| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 192/2025/10159/И |
| Дугаар | 210/МА2026/00587 |
| Огноо | 2026-03-18 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 210/МА2026/00587
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 192/ШШ2026/01095 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: гэм хорын хохиролд 27,294,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
Би 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр toyota harrier маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Лавай замд замын хөдөлгөөнд оролцож явах үед Jeep Wrangler маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* мөргөлдөж зам тээврийн осол гарсан. Уг осолтой холбогдуулан шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлтээр намайг буруугүй, харин ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэж гарсан.
Тэрээр буруугаа хүлээн зөвшөөрснөөр хэрэг хаагдсан ч хохирлыг одоо барагдуулах боломжгүй 7 хоногийн хугацаа өгөөч гэж гуйсан тул 7 хоногийн дараа дахин холбогдоход мөнгө болохгүй байна гэсээр нэг сар гаруй хугацаа өнгөрсөн. Гэвч хохирлыг барагдуулаагүй бөгөөд сүүлдээ миний дуудлагыг авахаа больсон. ******* ХХК-иар хохирлын үнэлгээ хийлгэхэд 25,375,000 төгрөг, үнэлгээ хийлгэхэд гарсан зардал 1,919,000 төгрөг, нийт 27,294,000 төгрөгийн хохирол учирсан.
Иймд хариуцагч *******оос гэм хорын хохиролд 27,294,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч шүүхэд хариу тайлбар гаргаагүй болно.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******оос 27,294,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 294,420 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамжид 294,420 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүх хариуцагчийг өөрийн татгалзлын үндэслэлийг нотлох боломжоор хангалгүйгээр оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт шинжилгээ хийлгэх тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчдын хүсэлтээр шүүх бүрдүүлэхээр заасан боловч хариуцагч нь шинжээчийн дүгнэлт хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэн дахин шинжээч томилуулах хүсэлт гаргахад зөрчлийн хэрэгтэй холбоотой үйл баримтыг дахин нотлохгүй гэх үндэслэлээр шинжээч томилуулах хүсэлтийг хангахаас татгалзсан. Гэтэл Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн байцаагч дэслэгч ******* 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн зам тээврийн ослын талаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж *******т шийтгэл ногдуулсан нь түүнийг замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэхийг тодорхойлж, захиргааны хариуцлага хүлээлгэж байгаа болохоос хэний буруутай үйл ажиллагааны улмаас тухайн зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл бий болсон эсэхийг эцэслэн тодорхойлсон шийдвэр, үйл ажиллагаа биш байдаг.
4.2. Нэхэмжлэгч нь 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хурлын явцад өөрийн тээврийн хэрэгслийг засуулсан болохыг дурдсан. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-т зааснаар үүрэг бүхий этгээд гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй. Нэхэмжлэгчийн хувьд олох ёстой байсан орлогын талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, харин өөрийн хохирлыг хохирлын үнэлгээн дээр тулгуурлан нэхэмжилсэн. Гэвч нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслээ засуулсан талаарх үйл баримт тодорхой болсон тул бодит хохирлыг зөвхөн эд хөрөнгийн үнэлгээгээр бус бодит хохирол буюу гарсан зардлын дүнгээр гэм хорын хэмжээг тодорхойлох ёстой.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
5.1. Хариуцагч нь шинжээчийн дүгнэлт Шүүх шинжилгээний тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй, үндэслэл дутмаг, эргэлзээтэй гэж үзэх нөхцөл байдал үүссэн тул дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах тухай хүсэлт гаргасныг шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ******* дугаартай тогтоолоор хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Мөн шинжээчийн дүгнэлтийг Шүүх шинжилгээний тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй, үндэслэл дутмаг, эргэлзээтэй гэж ерөнхий байдлаар хүсэлтдээ дурдсан боловч тус хуулийн яг аль заалтыг зөрчсөн, ямар шаардлагыг хангаагүй, ямар үндэслэлээр эргэлзээтэй гэж үзэж байгаа талаараа тодорхой тайлбарлаагүй.
Өөрөөр хэлбэл, шинжээчийн дүгнэлтийн аль хэсэг нь буруу, шинжилгээний аргачлал, тооцоолол, дүгнэлт гаргасан үндэслэл нь ямар байдлаар зөрчилтэй байгаа талаар бодитой тайлбар, баримт дурдаагүй. Хэрэв шинжээчийн дүгнэлтийг няцаах, дахин шинжээч томилуулах хүсэлт гаргах тохиолдолд тухайн дүгнэлтийн ямар хэсэг нь хууль зөрчсөн, эсхүл үндэслэлгүй, зөрчилтэй болохыг тодорхой зааж, үндэслэл бүхий тайлбар гаргах шаардлагатай байдаг. Гэтэл хариуцагчийн гаргасан хүсэлт нь зөвхөн ерөнхий байдлаар эргэлзээтэй гэж дурдсан бөгөөд хууль зүйн тодорхой үндэслэл, баримтаар нотлогдоогүй байна. Түүнчлэн, анхан шатны шүүх уг хүсэлтийг шийдвэрлэхдээ тухайн зам тээврийн осолтой холбоотой зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар тогтоогдсон үйл баримтыг иргэний хэрэгт дахин нотлох шаардлагагүй гэж дүгнэсэн. Иймд анхан шатны шүүхээс дахин шинжээч томилох тухай хүсэлтийг хангахаас татгалзсан нь үндэслэлтэй байх тул шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхгүй.
5.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн зүгээс хариуцагчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, хариу тайлбар гаргах, шүүх хуралдаанд оролцох талаар удаа дараа мэдэгдэж боломж олгосон боловч хариуцагч нь шүүхийн мэдэгдлийг үл хүндэтгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд идэвхтэй оролцоогүй, хэрэг шийдвэрлэгдсэний дараа шинжээчийн дүгнэлтийг ерөнхий байдлаар үгүйсгэж, дахин шинжээч томилуулах шаардлага тавьж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах, улмаар хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх замаар шийдвэрийн биелэлтийг хойшлуулах, нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлж барагдуулахаас зайлсхийх зорилготой юм. Мөн гомдолд зам тээврийн ослын талаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж *******т шийтгэл ногдуулсан нь түүнийг замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэхийг тогтоож захиргааны хариуцлага хүлээлгэсэн боловч тухайн осол хэний буруутай үйл ажиллагааны улмаас гарсан шалтгаан нөхцөлийг эцэслэн тогтоосон шийдвэр биш гэж дурдсан байна. Гэтэл хариуцагч нь уг зам тээврийн осолтой холбогдуулан түүнд оногдуулсан шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч маргасан зүйл байхгүй.
5.3. Хариуцагчийн өмгөөлөгч гомдолдоо нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслээ засуулсан тул гэм хорын хэмжээг зөвхөн үнэлгээний тайлангаар бус бодит гарсан зардлаар тогтоох ёстой гэж дурдсан. Нэхэмжлэгчид учирсан хохирлын хэмжээг ******* ХХК-ийн үнэлгээний тайлангаар 25,375,000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон. Энэ нь нэхэмжлэгчид учирсан бодит хохирлын хэмжээг тодорхойлсон баримт юм.
Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахаас татгалзаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан гэм хорын хохиролд 27,294,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
4. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:
4.1. Хэргийн баримтаас үзвэл 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 12 цагийн орчим Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Лавай зах явах замд хариуцагч *******ын жолоодон явсан Jeep Wrangler маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл нэхэмжлэгч *******гийн жолоодон явсан Toyota harrier маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл мөргөлдөж зам тээврийн осол гарсан.
4.2. Зам тээврийн ослын талаар 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр шинжээчийн дүгнэлт гарсан. Уг дүгнэлтэд ...Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын газарт хэмжилт хийсэн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, А цэгийн байрлал, тээврийн хэрэгслийн эвдрэлийн байдал зэрэгтэй танилцахад Toyota Harriar маркийн 53-54 УЕК улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч *******г Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Jeep Wrangler маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3 дахь заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэсэн байна. /хх-ийн 9-13/
4.3. Иймд хариуцагч *******ыг тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсанд буруутай гэж үзэх үндэслэлтэй.
4.4. Зам тээврийн осол гарсан 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар нэхэмжлэгчийн жолоодон явсан Toyota harrier маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ний дагуу ХХК-ийн өмчлөлд улсын бүртгэлд бүртгэлтэй байна.
4.5. Дээрх зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч *******гийн эзэмшилдээ байлгаж жолоодон явсан Toyota harrier маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хохирлын үнэлгээ хийлгэхэд 25,375,000 төгрөгийн хохирол учирсан, уг үнэлгээг хийлгэхэд 1,919,000 төгрөгийг төлсөн байна. /хх 4-7/
5. Нэхэмжлэгч нь хариуцагчаас учирсан гэм хорын хохирол шаардахад хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас түүний эд хөрөнгөд гэм хор учирсан байх, уг үйлдэл болон учирсан хохирлын хоорондох шалтгаант холбоо, гэм буруу /санаатай буюу болгоомжгүй/-тай байх нөхцөл бүрдсэн байх учиртай.
5.1. Хэргийн баримтаар хариуцагч нь Замын хөдөлгөөний дүрмийн 10.3 дахь заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан буруутай, уг ослын улмаас нэхэмжлэгчид 27,294,000 төгрөгийн бодит хохирол учирсан нь шалтгаант холбоотой байна. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасны дагуу гэм хорын хохирлыг шаардах эрхтэй.
5.2. Анхан шатны шүүх нэхэмжлэгчид хариуцагчаас гэм хорын хохиролд 25,375,000 төгрөг, үнэлгээний төлбөрт төлсөн 1,919,000 төгрөг, нийт 27,294,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.
5.3. Хариуцагч нь гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт заасны дагуу чөлөөлөгдөнө. Гэвч хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу татгалзал болон давж заалдах гомдлоо нотлоогүй болно.
5.4. Иймд хэрэгт авагдсан үнэлгээний тайланг үндэслэн нэхэмжлэгчийн эзэмшлийн дээрх автомашинд учирсан хохирлын хэмжээг анхан шатны шүүх тодорхойлсныг буруутгах боломжгүй тул хариуцагчийн өмгөөлөгчийн ...бодит хохирол буюу гарсан зардлын дүнгээр гэм хорын хэмжээг тодорхойлно... гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
6. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.
6.1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан гэм хорын хохиролд 27,294,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд хариуцагчид нэхэмжлэлийн хувийг 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гардуулан эрх, үүрэгтэй танилцуулсан.
6.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаанд хариуцагч нь шүүхэд хариу тайлбар бичгээр гаргаагүй байхдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь хуульд заасан хугацааны дотор хариу тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагын талаар өөрийн байр сууриа илэрхийлээгүй тохиолдолд тэрээр хүсэлт гаргаж буй нь үндэслэлгүй байна. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн давж гомдлыг хангахгүй.
7. Анхан шатны шүүх иргэдийн төлөөлөгчийн хариуцагч хохирлыг хариуцах ёстой гэх дүгнэлтийг шийдвэрт дурдсан нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.7 дахь хэсэгт нийцсэн байна.
Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 192/ШШ2026/01095 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр урьдчилан төлсөн 294,420 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ