Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 259

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтлөн,

улсын яллагч Д.Мөнхцэцэг,

шүүгдэгч М.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт М.Э холбогдох 1910002910000 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч М.Э нь 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн ... дугаар хороо Яармагийн ...тоотод хохирогч Б.Д-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч М.Э-с: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэв.

 

  Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Хохирогч Б.Д: “...2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр манай хүргэн А-р дамжуулан дугуй засвар түрээслэх гэж байсан зүс таних залуу Э-той танилцсан юм. Тэр үед Э надад тус боллоо гээд дугуй засвар дээр 0.7... литрийн Хараа архи хувааж уусан. Тэгээд Э намайг гэр рүүгээ хамт явъя гээд гэрт нь ирэхэд эхнэр нь байсан. Бид хоёр гэрт нь 22-23 цагийн орчим ирсэн байх. Өглөө эхнэр нь ажилдаа явсан. 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өглөө Э шараа тайлъя гээд 0.... литрийн Хараа архи аваад хувааж уусан. Дахиад 0.7... литрийн архи авч уусан. Бид хоёр нилээн согтсон байсан. Бид хоёр нилээн согтсон байсан болохоор ажлын холбоотой маргаан үүсэж эхэлсэн. Тэгэхээр нь би явлаа гэж хэлэхэд “чи муу банди” гэх мэтээр үгээр идэж эхлэхээр нь чи одоо боль, чиний юмыг янзлаад өгсөн гэж хэлэхэд намайг хоолойноос боосон. Миний дээр гараад нүүр, толгой руу олон удаа цохисон би хариу үйлдэл үзүүлээгүй. Тэгээд зодуулчихаад гэрээс нь гараад явсан бөгөөд замд такси барих гэсэн  чинь такси ерөөсөө зогсохгүй байсан. Нүүр ам аймар болчихсон байсан болохоор нилээн удаж байж нэг такси арай хийж зогссон. Тухайн үед мөнгөлөг саарал өнгийн приус-20 маркийн машин байсан, марк дугаарыг нь бол харж чадаагүй, төв зам дагуу явж байсан л машин байсан юм... Миний биеийн байдал одоо хэвийн байна. Сайн байна. Намайг Э өөрөө эмнэлэгт ... хоног хэвтүүлж, бүх зардлыг гаргасан. Одоо надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18  дугаар хуудас/,

Гэрч Ж.Э-н: “...2019 оны 01 дүгээр сарын 20-ны орой гэртээ унтах гээд хэвтэж байтал манай охин О утсаар надруу залгаж, ах Д-н нүүр царай аймар юм орж ирлээ. Хүнд зодуулчихсан байна. Та дугуй засвар дээр хүрээд ирэх үү гэхээр нь би яваад очсон чинь нүүр ам нь цус болж, битүү хавдсан байсан. Э гэдэг залууд гэрт нь зодуулчихлаа гэхээр нь би тухайн айлын гэрийг хүүгээрээ заалгаад гэрийн гадна ирээд хаягийг нь мэдэж аваад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгээд цагдаа дээр манай хүүг зодсон гэх залуу ирэхээр нь би уулзаж чи манай хүүг яасан гэж зодож байгаа юм гэхэд би танай хүүг зодоогүй манайхаас гарч яваад хүнд зодуулсан юм байгаа биз гээд байсан. Манай хүү Э гэх хүний гэрт нь зодуулчихаад тэндээсээ гараад яармагийн 3 дугаар буудлаас такси бариад шууд Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоотод байдаг дугуй засвар дээрээ шууд ирсэн гэсэн. Би хүүтэйгээ уулзах үед хоёр нүд нь хөхөрч хавдсан, баруун талын хацар бага зэрэг шарх үүссэн, уруул нь дотроо язарсан, хамарнаас нь цус гарсан байдалтай байсан. Манай хүү Э гэх залуу намайг боож унагаад цохиж зодсон гэх хэлсэн...”гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 дугаар хуудас/,

Гэрч Б.Б-н: “...2019 оны 01 дүгээр сарын  19-ны орой 20 цагийн орчим манай нөхөр Э гаднаас нэрийг нь мэдэхгүй байна. нэг залуутай орж ирсэн юм. Тэгээд манайд хоол унд идчихээд манай гэрт хоносон юм. Би өглөө нь ажилтай байсан болохоор 08 цагт ажилдаа гараад явсан. Гэрт манай нөхөр, нөгөө залуутайгаа унтаад үлдсэн. Ингээд орой ажил тарах буюу 22 цагийн орчим миний дугаар руу Э-н эхнэр мөн үү  Д-н дүү нь байна гээд нэг эмэгтэй залгаад  “танайх хаана билээ гэхээр нь би гэрийнхээ хаягийг зааж өгсөн юм. Тэгсэн чинь утсаа тасалчихсан. Тэгэхээр нь би буцаагаад залгаад яасан бэ? юу болсон бэ? Э та нартай хамт яваа юм уу? гээд асуусан чинь үгүй ээ. Манай дүүг зодчихсон байна гэсэн. Тэгэхээр нь би ямар ч байсан харьж байна. Манай нөхрийн утас нь холбогдохгүй байна гэж хэлсэн. Ингээд гэртээ 23 цагийн орчим ороход манай нөхөр унтаж байсан. Гэрийн ширээн дээр байсан аяга зэрэг зүйлс газар уначихсан байсан. Тэгээд гэр доторх зүйлсээ янзлаад байж байсан чинь Д гэх залуу гаднаас цагдаа нар дагуулаад ороод ирсэн. Тэгээд цагдаа манай нөхрийг аваад л явсан ийм л асуудал болсон. Би нөхөртэйгээ 2012 онд танилцаад удаагүй гэр бүл болсон бөгөөд албан ёсоор бол гэр бүлийн баталгаа байхгүй бөгөөд хүү маань 2014 онд төрсөн. Манай нөхөр өвлийн улиралд бол ямар нэгэн ажилгүй байдаг. Зуны улиралд барилгын ажил хийгээд явчихдаг юм. Архийг бол хааяа ганц хоёр уудаг хэтрүүлээд хэрэглээд байдаггүй юм. Тааруулж тохируулаад л уучихдаг юм. Ер нь агсан согтуу тавиад байдаггүй юм....” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/

   

Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн №1...66 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26 дугаар хуудас/,

                      

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд

Шүүгдэгч М.Э нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт дугуй засвар түрээслэж ажиллуулахаар болсон юм. Тэгээд би танил Д-г миний түрээслэх гэж байгаа дугуй засварын тоног төхөөрөмжийг засаад өгөөч гэж гуйсан юм. Б.Д манай ажил дээр ирж миний дугуй засварын тоног төхөөрөмжийг засаж өгсөн юм. Тэгэхээр нь би нэг шил 0.7... литрийн хараа нэртэй архи авч өгөөд хамт уучихаад гэр лүүгээ дагуулж очоод гэртээ 2 лаазтай пиво хамт уучихаад гэртээ хонуулсан. Маргааш өглөө нь шараа тайлахаар бид хоёр дэлгүүрээс 0.... литрийн архи аваад манай гэрт очиж уучихаад дахин 0.7... литрийн архи аваад ууж байгаад би согтсон байсан. Тэгээд чухам юу болсныг мэдэхгүй байна. Би нэг ухаан орсон чинь Б.Д чи надад агсам тавьж намайг зодсон учраас цагдаагийн байгууллагад хандаж байна гээд цагдаа дагуулаад гэрт орж ирсэн байсан. Миний хувьд архи уухаараа агсам зантай болчихдог учраас Дыг цохиж зодсоныг үгүйсгэхгүй юм. Тиймээс би хийсэн хэрэгтээ гэмшиж Д-н бүх эмчилгээг хариуцаж эмнэлэгт хэвтүүлж мөнгө төгрөгийг нь өөрөөсөө гаргаж хэвтүүлсэн. Одоо бид хоёр эвлэрсэн байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34  дүгээр хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа  /хх-ийн 41 дүгээр хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39 дүгээр хуудас/,

-Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 38 дугаар хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

       Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч,  хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж М.Э-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч М.Э нь 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн ... дугаар хороо Яармагийн ...тоотод хохирогч Б.Д хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/, хохирогч Б.Д мэдүүлэг /хх-ийн 17-18  дугаар хуудас/, гэрч Ж.Э-н мэдүүлэг /хх-ийн 14-16 дугаар хуудас/, гэрч Б.Б-н мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн №1...66 дугаартай:

  1. Б.Д биед хамар ясны далд хугарал, дагз, хоёр зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун хацар, хамарт зулгаралт, дээд уруул, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн завьж, зүүн сарвуунд шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

    Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч М.Э нь хохирогч Б.Д биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна.

Шүүгдэгч М.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтын болоод гэм буруугийн талаар маргаагүй болно. Иймд шүүгдэгч М.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 Шүүгдэгч М.Э нь Б.Д-г зодож эрүүл мэндэд нь хамар ясны далд хугарал, дагз, хоёр зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун хацар, хамарт зулгаралт, дээд уруул, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн завьж, зүүн сарвуунд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчид торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Гэмт хэргийн хохирол, хор уршиг, бусад байдал:

Шүүгдэгч М.Э-с хохирогч Б.Д нь нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч М.Э нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролыг нөхөн төлсөн, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэрэг  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.... дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний баримт бичиггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, М.Э нь цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус дурьдах нь зүйтэй.      

      

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

  

1. Б овогт М.Э-г бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Э-г ...00 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу ...00.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ....3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Э-н хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ....3 дугаар зүйлийн ... дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 1... нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг М.Э-д мэдэгдсүгэй.

....Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, М.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл М.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             П.ТУЯАТ