Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 558

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Цэцэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: А.О ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 09 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын Санхүүгийн хэлтсийн Урсгал зардлын нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны болон цалингийн зөрүүг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.О , өмгөөлөгч П.О хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Эрчим хүчний яамны Хуулийн хэлтсийн дарга Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Мөнх-Эрдэнэ нар оролцов.                                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.О , өмгөөлөгч П.О нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2009-2012 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрчим хүчний газарт мэргэжилтнээр, 2012 оноос хойш Эрчим хүчний яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Санхүүгийн хэлтэст мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд намайг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” 09 дүгээр тушаалаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. 

Тус тушаалаар намайг ажлаас халахдаа Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ******* дүгээр тогтоол, Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.11, төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7, 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалтуудыг тус тус үндэслэж байна. Уг тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасан “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас  хойш  6  сараас  илүү  хугацаа  өнгөрсөн  бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэсэн заалтыг зөрчсөн байна.

А.О намайг бусадтай бүлэглэн 2010-2012 оны тусгай зөвшөөрлийн орлогыг байгууллагын данс бүртгэлд тусгалгүй үрэгдүүлсэн, мөн тусгай зөвшөөрлийн орлогыг байгууллагын данс бүртгэлд тусгалгүйгээр 41,9 сая төгрөгийг завшсан гэх хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар хэрэг үүсгэн шалгасан бөгөөд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Нийслэлийн прокурорын газрын Прокурорын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” ******* дүгээр тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. 

Дээрх үйлдэл, холбогдолыг хөдөлмөрийн сахилгын зөрчил гэж үзвэл уг зөрчил нь 2010-2012 онд гарсан зөрчил тул Сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа аль хэдийн буюу бүтэн 5 жилээр хэтэрсэн байна. Нөгөөтэйгүүр Нийслэлийн Прокурорын газрын Прокурорын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тогтоолоор зөрчлийг илрүүлсэн хугацаа гэж тооцвол А.О намайг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гарсан буюу хуульд заасан хугацаанаас 1 сар 27 хоног хэтэрч энэхүү тушаал гарсан байна. Гэтэл дээрх сахилгын шийтгэл ногдуулах хуулийн хугацаа өнгөрч, зөрчилгүйд тооцогдсон байхад А.О намайг дээрх үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа нь үндэслэлгүй юм.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасан хугацаа нь эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа биш юм.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7, 10.8-д заасны дагуу хохирлыг эрх бүхий байгууллагаас тогтоосон тохиолдолд төлөхөөр байгаа болохоос биш Прокурорын тогтоолд заасан хэмжээгээр төлнө гэсэн үг биш юм. Нэхэмжлэгч гэм буруутайгаа хүлээн зөвшөөрсөн. Харин хохирлын асуудал яригдах юм бол түүнтэй маргах эрх нь нэхэмжлэгчид байгаа. 

Хариуцагч талаас прокурорын тогтоолыг хүлээн аваад урьдчилан мэдэгдсэн хэмээн хэлж байгаа боловч дарамтлах байдлаар зөвлөгөө өгсөн болохоос сонсох ажиллагааг явуулаагүй. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасныг зөрчиж зөрчил гаргаснаас хойш 5 сарын дараа сахилгын шийтгэл хүлээлгэж байгаа нь өөрөө хууль бус юм.

Иймд Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” 09 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын Санхүүгийн хэлтсийн Урсгал зардлын нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны болон цалингийн зөрүүг (одоо “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-д Санхүүгийн бүртгэлийн хэлтэст нягтлан бодогч (орлогын)-оор 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс ажиллаж байгаа) гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах өгнө үү” гэв.

Хариуцагч Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бямбадорж шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч Прокурорын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ******* дүгээр тогтоолыг хүлээн аваад нэхэмжлэгчид арга хэмжээ авсан. Нэхэмжлэгч “би өөрийн хүслээр биш дарга нарын дарамт шахалтаар гэмт хэрэгт орооцолдчихлоо” хэмээн яриад байдаг боловч энэ нь өөрөө гэм буруутай эс үйлдэхүй юм. Иймд нэхэмжлэгч гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байгаа тул түүнийг цаашид тухайн байгууллагад ажиллуулах нь маш эргэлзээтэй бөгөөд хариуцагч Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлж шийдвэрлэсэн. 

Прокурорын тогтоол манай яаманд ирсний дараагаар буюу 2016 оны 11 дүгээр сарын эхний долоо хоногийн хавьцаа тушаал гарахаас өмнө би А.О ыг дуудаж уулзсан. Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг бид бүрэн дүүрэн хэрэгжүүлсэн. Энэ хүний асуудлаар сайд болон холбогдох хүмүүсийг тус яамны Төрийн нарийн бичгийн даргатай уулзуулж байсан бөгөөд хариуцагч сахилгын шийтгэл ногдуулах тушаалыг гаргасан. Хариуцагчийн гаргасан маргаан бүхий тушаалын төсөл 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн бэлтгэгдсэн бөгөөд миний хувьд энэ хугацаанаас өмнө буюу сарын өмнө өөрт нь хэлсэн. 

Хөөн хэлэлцэх хугацааны хувьд нэхэмжлэгчийг ажиллаж байх үед Авлигатай тэмцэх газраас уг асуудлыг шалгаж байгаа гэдгийг бид мэдээгүй. Харин Авлигатай тэмцэх газраас зөрчлийг илрүүлж эрүүгийн хэргийг үүсгээд хяналтын прокурор руу шилжиж тухайн байгууллага энэ хүнийг дуудаж асуусан үеэс мэдсэн. Иймд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасан заалт хамаарахгүй. 

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Энэ хуульд ялаас өршөөн хасах болон өршөөлд хамааруулахгүйгээр зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн хүний хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон шүүхээр хянан хэлэлцэх шатанд байгаа эрүүгийн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгоно” гэж заасан бөгөөд энэ нь тухайн гэмт хэргийг үйлдээгүй, эсхүл гэм буруугүй гэдгийг баталгаажуулсан хэрэг бус харин томоохон тэмдэглэлт үйл явдал, ойн баярыг тохиолдуулан тухайн гэм буруутай этгээдэд төрөөс үзүүлж байгаа энэрэнгүй ёсны зарчмын үүднээс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ юм. 

Иймдээ ч мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Энэ хуулийн 4.1, 4.2-т заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэх, энэ хуулийн 7.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь тухайн гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлөхөөс чөлөөлөхгүй бөгөөд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж, 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэгт “Энэ хуулийн 7.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоход сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн үйлдэл, эс үйлдэл гэм буруугийн шинжтэй бол энэ нь асуудалтай. Хавтаст хэрэгт нэхэмжлэгч гэм хорын асуудлыг өөрөө хүлээн зөвшөөрөөд хохирлыг төлөх талаар бичиж өгсөн баримт нотлох баримтаар авагдсан байдаг. 

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.7-д “Энэ хуулийн 15 дугаар зүйлд заасныг зөрчсөн төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах нь төрийн албанаас чөлөөлөх, төрийн албанд дахин авахаас татгалзах үндэслэл болох бөгөөд харин түүнийг эрүүгийн болон бусад хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасны дагуу эрх бүхий байгууллага албан тушаалтанд сахилгын шийтгэл хүлээлгэж болох заалт юм. Иймд маргаан бүхий захиргааны актад Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлд заасныг тусгаж өгсөн байгаа. 

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй ба хариуцагч хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд холбогдох хууль тогтоомжийн дагуу маргаан бүхий актыг гаргасан. 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан болон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед гаргасан тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч А.О нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч А.О нэхэмжлэлийн шаардлагаа “Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” 09 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын Санхүүгийн хэлтсийн Урсгал зардлын нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны болон цалингийн зөрүүг (одоо “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-д Санхүүгийн бүртгэлийн хэлтэст нягтлан бодогч /орлогын/-оор 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс  ажиллаж байгаа) гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах” гэж тодорхойлж маргажээ.

Нэхэмжлэгч А.О нь Эрдэс баялаг, эрчим хүчний яамны харьяа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрчим хүчний газрын даргын 2009 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаар  тушаалаар Санхүү, эдийн засгийн хэлтсийн Мөнгөн хөрөнгийн гүйлгээ, хяналт шинжилгээ, төлөвлөлт хариуцсан мэргэжилтнээр, мөн Эрчим хүчний газар татан буугдах болсонтой холбогдуулан тус Газрын даргын 2012 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн а/45 дугаар тушаалаар А.О нарын төрийн захиргааны албан хаагчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, шинээр байгуулагдсан Эрчим хүчний яамны мэдэлд шилжүүлснээр Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2012 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 19 дүгээр  тушаалаар А.О ыг Аж ахуйн тасгийн Урсгал зардал хариуцсан мэргэжилтнээр, мөн 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 16 дугаар  тушаалаар тус яамны Санхүүгийн хэлтсийн Урсгал зардлын нягтлан бодогчоор тус тус томилогдон ажиллаж байсан.

Маргаан бүхий акт болох Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” 09 дүгээр  тушаалаар Нийслэлийн Прокурорын газрын Прокурорын 2016 оны 10 дугаар сарын 21-ний ******* дүгээр тогтоолоор үйлдсэн хэрэг нь тогтоогдож, Өршөөлийн хуулинд хамрагдаж, хэрэгсэхгүй болгогдсон тул тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын Санхүүгийн хэлтсийн мэргэжилтэн А.О т ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Эрдэс баялаг, эрчим хүчний яамны харьяа Эрчим хүчний газрын мөнгөн хөрөнгө хариуцсан нягтлан бодогчоор ажиллаж байсан А.О ыг бусадтай бүлэглэн, удаа дараагийн үйлдлээр 2010-2012 онд тусгай зөвшөөрлийн орлогын 139,6 сая төгрөгийг байгууллагын данс бүртгэлд авалгүй үрэгдүүлсэн, мөн тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогыг байгууллагын данс бүртгэлд тусгалгүй 41,9 сая төгрөгийг завшсан гэж үзэж Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Мөрдөн байцаагчийн 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн  “Яллагдагчаар татах тухай тогтоол”-оор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллагдагчаар татагдан шалгагдсан байна.

Монгол Улсын Их Хурлын 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр баталсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль /цаашид “Өршөөл үзүүлэх тухай хууль” гэх/-ийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гээд, 7 дугаар зүйлийн 7.1-д “Энэ хуульд ялаас өршөөн хасах болон өршөөлд хамруулахгүйгээр зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн хүний хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон шүүхээр хянан хэлэлцэх шатанд байгаа эрүүгийн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгоно”, 10 дугаар зүйлийн 10.6-т ”Энэ хуулийн 7.1-д заасан гэмт хэргийн тухайд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагад шалгагдаж байгаа хэргийг прокурорын тогтоолоор, яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд тухайн шатны шүүх хуралдаанаас хэргийг хэрэгсэхгүй болгоно”, 10.7-д “Энэ хуулийн 7.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоход сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж тус тус зохицуулжээ.

А.О нь 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр  Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Мөрдөн байцаагчид “Миний бие өөрт холбогдуулан шалгаж буй Эрүүгийн хуулийн зүйл хэсгийг хүлээн зөвшөөрч байна. Хохирлын асуудлыг эрх бүхий байгууллагаас нотолж тогтоосон хэмжээгээр хүлээн зөвшөөрнө. Иймд надад холбогдох хэргийг Өршөөлийн хуульд хамруулан шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасан.  

Нийслэлийн Прокурорын газрын Прокурорын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” ******* дүгээр тогтоолоор   “Эрүүгийн ******* дугаартай хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн ..., Ч овгийн А-ийн О, ... нарт холбогдох хэргийг 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Монгол Улсын Их Хурлаас баталсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна. 

Тухайлбал, А.О нь Эрдэс баялаг, эрчим хүчний яамны харьяа Эрчим хүчний газрын (хуучнаар) мөнгөн хөрөнгө хариуцсан нягтлан бодогчоор ажиллаж байхдаа 2010-2012 онд бусадтай бүлэглэн, тусгай зөвшөөрлийн орлогыг байгууллагын данс бүртгэлд авалгүй, удаа дараагийн үйлдлээр онц их хэмжээний мөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон, А.О аас хүсэлт гаргасан тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсэгт заасны дагуу Нийслэлийн Прокурорын газрын Прокурорын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ******* дүгээр тогтоолоор Эрүүгийн ******* дугаартай хэргээс А.О т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгч А.О аас Прокурорын 2016 оны ******* дүгээр тогтоолыг эс зөвшөөрч Нийслэлийн прокурорт гомдол гаргаагүй, мөн дээрх Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9-д “Хэрэв сэжигтэн, яллагдагч, шүүгчдэг гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний эцэст энэ хуулийг хэрэглэнэ” гэж заасны дагуу гэм буруугүй гэж маргаагүй болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар  тогтоогдож байна.

Маргаан бүхий акт болох Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 09 дүгээр тушаалын агуулгаас үзэхэд “эрх бүхий байгууллагын шийдвэрээр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон” гэсэн үндэслэлээр А.О ыг ажлаас халсан байх ба уг тушаалд Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7, 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалтуудыг үндэслэл болгожээ. 

Зүй нь мөрдөн байцаалтын шатанд А.О ыг удаа дараагийн үйлдлээр онц их хэмжээний мөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж, тогтоогдсон тул Нийслэлийн Прокурорын газрын Прокурорын 2016 оны 10 дугаар сарын 21-ний ******* дүгээр тогтоолоор Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасны дагуу А.О т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон” гэж заасны дагуу А.О ыг төрийн албанаас халах үндэслэл болсон байна. 

Мөн нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Төрийн жинхэнэ албан тушаалд дараахь тохиолдолд авч ажиллуулахыг хориглоно”, 16.2.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлсэн, эсхүл бусад төрлийн гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлээд ялгүйд тооцох буюу ялгүй болох хугацаа нь дуусаагүй” (энэ заалт 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болсон) гэж заасан төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй байжээ.

Нэхэмжлэгчээс “Хариуцагч Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасныг зөрчсөн, сахилгын шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсөн, мөн Эрчим хүчний газарт ажиллаж байх үед гаргасан зөрчилд одоо Эрчим хүчний яамны Төрийн захиргаа удирдлагын газрын Санхүүгийн хэлтсийн Урсгал зардлын нягтлан бодогчийн ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь хууль бус” гэсэн үндэслэлээр маргаж байгаа.

Эрчим хүчний газар татан буугдах болсонтой холбогдуулан төрийн захиргааны зарим албан хаагчдыг Эрчим хүчний яамны мэдэлд шилжүүлснээр нэхэмжлэгч А.О нь Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2012 оны 19 дүгээр тушаалаар тус яамны Аж ахуйн тасгийн Урсгал зардал хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажилласан. 

Маргаан бүхий актаар А.О ыг Эрдэс баялаг, эрчим хүчний яамны харьяа Эрчим хүчний газар (хуучин нэрээр)-ын Санхүү, эдийн засгийн хэлтсийн Мөнгөн хөрөнгийн гүйлгээ, хяналт шинжилгээ, төлөвлөлт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байх хугацаанд үйлдсэн гэмт хэрэгтэй холбогдуулан түүнийг Эрчим хүчний яамны Санхүүгийн хэлтсийн Урсгал зардлын нягтлан бодогчийн ажлаас халсан нь Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9-д заасан “хууль тогтоомжид заасны дагуу ажилтныг албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас нь бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, төрийн албанаас түр чөлөөлөх, чөлөөлөх, халах” гэсэнтэй нийцжээ. 

Өөрөөр хэлбэл, төрийн жинхэнэ албан хаагчийг ажилд томилсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтаны шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулах, ажлаас халах бөгөөд хариуцагч Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга нь өөрт олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан захиргааны акт гэж үзлээ.  

Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлд төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг “хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, өргөсөн тангарагтаа үнэнч байх, эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах, харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх, төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх, албан тушаалтны хууль бус, шударга бус явдалтай эвлэршгүй байх” гэж заасан нь төрийн захиргааны албан хаагчийн баримтлах ёс зүйн хэм хэмжээний зарчмыг тодорхойлсон бөгөөд А.О ын хувьд мэргэжлийн болон ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчин гэмт хэрэг үйлдсэн нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр тогтоогдсон.

Иймээс албан үүргээ гүйцэтгэх явцад үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасны дагуу төрийн албанаас халах нөхцөлд мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасан хугацаа хэрэглэгдэхгүй бөгөөд нэхэмжлэгчийн маргаж буй дээрх үндэслэлүүдийг хүлээн авах боломжгүй байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, нэхэмжлэгч А.О нь Эрчим хүчний газарт ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглан онц их хэмжээний мөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон бөгөөд Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” 09 дүгээр тушаалын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9, Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.1, 25 дугаар зүйлийн 25.1, 25.1.2, Монгол Улсын Их Хурлын 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр баталсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.О ын гаргасан “Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” 09 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын Санхүүгийн хэлтсийн Урсгал зардлын нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны болон цалингийн зөрүүг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.О аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         М.ЦЭЦЭГМАА