| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 197/2025/03547/И |
| Дугаар | 210/МА2026/00588 |
| Огноо | 2026-03-18 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 210/МА2026/00588
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Б.Азбаяр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 197/ШШ2026/00711 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч:*******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: гэм хорын хохиролд 5,007,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******д холбогдуулан гэм хорын хохиролд 5,007,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хойд талын авто замд явж байгаад замын цөмөрсөн нүхэнд ******* улсын дугаартай, Ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгслийн 2 дугуй, 1 обуд, зай мэдрэгчийг эвдсэн. Тиймээс дугуйн эвдрэл гэмтлийг оношлуулахад 20,000 төгрөг, 2 ширхэг дугуй худалдан авахад 1,870,000 төгрөг, дугуй солих засварын үйлчилгээнд 88,000 төгрөг, явах эд ангийн оношилгоо, тэнхлэг тохиргоо, бусад засвар үйлчилгээ хийлгэхэд 131,400 төгрөг, 1 ширхэг обуд 2,700,000 төгрөг, гуперийн зайн мэдрэгч 194,000 төгрөг, нотариатын зардал 4,000 төгрөг, нийт 5,007,400 төгрөгийн хохирлыг******* нь Улаанбаатар хотын авто замын эзэмшигч байх тул гаргуулна... гэж,
Хариуцагч нь татгалзлаа ...тухайн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол нь замын эвдрэл гэмтлээс үүссэн эсэхийг эрх бүхий байгууллагаар тогтоолгосон байх шаардлагатай ба замын цагдаагийн газарт замын осол болсон талаар мэдэгдэж акт тогтоолгосны дараа нэхэмжлэл гаргах ёстой. Мөн Замын хөдөлгөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-т хот суурин газарт 60 км/цагийн хурдтай явна гэж заасан. Гэвч нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа хэрэг учрал болсон гэх газар Улаанбаатар хотод бүрэн гэрэлтүүлэгтэй зам дээр болсон бөгөөд суурин газар 60км/цагийн хурдтай явж байхад тээврийн хэрэгсэлд ийм хэмжээний эвдрэл гэмтэл учрах боломжгүй... гэж тус тус тайлбарлан маргасан.
4. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
4.1. Нэхэмжлэгч ******* нь 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр тоёота ланд круйзер 200 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хойд талын авто замын эвдэрсэн хэсгийн нүхийг дайрснаас түүний тээврийн хэрэгсэлд хохирол учирсан гэж тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.
4.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг эрх бүхий байгууллагаар тогтоолгох хүсэлтийг 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан байна. Энэ хүсэлтийг 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дэмжиж эвдрэл гэмтлийг тухайн газар дахь замын эвдэрсэн нүхийг дайрч гарснаас учирсан эсэхийг Авто замын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т заасны дагуу эрх бүхий байгууллагаар тогтоолгох ёстой. Замын хөдөлгөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-т хот суурин газарт 60 км/цагийн хурдтай явна гэж заасан тул дээрх хурдтай явахад ийм хэмжээний гэмтэл учрах эсэхийг мэргэжлийн байгууллагаар тогтоолгоно гэж тайлбарласан.
4.3. Анхан шатны шүүх дээрх хүсэлтийг ач холбогдолгүй, хуралдаан товлогдсоноос хойш шинжээч томилуулах хүсэлт гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй гэж дүгнэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болсон. Учир нь нэхэмжлэгч замын эвдэрсэн нүхийг дайрснаас тээврийн хэрэгсэлд хохирол учирсан гэж, хариуцагч нь замын эвдэрсэн нүхийг дайран гарахад тээврийн хэрэгсэлд эвдрэл учрахгүй гэж маргасан. Хариуцагчийн шинжээч томилуулах хүсэлт нь хэргийн нөхцөл байдлыг тодорхойлох, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.
4.4. Шүүх хэргийн нөхцөл байдал тодорхой бус байхад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шинжээч томилуулах хүсэлтийг хангахаас татгалзаж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасанд нийцэхгүй байна.
5. Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
6. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 197/ШШ2026/00711 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр урьдчилан төлсөн 63,420 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2-т зааснаар магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Б.АЗБАЯР
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ