Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2026/00444

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 197/ШШ2025/12384 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: *******д холбогдох

3,680,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан төмөр хашаа барихад гарсан зардал буюу хохирол 3,680,500 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

3. Анхан шатны шүүх нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журам зөрчсөн, мөн хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байна.

3.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “******* дугаар хороонд байршилтай нэгж талбарын ******* дугаартай 696 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газрыг *******оос шилжүүлэн авч, төмөр хашаа бариулсан боловч хашааг эвдэж нураагаад хураасан байна” гэж, харин хариуцагч татгалзлаа “******* дугаар хороо ******* гэх газарт ажилчдын зуслангийн байшин барих зориулалтаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/1154 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг компанийн 22 ажилтны нэр дээр гаргуулсан, ...манай хашаанд газар олгосон шийдвэрийг хууль бус гэж үзэж байна” гэх агуулгаар тайлбарлажээ.

Гэтэл хэрэгт нэхэмжлэгч нь хэнээс, хэзээ, ямар шийдвэрээр газрыг шилжүүлэн авсан болох, ийнхүү шилжүүлэхтэй холбоотой баримтууд, мөн хариуцагч болон түүний ажилтан гэх ******* нарт хэзээ, ямар шийдвэрээр газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн болох, үүнтэй холбогдох баримтууд авагдаагүй, мөн нэхэмжлэгчийн хашаа барьсан гэх газар нь түүнд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн газар мөн эсэхийг тусгай мэдлэг бүхий этгээд тогтоох байтал анхан шатны шүүх хэрэгт авагдсан кадастрын зургийг харьцуулж нэхэмжлэгч нь *******оос худалдан авсан газраа хэрхэн тогтоосон нь тодорхойгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий болоогүй байхаас гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй баримтыг үнэлж, шийдвэрийн үндэслэл болгосон нь мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасанд нийцэхгүй байна. 

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх талуудыг мэтгэлцээнд чиглүүлэх үүргээ биелүүлээгүйгээс хариуцагчийн нотлох баримтаар гаргаж өгсөн *******ын эзэмшил газрын кадастрын зураг гэх нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг хуульд заасан шаардлага ханган гаргаж өгөх боломжтой эсэхийг тодруулж, талуудыг мэтгэлцүүлээгүй, улмаар маргаж буй газартай холбогдох үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу болжээ.  

4. Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 197/ШШ2025/12384 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73,838 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Ч.МӨНХЦЭЦЭГ

 

                                                ШҮҮГЧИД                                            Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                             Т.ГАНДИЙМАА