202146912223 тоот зээлийн гэрээ болон мөн өдрийн БГҮ202146912223 тоот барьцааны гэрээнүүдэд зөвшөөрч гарын үсэг зураагүй тул хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, ******* тоот хаягт байрлах, үл хөдлөх эд хөрөнгийн ******* дугаарт бүртгэлтэй, орон сууцыг барьцаанаас чөлөөлж өгнө үү. 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр зээлдэгч нар 100,000,000 төгрөгийн зээлийг гэр бүлийн бизнесээ өргөжүүлэх зориулалттай авсан бөгөөд зээлийн судалгааны явцад хамтран үүрэг гүйцэтгэгч ******* нь банканд ажлын байрны тодорхойлолт, цалингийн тодорхойлолт зэргийг гарган өгч, зээлийн өргөдлийг бөглөж, гэрээ байгуулах үед талууд биечлэн байлцаж хуульд заасны дагуу гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн. Мөн үндсэн зээлдэгч ******* нас барсны дараа ******* нь зээлийг хүлээн зөвшөөрч төлж байсан болох нь хэрэгт авагдсан зээлийн дансны хуулгаар нотлогдоно.

2.2. Гэрээнд гарын үсэг зураагүй гэх үйл баримттай холбоотой гарсан шинжээчийн дүгнэлт нь *******гийн тухайн үеийн гарын үсэг нь шинжилгээнд өгч байгаа чөлөөт харьцангуй 3 гарын үсэгтэй тохирохгүй байна гэх байдлаар гарсан дүгнэлт юм. Түүнээс биш зээлийн гэрээ байгуулах үед ******* ирсэн, зээлийг авсан эсэхийг нотлохгүй.

2.3. Мөн нэхэмжлэлийн шаардлагын хувьд гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулъя гэх боловч хуульд заасан хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлд хамаарахгүй, Иргэний хуулийн 160 дугаар зүйлд зааснаар барьцааны гэрээ дуусгавар болох үндэслэлд ч хамаарахгүй тул хуулийн ямар үндэслэлээр барьцаанаас чөлөөлүүлэх гээд байгаа нь тодорхойгүй. Иймд нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй тул бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

3. Хариуцагч *******-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

3.1. Зээлдэгч *******, хамтран үүрэг гүйцэтгэгч ******* нар нь *******-тай гэрээ байгуулж, 100,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалуулагч ******* нь *******-тай 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр БГҮ202146912223 тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, *******гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* тоот үл хөдлөх хөдлөх хөрөнгийг барьцаалуулсан.

Зээлдэгч нар үндсэн зээлд 21,394,000 төгрөг, хүү 4,753,126 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 213 төгрөг нийт 26,147,339 төгрөг төлсөн. Харин 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар үндсэн зээл 78,606,000 төгрөг, хүү 50,351,966.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,374,935.34 төгрөг нийт 135,332,902.21 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу *******гаас зээлийн төлбөрт 135,332,902.21 төгрөг гаргуулж, төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох *******гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

3.2. Мөн зээлдэгч *******, ******* нар *******-тай 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр ЗГ/202146428540 дугаар зээлийн гэрээ байгуулж, 50,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, бизнесийн зориулалтаар зээлж, барьцааны гэрээ байгуулан *******гийн өмчлөлийн ******* тоот 26.2 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, авто зогсоол, мөн ******* улсын дугаартай, ******* арлын дугаартай, Toyota prius маркийн автомашин, бараа материалыг тус тус барьцаалуулсан.

Зээлдэгч нар нь үндсэн зээлд 10,195,155 төгрөг, хүү 6,096,134 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 245 төгрөг, нийт 16,291,534 төгрөг төлсөн. Иймд 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 39,804,844.90 төгрөг, хүү 26,344,416.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,878,245.34 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 31,500 төгрөг нийт 70,059,006 төгрөгийг гаргуулж, зээлийн төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

4. Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

4.1. 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ2021146912223 тоот зээлийн болон барьцааны гэрээнд миний бие гарын үсэг зурж байгаагүй, зурагдсан гарын үсгүүд миний гарын үсэг биш болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. ******* тоот хаягт байрлах орон сууцыг миний зөвшөөрөлгүйгээр хууль бус гэрээ байгуулж, миний өмчлөлийн орон сууцыг барьцаалсан байсан. Миний бие тус зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр оролцож байгаагүй, өөрийн өмчлөлийн орон сууцыг барьцаанд тавих зөвшөөрөл, итгэмжлэл өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

4.2. Харин 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 50,000,000 төгрөгийн зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсанд маргахгүй. Гэхдээ үндсэн зээл 39,804,844 төгрөгөөс 100,000,000 төгрөгийн зээлд хариуцагч *******-ийн автоматаар татаж суутгасан 16,000,000 төгрөгийг хасаж тооцуулж, 16,000,000 төгрөгтэй уялдуулан хүү алдангийн тооцоололд зохих өөрчлөлтийг оруулж тооцоолсон үлдэгдэл төлбөрийг төлөхөд татгалзахгүй. Бид 50,000,000 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэл болох 39,804,840 төгрөгөөс үндэслэлгүйгээр татсан 16,000,000 төгрөгийг хасаж тооцоод үлдэгдэл төлбөрийг хүлээн зөвшөөрч байна.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.8, 56.5, 242 дугаар зүйлийн 242.1-д заасныг баримтлан *******, “*******” ХХК нарын хооронд 2021.10.25-ны өдөр байгуулагдсан БГҮ202146912223 дугаар барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, *******гийн өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* тоот хаягт байрлалтай, орон сууцыг №11-2046023 дугаар барьцаалбарт бүртгэсэн барьцаа хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагч *******-д даалгаж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх *******, “*******” ХХК нарын хооронд 2021.10.25-ны өдөр байгуулагдсан ЗГ/202146912223 дугаар зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар 2021.06.03-ны өдрийн ЗГ/202146428540 дугаар зээлийн гэрээний үүрэгт 70,027,506.75 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 31,500 төгрөг, нийт 70,059,006 төгрөгийг нэхэмжлэгч *******гаас гаргуулан хариуцагч *******-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2025.10.21-ний өдрийн ЗГ/202146912223 дугаар зээлийн гэрээний үүрэгт 135,332,902.21 төгрөг гаргуулах, *******гийн өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* тоот хаягт байрлалтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар нэхэмжлэгч ******* нь зээлийн төлбөрт 70,027,506.75 төгрөгийг төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд *******гийн өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* тоот хаягт байрлах, 26.2 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, арлын *******, улсын ******* дугаартай, Toyota prius маркийн тээврийн хэрэгсэл, бараа материал зэргийг хуульд нийцүүлэн албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн 728,150 /657,950+70,200/ төгрөгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,483,260 /508,245+70,200+834,615+70,200/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-иас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэгчээс 581,100 /510,900+70,200/ төгрөг гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 2025.10.21-ний өдрийн 3Г/202146912223 дугаар зээлийн гэрээний үүрэгт 135,332,902.21 төгрөг гаргуулах, *******гийн өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* тоот хаягт байрлалтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3, 451 дүгээр зүйлийн 452.1, 451.2, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.8, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2, 26.2 дахь хэсэгт заасан зохицуулалтыг буруу, зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн байна.

-Шийдвэрийн үндэслэх хэсгийн 8-д “2021.10.25-ны өдрийн 31202146912223 тоот 100,000,000 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд, нэхэмжлэгч маргаан бүхий дээр дурдсан зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй гэх үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор шаардсан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д хэлцэл хүчин төгөлдөр бус байх нөхцөлүүдийг тодорхойлсон ба хамтран үүрэг гүйцэтгэгчээр гэрээнд гарын үсэг зураагүй гэх үндэслэл нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх хуульд тодорхойлон заасан үндэслэлд хамаарахгүй. Иймд 2021.10.25-ны өдрийн “*******” ХХК-тай байгуулсан 3Г202146912223 дугаар зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй” гэсэн хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн.

Гэтэл үндэслэх хэсгийн 9-т “...шинжээчийн дүгнэлтүүдийг гэрээ байгуулагдаж гарын үсэг зурсан гэх 2021.10.25-ны өдөр нэхэмжлэгч ******* эмнэлэгт хэвтэж байсан болох нь бичгийн баримтаар нотлогдож байгаатай харьцуулан дүгнэвэл хариуцагч *******-ийн зээлийн болон барьцааны гэрээг байгуулахад нэхэмжлэгч ******* биечлэн байлцаж, өөрөө гарын үсэг зурсан гэх татгалзал үгүйсгэгдэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ******* болон ******* нарын хооронд 2021.10.25-ны өдөр байгуулагдсан БГУ202146912223 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнд өмчлөгч ******* гарын үсэг зурсан эсэх нь хэргийн баримтаар эргэлзээгүй тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй байгуулагдсан хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, мөн хуулийн 56.5-т зааснаар *******гийн өмчлөлийн барьцаа хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагч *******-д даалгахаар шийдвэрлэв” гэжээ.

Тус шүүхийн 2025.12.16-ны өдрийн 192/ТМ2025/17365 дугаартай тэмдэглэлийн 5 дугаар хуудсанд ******* нь түүний нөхөр зээл хүссэн өргөдөл бөглүүлсэн, ажлын газрын тодорхойлолт өгсөн гэж хариулсан, уг хариултаас дүгнэж үзвэл түүний нөхөр ******* нь *******наас зээл авах гэж байгаа гэдгээ эхнэр *******д хэлж түүнд *******ны зээлийн өргөдлийг өгч уг өргөдөлд дурдсан мэдээлэл буюу зээл хүсэгчийн мэдээлэл, зээлийн хүсэлт зээлдэгч *******ийн тус банкнаас хүсэж буй 100,000,000 төгрөгийн бизнесийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй авах гэж бичсэн, боловсрол, ажил эрхлэлтийн болон бизнесийн мэдээлэл, барьцаалуулах үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл хэсгүүдтэй ******* танилцан гарын үсэг зурж, зээлийн болон барьцааны гэрээ байгуулах хүсэл зоригоо илэрхийлсэн, мөн ******* нь ажил олгогч *******-д хүсэлт гарган захирал *******гээр баталгаажуулан ажил байдлын тодорхойлолтоо өгсөн болох нь нотлогддог.

Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1, 195.5-д зааснаар талуудын хооронд үүссэн зээлийн болон барьцааны гэрээний нэг тал болох ******* нь зээлийн өргөдөлд дурдсан буюу зээлийн хүсэлт хэсэгт зээлдэгч *******ийн *******наас хүсэж буй 100,000,000 төгрөгийн бизнесийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй авах хүсэлтэй байгаа гэсэн гэрээ байгуулах саналаа өгснөөр, ******* уг саналыг өөрчлөлгүйгээр хүлээн зөвшөөрснөөр тухайн гэрээ байгуулагдсанд тооцогдохоор байна. Иймд Иргэний хуулийн 39.1, 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар гэрээ байгуулсанд тооцно гэж заасныг зөрчөөгүй, хуульд заасан журмын дагуу байгуулагдсан.

6.2. Мөн гэрээг хүчин хүчин төгөлдөр бус гэж үзэх хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй. Үүнийг мөн шүүгч үндэслэл бүхий дүгнэн 2021.10.25-ны өдрийн “*******” ХХК-тай байгуулсан ЗГ202146912223 дугаар зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул ******* Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 195 дугаар зүйлийн 195.5, 196.1.2, 242 дугаар зүйлийн 242.1, 242.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.8, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1. 21.2, 26.2 дахь хэсэгт заасныг үндэслэн *******гаас 2025.10.21-ний өдрийн ЗГ/202146912223 дугаар зээлийн гэрээний үүрэгт 135,332,902.21 төгрөг гаргуулахаар шаардах хууль зүйн үндэслэлтэй тул тус шаардлагыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

6.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нотлох баримт үнэлэх зарчмыг хэргийн оролцогчоос гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлнэ гэж тогтоосон байхад шүүх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй.

Хэргийн баримтаас үзвэл, хамтран үүрэг гүйцэтгэгч ******* банкнаас зээл хүсэхдээ *******ны зээлийн өргөдлийн маягтад дурдсан мэдээллийг өөрөө бичиж, зээлийн барьцаа хөрөнгө шалгасан актад гарын үсгээ зурж, ажил байдлын тодорхойлолтоо гарган өгч нөхөр болон гэр бүлийн бизнесээ өргөжүүлэх зорилготой буюу бизнесийн зориулалтаар зээл хүсэж, зээл эргэн төлөх боломжийг эрхэлж буй ажлын цалингийн орлого, мөн импортоор оруулж ирсэн автомашинаа худалдан борлуулсан ашиг, орлогоос төлнө зэргээр тодорхойлж, энэ талаарх баримтыг бүрдүүлсэн, мөн *******наас хамтран үүрэг гүйцэтгэгч *******тай уулзсан тэмдэглэлээр зээлийн төлбөрөө төлөхийг хүлээн зөвшөөрч байсан нь тогтоогдсон.

Дээрх нотолгооны хэрэгслийг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, гэрчийн мэдүүлгийг анхан шатны шүүх хэрхэн үнэлсэн, гэрчийн мэдүүлэг, ажил байдлын тодорхойлолт, зээлдэгчтэй уулзсан тэмдэглэлийг няцаасан үндэслэлийг шийдвэрт тусгаагүй, хэрэгт авагдсан баримтад үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийгээгүй.

Зөвхөн шинжээчийн дүгнэлтэд дурдсан 2021.10.25-ны өдөр байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээнд зурагдсан гарын үсгүүд нь шинжилгээнд харьцуулахаар ирүүлсэн *******гийн гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй байна гэсэн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн “хариуцагч зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй тул зээлийн болон барьцааны гэрээний үүргийг хариуцах үндэслэлгүй” гэж, ******* эмнэлгийн магадалгаа нь *******г эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан болохыг эргэлзээгүй нотолно гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл гэрч ******* шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “Би *******ийг мэднэ. Учир нь машины ченж, нотариат дээр байнга ирж үйлчлүүлдэг. *******г зүс харсан. Нөхөр нь байнга машины гэрээ хийдэг байсан. Ганц нэг удаа зээлийн гэрээ батлуулдаг байсныг би санаж байна. Ковидын дараа 2020, 2021 оны үе байсан байх. Эхнэр *******гийнх нь иргэний үнэмлэхийг эх хувиас нь хуулбарлан авсан. Барьцааны гэрээнд хавсаргаж өгөх баримтууд байсан. Талуудын хооронд байгуулсан гэрээнд гарын үсэг зурсан, хоёр хүн бодитоор ирж батлуулсан гэж бодож байгаа. ...4 жилийн өмнө болсон асуудал, ирсэн болоод л баталсан” гэж мэдүүлсэн, үүнийг огт үнэлээгүй, нотолгооны хэрэгсэл ямар баримтаар няцаагдаж байгаа талаар шийдвэрт тусгаагүй.

Түүнчлэн ******* нь 100,000,000 төгрөгийн зээл олгосноос хойш өөрийн харилцах дансаараа дамжуулан 9 удаагийн гүйлгээгээр 12,880,000 төгрөгийг авч ашигласан, зээлийн эргэн төлөлтийг нөхөр *******ийг нас барснаас хойш буюу 2023.05.23-ны өдрөөс 2024.02.21-ний өдөр хүртэл хугацаанд тогтмол төлж байсан нь тогтоогдсон.

Шинжээчийн дүгнэлтээр зээлийн гэрээн дэх гарын үсэг *******гийн гарын үсгийн загвартай тохирохгүй гэж тогтоосон бөгөөд энэ нь *******г зээлийг аваагүй, гэр бүлийн бизнестээ ашиглаагүй гэх үйл баримтыг нотлохгүй юм. Мөн хавтас хэргийн 74 дүгээр хуудсанд авагдсан ******* эмнэлгийн магадалгаа нь *******г тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан гэдгийг нотлохгүй, харин өвчтэй байсан гэж тэмдэглэсэн. Эмнэлгийн магадалгаанд *******г 2021.10.24-ний өдрөөс 2021.10.26-ны өдөр хүртэл ажлаас чөлөөлснийг магадлав гэсэн бөгөөд магадалгааг өвчтэй байсан хугацаанаас хойш 3 жилийн дараа буюу 2024.04.04-ний өдөр нөхөн гаргуулсан.

Хавтас хэргийн 77 дугаар хуудсанд авагдсан ******* эмнэлгийн магадалгаанд мөн *******г хэвтэн эмчлүүлж байсан талаар тэмдэглээгүй, харин 2021.10.24-ний өдрөөс 2021.10.26-ны өдөр хүртэл хугацаанд өвчтэй байсан тул ажлаас чөлөөлснийг магадлав гээд үндсэн онош “Шинэ коронавируст халдвар, хөнгөн зэрэг” гээд өвчтэй байсан хугацаанаас 3 жил гаруй хугацааны дараа буюу 2024.09.11-ний өдрөөр огноогоор тус тус нөхөн бичүүлж авсныг ******* “*******” ХХК-тай гэрээ байгуулах үед эмнэлэгт хэвтэж байсан, зээлийн болон барьцааны гэрээ байгуулах үед банканд биечлэн очоогүй гэх үйл баримтыг нотлохгүй, харин ч эргэлзээтэй хуурамч баримт бичиг нь түүнийг эмнэлэгт хэвтэж байгаагүй гэдгийг нотолж байна.

Анхан шатны шүүх эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгээгүй *******г эмнэлэгт хэвтэж байсан, зээлийн болон барьцааны гэрээ байгуулах үед биечлэн байсан хүнийг байгаагүй гэж эргэлзээтэй хуурамч баримтыг үнэлэн хуульд заасан нотлох баримт үнэлэх зарчмыг зөрчсөн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

7.1. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь гомдолд дурдсан үндэслэлүүд нь нотлох баримтад тулгуурлаагүй, харин хийсвэр таамаглалд тулгуурласан байна. Давж заалдах гомдолд *******-ийн зээлийн өргөдлийн маягт болон ажлын газрын тодорхойлолт дээр гарын үсэг зурсан тухай асуудлыг дурдсан. Гэвч зээлийн өргөдлийн маягт дээр гарын үсэг зурсан байлаа гээд тухайн хүний өмнөөс өөр этгээд зээлийн гэрээ болон барьцааны гэрээнд гарын үсэг зурах эрхтэй гэсэн үг биш юм. Хариуцагч тал зээлийн маягтыг бөглөсөн тул өөр этгээд түүний өмнөөс гэрээнд гарын үсэг зурж болно гэх байдлаар ойлгож, тайлбарлаж байгаа нь буруу ойлголт юм.

Өөрөөр хэлбэл, хэлцэл болгон гэрээ болдоггүй, харин гэрээ болгон хэлцэл болдог гэх ойлголтыг илэрхийлж байна. Мөн зээлийн өргөдөл бөглөснөөр зээл авах хүсэл зоригийн илэрхийлэл хийсэн гэж үзэж болно. Гэвч хүсэл зоригийн илэрхийлэл байсан байлаа ч тухайн хүний өмнөөс гарын үсгийг нь дуурайлган зээлийн гэрээ болон барьцааны гэрээнд гарын үсэг зурахыг зөвшөөрөх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, гэрээ байгуулах санал гаргасан байлаа ч түүний өмнөөс хэн нэгэн гарын үсгийг нь дуурайлган зурж гэрээ байгуулах ёсгүй.

7.2. Түүнчлэн *******гийн гарын үсгийг өөр этгээд дуурайлган зурсан байж болзошгүй талаар дурдсан нь зохиомол тайлбар биш бөгөөд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Шинжээчийн дүгнэлтээр зээлийн болон барьцааны гэрээн дээрх гарын үсэг нь *******гийн гарын үсэгтэй тохирохгүй буюу түүний гарын үсгийг дуурайлган зурсан болох нь тогтоогдсон. Харин эдгээр шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүй гэж хариуцагч тал маргаагүй, гомдолд уг асуудлыг үндэслэлгүйгээр дурдсан.

7.3. Мөн хариуцагч тал ******* тухайн үед эмнэлэгт хэвтэж байсан нь тогтоогдохгүй, зөвхөн эмнэлгийн бичиг баримт байна гэж тайлбарласан. Гэвч цар тахлын үед, хатуу хөл хорио, дэглэм мөрдөгдөж байсан цаг хугацаатай давхцаж байгаа болно. Хэрэгт ******* эмнэлэгт хэвтэж байсан болон эмнэлгээс гарсан огноо, цаг хугацааг тодорхой харуулсан баримтууд авагдсан. Эдгээр баримтад тусгагдсан хугацаа нь зээлийн болон барьцааны гэрээн дээр гарын үсэг зурсан гэх огноотой давхацсан. Өөрөөр хэлбэл, ******* эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хугацаанд зээлийн болон барьцааны гэрээн дээр түүний гарын үсгийг хэн нэгэн өмнөөс нь дуурайлган зурсан байх боломжтой нөхцөл байдал тогтоогдсон болох нь шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан.

Хариуцагч тал *******г тухайн үед эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан нь тогтоогдохгүй, зөвхөн эмнэлгээс ямар нэгэн бичиг баримт авсан байж болзошгүй гэх хийсвэр тайлбаруудыг гаргаж байна. Гэвч анхан шатны шүүх хуралдааны явцад эмнэлгийн бичиг баримт болон холбогдох акттай холбоотой ямар нэгэн сөрөг тайлбар, эсэргүүцлийг хариуцагч тал гаргаж байгаагүй. Харин давж заалдах гомдолд анх удаа уг асуудлыг дурдсан.

7.4. Мөн зээлийн гэрээтэй холбоотой асуудлаар хариуцагч тал зээлийн гэрээг зөвшөөрч, төлөлт хийж байсан, цаашид төлөх тухай бичиг өгсөн нь тухайн гэрээг байгуулж, үүргээ биелүүлж байсан гэдгийг илтгэнэ гэж тайлбарласан. Гэвч хэрэгт хоёр өөр зээлийн гэрээтэй холбоотой асуудал яригдаж байгаа бөгөөд сөрөг нэхэмжлэлд мөн хоёр зээлийн шаардлагатай холбоотой асуудал тусгагдсан. Үүнээс өмнө авсан 50,000,000 төгрөгийн зээлийн асуудлыг нэхэмжлэгч маргаагүй бөгөөд уг зээлтэй холбоотой төлөлтийг ******* хийж байсан нь үнэн. ******* өмнө авсан 50,000,000 төгрөгийн зээлтэй холбоотой асуудал гэж ойлгож, төлөх тухай бичиг өгсөн. Ийм учраас анхан шатны шүүх хуралдааны явцад нийт 11,000,000 гаруй төгрөгийн төлөлт хийсэн бөгөөд уг төлбөрийг өмнөх 50,000,000 төгрөгийн зээлээс төлсөн тул тухайн зээлээс хасуулах хүсэлтийг гаргаж байсан. Гэвч уг нөхцөл байдлыг буруу тайлбарлаж, өмнөх зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэж байсан үйл баримтыг гуйвуулан, дараагийн 100,000,000 төгрөгийн зээлтэй холбон тайлбарлаж, гарын үсгийн маргаантай асуудалтай хольж давж заалдах гомдол гаргасан. Иймд хариуцагчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон техникийн шинжтэй алдааг залруулсан өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, *******тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 135,332,902.21 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 70,027,506.75 төгрөг, нотариатын зардалд 31,200 төгрөг, нийт 70,058,706.75 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1. ******* нь *******, ******* нартай 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр ЗГ/202146428540 дугаартай “Зээлийн гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр ******* нь 50,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлэх, *******, ******* нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, түүний хүүг төлөх, уг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээжээ. /2хх-ийн 1-4 дүгээр тал/

3.2. Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар *******, ******* нарын 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан БГҮ202146428540 дугаартай барьцааны гэрээгээр *******гийн өмчлөлийн ******* тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй автозогсоолыг барьцаалсан. /2хх-ийн 5-7 дугаар тал/

3.3. Мөн *******, ******* нарын 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан БГХ202146428540 дугаартай барьцааны гэрээгээр ******* улсын дугаартай, ******* арлын дугаартай, Тоёота Приус-20 /Toyota Prius-20/ маркийн автомашин болон 25,904,400 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг барьцаалжээ. /1хх-ийн 249-250 дугаар тал/

3.4. *******, ******* нар гэр бүл бөгөөд ******* нь 2022 оны 2 дугаар сарын 26-ны өдөр нас барсан болох нь гэрлэлтийн болон нас барсны бүртгэлийн гэрчилгээгээр тус тус тогтоогдсон.  

4. Анхан шатны шүүх талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ болон барьцааны гэрээний харилцаа үүссэн, эдгээр гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэсэн.

4.1. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээгээр 50,000,000 төгрөгийг хүлээн авч, зээлийн төлбөрт 10,195,155 төгрөг, хүүнд 6,096,134 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 249.79 төгрөг төлж, 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс хойш гэрээний үүргээ биелүүлээгүй гэрээний хугацаа дууссан талуудын маргаагүй үйл баримтыг шүүх зөв тогтоож, хэрэгт авагдсан зээлийн дансны хуулга, хүү тооцооллын баримтыг үндэслэн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 39,804,844.90 төгрөг, хүү 26,344,416.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,878,254.34 төгрөг нийт 70,027,506.75 төгрөг төлөх үүрэгтэй, мөн гэрээний үүргээ хугацаанд нь, зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохиролд нотариатын зардал 31,500 төгрөг төлөх үүрэгтэй гэж тус тус дүгнэж, нийт 70,059,006 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, энэ шийдэлд нэхэмжлэгч гомдол гаргаагүй.

Мөн дээрх зээлийн гэрээний үүргээс талуудын маргаж буй 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн гэрээний үүрэгт нэхэмжлэгчийн төлсөн гэх 16,000,000 төгрөгийг хасаж тооцох үндэслэлгүй талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1 дэх хэсэгт нийцсэн.

4.2. Өмнө дурдсанчлан талуудын байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан барьцааны гэрээг бичгээр байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байх тул ******* нь зээлийн гэрээний төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцжээ.

Түүнчлэн, *******, ******* нарын байгуулсан хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнд нэхэмжлэгч гарын үсэг зурсан нь гэрээний нэг тал болж, хууль зүйн хувьд эрх, үүрэг үүссэн гэж үзэх ба уг гэрээг бичгээр байгуулах хуульд заасан шаардлагыг хангасан тул барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь зөв болсон, энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй.

5. Харин 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээнд нэхэмжлэгч гарын үсэг зураагүй үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж маргасан.

5.1. 1хх-ийн 5-7 дугаар талд авагдсан ******* нь *******, ******* нартай байгуулсан гэх 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ/202146912223 дугаартай “Зээлийн гэрээ”- гээр ******* нь 100,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлэх, *******, ******* нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, түүний хүүг төлөх, уг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээжээ.

Тус гэрээний дагуу хариуцагч байгууллагаас 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр *******ийн эзэмшлийн ******* дахь ******* тоот дансанд 100,000,000 төгрөгийг зээл олгов гэсэн гүйлгээний утгаар шилжүүлсэн байна. /1хх-237-239, 242-244, 2хх-67/

5.2. Мөн дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ******* болон ******* нарын байгуулсан гэх 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн БГҮ202146912223 дугаартай барьцааны гэрээгээр *******гийн өмчлөлийн ******* тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. /1хх-8-10/

5.3. Дээрх зээлийн болон барьцааны гэрээнүүдэд зурагдсан *******гийн гэх гарын үсэгт шинжилгээ хийлгэхээр нэхэмжлэгч хүсэлт гаргасныг шүүгчийн 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШЗ2024/16625 дугаартай захирамжаар хангаж, Шүүх шинжилгээний ерөнхий газрыг шинжээчээр томилсон, тус газрын 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 2687 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 2021.10.25-ны өдрийн ЗГ/2021146912223, БГҮ202146912223 дугаартай гэрээнүүдэд зурагдсан *******гийн гэх гарын үсгүүд нь шинжилгээнд ирүүлсэн түүний гарын үсгийн загваруудтай тохирохгүй гэж дүгнэжээ. /1хх-29-30, 118-128/   

6. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, түүний хүүг /тохирсон бол/ буцаан төлөх, мөн хуулийн 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр барьцааны зүйл болон уг хөрөнгөөр хангагдах үүргийг тодорхойлж, эдгээр гэрээний гол нөхцөлийг талууд харилцан тохиролцож, энэ талаар хүсэл зориг илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурснаар дээрх гэрээнүүдийг байгуулагдсан гэж үзнэ.    

6.1. Гэтэл нэхэмжлэгч *******, түүний нөхөр ******* нар нь *******-д хандаж бизнесийн зээлийн зориулалтаар, 100,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй зээлэх, *******тоотын орон сууцыг барьцаалах хүсэлтийг тус бүрдээ бичгээр гаргаж, холбогдох баримтуудыг гарган өгч /1хх-43-44, 53/, энэхүү хүсэл зоригийн илэрхийллийг ******* хүлээн авч, 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ/202146912223 дугаартай зээлийн гэрээ, мөн өдрийн БГҮ202146912223 дугаартай барьцааны гэрээг тус тус бичгээр үйлдэж, зээлийн мөнгөн хөрөнгийг *******д олгосон боловч тухайн гэрээнүүдэд нэхэмжлэгч өөрөө гарын үсэг зураагүй үйл баримт тогтоогджээ.

6.2. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар талуудын хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болоогүй байх тул тэдний хооронд мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй. 

Өөрөөр хэлбэл, бичгээр хийх хэлцлийг хийгдсэн гэж үзэх нөхцөл нь талууд гарын үсэг зурах үйлдэл бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс зээл хүсэх өргөдөл болон холбогдох баримтуудыг гарган өгч, барьцаа хөрөнгө шалгасан баримтад гарын үсэг зурсан нь талуудын хооронд зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэслэл болохгүй. Иймд энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзал болон давж заалдах гомдлыг хүлээн авахгүй.

6.3. Түүнчлэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр нотариатч *******аас гэрчийн мэдүүлэг авсан, тэрээр “...*******ийг мэднэ. ...машины ченж нотариат дээр байнга ирж үйлчлүүлдэг. *******г зүс харсан. ...ганц нэг удаа зээлийн гэрээ батлуулдаг байсныг санаж байна. ...2020, 2021 оны үе байсан байх, ...талуудын хооронд байгуулсан гэрээнд гарын үсэг зурсан, 2 хүн бодитоор ирж батлуулсан гэж бодож байгаа. ...иргэний үнэмлэх эх хувиараа байсан. Хүн нь ирээгүй байхад баталдаггүй” гэж мэдүүлжээ.

Улмаар, нэхэмжлэгч талаас нотариатчийн бүртгэлийн дэвтэрт гарын үсгийн шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасныг шүүх хангаж, Шүүх шинжилгээний ерөнхий газрыг шинжээчээр томилсон, тус газрын шинжээчийн 2025.08.01-ний өдрийн ЕГ0125/1403 дугаартай дүгнэлтэд “...******* нотариатчийн ...Бүртгэлийн дэвтрийн 2021.10.25-ны огноотой 7027 бүртгэлийн дугаартай хэсгийн гарын үсэг баганад зурагдсан “*******” гэсэн гарын үсэг нь харьцуулах загвараар ирсэн *******гийн гэх гарын үсгийн ...загваруудтай тохирохгүй байна” гэжээ. /2хх-9-16, 78-79/

Дээрх нотлох баримтуудыг харьцуулан үзвэл гэрч нь нотариатын үйлдэл хийлгэхэд үйлчлүүлэгч оролцох талаар мэдүүлсэн байх боловч түүний мэдүүлэг дангаараа тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтийг эргэлзээгүйгээр үгүйсгэж, няцаах нотлох баримт болж чадахгүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь маргаан бүхий зээлийн болон барьцааны гэрээний үнэн зөвийг нотариатчаар гэрчлүүлэх үйлдэл хийлгэх замаар эдгээр гэрээнд түүний гарын үсэг зурагдсан үйлдлийг хожим дэмжин зөвшөөрч, хүчин төгөлдөр болсон гэж дүгнэх үндэслэл тогтоогдсонгүй.  

6.4. Мөн 1хх-ийн 140-149 дүгээр талд авагдсан ******* эмнэлгийн өвчний түүхээс үзэхэд ******* нь 2021 оны 10 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд шинэ коронавируст халдварт өвчний /хөнгөн зэрэг/ улмаас эмнэлэгт хэвтсэн, гарсан үеийн байдлыг тэмдэглэсэн байх ба энэ нь зээлийн болон барьцааны гэрээнд гарын үсэг зураагүй гэдгийг дангаар нотолж чадахгүй боловч уг үйл баримтыг анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтүүдтэй харьцуулан дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна. Иймд нэхэмжлэгч эмнэлэгт хэвтэж байгаагүй, эргэлзээтэй хуурамч нотлох баримтыг шүүх үнэлсэн гэх агуулга бүхий хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхино.

6.5. 2хх-ийн 69-72 дугаар талд авагдсан ******* дахь *******ийн эзэмшлийн ******* тоот дансны хуулгаас үзвэл 2021.10.25-ны өдөр “зээл олгов” утгаар 100,000,000 төгрөгийн орлого, 2021.10.26-2021.11.23-ны өдрийг хүртэл хугацаанд өөр бусад утгаар 49,710,000 төгрөгийн орлого тус тус орж, мөн хугацаанд *******гийн эзэмшлийн гэх ******* тоот данс руу 12,880,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдэж, мөн *******, ******* нарын хамтран эзэмшлийн данснаас 2023.05.24-2024.02.21-ний өдрийг хүртэл хугацаанд “зээл төлөв” утгаар 11,667,126 төгрөгийн гүйлгээ хийгджээ.  Үүнийг нэхэмжлэгчийг зээлийн мөнгөн хөрөнгийг ашигласан гэж үзэх үндэслэл болохгүйгээс гадна зээлийг төлж байсан үйлдлээр зээлийн болон барьцааны гэрээний хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр гэж дүгнэхгүй. Иймд энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзал болон давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.  

7. Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, маргаан бүхий зээлийн болон барьцааны гэрээнд гол нөхцөлийн талаар тусгаж, хэлбэрийн хувьд бичгээр хийгдсэн боловч бодит байдалд нэхэмжлэгчийн хүсэл зориг хүчин төгөлдөр болоогүй байх тул анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хуулийн шаардлага хангаагүй буюу гэрээний эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцээгүй хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамааруулан дүгнэснийг буруутгахгүй. Харин зээлийн гэрээний хувьд нэхэмжлэгчид холбогдох хэсэг хүчин төгөлдөр бус байх нь уг гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэл болохгүй тул уг хэлцэлд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт нийцнэ.

7.1. Харин гэрээнд нэхэмжлэгч өөрөө гарын үсэг зураагүй үйл баримтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэлд хамааруулан дүгнэсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай болсон.

Иймд дээрх үндэслэлээр талуудын хооронд 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээний харилцаа үүсээгүй байх тул зээлийн гэрээний үүрэгт 135,332,902.21 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах сөрөг нэхэмжлэл бүхэлдээ хангагдахгүй.

8.  Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт шаардах эрхэд хамааралгүй Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.1, 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсгийг баримталсан нь оновчтой бус болсныг хассан, мөн гэрээний огноог буруу бичсэн техникийн шинжтэй алдааг залруулсан өөрчлөлтийг тус тус оруулж, шийдлийг хэвээр үлдээв. 

9. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 192/ШШ2025/10795 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “…56.1, 242 дугаар зүйлийн 242.1” гэснийг,

2 дахь заалтын “...241 дүгээр зүйлийн 241.1” гэснийг тус тус хасаж, “...2025.10.21-ний” гэснийг “2025.10.25-ны” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 904,815 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Д.НЯМБАЗАР

                                          ШҮҮГЧИД                                         Ч.МӨНХЦЭЦЭГ

                                                                                                  Т.ГАНДИЙМАА