| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2019/0754/Э |
| Дугаар | 766 |
| Огноо | 2019-10-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Чимгээ |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 766
2019 10 07 2019/ШЦТ/766
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,
улсын яллагч Б.Чимгээ,
хохирогч Б.Батбаяр,
шүүгдэгч Д.М , түүний өмгөөлөгч А.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дайчин овгийн Д.М т холбогдох эрүүгийн 1911009840842 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Дайчин овгийн Д.М , 1987 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Төв аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Номин холдинг” ХХК-д борлуулалтын менежер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Дэнжийн 4-76 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Д.М нь 2019 оны 03 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Sunshine” караоке дотор иргэн Б.Батбаярыг шалтгаангүйгээр нүүр болон толгойн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Миний буруу хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Хохирогч Б.Батбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би тухайн өдөр найз нартайгаа “Sunshine” гэх нэртэй караоке дотор дуулж байсан. Тэр үед Д.М хаалгаар орж ирээд үгийн зөрөөгүй намайг цохисон. Би анх удаагаа л Д.М гэдэг хүнийг харсан. Миний нүд рүү нэг цохисон тэр үед би доошоо болоход миний толгой руу 2-3 удаа цохисон. Би зодооноос хол байдаг хүн учир хаалгаар гарч зугтаасан. Би эхнэртэйгээ уулзаж цагдаад очиж мэдүүлэг өгсөн. Маргааш нь би Д.М тай уулзаж хамт эмнэлгээр явъя гэхэд надад хамаагүй чи явдаг газраараа яв гэж хэлсэн. Миний нүд давхардаж хардаг болсон би нягтлан мэргэжилтэй мэргэжлээрээ ажилладаг компьютер дээр их ажилладаг учир миний нүд ийм байдалтай байхад их хэцүү байна. Би өөрөө Болор мэлмий нүдний хувийн эмнэлэгт үзүүлсэн. Тэгэхэд эмч нар яаралтай хагалгаа хийнэ гэж хэлсэн. Хийлгэхгүй бол нүд чин ширгэж доошоо суулт өгнө, цаашид давхарлаж хардаг болно их хүндэрнэ гэж хэлсэн. Манай эхнэр гэртээ хүүхдээ хардаг би ганцаараа ажилладаг. Мөн би банкны зээлтэй учир санхүүгийн боломж байхгүй өнөөдрийг хүртэл хагалгаагаа хийлгэж чадаагүй байгаа. Би хагалгаа хийлгэмээр байна. Хагалгааны зардал 2.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн би тухайн хэрэг болсноос болж 14 хоног ажилдаа яваагүй. Мөн цаашид хагалгаанд орсны дараа 14-20 хоног эмнэлэгт хэвтэнэ гэсэн энэ мэт цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилж байна. Би 180.000 төгрөгийн баримтыг хавтаст хэрэгт гаргаж өгсөн байгаа. ирээдүйд зайлшгүй орох ёстой хагалгаа байгаа 2.000.000 төгрөгийн хагалгаа болно гэсэн....” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 8/,
Хохирогч Б.Батбаяр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр Маналжав нь гаднаас нэлээд согтуу орж ирэнгүүтээ надтай ямар нэгэн юм ярилгүй шууд миний зүүн нүд рүү цохисон. Тэгтэл миний нүд харанхуйлаад явчихсан. Би нүдээ дараад тонгойчихсон байхад дээрээс толгой руу 2-3 удаа цохисон. Би ч шууд гараад явсан ... Натур эмнэлэг томографт үзүүлэхэд зүүн нүдний ухархайн доод хана хугарсан байна гэсэн...” гэх мэдүүлэг/хх 14-15/,
Гэрч М.Жавзанрагчаа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Отгоогийн нөхөр нь орж ирээд юу ч яриагүй, Батбаяр руу хараад гараараа цохих гэж зангаж байснаа дэргэд нь алхаж очоод нүүр рүү нь цохисноо гараараа хаахад нэлээд хэд толгой орчимд нь цохиод авсан...Тэгээд Батбаяр хойшоо налаад буцаж босож ирснээ цагдаад өгнө гэж хэлээд гараад явсан. Батбаяр нь Отгоогийн нөхрийг зодож, цохисон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх 16-17/,
Гэрч Ж.Отгон нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Манай нөхөр орж ирэнгүүтээ л уурлаад Батбаярын шууд нүүр рүү нь цохисон. Ямар учраас цохих болсныг мэдэхгүй байна. ...би араас нь гараад Батбаяраас гайгүй юу гэхэд нэг гараараа нэг нүдээ дарчхаад нүд рүү цохичихлоо гэхээр нь харсан чинь гайгүй байсан, ямар нэгэн хавдсан юм харагдаагүй ... Батбаяр эхнэртэйгээ манай гэрт ирээд уулзахад Батбаярын аль нүд нь билээ нэлээн хөхөрчихсөн харагдсан...” гэх мэдүүлэг /хх 19-20/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 3500 дугаар дүгнэлтэд: “...Б.Батбаярын биед зүүн нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 23/,
Шүүгдэгч Д.М нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би тухайн үед нэлээн согтсон байсан, болчимгүй үйлдэл хийсэн буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би үйлдсэн хэрэг болон уг сонсгож буй зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх 41/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 49/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 50/, хохирогч Б.Батбаярын эмчилгээнд зарцуулсан хохирлын баримт /хх 31-38/, шүүгдэгч Д.М ын хувийн байдлыг тодорхойлох баримт /хх 52-55/, хохирогч Б.Батбаярт хохирлын мөнгө төлсөн баримт зэрэг хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан байна.
Шүүгдэгч Д.М нь 2019 оны 03 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Sunshine” караоке дотор иргэн Б.Батбаярыг шалтгаангүйгээр нүүр болон толгойн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 8/, хохирогч Б.Батбаярын “...Тухайн өдөр Маналжав нь гаднаас нэлээд согтуу орж ирэнгүүтээ надтай ямар нэгэн юм ярилгүй шууд миний зүүн нүд рүү цохисон. Тэгтэл миний нүд харанхуйлаад явчихсан. Би нүдээ дараад тонгойчихсон байхад дээрээс толгой руу 2-3 удаа цохисон. Би ч шууд гараад явсан...” гэх мэдүүлэг/хх 14-15/, гэрч М.Жавзанрагчаагийн “...Отгоогийн нөхөр нь орж ирээд юу ч яриагүй, Батбаяр руу хараад гараараа цохих гэж зангаж байснаа дэргэд нь алхаж очоод нүүр рүү нь цохисноо гараараа хаахад нэлээд хэд толгой орчимд нь цохиод авсан...” гэх мэдүүлэг /хх 16-17/, гэрч Ж.Отгоны “...Манай нөхөр орж ирэнгүүтээ л уурлаад Батбаярын шууд нүүр рүү нь цохисон. Ямар учраас цохих болсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх 19-20/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 3500 дугаар дүгнэлт...” гэх дүгнэлт /хх 23/, шүүгдэгч Д.М ын “...Би тухайн үед нэлээн согтсон байсан, болчимгүй үйлдэл хийсэн буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би үйлдсэн хэрэг болон уг сонсгож буй зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх 41/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүх шүүгдэгч Д.М ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэв.
Шүүгдэгч Д.М т ял шийтгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хувийн байдал, зэргийг харгалзав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М т оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Шүүгдэгч Д.М нь хохирол төлбөрт 180.000 төгрөг төлсөн, хохирогч Б.Батбаяр нь цаашид эмчилгээ хийлгэнэ гэх боловч хохирлын талаар баримт ирүүлээгүй тул нотлох баримтаа бүрдүүлэн Д.М аас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Дайчин овгийн Д.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М т 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая / төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч Д.М нь хохирол төлбөрт 180.000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, хохирогч нь бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН