Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 454

 

Б.Энхболдод холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Г.Эрдэнэ,

Ялтан Б.Энхболдын өмгөөлөгч С.Батдэлгэр,

Нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 237 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтны өмгөөлөгч С.Батдэлгэрийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Энхболдод холбогдох эрүүгийн 201625014437 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Хотгойд овогт Батбаярын Энхболд, 1989 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, арьсан эдлэлийн дизайнер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, 1 дүгээр гудамжны Хужирбулангийн 10-406 тоотод оршин суух бүртгэлтэй,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 296 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД:УК89060413/.

 

Б.Энхболд нь хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан хугацаандаа, 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бишрэлт гүн” бааранд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, шалтгаангүйгээр хохирогч Л.Хулангийн нүүрэн тус газар гараараа цохиж, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Энхболдод холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3, 181.2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Энхболдыг урьд энэ хэрэгт шийтгүүлсэн этгээд, давтан үйлдлээр бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, хүч хэрэглэн хохирогчид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3, 181.2.4 дэх хэсэгт зааснаар Б.Энхболдыг 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3, 181.2.4 дэх хэсэгт зааснаар Б.Энхболдод 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан ял дээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 296 дугаар шийтгэх тогтоолоор 3 жил 3 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялын зарим болох 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэж, Б.Энхболдын биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Энхболдод оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Энхболд нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 600.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.

 

Ялтны өмгөөлөгч С.Батдэлгэр гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Болсон асуудлын тухайд хохирогч Л.Хулан, хохирогчтой хамт явсан гэрч Д.Цэнгэлмаа нар эхлээд хэрүүл маргаан үүсгэсэн байдаг. Д.Цэнгэлмаа нь Б.Энхболдын гинжийг тасалж, нүүр ам, хүзүү хоолойг нь маажиж самардсан байдаг. Гэвч Б.Энхболд нь тухайн үед шүүх эмнэлэгт үзүүлж, гэмтлийн зэрэг тогтоолгоогүй. Одоо хүртэл хумсны сорви нь арилаагүй байгаа. Иймд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй байна. Түүний биед шинжээч томилж дүгнэлт гаргуулснаар уг хэрэг танхайн сэдэлттэй биш хувийн сэдэлттэй байсан болох нь тодорхой болно. Иймд Б.Энхболдын биед шинжээч томилж дүгнэлт гаргуулах ажиллагаа хийлгэх шаардлагатай байна. Мөн хэрэгт Б.Энхболдын хувийн байдлыг хангалттай тогтоогоогүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлд Хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн тогтоохын тулд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн байдлыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүрэгтэй гэж заасан. Иймд Б.Энхболдын гэм буруутай байдлыг тогтоохын зэрэгцээ хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хувийн байдлыг нь бүрэн тогтоох ёстой. Мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү” гэв.

 

Прокурор Г.Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт авагдсан баримтаар Б.Энхболдын гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон. Учир нь хэргийн үйл баримтын хувьд Б.Энхболд нь хохирогч болон хохирогчтой хамт явж байсан Д.Цэнгэлмаатай маргалдсан. Улмаар хохирогч Л.Хуланг түлхэж суулгаад хамар луу нь цохисныг гэрч нар тодорхой мэдүүлдэг учраас хангалттай нотлогдсон. Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Б.Энхболд өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хэдийгээр гэмт хэрэг гарахад Д.Цэнгэлмаагийн олон нийтийн газар хэрүүл маргаан өдөөсөн үйлдэл нөлөөлсөн ч Б.Энхболд нь хохирогчтой хувийн таарамжгүй харилцаа үүсгээгүй. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд Б.Энхболд нь Д.Цэнгэлмаатай маргасан талаар мэдүүлдэг. Иймд олон нийтийн газар бусдыг илтэд хүндэтгэн танхайн сэдэлтээр, шалтаг шалтгаангүйгээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, санаатайгаар догшин авирлаж, бие махбодид нь гэмтэл учруулсан үйлдэл нотлогдон тогтоогдож байгаа учраас Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Шийтгэх тогтоол нь шүүгдэгчийн хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал, хохирол төлсөн эсэх, урьд тэнсэж, хянан харгалзах хугацаандаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг байдлыг харгалзаж, хууль ёсны үндэслэл бүхий шийдвэр гарсан” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар Б.Энхболдод холбогдох хэргийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна гэж үзэв.

 

            Б.Энхболд нь хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацаандаа, 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бишрэлт гүн” бааранд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, шалтгаангүйгээр хохирогч Л.Хулангийн нүүрэн тус газарт гараараа цохиж, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

            Хохирогч Л.Хулангийн "...2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, "Бишрэлт гүн" бааранд арван жилийн хүүхдүүд Б.Дуламсүрэн, А.Цэрэннадмид, Д.Цэнгэлмаа нарын хамтаар шинэ жил болж байгаатай холбогдуулаад ангийн хүүхдүүдийн уулзалт, зохион байгуулалтын талаар яриад пиво уугаад сууж байхад гаднаас үл таних гурван залуу, 10-11 орчим насны охинтой орж ирсэн. 20 минутын дараа манай найз Д.Цэнгэлмаа ширээнээсээ босоод тэр гурван залуу, охин нарын ширээн дээр очоод юм яриад байсан. Эргээд Д.Цэнгэлмаа ширээндээ ирээд суухад араас нь нэг залуу нь ирээд бид нарт "эгч буруу ойлгоод байна. Би энэ охины аав нь байгаа юм. Хүүхдээ аваад явж байна" гэж хэлсэн. Тэгтэл араас нь Д.Цэнгэлмаа нөгөө ширээ рүү очоод хэрүүл хийгээд эхэлсэн. Бид нар Д.Цэнгэлмааг ширээндээ авч ирэхэд араас хоёр залуу ирээд үсээ хойш самнасан залуу нь Д.Цэнгэлмаатай маргалдаад хүзүүн дэх гинжийг нь тасалсан. Би газарт унасан гинжийг нь аваад өндийхөд үсээ хойш самнасан залуу намайг түлхэж сандал дээр унагаад нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохисон. Хамраас цус гараад би нойлийн өрөө ороод цусаа цэвэрлээд гарч ирсэн" /хавтас хэргийн 12-13 дугаар хуудас/,

           

            Гэрч Д.Цэнгэлмаагийн "...2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ... үл таних 27-28 насны залуу, хүүхдийн цүнх үүрээд 12 орчим насны охинтой бидний ширээний цаад эгнээд 2 залуу дээр очиж суусан. Ингээд нэг хэсэг анзаараагүй байж байсан. ...Бармен ирээд "энэ залуусд хэлээд өгөөч, жаахан охин суулгаад пиво өгөөд байна" гэхэд нь би ширээний ойролцоо очиход охиныг ширээний цаад буланд суулгаад урд нь пиво тавьчихсан байхаар нь "та нар энэ жоохон хүүхдэд яагаад пиво өгөөд байгаа юм" гэж хэлэхэд охины өөдөөс хараад сууж байсан залуу "авгай минь чамд хамаагүй, зайл. Би пиво өгөөгүй" гэсэн. Барменд "цагдаад хэлээч" гэж хэлчихээд би ширээндээ суусан. Тэгтэл 30 гаруй насны залуу нь ирээд "та нарт хамаагүй" гэсэн. Араас нь хүүхдийн хажууд сууж байсан залуу нь ирээд "би ах нь байгаа юм. Санаа зоволтгүй" гэхээр нь "цагдаа нар ирээд шалгана биз" гээд суух гэхэд үсээ хойшоо самнасан залуу нь над руу дайраад далайхдаа миний гинжийг тасалсан. Би зөрүүлээд өөрийнх нь гинжийг тасалсан. Тэгтэл Л.Хулан миний гинжийг "энд байна" гэж хэлээд тонгойсон чинь миний гинжийг тасалсан залуу Л.Хуланг мангасдаж хойш нь буйдан дээр унагаагаад дээрээс нь гараараа нүүр лүү нь 1 удаа цохисон. Салгахад гүйгээд баарнаас гарсан. Л.Хулангийн хамар нь хавдаж, хамраас нь цус гараад эхэлсэн" /хавтас хэргийн 18 дугаар хуудас/,

 

            Гэрч А.Цэрэннадмидийн "...2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ... Д.Цэнгэлмаа стакан авахаар тек рүү яваад ирэхдээ замдаа нэг ширээн дээр сууж байсан үл таних гурван залуу, нэг жаахан охин дээр очоод чанга чанга юм яриад байсан. Би босч очоод "та нар яагаад ийм жаахан охин дагуулаад явж байгаа юм" гэж хэлсэн. Охины хажууд сууж байгаа залуу "би асран хамгаалагч нь байгаа юм, хичээл нь тараад дагуулаад явж байгаа юм" гэж хэлэхээр нь би Д.Цэнгэлмааг дагуулаад ширээндээ ирээд Д.Цэнгэлмааг суулгаад би өөрөө нойлийн өрөө рүү орчихоод ирэхэд манай ширээнд нөгөө залуус ирчихсэн нэг залуу нь Л.Хулангийн улаан нүүрэнд нь нэг удаа баруун гараараа цохисон. Би цохисон залууг араас нь татаж салгаад Л.Хуланг босгосон" /хавтас хэргийн 19 дүгээр хуудас/,

 

            Б.Энхболдын сэжигтнээр өгсөн "...2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр "... манай талийгаач эгч Сарантуяагийн Анужинг дагуулж ороод нэг нэг шил пиво ууцгааж, дүү Анужинд пивоны бакалинд халуун ус хийгээд липтон цай авчирч өгсөн. Цаад ширээнээс хар өнгийн хувцастай эгч ирээд “насанд хүрээгүй хүүхэд хулгайлсан, хүчирхийлэгч” гээд орилоод байсан. Манай дунд ах эвтэйхэн тайлбарлаад ширээ рүү нь явуулсан. Нөгөө эгч дахин босч ирээд "би прокурор хүн шүү, та нар надтай эвтэйхэн харьцахгүй бол эвгүй асуудалд орно шүү" гэхэд Б.Батболд ах тек рүү очиж тооцоо хийсэн. Ингээд нөгөө эгч над руу самардаж, дайраад миний хүзүүнд байсан 280.000 төгрөгийн үнэтэй, мөнгөн гинжийг таслаад авсан. Тэгэхээр нь цаашаа гээд хориглоод түлхээд зайгаа барьсан. Ингээд би хаалга руу гарахаар явсан. ... Би баруун гараараа нэг удаа миний гинжийг тасалсан эгчийн хажууд байсан эгчийн нүүрэн тус газарт цохисон" /хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн "...Л.Хулангийн биед хамар яс, таславчийн далд хугарал, мурийлт, баруун нүдний салст, зүүн нүдний дээд, доод зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй" гэсэн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 141 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 26 дугаар хуудас/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар тогтоогджээ.

 

            Б.Энхболд нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 296 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан хугацаандаа буюу 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Бишрэлт гүн" бааранд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин Л.Хулангийн нүүрэн тус газарт нь цохиж, бие махбодид нь хамар яс, таславчийн далд хугарал, мурийлт, баруун нүдний салст, зүүн нүдний дээд, доод зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

           

Б.Энхболдын дээрх үйлдлийг танхайн сэдэлттэй гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3, 181.2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Б.Энхболдын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон ял шийтгэл оногдуулжээ.

 

Иймд ялтны өмгөөлөгч С.Батдэлгэрийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.